Монголчууд бид дорно дахины билгийн тооллоор хөхөгчин модон могой жилээ угтан аваад хэдхэн хонож байна. Эх орон даяар хаврын тэргүүн сарын нимгэн цэнхэр өдрүүд зочлон ирж, нялх төлийн дуутай хамт найрсанхан буй энэ өдрүүдэд бид ч шинэхэн дугаарынхаа хамт уншичидтайгаа мэндчилж байгаадаа баяртай байна.
Төгс буянтын зурлагаар дорнын хөхөгчин могой жил нь эм буюу зөөлөн жил хэмээх аж. Тиймээс онцгой содон сонголт, сонирхолтой өөрчлөлт хийх боломжийг бидэнд бэлэглэнэ хэмээн зурхайд зурагджээ.
Өнгөрсөн жил бид гуравдугаар сарын дугаараа “хүүхнүүдийн хавар” хэмээн нэрлэж байсныг уншигчид маань санаж байгаа биз ээ. Энэ удаа ч бид уламжлал ёсоор эмэгтэйчүүддээ шинэ дугаараа зориуллаа.
Манай ковер зочноор Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний Гавъяат эмч, Анагаахын Шинжлэх Ухааны Доктор, Профессор Оргойн Сэргэлэн уригдсан юм.
Тэр бол Монгол Улсад хүний биед элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлсэн, нутагшуулсан, манай анагаахын салбарын домог болсон зүтгэлтний нэг. Тэр мөн дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан гайхалтай мэс засалч.
Тэрбээр Америкийн мэс заслын коллежийн (ACS) хүндэт гишүүн бөгөөд өнөөдөр ч Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийнхаа ахлагчаар ажиллаж, эрдэнэт хүний амийг аврах, ахин шинэ амьдрал бэлэглэх гайхамшигт ажлаа хийж байгаа бурханаас бидэнд илгээсэн суу бэлгийн нэг билээ.
Энэ амьдралынхаа гучин жилийг сэтгүүл зүйн тогоонд өнгөрөөж, олон зуун зочинтой ярилцсан би бээр монголын бас л нэг гайхамшигт хүмүүнтэй учирч, өөрийнхөө индрээр, өөрийнхөө урлангаар дамжуулан та бүхэнтэй уулзуулж байгаадаа бяцхан охин шиг догдлонхон байна.
Гайхалтай мэс засалч төдийгүй гайхамшигт хүн тэрбээр ажлаа ярихдаа очтон бадарч, заримдаа гуниглан өвдөж, яаран тэмүүлж, учирлан тайлбарлаж...бүхэлдээ миний огт мэдэхгүй жимээр намайг хөтлөн алхаж байв. Өөрт оногдсон бүх цаг мөчийг монголын анагаах ухааны хөгжлийн төлөө цохилон өнгөрүүлж буй энэ эрхэмсэг хатагтайн зовлон нь ч, жаргал нь ч ийнхүү минийх болон хувирав. Одоо би “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийг өөрийн гэсэн цогц эмнэлэг, дэлхийн жишгийн барилга байгууламжтай болгохын төлөө өөрийн дуу хоолойг зориулах бас нэгэн шинэ үүрэгтэй болсон.
Шинэхэн сэтгүүлийг минь аваад, сэтгэл оюунаа шингээн байж бүтээсэн бидний бүтээлүүдийг уншиж суугаа үнэнч уншигч танд баярлалаа.
Эрхэм сэхээтнүүд, мэргэжлийн ажлуудыг гар урчуудын холион батангаас ялгаж мэддэг мэргэшсэн уншигчид, өөрийгөө хүндэтгэдэг эрхэмсэг та нарын минь дэмжлэг бидэнд асар хэрэгтэй байна.
Бидэнтэй хамт байгаарай. Хуудас эргүүлэх тоолон таныг өөр өөр ертөнц, өөр өөр тавилан хүлээж байгаа шүү...
Уншигч таныг хүндэтгэсэн
Interview сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч
Бадамдоржийн Ганчимэг
УЛС ТӨР
NotWrittenArt
МЭДЭЭНИЙ ӨРӨӨ
MagazineQuote
БУСАД
Хаяг байршил
15141, Улаанбаатар хот
ЧД, 5-р хороо, Orange Plaza
Да - Ба | 09:00 - 18:00
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.