Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест дэгдсэн түймэр улам газар авч магадгүй байгааг АНУ-ын онцгой байдлын газрын дарга анхааруулжээ.
Түймэр тархах тусам хүн ам шигүү суурьшсан дүүргүүд, урлагийн алдартай бүтээлүүд хадгалагдаж байдаг Пол Геттийн музей зэрэг хотын дурсгалт газрууд, Лос-Анжелес дахь Калифорнийн их сургууль галд өртөж болзошгүй гэж хотын эрх баригчид болгоомжилж байна.
Зургаа дахь өдрөө асаж байгаа ойн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 24 болж нэмэгджээ. Аврагчид, эрэлч ноход түймэрт нэрвэгдсэн хорооллуудаас олон цогцос олдох магадлалтай гэж албаны хүмүүс үзэж байгаа юм.
"Хохирлын хэмжээ, хамарсан хүрээг тооцон үзвэл" Калифорнид дэгдсэн ойн түймэр АНУ-ын түүхэн дэх хамгийн сүйтгэлт байгалийн гамшиг болж магадгүй гэж тус муж улсын захирагч Гэвин Ньюсон мэдэгдэв.
“AccuWeather” байгууллагаас гаргасан урьдчилсан тооцооллоор, одоогийн байдлаар 135-150 тэрбум ам.долларын хохирол учирсан байна. Шатсан орон сууцны ихэнх нь хамгийн үнэтэй орон сууцнууд учраас хохирлын хэмжээ маш их байна. Үндэсний цаг уурын албанаас бямба гаргийн шөнө, ням гаргийн өглөө, мягмар гарагт шилжих шөнө тус бүс нутагт цагт 48 км-ийн хурдтай салхитай байх бөгөөд бөгөөд зарим үед цагт 112 км хүртэл ширүүсэхийг анхааруулсан байна.
Лос-Анжелес хотын нутаг дэвсгэрт асаж буй дөрвөн түймэр 16 мянга гаруй га талбайг хамраад байгаа бөгөөд 13 мянга гаруй барилга байгууламж шатаж сүйджээ. Хотын 150 мянга орчим оршин суугчид нүүх зөвлөмж хүргүүлээд байгаа бөгөөд 700 хүн есөн хоргодох байранд байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр, хоёр түймрийн 90 ба 76 хувийг, бусад хоёр түймрийн 11 ба 15 хувийг цурманд оруулжээ. Палисейдс дүүрэгт дэгдсэн хамгийн том түймрийн ердөө 11 хувийг унтраагаад байгаа аж.
Цаг уурчид хээрийн түймэр газар авахаас сэргийлж, салхины хурд 100 м/ц-ээс дээш байхыг олон хоногийн өмнө анхааруулж байжээ. Гэвч олон нийтийн анхаарлыг хангалттай хэмжээнд татаж чадаагүй тул урьдчилан сэргийлэх ажил явагдаагүй. Улмаар урт хугацаанд үргэлжилж буй Өмнөд Калифорнийн хээрийн түймэр салхины нөлөөгөөр газар авсан. Намрын сүүл сар, өвлийн улиралд Калифорнид гамшгийн түймэр гарах хандлагатай байдаг. Хур тунадас бага байснаас улбаалан энэ өвөл Калифорнид ган гачиг болохуйц хуурай цаг ууртай байснаар түймэр хурдан хугацаанд тархсан гэж албаныхан тайлбарлаж байна.