1962 онд Их Британийн иргэн Брендон Гримшоу Сейшелийн арлуудад орших хүнгүй жижиг арал худалдан авчээ. Тэрээр энэ арлыг 13,000 ам.доллараар авсан бөгөөд тухайн үед 40 нас хүрээгүй байв. Сонины эрхлэгчийн ажлаа орхин, 50 жилийн турш хэн ч хөл тавиагүй тэрхүү арал дээр амьдралаа шинээр эхлүүлэхээр шийджээ.
Орчин цагийн Робинзон Крузо шиг Брендон хөрш арал дээр амьдардаг Рене Лафортин хэмээх хүнийг олж танилцан, хамтдаа уг арлыг өөрчилж эхэлсэн байна. 39 жилийн турш тэд 16,000 мод тарьж, таван км орчим явган хүний зам байгуулан, мөн 100 гаруй аварга яст мэлхийг арал дээр нутагшуулж, энэ зүйлийг мөхлөөс аварчээ. Түүнчлэн Брендон 2,000 гаруй шинэ төрлийн шувууг аралд авчирснаар урьд нь эзгүй, хоосон байсан уг арал амьтдын диваажин болон хувирсан байна. Өнөөдөр уг арал нь Сейшелийн арлуудын нийт зэрлэг амьтдын гуравны хоёрыг агуулдаг болжээ.
2007 онд Рене Лафортин таалал төгсөж, Брендон арлынхаа ганц оршин суугч болсон байна. Саудын Арабын ханхүү түүний арлыг 50 сая ам.доллараар худалдан авах санал тавьсан ч Брендон уг саналаас татгалзсан байдаг. Тэрээр “Би энэ арлыг чинээлэг хүмүүсийн хувийн амралтын газар болгож хувиргахыг хүсэхгүй байна. Энэ нь хүн бүрд нээлттэй үндэсний цэцэрлэгт хүрээлэн болсон нь дээр” гэж хэлсэн гэдэг.
Брендоны хүчин чармайлтын үр дүнд уг арал 2008 онд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зарлагдсан юм. Тэрээр 2012 онд 87 насандаа өөрийн хайртай арал дээрээ таалал төгсжээ.