Гол дүрийн Ёнхэ хэмээх эмэгтэй махан төрлийн бүхий л хоолноос татгалзаж цагаан хоол идэх болсноор үйл явдал эхэлнэ. Энэ нь түүний орой бүр давтан зүүдлэх, үйл явдлын өгүүлэмж нь тун чиг хар бараан хийсвэрлэлүүдтэй холбоотой. Тэдгээр зүүд нь гол дүрийн сэтгэхүйн олон талыг илэрхийлэх агаад ерөөс зүрх сэтгэл бус хувь хүний сэтгэлзүйд гарах өөрчлөлтүүд дээр суурилдаг. Эцэстээ Ёнхэ өөрийгөө ургамал болон хувирч буйгаар мэдэрч сэтгэц мэдрэлийн эмнэлэгт эмчүүлэх хүртлээ үйл явдлын шугам туйлдаа хүрнэ. Энэ бол дэлхий даяар ид бүтээн туурвиж буй олон шилдэг зохиолчдын өмнүүр хөл тавьж Нобелийн шагналыг хүртсэн анхны эмэгтэй ази туурвилч болох Өмнөд Солонгосын зохиолч Хан Ганы “Цагаан хоолтон” романы үйл явдал.
Хан Ган бол өөрийн сэтгэхүй дэх дурсамж, улс үндэстнийхээ өв соёл, нийгмийн байдал, түүхийн үнэн, ёс заншил, хүний ёсны олон сэдвүүдийг сэтгэхүйн зураглалаар дамжуулан буулгаж түүнийгээ асар нарийн, онцгой зохиомжоор дэглэн үзүүлдэг зохиолч мөн.
“Цагаан хоолтон” роман гэхэд л зохиомж нь ерөнхий гурван бүлэгтэй. Гэвч энд гол дүрийн дуу хоолой төдийлөн үүрэггүй. Эхний “Цагаан хоолтон” хэмээх бүлэгт эхнэрийнхээ гэнэт махнаас гарах болсон шалтгаан, түүний зан байдал, сэтгэхүйн өөрчлөлт, үйл явдлын туйлдаа хүрсэн гэр бүлийн тэмцлийн тухай нөхөр нь хүүрнэх бол “Монгол толбо” хэмээх дэд бүлэгт Ёнхэгийн хүргэн ах өгүүлэмжийг цааш хөтөлнө. Харин төгсгөлийн “Асаж буй модод” бүлэгт гол дүрийн эмэгтэйн эгч болох Инхэ бүх үйл явдлыг төсгөлийг зангиддаг.
Энэ бол өгүүлэмжийн ямар нэгэн онцгой хэлбэр бус агаад зөвхөн шинэ зүйлийг бүтээх уран бүтээлчийн эрмэлзэл, хэний ч олж нээгээгүй, цаасан дээр буулгаагүй арга барил юм. Уг онцлог шинжийг нь түүний “Хөвүүн ирлээ”, “Цагаан ном”, “Грек хичээлүүд” зэрэг бүтээлүүдээс тодорхой харж болно.
Тэмцэхүй
Ёнхэгийн цагаан хоолтон болох шалтгаан зүүднээс үүсэлтэй. Хар ойн үйл явдлаар эхэлж ямагт махан хүнстэй холбогдон үл аврагдах гүн харанхуй руу сүнс, сэтгэлийг шидэж орхих хар дарсан зүүднүүд. Гэвч тухайн зүүдний ёгтлол хийгээд нөхрийнх нь хандлага, гэр бүлийн эсэргүүцэл зэрэг нь нийгмийн дарамт шахалт эмэгтэй хүнд хэрхэн нөлөөлдөг болохыг сануулсан зохиолчийн тэмцэл гэж дүгнэхэд буруудах зүйлгүй.
Цагаан хоолтон болох замыг сонгосноор, өөртөө үнэнч байснаараа Ёнхэ бусдад гадуурхагдаж, нөхөр нь хүртэл орхин явдаг. Түүний эцсийн найдвар болох хүлээн авч, ойлгох учиртай гэр бүл нь дарамт шахалт үзүүлснээр тэмцэл нь туйлдаа хүрнэ. Зохиолын нэгдүгээр бүлгийн эл хүчтэй өрнөл гол дүрийн цаашдын хувь заяаг тодорхой болгож өгдөг. Аав нь охиныхоо ам руу гахайн мах чихэхийг оролдоход Ёнхэ аманд нь орсон үмх махыг нулимж хаяад дараа нь гарынхаа бугуйг зүсэж орхино. Ерөөс Хан Ган тус зохиолын дүрүүдийнхээ зан араншинг ийм эрсхэн үйлдэлд алгуур бэлддэг агаад уншигчид харин огтоос санамсаргүйгээр мөнөөх урхинд нь хөл тавьдаг. Зохиолын эл хэсэгт эцгийн эрхт ёс, хүчирхийллийн сэдэв хүчтэй хөндөгдөх хийгээд үүнийг байж ядан эсэргүүцсэн зохиолчийн хашхираан нэвт мэдрэгддэг.
Гэвч хүүрнэл алгуурхан цааш хөврөх тусам Ёнхэ сайн хүн, аав нь муу нэгэн гэх хоёр туйлын дэнс аажмаар үгүй болно. Ихэнх уншигчдад нэг бол дайсны, эсвээс манай талын дүрүүд, тэдгээрийн хоорондын тэмцэл илхэн харагддаг. Сонгодог, адал зохиолын өгүүлэмжүүд он удаан жил энэ маягаар хөвөрсөн. Гэтэл реалист уран зохиолын хүчирхэг жишээ болсон Ф.М.Достоевскийн романы дүрүүдийн эцсийн дэнсэнд өгүүлэгддэг шиг ерөөс аль нэг адгийн хүний дүр Хан Ганы романд бүрэн төгс байр эзлэхгүй. Тиймээс зохиолчийн тэмцэлт санааны далд егөөдөл нь хүнийг аль нэг үйлдэл, бусармаг шинжээр нь хэт амархан дүгнэх боломжгүй гэх утгыг давхар агуулна.
Нийгэм хүнийг хүн чигээр нь үлдээдэггүй, заавал өөрчилдөг. Нэгэнт бий болгосон тогтолцоо, хүмүүс хоорондын харилцааны мөнхийн зөрчил нь “бие хүний үзэл хандлага”-аас болж ямагт эсэргүүцэлтэй тулгардаг. Харин Ёнхэгийн дүр энэ бүгдтэй зөрчилдсөний эцэст амьдралыг орвонгоор нь эргүүлсэн сэтгэхүйн асуудалтай нүүр учирч байна. Үүнийг зөвхөн өөрийгөө ургамал болон хувирч буйгаар төсөөлж ахуй солиорсон нэгний үйлдэл хэмээн харах нь өрөөсгөл.
Чухамдаа Гётегийн үзлээр хувь хүний сүнсэнд орчлон ертөнцийн нэгэн адил юу ч хэт өндөр эсвээс доогуур байрь суурь эзэлдэггүй агаад нийтлэг нэг түвшинд оршдог. Ёнхэгийн дүр, гэр бүлийнхэнтэйгээ сөргөлдсөн тэмцэл нь үүнийг бидэнд сануулдаг билээ.
Хүлцэхүй
Хүлцэнэ гэдэг чимээгүй атлаа үзэсгэлэнтэй. Тийм нам гүмийн дундах жигтэй агаад ерөөс хүмүүн ёсонд нийтийн үзлээр үл таашаагдах хайр болоод дур хүслийн талаар Хан Ган шиг зоримог илэрхийлсэн эмэгтэй зохиолч ховор. Авьяас, ур чадвараас гадна “үнэн” гэх туйлын тогтворгүй чанарыг байгаа чигээр нь бусдаас эмээлгүй туурвисан эр зориг түүнийг уран бүтээлчийн хувьд хангалттай илэрхийлж чадна.
Харин зохиолын хувьд хоёрдугаар бүлэгт өгүүлэгдэх Ёнхэгийн хүргэн ах болох уран бүтээлчийн дотоод зөрчилдөөн, эхнэрээсээ илүүтэй охин дүүгээ гэх дур хүслийг судлаачид олон янзаар тайлбарласан байдаг. Ямар нэгэн хэмжээгээр хүүрнэлийн өгүүлэмжийн онцлогт голлох сэдвээ алдалгүйгээр анх үүсгэсэн шугамаараа цаашлах зүй тогтол хэрэгтэй боловч үйл явдлын өрнөл тэс өөр байх учиртай. Тийм этгээд шинэ санааг зохиолч эхнээсээ төлөвлөсөн байсан нь дамжиггүй. Урлаг байгальтай эвсэн нийлэх орон зайд ямагт хүн төрөлхтний үйл болзошгүй аюулыг тээн дөтөлдөг. Магад экосистемийн тэнцэржилт алдагдах нь хил хязгаарын дээсийг зөрчсөн хүний үйлдлээс л шалтгаалдаг биз. Түүнийг Хан Ган шиг бичээч хэрхэн дам бэлгэдлээр чадамгай бий болгож, сүйрлийн нүхийг томруулан ухсаар уншигчдаа бүхэлд нь унагаж орхидгийг бид “Монгол толбо” бүлгээс үзнэ.
Ёнхэ юуны учир хүргэн ахынхаа этгээд саналд зөвшөөрдөг болох нь уншигчдад илхэн шүү дээ. Нүцгэн бие дээрх ургамал, цэцэгс л түүнийг эл үйлдэл рүү татдаг. Гэвч тэр ухамсаргүй бус цоо эрүүл ухаанаар үүнд хандсан гэж хардвал зүйтэй. Үгүй аваас зохиол эсрэг чигтээ, ерөөс зохиолчийн бус дийлэнх уншигчдын хүслээр өрнөх байсан болов уу. Аз болоход Хан Ган уншигчдыг бус харин өөрийгөө, зохиолын дүрүүдээ хүлцэж чаддаг нинжин сэтгэлтэн ажээ.
Тайвшрахуй
Зарим роман олон дүртэй, тэдгээрийн ертөнцийн гүн рүү шунган ороод дотроос нь онгичиж, дүр болгоны тавиланг нэгэн шугам руу давхцуулан зурахдаа оюун санааны бэрхшээлд үл няцах зохиолчийн ур чадвартай холбоотой байдаг. Харин Хан Ганы тус зохиол цөөн хэдэн дүртэй боловч шинэлэг санаа, нэгэн хэвийн дүнсгэр хүүрнэлээс залхсан содон дүрслэл, зохиомжийн олон янзын хэлбэршил, өөр өөр өнгөнд агшин бүрд хувирдаг этгээд шинжтэй.
Ёнхэг сэтгэцийн эмнэлэгт байхад зөвхөн түүний эгч болох Инхэ л санаа тавьж очдог. Дүү нь нөхөртэй нь явалдаж, үүнийгээ ер мэдсэн үү, үгүй юу гэдгийг Инхэ ч өөрөө үл ойлгоно. Мэдээж тэр дүүдээ гомдохын хүйтнээр гомдсон ч гэлээ оршихуйнх нь хувьд итгэл алдарсангүй. Тэр дүүтэйгээ уулзаж, санаа зовинож, эмч нартай ярилцсаны эцэст өөртөө ч гомдож үзнэ. Сүүлийн “Асаж буй модод” хэмээх эл бүлэгт зохиолчийн дотоод эмзэглэл нь уншигчдад ил болдог. Хүлцэхүйн үзэсгэлэнд өвч ороосон дүрүүдийнхээ эцсийн тайвширалыг хамтдаа хүртэж буй бичээчийн дүр ширээний ард биежин мэт...
Ёнхэ энэ бүлэгт цагаан хоол ч бус ерөөс юу ч идэхээ болих агаад сувилагчид шингэний дутагдалд орсон түүнд дусал залгахаар оролдоход амь тэмцэн орилдог. Тэр зөвхөн нарнаас энерги авч ургадаг ургамал мэтээр өөрийгөө төсөөлнө. Дүрийн уг зан байдал, сэтгэхүйн өөрчлөлтийг уншигч, судлаачид олон янзаар тайлбарладаг.
Технологийн Воллоре их сургуулийн энэтхэг эрдэмтэд болох Рэйми Жорж, Сунита Венугопал нар тус бүтээлийн талаарх хамтарсан өгүүлэлдээ Ёнхэгийн дүрийг экопсихологийн үүднээс судлан шинжилсэн нь бий. Үүнд олон янзын нөлөө байгааг ч дам өгүүлнэ. Хүн байгалиас хэт хөндийрч тусгаарлагдах нь байгаль орчны хувьд уй гашуу, сүйрлийг дагуулна. Учир нь бидний сүнс байгальтай гүн гүнзгий холбоотой гэж тэд үздэг. Хэтэрхий сүржин онолын тайлбар байж мэднэ. Гэвч сайн бүтээл цаг ямагт олон асуултын тэмдэг дунд уншигчдыг хүлж, түмэн эргэлзээнд хөтөлсөөр байдаг шүү дээ.
Зохиолын төгсгөлд Ёнхэгийн бага насны дурсамжууд оюун санаанд нь хэсэг бусгаар орж, эгч нь түүний “Чамд баярлалаа” гэх хоёр үгийг сонсохдоо хачин их уясаж, агшин зуур тайвширах боловч түүнийгээ лав сэтгэл хөдлөлтэйгөө хослуулалгүй, дүүгээ чанга гэгч нь тэврэх хүслээ хориглон үлддэг. Тэд хамтдаа түргэний машинаар явж байна. Гэхдээ зовниж эмзэглэсэн бус эцсийн аялалд цугтаа гарч буй цоо шинэ эгч дүүс шиг тийм зоримог шийдвэр сэтгэлийг нь эзэмдсэн болов уу.
Нэгэнтээ Фолкнер ямар нэгэн шинэлэг зохиомж олж туурвисан урт, урт өгүүллэгүүдээ нэгтгэсэн метароман бүтээж асан шиг Хан Ган анх тус тусад нь хэвлүүлсэн салангид өгүүллэгээ хооронд нь мэтгэж эл номоо бүтээжээ. Гол нь түүний нэгтгэсэн өгүүллэгүүдийг Фолкнерынх шиг тусад нь унших боломжгүй шиг санагддаг. Тийм л боломжгүйгээс асуултууд үүсдэг. Асуулт гэгч ямагт танин мэдэх хүслийн эхлэл болж Хан Ганы зохиолууд шиг цоо шинийг дотроо агуулдаг билээ.
Зохиолч ийнхүү үргэлжид шинийг эрэлхийлж, сэтгэхүйдээ зураглан буулгасан зохиолын өгүүлэмжээ бүтээл бүрт өөрөөр дэглэж харуулсан нь авьяасын илрэл гэлтэй. Учир нь авьяасын эцсийн ганц утгад агуулагдах мөн чанар нь шинэ зүйл бүтээх ур чадвар хэмээн сэтгэнэм.