Ирэх сарын 4-ний өдөр тайзнаа тоглогдох “Тэнгэрийн хүү” түүхэн туульсан жүжигийн Шагэ гүнжийн дүрийг бүтээж байгаа жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Т.Хулантай ярилцлаа.
-Юуны өмнө танд “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун Шаньюгийн их хатан Шагэгийн дүрд тоглох болсонд баяр хүргэе...
-За баярлаа. Анх 2011 онд МУГЖ Д.Ганцэцэг эгч Шагэ гүнжийн дүрд тоглож байсан юм. Одоо бол миний бие энэ дүр дээр өөрийн хэмжээндээ ажиллаад явж байна аа.
-Дүрийнхээ тухай дэлгэрэнгүй яриач?
-Модун Шанью өөрийн биеэр Хуяан овгоос ёсолж авсан эхнэр нь Шагэ гүнж юм. Уран сайхны дүрүүдийн нэг л дээ. Түүхийн талаас нь ярих юм бол Модун Шаньюгийн бүх хатны тухай тодорхой баримт байдаггүй. Харин хайртай хатнаа Дунхугийн элч нарт өгч явуулсан гэх эх сурвалж бол бий. Гэхдээ тэр хатан нь Шагэ биш.
-Шагэ гүнжийн дотоод ертөнцийн тухай яривал?
-Шагэ гүнж бол яг л усны урсгал шиг уян зөөлөн эмэгтэй. Хуяан бол сэтгэлийн хүч тэнхээтэй, эрдэм номтой бүсгүйчүүдийг төрүүлдгээрээ эртнээс алдартай овог юм л даа. Шагэ гүнж ч энэ овгоос гаралтай. Тиймдээ ч гадаад, дотоод гоо үзэсгэлэн нь тэнцсэн гүнжийн дүрийг бүтээх гэж байгаадаа үнэхээр баяртай байна. Ямар ч дүрийг бүтээхэд судалгаа хийдэг. Түүхэн дүр дээр бол хэд дахин судалгаа хийх ёстой байдаг шүү дээ. Эх сурвалжтай нь танилцаад, судлаачидтай уулзахаас л эхэлж байна даа. Нэг ёсондоо жүжигчид биеийн хөдөлмөрөөс гадна оюуны хөдөлмөрийг ч давхар хийдэг.
-Түүхэн дүр дээр ажиллахад хамгийн хэцүү нь юу вэ?
-Ямар нэгэн жишээ татаж харах боломж байдаггүй. Тиймээс түүхэн дүр гэдэг асар их хариуцлага, ур чадварыг жүжигчнээс шаарддаг. Үүгээрээ ч онцлогтой.
-“Тэнгэрийн хүү” жүжиг 2011 онд анх тайзнаа тоглогдоход та Шива хатны дүрд тоглож байсан. Одоо Шагэ гүнжийн дүрд тоглоход ямар санагдаж байна вэ?
-Тийм. \Инээв\ Шива хатны дүрд жүжигчин А.Ганчимэг тоглож байгаад би дүблёрт явж байгаад дараагийнх нь тоглолтод орсон. Өмнө нь энэ жүжигт тоглож байсан ч гэсэн бүх зүйл шинэ санагдаж байгаа. Найруулагчийн өөрчилж, шинэчилсэн тавилтууд, шинээр орж ирж байгаа дүрүүд хүртэл өөр, өөр хүмүүс байгаа. Нэг зохиол мөртлөө шинэ жүжиг шиг санагдах нь маш сонирхолтой байна. Өмнө тавигдаж байхад нь МУГЖ Д.Ганцэцэг эгчийн жүжиглэлтийг бол харж байсан. Тийм ч учраас аль болох өөрийн оюун төсөөлөлд урлаж буй тэр л Шагэг гаргаж ирэхийн тулд хичээн ажиллаж байгаа. \Инээв\
-Шагэ гүнж, бодит амьдрал дээрх Т.Хулан хоёрын хооронд хэр зөрүүтэй байна вэ?
-Урьд нь тоглож байсан дүрүүдээс маань жаахан өөр л дөө. Ер нь би шулуухан, хурдтай эмэгтэй. Харин энэ удаад урсгал ус шиг зөөлөн хөдөлгөөнтэй, намбалаг хоолойтой хатны дүрийг гаргах гэж хичээж байна. Т.Хулан бол хурдтай хүн байхгүй юу. \Инээв\ Ярихдаа хүртэл их хурдан шүү. Миний хувьд дүр дээрээ ажиллаад явахад тухайн дүр рүүгээ автаад орчихсон байдаг. Үүнийгээ анзаараад үзэхээрээ Хуланд ч бас ийм чанарууд байдаг юм байна шүү дээ гэж боддог доо.
-Та өмнө нь Жүжигчин Б.Шинэбаяртай “Сычуаны сайн хүн” дээр хамтарч ажилласан. Тайзны уран бүтээлд дахин хамтарч байна шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Шинээ маань партнертайгаа эвцэж ажилдаг хүн. Үүнийг нь анх “Сычуаны сайн хүн” жүжиг дээр анзаарч харж байсан. Одоо бол Модун шаньюй, Шагэ гүнжийн дүр дээр хамтарч ажиллахдаа бүр илүү мэдэрлээ. Бусад хамтран ажиллагсдадаа маш их дэмтэй гэдгийг нь онцлох хэрэгтэй байх. Шинээ надаас арав орчим дүү шүү дээ.\Инээв\ Ямар ч байсан бид хоёр партнер болоод ажиллаж л байна даа.
-“Тэнгэрийн хүү” жүжиг дээр Модун Шаньюйгийн дүрийг сонгоход шалгаруулалт хийсэн. Бусад дүрийг бол найруулагчийн сонголтоор тодруулсан шүү дээ.
-Н.Наранбаатар найруулагчтай хамтран ажиллахад нэг гоё зарчим байдаг. Жүжигчнийг шинэ дүрээр таниулж, төрүүлж өгдөг. Энэ удаагийн дүрүүдийг нэлээн бодож, бясалгаж байж сонгосон байх.
-Шагэ гүнжийн дүр өөрөө үзэгчдэд юуг мэдрүүлж хүргэх зорилготой вэ?
-Шагэ бол эмэгтэй хүний сэтгэлийн хат, хатан ухааныг харуулсан дүр л дээ. Бас эр нөхрийнхөө ард бат зогсдог эмэгтэй хүний үнэнч шударга зан чанарыг ч давхар харуулдаг.
-Танд МУГЖ Д.Ганцэцэгийн гаргаж ирсэн Шагэгээс авах зүйл байна уу?
-Авна гэхээр тэр жүжигчнийг дуурайчихна шүү дээ. Миний хувьд арай өөр Шагэг гаргаж ирэхийг эрмэлзэж байгаа.
-Жүжигчин хүнийхээ хувьд анхны Шагэг давна гэж бодож байгаа юу?
-Би тэр мундаг хүнийг давна, давахгүй гэж харьцуулах аргагүй л дээ. Хамгийн гол нь жүжигчин Хулан өөрийнхөөрөө Шагэ гүнжийн дүрийг урлаж, гаргаж ирнэ. /Инээв/
-Та амьдралынхаа маш их цаг хугацааг тайз, дэлгэцийн уран бүтээлд зориулсан. Жүжигчин хүний хувьд ханах мэдрэмж авч байв уу?
-Миний хувьд тайз, дэлгэцийн нийлсэн 40 гаруй дүр дээр ажилласан. Жүжигчин хүн дүрдээ орохын тулд тархиа гашилгаж, зүрхээ урах ёстой байдаг. Зүгээр л байж байгаад нулимс гарчихгүй шүү дээ. Тиймээс бүх дүрдээ хайртай. Нэг инээдтэй зүйлийг онцлоод ярьчих уу.
-Тэг тэг.
-Би “Гэрлэн дохио” гээд олон кинон дээр Сондорын дүрийг бүтээсэн. Амьдрал дээр ч надад байдаггүй, бусад кинонууд дээр ч тоглож байгаагүй тийм дүр байсан юм л даа. Анх удаа маш их аз жаргалтай, ямар ч стрессгүй эмэгтэйн амьдралаар зургаан сар амьдарч үзлээ. Нөхрийнхөө мөнгийг үрчихээд инээгээд сууж байдгаар нь үзэгчид андахгүй байх. Энэ дүрээс би нэг зүйлийг ойлгож авсан юм. Амьдралд заавал стрессдэх шаардлагагүй юм байна. Амьдрал өөрөө дүүрэн асуудал байхад хүндрүүлэх хэрэг юу байна. Бодсоноор болдог бол Сондор шиг л амьдрах юм сан даа. \Инээв\
-“Эмэгтэйн кейс” киноны дүр бол бас л өөр өнгө төрхийг гаргасан шүү дээ. Энэ тухай яривал?
-Би тус кинон дээр давхар продюсероор нь ажилласан. Өөрөө зорьж зохиолоо бичүүлж, ажилласан дүр юм л даа. Урьд нь ажиллаж байсан дүрүүдээс хатуу, хүйтэн эмэгтэйг гаргаж ирэх гэж хичээсэн. Мөн А.Цэгмэд эгч бид хоёрын бороонд норж байгаа “сцена” бол маш хүнд байсан. Яг гүний худгийн усыг галын машинаар авчраад бид хоёрын дээрээс асгасан. Бүтэн өдрийн турш зураг авалт үргэлжилсэн. Хэчнээн зун байсан ч гэсэн гүний худгийн хүйтэн усыг дээрээсээ асгуулах бас чанга шүү. Энэ хэсэг миний өмнө орж байсан зураг авалтууд дундаас зүрхэнд шингэж үлдсэн хэсэг л дээ. Давхар А.Цэгмэд эгч бид хоёр уйлаад, орилоод л... Ганцхан би ч биш бусад бүх жүжигчид ч гэсэн үүнээс хүнд зураг авалтуудад ордог. Хүн бодитоор нь мэдэрч байж л бусдыгаа ойлгодог юм байна. Жүжигчний мэргэжлийг хүмүүс их амархан гэж хардаг. Амархан харагдуулж чадаж байна аа гэдэг нь бид нар тэр дүрийг гайгүйхэн өмсөөд хийчихсэн болохоор тэгж харагддаг юм болов уу гэж боддог. Мөн театр бол алдаа гаргадаг газар биш учраас маш хүнд. Бидний бүх юм үзэгчдийн өмнө ил байдаг шүү дээ. Тиймээс театрын босго өндөр байдаг.
-Эмэгтэй жүжигчдийн давах ёстой даваануудын нэг бол нүцгэн бие гаргах байдаг шүү дээ. Ялангуяа тайзан дээр бол бүр хэцүү байдаг...
-Тэгэлгүй яахав. Маш хэцүү даваануудын нэг. Бид нар чинь бас ар гэр, тусдаа амьдрал ахуйтай хүмүүс шүү дээ. Эмэгтэй гэлтгүй эрэгтэй жүжигчид ч гэсэн адилхан. Манай нөхөр найруулагч хүн тулдаа ойлгодог. Нэг жүжиг дээр ч юм уу, кинон дээр үнсэлцэх, нэг оронд орох тохиолдол гарна. Үүнээс болоод уран бүтээлчдийн хувийн амьдралд үл ойлголцох асуудлууд гарах нь бий. Гэтэл үүн дээр жишээ татах юм бол АЖ П.Цэрэндавга, Д.Мэндбаяр нар байна. Тэд насан туршдаа нэг нэгнийхээ эзэмшсэн мэргэжлийг ойлгож, нэгнээ хүндэлж, өдий хүртэл жүжигчний мэргэжилдээ үнэнч явж ирсэн. Энэ бол маш их сэтгэлийн тэнхээ, хат юм шүү дээ.
Манай бага хүү намайг их харамладаг юм. \Инээв\ “Сычуаны сайн хүн” дээр цээжээ нүцгэлэх болоод гэрийхэндээ хэлсэн юм. Манай нөхөр бол ойлгоод л өнгөрдөг. Энэ мэт олон бэрхшээлүүд гарч ирдэг. Би бол үнсэлцэх ёстой зураг авалт дээр энэ миний ажил гэж боддог. Өөрийгөө ингэж удирддаг гэх үү дээ.
-Та хэр өөрийгөө голдог вэ?
-Мэдээж өөрийгөө голдог. Ийм хүнд дүрүүд дээр бол өөрийгөө их голно. Тайз, дэлгэцийн ямар ч уран бүтээл дээр нурууг нь авч явдаг дүр гэж байдаг. Ийм дүр дээр ажиллахад багагүй шаналах үе гарч ирдэг. Дүрийнхээ зовлонгоор зовохоос гадна болохгүй байгаа өөртөө гутарна. Болоод ирэхээрээ жаахан урам авна. Ямар ч байсан даваад л гардаг даа.
-Жүжигчин хүн өөрт оногдсон дүрдээ бүрэн орох юм бол галзуурах магадлалтай гэдэг. Гэхдээ тайзан дээр уран бүтээлчид дүрдээ хэт ороод, хадуураад явчих тохиолдол ажиглагддаг шүү дээ.
-Тайзан дээр өөрийгөө хянаж байх ёстой. Гэхдээ дүрдээ сайтар орох нь их гоё шүү дээ. Жүжигчин хүний хамгийн том жаргал юм уу даа. Жишээ нь би өөрөө Шагэ гүнжийн дүр дээр ажиллаж байгаа шүү дээ. Нөхрөө санасан эхнэр хүн ямар байдалтай байх вэ. Би өөрөө тийм байдалд орчихсон юм шиг л тогловол үзэгчийг мартана. Заримдаа яаж тоглоод дууссанаа ч нь мэддэггүй. Янз янз л даа. Сургуулилтын явцад бол бүрэн орохгүй, өөрийгөө хянаад явдаг. Яг тоглолт дээр бол өөр.
Бид нар дүр судлахаараа яг сэтгэл зүйч шиг болчихдог. Хүний амьдралд тохиолдож болох бүх сэтгэл зүйн эрчимд орж ажилдаг юм. Маш их эрх мэдэл дунд холбирсон хатан хүний дүрийг өнөөдөр гаргаж байхад дараагийн удаа орон гэргүй архичин эмэгтэйн дүрд хувирах ч жишээтэй. Энэ утгаараа жүжигчний мэргэжил сайхан шүү. Маш олон хүний амьдралаар амьдарч үзэх боломжийг олгодог нь гайхамшигтай.
-Авахыг хүссэн дүрээсээ мултарч байсан уу?
-Байлгүй яах вэ. “Гамлет”-ийн Офелиягийн дүрийн шалгаруултад манай бүх эмэгтэй жүжигчид орж байсан юм. Шүүгч нар оноо тавихад би гуравт орж байлаа. Нэгт А.Ганчимэг, хоёрт МУГЖ Д.Ганцэцэг эгч орсон. Тухайн үед онооныхоо дагуу үндсэн Офелияд А.Ганчимэг, дүблёроор Д.Ганцэцэг эгч ажилласан. Энэ хоёр маань театраас гарсны дараа би Офелияд тоглосон. Эхний удаад мултарсан байгаа биз дээ. \Инээв\
-Таны хувьд алт болсон жүжигчин хэн бэ?
-Ганцхан миний хувьд биш бидний хувьд манай МУГЖ С.Болд-Эрдэнэ ах шүү дээ. Тэр хүнээс суралцах юм маш их байдаг. Энэ хүнтэй нэг цаг үед амьдарч яваадаа маш их баярлаж явдаг даа.
-Тун удахгүй тайзны хөшиг нээгдэх гэж байна. Шагэ гүнжийн дүр бэлэн үү?
-Мэдээж бэлэн. Өөртөө итгэж байна. Гэхдээ доторх айдас бол бүрэн арилаагүй.