Уртын дуу бол монголчуудын гайхамшигт өв соёлын нэг.  Уудам талаа уртын дууны уянгат аялгуугаар сэрээж ирсэн ухаант ард түмэн билээ, бид. Энэхүү өв соёлыг олон сайхан уртын дуучид өдгөө ч өвлүүлэн тээсээр яваа. Тэрхүү уртын дуучдын нэг нь Монгол Улсын Гавьяат жүжигчин, уртын дуучин Г. Энхбаатар юм. 

-Монголчууд бид цагаан сараар бөхөө барилдуулдаг. Бөхийн барилдаанаа уртын сайхан дуугаа дуулж нээдэг сайхан уламжлалтай. Та сар шинийн барилдааныг хэдэн жил уртын дуугаараа нээж байна вэ?

-Би сар шинийн барилдааныг Монгол Улсын урлагийн их театрт дуучин болсноосоо хойш  албан ёсоор 15 дахь удаагаа нээж байна. Түүнээс өмнө Соёл Урлагийн Их сургуулийн оюутан байхдаа мөн л уртын дуугаа дуулж сар шинийн барилдаанаа ирж нээдэг байсан.

-Та саяхан Франц улсаар аялан тоглолт хийгээд ирсэн. Энэ тоглолтныхоо сонин сайхнаас бидэнд хуваалцаач?

-Сая хоёр сар гаргаад арав гаруй хоног уртын дуучин С.Эрдэнэцэцэг эгчийнхээ хамт  Францын Нант, Лион зэрэг хотоор дан уртын дуугаараа тоглолт хийгээд ирлээ. “Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” гэдэг төслийн хүрээнд тоглолт хийсэн юм. Тэнд манай Роми, Жони гэж хоёр сүрхий залуу байдаг. Тэр хоёр маань зохион байгуулаад, биднийг очиход аль хэдийн 700 суудалтай театрт тоглолт тавигдахад бэлэн болчихсон, билет хэдэн сарын өмнө зарагдаад дуусчихсан байсан. Бид төлөвлөсөн ёсоороо зөвхөн   уртын дуугаараа цаг гучин минутын тоглолт хийсэн. Францад болсон уг тоглолт дээр нэг дууг түрлэгээр нь дуулсан. Тэгэхээр уртын дууны гүн гүнзгий философи, ухаан, тэр орон зайд шууд нэвтэрч, автуулан дагуулдаг юм байна. Тоглолт үзэж байсан хүмүүс одоо л уртын дууны шидийг мэдэрлээ гэж хэлцгээж байсан. Ийм утга учиртай байсан юм байна, өөр ертөнцөд оччихоод ирлээ гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлж байсан нь үнэхээр сайхан санагдсан. Францаас дөнгөж ирээд, маргааш нь нэгэн сайхан тоглолтод бас орсон. 

-Ямар тоглолтод оролцов?

-Зууны манлай уртын дуучин, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Н.Норовбанзадын нэрэмжит “Ардын дуу мину” тоглолтод дууллаа. Энэ тоглолт “Тусгаар тогтнолын ордон”-нд зохион байгууллагддаг. Сар шинийн босгон дээр сайхан тоглолт боллоо. Жинхэнэ ардын дуугаа тэнд л ард түмнийхээ сэтгэл зүрхийг сэргээж дууллаа.

-Та хаана өсөж төрсөн бэ. Уртын дуу дуулж сурахад өссөн орчин нөлөөлсөн үү??

-Би багаасаа л дуулах дөртэй хүүхэд байсан. Өвөө маань намайг их дуулуулах гэдэг байсан л даа. Морины нуруун дээр гарахаараа л уртын дуу аяладаг хүүхэд байлаа. Би чинь анх төрөхдөө хуучин нэгдлийн байр гэж байхад тэнд анх төрсөн хүүхэд гэнэ лээ. Ээж маань малд  өвс тавьж байгаад л байран дээр төрчихсөн гэдэг. Би хулдаасан дээр төрсөн хүүхэд. (инээв) Манай нутгийн нэг хөгшин намайг эх барьж авсан юм. Хулдаасан дээр  хүүхэд гэнэт гарчихаар нь тэвдээд тосоод авсан гэдэг. Би дөнгөж төрөөд толгойгоо өргөчихсөн чарлаад уйлж байж. Тэгээд эх барьж авсан хөгшин маань “Энэ ёстой чөтгөрийн хүүхэд байхаа” гэж байсан гэсэн. Учир нь толгойгоо өргөж байгаа нярай хүүхэд хараагүй байж. Миний төрсөн нутаг үхрийн хөндийн зүүн хошуугаар, Төвхөн хийдийн баруун үзүүрт “Бунхант” гэж сайхан газар байдаг юм.  Жижигхэн бор толгойтой. Бид нар багадаа морь мал болгоод л тоглодог байлаа. Байгалийн хачин гоё тогтоцтой, бас жижигхэн бор хадтай. Тэр  хадан дээр  одоо хааяа  очно. Тэндээ очиж дуугаа бас аялана. Тэгэхээр тухайн үеийн бага насны энерги, шуугиж явсан хүүхэд нас, тэр үеийн байгаль дэлхий, гоёмсогоор ургадаг байсан ургамал цэцэг бүгд нүдэнд харагддаг. Одоо байгаль тэгж дэлгэрэхгүй байна. Манайхны нутагладаг байсан нутгийн тэр хавьд жигтэйхэн гоё нуруулдаж өвс хаддаг байсан. Одоо бол өвс тэгж ургахаа больсон. Бог зулгаах юм гарахгүй хэцүү байна. Байгаль өөрчлөгдөж байна.

-Та морин дээр гарахаараа л уртын дуу дуулчихдаг хүүхэд байсан гэлээ. Уртын дууг морин дэл дээр л дуулах дуу гэх яриаг олон сонссон. Энэ үнэн үү?

-Тэгэлгүй яахав . Уртын дуу  жинхэнэ морин дэл дээр дуулах дуу мөн. Би багадаа адуугаа хайж явахдаа дуулаад л явдаг хүүхэд байлаа. Хүн газраас маш их энерги авдаг юм байна л даа, татах хүчний. Тэгэхээр хий чанар агаарт гарч морин дээр гарахаар чинь тэр хооронд авиа мэдрэгддэг юм байна. Тиймээс аль болох биеэс хүчтэй тод авиа гаргамаар санагддаг юм байна. Тэгэхээр яах аргагүй л монголчууд бид морин дэл дээр уртын дуугаа дуулсаар ирсэн ард түмэн юм байна.

-Аавыг тань сайхан дуулдаг хүн гэж сонссон. Ааваасаа олон сайхан дуу сурав уу?

-Мэдээж тэгэлгүй яахав. Манай аав чинь сайхан өв тэгш дуу аялана, уртын дууны үг их мэднэ, ном их уншина. Ном хараад л уртын дуу дуулна. Манай нутгийн уртын дуу дуулдаг хүмүүсийг аав  их ярьдаг байсан. Манай нутгийн тэр гуйа их сайхан дуулдаг хүн байсан юм гээд л, энэ хүн болохоор ингэж дуулдаг байсан юм гээд ярина. Одооны дуучдын дуулаад байгаа энэ ая дан арай л биш дээ гэх зэргээр нарийн шинжиж хэлнэ.Тухайн үед аавыг залуу байхад уртын дуу дуулдаг хүмүүс нь бас л арай өөр хэв маягаар дуулдаг байсан байна. Тэгэхээр газар газрын байтугай, жалга жалгын хүмүүс өөр өөр дуулдаг байж. Тэр байтугай хувь хүн дуугаа эргэж яг давтаж дуулдаггүй л байхгүй юу. Ааваасаа л уртын дууны олон  сайхан зүйлийг ойлгож өслөө шүү дээ.

-Анх  сурсан уртын  дуу тань юу вэ?

-Миний анхны сурсан дуу “Алиа саарал”. Арван хэдтэй, өсвөр насны хүүхэд байхдаа анх сурч байсан. Би анх энэ дууг сурахдаа үгийг нь их сонирхож байж билээ.

Алиа саарлыг уная гэсэн юм
Айлын адуунд хулжаагаад алдав аа
Амраг түүндээ очъё гэсэн юм
Айлын хүүхдүүд шоолоод горьгүй нь ээ...

гэдэг шүү дээ. Яагаад  амраг түүндээ очно гэхээр нь айлын хүүхдүүд шоолоод байгаа юм бол гэж бодож байсан. С.Цоодол гуайн дуулснаар сонсоход арай илүү шог талдаа гэх үү дээ. Би энэ дууг сурчихаад дуулаад л адуундаа мордоно, бас айлын охидуудыг ч шохоорхдог байлаа шүү дээ. Одоо ч энэ дуугаа аялахад өсөж төрсөн нутаг ус нүдэнд харагдаж, хүүхэд насны дурсамж сэргээд сайхан байдаг юм. Харин дараа нь  радиогоор Д.Баттөмөр багшийнхаа дуулснаар “Эрдэнэ засгийн унага” дууг сурч байлаа. Соёл Урлагийн Их Сургуульд орохоосоо өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин, уртын дуучин Д.Баттөмөр багшдаа хадаг барьж очиж шавь нь болсон доо.

-Багш нь   зөв сайхан дуулах талаар юу хэлж зааж зөвлөдөг байв?

-Багш дээрээ очиж гэрт нь 2-3 жил болсон. Тэгээд  л багшийнхаа бүтээгдэхүүн болсон доо. Уртын дууг анх дуулахдаа л буруу дуулах юм бол авиа гарахгүй. Хүн чинь робот биш учраас зөв авиаг суулгадаг. Тийм учраас багш маань төмпөнтэй ус руу гуурс хийлгээд удаан хугацаагаар бургилуулаад үлээлгэдэг байсан. Мөн олон дуу дуулж сурахаас илүүтэй нэг л дууг сайн сур гэдэг байсан. Үүнээс гадна дуулж байгаа дууныхаа “ай”-г олж дуулаарай гэж хэлдэг байлаа. Ай гэдэг маань тухайн дууны өөрийнх нь онцлог хэв шинж юм. Хамгийн ойрын жишээ татах юм бол адуунд байдаг сайхан шинжүүд байдаг шүү дээ. Сайхан хийцтэй ч гэх юм уу, аль эсвэл хурдан шинж, жороо шинж гэх зэрэг. Хурдан морийг жороолуулж болохгүй, жороо морийг хурдан морь шиг давхиулж болохгүй. Түүн шиг уртын дууны “ай”-г яг сайхан тохируулж дуулах ёстой гэж захидаг байлаа.

-Мөн “ эгшиг томно” гэж ярьдаг. Энэ нь юуг хэлж байна вэ?

-Уртын дууны “эгшиг томно” гэдэг нь уртын дууны амин сүнс. Тухайлбал, “Асрын өндөр” гэдэг үгийг хэлэхийн тулд “аа, өө” гэсэн авиаг нь уртаар дуудаж дуулахыг хэлж байгаа юм. Анх уртын дуу сурч байгаа хүнд эхэлж “эгшиг томох”-ыг заана. Асрын гээд өө-гөөр дуулах гээд байдаг. Тэгэхээр чинь авиа гарахгүй. Яг и, ө үсэг хоёрын дундуур хэлнэ. Тэгж байж тухайн дуу гоё авиатай болно. Үүнийг эгшиг томно гэж хэлж байгаа юм.

-Уртын дууг 40 гараад 50 хүрч ухаан тэгшрээд ирэхээр яг сайхан дуулдаг гэж хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Уртын дууны гүн ухааны утга учрыг нь 40 гараад л ойлгож мэдэрдэг юм шиг байгаа юм. Тэгэхээр л жинхэнэ сэтгэл доторх зүрхний угаас ур ухаан тэгширээд ирдэг. Аялгуу мөн чанар нь оюун тархинд үүсдэг. Залуу насанд уртын дуу дуулахад залуу насны ааг бяраар чанга хашхирч дуулдаг тохиолдол оюутан байхад байсан байх аа. Ер нь уртын дууг аль болохоор түрлэгийг нь гүйцээж дуулах хэрэгтэй. Алтан үеийн буурлууд бидэнд их хэлдэг байлаа. Уртын дууг сайхан өвлөж, тээж явах заяатай та нар их хувь тавилантай хүмүүс шүү. Аливаа газар очиход дандаа баганаас дээш суудалтай тийм хүмүүс байдаг юм шүү гэж захиж байсан. Энэ яах аргагүй үнэн. Жилээс жилд хүн чинь ухаан нэмж, нас нэмж байдаг. Тийм болоод ч тэр үү, одоо миний аялах дуртай дуу маань “Нарийн сайхан хээр”.  Монгол хүн чинь эхээс төрөөд л эрмэг хүлгийн нуруун дээр өсдөг. Хүлэг морио унаад ижий аавдаа очиж золгодог. Яг ийм цагаар, цагаан сарын бууз баншныхаа гурилыг элдэж байсан ч “ Нарийн сайхан хээр”-ээ аялчихсан байж байдаг.

-Уртын дуугаа аялахаар өөрийн эрхгүй л үгээр хэлшгүй сайхан мэдрэмж төрдөг байх?

-Тэгэлгүй яахав. Хүмүүн заяаг олж төрсөний бас нэг бахархал юм. Уртын дуугаа дуулахаар ажил аяндаа бүтэх гээд байгаа юм шиг, алс хол явах гээд ч байгаа юм шиг цаанаасаа хөгсөгдөөд сайхан байдаг. Би боддог л доо, аль тэртээ 1980 хэдэн оны хонины бэлчээрт дуулж явсан хүүхэд дэлхийн бөмбөрцгийн аль нэг талд хөл тавиад л уртын дуугаа дуулаад явж байна гэдэг сайхан. Гадаад улс орнуудаар дамжаад явж байхад заримдаа  “зүүд үү” гэж бодогдоод, өөрийгөө чимхэж авмаар санагддаг байсан.

-Төрийн наадмыг уртын дуугаар эхэлж, мөн уртын дуугаар жаргааж байя гэсэн бодолтой хүмүүс байдаг. Та үүнтэй санал нийлдэг биз дээ?

-Санал нийлэлгүй яахав. Төрийн наадмыг төрийн “Түмэн эх” дуугаар эхэлж, “Өвгөн шувуу хоёр” уртын дуугаар жаргааж болно шүү дээ. Уртын дуу бол хязгааргүй орон зайгаар аялуулж байдаг уужим дэлгэр айзам байдаг. Уртын дуугаа бид улам тэлж хөгжүүлэх ёстой байхгүй юу. Төрийн наадмыг уртын дуугаар нээж, бас жаргааж байя гэдэг санал бол хамгийн зөв зүйл. Яагаад төрийн “Түмэн эх” гэж нэрлэсэн юм. Төрийн наадмыг “Түмэн эх”-ээр нээх хэрэгтэй. Уртын дуугаа зөв сайхан тээж явъя гэвэл бүгдээрээ уртын дуугаа дуулж сурах хэрэгтэй.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав