“Тархинд хуримтлагдсан тэр их дарамт хэрчлээсээр гарч, толгой дэлбэрсэнгүй үлдэв. Би уйлахаа болилоо. Сэтгэл дэх бүхий л буртаг энэ өчүүхэн хэрчээст хуримтлагдсан байж. Байдаг л нэг шарх. Тэгэх ёстой байж, зөв ч юм уу”.
Лилиа эцэст нь ийм л үнэнтэй нүүр тулж байв. Өчүүхэн хэрчээст хуримтлагдсан бүхнээ гаргачихаад уйлахаа больжээ. Зөвтгөл ингэж бий болсноор дараагийн бүхэн эхэлнэ. Урьдаас эхэлчихсэн хувь тавилан, хүний төрөлх араншин тийм ч хурдан бүдгэрдэг, алга болдог зүйл биш.
Нөгөөтээгүүр хайр гэдэг маш өргөн, хүн төрөлхтний зан арангийн хамгийн олон шинжийг агуулсан, уран зохиолын томоохон сэдвүүдийн нэг. Тиймээс уран зохиолд ямар ч шинжээр дүрслэгдэж, илэрхийлж болохоос гадна хүмүүсийн хооронд ч бусдын огт мэдэхгүй, зарим нь мэдэрсэн ч чин үнэнийг илчилж чадахааргүй дүрээр оршиж болно.
Энэ бол Тора Хьерлейфсдоттир хэмээх Исландын зохиолч, яруу найрагчийн “Магма” нэрт бэсрэг роман юм. Ерөөс монгол хэлт уншигчид Тора Хьерлейфсдоттир болон түүний бичсэн зохиолтой анх удаа эх хэлээрээ танилцаж буй агаад Улбар паблишингаас эрхлэн хэвлүүлжээ. Санаанд оромгүй амжилт олж, олон улсад хэвлэгдсэн тус романыг ихэнх судлаач болоод уншигчид хосуудын хоорондох хортой харилцааны талаар өгүүлсэн ном гэж дүгнэжээ.
Хамгийн гол зүйл уг бүтээл баримтат бус уран зохиол гэдгийг санах нь чухал. Нэгэнт сэтгэлзүйн хүчирхийлэл, хүмүүс хоорондын романтик бус харилцааны талаар дэлгэн үзүүлэхийг зоривол дүрийг өгүүлэгчийн үүднээс аль нэг тийш хазайхгүй байхаар л бүтээх болов уу гэж санана. Тиймээс Лилиагийн дурласан оюутан залуу бүх талаараа муу хүний жишээ байхаар зохиолд дүрслэгдсэн ч философич, эртний хэл мэддэг, цагаан хоолтон байж таардаг.
Гоголийн “Невийн өргөн чөлөө” баатрын гол дүр нь нэгэн гоо бүсгүйг олж хараад “Бурхан тэнгэр минь ээ. Юутай тэнгэрлэг сайхан нүүр царай вэ?” гэж уулга алддаг шүү дээ. Гэвч тэрхүү гоо үзэсгэлэн өмхий самхай, тоос шороогоор дүүрэн оромжид аж төрдөг, биеэ үнэлэгч нэгэн байж таардаг. Дүрийн өгөгдөл, үндсэн өгүүлэмжийн шугам нь “Магма”-тай адил. Харин үйл явдлын өрнөл нь тэс ондоо боловч Пирогов замбараагүй зүүд, солиоролд хөтөлсөн гоо үзэсгэлэнгийнхээ эцэст тайвширч хувь тавилан өөрийнх нь бодо санааны яг эсрэгээ бүх зүйлийг түүнд ноогдуулсан болохыг мэддэг. Лилиа ч мөн ялгаагүй дээ. Эцэст нь тэр хүүхэдтэй болсноор тохиолдож асан муу бүхнээс ангижрах гарц дотор нь цохилох бяцхан зүрх болохыг мэдэрч дараагийн амьдрал эхлэснээр зохиол өндөрлөнө.
Тэгэхээр Пироговын дурласан үзэсгэлэнт янхан ч тэр, Лилиагийн эд эс бүхнээрээ хайртай цагаан хоолтон залуу ч ялгаагүй хамгийн муу, арчаагүй дүрийн биелэл байлаа ч шийтгэл амсах ёстой юу? гэх асуулт үүснэ. Ер нь буруугүй хүн гэж бий юу? Хайрлаж дурласан нь Лилиа, эсвээс Пирогов өөрөө. Тэдний дурласан нь буруу биш ч гэлээ уг сэтгэлийг хүлээн авахаас татгалзсан, өөрөөр сэтгэлзүйн хүчирхийлэлд аажмаар автуулж, гутралын харанхуй ангалд түлхсэн нь бусдын хийсэн гэмт хэрэг мөн үү?
Хайр өөрөө ийм байдаг. Зохиолын агуулга нь дүрүүд, хосуудын хортой, буруу харилцаа гэхээс илүүтэй амьдрал гээч, хайр хэмээгч биднээр санаанд оромгүй хачин, ойлгогдошгүй дүрээр учирч болохыг, үүнийг далимдуулан хувь заяа хатуугаар даажигнаж эцэст нь сайн, муугийн нэгийг хувь оршихуйд хүртээдэг гэх үнэнийг илчлэн харуулжээ.
Мэдээж бид уг романаас сэтгэлзүйн хүчирхийлэл гэж юу болохыг харж байна. Найз залуу нь Лилиаг үеэлийнхээ төсгөлийн үдэшлэгт дагуулж очно. Гэвч тэнд болж буй бүхэн үргэлж охины эсрэг, урилга аваад баярлаж хөөрсөн мэдрэмжийг нь хайлуулж орхих халуун цутгамал магма шиг л байна.
“Сарнайн цэцэрлэг дэх шарилж шиг л байлаа. Намайг хэнтэй ч танилцуулсангүй, өөрөө ч хүн хартай үг сольсонгүй, ном шүүрч аваад унтлагын өрөөнд бүгчхэв. Харин намайг зочдын өрөөнд ээж, нагац эгч нар нь сонжоостой”.
Лилиа урьдаас төсөөлөөгүй дарамттай ийнхүү нүүр тулж байна. Уг явдал найз нөхөд, гэр бүл, цахим найзууд, цаашлаад хосуудын бусдаас хараат бус дөрвөн хананы хооронд ч цаг ямагт өрнөнө. Нөгөөтээгүүр ямар нэгэн хүнлэг хайр, өөрийг нь гэх халуун дулаан сэтгэлийг Лилиа хүлээсээр л... Найз залуугийнх нь этгээд зан араншин, өөрийг нь хуурч мэхлэх үйлдэл, хүслээ биелүүлэх авч Лилиагийн хүслийн ямагт эсрэг зүгт хөдлөх, гэр бүлийнхээ үдэшлэгт урьчихаад бусадтай танилцуулахаас зайлсхийх зэрэг нь сэтгэцийн айдас, түгшүүр өөд охины аажуухан түлхсээр байдаг.
Эцэст нь энэ бүхэн Лилиагийн бие махбодиор илрэн гарсныг бид мэднэ. Бичвэр хийгээд дараагийн дэд бичвэрээс бүрэлдэж нэгэн цул алгуулгыг үүсгэж буй романы бичлэгийн онцлог нь Лилиагийн сэтгэлзүйн олон талыг илэрхийлэхэд тун ч ойр байсан биз. Тийм л бичвэрүүдийн нэг нь “Муу” гэх нэртэй. Энд Лилиа анх удаа өөрийнхөө биед хэрчлээс гаргадаг.
Хүсээгүй бэлгийн харьцаа, өөрөөс нь бусдыг илүүд үзэх хандлага, сэтгэлийн зовнил нь ийнхүү биеэр илэрч Лилиа өөрийгөө тодорхойлсноор “гэмтэлтэй бараа” болно. Гэхдээ үүнд бас нэг эсрэгцэл бий болж байна. Хайр авах бус өгөхийн нэр гэдэг. Лилиа мэдээж залуугийн хүссэн бүхнийг өгч байгаа, хэтийдсэн гэмээр бусармаг үйлдэл бүхэнд нь эерэгээр хандаж, түүнийг жаргалтай байлгахын тулд гутаагдаж, өөрийгөө хамгийн сул доройгоор мэдэрч суугаа боловч өгөхсөн гэх сэтгэлийн цаана “авах” хүсэл мөн нуугдаж байгаа нь илт.
Гэхдээ аль нь ч байлаа харилцаа хуучин янзаараа үргэлжилсээр байвал ганцаардлын булш доторх зайгаа тэлсээр байх нь ойлгомжтой. Дүрийг уншигчдад чинээнд нь тулгаж үзүүлэх үүднээс зохиолч бидэнд дунд болдог үнэнийг, заримдаа уран сайхны хэтрүүлэгтэй боловч энгийн үгээр өгүүлсэн нь бий. Хүний дотор орших нууцыг (тэр нь хамгийн ичгүүртэй), бусдад дэлгэж чаддагүй, өөрсдөөс минь хүртэл нуугдах харилцааны үнэнг илчилсэн бүтээл бол “Магма”. Зарим үед бодохын төдийд л тавгүйтүүлж орхидог тийм зан чанар хэн хэнд маань бий шүү дээ. Түүнээсээ ямагт айж явах, дөлж зугтах боловч хэдийнэ үйлдчихсэн байх нь бий. Ердөө хэсэгхэн гэрэл, эсвээс өөр нэг ертөнц л тийм авир араншингаас эцэст нь булгалж дөнгөх үү? Уншигч бүр уран зохиолын өөрийнхөөрөө сэрж мэдэрдэг шиг “Магма”-г уншаад үзвэл асуултын хариу илүү тодорхой болох биз.
Жижигхэн эл номын зурвас адил хүүрнэлүүдэд чухам юу нуугдчихаад тэгж их сонирхол татсан нь чухам хүчлэн дарсан ч ямар нэг хэлбэрээр эргэн сэргэж байдаг, алхам тутамдаа бусдаас нуухыг эрмэлздэг, өөрөөсөө ч заримдаа зэнхийрхэх шиг болдог үнэнг л гойд адал сонин үйл явдлын орооцолдоон, элдэв гоёчилсон бичллэггүйгээр илэрхийлж орхиосонд байгаа болов уу.
Зохиолын төгсгөл ойртох тусам харилцаа улам хүндэрч, Лилиа тэвчээрээ барсан хэдий ч залууг уучлахыг хичээж, “Ийм үзэсгэлэнтэй оршихуйг уучлахгүй байхын араггүй шүү дээ” хэмээн тарчилна. Гол нь тэр өөрийгөө уучлахад бэрх. Ингэснээр эцэст нь болоод өнгөрсөн үйл явдлын хохирогч нь зохиолчийн хувьд цагаан хоолтон залуу болж хувирах шиг сэтгэгдэл төрнө. Үнэндээ “Шийдэл”, “Тэнцвэр” зэрэг бичвэрүүд болоод сэтгэцийн эмчид очдог хэсгүүдэд Лилиагийн амьдралыг зохиолч, Тора Хьерлейвсдоттир өөрөө ойлгохыг хичээж байх шиг санагдана. Хэдийгээр энэ нь мэдээж хөнгөн дүгнэлт байж болох авч аймшигтай түүхийн төсгөл ямагт зохиолчийн оролцоогүйгээр өнгөрч байсан удаа уран зохиолд цөөхөн.
Эцэстээ үнэнийг Лилиа үсээ улаан болгож, өөрийгөө зэрэмдэглэдэг шиг зүйлсээр хулдаад ч яах билээ. Төгсгөлийн бичил хэсэг лав тун хүчирхэг. Тэр хүчирхэг ертөнцийн оюун ухаантай нүүр тултлаа өөрсдөөсөө ч нуумаар юуг туулж гаталдаг болохоо тольдож, басхүү тэрхүү мэдрэмжүүд чухам аль мухраас сэрж өндийдгийг харж болмоор.
“Хоёр дахь зүрх – миний гарц.
Жижигхэн зүрх минь, өсөөч, ургаач, төд удалгүй минийхтэй хамт цохилооч!
Энэ харанхуйгаа намайг гэтэлгэх гэрэл билээ, чи”.
Иймдээ ч уг зохиол хувь хүний хүчирхийлүүлсэн сэтгэлзүйн асуудлын цаад мөн чанарыг төнхсөн, бусдын ахуйд бүрнээ тохиолдсон, тохиодог зүйл болохоос бус хувь хүний мөхлийн түүх биш юм. Гагцхүү хайр, ерөөс амьдрал дээр ч тэд бид заримдаа хүсч, мөрөөдсөн бүхэндээ хүрч очихгүй байх нь бий. Алхам тутамдаа зорилгынхоо төлөө хийсэн болгон ч хүслийн яг эсрэг цутгал болно. Хувь заяаны, хайр дурлалын бидэнд оноодог хачин шоглоом нь тэр. Лилиагийн хэлдгээр “Байдаг л шарх”.