Эрхэм хүндэт уншигч тантай намрын наргил шаргал энэхэн өдрөөр найр тавин мэндчилж байна.
Бид энэ удаа ч үнэнч уншигчдадаа сонирхолтой ярилцлагууд уншуулахаар бэлтгэлээ.

Манай энэ дугаарын хүндэт зочноор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Оросын Холбооны Тува улсын Урлаг, соёлын гавьяат зүтгэлтэн, герман хэлээр зохиолоо бичиж дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчид олгодог Аделберт фон Шамиссогийн шагналтан, ХБНГУ-ын Холбооны Гавьяаны загалмайн одонт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар зохиолч Чинагийн Галсан уригдлаа.
Түүний туулсан хүчирхэг амьдралын түүх уншигч таны сонирхлыг зүй ёсоор татна гэдэгт итгэж байна.

Дараагийн онцлох ярилцлагаар сэтгүүл зүйн армид хэдхэн сарын дараа алхан орж ирэх, манай дадлагажигч оюутан А.Даваадуламын хийсэн ажлыг би нэрлэж байна. МУИС-ын сэтгүүл зүйн ангийн төгсөх дамжааны оюутан энэ охин зуны амралтын бүх цаг хугацаагаа манай хамт олны дунд өнгөрөөж, редакцын маань нэгэн гишүүн болсон юм. А.Даваадулам микрофон барьж, live хийж гүйх рүү биш бичихийн амтат талбарыг сонгосон болохоор манайхыг зорьж ирсэн. Түүний эрэлхийлэл, идэвх чармайлт, хурд, ур дүй миний анхаарлыг татаж байна. Энэ удаа тэр “BAJUNA” брэндийн үүсгэн байгуулагч, дэлхийн анхны оёдол, эсгүүргүй эсгий хувцас зохион бүтээгч, дизайнер Б.Батсүхийг олж ярилцлаа. Уншигч та надтай яг адилхан энэ өвөрмөц зочны ертөнцөд татагдах нь дамжигггүй.

Дизайнер Б.Батсүх нь монгол гэрийн эсгий хийх технологид суурилсан өвөрмөц, шинэлэг бүтээлээрээ эх орноо төлөөлөн “Парисын загварын долоо хоног-2024” шоуг зорихоор болоод байгаа юм. Энэ бол дизайнер болгонд ирдэг урилга, олддог завшаан биш. Гэвч түүнд шаардлагатай зардал олдоогүй байна.
Бид соёлын өв, түүнийг хамгаалах талаар хоосон ярих биш хүч хөдөлмөрөө зориулж, авьяас билгээ бодитоор шингээн ажиллаж байгаа залуу үеэ дэмжих ёстой. Манай сэтгүүлийн уншигчид энэ эмэгтэйг дэмжинэ хэмээн би ихэд найдаж байгаа юм.

Ивээн тэтгэгч хувь хүн, компани, төрийн яамны бодлого баригчид бидэнд хандаж зочныг маань дэмжээрэй. Бид ч үйл ажиллагаагаараа та бүхнийг дэмжиж ажиллах болно гэдгийг хичээнгүйлэн илэрхийлж байна.

Монголчууд бид хоорондоо цахим орчинд ам булаалдан уралцах биш, дотоод халуунаараа эвлэлдэн нэгдэж, эв эеийг эрхэмлэж, нэг нэгнээ дэмжих цаг нэгэнт болсон хэмээн бодно. Хэмлэлдэж, хэрэлдсээр хэмхэрхий нийгмийг л бүтээж байна. Эргэж харцгаая. Эргэцүүлж бодоцгооё.

Манай шинэхэн дугаарын агуулга Боловсролын сайд П.Наранбаяр, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар нарын эрхмүүдийн ажил хэрэгч, мэдээллээр арвин ярилцлагуудаар баяжлаа. Та бүхэн хов жив, цуу яриа, галзуу хийрхэл биш мэдлэгт тань хандив болох баталгаат эх сурвалжуудад ач холбогдол өгдөг, өөрийгөө хүндэтгэдэг түвшний уншигчид учраас өнөөдрийг хүртэл бидэнтэй хамт байгаа гэдгийг бид сайн мэднэ. Үүний тань төлөө үргэлж талархаж явдгаа ахин илэрхийлье.

Бидэнтэй хамт байгаарай.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав