Кино урлагийн онол өөрөө бусад урлагтай харьцуулахад асар богино түүхтэй байдаг. Энэ нь мэдээж цэвэр технологийн хөгжлөөс хамааралтай. Гэвч кино урлагийн хөгжил нь асар хурдацтай байв.

Монголын кино урлаг энэ жил өнгөрсөн оныхтой харьцуулахад итгэж бас эргэлзэж болох олон үйл явдлаар дүүрэн байлаа. Америкийн нэрт зохиолч Фолкнерийн “Шуугиан цухалдаан” гэдэг алдарт романы нэр л гагцхүү тэдгээр үйл явдлыг нэгтгэж хоёр үгэнд багтааж чадсан шиг санагдана. 2018 он гарсны дараахан “Солиот эх” кино нээлтээ хийж хүн бүрийн сэтгэлийг хөндөн, кино театр эхэр татан уйлах үзэгчдээр дүүрэн байв. Ингэж энэ оны монголын кино урлаг үүд хаалгаа нээсэн юм.

Түүнээс хойш адал явдалт, гэмт хэргийн, уянгын, сэтгэл зүйн, түүхэн, инээдэм зэрэг төрөл жанрын бүхий л кинонууд шил дараалан мэндэлжээ. Онцлог нь хэлбэр, дүрслэл, зохиолын агуулгын хувьд ч өөр хооронд нь адилшуулж боломгүй нэлээд хэдэн бүтээл мэндэлсэн билээ. Он улиран зураг авалт хийсэн зарим нэг киног үзэхэд л энэхүү урлагийн үйлдвэрлэл асар ярвигтай нь мэдрэгдэх болно. Гэвч урлаг өөрөө хамгийн харгис мөн чанартай учраас үзэгчид бүтээгчдийн тухай бус бүтээлийн тухай л ярилцдаг билээ.

Энэ жил дэлгэцнээ гарсан бүтээлүүд дундаас “Солиот эх”, “Амьдрал”, “Бумеранг”, “Маш нууц 2”, “Говийн домог”, “Нинжин сэтгэл”, “Mongolian Connection”, “Од ба Гэгээ” зэрэг кинонуудыг онцолж болохоор байна. Учир нь кино зураглаачийн ур чадвар, найруулагчийн шийдэл, багийн үйл ажиллагаа, гүйцэтгэл басхүү олон улсын тавцанд хөл тависан зэрэг олон шалгуураар тэд шигшигдэж байна.

СЭТГЭЛД ҮЛДЭЭГҮЙ УЯНГА

Хятадын зохиолч Ван Хэн Жигийн ижил нэрт өгүүллэгээс сэдэвлэн “Х-Түц” продакшны бүтээсэн “Солиот эх” кино дэлгэцэнд амилсан цагаас хойш үзэгчдийг мэлмэртэл уйлуулж шуугиан тарьсан билээ. Уянгын драм төрлийн энэхүү бүтээл нь үндсэн зохиолын шугамаар үйл явдал хэлбэржилтээ олох боловч дүрслэлүүд нь замбараагүй байдал үүсгэх хийгээд тэднийг хооронд нь хүчээр холбочихсон мэт “хиймэл” талдаа өрнөчихсөн юм.

Жүжигчин И.Одончимэг солиот эх болох Номоогийн дүрийг хэтийдсэн гэмээр драм, уянгын халилтай болгож орхив. Үүнийг нь хүмүүс “жинхэнэ дүрдээ орж тоглолоо” хэмээн эндүүрнэ. Харин Т.Бархүүгийн бүтээсэн Зэрмийн дотооддоо асар их зөрчилтэй хүйтэн хөндий дүр нь тэрхүү хүчтэй драмыг зөөллөж нөгөө талаас хэтрүүлэг багатай болгон тэнцвэржүүлж байв.

Кино зураг авалтын гол объект нь Архангай аймгийн үзэсгэлэнт газрууд. Тал, хангай хосолсон тэрхүү сайхан байгалийн өргөн уудам талбайгаар солиот эх хүүхдээ тэврэн хөл нүцгэн гүйж, нөхөр нь морьтой мөшгин хөөх зүсэн бусын үйл явдал нүдний өмнүүр эрээлжлэн хөвөрнө. “Солиот” эх киноны найруулагчид үүнээс өөр объект болчихоор газар олон байсан нь мэдээж. Гагцхүү монгол орны байгалийн сайхныг гадны үзэгчдэд бишрүүлэх, Хоргын тогооны явах аргагүй чулуулаг бүсээр хөлөө уран зүтгэх эхийн дүрийг гаргах гэсэндээ зураг авалтыг тус газарт хийхээр тогтсон мэт харагдана. Тиймдээ ч “Солиот эх”-ийг анхнаасаа дэлхийн тавцанд гаргана гэх томоохон зорилтыг өмнөө тавьжээ. Харин дэлхийн тавцан тус киноны объект биш гэдэг нь цаг өнгөрөх тусам ил болов.

ШИНЭ ТӨСӨЛ БА ЦЭГЦГҮЙ ШИЙДЭЛ

Монгол хөрсөн дээр буусан холливуд хэв маягтай “адал явдал, тулаант” жанрын анхны кино “Mongolian Connection нэрээр мэндэлсэн нь энэ оны кино урлагт онцлууштай үйл явдал байв. Киноны хөрөнгө оруулалтыг монголоос төвлөрүүлсэн бөгөөд гадны продакшнтай хамтарч хийсэн учир дотоодын зах зээлээс гарч, дэлхий дахины жишигтэй нийцэх томоохон зорилгын эхлэл юм.

Уг бүтээл гурван гол дүртэй. Мөрдөгч Ганзориг, Казакстаны гэмт бүлэглэлийн толгойлогч Серик, АНУ-ын мөрдөх товчооны ажилтан Вэйд гурав юм. Мэдээж дасаагүй үзэгчдэд Серик (Санжар Мади), Вэйд (Кайви Лайманнарын дүр онцгой сэтгэгдэл төрүүлнэ. Харин мөрдөгч Ганзоригийн дүрийг бүтээсэн С.Амарсайхан дэлгэцэнд амилуулдаг нөгөө л хуучин тоглолтоо давтав.

Харин зохиолын хувьд бүр ярих зүйл ч алга. Үйл явдлын нэг асуудлыг тойруулан олон дүр гаргаж тавьсан ч огтоос эмх цэгцгүйгээр өрнөнө. Дүрсний эвлүүлгийн ийм нийлбэрийг кино гэж нэрлээд байвал бидэнд урагш алхах шатны гишгүүр ч хэрэггүй болов уу. Кино дуусахад тал нутагт болох үйл явдал, буудалцаан, зодоон зэрэг шахцалдсан олон сүржин сценүүдээс өөр юу ч үгүй хоцров. Гол дүрийн гурван залуу машинаа орхин монголын уудам тал руу алхан орсноос хойших үйл явдлуудаас үзэгчдэд ойлгогдох тодорхой кадр нэг ч үзэгдсэнгүй гэхэд болно.

Америк найруулагч Дрү Томас киног илүү “монгол” гэх тодотголтойгоор бүтээхийг хүссэн нь мэдээж. Харин үйл явдлын холбоос, сэдэв тойрсон тулаанууд зэрэгээс үзэхэд кинонд үндсэн шугам гэж байсангүй. Тиймээс сэтгэлгээний хувьд ч “монгол” гэх тодотгол ерөөсөө алга.

ДОМОГ БИШ ДОМОГ

Яруу эгшиглэнг дуурьсгагч Хан хуурчдын аймаг төрийн эрхийн барьсан жилүүдэд улс орон амар тайван, удирдагчдын бодлого нь уян зөөлөн бодитой оршин байв. Харин Түшмэдийн угсаатнууд тэдгээрийг төрөөс зайлуулан өөрсдөө эзлэн захирснаас хорин жилийн дараа домог өрнөх буюу.

“Говийн домог” кино бол сүр жавхлан, гоо үзэсгэлэнгийн цогц нийлбэр. Бадрангуй дүрслэл, яруу эгшиглэнгийн хоршилоор дэлгэцэнд өрөгдсөн бүтээл юм.

UBS телевизийн кино группын хамт олон “Содура” киногоор цаатны амьдрал, ёс заншил, бүдгэрэн замхарч буй үндэстний түүхийг өгүүлснээс хойш улирал дамнуулан зураг авсан нэгээхэн том бүтээл нь “Говийн домог” байв. Гэвч сүр жавхлан, гоо сайхны талбар болсон тус бүтээл морин хуур, хаад ноёд, тэдгээрийн хайр сэтгэл, говь сайхан нутгийн тухай өгүүлэх боловч яг үндсэн утга нь юун дээр зангилаастай оршиж буй нь эргэлзээ төрүүлнэ. Бидний уншдаг үлгэр домгийн цогцлол эндээс харагдахгүй. Энэ бол найруулагч хийгээд кино бүтээгчдийн хийсвэр сэтгэлгээ, оюун ухаан суурилсан бүтээл. Тиймдээ ч домог биш домог болчихоод байгаа юм.

Туршлагатай зураглаач Д.Цэрэнчимэд болон түүний баг хамт олон “Говийн домог”-ийн жинхэнэ аврагчид байв.

МЭДЭХ ХИЙГЭЭД МЭДЭХГҮЙ ТҮҮХ

70 жилийн тэртээ болсон Байтаг Богдын тулгаралтаар “Фантастик” продакшин кино хийж “Маш нууц 2”  нэрээр үзэгчдийн хүртээл болгов. Энэ онд үзэгчдээс хамгийн өндөр оноог тус кино хүртсэн гэхэд хилсдэхгүй. Харин цус, нулимс урссан түүхийг гоёчилж гангалаад дэлгэцэнд амилуулах нь цэвэр урлагаас огт өөр зүйл байв.

Дүрийн хувьд тагнуулч Насанд тоглосон Б.Тамир, торгууд эмэгтэй Буянхишигийн дүрийг бүтээсэн Ц.Алдармаа нарыг онцолж болно. Харин Кан Си Зан буюу жүжигчин М.Баярбатын дүр сонголтын алдаа болов. Мэдээж хэн ч нүүрний хувирал, үйл хөдлөлөөр дүрийг илэрхийлж болох ч гэлээ сэтгэл зүйн талаас ч тэр, харагдах байдлаас ч тэр М.Баярбатад огтоос хувирал байсангүй. Магадгүй энэ дүрд тасгийн дарга Гиваанд тоглосон А.Алтаншагай илүү тохирох мэт санагдсаныг нууцгүй хэлчихье.

Мөн Тамирын дүрийг “Монгол хүн мууранд сүжиггүй” буюу амьтнаар төлөөлүүлэн тайлал хийсэн нь хэтэрхий хөнгөн санагдана. Урлагт ийм үнэмшилгүй, хуурай хоосон утгын тайлал огтоос хэрэггүй байдаг.

Зохиол нь хэдий бодит түүхэнд суурилсан ч “Маш нууц 1” кинотой харьцуулахад хэтэрхий хөнгөн болчихсон мэт санагдана. Эхний кинон дээр жагсаалын даргын дэглэлтээс үүссэн зодоон бослогын хэмжээнд хүрч сүүлдээ улс төрийн томоохон нөхцөл байдалд очно. Төгсгөл ойртох тусам хувь хүний оршихуйн асуудал үгүйлэгдэж, нэгэнт өөрсдийг нь үхсэн хэмээн үзсэн тул эрх чөлөөгөө тунхаглах, амьдаараа ялзрахын аль нэгийг сонгох хэрэгцээ хоригдол болсон цэргүүдэд шаардагддаг. Харин энэхүү драматик байдал Байтаг Богд киноноос үгүйлэгдэх хэдий ч үйл явдал өрнөх эрч хүч нь хавьгүй дайчин, түргэн хэмнэл, хурцадмал хөдөлгөөн ихтэй байв.

ЛАРЬДМА НЭРНИЙ ЗӨВТГӨЛ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээлүүд үзэгчдийн дунд өндөр хүлээлттэй байдаг. “Амьдрал” киног “Ларьдма” киноны удаах анги гэж үзэгчид хүлээн авсан боловч тэс ондоо уран бүтээл биднийг угтсан юм. “Цагаан хадаг” дээрээс үздэг өнөөх бэлгэдлийн элементүүдээр “Амьдрал” кино дүүрэн байв. Ер нь Ж.Сэнгэдорж найруулагч киноны үйл явдлуудад нэлээдгүй наалдацтай давхар утга илэрхийлэх бэлгэдлийн шийдлүүдийг цөөнгүйгээр тавьж өгдөг зуршилтай.

Ерөөс монгол кинонд урьд харагдаж байгаагүй “эх”-ийн дүрийг товойлгон гаргасан нь тус бүтээлийн онцгойрол байж чадав. Мөн гол дүр буюу Хулангийн дүрийг бүтээсэн Д.Пүрэвсүрэн хамгийн их тээшийг нуруундаа үүрч гарсан нь мэдрэгдэнэ. Гэвч түүний үг хэллэг, яриагаар дүрээ илэрхийлэх нь чадвар нь дүрийн сэтгэл зүй, зан чанарт огтоос тохирохгүй байв. Харин зохиол дээр сайтар ургуулсан ийм дүрийг амимуулахад жүжигчинд дөхөм байсан биз ээ.

Хүү нь алга болсноос улбаалан нэлээдгүй хэдэн үйл явдлын эргэлтүүд кинонд гарах бөгөөд тэр бүхнийг урьдын бүтээлүүдээс ондоошуулан хэлбэржилтэнд оруулахдаа найруулагч өөрийгөө дахин давтсаар байгаа нь ажиглагдана. Хамгийн гол нь итгэж бас эргэлзэж ч болох “Амьдрал” яалт ч үгүй энэ оны онцлох кинонуудын нэг байж чадав.

КИНО УРЛАГ ДАХЬ ГЭГЭЭ

Ж.Бямба найруулагчийн “Алсын удирдлага” Азийн хамгийн том кино фестиваль болох Бусаны олон улсын кино наадмын тэргүүн шагналыг хүртэж байв. Харин энэ онд Их Британийн кино найруулагч, продюссер Иан Эллардайс, найруулагч продюссер Л.Бат-Амгалан нарын ээлжит уран бүтээл “Од ба Гэгээ” кино Бусаны кино наадамд шалгарч дэлхийн нээлтээ хийсэн билээ.

Кино өөрийн гэсэн хэмнэлтэй, хөгжимлөг байдлаар бүтээгджээ. Мэдээж тус бүтээл бүх л шаардлагатай тулгарсан нь дамжиггүй. Гол дүрийн залуу Одын дүрд дуучин Б.Дөлгөөн, Гэгээгийн дүрд реппер М.Номин-Эрдэнэ нар тогложээ.

Өдгөө дэлхий нийт биднийг уудам тал нутаг, уул ус, нүүдэлчин ахуйгаар л төсөөлж хардаг. Тэгвэл монголд ч бас өндөр шилэн барилгатай өөрийн гэсэн хэмнэл, хөдөлгөөнтэй хотын амьдрал байдаг юм шүү гэдгийг илүүтэйгээр харуулсан нь тус киноны нэгээхэн онцлог шинж юм.

Утга уянгын мюзикл жанрт хамаарах эл кинонд “Хөгжмийг чихээрээ бус зүрхээрээ” сонс хэмээн Гэгээ гэх бүсгүй Одод хэлж буй нь гол философи санаа байв. Хөгжмийг тэд ингэж тодорхойлжээ. Харин энэхүү утга санаа бүрэлдэх үйл явц Гэгээгийн ээжийн дуулсан уртын дуугаар дамжин илэрхийлэгдэж байгаа нь нэн олзуурхууштай. 

ДҮРСНИЙ ШИНЭ ХЭЛ

Энд онд хийгдсэн кинонуудаас “Нинжин сэтгэл” хамгийн өндөр үнэлгээг авах бүрэн эрхтэй уран бүтээл байв. Энд сул эхлэл, өрнөл, тайлал гэж байхгүй. Өөлчихмөөр дүрийн тоглолт ч мөн ажиглагдаагүй.

Гол дүрүүд болох Нандин, Зулаа, Мөнхлэй нарын хайр сэтгэлийн асуудлаас үүсэн гарах зөрчлийг нийгмийн амьдралтай холбон тайлбарласан тус кино эцэг эхийн харилцаа, хүний мөн чанар, сэтгэлийн мөс, залуусын элдэв зугаа цэнгэлийн нэг дор цогцлоон бүтээхдээ тун оновчтой шийдлүүдийг барьж авчээ. Дээр өгүүлсэн “Солиот эх”, “Амьдрал” зэрэг кинонуудаас харж болох эх хүний нинжин сэтгэлийг уг киноос ч мөн олж харна.

Хайр шиг хүчирхэг зүйл үгүй. Гэхдээ бидэнд энэхүү нийтлэг, хувиршгүй сэдвийг савхдаж өгөөд аманд хийчихсэнгүй. Киноны туршид олон асуултууд урган гарч, үзээд дууссан хойно ч мөн тэр асуултуудтайгаа бид зууралдсаар хоцорно. Кино хэмээх дүрсний хэлээр нэг туйлт сэдвээс олон зөрчил ургуулж, нийгмийн бүхий асуудал дээр аваачиж тавьсан “Нинжин сэтгэл” яах аргагүй онцлууштай уран бүтээлийн нэг мөн.

Ямартаа ч  эл нийтлэлд үйл явдлыг тоочилгүйгээр киноны дүр, зохиолын тухай түлхүү өгүүлж, өөрийн үнэлэмжээр дүгнэсэн болно. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав