Шастины нэрэмжит клиникийн III эмнэлгийн зүрхний мэс заслын эмч Б..Болдсайхантай ярилцлаа.

-Хорвоод ирэхдээ хүн хоёр зүйлийг сонгодоггүй. Эцэг эхээ, эх орноо. Та анх Бундангийн Болдсайхан болж иржээ. Үнэхээр азтай юм. Дараа нь эмч Болдсайхан, зүрхний Болдсайхан, нийтлэлч Болдсайхан гээд олон алдраар овоглолоо. Одоо харин яг алин дээр нь зогсч байгаа бол?
-Би бол өөрийгөө Болдсайхан эмч л гэж боддог. Цөөхөн мэргэжил бол мэргэжил биш, амьдралын хэлбэр байдаг. Түүгээр бүр амьдрах ёстой болдог гэсэн үг. Би өөрийгөө эмч хүн л гэж боддог. Аавын нэр нэг талаар надад сайхан л даа. Яагаад гэвэл, миний аав Монголд зүрхний мэс заслыг бий болгосон, Монголын домог болсон эмч хүн. Ийм хүний хүү болж заяасан би азтай байх. Гэхдээ нөгөө талаар аавын амьдрал бол аавын л амьдрал. Аавын нэр бол аавын л нэр. Би өөрийнхөө амьдралаар л амьдрах ёстой.

-Хамгийн сүүлд мэс заслын ширээний ард хэзээ зогссон бэ. Зогссон гэдэг үг хүндэтгэлгүй санагдвал уучлаарай?
-Он гарснаас хойш ажлаасаа чөлөө авсан. Дүү маань өвдөөд, бас нэг хувийн ажил гараад. Тэгэхээр хамгийн сүүлд орсон хагалгаа 12 сард л байх даа.

-Сэтгүүлч хүн байнга бичихгүй болохоор нэг л удаашраад, төсөөрчихдөг. Мэс заслын эмч яадаг бол?
-Тийм юм байна. Гэхдээ яах вэ, 20 жил хийчихсэн. Сэтгэлээрээ бол насаараа амьдарчихсан тэр мэргэжлээсээ нэг их айхтар хөндийрөөд шалихгүй л дээ. Хоёрдугаарт, ямар ч мэргэжил тийм байдаг байх. Сэтгүүлчид ялангуяа тийм байдаг байх. Эмч нар бол бас хоёр гурван янз байдаг. Энэ мэргэжлийг олоод авчихсан хүн байдаг. Олоод, тэр байтугай сайн боловсролыг нь авчихсан хүн байдаг. Бас байгалиасаа мэдрэмжтэй хүн байдаг. Хүн орж ирж байхад л гарын арьсны өнгө, нүүрний байдал зэргийг хараад далд ухамсрынх нь төвшинд оношилгоо явагдаж байдаг тийм мэдрэмжтэй хүмүүс байдаг. Аав тийм эмч байсан. Рагчаа багш, Ичинхорлоо багш тийм хүн байсан. Тэр хүний гар хүрч байхад л тэр хүн дээр бараг MRI шиг оношилгоо явагдаж байдаг тийм гайхалтай эмч нар байдаг. Ичинхорлоо багш, аав хоёрыг бол би яг тийм оношилгоотой эмч нар гэж боддог.

-Харин та?
-Тийм түвшинд хүрэхгүй юм гэхэд харьцангуй мэдрэмжтэй гэж өөрийгөө үздэг. Төрмөл юм нэг их алга болчихгүй байлгүй. Түр л чөлөө авчихаад явж байгаа шүү дээ.

-Харьяалдаг эмнэлэг тань гуравдугаар эмнэлэг бил үү?
-Тийм ээ, нэгдсэн гурвын зүрхний мэс заслын тасаг. Хүүхэд байхаас л энэ газрын орчинд дасч дээ. Намайг тавтай байхад л аав тэнд ажилд орж байсан. Таван настайдаа би аавыгаа дагаад л хөтлөлцөөд хаалгаар нь орж байсан. Тэгж ороход өмнөөс угтсан орчин, үнэртсэн үнэрт нь хүн архинд, тамхинд орно гэдэг шиг л орчихсон. Хамгийн ариун нандин газар, хамгийн сайхан орчин, үнэр тэр л байх гэж бодогддог юм.

-Ямар ч өөр сонголт хайх нөхцөлгүй ийм орчинд амьдарч явсаар мэргэжлээ сонгох болчихсон уу, эсвэл үнэхээр эмч байхаар заяасан хүн гэж өөрийгөө боддог уу?
-Би уг нь өөр орчинд юм уу, өөр гэр бүлд төрж өссөн бол эмч болъё гэж нэг их бодохгүй байсан байх. Яагаад гэвэл би харьцангуй их эргэлздэг хүн. Энэ маань зарим тохиолдолд тийм сайн чанар биш л дээ. Би маш их эргэлзэж, их олон боддог. Хэн нэгэн хүний зүрхийг зогсоогоод, зүрхийг нь нээгээд доторхийг нь засаад буцааж сэргээнэ гэдэг бол өөртөө асар их итгэлтэй, дээр нь нөгөө хүндээ асар их итгэл өгч чаддаг байх тийм чадвартай хүний хийх ажил. Тийм байхыг маш их хичээдэг ч гэсэн дотроо бол би маш их эргэлздэг. Тийм болохоор магадгүй өөр орчинд өссөн бол энэ мэргэжлийг сонгохгүй байсан байх. Гэтэл аав эмч. Ээж эмч. Миний дүү ч эмч. Бүх найз нөхөд нь манайд ирдэг очдог. Бүх орчин тийм л байсан болохоор би тэр үед амьдралаа огт өөрөөр төсөөлж чадахгүй байсан. Хүмүүст аятайхан буухгүй л байх. Тэр бүү хэл өөр ажил мэргэжил утгагүй ч юм шиг санагдаж байсан учраас энэ замаар л явсан. Би нэгдүгээр сур¬гуулийн тооны ангийг төгссөн л дөө. Дунд сургуулиа төгсөх тэр жил тооны улсын олимпиадад түрүүлж байлаа. Өөрөөр явж болох л байсан. Гэвч энэ мэргэжил рүү яваад орчихсон юм даа.

-Хаана төгссөн бэ?
-Энд. Эх орондоо.

-Шинжлэх ухааныхаа үүднээс бүх боловсролыг эзэмшсэн атлаа авъяасгүй эмч нар байдаг гэх гээд байна аа даа?
-Авъяас ч гэж хэлээгүй л дээ. Төрмөл мэдрэмж байх ёстой.

-Оношилгоо гэдэг чинь шинжлэх ухаан биз дээ?
-Аль аль нь. Ер нь анагаах, хүн эмчлэх гэдэг бол ерөөсөө дан шинжлэх ухаан биш шүү дээ. Шинжлэх ухааны боловсрол байна. Түүн дээр мэдрэмж, зөн билэг байна. Дээр нь маш хүчтэй итгэл үнэмшил байх ёстой. Тэрийг өвчтөндөө төрүүлэх ёстой. Өвчтөний хоёр талд юу байдаг вэ. Нэг талд нь эмч, харин нөгөө талд нь үхэл байна. Тэгэхэд өвчтөний сонголтоос л бараг тэр хүн хаашаа явах шалтгаална. Үнэхээр эмчдээ итгээд наашаа сонгосон л бол наашаа явна. Тэгэхээр өвчтөндөө бас ийм хүчтэй нөлөөтэй байх ёстой. Тэгэхээр дан шинжлэх ухаан гэж хэлэхэд хэцүү. Би тооны ангид сурч байсан. Тооны ангийг төгсч байсан. Тэр бол өөр хэрэг. Цаасан дээр хийнэ. Компьютер дээр хийнэ. Тархиндаа хийнэ. Цэвэр шинжлэх ухаан, тооцоо. Анагаах бол үүнээс тэс өөр. Аав минь дээр үед ярилцлагад орохдоо хариулж байсан хариулт бий л дээ. Сайн эмч болохын тулд юу юу байх хэрэгтэй вэ гэсэн асуултад нэгдүгээрт, мэдрэмж гэж хариулсан байдаг. Хүүхэд байхад юу хэлж байгааг нь сайн ойлгодоггүй л байж.

-Хоёрдугаарт нь юу хэлсэн бол?
-Хоёрдугаарт нь, маш сайн боловсрол, оюуны онцгой чадавхитай байх ёстой. Гуравдугаарт нь, сэтгэл зүрх байх ёстой гэж аав хэлдэг байсан. Нэгдүгээрт мэдрэмж гэж хэлэхэд нь ойлгодоггүй байсан. Сүүлд 40 хүрч байж л ойлгох шив дээ.

-Анагаах ухаанд удам ямар ха¬маатай юм бэ гэвэл та ямар хариулт өгөх бол. Яагаад гэвэл та гэхэд Монголын анагаах ухаанд заяасан том үзэгдлийн нэг Бундангийн хүү. Төрийн соёрхолт Нямхүүгийн хүү гэхэд дурангийн Даваадорж эмч байх жишээтэй. Удам хамаатай ч юм шиг?
-Нэг талаас мэдээж орчин байгаа. Хоёрдугаарт, анагаах ухааны сургалт гэдэг бол хуучин шавиас шавьд уламжлагдаж явдаг байсан. Одоо ч тийм байх ёстой. Багшаас шавьд явах ёстой.

-Та шавьтай юу?
-Байгаа. Би анагаахын багшаар долоон жил ажилласан. Тэгэхэд хичээл зааж байсан хэдэн зуун хүүхдийг бүгдийг нь миний шавь гэж хэлэхгүй. Гэхдээ намайг өөрийн эрхгүй багш аа гээд явдаг хэдэн хүүхэд байгаа. Хүүхэд ч юу байхав. Зарим нь том болчихсон л доо.

-Тэдний дунд ирээдүйтэй эмч болохоор залуучууд байгаа юу?
-Байгаа.

-Нэртэй эмч нарыг харж байхад дандаа өөрийнхөө мэргэжил дээр суурилсан хувийн бизнестэй байдаг. Та ч гэсэн хувьдаа эмнэлэг байгуулж болох байсан. Яагаад энэ рүү ороогүй вэ?
-Зүрхний мэс засал дээр бол хувийн эмэнэлэг хийхэд маш хэцүү шүү дээ. Наад тал нь 10 орчим сая долларын хөрөнгө оруулалттай эмнэлэг байх ёстой. Хоёрдугаарт, маш том баг байх ёстой. Багийг бол би босгож болно. Тэр хөрөнгө босгох нь асар хэцүү. Шүдний эмнэлэг юм уу, эмэгтэйчүүдийн эмнэлэг бол харьцангуй гайгүй шүү дээ. Хоёр өрөө 10 мянган долларын хөрөнгө оруулалт байхад л болчихно. Энэ хоёр ойлголт бол асар өөр л дөө. Зүрхний мэс заслыг бол ерөнхийдөө түвшнийх нь хувьд цөмийн физик, сонгодог урлаг, биотехнологийн хамгийн сүүлд хүчтэй хөгжиж байгаа тэр салбаруудтай зүйрлэж болохоор тийм шинжлэх ухаан. Бид яахав дээ дасчихсан болохоор тоохгүй байгаа юм. 70 жилийн өмнө бол хүний зүрхийг хоёр цаг зогсоогоод, хүний зүрхийг буцааж шинээр эвлүүлээд сэргээнэ гэдэг бол үлгэр домгийн л юм байсан. Өөр зүйрлэж болохоор салбар бол сансрын нислэг юм даа. Монгол орон өөрөө эртний хүчтэй элит угсаатай орон болохоор л Монголд саяын хэлсэн сансрын шинжлэх ухаан, цөмийн физикийн, генетикийн шинжлэх ухаан, сонгодог урлаг, зүрхний мэс засал байгаа юм. Дэлхий дээр яг манайтай ойролцоо түвшний хүн амтай, ойролцоо түвшний нийгэм, эдийн засгийн хөгжилтэй нэг ч улс оронд ийм юм байхгүй. Тэр битгий хэл манайтай ойртох ч тийм орон байхгүй.

-Тэр хаалттай социалист нийгэмд ажиллаж байсан Бундан эмч зүрхний мэс заслыг тодорхой түвшинд аваачсан. Мэдээж та бол шинэ зууны, шинэ технологийн хүн. Та аавынхаа хүрсэн тэр рекордыг эвдэж чадсан уу. Өөрийнхөө хүрсэн цэгийн талаар ганц, хоёр мэс заслын жишээ хэлж болох уу?
-Жишээ бол хэлэхгүй. Энэ бол миний олон жилийн туршид баримталж амьдарсан зарчим. Ямар ч хувь өвчтөний жишээ хэлэхгүй. Яагаад гэвэл тэр хувь өвчтөний өвчин зовлон, эдгэрсэн түүх бол ямар нэгэн том загас барьсан юм уу, гурван метр том чоно агнасантай адилхан амны зугаа болж, бусдад сонин болгож байдаг зүйл ерөөсөө биш.

-Уучлаарай?
-Саяын асуултад чинь хариулахад нэгдүгээрт хэцүү байсан. Яагаад гэвэл 1989 он гээд аав өнгөрсөн. Аавын хүргэсэн, хамт олноороо зүтгэж байж хүргэсэн тэр зүрхний мэс заслын түвшин бол яг тухайн үеийн дэлхийн түвшинд тулчихсан шахуу байсан. Ялангуяа хувь хүний ур чадвараар. Хувь хүнийх нь ур чадвараар магадгүй надад аавыг давна гэсэн ойлголт хэзээ ч байхгүй байх. Би ойрын 50, 100 жилийн түүхэнд тийм зүрхний мэс заслын эмч гарч ирэх эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр энэ талаар ярих юм бол маш нарийн юм болно. Гэхдээ надад мэргэжилтний хувьд өөртөө бахархаж явдаг юм байлгүй яахав. Нэгдүгээрт, би аавын зүрхний мэс засал дээр нэвтрүүлээд хүргэчихсэн байсан тэр технологийг өөрчилсөн. Тэр үед 5-6 цаг хийдэг байсан хагалгааг хоёр цаг болгосон. Өвчтөн нь хагалгааны дараа шөнө сэрдэг байсныг нь ерөөсөө үдээс хойшдоо сэргэдэг болгосон. Их хялбарчилж амархан болгож өөрчилсөн. Тэгснээрээ ур чадварын хувьд айхтар их хуулаагүй ч гэсэн үр дүнгийн хувьд дутахааргүй өөрчлөлтүүдийг нэлээн хэдэн хагалгаан дээр хийсэн. Хоёрдугаарт, дэлхийн олон оронд ажиллаж үзлээ. Сайндаа ч биш, ерээд оны хүнд амьдралыг хувь хүнийхээ хувьд туулж гарахын тулд мөнгө хэрэгтэй байлаа. Мөнгө хөөгөөд жилдээ нэг, хоёр удаа, дээд тал нь зургаан сарын хугацаагаар олон оронд ажиллаж үзсэн. Япон, Герман, Солонгос, Сингапур, Оросын гээд дэлхийн нэг номерын биш юм аа гэхэд дэлхийд дээгүүр жагсдаг, тухайн орных нь нэг номерын мэс засалчидтай хамтарч ажиллаж үзсэн. Зүрх суулгах хагалгаанд хүртэл орж байсан. Роботоор зүрхний хагалгаа хийж үзэж байлаа. Үүнийхээ хэрээр өөрийгөө задалж, хөгжүүлсэн. Гэхдээ эх орондоо харамсалтай нь эзэмшсэн чадвараа бүрэн дүүрэн гаргаж чадахгүй байгаа нь гунигтай юм даа.

-Том даргын ч юм уу, том эмч нарын хүүхдүүд мэдээж ардын хүүхдүүдээс арай л өөр замаар замнадаг байх. Гэхдээ таныг хөдөө хөхөрч, гадаа гандаж явсан эмч гэж нэгэнтэй нийтлэлдээ омог төгөлдөр хэлснийг уншаад гайхаж байсан. Яагаад хөдөө явсан юм бэ. Явахгүй байх боломж байсан биз дээ?
-Явахгүй байх боломж байтугай явахгүй байх ёстой байсан юм. Би Анагаахын дээд сургуулийг Сүхбаатарын цалинтай төгсчихөөд шууд сургуульдаа багшаар хуваарилагдаж байсан. Одоо бол инээдтэй сонсогдох байх л даа. Тэр үед бид романтик байсан. Би тэгэхэд юу гэж хэлээд хөдөө нөхдөө уриалаад явж байсан гэж санана. Дэлхийн хоёрдугаар дайны үед атаканд орохын өмнө хүмүүсээ коммунист намдаа элсүүлдэг байсан юм. Яг атакны өмнө коммунист намдаа элссэн хүн хамгийн түрүүнд босч дайрах ёстой. Өөдөөс нь хэдэн мянган цэргийн бууны овоо шагайж байгаа учраас хамгийн түрүүнд боссон хүн хамгийн түрүүнд л буудуулж үхнэ биз дээ. Яг тэр жишээг хэлж байгаад “Бид хөдөө ажиллах ёстой. Хөдөө хөдөөдөө говийн эмчгүй суманд ажиллах ёстой” гээд дөрвөн найзтайгаа хамт хөдөөг зорьж байлаа. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд хагас жил ажилласан. Миний төрсөн сум юм. Тэгээд Дорноговьд ажилласан. Завханы Тэлмэнд ажилласан. Дашрамд нь би нэг зүйлийг хэлмээр байна. Гуравдугаар эмнэлгийн зүрхний мэс засал ч гэдэг юм уу, Америкийн Мио клиникийн зүрхний мэс засал гэхээр анагаахын оргил юм шиг санагдаж байгаа. Гэхдээ нөгөө оргил нь бол сумын эмчийн ажил. Миний хамгийн хүндэтгэдэг, хамгийн айдаг, хамгийн их ур чадвар шаарддаг, хамгийн хэцүү ажил бол сумын эмчийн ажил. Тэр сумын 2000, эсвэл 4000 хүний бүх л өвчнийг...сэтгэл мэдрэлийнхээс авахуулаад хамуу хүртэл, тэгээд л зүрх, хавдар бүгдийг нь тэр ганц эмч ардаа ямар ч том эмнэлэг, багшгүйгээр аваад явна гэдэг бол аймшигтай хүнд хөдөлмөр. Тэгэхээр энэ бол аягүй том оргил ажил. Тэндээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, өөртөө итгэх итгэлийг суулгаж авч байснаараа би бахархдаг.

-Аргагүй юм аа. Зарим нэг сайдын өмнөөс уурлан босч ирээд хэлэх үгээ хэлчихээр хэмжээний хувийн бахархал тань байхаас яахав?
-Байна аа. Хөдөө сумын эмч байхдаа осгож байсан, хөлөө хөлдөөж байсан. Өвлийн хүйтэнд дөч гаруй хоногоор ханиаданд нэрвүүлж, тав зургаан амьсгалын аппарат тавьчихаад хүүхдүүдээ холбочихоод хэдэн арван хоногоор нойргүй зогсч байсан гээд яривал уртын урт түүх бий. Сум дундын эмнэлгийн эмч шүү дээ. Цалингаараа архи аваад орос цэргийн анги дээр очиж наймаа хийгээд амьсгалын аппаратууд авчраад тавьчихсан гэж байгаа. Одоо ч бодохгүй л дээ. Хөгширсөн хойноо бодох байх л даа. Би залуу байхдаа мөн ч мундаг залуу байж дээ гэж.

-Эрүүл мэндийн сайд гэж нөхөр ирчихээд эмч нарын талаар хайнга үг унагаад байхаар уурлахаас аргагүй омогшил байна л даа. Үнэхээр бахархалтай санагдаж байна?
-Хайнга үг биш байхгүй юу. Хайнга үг дуугарсан бол эмч нар юу ч хэлэхгүй. Эмч нар хамгийн хүлцэнгүй шүү дээ. Өнгөрсөн жил Л.Гүндалайг сайд байхад эмч нар бүтэн жил хагас сайн өдөр ямар ч цалингүй, хөдөлмөрийн хууль зөрчөөд субботник хийсэн. Нэг ч эмч юу ч хэлээгүй. Тийм учраас зүгээр нэг хайнга үг байсан бол эмч нар мөн л юу ч хэлэхгүй өнгөрөөх байсан гэдгийг л хэлэхийг хүсч байна. Биднийг тэр үнэхээр тэвчишгүй их доромжилсон шүү дээ. Зөвхөн өнөө үеийн бид нарыг биш. 70 жилийн сэхээтнүүдийн босгож ирсэн Монголын анагаах ухааныг, ард түмний тэгж их хүндэтгэж ирсэн үнэлэмжийг тэр чигээр нь шавхайд хутгасан. Цагаан халаадтай алуурчид, мафийн гишүүд, чихрийн наборын төлөө яа¬хаас ч буцахгүй амьтад гээд л... юу юу гэв ээ. Мэдэхгүй өөр улс оронд ийм зүйл тохиолдсон гэдэгт би эргэлзэж байна. Эрүүл мэндийн сайд нь өөрийнхөө салбарыг тэгж нэг биш удаа бүр өдөр болгон гарч ирж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дором¬жилж, гутааж байдаг тийм тохиолдол байхгүй байх аа. Би үнэхээр тэвчээгүй.

Тэвчээр бүр алдарсан. Эмч нарынхаа өмнөөс өөрийн эрхгүй үзэг шүүрч таны хэлээд байгаа тэр зүйлийг бичсэн.

-Уураа гараагүй байхад бичсэн нийтлэл байсан.

-Уураа гараагүй байхад аа...

-Тийм ээ. Уг нь уураа гарахаар бичих ёстой гэсэн нэг ойлголт сэтгүүл зүйд байдаг юм?
-Үнэн үнэн. Нэг амьсгаагаар сууж байгаад биччихсэн. Би ямар сэт¬гүүлч хүн биш. Хэдэн орой дараалан эмч нар луу тэгж дайрлаа. Бүр тэсэхээ байсан. Яг өмнөх орой нь тэгж алуурчнаараа дуудуулсан. Маргааш нь хүнд хагалгаатай ч байсан. Орой ирээд телевиз харж байтал ахиад л эхэлсэн. Тэгээд л нэг амьсгаагаар бичээд сонинд аваачиж өгсөн. Буруу зөвийг нь мэдэхгүй юм. Нэг юм гэхдээ энд байгаа шүү. Энэ хүнийг сайд байгаад буучихсан хойно нь ч юм уу, зүгээр эн¬гийн явж байхад нь би тэр үгсийг хэлээгүй юм шүү. Манай салбарын сайд байхад нь “Чи....” гэж байгаад хэлсэн үг юм шүү.

-Их тийм сэтгэл хөдлөлтэй, амьд, үнэн баримт олонтой, хоёр баатрыг харьцуулахад босч ирсэн асуудал тодорхой харагдсан нийтлэл байсан л даа. Үүгээр дамжуулж таны хэвлэл мэдээллийн орон зайд нэвтэрч эхэлсэн талаар асуух гээд байна л даа?
-Яг эхэлсэн түүх нь бол Гүндалай биш л дээ. Зарим хүн ч уур нь хүрэх байх, Баабараар эхэлсэн юм. Магадгүй энэ талаар сонгуулийн өмнө ярих буруу ч байх. Гэхдээ үнэн нь тэр. Би Баабарыг их хүндэтгэж явдаг. Манай эрин үеийн нэг суутан гэж боддог. Шүтэж явдаг. Гэхдээ мухар сохор шүтлэг биш. Тийм ч учраас анх Баабарын нийтлэлийн эсрэг юм бичсэн. Яагаад гэвэл нэг хэсэг мань хүн жаахан хэмжээгээ алдсан. Өөр ч хүн бичдэггүй байсан болохоор бид эмзэг хүлээж авсан байх. Монголчуудын гарал үүсэл гээд “Өдрийн сонин” дээр гурван ч дугаар дамнаж гарсан. Маш том нийтлэл. 2001 он шүү дээ. Бас нэг Японы сэтгүүлд гарсан нийтлэл, Нүүдэл суудал энэ гурвыг нь нийлүүлж үзэж байгаад нэг жижигхэн өгүүлэл бичсэн. Мань хүн тэдгээр нийтлэлүүдээрээ монгол хүн бараг хүлээж авахын аргагүй доромжилсон, монголчууд хэлний хувьд, угсаатны хувьд бараг хятад гаралтай, бараг эрлийзжээд устах ёстой, монголчуудад бараг ирээдүй байхгүй гэсэн санааг тулгаж байсан. Бас л тэвчээргүйдээ би бичсэн л дээ.

-Тэр нийтлэлийг тань хэр хүлээж авсан бол?
-Хүмүүс нэг их анзаараагүй байх аа. Өөрөө бол эмзэглэсэн л байх. Дараа нь ямар ч номондоо оруулаагүй байна лээ. Тэрний дараа Монгол Улсад анх газрын хууль гарсан. Тэнд хоёр гурван айхтар заалт байсан. Газрын хууль тэр анхны төслөөрөө батлагдчихсан бол өдийд “Оюу толгой” зэрэг бүх газрыг “Айвенхоу майнз” эзэмшээд л байх байсан. Гаднын компаниуд, тухайлбал “Бороо гоулд”-ынх гэхэд бараг эзэмшил нь өмч нь шахуу болох байсан. Үүнээс болоод хоёр нийтлэл бичсэн. Сүүлд нь таван сард өлсгөлөн зарласан. Тэрийг ч хүмүүс мэдэхгүй. Яагаад гэвэл, би зарлаагүй өлсчихсөн юм. Нэг өдөр өлсөөд, хоёр дахь өдөр нь Ерөнхий сайд Н.Энхбаяр хүлээж авсан. Тэгэхэд харин би их гайхсан. Тэр хүнийг Ерөнхий сайд байхад нь ч, сүүлд ч шүүмжлэлтэй юм бичиж л байсан. Би бол одоо ч гэсэн их хүндэтгэдэг. Чадалтай, хүчтэй хүн. Ганц эмч өлсгөлөн зарлаа л биз. Хэнд ч зарлаагүй. Хэн ч мэдэхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй. Тэгэхэд хүлээж аваад л тэр гурван заалтыг бүгдийг нь өөрчилсөн. Намын бүлгийн хурал дээрээ хүртэл хүчээр тулгаж байгаад, чуулган дээр тулгаж байгаад өөрчилсөн. Тэр хүнийг Монголын бас л ухаантай, хүчтэй хүний нэг гэж бодож явдаг. Энэ бол миний магадгүй амьдралдаа хийсэн хамгийн том ажлын маань нэг байх гэж боддог. Дашрамд нь л хэлж байгаа юм шүү. Хүмүүс үүнийг мэддэг ч үгүй юм.

-Нийтлэл бичиж байгаа энэ үе тань ямар зорилготой, хаашаа чиглэсэн, өөрт тань юу олж ирдэг зүйл юм бэ?
-Үнэнийг хэлэхэд надад юу ч олж ирдэггүй. Хамгийн багаар бодоход бичлэгийн шагнал ч үгүй ажил. Хамгийн томоор ярих юм бол зарим тохиолдолд бүр амь нас, гэр бүлд хүртэл заналхийлсэн юм гарсан. Гэхдээ тийм нэлээн бодитой заналхийлэл ирсэн. Зарим тохиолдолд би огт танихгүй хүмүүсийг дайснаа болгодог. Гэхдээ олон хүн бас бодлыг минь хуваалцдаг.

-Өөрийнхөө бичсэн нийтлэлээс ядаж сэтгэлийн таашаал авна биз дээ. Яагад юу ч авдаггүй гэж?
-Яг үнэнийг хэлэхэд би тэвчээргүйдээ л бичдэг юм.

-Зорилго гэж нэг хатуу ойлголт байгаа биз дээ?
-Би хүмүүстэй бодлоо л хуваалцахыг хүсдэг. Өөр зорилго байхгүй. Миний нэг хувийн зарчим байдаг юм. Уг нь жинхэнэ зүйр үг нь “Сохрын газар сохор, доголонгийн газар доголон яв” гэдэг юм. Би үүнийг монгол зүйр цэцэн үг биш байх гэж боддог юм. Күнзийн сургаалаас орчуулсан орчуулга, орж ирсэн юм байх гэж боддог. Би эсрэгээр нь сохрын газар нүдтэй, доголонгийн газар хөлтэй явах юмсан гэж бодож явдаг юм. Яг өнөөдөр гэхэд манай нийгэм заримдаа яг нүдэн дээр тулчихсан юмыг олж харахгүй, сохор юм шиг явж байна. Одоо жишээлбэл төрд байгаа хамгийн том хоёр нам бол хулгайчдын орогнох орон болсон.

-Яагаад?
-Шүүхээр ялтай нь тогтоогдоод, Монголын шүүх цагдаа гэмт хэргийг нь баталчихаад байхад хүртэл тэр хүний өмнө хоёр сонголт гарч ирдэг болсон. Нэг бол шорондоо орох уу, эсвэл төр барьж байгаа намд орох уу гэсэн. Жирийн иргэнд бол ийм сонголт байхгүй шүү дээ. Жишээлбэл, Гүндалайгийн намд орсныг яагаад бид ярих ёстой юм. Хувь хүн намд орно уу, байна уу, ямар хамаа байна. Тэр байтугай намын дарга байж байгаад 19 мянган гишүүнээ хаяад орно уу яана, тийм гутамшигтай шившиг хийж байна уу, тэр сонин биш. Ардчилсан нам ч гэсэн ийм нөхрийг авч байна уу яаж байна гэдэг нь сонин биш. Хамгийн хачирхалтай нь цагдаагийн байгууллага, прокурорын газар олон удаагийн давтан хүнд ноцтой гэмт хэрэг хийчихсэнийг нь батлаад байхад тэрийг бид анхаарахгүй байна. Тэр хүний намд гүйж очиж орж байгааг л хараад байдаг сонин байхгүй юу. Энэ болж байгаа юмыг бичих л хэрэгтэй. Гэхдээ бичнэ гэхээр одоо хэцүү юм даа.

-Яагаад хэцүү гэж?
-Монголчууд чинь хүнийг уруудаж байхад нь түлхэх дургүй гэдэг нэг сонин үзэлтэй шүү дээ. Уг нь олон хүнтэй, өөр үндэстнүүд бол хүн зуусан нохойг зодож байх ёстой гэдэг байхгүй юу. Яагаад гэвэл, тэр нохойг ч, бусад нохойг ч ахиж хүн зуулгах¬гүйн тулд зодож байх ёстой гэнэ. Гэтэл манайхан өөрөөр хардаг. Улам өөгшүүлдэг. Хүн цөөтэй, хүний мө¬рөө¬сөл болсон ард түмний үзэл л байх. Энэ асуудал бараг жижиг санаг¬даж байгаа байх. Уг нь жижиг биш байгаа юм. Яагаад гэвэл, Мон¬голын төр өөрөө хулгайчдын оромж болж байна. Доор нь ард түмэн тэс өөр хуулиар амьдрах ёстой гэсэн аймшигтай эмгэнэлийг төр өөрөө хуульчилж байгаа болохоор юу хэлэх вэ. Өөрсдөө бол Хадгаламж банкны 14 тэрбумыг цөлмөчихсөн ч бай, Халдвартын эмнэлгийн 600 сая төгрөгийг хусчихсан ч бай, ер нь ха¬маагүй л юм болох гээд байна л даа.

Бас тэвчмээргүй өөр жишээг хэлэхэд дэлхий дээр одоо Куба, Хойд Солонгос хоёр социалист хэвээрээ. Тэрний хойноос хамгийн хурдтай яваа хоёр орон бол ямар ч ёжлолгүйгээр Венесуэл, Монгол хоёр л байна. Манай хоёр улс л адилхан төрийн өмчид хамаг юмыг захируулж байна. Бензиний үнээс авахуулаад байр, хоол ундны үнээ төр зохицуулах гэж оролдож байна. Ийм ийм харамсалтай асуудлуудаас болоод л бичмээр санагддаг юм. Буруу ч юм уу, зөв ч юм уу. Сохор байхгүй гэж л тэмцэж байгаагийн маань нэг хэлбэр юм даа. Жишээлбэл, Ашигт малтмалын хуулийг сая хаврын чуулган эхлэхээс долоо хоногийн өмнө ээлжит бус чуулган зарлаж хуралдуулж батлах гэж оролдох ямар шалтгаан байх вэ. Хуулиндаа ч биш, тэр нүүрсэндээ ч биш ганцхан шалтгаан бий. Ерөнхий сайдын айлчлалын өмнө л амжуулах гэсэн. Энэ айлчлалын өмнө юу юу амжуулах гэж байсныг нь бид олж харахгүй байна. Яагаад тэгж бачимдаад байгааг нь олж хараагүй л байна. Тэгэхээр сэтгүүлчид ч бай, иргэд ч бай хардах эрхтэй. Хардуулахгүй нөгөө хүн маань сайн юм хийгээд байвал маш сайн байна. С.Баяр бол ухаантай, чадалтай, асар хүчтэй лидер гарч ирлээ. Сайн байна. Гэхдээ ямар нэгэн юмны барьцаанд “Эрдэнэт”-ийг, “Таван толгой”-г, “Асгат”-ыг, өөр юугаа ч байдаг юм Монгол Улсад үйлчилж байгаа хууль, зах зээлийн үндсэн зарчмуудаасаа гадуур наймаалцчих вий л гэж айж байгаа байхгүй юу. Энийг бол бид заавал ухаж төнхөж, олж харж, хардаж л байх хэрэгтэй. Сэтгүүлчид та нар харддаг шүү дээ. Н.Энхбаярыг явахад юугаа наймаалцчих нь вэ гээд хардаад л байдаг. Эсвэл яасан, С.Баяр шинэ хүн болохоор шинэ дээр нь соохолзоно гэгчээр одоохон¬доо магтацгааж бай¬гаа юм уу.

-Гэхдээ нэг нөхөр очоод бүх л бүтэн улс орны хамаг юмыг наймаалцчихаж байдаг хөг өнгөрсөн шүү дээ. Нөгөө Ю.Цэдэнбал Давст уулыг Орост бэлэглэчихлээ гэдэг шиг үеийн Монгол биш бол¬сон. Тэгэхээр тэр хардалт зарим¬даа жаахан ихдээд байх шиг?
-Тийм боломж байхгүй гэж одоо юу гэж байгаа юм бэ. Асгатын тухай огт юм яригдаагүй байхад л Н.Энхбаяр очоод сайн дураараа өгөх гэж байсан шүү дээ. Ямар ч тендергүйгээр, оросуудыг бараг өөрсдийг нь цочтол өгөх гэж байсан ш дээ. Нөгөө биднийг муулаад байдаг Жагаа маань харин авч үлдсэн байх шүү.

-”Буян”-гийн Жагаа юу?
-Тийм. Оросуудтай бид ямар тохироо хийж байгаа юм. Тэр болгоныг нь хянаж л байх ёстой. Тэр байтугай шууд нэг хүн өгч болохгүй юм аа гэхэд намаараа дайруулаад, Их хурал, Засгийн газраар дамжуулаад хийх гэж байгаа үйлдлүүд байна шүү дээ. Асгат дээр тэгээ биз дээ. Асгат дээр зүгээр тендер зарлаад л оросууд ялаад орчихож болно ш дээ. Заавал яагаад оросуудад хүчээр май гээд өгөх гээд байгаа юм. Оросууд нь авахгүй гэвэл УИХ яах юм болж байна тэгвэл. Тэгэхээр хардах хэрэгтэй. Би эрхгүй байж болно л доо.

-Хардалт заримдаа ихэддэг л гэж хэлсэн юм. Хардах тэр эрх маань бидний хамгийн хайрлавал зохих эрх юм шүү дээ?
-Та тэгвэл тайлбарла л даа. Тэгвэл яах гэж сая ээлжит бус чуулган зарлаж байгаа юм бэ.

-Тэглээ гээд чадахгүй шүү дээ?
-Яг зүйтэй, чадаагүй байхгүй юу. Чадах гэж оролдсон уу. Яах гэж оролдсон юм. Монгол Улсын хуулийн этгээд гэдэг дотор чинь “Роснефьт” ч гэнэ үү, тэр ч орно, “Монросцветмет” ч орно. М.Энхсайхан бол сая зөв юм хийсэн. М.Энхсайханыг өнөөдөр хүмүүс муулах нь муулаад л байна. Сая бол ухаантай л хүний алхам хийсэн. Зөв л юм хэлсэн гэж би бо¬дож байгаа. Хуулийн этгээд гэдэг чинь хэн ч байж болно шүү гэж ганцхан М.Энх¬сайхан л дуугарсан шүү дээ. Бид нэг хүнийг нэг харлуулахаараа арай дэндүү туйлширдаг. Нэг цайлгахаараа бүр аймаар... Жишээлбэл, С.Баярыг бүр цав цагаан өвлийн өвгөн шиг болтол цайлгаад л, М.Энхсайханыг харлуулахаараа хятад шаахай болгож харлуулаад л. Ингэж болохгүй. Жагааг ч гэсэн муулахаараа газар дор ортол муулаад л, Н.Энхбаярыг ч мөн адил. Тэр хүний хийсэн гай ч байгаа, гавьяа ч байгаа. Олж харах л хэрэгтэй.

-Өөрөө зүгээр л мөрөөрөө яваад байвал, Эрүүл мэндийн сайд ч юм уу болоод, аль нэгэн дээвэр дор нь аятайхан очиж ороод амьдраад байх бололцоотой хүн дээ. Яах гэж ингээд л оргилоод байдаг юм бэ?
-Би зүгээр сайд болмооргүй байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь өгч байгаа даалгаврыг л биелүүлээд байдаг сайд болмооргүй байна. Салбараа шинэчилмээр байна. Гавьяат юм уу, ардын эмч энэ тэр болох тухай би ерөөсөө мөрөөддөггүй. Тиймэрхүү сонирхол багатай. Хаа очиж утга учрыг нь сайн ойлгодог юм. Яах гээд л нэг тэмдэг хөөцөлдөөд яваад байдаг юм. Насныхаа эцэст тэр тэмдгээрээ хүн айлгаад яваад байх юм уу, эсвэл хүүхдэдээ цай чанаж өгөх юм уу. Ерөөсөө ойлгодоггүй юм. Уг нь бол мөрөөрөө явмаар л байна. Даанч байгалиасаа тэвчээр муутай хүн болоод заяачихсан юм даа.

-Та анагаах ухааны салбараа нүдээ аниад л шууд өмөөрчих юм. Гэтэл цаана чинь Монголд анагаах ухаан алга байна шүү дээ. Нөгөө урагшаа явдаг цуваа татарсангүй. Бүх юм байрандаа?
-Монголын анагаахын салбарт 5000 орчим эмч ажиллаж байгаа. Баахан адгийн шаарууд, нөгөө нэг шоколадны донтнууд цугларчихсан салбар гээд шүүмжлээд байна. Энд механизм нь ерөөсөө болохгүй байгаа байхгүй юу. Манай салбар тэр чигээрээ социалист системдээ хэвээ¬рээ үлдчихээд байгаа юм. Монголын анагаах ухаан болохгүй байна гэдэг үнэн.

-Байсхийгээд л нэг улс төрийн томилолттой нүүдлийн сайд ирдэг. Тэгээд л явдаг. Салбар нөгөө л бахь байдгаараа үлддэг. Ийм нөхцөлд бид яаж итгэж та нарт эрүүл мэндээ даатгах юм бэ?
-Зөв. Гэхдээ болохгүй байгаагийн буруутан нь эмч нар биш шүү дээ. Нийтийн хоолны салбар хүртэл шинэчлэгдсэн. Одоо ямар ч рестораны зөөгчийг бид шүүмжилдэггүй биз дээ. Эрүүл мэндийн салбар бол хуучнаараа үлдчихсэн. Энэнд л учир байна.

-Бидний толгой дээр хэнийг ч авч ирээд сайд болгоод суулгаж байсан бид ажлаа хийгээд, дуугүй явж байдаг. Бид ийм хүлцэнгүй, тэвчээртэй. Тийм учраас бидэнд буруу байхгүй гэх гээд байна. Гэвч нэдэр дээрээ танайхан шиг их улс төрждөг газар байхгүй шүү дээ. Эрүүл мэндийн сайд нь хэдэн эмнэлгийн дарга солих гэтэл юу болж байлаа?
-Эмнэлгийн дарга хэн болох нь миний хагалгаанд падлийгүй байхгүй юу. Сайд Гүндалай болохоор л миний гар салганаад л, хүний зүрх зогсоод л байдаг, тийм юм байхгүй шүү дээ. Батсэрээдэн багшийг болохоор огцом сайжраад л байдаг тийм юм байхгүй. Манайхан эрүүл мэндийн хуулиа, даатгалын хуулиа, эмийн хуулиа өөрчлөхгүй бол болохгүй болчихсон гэдгээ л харах хэрэгтэй байна. Үнэхээр салбараа шинэчилмээр байна. Даанч намайг сайд бол¬гохгүй л дээ.

-Тэр үнэн байх. Б.Болдсайхан эмч улс төрд орно гэсэн мессеж удаан явлаа. Сонголтоо хийсэн үү?
-Хийж байгаа. ИЗН-д элсэх шийд¬вэр гаргасан. Сонголт хийхэд хэцүү байсан. Яг бодитой хоёр том хүчин байна. МАХН, АН хоёр. Гэтэл Хувьсгалт намд бол би яагаад ч орохгүй байх.

-Авах ч үгүй байлгүй дээ. “Битгий горьд, пост МАХН” гэсэн хүнийг юу л бол. Энэ наргиа шүү?
-Тоох ч үгүй байх. Авахгүй л дээ. АН бас тийм. Тэгээд ИЗН-аас өөр эрүүл сонголт алга даа.

-Багаар бодоход ойрын 20 жил лав төр барихгүй нялх хүчнийг сонгож. Битгий гомдоорой. Улстөрч биш хүний романтик сонголт байна?
-Нэг талаас тийм байх. Гэхдээ яахав ээ, эмч хүн юм болохоор эрүүл саруул организм руу л орох юм байна шүү дээ.

-Гоё хариулт байна?
-Сэтгэл мэдрэлийн өвчтэй, архаг хавдартай тийм организм руу орох хүсэл алга. Ирэх 20 жил лав ИЗН төр барихгүй гэдэгт итгэхгүй байна. Ард түмэн маш хурдан өөрчлөгдөж байгаа.

Болдсайхан эмч... энэ цагийн нэгэн хүчирхэг бие хүн. Түүний тухай жинхэнэдээ юу ч мэдэхгүй хүмүүс жигтэйхэн дүгнэж сүржигнэж байхыг бишгүй харсан. Гэхдээ түүн шиг хүн энэ жижигхэн Монголдоо алхаж, зэгстэй толгод, элсэн дундахь газрын нүд шиг бяцхан нуур, аян зам, зураач Соосай, Дүйнхоржавыг шүтэж, сумын эмчид мэхийж, сайд дарга нарыг уурсан харааж, нанчилдаж яваад яагаад ч юм хайр хүрдэг.

Орон хотын жентельмен энэ эрийн хаанаас нь гардаг юм гэмээр уйтгар, үл ялиг ганцаардал, юу юугүй нүдийг нь бүрхээд ирэх уянга... ихэмсэг зиндаа, монгол омогшил... тэр гэхдээ олон хүнд ойлгомжгүй.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав