Кино урлаг. Бид энэ хоёр үгийг яг хэдийнээс эхэлж доторлох болсон бэ? Магад одоо ч зарим уран бүтээлч замын үзүүрт, зарим нь харин хэдийн зөв замаараа алхаж эхэлсэн болов уу. Үүнийг энэ онд гарсан монгол кинонуудаас харж болно. Кино урлаг зөвхөн уран бүтээлчийн сэтгэлгээ, найруулагчийн арга барил, зохиолын мөн чанараас гадна санхүүтэй үргэлж холбоотой байдаг. Энэ оны эхээр “Баавгай болох сон” уран сайхны кино нээлтээ хийнэ Каннын кино наадамд анх удаагаа монгол бүтээл шалгарав. Мөн оны сүүлээр “Монголын кино урлагийг дэмжих сан” татан буугдахаар болов.
Асуудлууд ар араасаа хөвөрч, өрсөлдөөн ч нэлээд нэмэгдсэн хандалга ажиглагдана. Харин үүн дотроос голлох нь үзэгчдийн кино урлагийн боловсрол нийгэм цаг үе, цахим ертөнц, хэлний мэдлэгээс шалтгаалан жил бүр улам дээшилж буй нь хамгийн авууштай зүйл мөн. Өдгөө жүжигчдээр маркетинг хийх бус харин олон улсын хамтын ажиллагаа, агуулга, зохиол, хөндөх сэдэв, найруулагчийн ажиллагаанаас шалтгаалан уран бүтээл хэрхэн чанаржиж буйг сайн мэдэх үзэгчид үзэх бүтээлийн сонголтдоо огтхон ч эргэлзэхгүй болжээ.
Ийнхүү энэ онд үзэгчдэд хүрсэн уран бүтээлүүд дотроо онцлох найман монгол киног нэрлэж байна.
ТОЙРОГ
Найруулагч: П.Дэлгэрбаяр
Продакшн: Абсолют пикчерс
Монголын кино урлагт аймшгийн киноны төрөл зүйлийг Холливуудын хуучин арга барилаар дэлгэцэд үзүүлсээр ирсэн. Нэг ёсондоо үндэснийхээ онцлог, газар зүйн байршлыг онцгойлон дэглэх боловч үндсэн агуулга, өгүүлэмжүүд, зохиолын эргэлт бүр нь нэгэн хэвийн, уйтгартайгаас гадна тэр чигээрээ хуулбар. Уран сайхны кино гэхээс илүүтэй контенттэй төстэй.
Харин “Тойрог” уран сайхны кино үйл явдлын шугаман өгүүлэмжтэй нягт холбогдох дүрсний өгүүлэмжүүдээрээ тэрхүү хумигдмал зурвасыг давж гишгэсэн билээ. Үйлийн үрийн сэдвийг нэлээд өргөн тойрогт гүнзгий хунгар үүсгэн оруулж, түүн дотуур чөлөөтэй эргэлдэх сэтгэхүйн цар хүрээгээрээ тус кино онцлогтой. Хүний оюун ухааны цар хүрээнээс давсан ер бусын хүчин бодитоор оршдог агаад үүн дотор нэгэнт гишгэсэн л бол ямар нэгэн өнцөггүй тойрог дотроос гарах боломжгүй.
Гол нь нэгэнт зохиолын өгүүлэмжтэй холбогдох судалгааг сайтар хөгжүүлсэн нь тодорхой дам бэлгэдлүүдээр илрэн гарахыг төгсгөлийн болон, ойд аж төрөн суух хоёр охины хоорондын үйл хөдлөлийн эсрэгцлүүдээс харж болно.
Хамгийн гол нь хүчтэй санаагаа хямдхан үйл хөдлөлийн дүрслэлээр киноны тайллын хэсэг баллаж орхисон оновчгүй шийдлийг л орхивол зохино.
БААВГАЙ БОЛОХ СОН
Найруулагч: П.Золжаргал
Продакшн: Amygdala Films
Найруулагч П.Золжаргалын “Баавгай болох сон” уран бүтээл энэ оны эхээр монголын үзэгчдэд хүрсэн билээ. Тус бүтээл нь Каннын кино наадамд шалгарсан анхны монгол кино хэмээн түүхэнд бичигдэх болов.
Түүх хаанаас бий болдог вэ? Мэдээж хүн тус бүр өөр, өөрсдийн түүхийг тээж явдаг. Тэдгээрийн нийлбэр улс үндэстний туулж буй цаг үе, нийгмийн түүх болон үлддэг. Киноны гол дүр бол өөрийн түүхийг бүтээж буй Өлзий хүү. Түүний дүрээс бид хамгийн гол нь цаг үеийнхээ үнэнийг тольдох боломжтой. Хэцүү, бэрх тийм мөчүүдэд ч хүний дотор амьдралын итгэл найдвар ямар нэгэн байдлаар үлддэг болохыг харуулсан найруулагчийн хүнлэг сэтгэлийн илэрхийлэлийг ч давхар харж болно. Үнэний дараа л гялсхийн үзэгдэх тийм чанарыг дэлгэцэд урлах эр зоригтон бидний дунд байгаа нь юутай зол.
ӨМНӨДИЙГ ЗОРИХ ЗАМД
Найруулагч: С.Баттулга
Продакшн: Хүлэгү пикчерс, Кортоп медиа
Дүрвэгсдийн тухай ээлжит түүх. Умард Солонгосын өндөр дээд албан тушаалтны охин хятадаар дамжин монголыг зорино. “Хүлэгү пикчерс”, БНСУ-ын “Кортоп медиа” компанийн хамтын бүтээл. Гаднын тэтгэлэг болон, хоёр улсын хамтралаар бүтсэн кинонууд монголд цөөнгүй. Бүр нэлээдгүй эртнээс яригдана. Ерөөс кино урлагийг зохиолоос дэлгэц рүү шилжүүлэхэд хамтын бүтээл болдог. Тэгэхээр бидэнд ийм хамтрал цаашдаа тун их хэрэгтэй. Үүгээрээ “Өмнөдийг зорих замд” бол энэ онд бүтээгдсэн онцлох кинонуудын нэг мөн. Үүнээс гадна тус уран бүтээлд солонгосын цөөнгүй “а” зэрэглэлийн жүжигчид дүр бүтээсэн юм.
Алдаа мадаг дундуур туучихаас эхлээд ерөөс монгол хүний төрөлх мөн чанарын нэг элтэс болох сайхан сэтгэлийг үндсэн өгүүлэмжтэйгээ нягт уялдуулан гаргаж чадсан нь онцлууштай. Найруулагч С.Баттулга энэ талын нарийн туршлагатай болох нь улам улмаа танигдана.
ХОЁУЛАА ДУУЛЪЯ
Найруулагч: Л.Таванбаяр
Продакшн: Жаалхүү фильм, Дагинас
Хариулт нь олдохгүй асуултуудаа хүн өөртөө бэлддэг. Шанаагийн машинаар сонсож буй FM-ийн яриан дунд ийм нэг үгс бий. Амьдралын тухай хөндөн ярьж буй хөтлөгчийн нэлээдгүй хэсгийг сонсож болно. Гэхдээ тэр бол зөвхөн дуу хоолой, яриа болохоос жинхэнэ дуу нь биш. “Хоёулаа дуулъя”. Хоёр хүн дуулна гэхээр хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ? Киноны төгсгөлд хэлдэг Намширын үгс дунд найруулагчийн үзэл санаа нэлээдгүй гүн туссан мэт боловч ерөөс дүрүүдийн зөрчил, сэтгэлзүйн гүн дэх эсрэгцлийн хаа нэгтээ зогтусахад үзэгчдэд үлдэж чадах үгс гэж бодном.
Л.Таванбаяр найруулагч хайрлах сэтгэлээр энэ бүтээлийг урлажээ. “Эгч”, “Хамтрагч”, “Хохирогч” хэмээх гурван бүлгээс бүрдэх тус кино хохирогчийн болон давхар гэмт хэрэг үйлдэгчийн сэтгэлзүйг ч орхигдуулсангүй. Тэр дүрүүддээ тун өгөөмөр үзэл бодлын үүднээс хандсан мэдрэмжийг төрүүлнэ. Эгч төгсгөлд нь юуны учир гох дарсан нь ч бас ойлгомжтой. Тийм үйлдэл болохыг урьдаас тааварлашгүйгээр үйл явдал өрнөсөн боловч дүрийнхээ сэтгэлзүйг найруулагч эцэст нь тулгахын тулд “хамтрагч”-ийн дүртэй уялдуулж хөгжүүлсэн. Шалтгаан нь харин хариулт нь амархан олдох асуулт биш. Магадгүй харилцан ярианы тун сайн хөгжүүлэлт, зохиолын дэгс бичлэггүй тус бүтээлийг үзвэл та өөртөө таарсан оновчтой хариулт олж магад. Гэхдээ нэг зөвлөмж хэлэхэд өрөвдөх бус ойлгох сэтгэлзүйгээр л тус кинонд хандахыг хүсье.
ЧИМЭЭГҮЙ ХОТЫН ЖОЛООЧ
Найруулагч: Ж.Сэнгэдорж
Продакшн: Номадиа Пикчерс
Найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит бүтээл “Чимээгүй хотын жолооч” кино өнгөрсөн сарын 21-нд Эстони улсын Таллин хотноо нээлтээ хийсэн билээ. Ийнхүү дэлхийн кино урлагийн “А” зэрэглэлийн “Хар шөнө” наадмаас дэлгэцийн шилдэг бүтээл болох Гранпри болон “Шилдэг зураач”-ийн шагнал хүртсэн юм.
Шүүгчид “Эхний кадраасаа л кино урлагт шинэлэг замналыг донжтойгоор тунхагласан мэдрэмж төрүүлэв. Энэ нь элдэв маяг бус харин утга учир дүүрэн байлаа. Кино ертөнцийн гүн гүнзгийгээс алсруулалгүй ойртуулж буй шийдлүүдээ хүн төрөлхтний бус гэмээр хэр нь эгэлгүй хүмүүнлэг дүрээр баяжуулсан бараан түүх биднийг гайхширууллаа” хэмээн тодорхойлжээ.
Мөн “Asian Movie Pulse” сайтаас гаргасан энэ оны “Шилдэг 30 ази кино” жагсаалтын 22 дугаарт бичигдсэн байна.
Тус киноны зохиолч, продюсераар “Цагаан хадаг” киноны зохиолчоор өмнө найруулагчтай хамтран ажиллаж байсан Т.Номуунзул ажиллажээ. Тэдний бас нэгэн хамтрал энэ оны төгсгөлд дэлхийн нээлтээ хийсэн нь уг кино. Уг хамтрал үр дүнтэй болсныг бид харлаа.
Жич: Киног бүрэн эхээр нь үзээгүй учир дүгнэлт бичсэнгүй. Энэ онд гарсан онцлох монгол киноны жагсаалтад заавал дурдах учиртай гэж үзсэн учир энд оруулсан болно.
ОРЛОН ТОГЛОГЧ
Найруулагч: Б.Амарсайхан
Продакшн: 17
Киноны үйл явдал тун энгийн эхэлнэ. Олон үггүй, урт тайлбаргүй хэсгүүд. Цааш үргэлжлэх үйл явлууд, өрнөлүүд үзэгчдэд сатаарах зав өгөхгүй. Нэг том тааврын хариуг мэдэх гээд догдолж буй мэт л...
Хүн бүхэнд нандин түүх, дурсамж байдаг шиг хэн нэгэнд хэлэх гээд хэлж чадаагүй үгс бий. Түүнийг л хэлчих юм бол аз жаргалтай, эрх чөлөөтэй болох юм шиг. Гэтэл амьдрал байж болох бүх л аргаар хясдаг, бас басдаг. Тэр нь цаг хугацааны уртад ямар их хөндүүрлэл болдгийг орлон тоглогч болсон хүн л мэдрэх байх. Амьдралд, магадгүй амьдралын хамгийн үнэт зүйл дээр бусдын орлон тоглогч байх нь хувь хүний сэтгэл зүй, бусадтай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ? Асуулт маш чухал. Хүн бол нийгмийн амьтан боловч тэрхүү нийгэм доторх үнэт зүйлээ авч үлдэхийн тулд тэмцдэг. Магадгүй өнгөрснөөс үлдсэн дурсамж, тэрхүү дурамждаа чин үнэнч хандах үйлдэл. Цогц өргөн санааны хамаарлаас үүдээс ямар ч асуултыг тавьж болно.
Гэвч үнэндээ орлон тоглогч маань өөрийнхөө орлон тоглогч болчихоод байх шиг ээдрээт дүрүүдийн зөрчлийг киноны уур амьсгал мэдрүүлж эхлэх нь дарамттай агаад түүнийгээ наргиа, зугаа цэнгэл бүхий хөнгөн зураглалуудаар дадамгай нууцалснаар киноны эхний ангиуд хөвөрдөг. Цаашид үргэлжлэх үйл явдлыг таамаг төдийгөөр үлдээж үзэгчдийг урхинд оруулна гэсэн үг шүү дээ. Түүнээс гадна эл кино хайр дурлалын боловч сэтгэл зүйн зөрчлийн шинжтэй. Хайр ямагт хоёр хүний бие биедээ татагдах сэтгэлийн харилцан үйлчлэл, хүч, зоримог шийдвэрүүдээс үүдэн оршихуйд цогцоор бий болж, домог болон хувилах нь тодорхойлогддог. Зөвхөн нэг л талаас харилцан үйлчлэлтэй хайрыг ямагт хагацал дагалддаг.
ПАГМАДУЛАМ
Найруулагч: Б.Ганболд
Продакшн: Хамба фильм
Уг кино нь хувь хүний намтраас гадна өнгөрсөнд болсон үйл явдлын түүхэн үнэнг бодитжуулж харуулна. Аливаа үйл хэргийг бодитоор урлаж, дуу дүрсээр шаглан эмжиж бусдад хүргэх ба үзэгчдэд шинэ төсөөллийн зам нээж өгдөг нь уран сайхны баримтат киноны нэгээхэн онцлог. Ер нь бодитоос бодитойг нээж төсөөллийн мэдрэмжид үзэгчдийг хүргэдгээрээ түүхэн болон баримтат бүтээл хамгийн дурлам төрөл ч байж мэднэ. Энэ онд бид монголын нэгэн сэхээтэн эмэгтэйн туулж өнгөрүүлсэн амьдралыг дэлгэцээс үзлээ. Тэр бол Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам.
Монголын эмэгтэйчүүдийн анхны байгууллагыг санаачилж, удирдан ажиллаж байснаас гадна таван хэлийг эзэмшсэн эл эмэгтэйн түүх дүрсээр амилсан нь энэ оны онцлох киноны нэг зайлшгүй мөн. Уран бүтээлчийн эхнэр, боловсролын зэрэг гэхээс илүүтэй Д.Пагмадуламын туулж өнгөрүүлсэн амьдралыг хураангуйлахдаа түүхэн эх сурвалжуудыг ашигласнаас гадна дүрийн сэтгэлзүйд түлхүү анхаарч үйл явдлыг амьдралын үнэнтэй хослуулан байгаа чигээр нь илэн далангуй нээсэн нь уг киноны онцлог мөн. Бид үнэнийг, зовсон шаналсан тэр бодитой үнэнтэй л учрах ёстой. Үүнээс бус хий хоосон бахархах, гоё сайхан, хосгүй уран бүтээлчийн дүрийг хүлээх хэрэггүй. Тиймээс ч тус кино зорилгоо биелүүлсэн.
ENLIGHTENED
Найруулагч: Б.Чингүүн
Продакшн: Лесмода, Могул пикчерс
Найруулагч Б.Чингүүний "Enlightened" уран сайхны кино АНУ-ын "New York Movie Awards-2024" олон улсын кино наадмын шилдэг киногоор шалгарч, Гран при хүртжээ. Уг бүтээл нь өнгөрсөн аравдугаар сард Япон улсын "TOBA-2024" олон улсын наадамд амжилттай оролцож, 300 гаруй уран сайхны киноноос дэд байранд шалгарч байсан юм.
Киноны үйл явдал Монголын алслагдмал нутаг Хөвсгөлийн тайгад амьдардаг Гэрэл охин аавынхаа үйлийн үрээс болж өндөр хадан дээрээс санамсаргүй унаснаар эхэлдэг. Охиныг Монголд эмчлэх боломжгүй тул Хонконгийг зорино. Ухаангүй байсан охин аавыгаа эмчтэй уулзаад ирэх хооронд сэргэж, алга болно. Энэ үеэр түүний бие дахин муудаж гудманд таарсан Мин гэх эмэгтэйгээс тусламж гуйхад дургүйцэж, туслахаас татгалзана. Энэхүү үйл явдлын дараа Мин авто осолд орсноор нүд нь хараагүй болж, Гэрэлийн эмчлүүлж буй эмнэлэгт ирэх аж.
Тэд тэс өөр хэл, соёлтой ч найзалж эхэлнэ. Харин Гэрэл охин эмчлэгдэх найдваргүй гэдгээ мэдсэнээр Мин бүсгүйн нүдний донор болохоор шийднэ. Хачирхалтай нь, Мин эрүүл болсны дараа нүдэнд нь онгон дагшин уул ус, бөөгийн зан үйл, сүрэг таван хошуу мал харагдаж, Гэрэлийн гэрээслэлийг ааваасаа авснаар Монгол Улсыг зорьж буйгаар кинонд өгүүлнэ.