АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн талаар сонгогчдын дунд явуулсан санал асуулгын дүнгүүд, тэдгээрийг тойрсон олон янзын мэдээллүүд дэлхий дахинаа цацагдаж байна. Бид ч энэ талаар тоймлон сонирхуулж байна. 

Сонгогчид өөрөөс нь бусад нэр дэвшигчдийн төлөө ч саналаа өгөх боломжтой байх нөхцөл байдалд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп санаа тавьж байгаагаа илэрхийлсээр байгаа. Гэсэн ч түүнд америкийн иргэдийн зүгээс түүнд үзүүлж буй дэмжлэг Америкийн засаг захиргааны одоогийн тэргүүн Жо Байденд хүрэхгүй байгаа юм. Үүнийг энэ оны дөрөвдүгээр сарын дундуур телевизийн NBC сувгийн явуулсан санал асуулгын дүн харуулж байна.

Ардчилсан намаас нэр дэвшигч Байден, Бүгд найрамдах намын Трамп, бие даагч бага Роберт Кеннеди, Корнель Уэст, Ногоон намын Жилл Стайн нараас хэнийг нь дэмжиж байгааг сонгогчдоос асуухад санал асуулгад оролцогчдын 37% нь Трампын, 39% нь Байдены төлөө саналаа өгөх бодолтой байгаагаа илэрхийлжээ. Сонгогчдын 6% хувь нь сонголтоо хийгээгүй байгаа бол бага Кеннеди, Уэст, Стайн нарыг үлдсэн 13% нь дэмжиж байгаа аж. 

Гэхдээ санал асуулгад оролцогчдод зөвхөн Трамп ба Байден нараас сонголтоо хийхийг санал болгоход хуучин ерөнхийлөгчийг 46% нь, одоогийн төрийн тэргүүнийг 44% нь дэмжихээ илэрхийлсэн байна. Тэдний 10% нь сонголтоо хийгээгүй байгаа аж. 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль арван нэгдүгээр сарын 5-нд болох юм. Трамп Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэшихэд шаардлагатай төлөөлөгчдийн саналыг аваад байгаа бол хоёр дахь удаагаа нэр дэвших Байден Ардчилсан намын хангалттай тооны төлөөлөгчдийн дэмжлэгийг хүлээж байгаа. Тэгэхээр дөрвөн жилийн өмнө 2020 оны сонгуульд өрсөлдсөн хоёр нэр дэвшигч дахиад л хоорондоо тулгарах нь нэгэнт тодорхой болжээ. 

Харин Reuters/Ipsos судалгааны багийн явуулсан санал асуулгын дүнгээс харвал АНУ-ын сонгогчид эдийн засгийн хувьд, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Трамп одоогийн ерөнхийлөгч Жо Байденаас илүү дээр гэж үзэж байна. 

Гурван өдөр үргэлжилсэн энэ санал асуулгад оролцогчдын 41% нь эдийн засагт хандах Трампын бодлогыг илүүд үзсэн бол 34% нь Байденыг дэмжжээ. Ийнхүү эдийн засгийн салбарт Трампыг дэмжигчдийн тоо Байденаас долоон хувиар илүү үзүүлэлттэй явж байгаа аж. 

Гэхдээ улс төрийн хэт даврах үзлийн эсрэг болон ардчиллыг хамгаалах бодлогын хувьд санал асуулгад оролцогчдын 38% нь Байденыг дэмжиж, 29% нь Трампыг дэмжсэнээр энэ салбарт Байденыг дэмжигчдийн тоо Трампынхаас есөн хувиар илүү байгаа юм. 

Ийнхүү АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдал нь Байдены дахин сонгогдох найдлагад нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг болоод байгаа аж. Сүүлийн хэдэн жилийн турш хэрэглээний үнийн хурдтай өсөлт сонгогчдыг эмзэглүүлж байна. Харин сүүлийн саруудад мөнгөний ханшийн уналт мэдэгдэхүйц удааширч, ажилгүйдлийн түвшин хоёр жил гаруйн туршид дөрвөн хувиас бага байгаа ажээ. 

Байден эдүгээ 81 настай гэдэг нь сонгогчдын санааг багагүй зовоож байгаа юм байна. Reuters/Ipsos судалгааны багийн явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл Байдены явуулж буй бодлого, үйл ажиллагааг дэмжигчдийн хувь өмнөх сарын 40%-иас бага зэрэг буурч 38% болсон байна. 

Харин 77 настай Трампад төлөвлөсөн эрүүгийн хэргийн дөрвөн шүүн таслах ажиллагаа ид сэдэв болж байна. Эдгээр нь албан бичиг хуурамчаар үйлдэх, 2020 оны сонгуулийн дүнг хүчингүй болгох гэсэн түүний оролдлоготой холбоотой хоёр хэрэгтэй холбоотой юм.

Христосын шашинтнуудыг дэмждэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Трампыг дэмжиж байна. 

“Энэ бол сайн санаа болон хорон санааны хооронд өрнөж буй тулаан. Ерөнхийлөгч Трампад түүний дайснуудын айж буй нэгэн зүйл байгаа. Тэр зүйлийг нь Бурханы ивээл гэж нэрлэдэг юм” хэмээн телевизийн евангелист номлогч Хэнк Каннеман ерөнхийлөгч асан Дональд Трампад тулгаж буй эрүүгийн хэргүүдийн талаар ярихдаа мэдэгдсэн байна. 

Небраска муж улсын пастор энэ хүн Христосын шашинтнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тоонд багтах кабелийн телевизийн мэдээний «FlashPoint» сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо Ерөнхийлөгчийн 2024 оны сонгууль бол Америкийн сэтгэл зүрхийг эзэмдэхийн төлөөх тэмцэл бөгөөд мөрдлөг дарамтад өртөж буй Трампыг бурхан хамгаалж байгаа гэж тэмдэглэсэн аж.

Трамп өөрөө үгүйсгэж байсан хэдий ч эхнэрээ араар нь тавьсан болон хүмүүст бэлгийн дарамт учруулж байсан гэж түүнийг буруутгаж байхад нь ч христосын шашинт евангелист сонгогчид 2016, 2020 оны сонгуулиар түүнийг эрс шийдэмгий дэмжиж байжээ. Одоо Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөж байгаа энэ үед христосын шашинт хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл түүнийг “Дайснуудынхаа мөрдлөг мөшгөлөгтэй тулгарч буй ч, тэр бол бурхны хүсэл зоригийн илэрхийллийн нэг хэсэг нь юм” хэмээн тайлбарлаж дэмжигчдийнх нь хүрээг улам тэлж байна. 

Зарим мэдээ баримтаар өөрийнх нь эсрэг олон ажиллагаа явуулж байгаа нь Бүгд найрамдахчуудын дунд түүнийг дэмжигчдийг цөөрүүлэх биш харин ч улам олшруулахад хүргэж байгаа аж. Өөрсдийгөө бурхны ивээлээр төрсөн гэж үзэгчид буюу протестант-евангелистууд болох 80 сая орчим америкчууд /нийт хүн амын дөрөвний нэг орчим хувь/ Трампын нэр хүнд эрс өсөх үндэс суурь болж байгаа бөгөөд Ардчилсан намын Жо Байдентай хийж буй хатуу ширүүн тэмцэлд шийдвэрлэх нөлөө үзүүлэхүйц сонгуулийн ирц бүрдүүлж ч магадгүй юм. Ийнхүү Трампыг ичгүүр сонжуургүйгээр “Бурхан сонгосон” хүн болгон харуулж байгаа нь сонгуулийн сурталчилгааны үеийн практикт шинэ зүйл болж байна. 

Шашны өргөн нэвтрүүлгийн үндэсний холбооны мэдээ баримтаар христосын шашинтнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд 140 сая хэрэглэгчтэй шашны суртал ухуулгын мянга мянган подкаст, радио шоу, кабелийн телевиз болон урсгал платформууд багтдаг ажээ. 

Хамгийн сүүлд буюу энэ оны дөрөвдүгээр сарын 25-нд АНУ-ын Дээд шүүх Дональд Трампын халдашгүй дархан байдлын тухай түүний мэдэгдлүүдийг зарим талаар дэмжиж буйгаа илэрхийлсэн шийдвэр гаргаж, түүнд амсхийх боломж олгоод байна. Энэ талаар Трамп “АНУ-ын Дээд шүүх халдашгүй дархан байдлын тухай асар чухал хэлэлцүүлэг өрнүүлж, жинхэнэ шүүгчдийн шийдвэр гаргасан тухай би сонссон” гэж мэдэгдсэн юм. Үүний нөгөө талд 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн яллагдлаа хүчингүй болгох үүднээс хийсэн тэмцэлд нь түүнийг дэмжин идэвхтэй үйл ажиллагаа явуулсан холбоотнуудынх нь хувьд хууль хамгаалах байгууллагуудын дарамт нэмэгдэж байгаа юм.

Нийтлэлч Л.Баяр | эх сурвалж: NBC

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав