“Pro” театрын уран бүтээлчид Александр Вампиловын алдарт “Нугасны ан” жүжгийн зохиолыг мета драмын хэлбээр РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд тоглох гэж байна. Энэхүү жүжигт амьдралын гүн гүнзгий асуудлууд, хүний сэтгэлийн зөрчил, харилцаа, хувь хүний өөрчлөлт, нийгмийн уур амьсгал зэрэг сэдвүүдийг гүн гүнзгий хөндөж, үзэгчдэд өөрсдийн амьдралаа дахин нэг харах боломжийг олгох ажээ.
Та амьдралынхаа утга учрыг алдаж байв уу? Өөрийгөө ойлгохгүй үе олон байв уу? гэх асуултад хариулт өгөх “Утиная охота” буюу “Нугасны ан” жүжгээс сэдэвлэсэн "Сүүлчийн бороо" мета драмын жүжиг ирэх лхагва гарагт буюу энэ сарын 9-ий өдрөөс эхлэн үзэгчдэд хүрэх юм.
2014 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн академийг төгссөн залуус нэгдэн "Pro" театрыг байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн билээ. Тэд Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгийн хүн” романаас сэдэвлэсэн визуал драм, Эрнст Теодор Амадей Гофманы “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн хүүхдийн жүжиг, мөн Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” романаас сэдэвлэсэн физикл драм зэрэг олон бүтээлийг үзэгчдэд толилуулсан. Тэгвэл энэ хаврын үзвэрээ Александр Вампиловын алдарт "Нугасны ан" жүжгийн зохиолыг мета драмын хэлбэрээр шинэчлэн толилуулахаар болсон байна.