Дэлгэцийн бүтээлээс илүүгээр театрын тайзан дээрээс л дүрийг нь харах дуртай жүжигчин бол тэр. Театр л түүний авьяасыг, ур чадварыг сорьж, тэр өөрөө уг сорилтыг давж туулдаг. Энэ хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ. Тайзнаа бол үзэгчдийн сайн мэдэх Квазимодо, Гамлет, Фауст, Эгэрэг түшмэл. Хараахан бидний танилцаж амжаагүй Уинстон Смит. 

Зохиолч Жорж Оруэллийн дэлхий дахиныг шуугиулсан хүчирхэг хашхираан бүхий оюун сэтгэлгээний бүтээл болох “1984” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжгийг М.Батболдын найруулснаар “Орфей” театрын хамт олон үзэгчдэдээ хүргэх гэж байна. Харин С.Болд-Эрдэнэ шинэ жүжгийн бэлтгэлдээ гарчихсан, жүжгийн уншлагын танхимд уран бүтээлчидтэй хамт санал бодлоо солилцож, дүрийнхээ талаарх судалгааг хийж байх мөчид нь уулзсан юм. Тайзны хөшиг нээгдэхээс урьтаж бид ярилцлагын ширээний ард суулаа.

- БИ ТЭР КИНОГ ҮЗЭХ ХАЧИН ИХ ДУРТАЙ. ААВЫН МИНЬ ГЭРЭЛТСЭН ЗАЛУУ НАС ДЭЛГЭЦ ДҮҮРЭН УРГААД Л ИРДЭГ-

-Шинэ жүжгийн ажил ид өрнөж байх шиг байна. Таныг театрын тайзнаа харалгүй нэлээд хэдэн сар боллоо...

-Ойрноос ер нь уран бүтээлч хүнд завсарлага, уран бүтээлээс хэсэгтээ хол байх хэрэгцээ, сэтгэлзүйн чөлөөлөлт хэрэгтэй байдаг шиг бодогдох боллоо. Өмнө нь бол нэг уран бүтээлд ажиллачихаад шууд дараагийн жүжгийн бэлтгэлдээ гардаг байсан. Тасралтгүй ажиллаж ирсэн. Харин одоо бол оюутан цагийнх шигээ аливаа нэг уран бүтээл рүү зоригтойгоор шунгаж орохоосоо өмнө жаахан бодож тунгаадаг, эргэлздэг, халгаад ч байх шиг мэдрэмж төрдөг болсон байна. Тэгээд л жаахан амралт авлаа. 

-Тэгэхээр одоо бол дараагийн дүрээ амилуулахад сэтгэлзүйн хувьд бэлэн болсон гэсэн үг үү?

-Тэгж л бодож байна. Тэгээд ажлаа эхэлчихсэн, шинэ жүжгийн бэлтгэлдээ гарчихсан явж байгаа нь энэ. 

-Магадгүй жаахан завсарлага хэрэгтэй гэдэг нь “Би одоо болчихсон, хийдгээ хийчихсэн” гэх үр дүнгээс төрсөн мэдрэмж юм болов уу? 

-Үгүй. Би байнга уран бүтээлээр өлсөж, үргэлж илүү сайн дүр бүтээхийг бодож явдаг. Бүтээсэн дүрүүд дээрээ ч “Үүнийг ингээд гаргачихдаг байж, би түүн дээрээ алдсан байна” гэж өөрийгөө дүгнэж, урагшлахыг, хөгжихийг хүсдэг. Хүн амжилтдаа ханачих л юм бол уран бүтээлч байхаа больчихно. Энэ бол миний мэргэжил, гол ажил. 

Ер нь хүн бүр жүжигчний мэргэжлээр сурч, диплом аваад л жүжигчин болчихдоггүй. Нэг биш нэжгээд найруулагчийн гараар орж, хамтран бүтээл туурвиж, найруулагчдаа нухлуулж, баг хамт олонтойгоо цуг ажиллаж, дүр дээрээ ганцаараа бодож, мөн чанарыг нь сэрдэг болж байж л жүжигчин болоход дөхнө. Ямагт л жүжигчин болоход суралцаж байдаг. Энэ утгаараа “Би хийдгээ хийчихсэн, одоо боллоо” гэх бодол хэзээ ч төрж байгаагүй. 

-1999 оныг дурсмаар санагдаж байна. Та тэр жил Шекспирийн “Зуны шөнийн зүүд” жүжигт дүр бүтээсэн. Театр таныг угтаж авсан. Тайзан дээр гарахгүй удахаар театраа санадаг уу? 

-Тэгэлгүй яахав. Яг сургуулиа төгсдөг тэр жилээ анх удаа Улсын Драмын театрын тайзан дээр гарсан. Дотор минь насан туршид үлдэх тодхон дурсамж тэр үед бүрэлдсэн. Түүнээс өмнө хэд хэдэн жүжигт тоглож, ангиараа Германы сонгодог зохиолч Ф.Шиллерийн “Дээрэмчин” жүжгээр дипломын ажлаа хамгаалж байлаа. Харин сургуулиа төгсөөд анх удаа тоглосон жүжиг минь Ч.Түвшин найруулагчийн найруулан тавьсан Шекспирийн “Зуны шөнийн зүүд” юм. Тус жүжиг найруулагч Ч.Түвшиний “Алтан унага синтез” гэх нэртэй хувь театрын бүтээл байсан. Тухайн үед уран бүтээлчид түрээсээ төлөөд, өөрсдөө эрсдэлээ үүрээд драмын театрын тайзнаа жүжгээ тавих боломж нээлттэй байсан л даа. 

Тэр жүжигт гар урчууд гээд хэдэн будлиу нөхөд гардаг юм. Тэдний нэг болох Намалдагийн дүрийг бүтээсэн. Түүнээс хойш хорь гаруй жил театртаа тасралтгүй ажиллаж иржээ. Мэдээж удаан хугацаанд дүр бүтээхгүй бол театрын тайзыг маш их үгүйлнэ. Гэхдээ би театрын тайзыг санах хэмжээний урт хугацаанд завсарлага авч байгаагүй. Үргэлж л тайзан дээр байсан. 

-Театр бол миний мөрөөдөл байсан гэж олон жүжигчин хэлж байхыг сонссон. Таны хувьд мөрөөдөл байсан уу? 

-Би багаасаа л урлагийн гэр бүлд өссөн, урлагтай хамт байсан хүн л дээ. Гэхдээ урлагийн хүн болно гэж мөрөөдөж байгаагүй. Онгоцны нисгэгч эсвээс мундаг бизнесмен болно гэж боддог байлаа. Магадгүй жаахан байхдаа ихэнх хөвгүүн л нисгэгч болохыг хүсдэг байсан биз. Харин аав, ээж хоёр урлагийн хүн болохоор хөдөө орон нутгуудаар аялан тоглолт хийнэ. Тэр бүрт л бий дагаад явж байдаг хүүхэд байсан. Ямагт урлагийн тухай яриа чихэнд сонсогддог, нүдэнд харагддаг учраас ухамсарт минь урлагийн нөлөөлөл тодорхой хэмжээнд суурь болж үлдсэн байх. Бага насанд бол тэрийг сайн мэдэхгүй шүү дээ.

Ямартаа ч 1994 онд МУИС-ийн Олон Улсын харилцааны ангид шалтгалт өгөөд тэнцээгүй. Тэгтэл ээж минь надад жүжигчин бол гэж зөвлөсөн. СУИС-ийн шалтгалтад намайг бэлтгэсэн. Тэгээд 1995 онд СУИС-д шалтгалт өгөөд тэнцсэн дээ. Тэр үед аав минь тус сургуульд багшилдаг байсан. Тухайн үед мөн анги дааж авах тохиол таарсан нь манай анги байж билээ. Ингэж аавынхаа шавь болж байлаа. 

Яг тэр үеэс л театр мөрөөдөл болж эхэлсэн. Оюутнууд бүгд л театр гэж юу вэ? гэх асуултаас эхлээд олон хариултын эрэлд бэдэрсэн. Театрын ёс зүйг ярьдаг, театрын тайзан дээр гарахыг хүсдэг, том дүрд тоглохыг мөрөөддөг. Тэдний дунд яваа хүнд чинь театр бол зорьж хүрэх ёстой мөрөөдөл, зорилго нь тэрхүү мөрөөдлийн төлөө зүтгэх болоод хувирчихаж байгаа юм. 

-Би таныг кино бус театрын жүжигчний хувиар л нээж, асуулт асууж ярилцахыг хүсэж буй юм. Таны театрын талаарх хамгийн анхны гүн гүнзгий дурсамж хаанаас эхтэй вэ? 

-Бага наснаас л болов уу. Аав минь театрын найруулагч хүн байсан. Тухайн үед “Хүүхэд залуучуудын театр” гэж соёлын үрийг тарьсан том газар байлаа шүү дээ. Драмын театртай ганцаархнаа өрсөлддөг. Тэр өрсөлдөөн дундаас л шинэ содон бүтээлүүд төрдөг. Аав минь тус театрын тайзнаа олон сайхан жүжгүүдийг найруулан тавьсан. Ажлаа хийж байхад нь бид хараад сууж байдаг, тайзны араар орж гардаг тийм л хүүхэд байлаа. Одоо бодоход театрын талаарх миний анхны дурсамж эндээс л эхтэй байсан шиг бодогддог. Гэхдээ гүн гүнзгий биш л дээ. 

Хамгийн тод үлдсэн дурсамж бол мэдээж 1999 он. Сургуулиа төгсөх тэр жил манай ангийн хүүхдүүдийг Улсын Драмын Эрдмийн театртай албан ёсоор танилцуулж байсан. Жүжигчдийн өрөөгөөр орж, тайзан дээр хэрхэн бэлтгэл сургуулилт явагддаг болохыг харуулж байлаа. Тэр үед өчүүхэн чимээ ч гаргахгүйг хичээн алхаж явсан санагддаг. Теар бидний сэтгэл зүрхэнд тийм их бишрэл, хүндэтгэлийн газар байсан. 

-Таны аав Сугарыг шавь нар нь маш их дурсдаг. Тэр хүн дүр бүтээхийг бус жүжигчин бэлтгэхийг сонгосон. Хэрэв найруулагч, багш биш жүжигжин байсан бол ХЭН байх байсан бол. Та түүнийг ямар нэг дүрд хувилган харж байсан уу? 

-Сая хэлсэн шүү дээ. Найруулагч хүн байсан гэж. Дундговь, Дорноговь, Хөвсгөл гээд аймгуудын театрт мөн ажиллаж байсан. Дараа нь хотод ирээд Багшийн Дээд сургуулийн дэргэдэх “Кино драмын тэнхим”-ийн жүжигчид бэлтгэх ангид багшилж, жүжигчний уран чадварын багшаар ажиллаж эхлээд тэнхимийн эрхлэгч болтлоо дэвшсэн. Хожим СУИС байгуулагдахад мөн тэнхимийн эрхлэгчээр ажилласан доктор, профессор хүн. Тэгэхээр уран бүтээлч байх бус бусдад эрдэм заах зам мөр нь эртнээс тэгширчихсэн байсан л даа. Гэхдээ аавын туслах дүр бүтээсэн хэд хэдэн кино бий. Жишээлбэл, найруулагч Х.Дамдингийн “Хань” гэж кинонд биеийн тамирын багш, дасгалжуулагчийн дүрд тоглосон байдаг. Би тэр киног үзэх хачин их дуртай. Аавын минь гэрэлтсэн залуу нас дэлгэц дүүрэн ургаад л ирдэг. 

Анхнаасаа аав минь надад багш, найруулагч гэдгээрээ үлдсэн болохоор жүжигчний хувьд ямар хүн байх бол гэж огт төсөөлж байсангүй. 

-Тэгвэл “Энэ дүрийг л аав минь ёстой чиг нэг амилуулах байсан болов уу” гэж бодож байгаагүй юу? 

-Үгүй. Одоо бодъё гэх нь ээ үнэхээр ямар ч төсөөлөл алга. Үнэнээ л хэлье. Аав минь сайн багш, сайн найруулагч байсан. Үүгээрээ л миний дотор үлдсэн. 

Одоо би тодорхой хэмжээнд бүтээл туурвиж туршлагатай ч болж байна. Гэхдээ л алдаж, онож яваа нь тодорхой. Гэхдээ аавд минь байсан нэг гайхалтай чанарыг өвлөсөн. Учир нь аав аливаа уран бүтээлийн гол мөн чанар, зангилааг үүсгэсэн өгүүлэмжийн гүн дэх утгын эрэлд хатдаг, түүнийгээ олдог хүн байсан. Бүтээлийн гол мөн чанарыг олоод, олсноо ойлгочихвол мөнөөхөө жанжин шугам болгоно. Түүнээсээ гажихгүйгээр тухайн бүтээлийг найруулна. Үүнээс биш гаднах хэлбэр, загвар чимэглэлийг нь тоохгүй. Энэ нь л надад эрхэм. 

-Эцэг хүний хувьд түүний ертөнц ямар вэ? 

-Аав минь ажилдаа хамаг цаг зав, хүч хөдөлмөрөө зориулсан. Ер нь урлагийн хүмүүс тэгдэг талтай. Гэхдээ амралтын өдрүүдийг гэр бүлдээ, үр хүүхдүүддээ зориулна. Аав боломж л гарвал явган алхчихдаг хүн байсан. Намайг багад бямба гараг бүр 19 дүгээр хороололд байх гэрээсээ гараад Зайсан толгойн зүүнтэйх Соёмботой уул руу алхчихна. Аав өөртөө ус, надад болохоор нэг төгрөг, хорин мөнгөний ундаа авч өгөөд л хамт явдаг байлаа. 

Хүүхдүүддээ бол их зөөлөн эцэг байсан шиг санагддаг. Аливаа зүйлийг тулгахгүй, өөрийн дутууг үр хүүхдүүдээрээ нөхөх гэж зүтгээгүй. “Урдах ажлаа сайн хийгээрэй” гэж захина. Заавал ийм, тийм сургуульд ор, энэ мэргэжлээр яв гэж хэзээ ч хэлж байгаагүй. 

-“Гамлетад тоглосны дараа аав минь над руу их бахархсан харцаар харсан” гэж та дурссан. Одоо тэр харцыг эргэн санахад танд ямар мэдрэмж төрдөг бол ?

-Аав минь багшилж байхдаа сурагчдадаа болоод надад “Миний шавь, миний хүү гайхамшигтай, мундаг тоглолоо. Болж байна, гоё” гэж хэзээ ч хэлдэггүй. Мэдээж урамшуулах юмс байсан л байх. Илт магтана гэж ёстой үгүй шүү дээ. Зааж сургах талын арга барилаа яс баримтална. 

Гэтэл Гамлет жүжигт дүр бүтээсний дараа “Хүү минь жүжигчин болж эхэлж байна даа” гэх хандлага дотор нь төрж буй нь надад мэдрэгдсэн. Аав минь байгаа байдал, харцаараа өөрийн үнэлэмжээ илэрхийлсэн. Одоо аавынхаа тэр харцыг, тухайн үеийн дурсамжийг эргэн санахад улам илүү хичээх сэн, сайн дүр бүтээх юм сан гэх бодол л төрөх юм даа. Цаг хугацаа тун хурдан өөрчлөгдөж, юмс хувьсан шинэчлэгдэж байна. Тэр бүрт уран бүтээлч хүн бэлэн байж, ард нь гарах ёстой. Тийм хүсэл нь шатахуун болж өгдөг. “Өө, миний цаг үе өөр байсан. Би энэ жүжигт тоглохгүй” гээд л байвал шатахуунгүй болчихно. Дүрийг шинээр гаргах, зохиол дээрээ баг хамт олноороо ярилцаж байж гол мөн чанарыг нь олж нээх тийм шунал уран бүтээлч хүнд байх хэрэгтэй. Ийм шунал байхгүй бол хүчгүй. Тэгэхээр аав минь хэдий намайг үнэлж байсан ч би цааш илүү хөгжих хэрэгтэй, суралцах ёстой гэдгээ улам ойлгосон. Тэр мэдрэмж минь л эргэн сэргэж байна. 

-Гамлетын дүрд Сугарын Болд-Эрдэнэ. Энэ танд эхлээд би чадах болов уу гэх айдас төрүүлж байсан уу, эсвээс та жүжигчнийхээ хувьд өөртөө огтхон ч эргэлздэггүй эр зоригтой хүн үү? 

-Би ажлаа хийх ёстой. Мэдээж дэлхийн театрын уран бүтээлч бүрийн чансааг сорьдог энэ жүжигт тоглох нь зол завшаан, боломж гэдгээс гадна том хариуцлага учраас үүргээ сайтар ухамсарласан байх ёстой. Тэгж чадвал би Гамлет болж чадна. Ийм итгэл үнэмшил надад байсан болохоор хулчийгаагүй. Эргэлзээ бол байсан. Гэхдээ тэр эргэлзээ нь дүрийг хэрхэн тодорхойлж, бий болгох вэ, энэ өөрөө ямар дүр вэ гэдгийг би бүрэн ухаж таньж чадах уу гэх уран бүтээлийн эргэлзээ юм. 

-Гамлетаар та өөрөөсөө хэр их зүйл гаргасан бэ. Өмнөх өндөр жишиг болох Л.Жамсранжавын Гамлетаас таных юугаараа давуу вэ? 

-Би жүжигчний хувьд өөрөөсөө гарч болох бүх нөөцийг шавхсан. Найруулагч Н.Наранбаатартай, баг хамт олонтойгоо олон ч удаа ярилцсан, дүрийнхээ судалгааг хийсэн. Шат дамжсан өчнөөн бэлтгэл, сургуулилт хийсний хойно тайзан дээр гарсан. Гамлет бол ёс суртахууны маш өндөр хэм хэмжүүрт баригдсан өшөө авагч, үнэнийг эрэлхийлэгч. Өчигдөрхөн аавд нь хайртай байсан ээж нь яагаад нулимс нь хатах болоогүй байхад авга ахтай нь суучихав. Ертөнц яагаад ийм худал хуурмагаар дүүрэн юм бэ? Дүрийн эргэлзээ ингэж бий болдог. Тэр онцлогийг илүү гаргаж тоглохыг хүссэн. 

Мэдээж 1979 онд МУАЖ Л.Жамсранжав гуайн тайзнаа бүтээсэн Гамлет бол бас л давтагдашгүй онцлогтой, мундаг жүжигчний урласан дүр мөн. Харин түүнээс юугаараа давуу вэ гэвэл зөвхөн дүрийн бус жүжгийн онцлогийг илүүтэй ярих байх. 

Учир нь Н.Наранбаатарын найруулга өмнө нь драмын театрт тавьсан “Гамлет”-уудаас ритм, хурдаараа ялгарч байсан. Илүү хурдтай, эрчтэй, хөдөлгөөнтэй жүжиг болсон. Тиймээс нэг амьсгаагаар олон үг хэлэх, тэрхүү үгийн өгүүлэмж биеийн огцом хөдөлгөөнүүдээр илрэх зэргээр Гамлетийн дүр өөрөө асар их хурд, хүчийг шаардсан. Үүгээрээ л онцлогтой болов уу. 

-Надад нэг зүйл их сонирхолтой санагддаг. Жишээ нь, та тухайн үед орой бүр тайзан дээр Гамлет болно. Энэ үед бодит амьдрал дээрх Болд-Эрдэнэ дүрээсээ хамааралгүйгээр сэтгэлзүйн хувьд хэрхэн оршдог юм бол оо? 

-Мэдээж жүжигчин хүн тайзан дээр өөрийн бүтээж байгаа дүрд амьдарч, амьсгална. Дүрийнхээ туулж өнгөрүүлж буй цаг хугацаа, нөхцөл байдал дунд аж төрнө. Гэхдээ би зуун хувь Гамлет байхгүй. 

-Яагаад, жүжигчин хүн дүрээ зуун хувь гаргаж болохгүй гэхээр юу гэж ойлгох билээ? 

-Учир нь би “самоконтроль” буюу тайзан дээр, тухайн дүрд тоглож байхдаа өөртөө байнга хяналт тавих үүрэгтэй. Тэгж байж дүрийнхээ үйл хөдлөлийг гаргана, дотоод зөрчлийг бодол санаагаараа дамжуулан үйл хөдлөлөөрөө нарийн тодорхой үзүүлнэ. Хяналтаа алдаад тухайн дүрд зуун хувь уусчихвал би солиорно биз дээ. Тэгэхээр тавин хувь нь амьдрал дээрх Болд-Эрдэнэ, тавин хувь нь Гамлет байх ёстой. Тэгж байж сайн дүр бүтээнэ. 

-Таны дотор хүний зан араншин Гамлетын зан чанартай хэр ойр вэ? 

-Тодорхой хэмжээнд адил чанарууд байсан байж таарна. Мэдээж би өөрөө түүнийгээ мэдэхгүй, анзаарахгүй байсан байж болно. Гэхдээ Гамлетийн дүртэй адил зан чанар надаас гардаг, харагддаг байсан болохоор л найруулагч Н.Наранбаатар тус дүрийг надад оноосон болов уу. Тухайлбал, бодмоглоод алхаж яваа нь ч юм уу, ямар нэгэн төстэй шинжийг найруулагч олж харсан биз. 

-Үзэгчид таныг “Орчин цагийн Гамлет” гэдэг. Тоглосон дүрүүдийн чинь ноён оргил нь энэ жүжиг мөн гэж та өдгөө итгэлтэй хэлж чадах уу? 

-Мөн. 

-Бүтээсэн бүх дүрийн чинь оргил нь гэж үү? 

-Тийм ээ, яалт ч үгүй Гамлет миний бүтээсэн бүх дүрийн оргил нь мөн. Цаашид харин яахыг хэн ч хэлж мэдэхгүй. 

-“Фаус”, магадгүй “Тамгагүй төр” жүжгийн Эгэрэгийн дүр биш үү? 

-Уран зохиол ч тэр, театрын урлаг дундаа ч тэр Уильям Шэкспирийн “Гамлет”, Мигель Сервантесийн “Дон Кихот”, Гётегийн “Фауст” гурав бол өөрсдөө оргил дүр. 

Харин яагаад Гамлет миний бүтээсэн дүрүүдийн оргил нь вэ гэдгийг би дээр хэлсэн. Энэ дүрд орохын тулд маш их ажилласан. Дүрийн талаарх судалгааг хийсэн, жүжигчний арга барилаа олон талаас нь туршсан. Нэг дор нэлээдгүй текст уншсаны дараах хэсэгхэн зогсоц дээр хүртэл дүр өөрөө амьд хэлэмжтэй, хөдөлгөөнтэй байх ёстой. Мөн Гамлетийн дүр жүжигчнээс техник, хөдөлгөөний ур чадвар, хурдтай сэтгэн бодох зэрэг өөрт нь байж болох бүх чадварыг нэхдэг, өөрийгөө шавхаж тоглохоос аргагүйд хүргэдэг онцлогтой дүр. Тиймээс яалт ч үгүй миний бүтээсэн дүрүүдийн оргил нь мөн. 

-Таны бүтээсэн Гамлет хүссэн хүлээлтэд тань хүрсэн үү? 

-Миний өөрийн хүлээлт гэсэн үг үү? 

-Тийм ээ. 

-Дөхсөн. Гэхдээ бүрэн гүйцэд гэж хэлж чадахгүй, тэгэх ч боломжгүй. Ер нь дүр бүрийн ард л их, бага хэмжээний харуусал төрдөг. Тухайн үед үүнийг ингэчихсэн бол илүү сайн болох байж, тэр үгийг өшөө чанга дуугаар өгүүлэх ёстой байж гэх мэтээр... 

-Тэгж хамгийн ихээр харууссан дүр бий юу? 

-Нэг их айхтар харуусаад гаслаад байх юм байхгүй л дээ. Учир нь нэг талаараа улам сайжрах, хөгжих түлхэц болж өгдөг. “Би мундаг юм хийчихлээ, Гамлетийг бүтээчихлээ шүү” гээд сагсуураад байхаас илүүтэй юун дээр алдсанаа үнэн зөвөөр нь дүгнэж, өөртөө дүгнэлт хийх л хамгийн чухал. 

-Танд жүжгийн найруулагчаар ажиллахсан гэх хүсэл төрдөг үү? 

-Би нэг киноны найруулагчаар ажиллаж байсан шүү дээ, мэдэх үү.

-“Хөлтрөг” гээд кино юу? 

-Тийм. Эгч С.Болормаа зохиолыг нь бичсэн. Сэтгэхүйн аймшиг төрлийн бүтээл гэх юм уу даа. Тэгэхээр найруулагчаар ажиллах хүсэл надад байна гэсэн үг. Харин театрын хувьд одоогоор тодорхой нарийн мэдэгдэх юм өөрт алга. 

-Гамлетийн дүр танд юу өгсөн бэ? 

-Өгөөж бол өндөр. Ер нь манайхан дунд ийм нэг үг бий. Нэг томоохон сонгодог жүжгийн дүр бүтээх нь нэг их сургууль төгссөний дайтай адилхан гэж. Жүжигчний хувьд би тодорхой хэмжээнд өсөж дэвжсэн, туршлага хуримтлуулах, чадвараа нэмэгдүүлэх, оюун бодлоо цэнэглэх гээд олон талын өгөөж бий. Жишээ нь, Гамлетийн дүрийн судалгаа хийхэд маш олон зүйлийг унших шаардлагатай болж байна. Уншихад мэдлэг боловсрол зузаарна. Үүнээс гадна Гамлетийн дүрийг бүтээсний хойно дараагийн уран бүтээлүүд дээр ажиллахдаа илүү няхуур байх туршлага надад суучихсан байгаа юм. Энэ бол том өгөөж. 

-НАЙРУУЛАГЧИЙН ОНООСОН ДҮРЭЭС ТАТГАЛЗАНА ГЭДЭГ ИХ ХЭЦҮҮ-

-Та урлагийн гэр бүлд өссөн хүн. Гэр бүлийн хүмүүжил, агаар, дэргэд тань буй хүмүүсийн яриа хүүхдийн хөгжил, хүсэл мөрөөдөлд хамгийн их нөлөөлдөг гэдэг. Таны багад гэр тань магад театр шиг санагдах мэдрэмж төрж байсан уу?

-За, ийм асуулттай нэг их тулгарч байсангүй. Магадгүй тэгдэг ч байсан байж мэднэ. Гэхдээ яг театр гэх нь юу бол. Ямар ч байсан зурагтаар урлагийн тухай гарна, аав ээж хоёр үргэлж л “Удахгүй ийм жүжиг тоглоно гэнэ. Тэр жүжигт ийм хүн дүр бүтээнэ” гээд л ярьдаг, ах эгч хоёр пянз тоглуулагч дээр “Битлз”, “Pink Ployd”, “Led Zeppelin” зэрэг хамтлаг дуучдын дууг сонсоно. Үгийг нь мэдэхгүй ч гэсэн англи үгсийг шууд монголчилж бичээд л тэдгээр дуунуудыг ахин дахин сонсож суудаг байлаа. Ер нь нэг тийм урлагийн амьдрал буцалсан айл байсан даа. 

-Таны эгч ямар түвшний жүжигчин бэ. Багш нар нь их найдлага тавьж байсан гэдэг. Таны мэргэжлийн карьерыг илүүд тавьсан ч гэх юм уу гэр бүл дотор ямар нэг далд шийдвэр байсан уу?


-Үгүй. Гэр бүлийн дотор тийм шийдвэр байхгүй. Аав, ээж минь хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг адил тэгш хүндэтгэдэг. Эгч минь жүжигчнээр төгсөөд театрт ажиллаж байгаад гарсан. Хувь уран бүтээлдээ түлхүү анхаарах болсон л доо. Би жаахан байсан болохоор театрын жүжигчин талаас нь сайн мэдэхгүй. Одоо бол эгч маань жүжигчин гэхээс илүү багшийн ажилдаа түлхүү анхаардаг. Хоёр жилийн өмнө СУИС-д абсурд жүжгийн сэдвээр докторын зэргээ хамгаалсан. Эрдмийн ажилдаа түлхүү анхаарч, өөрийн цаг зав, хүч хөдөлмөрийг зориулах болсон нь цэвэр өөрийнх нь сонголт. 

Хүн бүрийн дотоод ертөнц өөр шүү дээ. Юу хүсэж, мөрөөдөж байна, түүнийгээ л хийж ёстой. Харин түүнийгээ чадаж байвал чинээнд нь тултал сайн хийх хэрэгтэй. Манайханд үйлчилдэг зарчим энэ. Эгч маань кино найруулж, мөн жүжиглэхээс гадна эрдмийн ажлаа голлон хийж, хувь хүний ертөнц дэх үйл хэргээ түүндээ зориулж байгаа хүн.

Жүжигчний хувьд ч сайн жүжигчин гэж боддог. Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуайн шавь л даа. “Содура”, “Хүний цаана” гээд ер нь нэрлээд байвал шинэ үеийн олон сайхан кинонд дүр бүтээсэн. Өөрийнх нь найруулсан, зохиолыг нь бичсэн бүтээлүүд ч сайхан сэтгэгдэл төрүүлдэг, үзэгчдийг дотроо тунгааж бодох асуулттай үлдээдэг. Мэдээж зөвхөн жүжигчний карьертаа анхаарсан бол өшөө олон сайхан дүрүүдийг бүтээсэн байх байсан болов уу. 

-Та эгчтэйгээ хамт кинонд тоглож байсан байх аа? 

-Тийм. Хамгийн сүүлд “Боловсрол” телевизийн бүтээл болох “Хавтаст хэрэг” олон ангит кинонд хамтарч тоглосон. 

-Төрсөн эгчтэйгээ хамт нэг кинонд ажиллахад бусад дүртэй хамтарч тоглохоос илүү өвөрмөц сонин мэдрэмж төрдөг үү?

-Нэг тийм содон зүйл бий. Сүүлд найруулагч С.Бямба, Ж.Жамъянсүрэн, Ж.Сэнгэдорж нарын хамтран найруулсан “Restart” гээд антолог кино гарсан даа. “Nomadia Pictures”-ийн арван жилийн ойд зориулсан бүтээл. Уг кинон дээр найруулагч С.Бямбын бүтээсэн хэсэгт бид хоёр яг төрсөн эгч дүүс болж тоглосон. Яахав төрсөн эгч дүүс болоод тоглоход нэг их хүндрэл, элдэв зүйл гарахгүй. Харин өөр бүтээлд, өөр дүрд, өөр нөхцөлд бол жаахан тийм зэнзийрхэх мэдрэмж байдаг. Жишээ нь, эхнэр нөхөр болох, эсвээс шууд нэрээр нь дуудах харилцан яриа үүссэн бүтээлд хамт ажиллалаа гэхэд биеэ барих, жаахан эвгүйрхэх мэдрэмж бас төрнө. Давуу тал бол байхгүй. Гэхдээ жүжигчин хүн тийм мэдрэмжийг өөрөөсөө хаяж, түүнийгээ давж байж л дүрээ бүтээдэг. Харин эгчид маань ямар мэдрэмж төрдгийг мэдэхгүй юм. 

-Та энэ талаар асууж байгаагүй гэж үү? 

-Үгүй ээ. Бид чинь тухайн цаг мөчдөө хийх ажлаа, дүрээ хэрхэн сайн гаргах тухай л бодно шүү дээ. Найруулагчтайгаа илүү тулж, сайн ярилцаж, зөвлөлдөж ажилладаг. 

-За, буцаад хоёулаа театр лугаа оръё. Театрт ажиллаж байсан найруулагчдаас хэн нь танд хамгийн гүн гүнзгийгээр нөлөөлж байсан бэ?

-Би их олон найруулагчтай хамт ажилласан. Н.Ганхуяг, Б.Мөнхдорж, Ч.Найдандорж, Ч.Түвшин, Б.Баатар, Н.Наранбаатар, М.Батболд гээд л... Хамгийн сүүлд Херо Баатартай хамт ажилласан. Эдгээр мундагчуулаас надад хамгийн их нөлөөлсөн найруулагч бол яалт ч үгүй Н.Наранбаатар. Бид хамтдаа эхэлсэн, хамтдаа хөгжсөн. Тиймдээ ч харилцан бие биенээ сайн ойлгож чаддаг. 

Анх театртаа ороод л цалин хөлс бага, орон тооны бус жүжигчнээр явж л байлаа. Ар гэрийн амьдралтай болчихсон, “Өөр ахиухан хөлс мөнгөтэй ажил хийдэг юм бил үү” гэх бодол ч төрж л байсан. Гэхдээ хамт даваад гарсан. Ер нь хамгийн олон уран бүтээл ажилласан гэдгээрээ ч тэр яах аргагүй Н.Наранбаатар найруулагч надад гүнзгий нөлөө үзүүлсэн хүн. Энэ бол яалт ч үгүй үнэн. 

-Мэдээж найруулагч танд дүрийг оноож өгнө. Гэхдээ ажиллахаар орсон жүжгээсээ энэ дүрд тоглохгүй гэдэг ч юм уу, найруулагчтайгаа зөрчилдөж байсан удаа бий юу?

-Байгаа, байгаа. Гэхдээ найруулагчтай бус тухайн бүтээлийн дүртэй л зөрчилдөх явдал мэр сэр гарч байсан. Жишээлбэл, найруулагч Н.Ганхуягийн “Эр хүн болгож өгөөч” жүжиг байна. Үзэгчид сайн мэднэ дээ. Гол дүрийн залуу жаахан оюуны хомсдолтой залуу, тэгээд эмэгтэй хүнтэй ойртуулах гэж байгаа маягийн өгүүлэмжтэй. Гэхдээ хүний амьдралын талаар, бидний төдийлөн эргэцүүлдэггүй гүн гүнзгий асуудлыг ил гаргаж тавьсан мундаг жүжиг л дээ. Гэвч надад дүр нь ерөөс нэг наалдаж өгөхгүй байсан. Тэгээд сүүлд тус жүжигт дублёр болж тоглосон. Ганц, нэг ийм тохиолдлууд бий. Түүнээс бол найруулагчийн оноосон дүрээс татгалзана гэдэг их хэцүү. 

-Дүрээ хүлээж аваад бэлтгэл сургуулилтын явцад өөрчлөгдсөн юм биш үү. Ер нь найруулагчийн оноосон дүрээс татгалзах яагаад хэцүү гэж...

-Би театрын жүжигчин. Цалин хөлсөө аваад ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол миний үүрэг. Нөгөөтэйгүүр жүжигчин хүн ямар ч дүрийг бүтээдэг байх нь энэ мэргэжлийн онцлог мөн. Өөрт тохирохгүй, наалдахгүй байгаа дүрийг бүтээж, ард нь гарна гэдэг нэг талаар тухайн жүжигчинд томоохон сорилт болж өгдөг, туршлага болж үлддэг жамтай.

-Жүжиг тайзан дээр тоглогдох хүртэл явц дунд хамгийн амттай үйл явдал юу байдаг вэ? 

-Наадах чинь маш чухал асуулт. Жүжгийн уншлагаас эхлээд дүрийнхээ мөн чанарыг хайж олох, олсноо ойлгох нь нэн түрүүний ажил. Дараа нь бэлтгэл сургуулилт эхэлнэ. Мэдээж тайз бэлэн болох, гэрэл асах, хөгжим дуугарах гээд гоё л доо. Гэхдээ тоглох дүрээ сайтар ойлгож авах, зохиолч, найруулагч, бусад дүрийн жүжигчидтэй хамт жүжгийг бүхэлд нь томьёолсон, цөм нь болсон санааг нээж олно гэдэг хамгийн гоё. Уран бүтээлч байхын сайхан нь энэ. Басхүү жүжиг нээхийн өмнөх мөч байна. Бүхий л бие сэтгэлээ бусдаас тусгаарласан, зөвхөн өөрийн дотоод дахь юмсаа хуримтлуулаад түүндээ төвлөрчихсөн байгаа оюун санаа л надтай хамт байдаг. Өөр юу ч тэнд байхгүй. Зүрх жаахан чичирхийж, өөртөө байгаа бүх энергийг дотооддоо хуримтуулчихаад зогсож байх тэр мөч их амттай. Яг тийм үед гарааны зурхайгаас эргэх гэж байгаа хурдны морь шиг болчихдог. Тийм учраас л олон дахин бэлтгэл сургуулилт хийж байж тайзан дээр гардаг. Үгүй бол жүжигчний дотор хуримтлагдсан тэр их хүч, энерги тайз руу гараад л садраад дуусчихна шүү дээ.

-“Фауст”-ын дүр таны тайзан дээрх бас нэгэн онцгой эргэн ирэлт байсан. Найруулагч М.Батболд яагаад энэ дүрд таныг сонгосон бэ, танд энэ тухайгаа хэлсэн үү? 

-Хэлээгүй. 

-Үнэхээр үү? 

-Тийм ээ. “Та энэ дүрд тоглох ёстой, хоёулаа хамтарч Фаустыг бүтээе” л гэсэн. Надад ч тун их сонирхолтой санагдсан. “Фауст” бол маш том сэдэвтэй агуу зохиол. Утга санааны хувьд ч тэр гүн гүнзгий. Чөтгөртэй гэрээ хийгээд сүнсээ худалдаж байгаа тэр өвгөн чухамдаа юуны эрэлд гардаг билээ. Аз жаргалын томьёолол гэж юу вэ? Энэ дээр бид жүжгийн гол санааг зангидаж ажилласан. Хүн төрөлхтний доторх мөнхийн сэдвүүдийг нийлүүлж тавиад түүн дотроосоо аз жаргалын томьёог эрж, олж байгаа юм. 

Үүнээс гадна найруулагчийн шийдэл нь их шинэлэг, орчин үеийн модерн төрөл жанраар бүтээсэн. Найруулгадаа технологийн шийдлүүдийг өргөн хүрээнд ашигласнаараа онцлог, давуу талтай байсан.

-“Фауст”-ын дүрийг та тайзан дээр бүтээж байгаа. Гэтэл тухайн дүр өөрөө таныг удирдаж байх шиг мэдрэмж төрж байсан уу? 

-Сонгодог зохиолын гол дүрүүд яалт ч үгүй жүжигчнээ хөтлөөд явчихдаг юм. 

-Гол дүр нь жүжигчнээ хөтөлж буйг яаж мэдэх вэ? 

-Зохиолч нь тухайн дүрд өгөгдсөн нөхцөл байдал, хэлэх үгс, далд бодлуудыг нь хүртэл нарийвчлан бичсэн байдаг. Унших явцад л зохиолын үйл явдалд хөтлөгдөх тохиол байдаг шүү дээ. Түүн шиг ийм дүрийг уншихад жүжигчнээ хөтлөөд явчих байдал шууд мэдрэгдэнэ. Гэхдээ нэг зовлон бий. 

-Ямар зовлон...

-Сонгодог дүр ганц бус маш олон утга санааг дотроо тээдэг. Хэтэрхий олон хувирал нь толгой эргүүлэх магадлал өндөртэй. Тэгэхээр найруулагчтайгаа ярилцаж байгаад хамгийн гол өнцгийг нь тодорхойлох ёстой. Тэгээд тухайн өнцгийг жанжин шугам, дагаж мөрдөх журам болгоод цаашид хэрэгжүүлнэ. Түүнээс бус нэг дүр дээр ертөнцийн хамаг зовлонг аваачаад овоолчихсон юм шиг байж болохгүй. 

Аливаа хүний дотоод мөн чанарыг уудлахыг зорьсон, эрэлхийлсэн, ухамсрыг олон талаас нь задалсан сайн дүрүүд жүжигчнээ хөтлөөд явдаг. Жишээ нь, М.Достоевскийн романы дүрүүд байна. Би түүний “Гэм зэм”, “Солиот” гээд романуудад их дуртай. Раскольниковын дүр л гэхэд дотооддоо асар их зөрчилтэй дүр шүү дээ. Тэр нэг муухай атгаг санаатай, шуналдаа дийлдсэн ломбардны эмгэнийг алах хүсэл төрөвч хүн хороож болохгүй гэх бодол давхар үүснэ. Гэсэн ч сүх бариад байшингийнх нь гадаа ирчихэж байгаа юм. Тэдгээрийг бүр нарийн тодорхой дүрсэлсэн байдаг. Үйлдлээс илүү хувь хүний өөртэйгөө зөрчилдөх дотоод тэмцлийг сайтар дүрсэлсэн нь гайхалтай санагддаг. 

-Достоевскийн “Гэм зэм” романыг “Орфей” театрын хамт олон жүжиг болгож тавьсан. Уран бүтээлчдийн баг жүжигчдээ зарлах явцад зарим үзэгч, уншигчид “Болд-Эрдэнэ тоглохгүй юм уу” гэж асууж байсан. Ер нь М.Батболд найруулагч тухайн үед танд жүжгийнхээ аль нэг дүрийг санал болгоогүй юу? 

-Би энэ талаар ярьж болох юм уу даа. 

-Ярьж болохгүй нууц байгаа гэж үү, үнэхээр тийм бол би таныг хүндлээд асуултдаа хариулт авахгүй орхиж болно шүү.

-Айхтар нууцсаад байх юм ч байхгүй л дээ. Зүгээр бодож л байна. 

-Ямартаа ч урьсан хэрэг үү? 

-Тэгсэн. “М.Достоевскийн “Гэм зэм” романыг жүжиг болгоё. Та Раскольниковын дүрд тоглооч гэдэг санал тавьсан. 

-Та зөвшөөрөөгүй байх нь, шалтгаан нь юу байв?

-Би тухайн үед Улсын Драмын Эрдмийн театртаа ажиллаж байсан. Тиймээс хувийн театруудын тайзан дээр гарах боломжгүй. Хамгийн гол шалтгаан нь энэ. 

-Таны хамгийн дуртай номуудын дотор Достоевскийн роман багтдаг юм шиг санагдлаа, тийм үү?

-Тийм. Мөн “Солиот” романд их дуртай. Оросын алдарт жүжигчин Иннокентий Смоктуновский алдарт Шекспирийн “Гамлет”-ийн дүрийг тайзнаа маш гайхалтай амилуулсан хүн. Тэр хүн Гамлетийн дүрийг бүтээхдээ Достоевскийн “Солиот” романы гол дүр Мышкин Вангаас сэдэл санаагаа авсан гэдэг. Тэгэхээр өөр сонгодог зохиолын дүрийн үйл явдал, сэтгэлзүйгээс суралцаж бас болдог байх нь шүү дээ.


-Таны ширээн дээр одоо ямар номууд байна вэ?

-Би яг одоогоор Юваль Ной Харарагийн “Sapiens:Хүн төрөлхтний товч түүх”, дараагийнх нь боть болох “Homo Deus: Маргаашийн товч түүх” номуудыг уншиж байгаа. Хүмүүс бид бусад амьд оршихуйгаас оюун ухаанаар л ялгардаг. Бусдаар яг л адил амьтад. Гэтэл хэчнээн аймшигтайгаар, ямар олон төрөл зүйлийг устгасан, ямар аймшигтай юм бэ гэх бодол төрж байна. Жорж Оруэллийн “Амьтны ферм” зохиолд гардаг шүү дээ. “Бүх амьтад тэгш эрхтэй. Зарим амьтад илүү эрхтэй” гээд л... Яг тэр санаанд орсон. Гэхдээ миний л хувьд шүү дээ. 

Хүн төрөлхтөн өөрсдөө маш их ёс зүй, энэрэнгүй сэтгэлийн тухай ярьдаг атлаа бусад амьтад, байлгальд хамгийн харгис ханддаг. Тэгээд бодохоор бид юуны төлөө амьдарч байна вэ гэж бодогдоно. Дараа нь бүх зүйл утгагүй санагдана. 

-Таныг дээгүүр түвшний уншигч гэж бодож явсангүй? 

-Өө, тийм мундаг уншигч биш. Уншдаг хүмүүсийн дэргэд би бол уншдаггүй хүн. Гэхдээ жүжигчин хүн дүрээ бүтээхийн тулд уншина, судална. Үүнтэйгээ зэрэгцээд дадал сууж байгаа юм. Гамлет, Фауст гээд л дүрүүдийн тухай хүмүүс юу бичсэн, ямар жүжигчид тоглосон, хэрхэн яаж бүтээсэн гээд бүгдийг нь л уншина шүү дээ. Жүжигчин хүн ямар ч дүрийг хүлээж авахад бэлэн байх ёстой. Тиймээс уран зохиолын ном түлхүү уншдаг.  

-Өөрийн тань хувь хүний үзэл бодол тэлэхэд “Фауст”-ын дүр нөлөөлсөн үү, эсрэгээрээ огт үгүй юу? 

-Нөлөөлсөн. Найруулагч М.Батболд “Аз жаргалын томьёолол гэж юу вэ?” гэх асуултыг эрэлхийлсэн. Хүн аз жаргалтай байх, таашаал авахын тулд амьдардаг. Гэтэл бид ямар ч болзолгүйгээр бүх юмыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг уу. Бусдаас авлага нэхдэггүй тийм хайраар дүүрсэн сэтгэл зүрх л аз жаргалаар дүүрнэ. Энэ асуулт, гаргалгаа гээд бүх зүйл “Нээрэн тийм шүү дээ” гэж бодоход хүргэсэн. 

-Шуудхан асууя л даа. Та Фауст дээр Гамлетад тоглосноосоо илүү байж чадсан уу. Мэдээж үзэгчид, судлаачид тодорхойлно гэж та хариулж магад. Гэхдээ уран бүтээлч хүн өөрийгөө дүгнэхэд буруудах зүйлгүй болов уу гэж бодож байна. 

-Чадаагүй л болов уу. 

-Дүрийн ажиллагаа нь Гамлет илүү байснаас тэр үү? 

-Ер нь тийм. “Фауст” бол найруулагчийн шийдэл илүүтэй давамгайлсан жүжиг. Жүжигчин нь дүр гэхээс илүүтэй найруулагчийн шийдлүүдэд захирагдаж ажилладаг. Тиймээс яг хувь уран бүтээлчийн хувьд бол Гамлетаас дутуудуулсан байх гэж боддог. 

-Жүжгийн өвөрмөц онцлог бол хлограм, техникийн хувьд цоо шинэ үзэгдлүүд зэрэг байсан. Фауст тайзан дээр бодит дүртэй бус технологоор ургуулсан дүр, түүний дуу хоолойтой харилцан яриа үүсгэдэг. Бодит хүн бус техниктэй харилцаж жүжиглэхэд хүндрэлтэй байсан уу?

-Яг энэ л дээ. Би тайзан дээр амьд хүнтэй харилцан яриа үүсгэхгүй. Бичлэгийн студид бичүүлээд бэлэн болгочихсон автомат хоолойн бичлэгтэй харилцан ярилцаж байгаа шүү дээ. Тэгэхээр текстээ яг л төлөвлөсөн цаг, минутын дагуу тааруулж хэлэх ёстой болно. Жаахан л хоцорвол миний дараагийн текстийн үг бичлэгтэй давхцана. Энэ их хэцүү байсан. Харин амьд хүн, дүр байсан бол намайг үгээ хэлж дуусахыг хүлээнэ шүү дээ. Гэхдээ энэ нь сорилт болж өгсөн. Надад цоо шинэ зүйлийн талаар туршлага хуримтлуулах боломжыг ч давхар олгосон. 

-Фаустын дүр танд юу өгсөн бэ?

-Ширхэг шүдэнзийг ч ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр хайрлах нь чухал. Түүн шиг бусдыг хариу нэхэхгүй хайрлах. Тэгж байж аз жаргалтай байна. Би, жүжгийн багийнхан, бид үүнийг олсон. Энэ бол надад өгсөн хамгийн том бэлэг. 

-БИ БЭЛЭН БОЛООД ТАЙЗАН ДЭЭР ГАРНА-

-Та “Драмын дөрвөл” гээд хамтлагтай байсан. Хүүхэд ахуйн мөрөөдлөө шингээж үлдээх гэж дуулцгааж байв уу. Эсвэл маркетинг байсан уу? 

-Аль, аль нь үгүй. Гэхдээ маркетинг болсон, одоо бодоход сайхан дурсамжууд шингэж ч үлдсэн. Тухайн үедээ дуулж, барья гэж ч нэг их бодоогүй. 2004 онд билүү дээ “Драмын мэргэжлийн төв”-өөс “Жүжигчид дуулж байна” нэртэй уралдаан зарласан юм. Тэр тэмцээнд бид дөрөв “Коммунист” нэртэй улс төрийн дууны попури дуулж оролцсон чинь түрүүлчихсэн. Түүнээс урам аваад хэдүүлээ ер нь дуу дуулъя гэж шийдсэн. Тэгээд тухайн үед ид “моод” болж байсан орцны дуунуудыг дуулж байлаа. Зарим нь бараг л ардын дуу шиг олон түмний чихэнд, сэтгэлд хоногшсон байдаг шүү дээ. Гэтэл цаашлаад цомог гаргаж, UB Place -ийн их танхимд тоглолтоо хүртэл хийсэн. 

Яг өнөөгийнх шиг зорилгоо тодорхойлж, нарийн систем гаргаад ийм маркетинг хийе, уран бүтээлдээ анхааръя гэсэн зүйл байхгүй. Ер нь жаахан дуулаад үзье, өөрсдийгөө хөгжүүлье гэж л бодсон. 

-Та дөрвийн нөхөрлөл хувь жүжигчдийн өрсөлдөөнөөс ангид оршиж чаддаг уу? 

-Бид нэг үед гарч ирсэн. Нэгнээ хөглөж, хамт бүтээл туурвиж, хамтдаа өсөж дэвжсэн. Одоо бол тус тусын уран бүтээлдээ анхаарч байгаа. Асуултад чинь өгөх хариултын хувьд бол ангид оршиж чаддаг гэж боддог. Бусад маань тийм бодолтой байдаг болов уу. Гэхдээ яг уран бүтээлч талаасаа өрсөлдөөн байдаг л байх. Тэгж байж л бид урагшилна. Өрсөлдөөн оршиж байж л бие биесээ хөглөнө шүү дээ. Нөхөрлөлийн хувьд бол нэгнээ дэмжиж, хамтдаа бүтээлүүд хийгээд л явдаг. Тэр нь уран бүтээлчдийн дотоод өрсөлдөөнөөс ямагт ангид байдаг. Би тэгж л боддог. 

-Би энэ л жүжигт тоглохсон, энэ л жүжгийг манайхан тавиасай, гол дүрд нь намайг уриасай гэж боддог дүр танд бий юу? 

-Хорвоо ертөнцөөр дүүрэн сайхан зохиол, гоё дүрүүд байна. Тэдгээрийн алийг гэхэв дээ. Яг одоо бол тэгж хүссэн дүр алга. Гол нь өөрт оногдсон дүрийг, дүрийн ядаж нэг тоглолтыг хүмүүсийн зүрхэнд хоногшиж үлдтэл бүтээхийг хүсдэг. Яг л “Загалмайлсан эцэг” кинонд Аль Пачино охиноо буудуулчихаад театрын гадна цогцосных нь дэргэд амаа ангайн чимээгүй зангирч сууснаа бүх цөхрөлөө гадагшлуулж хашхирдаг хэсэг шиг... Бачуурал, дотоод тэмцлээ яг төгсгөлд нь задалдаг. Зөвхөн тэр хэсгийн жүжиглэлт нь тус кинонд ч бус ерөөс кино урлагт тамгалагдчихсан. Тэгэхээр сонгодог гэсэн дүр болгонд тоглох гэхээсээ илүүтэй ямар нэгэн дүрийг үзэгчдийн сэтгэлд тамгалж үлдээх хүсэл л надад бий. 

-Таны хувьд энэ цагийн хамгийн том жүжигчин хэн бэ. Одоо тоглож байгаа…

-Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва ахыг хэлнэ. Тэр хүн бол энэ цагийн, одоо ч дүр бүтээж байгаа хамгийн мундаг жүжигчдийн нэг. Бидэнд үлгэр дуурайл болсон, өөрийн ажилдаа хариуцлагатай ханддаг жүжигчин. Дүрээ гадна болон дотор талаас нь чадварлагаар урладаг. Жүжиг эхлэхээс ямагт хоёр цагийн өмнө ирнэ. Тэгээд л хэдийн дүрдээ бэлдээд эхэлчихсэн суудаг. Хамгийн их үлгэр дуурайл авдаг жүжигчин маань энэ хүн.

-Тэгвэл таны шүтдэг жүжигчин хэн бэ. Магадгүй даган дуурайх, түүн шиг болох гэхээсээ илүү зүгээр бахаддаг, биширдэг жүжигчнийг нэрлээч?

-Эдди Редмэйн. Залуухан жүжигчин л дээ. Гэхдээ би үнэхээр биширдэг. Тэр бол цэвэр төрмөл авьяастай, гайхалтай жүжигчин. 

-“Орфей” театрын хамт олон ээлжит уран бүтээл болох Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн жүжгийнхээ гол дүрд таныг тоглуулахаар болсон гэж сонссон. Та одоо Фауст, Гамлет, “Тамгагүй төр”-ийн Эгэрэг түшмэлийн дүрийг мартаж 1984 оны Лондон хотын оршин суугч Уинстон Смит болон хувирах гэж байна. Та итгэлтэй байна уу? 

-Итгэлтэй байна. Гэхдээ тэрхүү итгэл дотор маань эргэлзээ ч мөн бий. Эргэлзэж байна гэдэг маань энэ дүрийг тайзанд амилуулж чадах бүрэн бололцоо бий гэсэн үг. Учир нь эргэлзэхгүйгээр, дүрээ илүү сайн мэдэж, танихгүйгээр ямар ч уран бүтээл үнэ цэнтэй болохгүй. Жорж Оруэллийн “1984” бол дэлхийд алдартай, уран зөгнөлийн, эрх чөлөөний үзэл санааны тунхаг болсон бүтээл. Тэгэхээр үүнийг жүжгийн зохиол болгоно гэдэг ярвигтай асуудал. Тиймээс л итгэл дотор маань эргэлзээ төрөөд байгаа юм. 

-Тэгэхээр уг эргэлзээ айдсаас төрөөгүй байх нь...

-Ер нь бол романы нөхцлүүд их өөр өгөгдөлтэй. Та юу бодохыг тухайн улсын удирдагчид шийднэ. Өөрийн гэсэн давхар бодолтой байж болохгүй. Одоохондоо би зохиолоо авчихсан, ид жүжгийн дүрийнхээ хөгжүүлэлт дээр ажиллаад явж байна. Аливаа дүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй байдаг. Гэтэл тус зохиолын гол дүр болох Смит мөрөөдөх бүү хэл “бодох” хориотой. Тэгэхээр би энэ дүрийг яаж бүтээх вэ? Хамгийн эхний том асуултын тэмдэг өмнө минь байна. 

-Эх зохиолоо уншихад Смитийн дүрээс та хамгийн түрүүнд юуг онцолж харсан бэ? 

-Өнгөрснийг арчиж хаяна, сайхан дурсамжуудаа санахгүй байна гэдэг аймшигтай. Смитийн зарим дурсамж ухамсарт нь амилах боловч өөрөө түүндээ эргэлздэг. Тэр тухайгаа бусдаас асууж, бусдад ярьж болохгүй. Тэгвэл гэмт хэрэгтэн болно. Тэр бас Гамлет шиг үнэний эрэлчин. Өөрт нь туслах хүнийг хайж байгаа. Гэхдээ энэ бол дүрийн нэг л хэсэг. 

-Бүтээлд дүрсэлснээр суртал ухуулгын хүчээр тухайн улс иргэдийнхээ амьдрал болон оюун ухамсарт бүрэн хяналт тогтоохоос гадна өөрсдийнхөө бодлогын үүднээс үг хэлдэг, бодож сэтгэдэг болгох аргыг хэрэгжүүлнэ. Магадгүй жүжигчин ч бас дүрийнхээ өмнөөс бодож сэтгэдэг, дүрийнхээ хэлэх гэсэн үгийг л хэлнэ. Энэ чанар танд адил мэдрэмж төрүүлсэн үү? 

-Магадгүй. Нэг талаас тийм ч байж болох юм байна. 

-Эрх чөлөө гэж юу вэ? 

-Өөрийнхөөрөө бодож сэтгэдэг, өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч байх. Миний үзэл бодол хэн нэгний хувьд утгагүй, хогийн санагдаж болох ч би л түүнийг зөв гэж бодох нь чухал. Мөн миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана. Юм бүхэнд хязгаар бий. Би өөрийн гэсэн эрх чөлөө, үзэл санаагаа бусдад хамаагүй тулгаж болохгүй. Энэ зохиолын дүр ч тэр мөн чанараас огт халихгүй. 

-М.Батболд найруулагчтай та хоёр дахь жүжиг дээрээ хамтран ажиллах гэж байна. Найруулагчийн онцгой барил, жүжигчидтэй харьцах гол мөн чанар нь юундаа байдаг вэ?  

-Тэр бол их зоригтой найруулагч. Энэ нь зохиолуудын сонголтоос харагддаг. Уран зохиолын нүсэр байгууламжуудыг жүжиг болгож тавина гэдэг хэн хүн зориглоод байх үйлдэл биш. Эрсдэл гарвал тэр хүн өөрөө үүрнэ. Нураад уначих магадлал өндөртэй байшин барьж байна, энэ их аюултай. Гэтэл М.Батболд найруулагч яг үүнийг, одоо л тавих цаг нь болсон гэж хараад тухайн ажил руугаа зоригтойгоор орж чаддаг онцлогтой. 

Мөн зохиолын хөгжүүлэлт дээр жүжигчдийнхээ хэлж буй санааг няц дардаггүй. Тэндээс авах юмаа авдаг. Хүсэл бодлыг хүлээцтэй сонсож, зөв гэж бодвол хэрэгжүүлдэг. 

-Тэгвэл театрын урлагийн хувьд анхны жүжгээ найруулсан Бат-Өлзийн Баатар найруулагчтай “Тамгагүй төр” жүжиг дээр хамтран ажиллахад анзаарагдсан зүйл юу байв?

-Олон сайхан юмыг олж харсан. Тэр хүн маш том удирдагч юм билээ. Олон хүнийг нэг зорилгын дор нэгтгэж чадсан. Бид анх жүжиг эхлэхэд Уильям Шекспирийн эх оронд очиж тоглоно гэж огт бодоогүй. Гэтэл тэр үүнийг хийж чадсан. Тэнд нэг өдөр дөчин театр яг нэг цагт зэрэг дөчин жүжиг тоглож байгаа юм. Тэдний нэг нь “Mongol Khan”. Энэ бол театрын төдийгүй монголын урлагт маш том үсрэлтийг хийсэн үйл явдал гэж миний хувьд дүгнэдэг. 

Б.Баатар найруулагч эрсдэлээ өөрөө үүрээд байлдаанд орсон. Шатвал өөрсдөө шатна. Гэтэл тэгж томоор сэтгэж, алсыг харж, бүтээлээ хийдэг нь хүн бүхэнд байгаад байдаггүй онцгой чанар. 

-Та урлагийн төв болсон газарт,  театрт нь очиж үзсэн. Тэндээс та манай театрын урлагт дутагдаж буй ямар нэгэн зүйлийг олж харсан уу? 

-Бид урлагтаа шинэчлэл хийх ёстой цаг ирсэн нь улам ихээр мэдрэгдэж байсан. Тэгэхгүй л бол урагшлахгүй. Одоо бол нэг тийм хуучны , социалист систем ч юм шиг, яг ямар шугамаар явж байгаа нь мэдэгдэхгүй зөрчилдөөн үүсээд байна. Үүнийг эцэслэж нэг талдаа гарах ёстой. Нэг бол Төр нь авсан шиг аваад, театрын урлагаа, театраа дэмжээд явах нь зөв. 

-Сүүлийн үед хувь театрууд олноор бий болж өрсөлдөөн нэмэгдэж байна. Хүмүүс хошин шог бус жүжиг үзэх болсон. Ирэх сард гэхэд л олон шинэ жүжгүүд тоглогдох гэж буйг бид харж байна. Алхам алхмаар бас урагшилж л байгаа болов уу?

-Ерөнхий том зургаар нь харахад бол манайд нэг үеэ бодоход театр эрчимтэй хөгжиж байна. Өмнө нь ийм хурдтай хөгжил ажиглагдаж байгаагүй. Олон жижиг хувийн театрууд бий болж байна. Энэ нь буруу биш. Өрсөлдөөн байж л тэнд хөгжил ирдэг гэж би дээр хэлсэн. Гэхдээ яримаар зүйл бий. Хүмүүс магадгүй муу хэлэх л байхдаа. 

-Юу юм бол. Та бусдад шүүмжлүүлэхээс тэгж их айдаг уу? 

-Шүүмжлэл хэрэгтэй. Зөв шүүмж бол нэн их тустай. Тэгэхээр эмзэглээд байх зүйл байдаггүй. Гол нь хөдөө орон нутагт ч юм уу, хаа байсан Говь-Алтай аймгийн нэг суманд олон мянган хүний суудалтай театр барьж яах юм бэ. Би бол тэнд театр барьж хэрэггүй л гэж хэлнэ. Хүн ам төвлөрсөн газарт нь барих хэрэгтэй. Мэдээж хөдөөгийн сумдад урлагаар соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байх ёстой. Тэнд суурьшиж буй иргэд ч сайхан жүжиг үзэх эрхтэй. Гэхдээ том театр бариад яах билээ. Хүмүүс өдөр бүр жүжиг үзэхгүй, суудал нь хоосон л байна. Энэ мэт шийдлүүдийг эргэн хардаг, боддог байгаасай л гэж хүсэх юм. 

-Дэлхийн театрын тайзан дээр гарах драмын театрын тайзан гарах хоёрт ялгаатай зүйл хэр их ажиглагдсан бэ? 

-Бид Лондон хотын хамгийн том нь болох 2400 хүний суудалтай “Колизей” театрт жүжгээ толилуулсан. Дөрвөн давхрын суудлууд барагтай хүн авдаггүй учир хөшиг нь хаалттай байдаг юм билээ. Гэтэл “Mongol Khan” жүжгийн үеэр бүх суудал нь дүүрч, театрын зүгээс дөрвөн давхрын суудлынхаа хөшгийг нээхэд хүрч байлаа. Тэр олон хүний энерги дунд тайзан дээр гарахад хүч уначих гээд байх шиг сүрдэх мэдрэмж төрж байсан. 

-Дотоодын үзэгчдийн дунд “Mongol Khan” гэдэг нэр их шүүмжлэл дагуулсан. “Их зохиолч Б.Лхагвасүрэнгийн жүжгийн нэрийг солилоо. Монголын түүхэнд ийм хаан байгаагүй, гадныханд эх орноо буруугаар сурталчилж байна” гэх мэт... Бид монголын урлагаа таниулах, дэлхийн хүмүүст хүргэж буй нь баярт үйл явдал боловч яг яаж, ямар агуулгаар хүргэх вэ гэдэг чухал. Үүн дээр ямар бодолтой байна вэ? 

-Бид “Монгол” гэдэг нэрийг л дэлхийд гаргахыг, хүмүүст таниулахыг зорьсон. Тэр утгаараа хамгийн зөв шийдвэр байсан гэж боддог. Бид монгол дээлээ өмсөөд гадагш гарахад хүмүүс “Монголчууд, Чингис хаан” гээд таньж байгаа юм. Зүгээр л энгийн хувцастай гараад алхахад хятад л гэж хардаг. Тэгэхээр “Тамгагүй төр” гэхээс илүү “Mongol Khan” хэмээсэн нь зөв шийдвэр байсан гэж харж байгаа. 

-Тэгвэл “1984” романыг жүжиг болгох нь хэр зөв шийдвэр вэ. Та хэрхэн харж байна? 

-Мэдээж энэ романд гардаг томоохон үзэл санааг хүмүүс, ялангуяа залуучуудад хүргэх нь зөв гэж бодож байгаа. Нөгөөтэйгүүр энэ жүжиг хоёр хөршид маань хориотой юм билээ. Тэгэхээр уг жүжгийг тавьснаар бид оюун санааг эрхэмлэдэг, эрх чөлөөг дээдэлсэн орон гэдгийг дэлхийд зарлах том боломж ч бий. 

-Та зохиолын гол дүр болох Смит шиг тэмцэгч байж чадах уу? 

-Мэдээж өөрийн гэсэн үзэл бодол, дотоод итгэл үнэмшлээ хамгаална. Гэхдээ түүнийгээ бусдад тулгахгүй. Харин бусад нь энэ итгэл үнэшлийг минь үгүйсгэвэл тэмцэнэ. Тэгэхээр чадна гэсэн үг юм болов уу даа. Гол нь тэмцэгч хүн бусдын үзэл бодол, эрх чөлөө, үнэт зүйл өөрийн итгэл үнэмшлээ тулгаж болохгүй. 

-Би зөвхөн зохиолын дүрийн үүднээс асуусан юм л даа.

-Би хувь хүнийхээ үүднээс хариулж байгаа юм. Харин зохиолын гол дүр болох Смит шиг тийм аймшигтай байдалд орвол эцсээ хүртэл тэмцэж чадах эсэхийг хэлж мэдэхгүй юм. Хэн ч хэлж мэдэхгүй. Энэ бол үнэн. 

-“Орфей” театрын хамт олон хэрхэн, яаж ажилладаг онцлогтой вэ. Ажлын үйл явцаас нь таныг хөглөдөг зүйл бий юу? 

-Ихэвчлэн уран бүтээлч хүмүүс тэнд байдаг. Тиймдээ ч үзэл бодол нэгдэнэ, зарим зүйл дээр халуухан маргаан дэгдэнэ. Энэ бол хамгийн зөв зам. Жүжгээ сайн болгохын тулд, дүр болоод зохиолыг сайжруулахын тулд маргалдаж, зөрчилдөж байна. Ийм үйл явц намайг хөглөдөг. Хэн ч чимээгүй ажаад суудаггүй. Бүгд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлнэ. Уран бүтээлийн маргаан, өрсөлдөөн гэдэг шинэ санаа сэдлийг бий болгодог. Бий болгосноо бас үгүйсгэж няцаадаг. Тэгээд эхнээс нь дахин өрж, бүтээдэг. Энэ бол хамгийн гоё үйл явц байдаг. 

-Хөшиг нээгдлээ. Та тайзан дээр гарахад бэлэн үү? 

-Бэлэн болох үйл явц ид өрнөж байна. Би бэлэн болчихоод тайзан дээр гарна.  

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (1)

Bayr
Bayr
30 March 2024 16:43

Супер яриа болжээ

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав