ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын Үндэсний хүрээлэнгийн захирал, хошууч генерал Т.Бадралтай ярилцлаа. 

- Өнөөдөр танд ирсэн хамгийн эхний асуулт юу байв. Эндээс яриагаа эхлэх үү? 

- Мэдээж хамгийн түрүүнд хүмүүс “Сайн байна уу” гэж мэнд мэдэхээс өглөө эхэлнэ. Энэ чинь асуулт шүү дээ. За, тэгээд ажил үүрэгтэй холбоотойгоор асуултууд үргэлжилнэ дээ. 

- Энэ онд Гамшиг судлалын Үндэсний хүрээлэнгийн 20 жилийн ой тохиож байна. Та энэ ажлыг хүлээж аваад удаагүй байгаа. Гэхдээ ямагт л ОБЕГ-т харьяалагдан ажиллаж ирсэн хүн шүү дээ. Ер нь гамшгаас хамгаалах  салбарыг монголд хэдийнээс яг жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн гэж үздэг юм бэ? 

- Тэгэлгүй яахав. Энэ цаг үед тун их ажилтай байна. Гамшгаас хамгаалах салбар буюу Гамшиг судлалын Үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаа 20  жилийн хугацаанд хэрхэн явагдаж ирсэн бэ, бид энэхүү ойг яаж тэмдэглэх вэ гэдэг дээр төвлөрөн ажиллаж байгаа. Ерөөс урьд урьдынхаас хямар онцлогтой байх вэ гэдэг их чухал. Гол нь хийсэн, бүтээснээ дүгнэж, дараагийнхаа ажлыг тодорхойлох юм л даа.

Харин хөгжлийн шатны асуулт дээр нэг жижигхэн түүхийг дурдах нь зүйтэй болов уу. XXI зуун дөнгөж гараад буюу 2001 оны үеэс дэлхий нийтээр гамшгаас хамгаалах үе шат руу шилжсэн юм. Хүйтэн дайны үеийн уур амьсгал, мөн иргэний хамгааллын тогтолцоо, үй олноор хөнөөх зэвсгээс ард олноо хамгаалах тогтолцоо манай улсад бүрэн хэрэгжилгүй явсаар шинэ зуун гарсан байдаг юм. Ер нь ихэнх улс л даа. Нэг ёсондоо тэр уур амьсгалаас дэлхий нийт амархан салчихаагүй гэсэн үг . Ингээд л олон улсын чиг хандлагаа дагаад Гамшгаас хамгаалах гэдэг нэр, томьёонууд бий болж эхэлсэн. Анх дэлхийн улс орнууд энэхүү үйл ажиллагааны чиглэлээр Японд цуглаж, хуралдаж байсан түүхтэй. Япон гамшгаас хамгаалах болон эрсдлийн талаар яагаад ул суурьтай авч үзэж, анхаарал хандуулдаг вэ гэвэл байршлын хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог орон. Үүнээсээ болоод эдийн засгийн өсөлт нь 0 (тэг) хувьд хүрч байсан тохиолдол бий. 1995 онд Ёкохамад дэлхийн улс орны төлөөлөгчид цуглаж тогтвортой хөгжлийг хангахын тулд гамшгийн аюулыг бууруулахгүй бол болохгүй нь ээ гэдэг асуудлыг ярьж эхэлсэн. Монгол Улс энэ  хуралд нэгдсэн л дээ. Мэдээж нэгдэн орох шалтгаан бий. 

- Тэр шалтгаан нь юу вэ? 

- Монгол Улсын хувьд орчин цагийн Онцгой байдлын байгууллагыг байгуулах, цаашлаад Гамшгаас эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндээ хамгаалах хуулийн эрх зүйн орчин дөнгөж бүрдэж байсан цаг үе таарсан. Ингээд НҮБ- гаас зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Тийнхүү 2003 онд манай оронд хуучин “Иргэний хамгааллын тогтолцоо”-г халах, “Иргэний хамгааллын тухай хууль”-ийг шинэчлэх ажлууд явагдаж УИХ-аар “Гамшгаас хамгаалах тухай хууль” гэдэг уг хуулийг баталсан. Мэдээж үүний дараа хуулийг хэрэгжүүлэх, бүтцийн том өөрчлөлт хийх ажлуудыг явуулах шаардлага үүссэн. Тиймээс 2004 оны Засгийн газрын нэгдүгээр тогтоол гаргаж тухайн үеийн Хууль Зүйн яамны харьяанд байсан “Гал түймэртэй тэмцэх газар”, Батлан Хамгаалах яамны харьяа “Иргэний хамгаалалтын газар”, Хөдөө Аж ахуйн яамны харьяа “Улсын нөөцийн газар” гэсэн гамшгаас хамгаалах, гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах чиглэлийн ижил төстэй гурван газрыг нэгтгэж  “Гамшгаас хамгаалах Ерөнхий газар” байгуулсан түүхтэй юм. 

- Үүний дараа олон улсын хийж хэрэгжүүлж байгаа ажилд Монгол Улс хэрхэн оролцох, хувь нэмрээ яаж оруулах зэрэг асуудлууд гарч ирсэн байх. Мөн тогтолцоогоо яаж шинэчлэх вэ гэдэг том асуудалтай нүүр тулж таарна. 

- Тэгнэ. Дэлхийн улс орнууд 1995 онд Ёкохамад анх тэгж хуралдсаны дараа буюу 10 жилийн хойно 2005 онд  дахин хуралдсан. Уг хурлаар НҮБ-ын гишүүнчлэл бүхий дэлхийн 187 улс Гамшгаас хамгаалах тогтолцоог дэлхий нийтээр, тэгэхдээ зөвхөн улс орон бус бүс нутаг бүрд нарийвчлан хэрэгжүүлье гэж шийдсэн. Үүнд гамшгийн аюулыг буруулах гэдэг гол агуулгыг гаргаж ирж тавьсан. 2015 онд буюу дахин 10  жилийн дараа Сэндайд хуралдсан. Уг хурлаар 10 жилийн өмнө зорьж байсан гамшгийн аюулыг буруулах тогтолцоо ерөнхийдөө жигдэрсэн учир гамшгийн эрсдэл гэдэг нарийвчилсан сэдэв рүүгээ ороё гэж ярьсан. Мэдээж гамшгийн аюулыг буруулж чаддаг болсон. Энэ талын тогтолцоо бий болсон. Үүнийгээ дагаад улс орнууд тоног төхөөрөмж, ажиллах хүчнээ бэлтгэж, сайжруулаад явсан. Гэхдээ гамшиг гарна, бид зөвхөн бууруулах арга хэмжээ л авдаг тогтолцоотой байж. Одоо бүгдээрээ гамшиг гарахаас өмнө эрсдэлийг нь бууруулахгүй бол бид нарын ажил хуучнаараа үргэлжлээд байх нь гэж үзээд цоо шинэ хандлагыг гаргаж ирсэн. Энэ үеэс эхлээд дэлхий нийт, бүс нутаг, өөрөөр хэлбэл Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах гэдэг томоохон тогтолцооны системийг хэрэгжүүлэхийг зорьсон. Сэндайн хэлэлцээрийн дагуу дагаж мөрдөх бичиг баримтын талаар дахин 10 жилийн дараа буюу 2025 онд хуралдахгүй. Харин 2030 он хүртэл буюу 15 жилийн хугацаанд хэрэгжүүлье гэдэг шаардлага тавьсан. Тухайн үед томоохон өөрчлөлтүүд дэлхий даяар гарсны нэг нь “Цаг уурын өөрчлөлтийн конвенц” юм. Дээр нь нэмээд “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, саяны ярьсан үйл ажиллагааны шийдвэр гэх гурван том хөтөлбөр бий болсон юм. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд нэг асуудал мөн тулгарсан.

- Тус тусад нь хэрэгжүүлэхэд хүндрэлтэй гэж үзсэн байсан...

- Яг тийм. Яагаад гэвэл “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” нь улс орнуудын эдийн засаг, нийгмийг тогтвортой байлгах зорилготой. Тэгвэл нийгэм, эдийн засгийг тогтвортой байлгахын тулд эрсдэлийг бууруулахгүй бол болохгүй нь гэдэг асуудал ургасан. Мөн цаг уурын өөрчлөлт тун хурдацтай явагдаж байгаа шүү дээ. Тиймээс цаг уурын өөрчлөлт, тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг гурван том бичиг баримт нэгэн цул байх ёстой юм байна гэж үзсэн. Аливаа улс орон хөгжиж болдог ажээ. Гэтэл хөгжлийг хойш татдаг зүйлсийн нэг нь байгалийн гамшиг байхгүй юу. Жишээ нь, Японд бол энэ чиглэлдээ боловсрол, нөөц бололцоо, хариу арга хэмжээ, техник технологи зэргээрээ бусад улс орнуудын тэргүүнд байдаг. Гамшгийн эрсдэлийн тооцоо, судалгаанд уялдуулж байшин барилга, дэд бүтцээ шийддэг. Гэтэл 2011 онд газар хөдлөлт болоход эдийн засгийн шинжээчид нь дөрвөн хувийн л өсөлттэй байна гэх тооцоо гаргасан. Гэвч тухайн жилдээ Японы эдийн засаг зогссон, өсөлт байхгүй болсон. Энэ нь тогтвортой хөгжилтэй шууд холбогдоно. Тэгэхээр үүнийг заавал хэрэгжүүлэхийн тулд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа заавал хийгдэх ёстой болоод ирнэ. Манайд ч мөн болдог газар хөдлөлт, ой хээрийн түймэр, зуд турхан зэрэг асуудлууд бий. Хохирол нь асар их мөнгөн дүнгээр яригддаг. 

Би 2009, 2010 оны их зудны ажлын хэсгийн ахлагч байхдаа Монгол Улсыг бүтэн тойрсон. Бүх аймгаар ороод тооцоо, судалгааг гаргаж хариу арга хэмжээний төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулсан. Яахав хариу арга хэмжээ нь малчдад туслах, иргэд хандив өргөж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэрэг л байсан. Ингээд тус оны зургаадугаар сард бүх малынхаа тоог гаргахад 9.7 сая мал хорогдсон байдаг юм билээ. Энэ нь тухайн үеийнхээ мөнгөн дүнгээр тооцоход 45 тэрбум төгрөгийн хохирол учирсан байсан. Бид тэр их мөнгөөр юу хийж болох байсан бэ гэдэг тооцоог гаргаж үзэхэд тухайн үеийнхээ ханшаар ойролцоогоор 170 сургууль, 217 цэцэрлэг барих мөнгийг тавиад туучихсан байсан. Хэрвээ тухайн үед тэр их мөнгийг зөв зарцуулсан бол өнөө тулгамдаад буй сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэж болох байсан. Ингэхлээр эдийн засгийн тогтвортой хөгжилтэй холбоотой учраас бид гамшгийн эрсдлийг бууруулах чиглэл рүүгээ 2015 оноос эхлэн идэвхтэй ажилласан. 

- Одоо тус хурлаас хойш яг 10 жил болсон байна. Тэгэхээр энэ хугацаанд хэрхэн ажилласан бэ гэдгээ бас эргэж харах, дүгнэх асуудал гарч ирэх болов уу? 

- Тийм. Улс орнууд яаж, хэрхэн ажилласан зэрэг тайлан гаргах ёстой. Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Гамшгаас хамгаалах тухай хууль”-даа эрсдэлийг бууруулахтай холбоотой хоёр өөрчлөлт хийсэн.  

- Ямар ? 

- Ерөнхийдөө гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа зөвхөн Онцгой байдлын салбарын үйл ажиллагаа биш гэдгийг ойлгосон. Үүнд салбар зүйн зохицуулалтаар бүх салбар оролцох ёстой гэдгийг тогтоосон. Мөн салбаруудаас гадна аж ахуйн нэгж, хувь хүний оролцоо зайлшгүй хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн аж ахуйн нэгж эрсдэлээ тооцоолж гаргасан байх ёстой. Гал гарвал яах вэ гэдгээс эхлээд ч юм уу. 

- Саяхан Мөрөн хотын худалдааны үйлдвэр шатсан...

- Яг л энэ байхгүй юу. Үүний хохирол нэлээд өндөр дүн гарна. Энэ хэмжээний түймэр хотод л гэхэд Бөмбөгөр, Их дэлгүүр дээр гарч байсан. Хохирлын асуудлаас үүдсэн маргаанууд гардаг. Хэн хохирлыг барагдуулах вэ гэдэг. Тэгэхээр гамшгийн эрсдэлийг бууруулах хамгийн том тогтолцоо нь юу вэ гэхээр нэгдүгээрт эрх зүйгээс гадна бидэнд даатгалын тогтолцоо байх ёстой. Даатгалын тогтолцоог бид олон жил ярьж байгаа боловч “Гамшгийн даатгалын тухай хууль” батлагдаж өгдөггүй. 

- Яагаад тэр вэ? 

- Манайд даатгалын буюу санхүүгийн байгууллагуудын чадамж муу. Нөгөөтэйгүүр тухайн зах, худалдааны төвийг ажиллуулж байсан хүн хариуцлага хүлээх ёстой. Тэр хүн нь, мөн тухайн төвд лангуу түрээсэлж байгаа хүн гэдэг утгаараа даатгал төлсөн байх шаардлагатай. Нэг ёсондоо эрсдэлээ даатгалын компанид өгчихөж байгаа хэрэг. Миний хохирлыг даатгалын компани хариуцах ёстой гээд. Энэ тогтолцоо манайд дутагдаад байна. Мэдээж даатгалын тухай хууль дээрээ газар хөдлөлт, гал түймэр, үер ус, зуд, зэрэг төрлөөр ажиллаж, судалгаагаа хийгээд өгсөн. Даатгалын компаниудтай хамтарч ажиллаж ч үзсэн. Харамсалтай нь яг үнэнийг хэлэхэд хууль тогтоох байгууллага маань үүнийг яг шийдчихье гэсэн үйлдэл огт гаргахгүй байна л даа. Хэрвээ бид ийм хуультай байсан бол Мөрөн хотын худалдааны төв шатсан асуудал дээр өдгөө олон хүний эд хөрөнгө, амьдралын өмнөөс тархиа гашилгаж суухгүй байх байлаа. 

Дараагийн асуудал, 2015 оноос хойш бэлтгэлээ хийгээд 2017 онд хуулинд өөрчлөлт оруулсан. Эрсдэлийн бүх зохицуулалтыг оруулж өгсөн. Төрийн байгууллага, орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгж гээд тус бүр ямар үүрэгтэй байх вэ, үүнийгээ дагаад эрсдэлийг бууруулах, энэ чиглэлээр хүний нөөцийг бэлдэх зэрэг тогтолцоонуудыг бүгдийг нь багтаасан. Уг хуулийг дагаж гарсан 20 гаруй дүрэм журмын 10 гаруй нь дан ганц эрсдэлтэй холбоотой. Эрх зүйн хувьд болчихсон байна. Даатгалаас бусад асуудал нь дүрэм, журмынхаа дагуу хийгдээд явж байгаа. Өдгөө Монголд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийдэг мэргэжилтнүүдийг бэлдэж эхлээд таван жил болж байна. Хамгийн сүүлийн сургалтаа саяхан хийсэн. 50 гаруй хүн хамрагдсан байсан. Манай улсын хувьд гайгүй өндөр тоо. Ер нь гамшгийн эрсдэлийн тухай дуугарч, ярьж, хэлэлцэж байх хүний тоо манай оронд их байх хэрэгтэй. Тиймээс янз бүрийн түвшний, төрөл бүрийн салбарын хүмүүсийг үүнд хамруулах нь зүйтэй. Ингээд хоорондоо бүгдээрээ уялдаад ирэхээрээ цаашдаа бид шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрүүдийг гаргаж, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаануудыг гаргана гэсэн үг. Ер нь бол энэ тогтолцоо руугаа орчихсон явж байгаа л даа. 

- Гамшиг, эрсдэл гэж хүмүүс мэдээж их ярьдаг. Хавар болгон л ой хээрийн түймэр гарч, ард иргэд эд хөрөнгө, мал хуйгаараа хохирдог. Онцгой, цэрэг цагдаа, нутгийн иргэд гээд бүгд л унтраахаар явдаг.  Жил бүрийн урьдчилан сэргийлэх ажлууд ер нь хэрхэн хийгддэг вэ? 

Мэдээж энэ нь хуурайшилттай холбоотой. Сүүлийн жилүүдэд хуурайшилт харьцангуй гайгүй байгаа. Энэ хаврын Хэнтий, Сүхбаатар аймгийг хамарсан гал түймэр бол дахиад л бидний өөрсдийн хэнэггүй байдлаас үүсэлтэй. Яагаад гэвэл таны хэлснээр бид жил бүр л түймрийн асуудалтай тулгардаг. Зүүн аймгийн хамгийн том эрсдэл нь энэ. Бид үүнийг бүгдээрээ мэддэг. Энэ жил гарсан түймрийн хувьд нэг нь бол санаатай үйлдэл байсан. Айлын саравчийг шатаах гэсэн санаатай оролдлогоос үүдсэн гэмт хэрэг болохыг цагдаагийн байгууллага тогтоосон. Бусад тохиолдлууд нь хувь хүний хариуцлагагүй байдлаас үүдсэн. 

- Тийм гэж үү? 

- Шалтгаан нь тогтоогдчихсон учраас ил хэлж байгаа юм. Мэдээж түймэр бол бидний хамгийн том эрсдэл гээд үнэлгээ хийчихсэн, зүүн гурван аймгийнхан үүнийгээ тун сайн мэднэ. Удирдлагын түвшинд ч, иргэд нь ч сайн мэднэ. Гэтэл хогийн цэг дээр үнсээ цогтой нь аваачаад асгачихдаг. Салхины хүч ямар ч үнсийг хийсгэх нь мэдээж. Айлын хогийн цэг дээрээс гарсан тохиолдол тогтоогдсон. Тэгэхээр цаад шалтгаан нь энэ мэтчилэн ойлгомжтой байдаг байхгүй юу. Үүн дээр мөн л дахиад даатгалын асуудал гарч ирнэ. Түймэр гарвал, таны болоод малчны, ерөөс хүний хүчин чадлаас давбал яах вэ? Тиймээс малаа даатгуулах хэрэгтэй. Бид Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас маш олон төслийг хэрэгжүүлж “Малын индексжүүлсэн даатгал” гэх ажлыг тун олон жил ярьж, хийж ирсэн. Тэндээс гарсан зөвлөмжүүдийг эрх зүйн хувьд баталгаажуулж, зайлшгүй даатгалд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хийж буй. Даанч малчид малаа огт даатгуулдаггүй. Ингээд хохироод байх уу, энэ байдал хэдэн жил үргэлжлэх вэ. Ингэж л асуумаар байдаг даа. Гол нь өөрсдөдөө хариуцлагын тогтолцоог суулгаж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ер бол тэнд нэг айлын гэр нурлаа гэхэд Засгаас шинэ гэр өгөх ёстой юм шиг ойлгодог. Үгүй, үүнийг даатгалаар л зохицуулна. Татвар төлөгчдийн мөнгөөр бус улсын эдийн засагт хоргүйгээр шийдэх ганц гарц нь энэ юм. 

- Онцгой байдлын Ерөнхий газар бол олон салбар чиглэлтэй том байгууллага. Тэр бүрд аюултай, амь насанд эрсдэлтэй нөхцөл байдалд ажилладаг. Өнгөрсөн жил л гэхэд Дүнжингаравын уулзвар дээр ГАЗ дэлбэрснээс болж танай аврагч амь эрсэдсэн харамсалтай явдал гарсан. Тэгэхээр ажилчдын аюулгуй байдал, эрсдлийн асуудлыг хэрхэн шийддэг вэ? 

- Онцгой байдлын албанд ажиллаж буй гал сөнөөгч, аврагчид, тэдгээрийг удирдаж байгаа тасаг, бүлэг, дарга нар өөрөөр хэлбэл гамшгийн голомтон дээр ажилладаг энэ хүмүүс маань өглөө гэрээсээ гараад орой гэртээ эсэн мэнд очих баталгаа байдаггүй. Үүнийгээ ч уг албанд орж ирэхээсээ өмнө тэр хүмүүс ойлгодог, тангараг өргөдөг. Мэдээж сая гал түймэр, хийн тухай хэд хэдэн жишээ хоёулаа ярилаа шүү дээ. Хамгийн гол нь энэ тохиолдолд албан хаагч нар хувцас хэрэглэл,  багаж, техник технологиор хангагдсан байх ёстой л доо.

- Энэ тал дээр маш дутмаг байдаг тухай асуудал сөхөгдсөн. Нэрээ нууцалсан нэг албан хаагчийн яриа цахимд дуулиан дэгдээсэн шүү дээ... 

- Би нэг жишээ хэлье.  Гэхдээ олон жилийн өмнөх явдал юм шүү. 2004 онд уг байгууллага дөнгөж байгуулагдаад би ажлын гараагаа эхэлж байсан. Би “Гадаад харилцааны хэлтэс”-т ажилладаг байсан юм. Тус оны зун манай байгууллагын үүдний жижүүр “Энд нэг гадаад хүн ирчихсэн байна. Та буугаад орчуулга хийгээд өгөөч” гэсэн. Би доош буугаад нөгөө эрхэмтэй мэндлээд, ямар зорилготой яваа талаар нь асуулаа, уулзлаа. Тэгтэл “Би танай Хөвсгөл нуураар сая аялаад ирлээ. Тэнд танай Онцгой байдлын газрын ажилчид бололтой хүмүүс усны дадлага хийж байна. Би хажууд нь нэлээд харж, сонирхлоо. Гэтэл тэр хүмүүст зориулалтын усны хувцас алга. БиSurfing”- гээр хичээллэдэг юм л даа. Надад нэг ийм усны хувцас байна. Тэгээд үүнийг харуулъя, өгөе гэж бодоод танайхыг хайж байгаад олоод ирлээ” гэсэн. Би мэргэжлийн хүмүүсээс асуулаа. “Манайд ийм хувцас байдаггүй юм уу” гээд. Гэтэл юун тэр хувцас нь байх, мэдэх, бүр ямар ч ойлголтгүй байсан. Тиймээс ажилчдынхаа аюулгүй байдлыг хангахын тулд тухайн хувцас хэрэгслийг авах шаардлага гарна. Уг хангалтыг тун олон жилийн хугацаанд хийсэн. Мэдээж чанартай, чанаргүй тухай асуудлууд их гардаг л даа. Гэвч энэ нь хүний амь настай холбоотой учраас хамгийн найдвартай, чанартайг нь сонгодог. 

Уржнан гарсан тэрхүү дэлбэрэлтийн талаарх харамсалтай хэрэгт бол хувцасны тал дээр асуудал байгаагүй. Гал сөнөөгч хүн дэлхийд ямар хувцас өмсдөг, ямар баг хэрэглэдэг тэр бүхэн нь бүгд бий. Хангаад өгчихсөн. Магадгүй ийм аюултай ослоос болж зарим талаар хүмүүст буруу ойлголт төрсөн болов уу. Үүнийг нь үгүйсгэхгүй. Ер нь бол битүү гал дунд тэр хүн зогсож байна шүү дээ. Тухайн нөхцөлд албан хаагч алдаа гаргаж эндэх тохиолууд ч гарч байсан. Тэгэхээр хувцас хэрэгслийн тал дээр бол бид албан хаагчдаа бүрэн хангасан. Харин үүнийг илүү хүрэлцээтэй болгож нэмэх шаардлагатай юу гэвэл тийм. Мөн хамгийн сүүлийн үеийн ямар хувцас хэрэгсэл гарч байна, тэр бүгдийг цаг тухайд нь нэвтрүүлэх ёстой юу гэвэл мөн л тийм. Үүнд бид үргэлж хариуцлагатай ханддаг. 

-  Тэгвэл амь насны эрсдэлийн тал дээр ямар арга хэмжээ авч, яаж ажиллах ёстой юм бэ ?

- Тэгэхээр хоёулаа дахиад л яриад байгаа нөгөө даатгалын тогтолцоо руугаа орно. Гамшгийн голомт дээр хамгийн анхны дуудлагаар очиж ажиллаж байгаа хүмүүсийн амь насны баталгааны асуудал бий. Энэ нь аврагчийн амь насны даатгал гэсэн үг. Хэрвээ тухайн хүн гамшгийн голомт дээр очоод амь насаа алдвал яах вэ, хэрхэн даатгах вэ гэдэг зүйл яригдана. Ингэхээр хүмүүс ямар аймаар юм бэ гэж бодож магадгүй. Гол нь үүнийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Энэ бол бидний ажил, сонгосон мэргэжил юм. Саяхан амь насаа алдсан албан хаагчийн эхнэр ярилцлага өгсөн байсан. Мэдээж түүний буруу биш. Үүнийг хуульчлаад гаргаад ирчихсэн байгаа. Даанч хууль нь тус үйл явдлын дараа батлагдсан байхгүй юу. Үнэхээр харамсалтай ч хууль өмнөх хугацаанд бус гарсан өдрөөсөө эхэлж үйлчилдэг болохыг бүгдээрээ мэднэ шүү дээ. Тэгэхээр энэ талын асуудлуудыг бид түргэн хугацаанд зайлшгүй шийдэх ёстой. 

- Тэгэхээр Гамшиг судлалын Үндэсний хүрээлэн маань энэ эрсдэлийг тооцох, үүнээс сэргийлэх тал дээр голчлон ажиллах уу ?

- Тэгнэ. Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах асуудлын талаар ярихаас өмнө гамшиг гэж юу вэ гэдгийг сайтар ухах, бодох хэрэгтэй. Энэ өөрөө том судалгааны ажил байхгүй юу. Ингээд харахаар манайх чинь маш олон шинжлэх ухааныг нэгтгэсэн, тэдгээрийн уулзвар дээр судалгаа хийдэг. Физик, хими, цаг уур гэх зэргээр хөвөрнө. Энэ бүгд дээр мэргэжлийнх нь хүмүүс ажилладаг. За, гал гарвал яах вэ? Яаж халдаг, яаж тархдаг вэ гэх мэтээр... Тэгэхээр дээрх асуудлуудад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хандахаас өөр аргагүй болж байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй хандах энэ судалгаануудыг Гамшиг судлалын Үндэсний хүрээлэн хийдэг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд ойролцоогоор 500 орчим янз бүрийн чиглэлийн судалгаа хийгдсэний 60 хувь нь амьдралд нэвтэрч, хэрэгжсэн. Би үүнийг тун сайн үзүүлэлт гэж харж байгаа. Судалгаа болгон амжилттай болдоггүй, амьдралд хэрэгждэггүй тохиолдол олон. Ялангуяа гал түймэртэй холбоотой, галд маш хурдан авалцдаг материалууд бий. Энэ бүгдийг судалгаагаар гаргаж, тогтоодог. Ямар материал галд тэсвэртэй вэ, өдөөгч материалууд гэж юу вэ. Энэ талын бүх судалгааг лабораторийн судалгаагаар нарийвчлан хийж барилгын компаниудад зөвшөөрөл өгнө. Эрсдэлээ бууруулж байгаа хэлбэр л дээ. Лабораторын судалгаагаар хийсэн ажил дээр үндэслэн эрдэм шинжилгээний ажлууд мөн явна. Үүний дараа тухайн материалыг үйл ажиллагаанд нэвтрүүлнэ. Ийм дэс дараатай. Тэгэхээр хүрээлэнгийн маань үндсэн үүрэг “Гамшгаас хамгаалах салбар”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах салбар”, гамшгийн засаглал, удирдлагын асуудлаар зөв шийдвэр хэрхэн гаргах вэ гэдгийг судалгаагаар баталгаажуулдаг. 

Тийм ч учраас Онцгой байдлын газрыг байгуулагдсаны дараа бид зөв шийдвэр гаргах түвшинд судалгааг хийхгүй бол болохгүй юм байна гэдэг агуулгаар өнөөдрийн Гамшиг судлалын Үндэсний хүрээлэнг байгуулсан. Явцын дунд их олон эрдэмтэн төрөн гарсан, судалгааны ажлууд ч их хийж байсан. Тухайн үед галын ганц хоёр лабораторын ажилтныг эс тооцвол энэ чиглэлийн мэргэжилтнүүд байгаагүй. Өнөөдрийн хувьд бол зөвхөн судалгаан дээр суурилдаг бус судалгаагаа хийсний дараа лабораторид туршдаг. Тэрхүү туршилт дээр суурилаад одоо ямар технологи хэрэглэх вэ, гадаадын улс орнууд ямар технологи хэрэглэж байгаа вэ гэдгийг харна. Орчин цагт яригдах болсон инновацийн асуудал, хиймэл оюун ухаан байна. Энэ бүх юмыг судалж, татан оруулж байж гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хүний хүчин зүйл багатай, аврагч, гал сөнөөгчдийн амь насны эрдсэлийг бууруулах чиглэлийн технологиудыг ашиглана. Энэ чиглэлээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан маш их анхаарал тавин ажиллаж байгаа. “Судалгааны ажил, боловсон хүчнээ нэм, чадварлаг мэргэжилтнүүдээ алдахгүй ажиллах хэрэгтэй” гэдэг үүрэг, чиглэл өгсний дагуу анхаарал тавин ажиллаж байгаа. Тиймээс энэ онд болон дараа оны төлөвлөгөөнд шинэ, шинэлэг технологиудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Зарим нь нэвтэрчихсэн байгаа. Ингээд ярихаар зарим нь буруу ойлгоод гадны юмыг харчихаад дроноор гал унтраагаад байна гэж шүүмжилдэг. Тус төхөөрөмжөөр гал унтраах нь өндөр барилга, орон сууцны асуудал дээр л яригдана. Түүнээс бид ой хээрийн түймрийг дроноор унтраана гэж байхгүй. Үүнийг ялгадаггүй учраас Онцгой байдлын байгууллагыг техникгүй байна, хариуцлагагүй, чадамжгүй байна гэж дураараа шүүмжилдэг. Тиймээс яг дотор нь орж үзэж байж ямар үйл ажиллагаа тохирох вэ гэдгийг явуулдаг, тийм техник хэрэгсэлтэй, чадамжтай гэдгийг хүмүүс сайн ойлгомоор юм шиг санагддаг. Ойлгуулахын тулд ч бид давхар ажиллаж байгаа юм. Тиймдээ ч бид бүхэн “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д хоёр ч удаа өөрчлөлт оруулсан. “Галын аюулгүй байдлын тухай хууль” дээр 2015 онд өөрчлөлт оруулсан. Энэ намар “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д дахин өөрчлөлт оруулах гэж байна.

- Хуульд өөрчлөлт оруулахаар иргэд их таагүй ханддаг. Яагаад байнга өөрчлөөд байдаг юм бэ гэж хардаг. Цаана нь мөнгө, санхүүтэй холбоотой хардлагууд ч явдаг шүү дээ...

- Яг тийм. Тэгж хардаг, харддаг. Гэвч манай салбарын хууль маш богино хугацаанд цаг үе, чиг хандлагаа дагаад хувьсдаг. Тэгэхээс ч өөр аргагүй. Хэрвээ бид үүнийгээ шинэчлэхгүй бол болохгүй. Тиймээс манай салбарын эрх зүйн асуудал богино хугацаанд шинэчлэгдээд явж байгаа. Үүнийг хууль тогтоогч байгууллага, Засгийн газар сайн ойлгож, хурдан, хурдан дэмжээд явчих шаардлагатай байгаа юм. 

- Цоо шинээр бий болсон ямар гамшиг, эрсдэл байна вэ? 

- Яахав, одоо Монгол Улсын газар нутаг дээр цоо шинэ байгалийн гамшиг бүртгэгдсэн асуудал харьцангуй гайгүй. Ер нь дэлхий дээр 52 төрлийн байгалийн гамшиг бүртгэгдсэн юм билээ. Түүнээс манайд болдог, тохиолддог нь 20 орчим байдаг юм. Тэндээс байнга тохиодог нь өвлийн улиралд бол зуд, цасан шуурга байна. Хүн төөрөх, мал эндэх, идэш тэжээлгүй болох зэрэг. Зуны улиралд бол үер ус. Хавар, намартаа ой хээрийн түймрийн асуудал бий. Жилийн дөрвөн улиралд хүн болон малын гоц халдвар өвчин байна. Үүн дээр нэмэгдээд гарчихсан цоо шинэ гамшиг байхгүй. Хоёрдугаарт, нэг гамшиг үүссэний дараа дараагийнх нь эхэлдэг. Хавсарна гэж ярьдаг шүү дээ. Жишээ нь, халдварт өвчин гарсны хойно цэвэрлэгээний ажил хийхгүй бол бохирын асуудал үүснэ. Энэ нь дараагийн халдварт өвчин гарах эрсдэлийг үүсгэдэг. Бохироо цэвэрлээгүй, хог хаягдлаа устгаагүйгээс болоод шинэ өвчин бий болно гэсэн үг. Үүнээс бусдаар шинэ гамшиг гэвэл хүний үйл ажиллагаатай шууд холбоотой буюу томоохон үйлдвэрийн асуудлууд байна. Янз бүрийн химийн бодис ашиглах ч гэх юм уу. Одоо Оюутолгойтой холбоотой гүний уурхай яриад эхэлсэн шүү дээ. Дэлхийд байхгүй урт, 200 гаруй киломерт гэж байгаа. Гэтэл бидэнд газар доор ажиллах туршлага бий юу. Энэ бол цоо шинэ асуудал. Харин хариуцлагатай уул уурхай гэдэг агуулгаараа Оюутолгойг барьж байх өнгөрсөн цаг хугацаанд хэрхэн эрсдэлийг буруулах, гамшиг үүссэн тохиолдолд яаж хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, гал унтраах вэ зэрэг асуудлууд дээр Оюултолгойн аюулгүй байдлын албатай Онцгой байдлын алба хамтран ажилласан. 

- Хариуцлагатай уул уурхай гэснээс нөхөн сэргээлт дээр Онцгой байдлын газар хамтран ажиллаж байсан уу. Мэдээж танай байгууллагатай холбоогүй байх л даа. Гэвч сэндийчээд хаячихсан уурхайн газарт хүн, мал унаж бэртэх, тэндээс дахин олз хайсан хүмүүс шороонд дарагдах гэх мэт өчнөөн асуудал үүсдэг шүү дээ...

- Тийм ээ. Мэдээж нөхөн сэргээлтийн тухай ярихад яг үнэндээ манай асуудал биш. Гэхдээ хариуцлагагүй уул уурхай байсан уу гэвэл байсан. Ухаад л доторхыг нь аваад хаячихдаг. Тэнд нь хүмүүс, хүүхдүүд санамсаргүй унадаг. Дахиад л хохирол, эрсдэл. Нэг зүйлийг бүтээх гээд нөгөөдхөө нурааж дараагийн хүмүүстээ эрсдэл үүсгэж байгаа байхгүй юу. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ялангуяа уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудал дээр маш том бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ бодлогын хүрээнд буруу санаагүй бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд уул уурхайн хаягдал бүхий нөхөн сэргээлтгүй орхисон нийтдээ 4.000 мянган га газрыг цэвэрлэж, нөхөн сэргээлтийг хийж дууссан. Тэгэхээр хариуцлагатай уул уурхай гэдэг асуудал маань “Та уул уурхайгаа эрхэл, газрын баялагаа олборло, экспортло. Яг зэрэгцүүлээд нөхөн сэргээлтээ хий”. Ийм л асуудал. Би хятадад ажиллаж байхдаа олон уул уурхайгаар очсон. Нөхөн сэргээлтийн ажлыг олборолттойгоо зэрэгцүүлээд л хийдэг юм билээ. Газраа ухлаа, буллаа. Дээр нь тариа, ногоогоо ургуулна. Тэрийг хараад ингэж ажиллаж болдог юм байна, ингэж хийдэг юм байна шүү дээ гэж гайхшрах тохиолдол ч байсан. Энэ чиглэлээр цаашид уул уурхайгаа хөгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ ингэж чадахгүй бол, нөхөн сэргээлтээ хийхгүй бол төлбөрөө төлөөд чаддаг аж ахуйн нэгжээр нь хийлгэ. Ийм л юм. Та их зөв асуулт асуулаа. Энэ нь орхигддог, хариуцлагагүй уул уурхайгаас шалтгаалж монголд жилд хэдэн хүн амь нас нь хохирч байна, хэчнээн хэмжээний хохирол учирч байна гэдэг талаар дахиад л тооцоо, судалгааг нь хийгээд гаргачихсан байгаа. Бид эдгээр саналуудаа Засгийн газарт бол цаг тухайд нь ямагт хүргүүлдэг. 

 -  Гамшиг судлалын хүрээлэнгийн 20 жилийн ойн өдөр тохиох гэж байна. Дан ганц тус өдөр гэхээс илүүтэй уг ойтой холбоотойгоор авч хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа чухал ажлууд юу байгаа вэ?

- Мэдээж 20 жил гэдэг бол түүхэн цаг хугацаа. Энэ хугацаанд олон хүн гамшиг судлалын шинжлэх ухааныг монголд хөгжүүлэх, дээр нь нэмээд улс орны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр судалгаануудыг хийсэн. Тиймээс бид тэмдэглэх нь зүй ёсных. Зүгээр нэг тохиодог ой гэж хэлж болохгүй. Хамгийн гол нь бид уг ойн хүрээнд ажлаа л дүгнэе гэж шийдсэн. Хорин жил хийсэн ажлаа дүгнээд цаашид хийх ажлуудаа тодорхой болгоод авчихна. Хүмүүс ой тэмдэглэнэ гэхээр баярын хурал шиг зүйл бодоод байх шиг байна. Үгүй ээ, бид энэ өдөр юу хийх вэ гэхээр хэлэлцүүлэг хийнэ. Ялангуяа, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төсөл гэж яриад байгаа. Эдгээр төслийн эцсийн зорилго нь манай орны тогтвортой хөгжлийг хангах шүү дээ. Өдгөө манай улсад хүндрэл учруулаад байгаа агаар, усны бохирдол, зам тээвэр, түгжрэл, уул уурхай асуудлыг шийдэх юм. Энэ бүхэн хэрэгжиж эхлээд байна. Монгол Улсад урьд нь хийгдэж байгаагүй маш том, далайцтай атлаа асар их хэмжээний хөрөнгө шаардсан ажил. Эдгээрийг Засгийн газрын зүгээс хийж, хэрэгжүүлэхэд бидний зүгээс аюулгүй байдлыг хангах судалгааг хийнэ. Хоёрдугаарт, бидний хийж байгаа ажлууд ойгоо тэмдэглээд зогсчихгүй. Уг 14 мега төсөлтэй холбоотойгоор эрсдэлийг бууруулах, тодорхойлох энэ чиглэлийн судалгааны ажлын талаар хуралдаж байгаа юм. Тэгээд ч улс орны тогтвортой хөгжлийг хангахын тулд шинжлэх ухаанч байдлаар хандахгүй бол бид заримдаа сонин шийдвэр гаргадаг шүү дээ. Одоо бол метро байна. Метро тавиад үр дүн нь юу вэ? Энэ дотор ямар эрсдэл байна вэ? Хар ухаанаар бодъё л доо. Метро тавихаар газар доор амьдрал өрнөнө. Би ингэж хардаг. Метротой болчихвол Улаанбаатарын иргэд газар доор үйлчилгээ явуулна. Бусад орнуудад очиход тэнд зөвхөн метроо явахгүй, түүнийгээ дагаад худалдаа, үйлдвэрлэл ч хөгжсөн байдаг. Энэ бол цоо шинэ амьдрал. Тэгэхээр үүнтэй холбоотой ямар эрсдэл шинээр үүсэх вэ? Тэнд дэлбэрэлт болвол яах вэ? Агааржуулалт, галын аюулгүй байдлыг хэрхэх вэ? Энэ бүх судалгаануудыг хийж хэрэгжүүлэхээр Засгийн газар, тодорхой байгууллагуудаас чиглэлээ авчихсан ажиллаж байгаа. 20 жилийн ой маань энэ юм. Түүнээс бус баяр наадам бус юм шүү. Тус ойгоороо далимдуулж цаашид юу хийх вэ гэдгээ тодорхойлж байгаа хэрэг. Таны асуултад ингэж л хариулмаар байна. 

- Ажил, мэргэжил гэдэг өөрөө тухайн хүний ахуй, амьдрал тэр чигээрээ багтаж байдаг онцлогтой зүйл. Та анх энэ байгууллагатай хэрхэн яаж холбогдсон юм бэ ?

Надаас ер нь ийм асуулт асууж байгаагүй юм байна шүү. Их сонин байна. Онцгой байдлын байгууллагатай холбогдох болсон нь бас л тохиолдол. Анх байгуулж байсан цаг үед нь удирдаж байсан анхны дарга нь хошууч, генерал П.Даш гэж хүн байдаг. Тэр хүн намайг урьсан. Миний үндсэн мэргэжил гадаад харилцаа юм л даа. Мэдээж цэргийн сургууль төгссөн, давхар эдийн засгийн боловсрол олж авсан. Тиймээс намайг гадаад харилцааны хэлтэст ажиллаач гэж санал болгосон. Ингэж л төрийн албатай холбогдож, миний амьдралд өөрчлөлт орж, шинэ үе эхэлсэн түүхтэй. Чи чадах юм байна, юм хийх боломжтой хүн байна гэж үзээд л намайг урьсан. Анх бол ямар ч ойлголтгүй уг салбарт орж ирсэн. Мэдээж одоо бол ажил мэргэжлийн туршлага сууж, энэ байгууллагатай амьдрал маань салшгүй холбоотой болжээ. Олон жил цэргийн болон цэргийн бус, дээр нь олон төрлийн мэргэжлийн, зан чанар, ааш авир нь өөр хүмүүстэй тулж ажиллалаа. Энэ хугацаандаа онцгой байдлын салбарын бүх л шат дамжлагыг дамжиж ажилласан. Анх мэргэжилтнээр ороод дараа нь ахлах мэргэжилтэн болсон. Газрын дарга болсныхоо дараа тушаал буугаад хэлтсийн дарга боллоо. Мөн дундуур нь салбартайгаа холбоотойгоор салбар дундын зохицуулалт хийдэг Дэлхийн банк, НҮБ-ийн төслүүд дээр ч ажилласан. Ингээд 2009 онд байгууллагынхаа дэд даргаар зургаан жил шахам ажиллаад 2015 онд Онцгой Байдлын ерөнхий газрын даргаар томилогдсон. Уг байгууллагыг салбарынх нь хувьд хариуцсан шадар сайд нартай хамт ахин зургаан жил ажилласан. Тэгэхээр миний амьдралын хамгийн идэвхтэй, онцгой цаг үе яалт ч үгүй Онцгой Байдлын ерөнхий газартай холбоотой. Энэ салбарт ажиллахдаа сайнтай, муутай бүгдтэй нь л тулсан. Янз бүрийн дайралтууд ирнэ, амжилт бүтээл ч байсан. Мөн уг салбараасаа шууд дипломат алба руу шилжиж ажиллаж ч үзлээ. 

- Олон жил ажилласан салбараасаа шууд димломат алба руу шилжих тушаалыг та хэрхэн хүлээж авсан бэ? 

- Тухайн цаг үе нь бас онцлогтой байсан. Намайг хятад руу дипломат албанд томилогдох жил дэлхий нийтийг хамарсан Ковид-19 өвчин гарсан байлаа. Тус цар тахлын эхэн буюу 2020 оны нэг сараас 2020 оны долоон сар хүртэл ковидыг хэрхэн монголд нэвтрүүлэхгүй байх вэ, яаж ард түмнээ өвчлүүлэхгүй байлгах вэ гэдэг асуудал дээр Улсын Оцнгой комиссын орлогч даргын хувиар, Онцгой Байдлын ерөнхий газрын даргын хувиар өдөр, шөнөгүй ажилласан. Хил хаагдчихсан, улс орны эдийн засаг ч амаргүй байсан цаг үе. Манай орны хамгийн том хөрш болох өмнөд улсад хариуцлагатай ажиллах үүрэг даалгаврыг төрийн удирдлагуудаас авсан. Цар тахлын яг голомт руу нь очсон. Тэнд ажилласан дөрвөн жилийн 2.6 жилд нь БНХАУ-ын хил хаалттай байсан. Яг энэ цаг үед улс орнуудын эдийн засаг уначихсан, дээр нь нэмээд Монгол Улс импортын хамгийн чухал бараагаа татаж чадахгүй, экспорт нь байхгүй. Томоохон боомтууд дээр тээвэр гацлаа, нүүрс нь гарахаа болилоо, тэнд халдвар гарлаа гээд энэ бүх эдийн засгийн аж ахуйн ажлуудтай эхний хоёр жил ноцолдсон. Димломат албаны ажил бол эдийн засгийн бодлоготой салшгүй холбоотой ажил байхгүй юу. Асуудал бүрийг шийдэхийг оролдсон. Нэг галт тэрэг явсан ч, нэг кондинарт эм тариа илгээсэн ч тэр бүгдийг нь хил дээр очиж, дэргэдээс харж, зогсож байж хүлээлгэн өгдөг байсан. Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж ажлаа хүлээж аваад байлаа. Тэгэхэд надад “За, Элчин сайдаа та монголчуудаа нэн тэргүүнд, хамгийн түрүүнд вакцинтай болгож өг, хятадын талаас ав” гэх том үүрэг өгсөн. Гэтэл тухайн үед Оросоос, Японоос, Энэтхэгээс вакцин авах асуудлууд яригдсан ч тэр бүгдийгээ манайх авч чадаагүй. Учир нь дэлхий нийтээр улс орнууд вакцины дайнд мордож байсан. Яг энэ үед үүрэг аваад хятадын Синофарм компанитай уулзаад монголын ард түмэнд хэрэгцээтэй дөрвөн сая вакциныг бусад орнуудаас түрүүлж, дипломат ажиллагааны шугамаар авч чадсан. Ингээд монголчууд дөрвөн сарын дундаас вакцинтай залгасан. Үүний араас бусад олдохгүй байсан вакцинууд орж ирсэн. Дипломат албанд ажиллаж байхдаа бидний хийсэн хамгийн том ажлын нэг бол иргэдээ цаг алдалгүй цар тахлын вакцинд хамруулсан явдал юм.

Мэдээж дипломатаар явахад хэл ус, ажлын туршлага, боловсролын асуудал чухал. Тэр шалгууруудад тэнцсэн учраас шилжиж ажилласан. Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар уг шийдвэрийг гаргаж, цэргийн хүнийхээ хувьд энэ даалгаварыг үг дуугүй биелүүл гэдэг үүрэг өгсөн.  

- Олон л үйл ажиллагаа удирдаж байсан болов уу. Тэдгээрээс хамгийн хүнд, хамгийн их дурсамж үлдээсэн, бодогдоод салдаггүй ямар ажиллагаа байдаг вэ? 

- Удирдагч хүнийхээ хувьд би аливаа зүйлийг бусдаас сонсож бус нүдээрээ харж байж шийдвэр гаргадаг. Тэр ч утгаараа Онцгой Байдлын ерөнхий газрын удирдлагын түвшинд ажиллаж байхдаа жил бүр Монгол Улсыг хоёр удаа тойрч, өнцөг булан бүрт байгаа онцгой байдлын салбарууд дээр очиж, хэдэн бор цэргүүдтэйгээ уулзаж, өөрөөр нь яриулж, гэрт нь орж хоол цайг идэж байж шийдвэр гаргадаг байсан. Энэ бол миний хамгийн дурсамжтай, аз жаргалтай үе. Яагаад гэвэл би дарга гэдэг хүн зөвхөн хотод оршдог. Тээр тэнд өндөрт, орой дээр суугаад байдаг хүн биш гэдгийг харуулахыг хүсдэг байсан. Тиймээс ажилтнуудтайгаа санал бодлоо солилцоно, ар гэр нь ямар байна, эхнэр нь ажилтай байна уу, хүүхэд нь ямар сургуульд явж байгаа бол гэдгийг харна. Ингэж явахдаа тухайн салбар нэгжийг удирдаж байгаа дарга нарт нь чиглэл чиглэлээр нь үүрэг өгөөд явдаг байсан. “Гэр бүлд нь ажилгүй ямар хүмүүс байна. Бос” гэнгүүт босоод ирнэ. “За, танай эхнэр ямар ажил хийх сонирхолтой вэ, ямар хөдөлмөр хийх боломжтой юм” гээд асууна. Гэр бүлийн хоёр хүн хоёулаа хөдөлмөрлөх ёстой. Бид энэ бололцоог нь хангаж өгөх ёстой шүү дээ. Орлого нь нэмэгдэнэ. Ийм ажлуудыг газар дээр нь очиж, нүүр тулж уулзаад үүрэг даалгавар өгдөг байсан. 

Дараагийн ажил гэвэл гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэд рүү ойртуулахгүй бол болохгүй юм байна гэдэг шийдэл гаргасан. Жишээ нь, Ховд аймгийн төвөөс тус бүс нутгийн бусад газар, суманд гарч байгаа түймрийг унтраахаар Ховд хотоос явдаг байсан. Гэтэл 450 км замыг туулж байж Ховын Булган гэдэг боомт дээр очно. Тухайн үед авто замын байдал сайнгүйгээс шалтгаалаад найман цагийн дараа очдог байж. Тэгэхээр бүхэл бүтэн найман цагийн дараа очихоор яаж гамшгаас хамгаалах үйлчилгээ байх билээ. Ийм учраас энэ зайг багасгаж 150 километрийн радиус дотор нэг анги байх ёстой юм байна гэдэг судалгаа, шинжилгээ, тооцоог гаргаад аймгийн төв дээр бус гамшгаас хамгаалах үйлчилгээг сумын төв рүү шилжүүлэх ажлуудыг эхэлсэн. Сүүлд Бээжинд очоод тооцож үзэхэд 40 гаруй аж ахуйн нэгжүүдийг байгуулсан байна билээ. Энэ нь орон нутагтаа хэд хэдэн давуу талыг бий болгосон. Одоо ч байгуулагдсаар л байгаа. Ингээд найман цагийн дотор очдог байсныг 150 радиус болгоод багасгачихаар нэг цаг 30 минут болоод хугацаа нь богино болж ирж  байгаа юм. Гэхдээ бид одоо ингээд анги байгуулаад яваад байх уу, ард иргэдийг өөрсдийг нь сургадаг, аюулгүй байдлаа хангадаг чиглэл рүү нь явах уу гэдэг дээр анхаарал хандуулж эхэлсэн. Сум, орон нутаг өөрсдийн гал унтраах, аврах анги, техник технологитой болох асуудал л даа. Тэгэхээр 40 салбар байгуулаад, цаашлаад гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэдэд илүү ойртуулаад ирэхээр хүний нөөцийн тоо маш өндөр болсон. Сүүлийн үед төрийн албаны хүмүүсийн тоог нэмээд байна гэж их шүүмжилдэг болсон байна. Түүний нэг буруутан нь би байж магадгүй. Гэхдээ салбарын энэ асуудал дээр бол цаана нь монгол хүний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдал яригдаж байгаа учраас ингэхээс өөр гарц байхгүй. 

Надад нэг их үг таалагддаг. XVI зууны үеийн Английн гүн ухаанч Жон Лок гэж хүн хэлсэн байдаг юм билээ. “Аливаа төрд нэг л ариун үүрэг байдаг. Тэр нь ард иргэдийнхээ амь насыг эд хөрөнгөтэй нь хамгаалах” гэж. Мэдээж сайнтай, муутай сав нийлдэг шиг олон асуудал бий. Гэвч энэ л хамгийн ариун үүргийг Онцгой Байдлын салбар өдөр тутам гүйцэтгэдэг юм. 

- Ажиллах хугацаандаа амь насаа алдах эрсдэлтэй хэр их тулгарч байсан бэ? 

- Би олон хүний амь аварч байсан шүү. Усны ослоос ч аварч байсан тохиолдол бий. Гэхдээ энэ миний ажил, үүрэг учраас би хүний амь аварсан гээд ярих зохисгүй санагддаг байсан. Жишээ нь, өвлийн улиралд Увсын өндөр уулс дунд, -40 градусын хүйтэнд, шөнийн 02 цагийн үед машин нь эвдэрчихээд хөлдөж үхэх гэж байсан хоёр хүнийг ч аварч л байлаа. Тэр болгонд л өөрийн амь насаа алдах давхар эрсдэл үүснэ шүү дээ. Гэвч бид тусгай бэлтгэгдэж, суралцсан алба хаагчид. Мэдээж өөрийн амь насны аюулгүй байдал, эрсдэлийг нарийн сайн тооцож сурсан ажлын туршлага гэж юм бий. 

- Та АНУ-ын Агаарын цэргийн баазад суралцаж байсан гэсэн...  

- Онцгой Байдлын албанд ажиллаж байх хугацаандаа тус газарт 21 хоногийн турш суралцах боломж олдсон. Яг тухайн үед Афганистан руу Америкийн цэрэг орсон цаг үе таарч байлаа. Тэр бол 400 гаруй онгоцтой, их том бааз байсан. Ерөнхийдөө л цэргийн хангалт хийгээд Америк цэргүүдийг Афганистанд хүргэх гол үүргийг гүйцэтгэдэг газар л даа. Тэнд цэргийн байгууллага гамшгийн үед яаж оролцдог, энэ цаг үед цэрэг, иргэн хоёр хэрхэн харилцдаг, иргэнийг яаж удирддаг, цэргийн бааз хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болоод зохион байгуулалтыг хэрхэн хийдэг вэ зэргийг харж, туршлага судалж, суралцсан. Америкт аюулгүй байдлын чиглэлээр олон сургалтад суусан л даа. Хамгийн анхны сургалт маань энэ байсан. 

- Мэдээж таны хувьд маш олон оронд очсон. Дээр нь хэлний мэдлэгийнхээ хүрээнд олон ч хүмүүстэй уулзаж, танилцаж, туршлага судалсан байх. Тэр бүгдээс олж харсан, үүнийг л эх орондоо хэрэгжүүлж, нутагшуулах юмсан гэж бодов ч одоо хүртэл хэрэгжүүлж чадаагүй юм олон бий юу? 

- Байгаа. Нэгдүгээрт, энэ бол төрийн байгууллага, нөгөөтэйгүүр хүмүүнлэгийн алба. Энэ чиглэлээр дэлхийн янз бүрийн улс оронд очиж сургалтад хамрагдаж байсан. Хоёрдугаарт, хурал зөвөлгөөнд үг хэлэх, илтгэх тавих, гуравдугаарт дипломат шугамаар олон хүнтэй уулзаж, танилцах боломж олдож байсан. Ялангуяа Азийн бүх л улс оронд очсон. Би очсон газар бүрээсээ нэг юм сурахсан гэж боддог. Манай албанд юуг хэрэгжүүлж болох вэ. Нэг санаа авчирна, түүнийгээ аль болох ажил хэрэг ч болгож явсан. Тэр нь эргээд манай хууль дүрэмд яаж нийцдэг байснаас шалтгаалаад цаашид хэрэгжих, үгүй нь шийдэгднэ. Гэвч би ихэнх санаагаа хэрэгжүүлж чадсан гэж боддог. Харин хэрэгжүүлж чадаагүй, зорьж байгаа зүйл маань хоёулаа дээр ярьсан, таны асуусан аврагч, гал сөнөөгч нарын даатгалын асуудал. Би үүнийг одоо болтол хэрэгжүүлж чадаагүй байна. Жишээ нь, японд нэг аврагчийн амь насны даатгал 120 мянга орчим ам.доллар байдаг юм билээ. Манай хойд хөршид гэхэд 50 мянга орчим ам.доллар. Бид даатгалыг энэ түвшинд хүргэж чадахгүй байна шүү дээ. Энэ нь улс орны эдийн засагтай холбоотой асуудал. Мэдээж хүний амь насыг мөнгөөр үнэлнэ гэж үгүй. Гэвч ард нь үлдэж байгаа хүмүүс, насанд хүрээгүй хүүхдийнх нь амьдралыг улс орон хэрхэн, яаж хангах вэ. Аавыг нь улс орон, бид орлох ёстой болно биз дээ. Тиймээс тэдгээр хүүхдүүдийг санаа зоволгүй амьдруулчих, их дээд сургуульд сургачих зардлыг нь хангадаг болчих даатгалын тогтолцоог бий болгохсон гэж боддог юм. Даанч энэ нь зөвхөн надаас бус улс орны эдийн засаг, улстөрчдийн шийдвэр, тэдгээр хүмүүсийн ойлгоцлыг гүнзгийрүүлэхтэй холбоотой асуудал юм билээ. 

- Та хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалж ажилладаг хүн. Нэг сонирхолтой асуулт санаанд буулаа. Улс орон, иргэн хүн хоёр танд энэ тэнцүү санагддаг уу? 

- Үүн дээр нэг юм хэлэе. Би маш олон эх оронгүй хүнийг харсан. Бичиг баримтгүй, улс орон дамжаад хилээс хил дээр хөөгдөөд явдаг үй олон хүн байна. Гучин сая Курдүүд Турк, Иран, Сирийн газар нутгаар эх оронгүй тэнүүчилж амьдарч байгаа. Байнга л хүний эрхийн асуудал, зөрчил, маргаан үүсдэг. Гэтэл гучин сая бус 3.5 сая хүн 1,564,116 km2 газар нутаг дээр амьдарч, хүн амын нягтаршлаараа хамгийн бага гэж тооцогдож явдаг мөртлөө эх орноо хайрладаггүй. Ерөөс эх орноо үнэлдэггүй, үнэ цэн мэддэггүй ийм хүмүүс олноор бий болж байгаад би үнэхээр их санаа зовж байна. Эх орноо хайрладаггүй хүн ээжийгээ хайрлахгүй. Ээжийгээ хайрлахгүй хүн эхнэрээ хайрлахгүй. Эхнэрээ хайрлахгүй бол охидуудаа хайрлахгүй. Ийм залуучууд олноор гарч ирж байгаад үнэхээр санаа зовдог. Эх орон гэдэг ойлголт, үндсэрхэг үзэл хоёр тусдаа асуудал. Тиймээс энэ асуудлыг нэлээн өргөн хүрээнд ярьж ойлгуулахгүй бол цаашид их хэцүү байх болов уу. Яахав, би дэлхий хавтгай болж байгааг ойлгож байна. Гадаад хэл сурна, хөгжинө, боловсорно. Тэгэх хэрэгтэй. Гадаадад монгол хүүхдүүд ч төрж байгаа. Гэвч монгол хэлээ мэдэхгүй, ярихыг хүсдэггүй, эх орныхоо үнэ цэнийг мэдэхгүй хүүхдүүд олон болж буй нь гунигтай. Надад ч байна. Эднийгээ хэрхэн сургаж, хүмүүжүүлж, эх орныхоо үнэ цэнийг мэдрүүлэх, үндэсний соёл боловсролыг суулгах вэ гэдэг чухал асуудал болоод байна. Энэ бол нэг хүний бус улс үндэстний асуудал шүү. Ярьдаг хүн ч их цөөхөн болсон байна. Асуултаасаа жаахан зөрөөд эх орны тухай ойлголт ярьчихлаа, уучлаарай. Ард түмэн нь эх орныг бүтээдэг гэдэг. Тэр мэдээж ойлгомжтой. Гэвч гадаадад эх орноо хүн өөр нүдээр харж эхэлдэг. Эх орноо тухайн хүн санаж, бодож, бэтгэрч эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бол эх орон бүхнээс дээгүүр оршино. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав