“Реал Мадрид” багийн ахлагч Лука Модрич энэ зун болох клубүүдийн ДАШТ-ийг дуусгаад буурь сэлгэхээр шийджээ.

Өдгөө 39 настай хагас хамгаалагчийн тухайд, инстаграм хуудаснаа “Чухал мөч ирлээ. Амьдралд бүх зүйл эхлэл, бас төгсгөлтэй байдаг. “Реал Мадрид”-д тоглох болсон нь хөлбөмбөгийн замнал төдийгүй хувийн амьдралыг маань ч бүхэлд нь өөрчилсөн юм. Би түүхэн дэх хамгийн амжилттай клубийн оргил үеийнх нь нэгээхэн хэсгийг бүтээснээрээ бахархаж байна” гэв.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДор шагналыг 2018 оны амжилтаараа гардсан тэрбээр “Реал”-ийн хамтаар Аваргуудын лигт зургаан удаа, Ла лигт дөрвөнтөө, том жижиг нийлсэн 28 цом өргөсөн билээ.

Модрич “Реал”-ийн өмсгөлтэйгээр хамгийн олон цом гардсан тоглогч юм.

Тэрбээр Испанийн акулуудын өмнөөс 590 тоглолтод оролцохдоо 43 гоол оруулж, 95 гоолын дамжуулалтыг бүртгүүлсэн.

Түүнийг Хорват даяар, тэр дундаа бага насаа өнгөрүүлсэн Задар хотод нь ямар их хүндэтгэлтэй ханддагийг тайлбарлах үгийг олоход бэ0рх билээ.

Модрич таван настай байх үедээ Задар хотын ойролцоо Лука өвөөгийнхөө ямааг хариулдаг байсан.Хөлбөмбөгийн тэмцээнийг ч үл хайхрах хязгаар энэ нутагт Модрич хүү байшингийнхаа гражийн үүд рүү бөмбөг өшиглөж өдрийг өнгөрүүлдэг байв. Хорватад тусгаар тогтнолын төлөөх дайн эхлэх үеэр тэр гражийн хаалганаас ердөө 10 метрийн зайд түүний өвөө амиа алджээ.

Чухам ийм л амьдралаас туранхай, сул дорой царайтай энэ хүү улс орныхоо шүтээн болсон домогт тоглогчдын нэг төдийгүй дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болтлоо бүхий л зовлон зүдгүүрийг даван туулж чадсан юм.Хорватын тусгаар тогтнолын төлөөх дайн эхлэхэд өвөөг нь Сербийн босогчид цаазалж, гэрийг нь шатаасан тул Модрич хүү дүрвэхэд хүрчээ. Дараагийн долоон жилд тэрбээр гэр бүлийнхнийхээ хамтаар дүрвэгсдийн хуаранд амьдарч, тэнд өсөн торниж буй бусад хүүхдүүдийн адилаар хөлбөмбөг тоглож, хатуу ширүүн тэмцэл дундаас цойлон гарч чадсан юм. 

Тэр үед авахуулсан зургуудаа эргэн харах бүртээ өөрийгөө хэзээ ч бөмбөггүйгээр төсөөлж байгаагүй гэдгээ ухаарсан гэж хожим нь дурссан байдаг.Үнэндээ Модрич хөгжлийнхөө бүх үе шатанд хэзээ ч хангалттай мэт мэдрэмжийг төрүүлж байсангүй. Хүмүүс үргэлж түүнд эргэлздэг байсан. Тэр байтугай од болно чинээ хэн ч төсөөлж байгаагүй.

"Динамо Загреб" түүнийг Боснийн "Зринжски Мостар" руу зээллэгээр явуулахдаа баярлаж л байсан. Өдгөө тэд Модричийг илүү хөгжүүлэхийн тулд тийшээ илгээсэн гэх боловч үнэн хэрэгтээ түүний ирээдүйд эргэлзэж, хангалттай сайн тоглогч биш гэж үзэж байсан учраас л ийн явуулахад хүрсэн билээ.

Туранхай, сул дорой царайтай Модрич карьерийнхаа ихэнх хугацааг хүмүүсийн буруу байсныг нотлоход зориулжээ.

19 настай Модричийг Боснигоос эргэн ирсэн даруйд шууд л "Интер Запресич" баг руу зээллэгээр явуулсан.

Харин тэндээс буцаж ирснээр багтаа дөрвөн жилийн турш хангалттай тоглолт үзүүлж, 31 гоол оруулж, 29 гоолын дамжуулалт өгсөн нь "Барселона", "Арсенал", "Челси" зэрэг Европын олон багуудын анхаарлыг татсан юм.Тэрбээр 2008 онд "Тоттенхэм" рүү явахаасаа өмнө Хорватын лигт гурвантаа түрүүлсэн билээ. Түүнийг "Тоттенхэм" 16.5 сая паундаар худалдан авахад Премьер лигийн хүнд хэцүү өрсөлдөөнд бие бялдрын хувьд хангалттай түвшинд биш байна гэж олон хүн эргэлзэж байв.

Эндээсээ тэр оддыг цуглуулах сонирхолтой "Реал Мадрид" руу явсан. Жозе Моуриньогийн "Мадрид"-д Шаби Алонсо, Месут Өзил нар байсан нь энд ирсэн эхний улиралдаа сэлгээнд суухад хүргэсэн билээ, түүнийг.Тухайн улирлын төгсгөлд Мадридын "Marca" сониноос явуулсан санал асуулгаар "Реал"-ын шүтэн бишрэгчид түүнийг "хамгийн муу гадаад тоглогч" гэж үнэлжээ.

Тэгэвч Моуриньо түүнийг анх талбайд гаргасан даруйдаа л толгой сэгсэрсэн гэдэг. Учир нь "Барселона" шиг хурдтай шахалтаар дарамталж тоглодог багуудад бөмбөгөө алдахгүй байх чухал тоглогчдын нэг гэдгийг нь онцлон олж харсан хэрэг. Энэ мөчөөс эхлэн түүний нөлөө тус клубт өссөн.

Түүнийг Хорватын шигшээ багийн чимээгүй удирдагч гэж тодорхойлдог. Модрич гаднаа тийм ч олон үгтэй хүн биш, харин манлайллыг өөрийн биеэр үлгэрлэн харуулдаг нэгэн билээ.

2018 онд Орост явагдсан ДАШТ-ий дараа Марио Манжукич, Даниэл Субашич, Ведран Корлука зэрэг тоглогчид шигшээ багаасаа зодог тайлж, клубийн хөлбөмбөгт түлхүү анхаарахаар шийдсэн. Харин Модричийн хувьд, хэзээ ч ийм сонголтын талаар бодож байгаагүй. 

Түүний Хорватын хөлбөмбөгт үзүүлэх нөлөө асар их учраас талбай дээрх хамгийн чухал тоглогчид тооцогддог. Цаг үргэлж.

Эцэст нь Модричийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДор шагналыг хүртсэн тэрхүү үдшийг эргэн санацгаая. Энэ тоглогч бол Задарын ууланд ямаа хариулж, өвөөгөө цаазлуулахыг, гэрээ шатахыг харж зогссон, дүрвэгсдийн хуаранд хөлбөмбөг тоглож, туранхай, сул дорой байдлаасаа болж үргэлж дутуу үнэлэгдэж, карьерийнхаа бүхий л цаг үед бусдын буруу байсныг нотлохоор мэрийж асан тэр хүү шүү дээ. Ийм сайхан түүхээр бахархахгүй байхын аргагүй. Модрич өдгөө бол Хорватын ард түмний хайртай хүү болжээ.

У.Чинзориг

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав