2025 онд бид гадаадын болон дотоодын уран бүтээлчдийн олон сайхан номыг хүлээн авч уншина гэдэгт итгэлтэй байна.
Харин тэдгээрээс ямар хэвлэлийн газрууд шинэ номоор уншигчдадаа баярлуулах болсныг энэ удаагийн нийтлэлээрээ толилуулъя.
AUM ПАБЛИШИНГ
Садех Хедаят “СОХОР ШАР ШУВУУ”
Ираны уран зохиолд хамгийн чухал байр суурийг эзэлдэг тус бүтээлийг Д.П.Костелло анх англи хэлээр орчуулж дэлхийн уншигчдад танилцуулж байжээ. Садех Хедаятын эл бүтээлийг Кафка, Эдгар По, Рилке нарын бичлэгийн өнгө аяс, бүтээлийн үнэ цэнтэй харьцуулан авч үзэх нь бий. Чухам л бүхэлдээ сүйрсэн хайрын үлгэр хэмээн тодорхойлдог уг зохиол гүнзгийрэх тусмаа уншигчдыг хүчтэйгээр донтуулдаг номуудын нэг юм.
Хуан Рулфо “ПЕДРО ПАРАМО”
Хуан Рулфог сюррелист зохиолын эцэг хэмээн өргөмжлөхөд хүргэсэн “Педро Парамо” бүтээлд Комала хэмээх сүнсний хотын тухай, аав Педро Парамог олно хэмээн ээждээ тангарагласан нэгэн эрийн талаар өгүүлнэ. Дурсамж болодд хий үзэгдлийн хотын түүх, Рулфогийн уран яруу дүрслэлийн гайхалтай хэв загварыг уг номоос унших боломжтой. Рулфогийн тухай алдарт зохиолч Гарсиа Маркес “Түүнийг өөртөө анх олж нээсэн минь Кафкатай анхлан холбогдсонтой адилаар дурсамжийн минь салшгүй хэсэг байх болно” хэмээжээ.
МОНСУДАР
Харуки Мураками “ХОТ БА ТҮҮНИЙ ТОДОРХОЙГҮЙ ХАНА ХЭРМҮҮД”
Мураки уг номоо коронавирус хэмээх цар тахлын аюул нүүрлэж, хүн төрөлхтөн хөл хорионд байсан гурван жилийн хугацаанд бичсэн гэдэг. Хайрын түүх, эрэл хайгуул. Тус бүтээлд эдгээрийн дотор мөнхөд хадгалагдан буй номын сангуудын тухай өгүүлнэ. Financial Times сэтгүүлд “Ном, номын сан, номын санчдад зориулсан хайрын захидал” хэмээн уг бүтээлийг тодорхойлжээ.
Маркус Зусак “НОМЫН ХУЛГАЙЧ”
“I Am the Messenger” номын зохиолч Маркус Зусакын ээлжит уран бүтээл болох “Номын хулгайч” романыг Нью-Йорк Таймс сэтгүүл “Амьдралыг өөрчлөх ном” хэмээсэн байдаг. Учир нь юу вэ? Лизель Мемингер хэмээх Мюнхен хотын ойролцоо аж төрнө. Мэдээж тэр ном хулгай хийдэг. Энэ бол хэзээ ч тэвчишгүй, өөрчилж чадахгүй үйлийн нэг нь. 1939 он, Нацист Герман улс. Бөмбөгдөлт тун хурдан ойртож, үхлийн аймшгийг тэд амьсгаа даран хүлээж байлаа.
ARVIS
Калил Гибран “ЗӨНЧ”
Калил Гибраны “Зөнч” болбоос 1923 онд анх хэвлэгдсэн цагаасаа уншигчдын зүрх сэтгэлийг ургуулан тэтгэсээр ирсэн “гэрэлт” зохиол билээ. Энэ бол хүмүүний зүрхэн тольт руу өнгийн бодолд автуулах урлагийн бүтээл бөгөөд гэгээрэл тийших гайхамшигт аян юм. Альмустафа хэмээх зөнч өөрийн мэргэн ухааныг толгой холбон бусдад өгүүлснээр зохиол эхэлнэ. Тэрээр энэхүү товч бодрол шүлэглэлүүдээрээ өвчин хийгээд зовлон, гэрлэлт хийгээд төрөлт, баяр хийгээд гуниг зэрэг амьдралын гүн гүнзгий сэдвүүдийг хөнджээ. Өдгөө хэдийн дэлхийн 40 гаруй хэлэнд хөрвүүлэгдсэн уг алдарт бүтээл энэ хавар монгол уншигчдын гарт хүрнэ.
Остин Клеон “ЗҮТГЭСЭЭР БАЙ”
Хэрвээ та бүтээлч сэтгэлгээгээ нээн илрүүлэхийг, улам хурцлахыг хүсвэл Остин Клеоны цуврал “дөрвөлжин” бүтээлүүдтэй заавал танилцах хэрэгтэй. Тэрээр “Санаа авахаас бүү ай" зохиолдоо хэрхэн шинэ санаа гаргах, хэрхэн бусдаас санаа авч өөриймшүүлэх тухай өгүүлсэн бол удаах "Ажил бүтээлээ дэлгэ" номдоо хэрхэн олон нийтэд өөрийгөө таниулах тухай бичсэн байдаг. Харин “Keep Going” хэмээх гурав дахь бүтээлдээ Остин Клеон бүтээлч хүмүүст байнга тулгардаг чухал асуудлыг хөндсөн нь сатаарал, эргэлзээ, гацалт зэрэг олон саад тотгор дундуур хийж буйгаа үргэлжлүүлсээр байх, зүтгэсээр байх явдал юм. Арвис Паблишингаас “Зүтгэсээр бай” нэрээр орчуулан гаргаж энэ бүтээлд хүн амьдралынхаа туршид хэрхэн бүтээлч, төвлөрөнгүй, өөртөө үнэнч хэвээрээ үлдэх вэ гэдгийг өгүүлнэ.
НИЛ ПАБЛИШИНГ
Херман Хессэ "ДЕМИАН"
Германы суут зохиолч Хермэн Хессегийн гар хүрсэн бүхэн дэлхийн уран зохиолд жинтэй хувь нэмэр оруулна. Түүний бичсэн туурвил бүхнээс амьдралын гүн ухаан, тухайн нийгмээс олж харсан жир бус мэдрэмжүүд уншигчийн дотор нэгэн зэрэг мэдрэгддэг. “Демиан” бол Эмил Синклэйрийн залуу насны түүх юм. 1919 онд анх хэвлэгдсэн уг ном нь зохиолын түүхийг өгүүлэгчийн нэрээр хэвлэгдсэн боловч хожим Хэссэгийн бүтээл болох нь илэрч арав дахь хэвлэл дээр албан ёсоор зохиолчийн нэрийг тавьж байжээ
Ёко Огова "ДУРСАМЖИЙН ЦАГДАА"
2020 онд Ёко Огава “Дурсамжийн цагдаа” бүтээлээрээ Мэн Бүүкерийн нэрэмжит утга зохиолын шагналыг хүртжээ. Өнгөрснийг хэрхэн хадгалж үлдэх вэ? Зохиолын эргэлтийн цэг дээр уг асуулттай нүүр тулдаг. Залуухан зохиолч өөрийн редакторыг аюулд орсныг мэдээд түүнийг шалны тавцангийн доор нуух төлөвлөгөө зохионо. Түүний амьдардаг арлын ихэнх оршин суугчид алдагдсан эд зүйлээ эргэн санах ой санамжгүй байдаг агаад бүгдийг санадаг цөөхөн хэд нь аливаа зүйлийг мартсан хэвээр нь байлгах үүрэг хүлээсэн дурсамжийн цагдаагаас болж ямагт айдас дунд аж төрнө.
ТАГТАА
Итало Кальвино “ХЭРВЭЭ ӨВЛИЙН ШӨНӨӨР НЭГЭН АЯНЧИН...”
Итало Кальвино бол XX дугаар зууны хамгийн чухал зохиолчдын нэг. Тэрбээр дэлхийн II дугаар дайнд тулалдаж явсан агаад эхэн үеийн бүтээлүүдэд нь дайны үеэр үзэж туулсан бүхнийх нь нөлөө гүнзгий туссан байдаг. Түүний “Үл үзэгдэгч хотууд” хэмээх бүтээлийг нь Тагтаа хэвлэлийн газраас 2019 онд уншигчдын хүртээл болгож байв. Харин энэ удаад тэд бичлэгийн онцгой арга барил бүхий эл содон туурвилчийн өөр нэгэн алдартай бүтээл болох “Хэрвээ өвлийн шөнөөр нэгэн аянчин...” романыг орчуулан уншигчдадаа хүргэхээр болжээ.
БОЛОР СУДАР
Милан Кундера “ИНЭЭД ХИЙГЭЭД МАРТАХУЙН НОМ”
Энэ онд Болор судар хэвлэлийн газраас дэлхий дахинд алдаршсан нэлээдгүй олон бүтээлийг уншигчдад хүргэхээр зэхсэний нэг нь Чехийн алдарт туурвилч Милан Кундерагийн “Инээд хийгээд мартахуйн ном” роман. Эл бүтээл Кундерагийн бусад роман адил баялаг өгүүлэмжтэй агаад түүх, уран сэтгэмжээр баялаг. 1970 -аад оны сүүлээр уг бүтээл зохиолчдоо дахин шинэ амжилтыг авчирсан гэдэг.
Хулиа Кортасар “АНГИ ДЭВШИХ ТОГЛООМ”
Хулио Кортасар бол Аргентин улсаас төрөн гарсан хамгийн чухал зохиолчдын нэг. Түүний өгүүллэгүүдийн гүн санаа, илэрхийлэл, бичлэгийн арга барил нь тэр чигтээ нууцлаг, тааварлагдашгүй байдаг болоод түүний зохиолын баатрууд ямагт одоо цаг дээр оршдог. Түүний дэлхийн уран зохиолд үзүүлсэн нөлөөг Гарсиа Маркес, Варга Льоса, Карлос Фуэнтес нартай харьцуулан авч үздэг. Илэрхийлэн бичих аргыг нь усны мандал дээр ойсон сарны гэрэл лугаа хэмээн зүйрлэх нь бий.
УЛБАР
Мэгги Нелсон “BLUETS”
Америкийн зохиолч Мэгги Нелсон яруу найрагч, үргэлжилсэн үгийн нийт есөн бүтээл туурвижээ. Тэдгээрээс онцлох номын нэг нь сэтгэл гутралын талаар тод томруун тусгасан “Bluets” хэмээх бэсрэг роман юм. Хүн хоорондын харилцааны асуудлын бараан талыг төнхөн гаргасан тус номд сэтгэлийн таашаал, зовлон шаналан хоёр салшгүй холбоотой хэмээдэг. Эл бүтээл 2009 онд “Book Forum”-аас нэрлэсэн шилдэг 10 номын нэг болж байв.
Б.Мандухай “ЭМГЭНЭЛТ ОНГОДУУД”
Уг номыг англи хэл дээр бичсэн агаад Чикагогийн их сургуулийн хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр орчуулан уншигчдад хүргэхээр болжээ. Номд орчин үеийн Монголын бөө мөргөл, дурдатгал, хүйсийн тэгш эрх зэрэг олон асуудлыг хөндсөн байна.
CHIMEE
Салман Рушди “ШӨНӨ ДУНДЫН ХҮҮХДҮҮД”
Орчин үед үзэл санаа, зохиол бүтээлээрээ дэлхий дахинаа шуугиан тарьж, тэр ч байтугай Ислам шашинтнуудын зүгээс фатва буюу алах ялаар хүртэл шийтгэгдэж, оргон зугтаж амьдарч ирсэн, амьдаараа домог болсон зохиолч бол орчин цагийн үгийн их мастер Салман Рушди. Түүний “Шөнө дундын хүүхдүүд” роман нь 1981 онд Бүүкэрийн шагнал хүртсэн агаад уг шагналын 25 болон 40 жилийн ойгоор шагналт бүхий л романуудын шилдгээр хоёр ч удаа нэрлэгдсэн байдаг. Энэтхэг орон Английн колоноос гарсан өдөр Салеем Синай хэмээх хүү төрдөг. Тухайн үед төрсөн хүүхдүүд бүгд жир бус. Ингээд Салеем Синайн ярих түүх эхэлнэ.
НОЖО
Ч.Галсан “СААРАЛ ГАЗАР”
Ножо хэвлэлийн газраас өнгөрсөн онд Хөдөлмөрийн баатар Чинагийн Галсангийн “Blue Sky” романыг “Хөх тэнгэр сонсож бай!” нэрээр монгол хэлт уншигчдын хүртээл болгосон билээ. Тэгвэл энэ удаад зохиолчийн гурамсан бүтээлийн дэд дэвтэр болох “Саарал газар” романыг уншигчдадаа хүргэхээр болжээ. Зохиолч нэгэн ярилцлагадаа уран зохиолын хэмжүүр, бичлэг, өгүүлэмжийн хувьд ч дэд дэвтэр нь өмнөхөө давсан хэмээн дурдаж байв.
ЭРДЭМТ
“1001 шөнийн үлгэр”, “АЛИ БАБА БА ДӨЧИН ДЭЭРЭМЧИН”
“Али Баба ба дөчин дээрэмчин” бол ухаалаг сэргэлэн Шахразада бүсгүйн догшин хэрцгий Шахрияр хаанд ярьж өгдөг “Мянга нэгэн шөнийн үлгэр”-т гардаг сонирхолтой үлгэрүүдийн нэг билээ. Сонин гайхалтай улс орнууд, дорно дахины амьдралын талаарх гайхалтай хууч яриа энэ үлгэрийг мартахын аргагүй, сонирхолтой болгодог. Тус үлгэрийг хүүхдүүд зориулан хялбаршуулсан байдлаар эмхэтгэн гаргахаар Эрдэмт хэвлэлийн газрын хамт олон зэхжээ.
Вашингтон Ирвинг “НОЙРМОГ ХӨНДИЙН ДОМОГ”
Ирвингийн аймшигт түүхүүд ямагт уншигчдын сэтгэлийг хөдөлгөдөг. Түүний “Нойрмог хөндийн домог” зохиолоороо олон арван ном, дэлгэцийн уран бүтээлүүд туурвисан байдаг. Зарим нь эл бүтээлийг Майн Ридийн “Морь унасан толгойгүй” хүнтэй андуурах нь ч бий. Ерөөс Ирвингийн бичсэн “Рип Ван Винкл”, “Чөтгөр Том Уокер хоёр” зэрэг олон бүтээлүүд нь ер бусын алдартайгаас гадна аравдугаар сард уншихад хамгийн тохиромжтой гэж уншигчид үздэг.
SAYAN
Патрик Модиано “СУРАГГҮЙ БОЛСОН ХҮН”
Францын утга зохиолын болон Нобелийн шагналт зохиолч Патрик Модианогийн уг бүтээлийн гол дүр хачирхалтай, нууцлаг нэгэн болох Гай Роланд уншигчдыг нэн өвөрмөц адал явдал руу хөтлөх болно. Франц улсын ой санамжийн гүн хар нүх болсон эзлэн түрэмгийллийн харанхуй өдрүүд хүнээс юуг нь булааж авсан бэ? Тэдгээр өдрүүдэд гээсэн өөрийгөө, жинхэнэ дүр төрхөө хайхаар Гай Роланд уншигчдыг дагуулан алхдаг.