Есдүгээр сарын 26 Нью-Йоркт цэнхэр гаригийн улс гүрнүүдийн удирдагчид хийгээд төр засагтаа хүчин зүтгэж буй өндөр дээд зиндааны дарга нарыг нэг дор цуглуулан хуралдаж буй НҮБ-ын ээлжит ерөнхий ассамблейн уур амьсгалыг тодотгосон өвөрмөц өдөр болж өнгөрлөө. Энэхүү хүндтэй  өдрийн үдээс өмнөх хуралдаанд лидер гүрнүүдийн төрийн тэргүүнүүд бүгд оролцдог уламжлалтай. Ийм онцгой өдөр дэлхий нийтийн анхаарал төвлөрсөн НҮБ-ын чуулганы индрээс үг хэлэх эрх баргийн улсын Ерөнхийлөгчид олддоггүй боломж гэж ажиглагчид үздэг. Тэгвэл энэ үнэ цэнэтэй өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цөмийн зэвсгийн асуудлаарх өөрийн улс орныхоо баримталж буй байр суурийг илэрхийлсэн явдлыг онцлох үйл явдлаар нэрлэхээс өөр аргагүй.  

Хүн төрөлхтнийг хамгийн ихээр түгшээж буй асуудал бол цөмийн зэвсэг тойрсон асуудлууд. Тийм ч учраас энэ асуудлыг анхааралтай ажиглаж байдгаа манай Ерөнхийлөгч илэрхийлсэн. Есдүгээр сарын 26-ныг цөмийн зэвсгийг хориглох өдөр болгоход нэгдэнэ гэдгээ ч албан ёсоор хэллээ. Манай улс өөрийн нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй бүс гэдгийг 20 жилийн өмнө дангаараа зарласан. Үүнийг нь НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн баталгаажуулж гарын үсэг зурсныг бид мэднэ. Цаашид ч энэ байр сууриа хамгаалж ажиллахаа манай улс дэлхий дахинаа зарлалаа. Мөн Ерөнхийлөгч  улс орныхоо өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар илэн далангүй ярьж, Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахаар яг одоо УИХ-аар хэлэлцэж байгаагаа ч ярьсан.  Монгол Улс тогтвортой хөрөнгө оруулалтын орчныг хамгаалах талаар анхаарч, дэлхийн улс орнуудад нээлттэй бодлого баримтлан ажиллаж буйгаа зарлалаа. Гэвч манай дотоодын улс төр яг энэ сэдвээр өвдчихөөд байгаа төдийгүй улс төрийн хүчнүүд маань хамаг юмаа уудлалцан хэрэлдэцгээж байна. Энийгээ ямар дэлхийн тайзнаас зарлалтай биш. Тэр бол дотоодын аль нэг жижиг улс төрийн хүчний бодлогыг тээгч биш Монгол хэмээх улсын ашиг сонирхлыг илэрхийлэгч болохоор гадаад бодлогын зорилтуудаа ч,эдийн засгийн сонирхлуудаа ч илэрхийллээ. Улс орныхоо аюулгүй байдлын ашиг сонирхол, эдийн засгийн ашиг сонирхол гэсэн хос бодлогын зангидмал зовлонг тээгчийн хувьд тэр өнөөгийн эрх баригчдын дотооддоо явган шуурга босгож, нийгмийнхээ нүд рүү аль хэдийнэ шороо пургиулаад эхлэчихсэн энэ таагүй үед ч хөрөнгө оруулалтын эвгүйдэж ирсэн уур амьсгалыг гадагш нь үнэр авахуулахгүйг хичээж байна. Тийм болохоор хаа нэгтэйгээс нэг өдөөн хатгагч нь босч ирээд “Ноён Ерөнхийлөгч өө, танайх чинь ер нь яачихсан орон бэ. Төрийн бодлого нь байнга дундаасаа хайчлагдан тасарч байдаг, ямар ч залгамж чанаргүй, нэг нь гарч ирээд л өмнөх бүх гэрээ хэлэлцээрээ ураад шатаачихдаг. Үүнээс нь болоод хөрөнгө оруулагчдад тогтвортой, итгэлтэй, урт удаан ажиллах итгэл байхгүй болж байна шүү дээ” гээд улайтал хашгирчих магадлал өндөртэй энэ том орчинд тэр Монгол улсаа бүгдийн анхааралд байлгаж чадахын хажуугаар сэдэрчихэж мэдэх эмзэг сэдвүүдээ халхлах, өөр чухал сэдвүүдээр анхаарлыг нь татах зэргээр хичээж буй нь илт. Өрөг бол өрөг. Нүүдэл бол нүүдэл байдаг ажээ. Олон улсын хамтын ажиллагааны сангийн шугамаар Киргиз, Мянмар зэрэг улсуудад дэмжлэг үзүүлж, өөрсдийн хөгжүүлсэн ардчиллынхаа  туршлагаас хуваалцаж байгаагаа Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс дэлхий нийтэд бардам хэлэв. Манай Ерөнхийлөгчийн өмнө НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Ираны шинэ Ерөнхийлөгч нар үг хэлсэн. Японы Ерөнхий сайд ч Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс тогтооход хүчин чармайлт гаргана гэдгээ онцолж байлаа. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үдээс өмнө НҮБ-ын индэрт хоёронтоо гарч үг хэлсэн юм. Эхний нь дээр дурьдсан цөмийн зэвсгийг хураах асуудлаарх дээд хэмжээний уулзалт, удаах нь ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаан. Бид энэ үйл явдлын дараа Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй уулзаж  тодруулга авсан юм. Зохион байгуулалтын нарийн төвөгтэй журам, харуул хамгаалалтын өндөр төвшний хязгаарлалтуудаас болж сэтгүүлчид тэр бүр хүссэн хуралдаан болгондоо нэвтрэх боломжгүй нөхцөлд ажиллаж буй тул эрхэм зөвлөх рүү хошуурч, мэдээ мэдээллээ авахаас өөр аргагүй байдгийг уншигчид маань ойлгож буй биз ээ. 

-Манай улс бол НҮБ-ын идэвхтэй гишүүн орнуудын нэг. Тэр ч утгаараа боломжуудаа ашиглан Аюулгүйн зөвлөл болон Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орон болохоор яриа хэлэлцээрүүдээ идэвхийлэн явуулж байна. Манай энэ  чармайлтуудын үр дүн хэзээ, хэрхэн гарах бол?
-Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүнээр элссэн. Энэ хугацаанд НҮБ-ын идэвхтэй гишүүн орон байж, өөрсдийн орон зайгаа тэлсээр ирсэний хувьд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох боломж байгаа гэж бид харж байгаа юм. Одоо бид 2022 он гэхэд Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, 2015 он гэхэд Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох зорилт тавин ажиллаж байна. Монгол Улс ардчилсан замыг сонгон авснаас хойш хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, түүнийг сахин хамгаалах чиглэлээр тодорхой амжилт гаргаж чадсан. Өөрийн гэх өвөрмөц туршлагыг ч хуримтлуулж амжсан. Тиймээс Монгол Улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох боломж ойртож байгаа. Мэдээж энэ нь олон талын ач холбогдолтой статус гэдгийг та бүхэн мэдэж байгаа. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 26-нд НҮБ-ын индэрт хоёр удаа гарч үг хэллээ. Нэг улсын төрийн тэргүүн НҮБ-ын индэрт хугас өдөрт хоёр удаа гарч үг хэлсэн нь ховор тохиолдол болж байх шиг байна?
-Тийм ээ. Энэ бол ховор тохиолдол. Тэр утгаараа түүхэн өдөр болж өнгөрлөө. Өглөө 9.00 цагт эхэлсэн Цөмийн зэсвгийг хураах асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг нээсний дараа хамгийн эхэнд Ираны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Хассан Роухани үг хэлсэний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ. Манай Ерөнхийлөгчийн дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абе үг хэллээ. НҮБ-ын ерөнхий чуулганд үг хэлэх дараалал эрт байна гэдэг бол тухайн орны нэр хүндийг илтгэх бас нэг илэрхийлэл. Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх байр сууриа бат илэрхийлсээр ирсэн, цөмийн зэвсэггүй бүс гэсэн статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван орон баталгаажуулсан. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч цөмийн зэсвэггүй бүсийг олноор байгуулах нь дэлхийг цөмийн зэвсгийн аюулаас ангижруулах хамгийн дөт зам гэсэн өөрийн байр суурийг илэрхийллээ.

Чухал ач холбогдолтой энэхүү хуралдаанд оролцож хэлэлцэж буй асуудлаар санал бодлоо илэрхийлэх, дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс ангижруулах үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд шийдвэртэй алхмыг хэрэгжүүлэх нь энэ цаг үеийн бас нэгэн чухал эрэлт шаардлага болох талаар өөрийн санаа бодлыг маш тод илэрхийллээ шүү дээ. Цөмийн зэвсэггүй бүсүүдийн хөдөлгөөнд оролцогчийн хувьд Монгол Улс 2009 онд холбоо баригчдын анхны уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, уг бүсүүдийн 2015 онд болох гурав дахь бага хурлын бэлтгэл хуралдааныг 2012 онд Вена хотноо даргалсан юм. Энэ онд Меkсикийн хамтаар Женевийн бэлтгэл хуралдааныг хамтран даргалсан байгаа. Энэ тухай Ерөнхийлөгч итгэлдээ нарийн дурьдсан. Илтгэл нь үнэхээр өргөн дэлгэр, утга төгөлдөр байлаа. Та бүхэн сонссон.

 

Ингээд та бүхэнд Ерөнхийлөгчийн илтгэлийн зарим хэсгээс ишлэн хүргэе.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураахад цөмийн зэвсэггүй бүс байгуулах нь бүс нутгийн хэмжээнд хамгийн үр дүнтэй арга хэмжээ юм. Өнөөдрийн байдлаар Антарктид болон сансар, далайн ёроолд тэрчлэн Латин Америк, Кариб, Номхон далайн өмнөд хэсэг, Зүүн Өмнөд Ази, Төв Ази, Монгол зэрэг хүн ам суурьшсан есөн бүс байгаагийн дотор Монгол улс бол 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг бүхий нэг улс юм. Цөмийн зэвсэггүй бүсүүдийн чухал бөгөөд дэлхийн хэмжээний хүчин чармайлтад түрлэг нэмэх үр дүнтэй бүс нутгийн арга хэмжээ мөн гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрдөг. Одоогийн бүсүүдийг бэхжүүлэхийн хамт, Ойрхи Дорнод, ЗХА-д шинэ бүсүүд байгуулахыг хөхиүлэн дэмжих шаардлагатай. Сүүлчийнхэд нь зөрчил маргаан удаан үргэлжилж байгаа. Дурдсан бүсүүдийг байгуулснаар ихээхэн туршлага хуримтлагдсан. Энэ туршлага шинэ бүсийг байгуулахад тус дөхөм үзүүлэх болно. Цөмийн зэвсэггүй бүс анх бий болсноос хойш 38 жил өнгөрчээ. Түүнийг байгуулахын ач холбогдол нэгэнт мэдэгдсэн учир Монгол Улс Цөмийн зэвсэггүй бүс /ЦЗБ/-үүдийн бүх талыг хамарсан хоёр дахь иж бүрэн судалгаа явуулахыг НҮБ-д уриалж байна. Латин Америк, Карибын бүс нутагт анхны бүс байгуулагдсаны 40 жилийг олон улсын хамтын нийгэмлэг ёслон тэмдэглэхийн өмнө энэхүү судалгааг хийвэл зохино” хэмээн онцолсон юм. 

 Тэрбээр цааш нь “Монгол Улсын ЦЗБ дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс ангижруулах үйлсийн тусын тулд цөмийн зэвсэгтэй хоёр гүрэнтэй хил залган оршдог Монгол Улс 20 жилийн тэртээ нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн дангаараа зарласан бөгөөд энэ статусыг механизм болгохоор шаргуу чармайн ажиллаж байна. Үндэсний хууль тогтоомжоо баталж, олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээтэй  дэмжлэг, өөрийн тууштай бөгөөд уян хатан бодлогынхоо үр дүнд Монголын энэ статус баталгаажсан. 2012 оны есдүгээр сард цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрсөн төдийгүй хүндэтгэх, түүнийг зөрчих алхам хийхгүй гэдгээ зарлан тунхагласан. Монгол Улсыг цөмийн зэвсэг хэрэглэн ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхгүй, түүний статусыг хүндэтгэнэ, их гүрнүүдийн өрсөлдөөн, геополитикийн өрсөлдөөнд шатрын хүү болгож ашиглахгүй, Монгол Улсын нутаг дэвсгэр итгэлцэл, тогтвортой байдлын талбар, бусдын эсрэг ашиглагдах ёсгүй гэж амласныг та бүхэн мэдэж байгаа. Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг байгуулахад жижиг улс ч өөрийн хувь нэмэр оруулах боломжтойг бид ийнхүү харуулж, бусад орнуудаа  зоригжуулсан” гэж тод томруунаар илтгэсэн юм. 

Түүний дараагийн буюу Ерөнхий хэлэлцүүлгийн үед хэлсэн үг мөн л олон улсын ажиглагчдын анхаарлыг татсан. Тэрбээр хэлсэн үгэндээ “Жил бүр 70  гаруй сая хүн дундаж давхаргад дэвшин орж байна. Мянганы хөгжлийн зорилтууд олон тэрбум хүний аж байдлыг дээшлүүлсэн. Дэлхийн хэмжээнд ядуурлыг бууруулах зорилт хэрэгжиж зарим газарт товлосон хугацаанаасаа ч өмнө биелэж байна. 2015 оныг  барианы цэг  бус  харин шинэ эрин үед дэвшин орох гарааны зурхай гэж үзэх учиртай. Бид бүхэн олсон амжилтдаа тулгуурлан, үлдэж байгаа зорилтуудаа ханган биелүүлэх  ёстой. Харамсалтай нь тийм зорилт цөөнгүй байна. 
Өнөөдөр 200 сая гаруй хүн  эрхэлсэн ажилгүй, 50 сая илүү хүүхэд суралцах сургуульгүй, найман хүн тутмын нэг нь өлсгөлөн амь зууж байхад  жил бүр 900 тэрбум гаруй ам. долларыг зэр зэвсэгт зарцуулж байна. Энэ их  хөрөнгө мөнгөний багахан хэсгийг ч болтугай  эрүүл мэнд, боловсролд зарцуулж болохсон. Ийм байдлыг  хүлцэн тэвчиж боломгүй байна. 

Уур амьсгал хоёр хэмээр дээшлэхэд гамшиг бус юм гэхэд аюул тулгарна. Хүрээлэн буй байгаль орчин  асар түргэн өөрчлөгдөж байна. Үйлдвэрлэлийн хүрээнд  дэлхий нийтийн хэрэглээ нь манай гаригийн хүчин чадлаас хэдийнээ давсан байна. Нөөц баялаг шавхагдаж, хүн төрөлхтөнд ноцтой аюул тулгарч байна. Цаг хугацаа шавхагдаж энэ бүгдийг өөрчлөх шаардлагатай болоод байна. Одоо би Монгол орныхоо  талаар танилцуулж,  ард олныхоо санаа бодлыг та бүхэнтэй хуваалцъя. 

Монгол бол арвин баялаг түүхтэй, өнө эртний боловч цэл залуу сэтгэлтэй аугаа үндэстэн билээ. Бид  бол эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшлийн ховорхон боломжийг  олгосон байгалийн асар их баялагтай азтай  ард түмэн. Хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж буй хөгжиж байгаа эдийн засаг  маань хурдацтай өсөлтөөрөө дэлхийд хошуучлагчдын тоонд орж байна.  

Бүх нийтийн анхан шатны боловсрол хийгээд хүүхдийн эндэгдлийг бууруулах, эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах зэрэг хөгжлийн зорилтуудыг бид олон талаар ханган  биелүүлээд байна. Гэвч МХЗ-уудын хэрэгжилтийн талаарх саяхан гарсан  Үндэсний  тав дахь илтгэлээс үзэхэд олон зүйлийг хийж гүйцэтгэх шаардлагатай  байсаар байна. Хөгжлийн зорилтуудаа  ингэж биелүүлэхийн тулд төр, засгийн газар улс төрийн намууд, хувийн хэвшил, судалгааны байгууллагууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл зэрэг  нийт үндэсний хэмжээний оролцогч талуудтайгаа нягт хамтран ажиллаж байна. 

Түүнчлэн хамтын эрх ашгийнхаа төлөө гар нийлж ажиллахаар хөрөнгө оруулагчдыг уриад байна. Хэдхэн хоногийн өмнө  бид  "Монголын ирээдүйн талаарх стратегийн яриа хэлэлцээ" сэдвээр дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг өөрийн оронд амжилттай  зохион байгуулсан. Манай орны  эдийн засгийн хөгжлийн ирээдүйн зам мөрийг эрэлхийлэхээр олон тооны оролцогчдын төлөөлөл энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцсон. 

Монголчууд байгаль орчноо чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюултай үр дагаварт хамтын хариуцлага үүрэхээ бид ухамсарлаж байгаа учир хөгжлийн томоохон бодлогуудыг дэвшүүлэн тавьж цөлжилтийн эсрэг үндэсний тусгай хамгаалалттай газруудыг байгуулан бэхжүүлж байна. Эдгээр байгалийн үзэсгэлэнт  тусгай хамгаалалттай газрууд бол эко жуулчлалын гол цөм болоод зогсохгүй байгаль орчноо хайрлан хамгаалсны  үр шим, ногоон ажлын байруудыг бий болгоно. 

Манай улс ногоон хөгжлийн Азийн асар том  сүлжээг байгуулж байна. Энд сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэн Азийн хэрэглэгчдэд нийлүүлэх болно. Монгол Улсад анхны салхин тээрмийг хувийн хэвшил байгуулж үйлдвэрлэлээ эхлэсэн. Манай  улсын дотоодын хэрэгцээнээс давсан  их хэмжээний эрчим хүчийг энд салхины  хүчээр үйлдвэрлэж болно. 

Хөрсний доройтол,  ой  устах, байгалийн гамшигт үзэгдэл, бохирдол гэх мэт байгалийн олон сорилт тулгарч байна. Эдгээр  хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна. Эдгээр сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд байгаль орчны талаарх боловсрол мэдлэг,  олон нийтийн өргөн оролцоо нэн чухал юм. Монголчууд,  ялангуяа залуу үеийнхэн маань ирээдүй хойч үедээ илүү сайхан байгаль орчныг  өвлөн үлдээхийг тууштай эрмэлзэж байна. 

Ноён Дарга аа, 

Монгол Улсад бүх түвшинд авилгатай тэмцэх нь хэчнээн  чухал байгааг миний бие өнгөрөгч онд ярьсан. Бид засаглалын бүх шатанд ардчиллын дайсан "авилгыг үл тэвчих" тэмцэл өрнүүлээд байна. Чингэсэнээр Монгол Улс "Транспаренси интэрнэйшнл" байгууллагын    судалгаагаар  түүнд хамрагдсан улсууд дотор 26 байраар урагш ахисан байна. 

Авилгатай тэмцэхэд ил тод байдал  хамгаас чухал. Иргэд төлсөн татварынхаа мөнгөний хэд нь  хаана зарцуулагдсныг  үндэсний болон орон нутгийн  засаг захиргааны аль ч байгууллагаас мэдэх эрхтэй. 

Манай “шилэн дансны” тогтолцоо нь бүхий л төсөв хөрөнгийг нээлттэй, ил тод байлгах нөхцөлийг хангадаг. Иргэд мэдээлэл авах, улмаар өөрсдийн нийгмийн хөгжлийн асуудлаар үгээ хэлэх боломжтой байх ёстой. Хамгийн сайн засаглал бол иргэдийн  идэвхтэй оролцооноос үүдсэн байх учиртай.  Монгол Улс ардчилсан хөгжилд итгэдэг. 

Монгол Улс хорин жилийн тэртээ Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлнэ гэж  хэн ч төсөөлөхгүй байсан. Дэлхийд танигдан,  хүндэтгэл талархлыг нь хүлээсэн олон улсын энэхүү ардчилсан хөдөлгөөн эрх чөлөө, ардчиллыг түгээн бэхжүүлэхийг зорьдог юм. Хүний эрхийн төлөө тэмцэгч олон зуун идэвхтэн, олон орны ардчилсан удирдагч нар өнгөрөгч дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо хуран чуулсан. Тэдний баталж гаргасан Улаанбаатарын Тунхаглал ардчиллыг хөгжүүлэх хэтийн чиглэлийг тодорхойлсон. Бидний санаачилсан Азийн ардчиллын сүлжээ, мөн Сайд нарын Зөвлөлдөх уулзалт нь ардчилсан хөгжлийн бат бэх үндсийг тавьж өгсөн. 
 
Иргэдийн оролцоог бэхжүүлэхийн төлөө тавьж буй хүч чармайлт ардчиллын боловсролыг түгээн хөгжүүлснээр илүү үр дүнд хүрнэ гэдэгт би итгэдэг. 

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хүн ард эцэс төгсгөлгүй хямрал мөргөлдөөний золиос болж байна. Маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд цэргийн хүч, зэр зэвсэг хэрэглэсээр байна. Мянга мянган хүн амь насаа алдаж, сая сая хүн орон гэрээсээ дүрвэж, бүр  илүү олон хүн зовж шаналж байна. Сири дахь эмгэнэлт байдал  үүний хамгийн сүүлийн жишээ юм. АНУ, ОХУ-ын санаачилга бодит үр дүнд хүрч, Сири дахь мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд хүргэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий НҮБ-ын энхийг сахиулагчидтай Монголын цэрэг, офицерүүд мөр зэрэгцэн алба хааж яваад бид бахархаж байдаг билээ. Энхийг сахиулагчид  маань хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, энхийн үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаад бид  гүнээ сэтгэл хангалуун байдаг юм.  

Өнөөгийн мөргөлдөөнүүд хэчнээн түвэгтэй, аюултай болохыг бид бүгд сайн мэднэ. Манай энхийг сахиулагчид аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй бүс нутагт алба хааж байна. Тиймээс ч энхийг сахиулагчддаа сэтгэл санааны дэмжлэг, урам зориг өгөх үүднээс би энэ  оны хоёрдугаар сард Өмнөд Суданд очиж тэнд явагдаж байгаа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаатай  биечлэн танилцсан. Энэ үеэр би Өмнөд Суданы Ерөнхийлөгчтэй мөн уулзаж, түүнд болон олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн залуу гишүүнд тусламж дэмжлэгээ санал болгосон болно.  Дэлхий ертөнцөө илүү аюулгүй байлгаж, илүү өндөр хөгжил дэвшилд аваачихыг  уриалж байна” хэмээн мэдэгдсэн юм. Ийнхүү Монголын байр суурийг НҮБ-ын хэлэлцүүлгийн индэрт тунхаглаж чадсанаар Ерөнхийлөгч маань НҮБ-ын ерөнхий ассамблейн онцлог өдрийн онцлох нэгэн дүр байж чадсан юм. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав