2024 он улирахад хэдхэн хоног үлдлээ. Зөвхөн миний Монголын гэх омголон хөх өвөл цан хүүргээ савсуулан, цангинан хангинанхан буй энэ гайхамшигт дагшин цагаар уншигч та бүхэндээ бид оны онцлох ярилцлагуудын ээлжит тоймыг танилцуулж байна. Бид энэ удаад урлаг соёл, утга зохиолын салбарын төлөөлөл болсон эрхмүүдийг онцоллоо. Тэдгээрээс хамгийн чухал гэх ярилцлагуудыг редакцын сонголтоор түүвэрлэн уншигчдадаа хүргэлээ. 

 

Цагийн үзүүр дандаа сайн зүг рүү эргэж байдагт итгэдэг цайлган цагаан түмний минь заяаг ирэх он ивээнэ гэдэгт итгэнэ. Учир нь бидний алдаж болохгүй, алдруулж болохгүй цорын ганц зүйл бол итгэл юм.

Ч.ГАЛСАН: МӨНХИЙН БҮТЭЭЛ ЗОВЛОНГООС ТӨРДӨГ

Зохиолч Чинагийн Галсан. “Аянгат цагийн тууж” хэмээх цэнхэр хавтастай жижигхэн туужийг анх хуучин номын худалдаан дээрээс олж авахаас өмнө үргэлж сонссоор ирсэн нэрс. Учир нь тэр бол Герман хэлээр зохиолоо туурвиж, дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчдод олгодог Адеберт фон Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн 10 дахь, ази тивийн анхны зохиолч. Өндөр уулсын цавчим дэл дээгүүр таваргаж явсан хүү дэлхийн зохиолч болсон. Тува хэлээр ярьж, тугал бяруугаа хүйтэн жавраар хашаа өөд тууж явсан хөвгүүн алс хилийн дээсийг алхаж алдарт Д.Нацагдоржийн хөргийг ширээнийхээ хананд наачихаад их уулсын тэргүүн оргил өөд зүтгэх шигээ эрдэмд шамдсан. Эх орныхоо нэрийг шаварт хутгаж, шарын баатар болохгүй юм шүү гэхдээ хичээж сурсан эрдмийг нь халуун сэтгэлээр хайрлаж явсан бүхэн нь ашиглачихаад хавчин гадуурхаж хаясан хатуу хувь заяа түүнийх.

Анх удаа бид түүний “Хөх тэнгэр сонсож бай” хэмээх романыг эх хэлээрээ унших цаг хэдхэн хоногийн өмнө тохиов. Үүнээс өмнө түүний цөөнгүй туужууд монгол хэлнээ хөрвүүлэгдсэн. Харин дэлхийн энтэй зохиолч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын бичсэн олон арван романуудын эхлэлтэй одоо л учирч байна. Тэр өдгөө л дөнгөж монгол хэлт уншигчидтай уулзаж байгаа нь энэ. 

Онцлох эшлэл: 

Үүрд үлдэх ном жаргалаас төрдөггүй. Мөнхийн бүтээл зовлонгоос төрдөг. Хүн зовж, уйлж, энэлж, шаналж байж л бүтээлээ хийдэг. Гэдэс цатгалан, жаргаад л байвал зугаа цэнгэлээ хөөцөлдөнө.

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/960-chinagiyn-galsan-mnhiyn-bteel-zovlongoos-trdg.html

Д.ОЮУНЖАРГАЛ: ХҮНИЙ ТЭВЧЭЭРИЙН ХЯЗГААР АЛДАГДАНА ГЭДЭГ ЭНЭ БАЙХ. ТЭГЭЭД Л БИ ШИЙДВЭРЭЭ ГАРГАСАН

Ардын дуу бүжгийн чуулга хэзээнээсээ сайхан бүсгүйчүүдийн ертөнц байсан газар. Бидний үеийн өвөрмөц чамин хоолой, үзэмж гоо төрх, авьяас чадвараараа сор бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй дуучин Д.Оюунжаргал билээ. 

Түүний ярилцлагаас эмэгтэй хүний тэвчээр, эрсхэн зориг, уярам нинж сэтгэл гээд бүх л зан чанар нь тодорхой харагдана. Мөн далд ертөнц, тооны ухааныг сонирхдог агаад тэр чиглэлийн номуудыг түлхүү уншиж байгаагаа хуваалцахаас гадна дотоод сэтгэлийнхээ олон өрөө тасалгаа бүрээр зочин маань зорчуулсан юм. 

Онцлох эшлэл: 

Хэтэрхий нэртэй, алдартай хүнтэй амьдрахад өөрийн авьяас дарагдаж золиос болдог юм болов уу даа гэж би боддог. Би энэ хүний төлөө хайрлам сайхан залуу насаа зориулсан. Муудалдсан хүнтэй нь муудалдаж, үзэн ядсан хүнийг нь үзэн ядаж урлагийн салбарт олон жил явлаа. 

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/164-doyuunzhargal-hniy-tevcheeriyn-hyazgaar-aldagdana-gedeg-ene-bayh-tegeed-l-bi-shiydveree-gargasan.html

Г.ЭНХБААТАР: УРТЫН ДУУ ХЯЗГААРГҮЙ ОРОН ЗАЙГААР АЯЛУУЛДАГ

Уртын дуу бол монголчууд бидний гайхамшигт өв соёлын нэг. Уудам талаа уртын дууны уянгат  аялгуугаар сэрээж ирсэн ухаант ард түмэн билээ, бид. Энэхүү өв соёлыг олон сайхан уртын дуучид өдгөө ч өвлүүлэн тээсээр, өртөөлөн үр хойчистоо өвлүүлсээр яваа.

Тэрхүү уртын дуучдын нэг нь Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Энхбаатар юм. Түүний хамгийн анх сурсан дуу бол “Алиа саарал”. Эл дуугаа аялаад л адуундаа морддог, талын уужимд уртын дууг цээл хоолойгоороо цангинуулан аялаг хүүхэд байсан дурсамжаасаа хуваалцсан билээ.

Онцлох эшлэл: 

Уртын дуу  жинхэнэ морин дэл дээр дуулах дуу мөн. Би багадаа адуугаа хайж явахдаа дуулаад л явдаг хүүхэд байлаа. Хүн газраас маш их энерги авдаг юм байна л даа, татах хүчний. Тэгэхээр хий чанар агаарт гарч морин дээр гарахаар чинь тэр хооронд авиа мэдрэгддэг юм байна. 

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/167-genhbaatar-urtyn-duu-hyazgaargy-oron-zaygaar-ayaluuldag.html

ИШДОРЖИЙН ОДОНЧИМЭГ: БИ ХЭЗЭЭ, ХААНА ЯГ ИНГЭЖ ДҮРЭЭРЭЭ ХАЛУУРАН ӨВДӨЖ, ШАТАН ШАНАЛЖ, ТЭР ДОТОР ОРШИЖ БАЙСАН БИЛЭЭ

Театр хэмээх ариун сүм жүжигчин бүрийн мөрөөдөл байж ирсэн. Гэвч тэнд хүрэх зам, тайз руу гарах шат, найруулагчаас дүр авах мөч гээд жүжигчин хүний хувьд бүгд үнэ цэнтэй, уйгагүй хөдөлмөрийн үр шим агаад олон зүйлээ алдаж, түүнээс илүү олныг өөртөө олж авахын нэр юм. Энэ тухай мөн МУГЖ Ишдоржийн Одончимэгийн ярилцлагаас унших боломжтой. Тэрбээр ойрын жилүүдэд ийм хэмжээний дэлгэрэнгүй ярилцлага өгөөгүй байсан юм.

Магад тайзнаас харагддаггүй түүний дотоод ертөнц, амьдралын түүхээр уг ярилцлага аялуулах болно.

Онцлох эшлэл:  

Найруулагчаа хүндэлж байж, найруулагч жүжигчин хоёрын дунд гүн бат ойлголцол бий болж байж сайн бүтээл гарна. Түүнээс биш өөрөө мундаг гээд л, өөрийнхөөрөө зүтгээд байх боломжгүй. Тэр хамт олноос  тусдаа тоглоно гэж байхгүй. Аливаа уран бүтээл чинь тэр баг хамт олон нийлж нэг мессежийг өгнө гээд л тэр лүүгээ бүгд өөр өөрийн дүрийн шугамаас дайрч байгаа учраас үндсэн цэг дээрээ л бүгд очих ёстой. Тэгж байж уран бүтээл гардаг. 

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/144-iodonchimeg-bi-hezee-haana-yag-ingezh-dreeree-haluuran-vdzh-shatan-shanalzh-ter-dotor-orshizh-baysan-bilee.html

ГАМЛЕТ, ФАУСТ, УИНСТОН СМИТИЙН ДҮРД СУГАРЫН БОЛД-ЭРДЭНЭ

Дэлгэцийн бүтээлээс илүүгээр театрын тайзан дээрээс л дүрийг нь харах дуртай жүжигчин бол тэр. Театр л түүний авьяасыг, ур чадварыг сорьж, тэр өөрөө уг сорилтыг давж туулдаг. Энэ хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ. Тайзнаа бол үзэгчдийн сайн мэдэх Квазимодо, Гамлет, Фауст, Эгэрэг түшмэл. Хараахан бидний танилцаж амжаагүй Уинстон СМИТ.

Зохиолч Жорж Оруэллийн дэлхий дахиныг шуугиулсан хүчирхэг хашхираан бүхий оюун сэтгэлгээний бүтээл болох “1984” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжгийг М.Батболдын найруулснаар “Орфей” театрын хамт олон үзэгчдэдээ хүргэх гэж байна. Харин С.Болд-Эрдэнэ шинэ жүжгийн бэлтгэлдээ гарчихсан, жүжгийн уншлагын танхимд уран бүтээлчидтэй хамт санал бодлоо солилцож, дүрийнхээ талаарх судалгааг хийж байх мөчид нь уулзсан юм. Тайзны хөшиг нээгдэхээс урьтаж бид ярилцлагын ширээний ард суусан билээ.

Онцлох эшлэл:  

Өөрийнхөөрөө бодож сэтгэдэг, өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч байх. Миний үзэл бодол хэн нэгний хувьд утгагүй, хогийн санагдаж болох ч би л түүнийг зөв гэж бодох нь чухал. Мөн миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана. Юм бүхэнд хязгаар бий. Би өөрийн гэсэн эрх чөлөө, үзэл санаагаа бусдад хамаагүй тулгаж болохгүй. 

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/140-gamlet-faust-uinston-smitiyn-drd-sugaryn-bold-erdene.html

Б.ТӨРМӨНХ: МОНГОЛЫН НОМЫН САНГУУД АГУУЛАХЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын "Жангар" редакцын зохиолч, зураач Б.Төрмөнхтэй ярилцлаа. Монгол хүүхдийн эх хэл дээрээ уншиж ойлгох чадварыг дээшлүүлэх, өөрийн улсын алдар нэртэй, сод хүмүүсийг танин мэдэж, тэднээс суралцаж, бахархах сэтгэлийг олж аваасай гэж хүсэж явдаг түүнийг ярилцлагыг хүлээн авна уу. 

Онцлох эшлэл: 

Ном гайхуулах зүйл огт биш. Хадгалах зүйл ч биш. Зөвхөн унших ёстой зүйл шүү дээ. Тэгээд гол нь ойлгож, өөртөө шингээх. Ном дотор асар их танин мэдэх хэрэгцээ байгаа. Энэ хэрэгцээг хангах ёстой. Ном уншдаг мундаг хүүхэд болгох гэж номыг авч өгөх ёстой гэж бодохгүй байна. 

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/677-b-trmnh-mongolyn-nomyn-sanguud-aguulahyn-ylchilgee-zlzh-bayna.html

О.БУЛГАН: ХЭН НЭГЭНТЭЙ ӨРСӨЛДӨНӨ ГЭДЭГ ХЭЗЭЭД УЙТГАРТАЙ САНАГДДАГ

Хувцас загварыг дийлэнх хүмүүс загварын шоу төдийгөөр ойлгох нь бий. Харин миний энэ удаагийн зочин загвар зохион бүтээгч О.Булган өөр бодолтой. Түүний бодол, сэтгэхүй, ажлын арга барил нь хүртэл хувцас загварыг бусад урлагийн бусад бүтээлийн адил уран бүтээл гэж тодорхойлдог болох нь илт. 

Ингээд уншигч таныг “Гэм зэм”, “Опал”, “1984” зэрэг жүжгийн хувцасны зураач, “Fashuned Consulting Agency”-ийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч О.Булгантай уулзуулж байна. Ярилцлагын талбарт тавтай морил.

Онцлох эшлэл: 

Тухайн хүнд зохиж байна уу, би гоё хувцас хийж үү гэх бодол бараг төрдөггүй. Харин тухайн хүнд миний хийсэн хувцас ямар мэдрэмж төрүүлж байна вэ гэж боддог. 

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/352-obulgan-hen-negentey-rsldn-gedeg-hezeed-uytgartay-sanagddag.html

Т.СЭРГЭЛЭН: ЖҮЖИГЧНИЙ ДҮР АДГИЙНААС АВХУУЛААД ХУВИЛГААН ХҮРТЭЛ ЯНЗ БҮР БАЙДАГ

Брэдэд тоглосон Т.Сэргэлэн дүрийнхээ эрс шийдэмгий зан чанарыг хошин наргиа, ёжилсон хурц үг хэллэгээр ч илэрхийлэхдээ огцом хөдөлгөөн, хөгжилтэй болоод хорон санаандаа нухацтай автсан эрийн дүрийн аль алинд нь алхам бүртээ сайтар хувирч байсан билээ. Заримдаа тайзны нэг өнцгөөс нөгөөд хүрч, үзэгчдийн дундуур чанга чанга ярин алхаж байхдаа Опалыг хороох төлөвлөгөөндөө автаж гүйцсэн залуугийн цоргисон харцаар үзэгчдийг нэвт сүлбэж байв.

Зочинтойгоо би анх ингэж уулзсан. Жүжигчин Т.Сэргэлэн тухайн үед Орфей театрын ээлжит уран бүтээл “Опал” жүжигт Брэд Виннэрийн, дүрийг бүтээж байлаа. Харин миний өмнө сууж буй энэ хүн бол Брэд бус алдарт Лев Толстойн зохиолоос сэдэвлэн найруулсан “Анна Каренина” жүжгийн  Алексей Вронский. 

Ингээд уншигч таныг “Опал”, “Хайрын виз”, “Анна Каренина”, “Би эндээс явахгүй” зэрэг олон жүжгүүдэд театрын тайзнаа гялалзсан жүжигчин Т.Сэргэлэнтэй уулзуулж байна. Энэ бол түүний хэвлэлд өгч буй анхны дэлгэрэнгүй ярилцлага билээ. 

Онцлох эшлэл: 

 Амьд хүнээс үнэхээр ид шид, илбэ хүсэж байгаа бол түүнийг хамгийн өндөр түвшинд гүйцэлдүүлж байгаа газар бол тайз юм. Шинжлэх ухааны бурхан бол урлаг, урлагийн бурхан нь театр. Би тэгж л боддог. 

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/726-tsergelen-zhzhigchniy-dr-adgiynaas-avhuulaad-huvilgaan-hrtel-yanz-br-baydag.html

Б.БАТСҮХ: БИД БУСДЫН СОЁЛД Л МӨНГӨ ТӨЛӨӨД БАЙНА

Дараагийн онцлох ярилцлагаар сэтгүүл зүйн армид хэдхэн сарын дараа алхан орж ирэх, манай дадлагажигч оюутан А.Даваадуламын хийсэн ажлыг бид нэрлэж байна. Энэ удаа тэр “BAJUNA” брэндийн үүсгэн байгуулагч, дэлхийн анхны оёдол, эсгүүргүй эсгий хувцас зохион бүтээгч, дизайнер Б.Батсүхийг олж ярилцлаа. Уншигч та надтай яг адилхан энэ өвөрмөц зочны ертөнцөд татагдах нь дамжигггүй. 

Дизайнер Б.Батсүх нь монгол гэрийн эсгий хийх технологид суурилсан өвөрмөц, шинэлэг бүтээлээрээ эх орноо төлөөлөн “Парисын загварын долоо хоног-2024” шоуг зорихоор болоод байгаа юм. Энэ бол дизайнер болгонд ирдэг урилга, олддог завшаан биш. Гэвч түүнд шаардлагатай зардал олдоогүй байна. 

Бид соёлын өв, түүнийг хамгаалах талаар хоосон ярих биш хүч хөдөлмөрөө зориулж, авьяас билгээ бодитоор шингээн ажиллаж байгаа залуу үеэ дэмжих ёстой. Манай сэтгүүлийн уншигчдыг энэ эмэгтэйг дэмжинэ хэмээн бид ихэд найдаж байгаа юм. 

Онцлох эшлэл:

Миний зам мөр зөв, шударга байсан. Би хөдөлмөрлөсөн. Би хүмүүстэй бизнесийн талаас биш хүнлэг бөгөөд байгаа нөхцөл байдлаас нь шууд харилцдаг. Үнэнээр нь хүлээн зөвшөөрдөг. Танил тал байхгүй учраас байгаа замаараа л явсан. Магадгүй ийм зам удаан байх, гэхдээ зорьсондоо хүрээд урагшилж л байна.

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/957-bbatsh-bid-busdyn-soeld-l-mng-tld-bayna.html

Б.АМАРСАНАА: АЛИВААГ МУУЛАХ АМАРХАН, МАГТАХ БҮР АМАРХАН, ШҮҮМЖЛЭХ Л ХЭЦҮҮ

Манай залуу зочдын нэг болох кино судлаач, шүүмжлэгч Б.Амарсанааг та бүхэндээ танилцуулж байна. Тэрээр Хятад улсын Нанжин их сургуульд (Nanjing university) англи хэл уран зохиолын мэргэжлээр бакалаврын зэрэг, ФүДан их сургуульд (Fudan university) хятад хэлний хэл бичгийн ухааны мэргэжлээр мастерийн зэргийг хамгаалсан. Харин одоогийн байдлаар тэрээр Нанжин их сургуульд харьцуулсан уран зохиол мэргэжлээр докторын зэргийг горилон суралцахын зэргэцээ кино шүүмжлэгчээр ажиллаж байна. Түүний бичсэн шүүмж нийтлэл болон бусад ажлуудыг доорх холбоосоор дэлгэрэнгүй үзээрэй.

Онцлох эшлэл:

Кино шүүмжлэгч киног хийсэн багийн өмнө ямар ч өргүй хүн байхгүй юу. Хүмүүс киног ядаж театраас буусны дараа нь бич л дээ гэж маш их хэлдэг. Гэтэл буусны дараа нь бичээд ямар хэрэг байгаа юм бэ. Кино шүүмжийн хамгийн нэгдүгээр үүрэг бол ‘санал болгох’, энэ киног үзэх хэрэгтэй юу үгүй юу гэдгийг хэлж өгөх. 

Ярилцлага унших линк: https://www.interview.mn/conversation/166-bamarsanaa-alivaag-muulah-amarhan-magtah-br-amarhan-shmzhleh-l-hec.html

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав