Энэ хатагтай бол миний олон жил уулзахыг хүсэж байсан, үргэлж эрж хайж явсан зочин юм. Маш их инээж, маш их санал нийлж, маш ихээр хайрлаж хөөрөлдсөн энэхүү ярилцлагаа өнөөдөр уншигчидтайгаа хуваалцаж байна. 

- Хамгийн сүүлд таны хийсэн нэг шуугиантай мэдэгдэл байдаг. “60 нас… Хараал идсэн хайр дурлал, новшийн эрчүүд баяртай” гэж та хэлсэн. Монголын ахуй соёлд ийм нээлттэй зан чанар, хурц илэрхийллүүд их ховор. Хар ярианы хэлээр бол энэ ёстой “ангайлгасан” үг байсан. Ингэхэд амьдралын нэг үеийг, нэг хуудсыг  шууд л шийдээд хаачихаж ер нь болдог юм уу?  

- /инээв/ Би тэгж хэлсэн гэж үү? 60 насыг би хариуцлагатай хүлээж авсан. Олон жил хөдөлмөрлөлөө. Тэгээд  тэтгэвэртээ гарлаа. Ач зээгээ харах насан дээр янз бүрийн бусад зүйлд зориулах цаг завгүй болсон. Хүүхдүүдээ хөл дээр нь босгохын төлөө л би явах ёстой гэж шийдсэн. 15 жилийн өмнө миний бага охин хүүхэд төрүүлж, эх хүн болсон. Тэр үеэс эхлээд л би бүх юмыг хаяад эмээгийн ажлыг хийж эхэлсэн л дээ. Одоо том зээ маань 15 настай, дараагийнх нь 13 настай, тэгээд бас хоёр жижиг байгаа. 

- Таныг эмээгийн ажлыг тэгж утгаар нь хийнэ гэхээр санаанд ер буухгүй юм?

- Хүн болгон тэгдэг юм. Чи юун эмээгийн ажил хийх вэ ч гэх шиг. Би маш хариуцлагатай эмээ. Тэгэхээр хүнийг гаднаас нь дүгнэж болохгүй байгаа биз.  /инээв/ 

- Ер нь Соёлмаа гэдэг хүний бүтэн ертөнцийг зөвхөн биеэ авч явах байдал, зан характер хоёроор тодорхойлох боломжгүй байх л даа. Та  өөрийн ертөнц рүүгээ тийм олон сэтгүүлчийг ч оруулж байгаагүй болов уу?

- Олны танил байх ер нь аягүй дэмий зүйл байдаг. Хүмүүс гаднаас нь л гоё гэж ойлгоод байдаг боловч тийм биш. Маш дарамттай, төвөгтэй стресстэй. Ялангуяа олон хүнтэй хамтарч ажилладаг тэр загварын ертөнцөд би ороод л ийм уур уцаартай болсон. Цэл залуу, үзэсгэлэнтэй, сайхан бие хаатай царайлаг олон охидууд үгэнд орохгүй, цагаасаа дандаа хоцорно. Хариуцлагагүй, заавал хашгируулж байж нэг юм хөдөлнө. Ер нь ээж аав, найз нөхөд boyfriend, эргүүлдэг харчууд нь  эрхлүүлчисхэн, тэгэхээр тэр охин биеэ тоох маягтай болоод явчихдаг. Би тэгээд  ганцаараа хашгирч гуугалсаар байгаад толгойн өвчтэй болсоон. Миний хувьд эзэмшсэн мэргэжлээрээ гадаад дотоодод зөндөө сайхан зүйлсийг хийж явлаа. Ажиллаж байх үедээ мэдээж хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчидтэй харьцалгүй яахав. Мэргэжлийн салбар,  хувцас загвар бол хорвоогийн бүх хүний нүд чихийг татаж байдаг мөнөөх гайхалтай fashion ертөнц. Тэгэхээр ажил мэргэжил маань намайг хэвлэл мэдээллээс хол байлгах боломжгүй. Гэхдээ би тааралдсан, надаас яриа авахыг хүссэн сонин хэвлэл болгонд яриа өгч, медиа ертөнцтэй хэт нялуун харилцаатай байгаагүй.

- Үнэхээр тийм шүү. 

- Гэхдээ би Б.Ганчимэг сэтгүүлчтэй уулзахыг бол хүсч байсан шүү. /инээв/ Чиний нийтлэл, ярилцлагуудыг их уншдаг байлаа. Одоо ч уншдаг. Өнөөдөр уулзаж байгаадаа баяртай байна. 

- Баярлалаа. Би бас таны араас хөөцөлдөөд л явсан. Арай гэж л оллоо. Би 30 жилийн тэртээ бичиж байсан үеэсээ их өөрчлөгдсөн. Ер нь хүн өөрчлөгдөхгүй бол тэнэг биз дээ. Үнэхээр нас насанд уншсан ном, үзсэн киногоо өөр өөрөөр хардаг юм шиг. Монголчууд нас нэмэх тоогоор ухаан тэлдэг гэж ярьдаг. Үнэндээ туршлага л нэмэгдэж байдаг юм билээ. Нэг их хуудас хуудсаар ухаан нэмээд байдаггүй юм байна даа гэж анзаарсан? 

- Ухаан сууна, ухаан суух насан дээрээ ирлээ...ухаан суумаар юм даа...гэж монголчууд ярьдаг. Ахуй соёлд нь нэвт явж байдаг энэ үзэл оргүй хоосон ойлголт биш.  Яг тэр ухаан гэдэг юм 20 насанд ч,  30 насанд ч, дараа нь 40 насанд гээд тун тунгаар сууж явдаг эд гэж би боддог байсан чинь бас 60-70 хүрчихээд ухаан суугаагүй маанаг тэнэгээрээ үлдсэн миний үеийнхэн байж л байна, цаана чинь. /инээв/

- Та битгий инээд хүргээд бай л даа. Би энэ янзаараа инээсээр байгаад ажлаа үрэх гээд байна?

- Би хөгшрөөд аягүй сайхан ааштай болоод эхэлсэн шүү. /инээв/  

- Би 40 насыг ерөөсөө ойлгоогүй, шуугиад өнгөрсөн. Харин одоо яг 50 насан дээр ирэхэд надад нэг тийм шилжилт  мэдрэгдэж байна. Их сонин шилжилт. Та минийх шиг мэдрэмжүүдийг авч байсан байх?

- Одоо ингээд 59 настай байж байгаад л нэг харахад 60 гарчихсан байна. За, тэгээд л ерөнхийдөө амьдрал дуусч эхэллээ гэж ойлгох хэрэгтэй. Ингээд л болоо. Үхэл биднийг үргэлж ширтэж байгаа. Хүн хөгшрөхдөө  хаана амьдрах , хэнтэй амьдрах, ямар мөнгөөр амьдрахаа маш эртнээс төлөвлөсөн байх ёстой. 

- Бид Н.Соёлмаа хатагтайг гаднаас нь л харж байсан. Таныг их задгай, амьдралд хариуцлагагүй ч гэдэг юм уу, хэтэрхий эрх чөлөөтэй, хууль дүрэм, ер нь юунд ч захирагддаггүй хүн байх гээд л төсөөлдөг байлаа. Гэтэл та төсөөллөөс минь тэс өөр хүн юм. “За, миний хөдөлмөрлөх хууль ёсны хугацаа энэ хүрээд дууслаа. Би шударгаар ажиллаж амьдарлаа. Одоо өөрийнхөө амьдралд шинэ шийдвэр гаргаж байна. Миний амьдралд байсан тийм тийм зүйлс баяртай” гээд шууд л хэлчихэж байна. Таны амьдралд хандах хандлага, бүх юм их тодорхой харагдсан л даа. Тэгэхэд л нөгөө талаас нь хөөх, ийм хариуцлагатай хүн байсан юм уу гэж анх харсан. Үнэндээ юу нь ч тодорхой биш, 50 гарчихаад,  хамт өтлөх эсэх нь ч мэдэгдэхгүй, нөхөр мөн биш нь ч тодорхойгүй нэг эр дагаад л ...бүх зүйл дээр байр сууриа олоогүй, өөрөө ч төлөвшөөгүй яваа эмэгтэйчүүд их таардаг?

- Тийм ээ, би хариуцлагатай, үнэнч шударга зантай хүн. Яахав, гадна талдаа бусдаас арай содон царайтай, бүдүүн хоолойтой, хатуу үгнүүдийг шууд хэлчихдэг. Тэгэхээр хүмүүс аягүй цочдог. “Пөөх паах, та чинь яасан соёлгүй, бүдүүлэг хүн бэ” энэ тэр гээд л... Гэхдээ миний энэ зан чанар цаад хүнийхээ мөнгө, цаг хугацааг хэмнэж өгдөг юм шүү дээ. Тэрийг хүмүүс огт ойлгодоггүй. Шууд хэлчихээр тэр хүн худлаа үнэн цаг, мөнгөө үрж явдаг тэнэг байдлаа эртхэн зогсооно . Ер нь манай Монголчууд  ерөөсөө сайн байж болдоггүй улсууд шүү дээ. Ах дүү ч бай, найз нөхөд, үр хүүхдүүд ч бай.  Өрөвдөөд байвал өр лүү чинь өшиглөөд л байна. Туслаад байвал чамаас хулгайлаад л байна. Наашаа гэхээр цаашаа гэдэг аягүй сонин улсууд. Хүний ёсоор хүн шиг байя гэхээр ерөөсөө болохгүй. Заавал урваач шарваач. Өөрийнх нь төлөө бүхнээ харамгүй зориулсан хүний сэтгэл рүү ус цацдаг хүмүүс. Тэгэхээр нэг их сүйд болоод, намайг ингээд бодчих болов уу, яах бол гэж болгоомжлох шаардлага байхгүй. Үхсэн, юу гэж бодно уу, надад түй ч  хамаа алга. 

- Таныг хуучнаар ЗХУ-д боловсрол эзэмшсэн гэдгийг мэднэ. Бүх хэв шинжээс тань орос школ нэвт үнэртэх юм?

-  Би Орост төгссөн. 1985 онд Зөвлөлт Холбоот Улс гэж байхад төгссөн л дөө. Таван жил Москвад, нэг жил Эрхүүд бэлтгэлд сурсан учраас оросоор ярина. Тэгээд хараалын маттаар хамаагүй ярина. Энэ бол миний яг залуу үеийн хорин хэдэн насанд суучихсан орос зан. Би энийгээ нэг их засах гээд хичээгээд байдаггүй. Тэгэхээр би хараал, ерөөл ярина. Таалагдвал тэр биз, таалагдахгүй бол битгий унш, тэгээд бол оо. Заавал унших гээд, дараа нь “Соёлмаа чи одоо ичиж зовооч, тийм юм яриад байхдаа яадаг юм” гээд дургүй хүргээд байх албагүй.

- Та бол манай ном соёл, боловсролын ертөнцөд алдартай, монголын анхны “Англи монгол толь бичиг”-ийг зохиосон Нямсүрэн орчуулагчийн охин юм билээ. Хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Нямсүрэн гуай бол үнэхээр хийх зүйлээ хийсэн хүн л дээ. Таныг Москвад сурахад аав тань мэргэжил санал болгож байсан уу? 

- Намайг 16 настай байхад аав маань нас барсан. Ардын жүжигчин, төрийн шагналт Б.Норовсамбуу гээд уран нугараач шавьдаа “Миний охинд англи хэл зааж өгөөрэй” гэж захиад явуулахад нь би хоёр гурван удаа гэрт нь очоод худлаа үнэн, юм сураад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг явж байгаад хаячихсан гээд бод доо. Би одоо тэрэндээ маш их харамсдаг. Миний аав эрдэм мэдлэгтэй, хэлтэй устай, сайхан хүн байсан. Би аавынхаа үргэлжлэл нь гэж итгэж явдаг. Энэ итгэл үнэмшил минь намайг шулуун шударга зантай, өгөөмөр сэтгэлтэй, сайн охин, сайн ээж, сайн эмээ болгосон юм. Ээж маань одоо энх тунх, өндөр насыг насалж байна. Би дөрвөн эрэгтэй дүүтэй, тэднийгээ бүгдийг нь хүний дайтай амьдралд хүрэхэд нь дэм болсон гэж боддог.

- Таны сурч байсан үед Москва хамгийн романтик үедээ байв уу?

- Мөн ч сайхан үе байлаа. 1980 онд яваад 1985 онд төгсөж ирлээ шүү дээ. Тэгэхэд тэнд ч, энд ч яг социализмын үе. Ямар сайхан өнгөрөв, миний оюутан нас. Би бүр өөртөө “Овоо шүү дээ, Соёлмаа чи хүүхэд насаа ямар гайхамшигтай жаргалтай өнгөрөөв. Элдэв хараал идсэн атаа жөтөө, хөл толгойгүй хэрүүл хараал, новшийн юм байхгүй үед сургууль соёлоо төгсөөд , ид залуу сайхан насандаа хийж бүтээж чадлаа” гэж хэлдэг. 

- Төгсч ирээд хаана ажиллав?

- Москвагаас төгсөөд ирэнгүүт намайг Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрт зураач дизайнераар томилж явуулсан. Тухайн үеийн Хөнгөн хүнсний яамны томилолтоор явж байгаа юм. Дарханд хоёр жил ажилласан. Оросууд дүүрэн, ёстой гоё хот. Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрийнхэн надад их сайн. Би дөнгөж төгсөөд ирчихсэн, бас янз бүрийн гоё юм хийх хүсэлтэй, залуу халуун явлаа. Тэгээд бас сонин юмнууд хийсэн. Болгарт болсон олон улсын тэмцээнд явуулсан миний загварууд овоо үнэлэгдсэн юм шиг байна лээ. Тэр чинь 1986 он юм уу даа. Тэрний дараа л үйлдвэрийн дарга нар нь намайг гайгүй үнэлэх шиг болсон. Би ч “Хот руугаа буцлаа, энд байж чадахгүй юм байна” гээд хүсэлт тавьсан. “Чи яачихав аа, юу болов?  Чамд гурван өрөө байр өгье” гээд л... “Танай хот аягүй их нохойтой юм байна, өглөө эрт ажил руугаа ирэхдээ айгаад байна” гэсээр байгаад буцсан. Улаанбаатарт ирээд би Оёдлын үйлдвэрийн нэгдэлд загвар зохион бүтээх товчоонд дизайнераар олон жил ажилласан. Дараа нь тэр сайхан үйлдвэрүүдийг хувьчилж байна гэж будаа болгож хаясан. Үнэхээр харамсмаар юм болж байсан. Одоо тэгээд үр дүн где,  нэг утас зардаг газар л болгоо биз дээ. Тэгээд дараа нь би “Гоёо” үйлдвэрт ажилласан. 

- Одоо Орост төгссөн хүмүүст жаахан тиймхэн ханддаг болсон ч юм шиг санагддаг. Гайхмаар шүү...

- Би хэт туйлширсан хандлагыг үзэн яддаг. Манай монголчууд их сонин. Оросуудад дургүй, хятадуудыг үзэхгүй. Тэгээд одоо яах гээд байгаа юм. Ядаргаатай юм. Одоо хөөрхий монголчууд маань Солонгост л амьдарч байгаа биз дээ. Тэгвэл тэгээд ядаж Солонгостойгоо л аятайхан байгаач дээ. Амьдарч байгаа газраа аятайхан хууль дүрмээр нь ч амьдарч чадахгүй. Шившгээ дэлгээд л... Англи, Америкт өгөөд байдаг алт, мөнгөө Солонгост өгөөч дээ. Тэгээд тэр визний асуудлаа аятайхан зохицуулчихаач дээ. 

- Таны үед анх загварын тайзнаа гарч ирсэн хүмүүсийг  алтан үеийнхэн гэдэг болжээ?

- Тэглээ. Загварын энэ ертөнц чинь бас монголд их үүрэг гүйцэтгэсэн шүү. Манай охидыг муугаар хэлээд, гоочлоод байхад би их дургүй байдаг юм. Эд нар чинь бас л сайн сайхан амьдрах, сайхан хувцас гэж ямар юм байдаг, тэрийг яаж олон түмэнд хүргэх, энэ ажлынхаа төлөө яаж биеэ авч явах ёстой байдаг, дизайнерын бүтээлийг яаж үзүүлэх ёстой гэх мэтээр гоё шинэлэг уур амьсгалыг нийгмийн амьдралд оруулж ирж чадсан юм шүү. Би тэднийг муу хэлдэг хүмүүст дургүй. Хаана ч өмөөрнө. Наанаа би загнадаг ч гэсэн цаанаа сайн сайхан амьдраасай гэж ерөөж явдаг. Гэтэл танай хэвлэлийнхэн зөвхөн гоочилдог.

- Таны хийсэн олон уран бүтээл байдаг?

- Би ерөнхийдөө өөрийн сурсан мэргэжлийн чиг хандлагаа л баримталдаг байсан.  Монгол улсдаа хийх ёстой зүйлээ бол хийчихсэн гэж ойлгож байгаа шүү. Би өөрийн хийсэн бүтээсэн зүйлээ нэг их ярьж байсангүй. Тийм болохоор хүмүүс ерөөсөө мэдэхгүй байгаад байдаг. Энэ нь хэдийгээр нэг их гунигламаар зүйл биш ч гэлээ, зарим талаар харамсалтай. Би гол нь юу хийсэн бэ гэхээр, монгол хувцсыг буцааж авчирсан гэж хэлж болно. Өвөг дээдсийнхээ үлдээсэн өв соёлыг шинэ үеийнхэнд уламжлуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан гэж үздэг.

- Оросын нөлөөнд орос хувцас л өмсдөг болчихсон байсан шүү дээ?

- Үнэндээ тийм. Одоо энэ бортгон малгай байна шүү дээ. Тэрийг ерөөсөө мэддэггүй байхад би анх “Монголын гайхамшигт хатад” гэдэг коллекц дээрээ хийгээд л энэ малгайг бүгдээрээ өмсдөг болсон байх жишээтэй. Дараа нь “Өвөг дээдсээ санан дурсахуй” гэдэг бас нэг коллекц гаргасан юм. Тэр бол яг цэвэр олон ястан үндэстний хувцас. Нүсэр ажил. Бид үнэ цэнэтэй, маш тансаг хэрэглээтэй ард түмэн явсан атлаа завсрын  70-80 жил ор тас алга болсон байсан.

- Тэр үед чинь бужигнаад юун өв соёл, өвөг дээдэстэй манатай л байсан шүү дээ. Харин анхаарал барууны ертөнц рүү эргэж байх тийм үед та сөрсөн?

- Тийм. Тэр коллекцоо гаргаж тавьсаны дараа хүмүүс чинь буриад нь буриад дээлээ, үзэмчин нь малгайгаа өмсөөд эхэлсэн. Тэгээд овоо нэг юм бид чинь ийм ястан юм байна, ийм юм өмсөх ёстой юм байна гэдгээ зах зухаас нь мэддэг болсон байх. Хэн нэг нь хийх л ёстой. Үүнийг үүргээ гэж үздэг цөөнх энэ нийгэмд чинь бас үеийн үед байсаар байдаг. Ялангуяа зураач, уран дархан, хувцас ахуйн эд хэрэгсэл хийдэг уран хүмүүс олон бий. 

- Бүх юм шинэ, нийгэм эргэчихсэн байсан. Шууд л гоё, шинэ, барууны имижтэй загварууд гаргаж ирж, шоу үзүүлж болно. Гэтэл та мэргэжлийнхээ тавцанд бүр эсрэгээр нь үндэсний өв соёлоо гаргаж ирж байжээ. Үзэгчид хэр их ирж байв? 

- Ирнэ. Гадны хүмүүс их сонирхоно. Гадагшаа явж их үзүүлж байлаа. Гучаад жилийн өмнө юм уу даа. Ц.Нямдорж Хууль зүйн сайд байхдаа намайг дуудсан юм. “Цагдаагийн, хилийн цэргийн дүрэмт хувцасны загварыг солих цаг нь иржээ. Чи үүнийг хийнэ ээ”  гээд ажлын хэсэг байгуулсан. Монгол улсын мөнгөөр гадаадад сурсныхаа хариуг би тэр үед төлсөн гэж ойлгож байгаа. Би одоо монголын төрд өргүй. Тэр үед хилийн цэрэг шинель өмсдөг байсныг десант эрээнээр сольж байв. Хамгийн гол нь материал нь зөв сонголттой байх ёстой. Хятадаас будагтай чанаргүй баахан даавуу орж ирээд, би чинь тэрнээс болж бөөн хэрүүл уруул болж байсан. Цагдаа бол хүүхдийн форм шиг юм өмсдөг байлаа. Доогуураа манжеткатай, арван жилийн хүүхэд ч тоож өмсөхөөргүй цэнхэр юм өмсдөг байсан цаг шүү дээ. Зоригтой л өөрчилсөн.


- Ц.Нямдорж сайд та хоёр тухайн үед ааш зангаараа зартай улсууд байсан. Та хоёр уулзаад ажил хэрэг яриад, хамтран ажилласан гэхээр үнэхээр сонирхолтой санагдаж байна?

- Яг тулаад харилцахад тийм хүн биш шүү дээ. Аягүй сайхан ойлголцож хамтран ажиллаад тэр төслийн ард амжилттай гарсан. Надтай анх “За, монголын эмэгтэйчүүдийн атаманаар юу байна, юу уух уу?” гэж инээгээд л уулзаж байсан. “Цаад байгууллагууд чинь мөнгө төгрөгөө өгөхгүй байж магадгүй, тэгэх юм бол надад хэлээрэй” гэж байсан гээд бод доо. Тэр бол яг сайдын хэлснээр болсон л доо. Мөнгө төгрөг дээрээ унжсан, удсан. За, тэр яах вэ, тэгээд санжганасаар байгаад нэг юм авмар болсон. Тэрнээс хойш бол хүчний байгууллагынхны дүрэмт хувцас өөрчлөгдөөгүй. Хамаагүй солигдож болохгүй л дээ. Цагдаа хүн өөрийн хувцсаа өмсөөд явж байхдаа өөртөө итгэлтэй байх ёстой. Дүрэмт хувцас өөрийн философитой. Ялангуяа бүхэл бүтэн улсын цагдаа, хилийн цэрэг, гааль, нисэх хүчин маш сайн бодож хийсэн дүрэмт хувцастай байх ёстой. Энэ бол тусдаа ойлголт. 

- Манай хүндэт харуулын дүрэмт хувцас, үндэсний авиа компанийн хувцас танд ямар санагддаг вэ ?

- Хүндэт харуулын хувцсыг тод улаан, цэнхэр гээд төрийн далбааны үндсэн хоёр өнгийг оруулж хийсэн юм шиг байгаа юм. Улаан, цэнхэр хоёр аягүй хүчтэй өнгө байхгүй юу. Энэ утгаараа төрийн далбаан дээр бол болж байна. Хавтгай дээр улаан, хөх хоёр том өнгө явж байгаа юм. Тийм хоёр том өнгө хувцсан дээр зэрэг ороод ирэхээр хоорондоо агуулгаа булаацалдана. Тийм учраас хувцас нь жаахан эвгүй харагдаад байгаа юм. Тэрний оронд хөхийг нь оруулга болгоод, 70:30 харьцаатай хийсэн бол аятайхан хувцас болох байлаа. 

- Хүндэт харуулын хувцас яагаад ч юм нэг л буудаггүй юм? 

- Тэр төмөр шлем нь хувцсандаа хүнддээд байгаа юм. Доод талын хувцас нь  жул. Тэгсэн хэрнээ малгай нь болохоор аягүй гоё. Хүндэт харуулын хувцсыг солих талаар надад хүсэлт ирж байсан л даа. Гэхдээ тэр чинь Батлан хамгаалах яамны харьяа юм байна билээ. Тиймээс тэд нар л өөрсдөө шийднэ. Хэрвээ үүнийг шинэчилмээр байна, санаа оноо юу байна, хамтарч ажиллая гэвэл болно.

- МИАТ-ын онгоцны үйлчлэгчдийн хувцас мэргэжлийн хүний нүдээр ямар харагддаг бол ?

- Би хэдэн сарын өмнө МИАТ-ын онгоцоор гадагшаа яваад ирсэн л дээ. Үйлчлэгчдийн хувцсыг ажиглаж явлаа. Үлбийсэн, байнга угаасаар байгаад өнгөө алдчихсан юм шиг өнгөтэй, муу даавуугаар хийгдсэн, сүр сүлдгүй  харагдсан. Надад ерөөсөө таалагдаагүй. Анхны хар хөх нь бараг хамаагүй дээр байсан. Би МИАТ-ын хувцсыг олон жилийн өмнө хийж байсан. Гэхдээ нэг юм хэлэхэд, олон хүн өмсдөг, аливаа том байгууллагын нүүр царай болдог хувцасны загварыг гаргахад маш төвөгтэй. Аягүй олон дарга нар, хүмүүс үүнд оролцдог. Тэр бүх хүнд таалагдсан ганц загвар гаргана гэж байхгүй. Нэг дарга нь болж байна гэхэд, нөгөө дарга нь болохгүй, энэ нь ч ийм тийм байна гэж маргалдсаар байгаад хамгийн сүүлд хамгийн муу хувилбар дээр нь очоод анхны хувилбараасаа дордуулж дуусах нь элбэг. Би үүнийг олон газар харж байсан. Тэрнээс хойш ийм төсөл дээр ажиллах дургүй болсон. Хүчний байгууллагынхан бол өөр юм билээ. 

- Та Америкт хэсэг хугацаанд амьдарсан. Танд амьдарч болмоор байна уу. Яагаад хүрээд ирэв?

- Үгүй шүү. Америкт амьдарна гэж түүхэнд байхгүй. Тэнд над шиг хүн бол удаан амьдарч чадахгүй. Би ер нь аягүй залхуу хүн байхгүй юу. Олдсон боломж болгоныг шүүрч аваад л, амьсгаадаад гүйгээд байдаггүй. Болвол болно биз, болохгүй бол тэр л биз. Тэгээд л хаядаг. Над шиг ийм хүн бол тэр Америкт амьдарна гэж байхгүй. Тэнд чинь хар өглөө босоод харанхуй шөнө хүртэл ажиллаж чаддаг хүмүүс л амьдарна. Энүүхэндээ гэж хэлэхэд Америкийн амьдрал надад таалагдаагүй. 

- Та төрийн системд удаан яваагүй. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе задрангуут манайд ямар том бужигнаан боллоо доо. Тэр үеийн талаар танд явдаг дурсамж?

- Хамгийн гол нь сайхан үйлдвэрүүд бүгд хувьчлагдсан. Бүгдийг нь үрэн таран хийчихээр бид нарт ч үймэрч суух цаг зав байгаагүй. Бүгд хувьд гарахаас өөр аргагүй болж байгаа юм. Тэгээд л ажиллацгаасан даа. Би одоо “Ханбогд” ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрийн зөвлөх дизайнер хийж байгаа. Тэгээд хааяа үйлдвэр дээр очихоор машинууд нь тачигнаад л, ажилчид нь ярайтал суучихсан, гоё бүтээлүүд гараад байж байгааг хараад, тэр уур амьсгалд орохоор миний сэтгэл аймаар хөдөлдөг. Үнэхээр сайхан болдог. 400 гаруй ажилчинтай, сайхан үйлдвэр. “Ханбогд” бол “Байгаль орчныг бохирдуулахгүй” гэсэн уриатай эко үйлдвэр. Өнгөрсөн оны 11 сард Америкийн Чикаго хотод болсон монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэнд маш амжилттай оролцоод ирсэн.

- Манайд амьдралын түвшний ялгаа ил тод гараад ирлээ. Дээд зиндааныхан үүссэн. Хэвлэл мэдээллийнхэн араас нь ангуучилдаг,  гадаад дотоод яваад сурчихсан, баян тансаг брэндийн хэрэглээтэй бүхэл бүтэн эгнээ үүсчихсэн. Тэд үнэхээр дээд зэрэглэлийн брэнд эдэлж байхад, хятадад үйлдвэрлэсэн дуураймал цүнхнүүдийг манайхан массаараа барьдаг. Соёлын энэ ялгаа манай нийгмийн бас л нэг гунигтай дүр төрх юм даа.

- Хүмүүс тэр болгон ойлгодоггүй байж магадгүй. Би мэргэжлийн хүний үүднээс тайлбарлая л даа. Брэнд хувцас болон бүтээгдэхүүн гэдэг чинь жишээлбэл нэг залуухан охин байгаад, 50 мянган төгрөгийн цүнх барьдаг байлаа гэж бодъё. Тэр өөрөө хичээгээд, өөрийн дуртай брэндийн цүнхийг авах юмсан гэж мөрөөдөж болно. Тэр мөрөөдлийнхөө цүнхийг авах мөнгөө цуглуулна. Тэр мөнгөө цуглуулаад, 50 мянгын цүнх үүрдэг байсан охин 150 долларын цүнх авлаа гэж бодъё. Тэгээд тэр цүнхийг бариад явж байхдаа тэр охины өөртөө итгэх итгэл нь асар их нэмэгддэг байхгүй юу. “Би өөрийн мөнгөө цуглуулж байгаад авсан мөрөөдлийн цүнхээ бариад явж байна. Тэгэхээр би чадах юм байна” гэх итгэл төрнө. Тэрийгээ хайрлана, энэ тэндгүй хаяад байхгүй, хаана барихаа мэддэг болно. Тэр брэндийн цүнхийг удаан барина, олон жил нүүрийг нь тахална. Хожим арван жилийн дараа тэр цүнх охинд нь маш сайхан дурсамж үлдээнэ. Эд болно. Брэнд гэдэг уг нь ийм хүчтэй эд байхгүй юу. Яахав дуураймал байгаа л даа. Манайхан чинь маш хурдан баяжих, хурдан гоё хувцас өмсөх, хурдан гоё машин унах хүсэлтэй хүмүүс. Ямар ч тэвчээр байхгүй. Зам туулах ёстой байхгүй юу. Тэр замыг туулахгүйгээр хурдан явбал, бушуу туулай борвиндоо баастай гэгчээр баастай туулай л  болно. Яагаад гэвэл туулах ёстой зүйлээ туулаагүй. Түүнийг авах гэж бүх зүрх сэтгэлээ зориулах, төсөөлөх ёстой. Төсөөлөл гэдэг яг биелдэг эд л дээ. Өөрийн цуглуулсан мөнгөөрөө түүнийгээ авна гэдэг бол аягүй том баяр баясгалан, тэр хүндээ аз жаргал болчихож байгаа юм. Тэгэхээр аз жаргалтай амьдрал гэж байхгүй, аз жаргалтай өдрүүд л гэж байдаг юм аа гэдэг үг бий. Брэндийн агуулга ерөнхийдөө бол энэ. Жишээлбэл,  “Ханбогд”-ын 5000 долларын үнэтэй ноолууран пальтог өмсчихсөн явж байгаа жаран хэдтэй авгай бол хаана ч очсон түүнд welcome madam. Дэлхийн хаана ч. Энэ хүн залуу насаа зөв өнгөрөөсөн юм байна. Хөгшин насандаа мөнгөтэй байна. Энэ хүн зөв  явжээ гэдэг баталгаа нь тэр. Дуураймал зүйлийг нь авснаас илүү зорьж, цуглуулж авсан зүйл нь асар амттай бөгөөд, хамгийн гол нь чиний амьдралыг зөв зална. Мөнгөө цуглуулаад авахад болдог юм байна, тэгээд л цаашилна. Хамгийн наад зах нь фудболк ав л даа. 100 долларын фудболк мөрөөд л дөө, тийм биз дээ. Оригинал биш хуурамчийг өмсөөд хуурамч гэдгийг мэдэж байгаа учраас тэр хүнд өөрт нь ерөөсөө гоё биш. Нэг өдөр өмсөөд л, завааруулаад хаяна. Яг үнэтэй авсан юмаа хүн хайрладаг байхгүй юу. Брэнд өөрөө ингэж эзнээ төлөвшүүлдэг.  

- Та хувцсаа өөрөө хийж өмсдөг байсан уу?

- Үгүй дээ, бурхан минь, би арван жилд бага байхдаа л өмд, янз бүрийн юмаа оёод өмсчихдөг байсан. Одоо бол юу ч хийж өмсдөггүй. 

- Та жийнс их өмсдөг байсан санагдана.  Жийнснээс уйдаагүй юу?

- Одоо биеийн тамирын хувцас шүү дээ. Зөвхөн биед эвтэйхэн гэх утга л үйлчилдэг болсон. Энд тэнд очоод нухаад, бариад байхгүй, чөлөөтэй  биеийн тамирын хувцас. Спорт стилийг сонгосон. /инээв/

- Хоёулаа сэдвээ өөрчилье. Та одоогийн амьдралдаа ямар нэг зүйл хүлээдэг үү ?

- Миний дургүй юм бол хүлээх. Юу ч битгий хүлээ. Хүлээгээд л байвал энергиэ алдаад л байна. Энергиэ алдаад л байвал эрүүл мэнд, сэтгэл, зүс царайгаа алдаад л байдаг. Амьдрал тэгээд л муудна. Хүлээнэ гэдэг аймаар муухай, хүнээс маш их энерги зарцуулдаг зүйл шүү. Ёстой бурхан минь, хэнийг ч, юуг ч битгий хүлээ. 

- Би гэр бүлийн амьдралын талаар айхтар хатуу бодолтой хүн биш л дээ. Гэхдээ манайд бараг мода болчихоод байгаа нэг явдал сонирхол татдаг юм. Манай хөрөнгөлөг эрчүүдийн нэг хэсэг нь хоёр амьдралтай байдаг. Залуу гоё охидууд яагаад ч юм хүний хоёр дахь эхнэр маягийн хэлбэрээр амьдардаг. Зарим нь бүр хүчээр гэмээр, зөвшилцөлгүйгээр хүүхэд төрүүлээд, түүгээрээ шантаажилж амьдардаг. Ийм нэг хэв маяг Улаанбаатарын далд амьдрал болчихлоо. Охид л харамсалтай харагддаг?

- Энэ залуу охидуудын хувьд бол маш аюултай үзэгдэл. Ирээдүйгээ, залуу  насаа зарж байна гэсэн үг. Гэхдээ нөгөө талаас яах ч арга байхгүй учраас ийм амьдрал сонгоцгоож байгаа. Тэр залуу охидод ямар ч шанс байхгүй байна л даа. Манай өнөөдрийн нийгэм ядуу байна, ажил олдохгүй, цалин нь маш бага байна. Ийм нөхцөлд залуу насаа зарахаас өөр арга байхгүй зам руу л алхаж байгаа байх. Тийм байдалд хүргэж байгаа учир тэднийг шууд буруутгаж болохгүй л дээ. Яахав тэр баян хүн бол мэдээж эр хүн юм чинь сайхан залуу хүүхэнтэй хамт байя, жаргая гэж бодно. Тэр охин ч бас байртай, машинтай болчихлоо, хүүхдийг нь гаргачихлаа. Тийм учраас тэр охиныг бол насаар нь ивээн тэтгэхээс өөр аргагүй руу нөгөө эр нь орчихож байгаа юм. Харин өөрийнх нь хөгшин авгай бол хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Яагаад гэвэл хүүхдүүд нь томроод тусдаа гараад явчихсан. Хүүхдүүд нь шууд баян аавынхаа талд л орно. Харин хэдэн насаар эгч хүний ухаан зааж, тэр эр нөхрийг бүр мөсөн явуулчихгүй торгоож амьдарвал амьдрах юм даа. Тийм л амьдрал үлдэж байгаа. Мэдээж том утгаараа маш гунигтай, үнэ цэнэгүй амьдрал. Гэхдээ авааль эхнэр хүн нэг тогтмол орлого олдог, өөрийгөө саатуулаад байх нэг цэвэрхэн бизнес заавал авч үлдэх ёстой. Тэгэхгүй гэртээ цай чанаад хоол хийгээд,  нөхөр хүүхдээ хүлээгээд суугаад байвал хэн ч биш болно. Тэд ирэхгүй. 

- Эхнэрийн хувьд танхил залуу нас, хайр дурлал, бүх юмаа зориулаад, үр хүүхдийг нь төрүүлж өсгөөд, цаг хугацааг хамт туулаад, эр нөхрийг “бүтээлцчихсэн”. Гэтэл түүнийгээ нас зүс буурахын цагт нэг шимэгч бүсгүйд булаалгана гэдэг бол аймаар явдал биз дээ?

- Залуу хүүхнийг нөгөө эр хүн ерөөсөө шимэгч гэж үзэхгүй байна. Сэтгэл санааг нь, амьдралыг нь гоё болгож байна. Аз жаргалыг мэдрүүлж байна. Тэр баян хүн мөнгийг одоо өөр юунд зарцуулах юм. Өөрийг нь жаргалтай болгож байгаа бүх юманд тэд мөнгөө хайрлахгүй өгнө. Нөгөөдүүл нь авна. Албан ёсны эзэгтэй бол тэр эр нөхрийн дунд насны цэвэршилтийн үеийг нь аятайхан зохицуулахаас өөр арга байхгүй. Ухаан зарах ёстой. Энэ гурван хүн гурвуулаа болж бүтээд, гурван талдаа энэ амьдралаа аятайхан шиг хэрүүл уруулгүй яаж өнгөрөөх вэ гэдгээ л бодно. Гэхдээ энэ гурван хүний дотор слабое звено нь  тэр залуу охин байхгүй юу. Тэрэнд тэр хөгшин хар юм жинхэнэдээ бол цаг явах тусам таалагдахгүй л байгаа шүү дээ, яаж ч бодсон. Гэхдээ тэгээд хөөрхий худлаа инээгээд, хайртай гээд л сууж байхаас өөр арга байхгүй. 

- Хамгийн өрөвдөлтэй нь тэр өсөж байгаа хүүхдүүд биш үү?

- Үгүй. Тэр нэгэнт гаргачихсан хүүхэд бол аавын өв хөрөнгөнөөс  залгамжилна. Ганцхан хохирч байгаа хүн бол тэр залуу охин. Тэгэхээр залуу охидууд маш нарийн бодолтой, муу санаатай байх ёстой. Болж өгвөл салгах юмаа салгаад, өөрийнхөө амьдралыг бодоод цаашаагаа хайртай, дуртай хүнтэйгээ суугаад явсан нь дээр. Гэхдээ муудалцаж болохгүй. Баян эрийг үхсэний дараа хүүхдүүд нь өв залгамжлагч болж хөрөнгө мөнгөнөөс хуваалцана гэдгийг мартаж болохгүй.

- Та маш олон алдартай моделиудтай ажиллаж байсан хүн. Үнэхээр тархитай, ухаантай модель гэвэл хэн хэнийг нэрлэх бол ?

- Тэд нараас нэг их ухаан шаардаад байх ч ажил биш шүү дээ. Ерөөсөө өөрийн гоо үзэсгэлэн, бие хаагаараа зөвхөн тэр хувцсыг л үзүүлэх ёстой болохоос биш нэг их ухаан зараад байх мэргэжил биш байхгүй юу. Гэхдээ дэлхийн моделиудыг хар. Дандаа баян хүнтэй л суудаг. Ядуу хүнтэй хэзээ ч суухгүй. 

- Яагаад?

- Энэ бараг хууль. Тэр загвар өмсөгч охидуудын цаашаа хэрхэн яаж явж байгаа хувийн амьдрал надад тийм сонин биш. Гэхдээ миний яг таг мэдэж байгаа зүйл бол, тэд нар зөвхөн баян хүнтэй л суудаг. Дэлхий нийтээрээ тийм. Яагаад гэвэл тэр сайхан охин жирийн ядуувтар хүнтэй суучихаар, тэр нөхөр нь охиныг өдөр шөнөгүй хардаастай, загнаастай, зодоостой, харамлаастай. Аягүй их асуудал үүсдэг байхгүй юу. Тэгээд өөрийнх нь биш ч гэлээ гоё хувцас өмсөөд сурчихсан охин чинь яг тэр зүйлээ хүснэ. Тэгээд л баян хүнтэй л сууна. Тэр нь зөв шүү дээ. Нэг их муухай юм ерөөсөө байхгүй. Энэ чинь дэлхийн загварын ертөнцийн “хууль”. 

- Юу чухал байдаг юм бэ, тэдний хувьд? Одоо бол дэлхий нийтийн чиг хандлага нь засвар ороогүй, илүү натурал төрхтэй, онигор нүдтэй моделиудыг илүү сонгож байх шиг. Та жишээ нь, юуг голчилж сонгодог байсан бэ?

- Жил болгон өөр. Жил болгон өөр дүр төрх гарч ирэх ёстой байхгүй юу. Тэрийг дэлхийн том брэндүүд л тодорхойлно. Гэнэн цайлган, хүүхдэрхүү төрхтэй эмэгтэй энэ жилийн мода гэх л юм бол дандаа тийм булбарай, гэнэн харцтай, ямар ч будаггүй, арьс нь цэвэрхэн хүүхнүүдийг бүх загварын товчоо сонгох маягтай. Дараа жил нь жишээлбэл, шуламлаг царай гарч ирлээ гэж бодоход тэрийг л дагана. Аймаар балмад будчихсан, хурц харцтай араб хүүхнүүд байдаг шүү дээ, тиймэрхүү төрх хүсвэл тэр л байна. Гэхдээ тэд энэ нүүр царайгаа яаж сонгох вэ гэхээр дандаа зах зээлээ харж сонголт явагдана. Аль тивд энэ бараа зарагдах вэ гэж тооцно. Ази тивд зарагдана гэвэл, онигор нүдтэй моделиудыг гол нүүр царайгаа болгоно гэх мэтээр л явдаг юм. 

- Та нэг удаа Э.Одгэрэлд хатуухан үг дайж, улс даяар шуугиан дэгдээж байсан санагдана. Түүнээс хойш уулзсан уу?

- Хүүш ээ. Би саяхан Грандмед эмнэлэгт хэвтсэн юм. Тэгсэн Өмнөговь аймгаас онгоцоор дамнуургатай 80 гаруй настай нэг хөгшин ирж хэвтлээ. Бариач барьж байгаад нурууг нь хугалсан гэнэ ээ. Тэр хөгшин намайг харснаа “Чи Соёлмаа мөн үү” гэлээ. “За мөөн” гэсэн чинь “Тээр жил Одгэрэл та хоёр нэг юм болоод байх шиг байсан” гэж үү. Би бүр золтой л орон дээрээсээ уначихаагүй. Энэ одоо юу вэ? Монгол хүний саруул ухаан уу? Хугархай нуруутай, босох байтугай хөдөлж ч чадахгүй байж хорь гучин жилийн өмнөх би бараг өөрөө ч мартсан байхад ёстой аймаар юм аа. Би Э.Одгэрэлтэй уулзаагүй өчнөөн жил болж байна. Тэр явдлыг бараг хэдэн мянган жил ярилаа. Одоо болтол бичээд л байдаг юм. Аягүй зэвүүн, ямар хулгайч нь бичээд байдаг юм. Надтай өстэй нэг хүн байна. Байнга л гарч ирээд бичээд байдаг юм. Аль 20 жилийн өмнөх юмыг яг өчигдөр хэлчихсэн юм шиг бичдэг. Хүн аймаар зураг тавьчихаад л цацаад байна. Ямар хэрэг байна вэ. Тэр үедээ болоод өнгөрсөн юм. Одоо бичээд байгаа тэр новшийг олоод өгөөрэй. Муу хулгайчийг цагдаад өгнө шүү, би. 

- Та насаараа дотор нь явсан болоод тэр үү, загварын ертөнцийн талаар ярих их дургүй юм. Яагаад тэр вэ?

- Би тэр ертөнцийг 15 жилийн өмнө орхисон. 

- Хүн мэргэжлээ орхино гэж байдаг гэж үү?

- Загварын ертөнц гэдэг бол маш хэцүү талбар. Чамд ямар нэгэн оёдлын цех байх ёстой, машинууд байх ёстой, эсгүүрийн бандан, хүчин чадал сайтай индүү гээд бүх юм байх ёстой. Ажлын байр байх ёстой, тэр ажлын байр заавал нарны гэрэл үздэг байх ёстой. Тэгээд, эсгүүрчин, оёдолчин, загвар зохион бүтээгчид байх ёстой. Дээрээс нь даавуу, туслах материал. Нэг хувцас хийлээ гэж бодъё. Тэрийг загвар өмсөгч дээр, тэр туранхай хүн дээр хийчихсэн юм чинь хэн ч авахгүй. Хаана зарах юм, тэр бүх мөнгийг хэн гаргаж байгаа юм. Би гаргаж байгаа. За, тэгээд шоу хийнэ гэдэг ямар өндөр зардалтай, нерв барсан ажил гэж бодно. Би энэ мэргэжлийн ачаар олон газраар явсан, хийхээ хийсэн, сайхан амьдарсан. Гадна дотны олон хүмүүс намайг хүндэлж алга ташдаг байлаа. Тайзан дээр хамгийн сүүлд гараад ёслоод зогсох мөч бол үнэхээр сайхан. Гэхдээ, би одоо хөгширсөн байна,  хэрээ мэдэх хэрэгтэй. Хятадын нэг гүн ухаанчийн хэлсэн “Эхлэл бол замын тал. Төгсгөл бол бүх зүйл” гэдэг үгийн дагуу л би явна. Эхэлсэн, замын талдаа хүрсэн, төгсгөлийг харин хүн шиг хийх ёстой. Яаж хийх вэ гэвэл, би яг цагаа тулаад л, хийгээд дууслаа гэдгээ ойлгоод зайлах ёстой. Юунаас ч зүүгдэхгүй, эргэж харахгүйгээр тэндээс явсан. Би зайлсан. Үүнээс цаашаа тэр залуу дизайнерууд аваад явна. Аваад ч явж байгаа.

- Амьдралд тань байнга дурсагдаж байдаг эр хүн байдаг уу?

- Байхгүй ээ, би лав хэнийг ч дурсдаггүй.

- Бүр анхны хайрыг ч уу?

- Анхны хайрыг ч дурсдаггүй. Хайр дурлалыг би нэг их сүйд болоод байх зүйл  гэж боддоггүй.

- Та ном хэвлүүлж байсан. Гэхдээ таныг бүр огт өөр сэдвийг л барьж авах байх гэж бодож байсан?

- Би ерөөсөө бичээгүй байхгүй юу. Зүгээр эхний номыг орчуулсан. Би угаасаа багаасаа ном унших дуртай хүн. Уншсан номнуудаараа тэмдэглэл хөтөлсөөр байгаад маш их юмтай болсон байсан. Тэгээд тэр тэмдэглэлүүдээ нэгтгээд нэг ном гаргасан. “Мөнхийн үсэг” компанийн Б.Батцэцэг бид хоёр чинь бараг 20 гаруй жилийн өмнө танилцсан улсууд л даа. Номоо дандаа тэднийхээр хэвлүүлж байсан юм. Би чинь эхний “Чи хэн бэ” гэдэг номыг бараг арван удаа хэвлүүлсэн байх аа. Аягүй хөөрхөн гүйлгээтэй, жийрэг болдог ном шүү. Тэрний дараа “Чиний цүнхэнд 1000 ном” гэж гаргасан. Би Б.Батцэцэгтэй олон жил сайхан харьцаатай явж ирсэн. Одоо сайд болсон ч гэсэн Б.Батцэцэг дээл хувцсаа манайхаар хийлгэдэг юм.  

- Одоо ном бичээч? 

- Үгүй.

- Ажиглаад байхад жаргалтай амьдрах, жаргалтай харагдах хоёрын дунд манайхны зарим нь төөрчихөөд байх шиг харагдах юм. Цаанаа үсээ зулгаалцсан зовлонтой он жилүүд, зүдэргээнтэй, эвээ олоогүй харилцаатай атлаа facebook дүүрэн шал худлаа жаргал тавиад л...

- Ер нь бол аз жаргал гэдэг үгнээс би их айдаг. Ерөнхийдөө дургүй. Гэхдээ аз жаргалтай харагдахын тулд тэр хүн маш их зүйлээ гаргуунд нь гаргаж байгаа. Хий хоосон, зэрэглээний хойноос хөөцөлдөж байна гэсэн үг. Тэгэнгүүт тэр хүний арын амьдрал сүйрдэг. Монголд ер нь тансаг амьдрал зохидоггүй орон шүү дээ. Тансаг амьдрал гэдэг чинь зөвхөн тэр далай тэнгистэй халуун орон, эрэг дээр нь хэвтэх, гадаа сайхан суугаад коктейл эд нараа шимэх орчинтой хосолмол эд. Байгаль нь өөрөө таатай учир хүмүүс нь тийм тэнэгэр. Дуу хууртай, юмыг хүлээж авахдаа ерөөсөө хүндээр авдаггүй, бүх юм хөнгөн явчихдаг. Монголд эсрэгээрээ. Гадаа суугаад аятайхан кофе уугаад тамхи татах газар ч байхгүй шүү дээ. Тэгэх боломжгүй. Хөөрхий манайхан баар ресторанууд хийх гэж оролддог байхгүй юу. Гэхдээ ийм аймаар салхи шороон дунд энэ хүйтэнд яаж суух юм бэ. Нэг орой суух юм бол бүгдээрээ цистит тусдаг юм байгаа биз дээ. Ерөөсөө боломжгүй учраас бүгдээрээ гэр гэртээ. Гадаа хөгжиж цэнгэх амьдрал монголд байхгүй. Гэтэл гаднынхан чинь цөмөөрөө гадаа амьдарч байна. Ш.Сайхансамбуу их айхтар хүн байгаа байхгүй юу. “Нарантуул” зах л ганцхан гадаа байна. Тэрийг битүүлээд байшин болгочих юм бол түрээсийн төлбөрөө төлж чадахгүй хүмүүс амьдрах чадваргүй болно гэж хэлж байсан.

- Задгай зах чинь хотын соёлын нэг хэсэг шүү дээ. Ингээд байж байсан нь дээр байх аа?

- Хотын соёлын нэг хэсэг нь үнэн. Гэхдээ түүний хэлсэн үг бас гайхмаар үнэн байхгүй юу. Өчнөөн жил гадаа наймаагаа хийгээд тэр хүмүүс болоод л байна. Дасан зохицчихсон. Надад үнэндээ энэ айхтар шилэн байшингууд, том цонхтой хаусууд монголд тохирохгүй санагддаг. Тийм хаус барьчихсан байлаа гэхэд өвөл тэнд амьдрал байхгүй. Хүүхдүүд чинь ирэхгүй, хэн ч очихгүй. Гал тогоондоо зуухныхаа хажууд цөмөөрөө тойрч сууж байгаад буцна. Бушуухан хот руугаа явахын түүс болдог юм билээ. Би бас наадахыг чинь залуудаа хийх гэж үзсэн. Үнэхээр тийм байдаггүй юм билээ. 

- Нээрээ та байшин барилга барьж байсан туршлагатай биз дээ?

- Миний хийсэн нэг тэнэглэл. Эрүүл агаарт сайхан байна. Уулнаас цана чаргаар гулгаад, хүүхдүүд ирээд жаргалтай байна гэж төсөөлсөн. Яг ирж харагдаач. Хэн ч ирээгүй, за. Бүр хэн ч. Дараа нь бас таун хауст орж үзсэн. Бас хэн ч ирээгүй. Тэгээд л  зарсан даа.

- Оддын амьдралаар амьдрах гэсэн, болж өгөөгүй юм уу ?

- Оддын амьдрал нь ч юу вэ. Зүгээр олуулаа, найзуудтайгаа нэг дор байвал зүгээр юм уу гэсэн чинь шаал худлаа юм билээ. 

- Та найз нөхдөөр их баян байсан уу. Нөхөд гэж ер нь хэн юм бэ?

- Нөхөд яваандаа ноход болдог . /инээв/

- Хэдийгээр миний мэргэжил найзуудтай байх боломж муу ч гэсэн, би маш олон найзтай. 

- Яахав, надтай ч бас найзлахыг хүсдэг хүмүүс байдаг л даа. Гэхдээ энэ олон жилийн хугацаанд харж байхад найз байдаггүй юм байна гэдгийг л ойлгосон. Надад найзын хувьд аз таараагүй байж болох л юм. Гэхдээ л бодоорой гэж зөвлөх байна. 100 хувь итгэж хэзээ ч болохгүй. Ер нь л худлаа шүү.

- Олны танил хүмүүсийн амьдрал нэг талаасаа тайзан дээр байгаа юм шиг өнгөрчихдөг юм шиг санагддаг? 

- Олны танил байх маш дэмий шүү. Хэрэв би энэ мэргэжлийг сонгоогүй бол жишээлбэл, өмгөөлөгч юм уу, шүүгч байсан бол бас л эвгүй гар байх байлаа.

- Таны характерт бол тохирно оо.

- Тохирно, би чадах л байсан. Хуулийн хүн байсан бол. Гэхдээ хэрэв тэр мэргэжлийг сонгоод мундаг шүүгч, өмгөөлөгч болсон байлаа гэхэд үүний ард би сахрын өвчтэй, цаашлаад хорт хавдартай болох байсан. Маш их стресстэй мэргэжил. 

- Та бүх л нэр алдартай хүмүүстэй уулзаж, хамтран ажиллаж үзсэн байх. Уулзаагүйдээ харамсдаг хүн байдаг уу?

- Байна аа. Хөгжмийн зохиолч Б.Шарав. Нэг удаа утсаар яриад, ганц шил юм хувааж уугаад сайхан ярьж сууя гэж тохирсон юм аа. Гэтэл тэр өдөр надад нэг хойшлуулшгүй ажил гараад, уулзаж чадаагүй. Тэгээд нэг мэдэхэд л Б.Шарав нас барсан. Би маш их харамсдаг. Муусайн хулгайчуудтай архи цуслаад яваад л байсан. Гэтэл тэр агуу хүнтэй ганц удаа үгийг нь сонсоод суусан бол гэж бодохоос харамсдаг. Одоо би хааяа халахаараа Б.Шаравын л хөгжмийг сонсдог. “Гэгээн алсад одох юм сан”, “Сэтгэлийн эгшиг”, “Сэрсэн тал”, “Манан” гээд... 

- Хамгийн сүүлд ямар ном уншив? Гадуур таарвал үзэхээс буцдаггүй, зориуд гаргаж ирээд үздэг ч юм уу ном, кино гээд таны ертөнцөд байдаг зүйлсээс сонирхмоор санагдаад байна. Надад үнэндээ ямар дарс уудаг, ямар машин унадаг чинь ч сонин байна?

- Би цагаан архи ууна. Тамхи татна. “Даншара” гээд нэг ном байгаа, тэрийг гаргаж ирж харна. Хаях, гээх орхих гэсэн утгатай, минимализмын тухай ном л доо. Би энэ номыг байнга гаргаж ирж уншдаг. “Та яг одоо байгаа цэгээсээ эргэж хар. Эргэж хараад юуг зөв хийсэн, юуг буруу хийсэн, цаашид яах гэж байна гэдгээ яг зогсож байгаа цэгээсээ хар” гэж байгаа юм.

- Явах нь л танд сонин болохоос та бол эргэж харж өөрийгөө шүүдэггүй байх?

- Тэр “Даншара”-д өгүүлснээр бол тэгэх ёстой гэж байгаа. За, Соёлмаа, өнгөрсөнд чи юу хийв, яаж амьдрав? Өнгөрсөнд чи тэгсэн байна, одоо энд зогсож байна. Тэгээд цаашдаа яах гэж байна гэдгээ тодорхойлно. Тэгээд би хийнэ, хийхгүй гээд тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичнэ. Түүнийгээ өдөр болгон харна. Өдөр болгон. Заримыг нь дарна, болино, нэмнэ. Тэгээд л би цаашаа явах ёстой. Би амьд л байгаа бол явахаас өөр арга байхгүй. 

- Дуртай кинонууд тань...?

Би хятадын сериалуудыг үзэх  дуртай. Оросын “Хүний хувь заяа” гээд дайны тухай кино байдаг даа. Би тэрийг үзээд уйлдаг. “Ворошеловын мэргэн бууч” байна. Тэр кинонд би маш их дуртай. Тэр өвгөний оронд байгаад, тэр дургүй хүргэсэн хулгайчуудыг бүгдийг нь буудаад явчих юмсан гэж боддог. Алахгүй, зэрэмдэглэнэ.

- Залуу нас алдаагаар дүүрэн байсан гэх хүмүүстэй олон таарсан. Өөрийнхөө амьдралыг шүүхэд тийм сүртэй алдаа байх юм уу?

- Ганцхан юм л байдаг. Бүр үхэж хатаад, яг алдаа гэж үзэх ёстой ганцхан юм л байгаа юм. Жижиг сажиг алдааг бол тооцохгүй. Чиний ухаанаар, өөрийн хүслээр хийсэн тэр үйлдэл бусад эргэн тойрны чинь хүмүүсийн амьдралд муугаар тусаад, амьдралыг нь доройтуулаад, чанарыг нь муутгаад хаячихсан   алдаа бол маш аймшигтай алдаа. Энэ л алдаа. Бусад нь биш. Чиний ухаангүйгээс, тэнэгтсэнээс чинь болж бусад хүмүүс шаналсан, юу ч үгүй болсон бол хамгийн аймшигтай алдаа байхгүй юу. Энэ алдааг бол яагаад ч засах боломжгүй. Хэчнээн уучлалт гуйгаад ч нэмэргүй. Азаар би тэгж тэнэгтээгүй.

- Та үслэг болон үнэт эдлэл, алт, эрдэнэсийг хэр таашаадаг вэ? 

- Залуудаа ид дарвалзаж, гайхуулж явсан насандаа маш үнэтэй бриллиантан ээмэг бөгж авч байсан. Яахав, хааяа зүүдэг юм. Охид маань огт сонирхоогүй. Зээ охиндоо өгөөрэй, надад хэрэггүй гэж хэлсэн. Булга, минж, суусар гээд л үнэтэй үслэгүүд байна л даа. Гэхдээ түүнийг монголчууд аягүй сайхан хэрэглэдэг байсан байхгүй юу. Хэзээ ч бүтнээр нь хэрэглэхгүй. Малгайндаа, захандаа эсвэл ханцуйндаа хийнэ. Торгон дээлэн дээр булган нударга байхад цэвэр булгаар хийчихсэн шубанаас хамаагүй илүү чамин харагддаг. Тэрийг монголчууд мэддэг л байсан. Одоо тийм юм байхгүй бүгдээрээ болсон болоогүй зүүдэл өмсчихсөн. Залуудаа булга өмсөж л байлаа. Тэрийг тэгээд Манжуурт аваачиж зарсан. 

- Та хүлээн авалт, арга хэмжээнд оролцдог уу?

- Үгүй, би ямар ч арга хэмжээнд оролцдоггүй. Бүр ямар ч сонирхол байхгүй.

- Ажиллаж байсан орчноосоо болоод тийм болсон байх?

- Надад одоо үнэхээр юу ч сонин биш. Хааяа найзуудтайгаа уулзана, хөзөр тоглоно, хов базна, за тэгээд бол оо. /инээв/ 

- Та төсөөлснөөс  ч баясгалантай санагдлаа?

- Ийм болсоон. /инээв/ Хөгшрөх тусам хэрүүл маргаанаас хол, хүмүүсийн амьдралд оролцохгүйхэн шиг байж, зүгээр л тав тухтай гэр орон, тархи толгой, сэтгэл оюунаа бохирдуулахгүй байхыг хичээдэг болсон. 

- Тантай ярилцах таатай байлаа...

- Би ер нь ярилцлага өгөх дургүй хүн л дээ. Харин чамтай сайхан ярилцахад сэтгэлд таатай байлаа. Чи надад таалагдлаа. За, цаашдын амьдралд чинь сайн сайхныг хүсье. Олны анхаарлын төвд явдаг сэтгүүлч хүний хувьд нийгмийн сүлжээнд ч гэдэг юм уу, хийж байгаа ажил мэргэжилтэй чинь холбоотой янз бүрийн сайн, муу асуудлууд их гарч ирдэг юм шиг байна билээ. Ганаа, нэг ийм үг байдаг юм аа. “Проблем бол үргэлж  гарч ирнэ. Та амьд л байгаа бол проблем гарсаар л байх болно” гэж. Тэгэхээр  өөрийгөө хамгаалж сур. Яаж хамгаалах вэ гэвэл ignore хийж сурах ёстой. 

- Баярлалаа. 

Бид зуун жилийн өмнө уулзаж байсан, бүр ойр дотно явцгаасан хүмүүс шиг л санагдав. Ямар ч халгаж, дөлж ядсан төвөгтэй босго байхгүй. Илэн далангүй. Халуун дулаан. Тэр минийхээр хамгийн сонирхолтой, хамгийн ил тод, хамгийн эрх дураараа хатагтай. Түүнтэй ямар ч сэдвээр ямар ч баггүй хөөрөлдөх гоё. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (3)

Сонсогч
Сонсогч

Маш сайхан ярилцлага болжээ .Үг бүрийг нь шимтэн уншлаа, нүдэнд харагдтал ярих юм. Зарим  дээр нь үхтлээ инээлээ . … 80 эмгэн … хэсэгт 😅😂. Мэргэжлийн хүн бсны хувьд одоогийн дизайнерүүдын талаарх санаа оноог сонсмоор блаа .

Баярлалаа . 

Зочин
Зочин

Соёлмаа гэж соц  үеийн зэвүүн хүүхнүүдийн нэг байлаа. Миний булчин жоохон гадагшаа тэгээд богино банзал өмсмөөр байдаг чаддаггүй байсан. Тэгтэл нэг удаа тэгш хөлтэй байх yu нь гоё байдгийм бага зэргийн тэгшхэн биш байжийж гоё харагдана гэж ярианаас хойш өмсөж чаддаг болсон. Үнэхээр санаанаас гардаггүй. Бас дизайнер Түвшин агсан эмэгтэй хүн татагдсан утастай трико халцарсан хумсны будагтай явахаас л цээрлэх хэрэгтэй гэсэн энэ хоёр мундаг дизайнерийн үгийг дотроо бодож нөгөөд нь талархаж явдаг шүү. Нээрээ ээждээ аймаар хөөрхөн хандлагыг нь харж явлаа зурагтаар нэг удаа Соёлмааг. Нөгөө л зэвүүн cool хэвээрээ л яваа yuм байна. Сэтгүүл зүйн загварын хоёр акул нэг нь асууж нөгөө нь хариулж нээрээ үнэхээр гоё уншууртай бодмоор гоё ярилцлага байна даа. БАЯРЛАЛАА ХОЁРОО

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав