Манай Interview сэтгүүлийн шинэхэн дугаарын хуудсыг нээж байгаа эрхэмсэг хатагтай, ноёд оо.
Та бүхэнд монголчуудын хамгийн жаргалтай мөчүүдээ эдэлдэг нов ногоон, бас цэв цэнхэр зуны мэндийг хүргэе. Магадгүй та аялахаар хаа нэг тийшээ гарах гэж байгаа, эсвэл гэртээ тансагхан шиврэх борооны чимээнд тухлан, эсвэл тансагхан кофешопт цонхны дэргэд амттайхан кофегоо захиалчихаад манай хуудсуудыг эргүүлж суугаа байх. Тийм ээ, бид таны амралт чөлөөт цагт хамгийн дулаахан, хамгийн уншууртай, хамгийн ханьтай найз чинь байхыг хичээн ажилладаг.
Энэ дугаараа ч мөн тэр л сэтгэлээ нэгтгэн, олон сонирхолтой зочдыг урьж ярилцан, тэдний гайхам өөр өөр ертөнцийг нийтгэн байж бэлтгэлээ.
Манай энэ дугаарын хүндэт зочноор хоёр үгэнд багтаан хэлбэл дэлхийн дуучин Ганбаатарын Ариунбаатар уригдсан юм. Бөмбөрцгийн дуучин, дэлхийн шилдэг баритонуудын нэг, Монгол Улсын Чингис хаан одонт дуучны энэхүү томоохон хэмжээний ярилцлага уншигч танд таалагдана гэдэгт бид ихэд найдаж байна.
Мөн Монголын төрийн хүндэт баавай, Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд, Чингис хаан одонт, Гавьяат эдийн засагч Дашийн Бямбасүрэн энэ дугаарт маань заларлаа. Монголын сэцэн саруул өвгөдийн нэг энэ эрхмийн яриаг та бүхэн минь хайрлан, шимтэн уншаарай.
Эрийн гурван наадам бол манай монголчуудын их баяр цэнгэл билээ. Бид дугаарынхаа агуулгад мэдээж үндэсний өв соёлдоо хүндэтгэл үзүүлж олон сайхан материалуудыг бэлтгэсэн. Тэдний нэг нь Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн ярилцлага.
Өнөө цагийн бөхийн ертөнцөд ид шуугиулж яваа залуусын төлөөлөл, улсын харцага Г.Бадрах, МУСГЗ Л.Цагаандалай нарын ярилцлагууд мөн таны өмнө байна.
За, тэгээд манай Ерөнхий редактор, хэвлэн нийтлэгчдийн дунд нэрд гарсан залуусын төлөөлөл Б.Алтанхуягийн маань Европоор аялсан амтат тэмдэглэлүүд үргэлжилж байгааг мэдэж байгаа биз ээ.
Ард нь бас олон сонирхолтой зүйлс таныг хүлээж байна. Та амтархан уншаарай.