Анх Монголд ирэхдээ би ихэд түгшиж, санаа зовж байлаа. Эндхийн бүх зүйл надад танил биш, бараг юу ч мэдэхгүй байсан. Эхний үед энгийн амьдрал хүртэл надад хэцүү санагдаж, дотуур байрны хэрэгтэй зүйлсээ бэлтгэх, ширээ, сандал, гудас, хүнс авахдаа л олон асуудал тулгарч байв. Заримдаа хаанаас авах, яаж байрандаа авчрах вэ гэдгээ ч мэдэхгүй будилж байв. Тэр үед өчүүхэн зүйлээс болоод л сэтгэлээр унадаг байсан. Монголд ирснийхээ дараах эхний хоёр долоо хоногт би бараг өдөр бүр гэрийнхэн рүүгээ залгаж уйлдаг, тэгэх тоолон “ гэртээ харимаар байна...” гэж хэлдэг байсан. Гэвч тэр үед би энэ танил бус нутаг надад аажмаар халуун дулаан сэтгэлээ өгч эхэлж байсныг анзаараагүй юм.
Нэг удаа найзтайгаа хамт Зайсангийн дурсгалт цогцолбор руу таксигаар явлаа. Жолооч нь бүх замын турш бараг дуугараагүй. Төлбөрийн талаар асуухад тэр зүгээр л банкны данс бичсэн цаас харуулсан тул бид түүнийг гадаад хүмүүстэй ярихыг хүсэхгүй байна гэж ойлгосон. Харин бидэнд карт байгаагүй, зөвхөн бэлэн мөнгөөр төлөхөөс өөр аргагүй байв. Уг нь 21000 төгрөг өгөх ёстой байсан ч бидэнд задгай мөнгө байгаагүй тул хариулт өгч болох уу гэж асуухад маань тэр зүгээр 20000 төгрөгийн дэвсгэртийг аваад, гараараа дохин илүү мөнгө авалгүй явж одсон. Буусныхаа дараа л бид ойлгосон юм. Гэтэл тэр жолооч хэлгүй хүн байсан. Тэр мөчид би “зарим чимээгүй байдал хүйтэн хөндий хандлага биш юм байна.” гэдгийг ойлгосон юм.
Манай дотуур байрны хажууд нэг фитнесс төв байдаг. Би Монголд ирэхээсээ өмнө фитнесс дасгал хийж үзээгүй тул эхэндээ ангийнхаа арай туршлагатай найзаас зарим хөдөлгөөнийг сурч, түүнийгээ даган хийдэг байлаа. Гэхдээ хөдөлгөөнүүд маань төдийлөн зөв биш байсан. Нэг өдөр би өндөр таталт хийж байхад булчинлаг, туршлагатай харагдах нэгэн монгол ах над руу ирээд миний хөдөлгөөн буруу байгааг монголоор нэлээд удаан тайлбарласан. Гэвч би эхэндээ огт ойлгоогүй, зүгээр л гайхсан байдалтай зогсож байлаа. Тэр намайг гадаад хүн гэдгийг анзаарсан бололтой, дахин удаанаар ярьж, өөрөө үзүүлэн, төхөөрөмж дээр харуулж, хөдөлгөөнийг тайлбарлаж эхэлсэн. Тэгээд л би аажмаар ойлгож эхэлсэн. Явахынхаа өмнө тэр англиар “Чи аль улсаас ирсэн бэ?” гэж асуухад би “Хятадаас” гэж хариулсан. Тэгээд тэр холоос ажиглаж, би зөв хийвэл эрхий хуруугаа өргөн надад урам өгдөг байлаа. Дараа нь бид дахин таарахад тэр алсаас мэндлээд, хятадаар “你好,你们好” гэж хэлсэн нь надад их дулаан санагдсан.
Надад хамгийн их сэтгэлд хүрсэн нэг явдал зах дээр болсон юм. Энэ жилийн монголын “Цагаан сар”, Хятадын “Хаврын баяр” хоорондоо маш ойрхон болох байсан ч бид нутаг буцаж чадаагүй тул найзуудтайгаа нийлж байр түрээслэн, хамтдаа хоол хийж баяраа тэмдэглэхээр боллоо. Тэгээд бид банш хийх орцоо авах гэж Go To Market оров. Татсан мах авах гэсэн боловч махаа өөрсдөө жижиглүүлэх хэрэгтэй болсон. Би нэг эгчээс мах аваад, банш хийх гэж байгаагаа хэлтэл тэр биднийг гадаад хүмүүс гэдгийг анзаараад мах хэрчихэд туслахаар дагуулж явсан. Гэвч тэр жижиглэдэг хүнтэй ярилцсаныхаа дараа бүтсэнгүй гэж хэлсэн. Шалтгааныг нь би тухайн үед сайн ойлгоогүй. Тэгээд би дахин ярьж өгөөч гэж хэлэх гэсэн боловч буруу ойлгуулснаас болж, тэр биднийг махаа өөрөөр нь жижиглүүлэх гээд байна гэж ойлгочихсон юм. Тэр биднийг “40–50 минутын дараа ир” гэж хэлээд махыг өөрөө хутгаар нямбайлан жижиглэж эхэлсэн. Намайг буцаж очиход тэр махыг цавчиж байгаад гараа эсгээд, түүнийгээ цаасаар боочихсон байж байлаа. Эсгэсэн гарнаас нь цус гарсаар л байв. Тэр мөчид би маш их гэмшиж, бас сэтгэл их хөдөлсөн. Миний буруугаас болж тэр ийм байдалд оров. Би талархлаа илэрхийлэхийг хэчнээн их хүссэн ч, надад саяхан авсан жүржнээс өөр юм байсангүй. Түүнд би жүржээ өгсөн. Сайхан нээмсэглэсээр жүржийг маань хүлээж авсан нь надад маш дулаахан санагдсан юм. Тэр үед би сэтгэл зүрхийг мэдэрхэд“хэл заавал хамгийн чухал зүйл биш юм.” гэдгийг ойлгосон.
Дараа нь хэлний бэлтгэлийн ангийн багш маань ярианы клуб зохион байгуулж, гадаад оюутнуудыг монгол оюутнуудтай хослуулж хичээл орсон. Миний хэлний хамтрагчийг Энхбат гэдэг. Анх уулзахад бид хоёулаа сандарч, дув дуугүй сууцгааж байсан маань одоо бодоход инээдтэй санагддаг. Багш бидэнд ярилцах сэдэв өгч, бид тэр дагуу ярьж эхэлсэн. Би сандарсан үедээ гацаж ярьдаг тул өөртөө итгэлгүй байсан. Гэвч Энхбат маш тэвчээртэй хандаж, намайг үргэлж дуустал минь хүлээж, дараа нь “чи маш сайн ярьж байна” гэж урам өгдөг байлаа. Энэ нь надад их урам өгсөн. Дараа нь бид хэд хэдэн удаа уулзаж, илүү дотно болж, тэр намайг монгол хоол идэхийг урьж, хоол бүрийг нямбай тайлбарлаж өгсөн. Саяхан бид хамт Богд Хаан уул руу явахаар төлөвлөсөн. Найзын маань хэлний хамтрагч хүртэл өөрөө машинаараа биднийг хамт явж болно гэж санал болгосон нь бидэнд маш сайхан санагдсан. Энэ амралтын өдөр бид хамт ууланд явах гэж байна. Би энэ аялал сайхан болно гэдэгт итгэлтэй байна.
Эргээд бодоход миний туулсан эдгээр зүйлс бүгд маш энгийн, жижигхэн зүйл мэт. Гэхдээ яг эдгээр жижиг мөчүүд нийлж миний эндэх амьдралыг бүрдүүлсэн. Мөн эдгээр жирийн зүйлс л надад энэ газрын халуун дулааныг мэдрүүлсэн. Анх ирэхдээ би айж, эргэлзэж, жаахан бэрхшээлд хямарч гэртээ харимаар санагддаг байсан бол одоо энэ хотыг дулаан газар гэж боддог болсон. Би энэ хотод талархаж явдаг. Мөн Хятад, Монгол хүмүүсийн амьдрал бүгдээрээ ийм энгийн атлаа дулаахан хэвээрээ байгаасай гэж хүсэж байна.
2025-2026 оны МУИС-ийн гадаад оюутан Zhao Yudong








