Өвсний сөл хатаад л, өглөө үдэшгүй сэтгэл сэнсрүүлээд л аргагүй намар цаг буцаж явааг сануулах ажээ. Ийм цагаар “Өвгөн шувуу хоёр” хэмээх уртын дууг сонсоход олон зүйлийн тухай бодолд даруулж шүүрс алдуулах... Учир нь энэхүү уянгат уртын дууг жилийн өмнө Соёлын Гавьяат зүтгэлтэн Г.Дадьсүрэн гуай надад хүүрнэж байлаа. Гэвч тэрээр тэнгэрийн орныг зориод жил гаруйн хугацаа өнгөрчээ.Тэнгэрт нэгэн их дууч хэрэг болсон буй за хэмээн тайтгарахыг хүснэ. Тэрээр сэрүүн тунгалаг ахуйдаа энэхүү дууг бүрэн эхээр нь дуулж өгч байв. Үүнийг та бүхэндээ толилуулъя:
.Жаргалтай дэлгэр зуныхаа сард нь
Жигүүртэн олон олон шувуу даа
Гадаад их далайнхаа тэртээгээс
Ганганаж л дэвэн дэвэгсээр
Ягухандаа ирдэг билээ дээ
Олон жигүүртэн та мину зээ...
хэмээн дуулах “Өвгөн шувуу хоёр” уртын дууг бид багаасаа л сэтгэлд хоногштол сонссоор ирсэн билээ. Нэрээсээ авахуулаад сонирхол татах энэхүү дууны талаар өөрийн хэмжээнд өчүүхэн судлан хүргэж байна. Учир юу хэмээвээс үүлэн чөлөөний нар мэт үзэгдээд өнгөрөх амьдралыг үнэн, худалтай нь туулсан өвгөн хүн гагцхүү үнэнийг л өгүүлэх нь дамжиггүй. Харин яагаад өвгөнийг шувуутай хүүрнэлдэн дуулуулах болов гэдэг бас л сонирхолтой санагдана. Үүний учир нь Монголчууд шувууг бэлгэдсээр ирсэн нь хамааралтай байж мэдэх юм. Түүх сөхөн түр саатаж энэ тухай уншиваас “Монголын нууц товчоо”-ны эхний бүлэгт Бодончар мунхаг урагт үл тооцогдон ах дүү нараасаа салан одож өвсөн өмбүүлд нэг жил харцага шувуу барин тэжээж хавар нугас, галуу бариулдаг тухай гардаг билээ. Түүгээр зогсохгүй Бодончар мунхагийн хоёр ах нь түүнийг сурсаар хойноос нь ирэхэд ойрхон нутаглах иргэд түүнийг “Өдөр бүр нэг иргэн цэгээ уух гэж ирэх бөлгөө. Түүнд нэг харцага бий салхи салхилбал түүний харцагаар бариулсан нугас, галууны өд сөд нь цас мэт бутарч хийсэж ирнэ бодвол түүний гэр нь холгүй биз” хэмээн хэлдэг. Үүнээс гадна "Монголын нууц товчоо"-д Хонгирадын Дэй сэцэн Тэмүжинг бага насанд нь сүй тавихаар Есүхэй баатартай хамт ирэх гэж буйг зөгнөн зүүдлэдэг. Тухайн зүүдээ Дэй сэцэн тайлахдаа “Урьд шөнө би Боржигоны сүлд цагаан шонхор шувуу нар, сар атган миний гар дээр буулаа гэж зүүдэллээ.Есүхэй худ та хүүтэйгээ морилох учиртай байжээ” хэмээн бэлэгшээдэг.
Үүгээр зогсохгүй хүчит бөхчүүд дээ ч эртнээс начин, шонхор, харцага, гарьд хэмээн дан жигүүртний нэрээр цол чимэг өгч байсан байна. Үүний учир нь шувуу шиг хурдан, шуурхай харилтгүй хүчтэй байхын бэлгэджээ. Хожмоо манжийн хааны үед арслан, заан цол гарсан гэж эртний нэгэн сударт бичигдсэн байх юм. Энэ бүгдээс үзвэл Монголчууд байгаль дэлхий болон амьд амьтнаа хайрлан уртын дуундаа гүн ухаан шингээж өгчээ.
"нэхүү дуу нь эртнээс нутаг нутагт тархсан дуу юм. Өвөрмонголд “Өндгөн долоон галуу” нэртэйгээр дуулдаг бөгөөд Өвөрмонголын нэрт уртын дуучин Лхаажав тун сайхан дуулдаг байж. Харин манайд нутаг нутагт өөр дуулагддаг ба “Жаргалтайн дэлгэр” ч гэж нэрлэх нь бий. Үг, ая нь мөн арай богиносож дуулагдсан байх юм. Харин өнөө цагт яг бүрэн эхээр нь дуулдаг байсан хүн бол Дундговь аймгийн Дэрэн сумын харъяат СГЗ, уртын дуучин Г.Дадьсүрэн гуай байв. Түүний дуулснаар заалгах гэж олон хүмүүс хөдөө нутгийг зорин очдог байж. Тэрээр уг дууны талаар ийн өгүүлж байв. “Өвгөн шувуу хоёр” уртын дууг нутгийнхаа баянбараат аялгуугаар бага залуудаа аав ээжээрээ заалган дуулж сурсан. Энэхүү дуу нь айзам уртын дуу бөгөөд эртнээс уламжлагдаж ирсэн харилцаа дуу юм. Маш их гүн ухааны дуу. Монголчуудын байгаль дэлхийтэй харилцаж ирснийг өвгөн шувуу хоёрын харилцан хүүрнэж буйгаар үзүүлсэн. Энэ харилцаа дуу хоёр өөр аяаар дуулагддаг. Өвгөнийг эрэгтэй хүн баянбараат аяаар, харин шувууны дууг эмэгтэй хүн боржигон аяаар дуулдаг. Одоо ганцхан аяаар нь дуулаад байна. Манай энд найр “Түмэн эх”-ээр эхэлж “Өвгөн шувуу хоёр” дуугаар жаргаадаг. Энэ дуунаас хойш уртын дуу дуулдаггүй. Найран дээр энэ дууг бүтэн дуулна гэвэл тухайн найр багадна. Зургаан түрлэгийг нь нэг дугараа гэж үзээд зургаан найран дээр дуулна гэсэн үг. Жаргалтайн дэлгэр гэж зарим нутагт эхний бадгаар нь нэрлэсэн нь бий. Мөн зарим нутаг Эрхэт төр гэдэг уртын дуугаар эхлэж Энх мэндийн баяраар жаргаадаг ч гэдэг.
Аав, ээж хоёр минь манай ээжийг өргөж авсан хүн зааж өгсөн гэнэ лээ. Манай нутагт Лувсандамба гэж бүх дууг бүрэн дуулдаг Богдын даншиг наадамд хүртэл уригдан дуулж байсан хүн бий. Тэр хүний зааснаар манай нутагт бүрэн дуулагдаж үлдсэн. Шувууных нь аяаар дуулдаг нь өдгөө нутагт минь л дуулагдаж байна. Төгсгөлд нь шувууных нь аяаар хоёулаа дуулж дуусах ёстой юм" хэмээж билээ.
СГЗ, уртын дуучин Г.Дадьсүрэн гуайн дуулсанаар бүрэн эхээр нь хүргэе.
Өвгөн: Баянбараат аяаар
Өвгөн шувуу хоёр уртын дуу
Жаргалтайн дэлгэр гурван сард нь
Жигүүртэн олон шувууд та нар минь
Гадагад их далайнхаа тэртээгээс
Ганганан гунганаж дэвэн дэвэгсээр
Ягухандаа ирдэг билээ дээ
Олон жигүүртэн та мину зээ
Шувуу:Боржигон аяаар дуулна
Эргэх дөрвөн цагийнхаа дотроос
Эрчимтэй зуныхаа цэцэгт дэлгэр сард нь
Эртний талбисан ерөөлийнхөө хүчээр
Энэ сайхан нутагтаа эргэж ирдэг билээ
Өвгөн ах та мину зээ
Өвгөн:Баянбараат аяаар
Зорьж хүссэн нуурандаа зусаад
Зоргоороо умбан цэнгэж шумбан жаргадаг шүү дээ
Зохистой намрынхаа дулаанхан цагт нь
Жигдрэн зэллээд дэв дэвэгсээр ягухандаа буцна вэ
Олон жигүүртэн та мину зээ
Шувуу: Боржигон аяаар
Өндөр өндөр хангайнхаа шил дээр
Үүл манан цасан будраад ирэхэд нь
Өнөдөө сэрүүн хүйтэн болно хэмээж үү
Өнөтэй дулаан орондоо буцдаг шүү дээ
Өвгөн ах та мину зээ
Өвгөн: Баянбараат аяаар
Өнөд жаргалтай нутагтаа хариад
Өвөлдөө дулаахан байдаг болвол|
Эргэн хойтон хаврынхаа цагт
Энд бас юугахандаа ирнэ вэ?
Олон жигүүртэн та мину зээ
Шувуу: Боржигон аяаар
Жигүүртэн төрсөн маньд чинь
Жигтэй сайхан нутаг байв чиг ээ
Жаргал зовлон аль нь чиг бол
Заяаны хүчээр болдог биш үү дээ
Өвгөн ах та мину зээ
Өвгөн: Баянбараат аяаар
Баян дэлгэр сайхан орондоо
Бахдамаар тэнүүхэн жаргаад та нар минь
Багил ногоон дэлхийгээ цайрахаар
Бас дахин юугахандаа буцдаг билээ дээ
Олон жигүүртэн та мину зээ
Шувуу: Боржигон аяаар
Анх төрж өссөн нутгийнхаа
Алим жимсэнд ундлан ундалсаар байтал
Ахан дүүс амраг садангаараа
Алсхандаа халин халисаар нисдэг билээ дээ
Өвгөн ах та мину зээ
Өвгөн: Баянбараат аяаар
Санаж хүрсэн далайдаа ирээд
Садан амраг нөхөдтэйгээ уулзаад
Санаан зоргоор цэнгэн жаргаад
Салхитай намрын хүйтэн сэрүүхэнд
Сарниж тархдаг чинь юуных билээ дээ
Олон жигүүртэн та мину зээ
Шувуу: Боржигон аяаар
Шинэхэн идэр настай бид чинь
Шилж сонгон явдаг
Өөрийн дураар болдогсон болбол
Өвгөн ах та мину зээ
Өтөлсний учир юусан билээ
Өвгөн ах та мину зээ
Өвгөн: Баянбараат аяаар
Өөрийнхөө дураар болдоггүй
Үйлийнхээ эрхээр болдог биш үү дээ
Үүнийг мөрдөн асуугч өчүүхэн шувууд минь
Өвгөн намайг цэнэнэ үү?
Олон жигүүртэн та мину зээ
Шувуу: Боржигон аяаар
Цэнэх бардам санаа биш
Цэцэрхэн хэлэх үг бас биш
Өвгөн буурал ах таныхаа
Өтөлсөний учрыг асуусугай
Өвгөн ах та мину зээ
Өвгөн: Баянбараат аяаар
Өтөлнө гэж өтлөө нь үгүй билээ
Өнгөт хорвоогийн жамаар өтлөв би
Орчлонгийн эрхийн ёсчлон дагаж
Өвгөрөн харьж буцдаг маань ёстой л билээ дээ
Олон жигүүртэн та мину зээ
Шувуу: Боржигон аяаар
Өчүүхэн шувууд маныхаа
Өгүүлэн хэлсэн үгсийн маань
Өвгөн буурал ах минь та
Эргэж сайтар шинжиж айлдаарай
Өвгөн ах та мину зээ
Өвгөн: Баянбараат аяаар
Ашид тэнэгэр далайнхаа захад
Арвигун тансаг жимсийг идээд
Аливаа сайхан үгсээ хүүрнэлдээд
Амгалан мөнхөөс мөнхөд жаргацгаая даа
Олон жигүүртэн та мину зээ
Шувуу: Боржигон аяаар
Өвөл үгүй зунаараа байгаасай
Өвчин үгүй жаргалтай амгалан байгаасай
Хавар үгүй намар байгаасай
Харидаггүй мөнхөөрөө байгаасай
Өвгөн ах та мину зээ
Өвгөн: Баянбараат аяаар
Өтөлж зөнөлөө хэмээн яана вэ?
Эрлэгийн газраас элч ирэхийн цагт
Эргүүлж буцаж болдоггүй болов уу даа
Энэхэн орчлонгийн жам ёсыг дагадаг шүү дээ
Олон жигүүртэн та мину зээ
Шувуу: Боржигон аяаар
Өвгөн ахаа та минь өргөөндөө мэнд
Өчүүхэн шувууд бид чинь замдаа мэнд
Эсэргэн хойтон хаврын сардаа
Энэ мэт учран хүүрнэе ээ
Өвгөн ах та мину зээ
Өвгөн: Баянбараат аяаар
Сая бумаараа шувуудаа та нар минь
Санаж хүссэн өлгийдөө сааталгүй аялан зорьж хүрээд
Самуурч будилалгүй
Сайхан цэнгэж жаргаарай даа
Олон жигүүртэн та мину зээ
Өвгөн шувуу хоёр хоёулаа дуулна
Энэ дуугаа дуулан дуулаад
Эх дэлхийнхээ элгэн садан бүгдээрээ
Эрхт гэгээн төрдөө
Эгнэгт ивээгдэж энх амар жаргалтай дуулцгааяа
Өвгөн ах та мину зээ хэмээн дуулан жаргаадаг байна.
Уг дууны цаад утга нь эргэх дөрвөн улиралд нүүдэллэн амьдардаг Монголчуудын далд ухамсар, түүгээр зогсохгүй байгаль бол мөнх юм, харин хүний амьдрал үүлэн чөлөөний нар лугаа үзэгдээд өнгөрөх хоромхон зуур юм гэдгийг болоод тэрүүхэн хугацаанд хүн үнэн хийгээд зөв амьдрах ёстойг сануулжээ. Үүнээс гадна “Цэцэгт сар” хэмээн нэрлэж буй нь ч дөрвөн улирлаа хүртэл нүүдэлчид ямар яруухан нэрлэж байсныг илтгэж байна. Энэ дууны Х.Сампилдэндэв гуайн эмхтгэсэн “Монгол ардын дуу” номд байх өөр нэг хувилбар нь Г.Дадьсүрэн гуайн дуулсантай зарим хэсгээрээ таардаг. Үүнийг сонирхуулбал,
Тэнгэр хийгээд хүний бие
Тэгш сайхнаас сайхан жаргаад
Төгс хувьтай буяны үүдэнд
Түдээ нь үгүй бүрэн жаргацгаая
Олон жигүүртэн та мину зээ
Ашид голын эхний уужимд
Агар зандан сэнгэнэн ганхах адилаар
Ахан дүүс та бүхэн бүгдээрээ
Амар тунгалгаас тунгалаг жаргацгаагаарай
Урьд лавласан нэгээхэн зүйлийг чинь
Ухаж сэхээрээд дахин хариулах мину
Залуу насанд заавал шинэрэх нь ч зөвөө
Заяа тавилангийн хязгаарын хязгаарыг
Зааглан олох хэрэгтэй шүү
Олон жигүүртэн та мину зээ
Үнэт баян сургаалыг тань сонсож
Үүрдээс үүрд бид дагана
Үүнээс бусдыг хэрхэн гэж боддогоо
Өгүүлж гийгүүлж өгвөл зүйн зохистой
Өвгөн ах та мину зээ
Нийгэм хорвоогийн нийлж салах замыг
Нийт замнан замнагч хүндэтгэнэ
Харин тэгэхдээ ханадаггүй шуналтай
Хальж хальтрах нь хаа нэг байх л юм даа
Олон жигүүртэн та мину зээ
Алдаж халихын бэрхийг үзэлгүй
Амар амгалан явж байх
Арга ухаан аль алинд нь байна уу даа
Ах та соёрхон хэлж өгвөл зүйтэй байнам даа
Өвгөн ах та мину зээ
Тунгалаг ариухан явах ёсон
Тун чиг хэцүүгээс хэцүү байдаг даа
Тэглээ ч гэсэн ааль зан төвшин
Төв даруухан бол ончтой байдаг л юм даа
Олон жигүүртэн та мину зээ
Ихэрхэн бардахаар түрий барьж
Ид шид болгон байх биш
Ариухан номын сургаал
Ая ухаанаас ухаан байдаг ёсон буй болов уу даа
Өвгөн ах та мину зээ
Омгорхон авирлахыг хүлцэн барьж
Ойр холхиор нийцэн зэрэгцвэл
Нуур ч амар нугас ч амгалан
Нутаг тэнэгэрээс тэнэгэр байнам билээ дээ
Олон жигүүртэн та мину зээ
Хан буурал ах минь та
Халин дэвэн дэвэгч бид нарт
Хайлан эрдэнэт сургаалаа илгээсэнд
Хамаг олон шувуу хариу талархал хүргэе дээ
Өвгөн ах та мину зээ
Бууралтан азайрах ёс
Буян хишгээс хүнд үү
Бусад юу юунд байдаг тухай
Буурал ах та соёрхож өгнө үү
Өвгөн ах та мину зээ
Өнгөт хорвоо нь өдөр шөнө үгүй
Өдөржин өсөж дэвшдэг юм
Үеэ барсан нь хойшлогддог юм л даа
Үймэн жингэнэгч та нар минь мэдтүгэй
Олон жигүүртэн та мину зээ
Авъяас билэг гүн ах минь
Асар бөөрөнийгээс бөөрөнхий бөөрөнхий орчлон доо
Алс хэтээ гийгүүлэн хувиргаж
Айзам найрагтаа умбан сууж байгаарай даа
Өвгөн ах та мину зээ
Зээлэх дууны агуулга утга нь
Жаргалтай дэлхий гэдэг нэртэй юм шүү
Эрдэмт мэргэд нараас найрууланхан
Эгшиглэн шүлэгсэж урьсанхан дуу юм шүү
Олон жигүүртэн та мину зээ хэмээжээ.
Харин судлаачид уг дууны талаар “Энэ бол харилцаа дуу юм. Харилцаа дууны эхний олдвор нь Монголчуудын бичиг үсгийн хамгийн эртний дурсгал "Алтан ордны үйсэн дээрх бичгиг"-т гардаг эх хүү хоёр харилцан дуулсан буйгаар илэрхийлэгддэг. Эрт үеэс дуугаар харилцдаг тохиолдол энд гарч буй юм. Тухайн үед хоёр бие хүн харилцан дуулсан бол дараагийн түвшинд шувуу ярьж байгаа юм шиг өгүүлэн дуулсан нь уран сайхны боловсруулсан эртний хэлбэрээ хадгалсан дуу гэдэг нь харагдаж байна. Энэ дууг хоёр өөр аяаар дуулдаг. Эртний харилцаа дуу гэдэг нь харилцан дуулна гэдэг маш их сонин. Үүнээс гадна хандах дуу ч гэж мөн бий. Тухайн дууг гэж буриадууд илүүтэй дуулдаг байжээ. Агуйд даяан хийж байгаа ламын дуулсан дуу ч гэж байгаа. Энэ бүгдээс үзвэл эртнээс л харилцан дуулж хэн нэгэнд хандан дуулсаар ирсэн байна. Харин гүн ухааны талаасаа шашны болон монголчуудын гүн гүнзгий ухаан шингэсэн дуу юм” хэмээж байлаа.
Тус дууны талаар Ж.Бадраа гуай “Монгол ардын хөгжим” номдоо ийн бичжээ. “Уртын дуу түүхэн урт хугацааг туулахдаа агуулгын хувьд улам баяжин нэмэгдсээр иржээ. Дуулагдах хэмжээний хувьд богинын дуу харьцангуй бага гурваас таван бадаг байдаг бол уртын дуу 32 түрлэг байна. Тэр дуунуудын нэг нь “Өвгөн шувуу хоёр”, “Бор борын бялзуухай” зэрэг дуунууд юм. Уртын дууны онцлог нь туулсан түүхийн нугачаанд хэл найруулганд ч мөн нөлөөлсөн байна. Тухайлбал “Өвгөн шувуу хоёр” дууны тухайд:
Жаргалтайн дэлгэр зун-у сар-а-ду
Жигүүртэн олон шибуган та мину
Гадагадух еэхэ далай-еин зах-а-аца
Ганганагад дэбигсэгэр яагун-ду ирэгэ-буй
Гэж дуулах ба бүхэл бүтэн өгүүлбэр нь ном бичгийн хэлний үгээр бүтсэн. Үүнээс үзвэл уртын дууны хэл бичгийн хэлний бус харин ярианы хэл бичдэг журам хоёр нийлж байсныг харуулж байна.
Энэхүү дууг Хэнтий аймгийн Хэнтий сумын Самын Гомбо хэмээх нэрт уртын дуучин бүрэн эхээр нь дуулдаг байсан ба энэ дуучны аяаар бага арвац “бага децима” буюу арван өрөг үсэрдэг юм. Энэ нь цойлсон нарийн өнгөнөөс гэнэт бүдүүн өнгөнд, бүдүүн өнгөнд маш хол үсрэн шилждэг үсрэлт ихтэй гэж хэлж болно гэжээ. Мөн их дээд сургуулиудын хөтөлбөрт уртын дууг заах ёстой, тэр тусмаа “Өвгөн шувуу хоёр” зэрэг гүн ухааны дууг залуу үеийнхэн илүү таниулах ёстой" гэжээ.
Харин уртын дуучин Ж.Дорждагва гуайн “Их дуучын яриа II” номдоо "Их Лувсанбалдан гуайгаар Самын Гомбо гуайд их олон сайхан уртын дуу заалгасан гэнэ лээ. Түүний дотор “Өвгөн шувуу хоёр” уртын дууг ч мөн заалгажээ.Энэ хоёр дуучны дуулах ая нь дээш доошоо ижил боловч хийц нь арай өөрөөр дуулна. Зарим үгнийхээ урд багтаадаг байсан. Ер нь хуучны сайн дуучид “Өвгөн шувуу хоёр”-ыг дуулдаг байсан. Тухайлбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Бууран” хэмээх Ц.Пүрэв гуай ч мөн дуулдаг байсан" хэмээн дурссан байна.
Өнө эртнээс нэгэн шувуу нисэн ирж өнгөт орчлонгийн бүх л явдлыг хүүрнэж өдгөө бидэнд сургаал захиасаа дуулан өгүүлэх нь гайхалтай. “Өвгөн шувуу хоёр” уртын дууг сонсоход бид эх дэлхийгээ хайрлан хамгаалж чадаж байна уу, үхэшгүй мөнхийн амьдралд үнэн зөв амьдарч чадаж байна уу гэж өөрөөсөө асуумаар санагдана. Өвгөн ахын дуулснаар ахин дахин сонсоход сэтгэл нялхарч, нулимс ивлэх ажээ.