Нидерландын хааны нэрэмжит “Орчин үеийн уран зургийн шагнал”-ын сүүлийн шатанд Азийн орнуудаас ганцаараа шалгарч үлдсэн, уран бүтээлч Аюурзанын Гэгээтэй ярилцлаа. Тэрээр өдгөө тус оронд чөлөөт уран бүтээлчээр ажиллаж, амьдарч байгаа юм. Мөн Бельгийн Киекен төв, Францын Ника, Английн “Project Native Informant” зэрэг галлерейд өөрийн үзэсгэлэнгээ толилуулсан билээ.
–Нидерландын хааны нэрэмжит “Орчин үеийн уран зургийн шагнал” шалгаруулалтын сүүлийн шатанд тэнцэж үлджээ. Тус уралдаанд ямар бүтээлээрээ оролцсон бэ?
-Энэ жил нэвт гэрэлтдэг даавуун дээрх уран зургуудаараа оролцсон. Бүтээлүүд маань монгол үндэсний хэв маягийг далдуур шингээсэн бөгөөд тусгайшингэнийг тосон будагтай хольж хайлуулан зурсан уран зургийн цоо шинэ арга барил, өлгөх систем, материалын сонголтоороо онцлог. Өдийг хүртэл Баруунд хэвшин тогтсон уран зургийн уламжлалыг болон нэгэн ижил хэв шинжүүдийг эвдэх, өөрийн гэсэн анхдагч чанартай байх, шүүмжлэлт сэтгэлгээг хослуулах зэрэг нь орчин үеийн уран зургийн гол хэмжүүр гэж би хувьдаа боддог.
–Танаас өөр ази уран бүтээлч байсан уу?
-Байхгүй бололтой.
– Хүн бүхэнд хийж бүтээх хүслийн эхний цэг гэж бий. Таны уран зураг, дүрслэх урлагт татагдах болсон эхлэлийн цэг хэзээ, хаана бий болсон бэ?
-Үргэлж байсан. Нэг хэсэг төгөлдөр хуурч болно гэж боддог байсан ч бүр жаахан байхаасаа л төгөлдөр хуурын багш Т.Нямсүрэнд зурсан зургуудаасаа бэлэглэдэг байснаа санаж байна. Урлагт тэмүүлэх эрмэлзлүүд дотроос дүрслэх урлагийг л харахдаа, хийхдээ хамгийн их эрх чөлөө, баяр хөөрийг (төгөлдөр хуур тоглоход хааяа мэдрэгддэг байсан тэр зүйл) мэдэрдэг байсан тул энэ тэмүүллээ дагахаар шийдсэн.
-Таны аав, ээж хоёр хоёулаа уран бүтээлч хүмүүс. Ахуйн нөхцөл уран бүтээлч болоход тань хэр нөлөөлсөн бэ?
-Маш их номон дунд өссөн минь яалт ч үгүй нөлөөлсөн. Аав ээж хоёулаа дүрслэх урлагт болон зураачдад их хайртай тул гадагшаа зохиолчдын арга хэмжээнд оролцоод ирэх болгондоо зураачдын ном, каталогууд авчирдаг байсан нь урлагийн түүхийн анхан шатны ойлголт, бишрэлтэй болоход нөлөөлсөн. Анх Нидерландын дүрслэх урлагийн хааны академид гэрээсээ хүсэлт явуулж, онлайнаар ярилцлагад орж, тэнцсэн хариу авахад ээж аавын ном францад хэвлэгдээд Парис руу явчихсан эзгүй үе нь таарсан. Буцаад ирэхэд нь тэнцсэн сургуулиудаас зөвхөн энэ академид л сурмаар байна гэж хэлэхдээ “Өмнө нь очиж байгаагүй тийм хол газар ганцааранг чинь явуулахгүй!” гэх вий дээ гэж дотроо айж байсан. Гэтэл тэд маань харин ч шууд баярлан дэмжсэн. Нидерландад суралцахаар ирсэн хойноо уран бүтээлийнхээ талаар санаа солилцох, зөвлөлдөх гээд ээж аавтайгаа утсаар ярих минь бүр ч ихэссэн. Аав ээж бол уран бүтээлийн минь хамгийн сайн найзууд. Ах дүү хоёр ч муугүй зөвлөгчид шүү (инээв).
– Таны аав Г.Аюурзана, ээж Л.Өлзийтөгс нар бол монголын уран зохиолын “супер” одод, өнөө цагийн хамгийн олон уншигчтай яруу найрагчид. Та шүлэг бичдэг үү?
-Миний хувьд тэд маань од энэ тэр гэхээсээ илүү урлагт чин сэтгэлээсээ бишрэлтэй жинхэнэ уран бүтээлчид, сайн эцэг эх, хайртай хүмүүс минь. Харин шүлгүүдийг минь сонирхъё гэвэл зурсан зургуудыг маань харахад хангалттай байх аа. Шүлэг бичих үйл явц зураг зурахтай их төстэй. Заримдаа зургийнхаа гарчгуудад шүлгийнхээ хэсгээс цухуйлгаад, цухуйлгаад орхичихдог гэхэд буруудахгүй.
– Бүтээлүүдийг нь ажихад тодорхой үйл явдал гэхээс илүүтэй өнгө, зохиомжоор өгүүлэмжээ илүүтэй илэрхийлсэн дүрс болоод зураасан элементүүд түлхүү давамгайлдаг нь ажиглагдсан. Энэ талаар ярихгүй юу?
-Сая хэлсэнчлэн абстракт зураг зурах үйл явц шүлэг бичихтэй төстэй. Харин хөрөг болон бодит дүрслэлтэй зураг зурах үйл явц магадгүй реалист романтай төстэй байх. Хоёуланд нь хэрхэн зурагдсан, хэрхэн бичигдсэн нь чухал. Сэдвээс гадна, хэрхэн бүтээгдсэнийг мөн олж хардаг болоход үзэгч, уншигчдад боловсрол хэрэгтэй. Зураачийн хувьд би өөрийгөө шүүмжлэгч, яруу найрагч аль аль нь гэж боддог. Учир нь сайн уран бүтээлд цэвэр мэдрэмж, цэвэр сэтгэлгээ хоёулаа нэгэн зэрэг байх ёстой. Бийрийн ард байгаа гарын хөдөлгөөнийг, сэтгэл санааг болон тухайн зураачийг удирддаг, магадгүй өөр ертөнцийн гэмээр хүчийг зургийн нэг таталтаас л шууд харж болдог нь дүрслэх урлагийн өвөрмөц үзэсгэлэн гоо. Гэхдээ, тайлбарлашгүй гоо үзэсгэлэн дангаараа хангалтгүй. Хүнийг хүн болгодог ер бусын сэтгэлгээ ч уран бүтээлээс нэгэн зэрэг мэдрэгдэх ёстой. Тиймээс, миний хувьд, уран зургийн яруу найраглаг эрхэм чанарыг тодруулан зурахын хажуугаар уран зургийг нэгэн хэвийн болгодог хиймэл жишгүүдийг бас эвдэхийг зорьдог.
Голчлон барууны уран бүтээлчдийн бүтээсэн, тэдний л соёлын өнцгөөс бичигдсэн өнөө цагийн урлагийн түүхийг би шүүмжлэлтэй өнцгөөс хардаг юм аа. Бас... Байнга бодож явдаг зүйлс гэвэл... Зөндөө олон байгаа л даа. Жишээлбэл, яагаад уран зураг зөвхөн татсан зотон дээр зурагдсан байх ёстой гэж? Яагаад уран зураг зөвхөн цагаан ханан дээр жаазтай өлгөөтэй байх ёстой гэж? Урлаг дүрмүүдэд их баригдах тусам гол чанараа буюу хүний сэтгэлийг хөдөлгөх болон хүнийг шинэ бодолд хөтлөх чадвараа алддаг. Тиймээс ч миний ажлууд юун түрүүнд урлагийн өөрийнх нь тухай байдаг. Зурах, баримал барих үйл явц минь өөрөө урлагийн нууц руу нэвтрэх эрэл, хайгуул гэх юм уу даа.
–Бид амьдралаас үргэлж гэрэл гэгээ хүсэж байдаг. Тэр ч утгаараа урлагаас ч мөн тунгалаг мэдрэмж эрж хайдаг. Таны бүтээлүүд хүмүүст тийм мэдрэмжийг өгч чаддаг болов уу?
-Зурах юм уу, баримал барьж байх үедээ л би жинхэнэ тунгалаг, гэрэлтсэн төлөвт ордог гэдгээ анзаарсан. Цэвэр аз жаргал. Харин үзэгчид үүнийг мэдрэх эсэх, эсвэл мэдрэхийг хүсэх эсэх нь тухайн хүний үзэл бодол, боловсрол, таашаал, тэр өдөр уншсан ном, үзсэн кино, тааралдсан шувуу, нийгмийн орчин гээд л маш олон зүйлээс шалтгаална.
-Та ямар сургуулиуд төгссөн бэ?
-Нидерландын дүрслэх урлагийн хааны академийн уран зургийн анги болон Лейдэн их сургуулийн урлагийн түүхийн ангийн бакалавруудад зэрэг суралцан 2021 онд төгссөн. Дараа нь 2022 онд Амстердамын Де Ательерс хэмээх зураачдад зориулсан, бакалаврын дараах тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн ороод хоёр жил суралцаж, ажилласан. Де Ательерс бол сонгосон 10 уран бүтээлчээ хоёр жилийн хугацаанд үзэсгэлэн тавиулалгүй, олон нийт болон зах зээлээс тусгаарлан зөвхөн уран бүтээлээ хөгжүүлэхийг дэмждэг, нэр хүндтэй, хатуу шаардлагатай, тусгай хөтөлбөр л дөө. Европын хэмжээний том зураачид, уран бүтээлчдээс мастер хичээлүүд авах боломж олгосон. Төгсөөд, 2024 оноос, Амстердам хотод чөлөөт уран бүтээлчээр ажиллаж амьдарч байна.
– Гадаад оронд сурахын давуу тал, мөн сөрөг тал нь юу байдаг вэ?
-Гэрийнхнээ, монгол хэлээ санахаас эхлээд хэцүү зүйл маш олон байсан. Хоёр сургуульд давхар сурахад ачаалал ихтэй. Сайн тал нь хурдан бие дааж, их зүйл сурсан. Нидерландын Засгийн газар нь залуу уран бүтээлчдээ сайн дэмжиж бэлтгэдэг, олон нийт нь ч урлагийг үнэлж хүндлэх нь өндөр түвшинд байдгийг анх хараад манайхан энэ тал дээр гарцаагүй хоцрогдмол байгаад жаахан харамссан. Гэвч харийн улс оронд амьдрахад монгол соёлын олон үнэт зүйлийг холоос илүү тод олж хардаг, чин сэтгэлээсээ хайрладаг юм билээ. Нутагтаа байсан бол хэзээ ч олж харахгүй байсан даа гэмээр олон зүйлийг мэдэж авсан.
–Өмнө нь Лондон болон Парис хотуудад үзэсгэлэнгээ дэлгэж байсан юм билээ. Гадаадын уран бүтээлчид, үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?
-Тийм ээ, 2024 онд Нидерландаас гадна өөр гурван улсад үзэсгэлэн тавьсан. Бельгийн Киекен төв, Францын Ника, Английн Project Native Informant галлерейнуудаас тус тус уран бүтээлээ дэлгэх урилгууд хүлээн авсан. Үзэгчид гоё хүлээж авч, санаанд оромгүй сонирхолтой, шинэлэг зүйлсийг хэлж, дүгнэлт өгч байсан нь урам өгсөн.
–Өнгө, дүрс, зураас. Энэ гурав таны хувьд юуг илэрхийлдэг вэ?
-Амь, хөдөлгөөн, мэдрэмж, сэтгэлгээ, зэрвэсхийх агшны нийлбэр, дахин давтагдахгүй зохицол гэж болохоор.
– Будаг, бийр хүргээгүй цав цагаан цаас харахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Хамгийн дуртай чихрээ задлаад амандаа хүлхэхийн өмнөх тэсч ядсан мэдрэмж.
– Өөрийнхөө бүтээлүүдийг ээжийнхээ нэг шүлгээр илэрхийл гэвэл...
-Удахгүй гарах шинэ номонд нь орсон “Бүх зүйлийн байрыг...” гэдэг шүлэг одоогийн ажлуудыг минь тодорхой хэмжээнд илэрхийлэх байх аа.
–Бүхий л урлагт ямар нэгэн өгүүлэмж бий. Харин таны бүтээлүүдээс хамгийн түлхүү илэрдэг өгүүлэмж юу вэ?
-Үгээр илэрхийлэгдэх боломжгүй дотоод мэдрэмжүүд, тухайн хормын давтагдашгүй байдлууд байж болох. Ерөнхийдөө, миний ажлууд хялбархан өгүүлэмж гэхээсээ асуултууд байдаг. Үзэгчдэд болон бусад уран бүтээлчи тавьсан асуултууд. Ажлуудыг минь харж буй нүд болгон өөр өөр асуултуудыг бий болгодог нь сонирхолтой.
–Яг одоо таны дотор бүтээлийн ямар нэгэн санаа амилж байна уу. Тийм бол хуваалцахгүй юу?
-Урлан руугаа очоод зурж эхлэхээс нааш би өөрөө ч юу гэдгийг нь мэддэггүй ээ. Зурж байхад санаа, шийдэл өөрөө хүрээд ирдэг. Тийм учраас л ер нь зурдаг даа. Олох гэж, хүлээн авах гэж, мэдэх гэж, мэдрэх гэж, хамгийн гол нь зурах гэж...
Бүтээлийн зургийг gegeeayurzana.com вэб хуудаснаас албан ёсны зөвшөөрэлтэйгөөр авч нийтэлсэн болно. Тус сайтаар зочилж уран бүтээлчийн бусад ажлуудтай танилцах боломжтой.