“Хол биш” хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн зурагчин М.Мөнхтүшигтэй цөөн хором ярилцлаа. Аз жаргал бидэнтэй үргэлж хамт явж байдаг, гол нь түүнийг анзаарах, мөн хүнд аз жаргал бэлэглэх тийм хэцүү зүйл биш гэдгийг онцолсон түүнийг ярилцлагыг хүлээн авна уу.

-Таны үндсэн мэргэжил гэрэл зурагчин уу?                               

-Үгүй ээ. Гэхдээ би гэрэл зураг аваад найман жил болж байна. Үндсэн мэргэжил бол шүдний эмч. Хажуугаар нь код бичнэ. Бас аялаж, ууланд авирдаг.  

-Үзэсгэлэнгийнхээ нэрийн талаар ярихгүй юу. Яагаад “Хол биш” гэж нэрлэсэн бэ?

-Нэг өдөр  Ч.Ганжавхлан ах над руу залгаад “Хоёулаа нөгөөдөр баруун аймгаар аялах уу” гэсэн юм. Би өөр ажилтай байсан болохоор хариугаа жаахан азнаж байгаад хэлсэн. За, за ер нь явъя гэж бодсон. 

Үзэсгэлэндээ анх “Талархал” гэдэг нэр өгөх гэж байсан. Хотоос жоохон гарахад л үнэгүй аз жаргал байна шүү дээ. Онгон дагшин байгаль, сайхан гэсэн бүхэн үнэгүй байна. Аз жаргал биднээс хол оршдог зүйл биш. Бид хоёр утсаар яриад л шийдээд явчихсан. Байгаль бидэнд үнэгүй аз жаргал, амар амгалан мэдрэмжийг өгч байна. Үнэхээр талархмаар биш гэж үү. Бас үргэлж найрсаг зангаар угтдаг нутгийн хүмүүст ч гэсэн талархдаг. 

-Хэдэн өдөр аялсан бэ?

-Нийтдээ 20 өдөр  аялсан. Алтай таван богд хүртэл явсан. Замаараа нийтдээ 11 аймгаар дайрсан. Энэ үзэсгэлэнгийн зургийн 70-80 хувийг авсан даа. Дэлхий дээр олон говь цөл байгаа ч зөвхөн Монголын говьд өвөлдөө цас унадаг юм байна. Үүнд хүртэл талархмаар шүү дээ.

-Хүмүүсийн сэтгэгдэл ямар байна?

-Аз жаргал, аз жаргал... Хүнд сайхан мэдрэмж өгөх тийм хэцүү зүйл биш. Өчигдөр нэг эгч орж ирээд “Өглөөнөөс хойш их хүнд өдөр байлаа. Танай үзэсгэлэнг үзээд, кофегоор дайлуулаад сайхан болчихлоо. Миний өдрийг аварлаа, баярлаа” гэж хэлсэн. Энэ мэдрэмж хамгийн сайхан. 

-Ямар сэдлийн үндсэн дээр гэрэл зураг авч эхэлсэн бэ?

-Арван жилээсээ гэрэл зурагт хоббитой болоод өдөр шөнөгүй зураг авдаг байлаа. Бичлэг их үзнэ. Үзсэн юм аа шууд хэрэгжүүлэх гэж оролддог. Өдөр шөнө хамаагүй авна. Монгол орноо дөрвөн удаа тойрлоо, Алтай таван богд руу найман удаа явсан байна. Монголынхоо байгаль, газарзүйн бүтцийг маш сайн мэддэг болсон. 

-Гэрэл зураг авахад мэдрэмж, чадвар хоёрын аль нь илүү чухал вэ?

-Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг юм аа. Урлагийн салбар мэдрэмж дээр тогтдог. Чадварыг бол олж авч, бүтээж бий болгож болно. Аливаа бүтээл мэдрэмжээрээ ялгарч гарч ирдэг гэж боддог. 

-Ямар сэтгэлгээгээр гэрэл зураг авдаг вэ?                

-Баруун аймгаар их явлаа. Анх авч байсан гэрэл зургаа, одоо авсан гэрэл зурагтайгаа харьцуулаад харахад холын зөрөө байдаггүй. Яагаад вэ гэхээр зөвхөн байгалийг бүхлээр нь харж мэдрэх биш юм. Жишээ нь усан дотор байгаа чулуу, вансэмбэрүү, янз бүрийн хэлбэр дүрстэй хад асгийг ямар нүдээр харж дурлах уу. Анх удаагаа учирч буй мэт тэр мэдрэмж сэтгэлгээр зураг дардаг даа.Сониуч, хүүхэд шиг сэтгэлгээтэй байх хэрэгтэй.

-Гэрэл зураг авахын давуу тал нь юу вэ? 

-Сайхан зүйлийг ганц удаа харах хангалттай байдаггүй. Гэрэл зураг болгоод хадгалчихвал үргэлж харах боломжтой шүү дээ. 

-Хамгийн хэцүү нь юу вэ?

-Гэрэл зураг бол миний хобби. Хэцүү зүйл байхгүй. Мэдээж гэрэл зураг авахад хөдөлмөр шаардана. Хөлсөө урсгах хэрэгтэй. Зураг авах газар луугаа явна, сонин, содон зүйлсийг зарим тохиолдолд хайна гээд хөдөлмөр их орно. Очсон газар бүхэн сайхан байхгүй. Зураг авахад нэг л тохиромжгүй, болж өгөхгүй ч байж болно. Зүгээр байгалийн сайхныг мэдрээд суух үе ч бий. 

Ярилцсан | А.Даваадулам

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав