Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд 350 харваач цэц мэргэнээ сорьжээ. Харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат аймгийн мэргэн, спортын мастер Х.Мягмаржав 27 оноогоор товх харван түрүүлж, Улсын мэргэн цолны болзол хангалаа.
Завхан аймгийн Тэс сумын уугуул, Налайх дүүргийн харьяат, Их өв цэцэн багийн харваач, “Тэсо пропертис” группын тамирчин, урианхай сурын Улсын мэргэн Б.Хатансайхан дэд байрт шалгарсан бол Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Өлгийн мэргэчүүд” багийн харваач, “Таван богдын бүргэдүүд” дэвжээний тамирчин, спортын мастер Н.Алтансүх гутгаар байрын мэргэнээр тодров.
Дөрөвдүгээр байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат “Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК”-ийн ажилтан, “Уулсын мэргэчүүд холбоо”, “Алтайн шонхор” багийн харваач, аймгийн мэргэн, спортын мастер М.Галбадрах шалгарч, тавдугаар байрыг Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат, “Ховд эко цемент Вестерн холд ХХК”, “Уулсын мэргэчүүд холбоо”, “Алтайн шонхор” багийн харваач, урианхай сурын Улсын мэргэн Д.Алтангэрэл эзэлжээ.