Таван толгой ярихаар л Чалко ярьдаг нэг жишиг манай улс төр бизнесийн орчинд төдийгүй цахим ертөнцөд тогтоод уджээ. Тогтох ч гэж, тогтоочихсон юм л даа. Энэ тухай гадарлах хүний хувьд нэг бичье гэж бодоод л явсан юм.
Үнэндээ нүдэн дээр болж өнгөрсөн олон үйл явдлуудын учир начир солигдож холигдон бантан болж байгаа төдийгүй, хэдхэн жилийн өмнөх үйл явдлууд ч огт өөрөөр “зохиогдох” болсон нь жаахан гунигтай харагдах юм. Бодит түүхийг нь мэдэх хүмүүс дуугаа хураахаар, огт мэдэхгүй хэсэг нь чанга дуугаар орилолдон авч давхидаг юм байна. Үр дүнд нь олон түмнийг төөрөлдүүлсэн, зарим хэсгийг нь хэлмэгдүүлсэн цоо шинэ зохиомж газар авдаг нь энэ цагийн нэг тод өнгө төрх болоод удаж байна.
Энэ бол анх МАН, АН хамтарсан засаг байгуулан бужигнаж байх үеийн явдал юм.Он цагийн хувьд 2011 он болов уу. Улс орон мөнгөгүй, жинхэнээсээ хэцүү байсан үе. Ийм үед нэг төслийг ч болов хөдөлгөх нь чухал байв. Ингээд гэрээ хийгдсэн. Гэтэл жил болов уу, үгүй юу Ч.Сайханбилэг гарч ирээд орилж эхэлдэг юм. Энэ бол 2012 он...
Мань хүн Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга болмогцоо л “Энэ яасан муу гэрээ вэ, байгуулсан нөхдийн ухаанд нь ухна ишиг үхчихсэн байсан юм уу” гээд лшүршижэхэлсэн. Тэгээд л гэрээг сайжруулах юм болоод явчихсан.
Тэр явдлаас хойш 14 жил өнгөрчээ. Хамгийн хачирхалтай нь Чалко....Чалко...гээд муулаад л байдаг мөртлөө байгаад л байдаг. Бид ийм нэг Чалкогийн гэрээ гэдэг сэдэвтэй. Сураг ажиг байхаас өнөөдрийг хүртэл бараг 20 жил явж байгаа сэдэв.
Яг сайн судалж үзсэн хүн бараг байхгүй, нууц шахам сэдэв гэх атал бүгдээрээ ярьдаг. Бүгдээрээ Чалко судлаачид гэмээр...Тэр нууцууд нь чухам юу юм.
1. Нэгдүгээр Нууц: нүүрсний үнэ.
Сангийн яам, Эрдэнэс Таван толгой ХК компанийн өөрсдийнх нь хийсэн судалгаа танилцуулгын дүн байдаг юм. Тэр судалгаагаар бол 2025 оны гуравдугаар улирлын байдлаар Чалкотой байгуулсан нүүрс худалдах гэрээний дагуу ажил явагдсан байгаа. Яг тухайн улиралд зарж байсан нүүрсний үнэ нь 53.54 доллар байсан. Үүнийг ороод шалгаад үзээрэй.
Сонирхолтой нь Хятад улсын төрийн өмчит “Норинко Интернэйшнл” корпорацитай 2020 оны гуравдугаар сард байгуулсан гэрээний дагуу нийлүүлж байгаа нүүрсний үнэ яг адилхан байгаа. 2025 оны гуравдугаар улиралд энэ үнэ мөн л 54.35 доллар байсан. Мөн 2021 оны долдугаар сард Хятадын “ЖАСН Интернэшнл” болон “Жяёоу Интернэшнл Ложистикс” компанитай байгуулсан гэрээний дагуу нийлүүлж байгаа нүүрсний үнэ ч 54.35 доллар л байсан байдаг юм. Бас 2021 оны долдугаар сард “Сианхуй Энержи” болон “И-коммодитис” компанитай байгуулсан гэрээний дагуу нийлүүлж буй үнэ ч 54.35 доллар байгаа. Сүүлд сүр дуулиантайгаар УИХ-аараа хэлэлцэн байж төрийн өмчит “Чайна Энержи”-тэй 2025 оны хоёрдугаар сард байгуулсан гэрээний нүүрсний үнэ ч 53.54 доллар байсан. Өөрөөр хэлбэл эдгээр гэрээнд авагдсан үнэ 1 доллар ч биш 81 америк мөнгө буюу центийн зөрүүтэй шүү.
1. Чалко 53.54 доллар/тонн
2. Норинко 54.35 доллар/тонн
3. ЖАСН Интернэшнл болон Жяёоу Интернэшнл Ложистикс 54.35 доллар/тонн
4. Сианхуй Энержи болон И-коммодитис 54.35 доллар/тонн
5. Чайна Энержи 53.54 доллар/тонн.
Энэ тоонуудыг харахаар хоёр дүгнэлт өөрийн эрхгүй гарч ирж байна. Нэгд, муулагдаад байдаг Чалкогийн гэрээ нь үнийн зөрүүгүй шахам, бараг адилхан байх юм.
Хоёрт, манай ухаалаг ТӨР нэг доллар хүрэхгүй энэ үнийн зөрүүг одоо хүртэл бариад байгаа нь гайхалтай биш гэж үү. Бүр сүүлд 2020, 2021 онд гурван ч гэрээ байгуулахдаа яагаад заавал энэ 81 центийн зөрүүг гаргаж хийсэн юм бол?
Энэ бол зориуд Чалко-гийн гэрээг “зодуурын хүүхэд” болгох гэсэн, юм л болохоор хуруу чичлэн заадаг “хойд захын хар овоохой” болгох гэсэн далд технологи юм. Манай улстөрчдийн мэдлэг мэдээлэл дутмаг иргэдээрээ тоглож сурсан, нэг нэгнээ намнадаг хорон атлаа ядмагхан технологи нь хэрэгжсэн л гэсэн үг. Ирээдүйд ирэх Төрийн нэр хүндийн төлөөс, хөрөнгө оруулагчдын ертөнцөд үлдэх өв, Монгол улсын нэр нүүр тэдний ийм тоглоомонд огт тооцогддоггүй л дээ.
Арай гэгээлгээр бодох гээд үзье. Үнэхээр Чалкогийн гэрээ адгийн муу байсан юм бол дараагийн гэрээнүүд ямар учиртай юм бэ. Сүүлийн хоёр гэрээг 81 центээр сайжруулсан гэж үзье, тэгвэлсүүлийнхийгээ ч “сайжруулчихгүй” яав аа ? Ийм асуулт урган гарч ирж байгаа биз дээ.
Өөр нэг хар төрдөг зүйл нь, “Чайна Энержи”-гийн гэрээг байгуулахдаа нөгөө л 81 центээр илүүгээр биш бас дахиад Чалко-той адилхан үнээр байгуулсан нь юм.
Зориуд хадны мангаа, хар овоохойболгох гэж л тэр. Шууд утгаар хэлэхэд нөгөө “Норинко”, “Жяёоу, И-коммодитис”-тэй байгуулсан гэрээнээсээ зориуд олны нүдийг холдуулж, гөлөг төөрүүлсэн явдал гэж энэ л дээ. Хэрэгжүүлсэн технологи нь одоо улам ил харагдах болж. Тийм ч учраас энэ хоёр руу бүх муу муухайг хүчээр овоолон чиглүүлж, хамаг л болж бүтэхгүйн нүх болгох зорилготойгоор 81 центийн зөрүүтэй гэрээ байгуулж тоглосон болов уу. Одоо энэ хоёрыгоо газарт ортол нь муулах ажиллагаа байнга явуулдаг бөгөөд, өөрсдийнхөө хийсэн гэрээнүүдийг тойруулж ярьсаар байгааг өөрөөр унших боломжгүй юм л даа. Тэгээгүй бол будилж ядаад байх юм байхгүй энэ хэдэн тоог олноос нууж байгаад, нэгийг нь л яриад байх шалтгаан байхгүй шүү дээ.
2. Хоёрдугаар Нууц: 2017 онд дууссан гэрээ.
2011 онд Чалко-той байгуулсан гэрээ 2017 онд бүрмөсөн дууссан гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Энэ бол бодит үнэн бөгөөд олноос нууж буй хамгийн том нууц нь юм. Анх таван жилээр гэрээ байгуулсан. Яагаад 2016 биш 2017 оны гуравдугаар сард дууссан бэ гэхээр урьдчилгаа төлбөрт авсөн мөнгөө төлж барагдуулсан он нь энэ юм. Хэрэв 2017 онд гэрээнд заасны дагуу “гэрээ дууслаа” гэсэн мэдэгдлээ албан ёсоор явуулсан бол тэгээд л бүх юм зогсох байсан. Гэтэл тэгээгүй. Тэгээд л энэ гэрээ дахин таван жил үргэлжлэх болсон хэрэг. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Таван Толгой” компани албан ёсоор мэдэгдлээ хүргүүлээгүй учраас л дахин үргэлжилсэн гэсэн үг.
2022 онд дахин гэрээний хугацаа бүрмөсөн дууссан. Гэтэл гэрээг сунгаад 250 сая долларын урьдчилгаа авчихсан. Ийм учраас л хоёр ч удаа “дууссан” Чалко-гийн гэрээ одоо хүртэл үргэлжилсээр байгаа юм. 2017 онд дуусгаж болох байсан ч өөрсдөө тэгээгүй бөгөөд 2022 онд бүр нэмж урьдчилгаа төлбөр авч шинэ гэрээ байгуулсан.
Өөрөөр хэлбэл, 2011 оны гэрээ 2017 онд дууссан. Тэрнээс хойш одоо хүртэл яваад байгаа гэрээ бол шинэ гэрээ юм. Манай дарга нар маань хүссэн учраас л одоо хүртэл хоёр ч удаа шинээр байгуулаад, дуусах байсан ч дуусгахгүй байгаа гэрээ гэсэн үг.
Ийм байдлыг нь харахаар өөрийн эрхгүй бас нэг хардлага төрөөд байдаг юм. Энэ гэрээг муу, муугийн муу гээд байгаа мөртлөө яагаад байлгаад байдаг төдийгүй бүр дахин дахин шинээр байгуулаад байдаг юм бэ ?
Ёстой хэрэгтэй үедээ, дурандаа байгуулсанбусад гэрээнүүдээсээ олны нүдийг зайлуулахын тулд гаргаж ирээд заадаг “хар овоохой” хэрэгтэй байсан байх нь.
3.Гуравдугаар нууц: гэрээ хэзээ муудсан бэ?
Эндээс нэг юм харагдаж байгаа байх. Үнэндээ анх Чалко-той байгуулсан гэрээ нь цэвэр худалдан авах агуулгатай байснаараа Монголын талд ашигтай байжээ. Хятадын төрийн өмчит компани нүүрсээ худалдаж авах л ёстой. Харин монголын тал бүр хятадын хил гаргаад, Гашуунсухайт боомт хүртэл хүргэж өгөх үүрэгтэй л байсан. Дээрээс нь өөрсдийн гэрээт компаниар нүүрсээ олборлуулдаг байсан. Гэтэл, 2013 он гараад шинэ засаг байгуулагдсанаар гэрээг сайжруулна гэж ярьсан хүмүүс гарч ирсэн. Тэд гарч ирээд нүүрс ачилтыг гацаасан. Тэгээд 2014 онд гэрээг шинэчлэхдээ монголын тал тээврээ өөрсдөө хийхээ больж, уурхайн ам нөхцөлөөр зардаг болсон. Ингэснээр хятадын компаниудын нүүрсний тээврийн ноёрхол эхэлсэн юм. 2023 онд биржийн хууль батлагдаж байж Монголын тал өөрсдөө Цагаан хад хүртэл тээврээ шийддэг болсон. Гэхдээ Чалко болон бусад шинээр байгуулсан гэрээнд 2014 оноос хойш тээврийг худалдан авч буй тал өөрөө шийддэг болсон. Одоо үүнийг анхнаасаа тийм байсан юм шиг яриад байгаа нь үнэнд огт нийцэхгүй яриа юм.
Мөн нэг өөрчлөгдсөн зүйл бол олборлолт. Австралийн компаниар олборлолт хийгүүлэхээр анх тохирч, 2011-2012 хоёрхон жил явсныг 2013 онд зогсоож байгаад, 2014 онд Хятадын компанид зарахаас өөр аргагүй байдалд ортол нь шахсан шүү дээ. Ингэснээр хятадын тал тээврээ ч, олборлолтоо ч гартаа атгаж авсан. Тэр хооронд нүүрсний үнэ унаж 70 доллар байсан гэрээгээ 30 доллар болтол нь бууруулсан. Тэрнээс болоод 2013 онд төлж дуусах ёстой байсан өрийн төлөлт 2013 онд бүрэн зогссон. Ингэж нүүрсний хамгийн өндөр үнэтэй оргил үеийг хий хоосон хэрүүл хийж өнгөрөөсөн. Тэгээд үнэ буурсан 2014 оны үеэс эргэж төлсөөр байтал 2017 он хүрсэн юм. Ингэж сахил хүртээд шал дордов гэгчийн үлгэрээр сайжруулна гэж тоглолт хийсэн бүлэглэлийн балгаар тээвэр ч үгүй, олборлолт ч үгүй, борлуулалт ч үгүй л үлдсэн түүнтэй. Энэ гэрээгээр хүссэнээрээ оролдож, хүссэнээрээ тоглож явсны гуравдахь нууц нь энэ юм.
4. Дөрөвдүгээр Нууц: мөнгө нь хэний халаасанд орсон бэ ?
Анх Чалкотой байгуулсан гэрээгээр 2011-2012 онд нийт 350 сая долларыг нүүрсний урьдчилгаанд авсан. Энэ мөнгө юунд явсан нь маш тодорхой.Ерөөсөө “Эх орны хишиг”-т явчихсан. хүн бүрт нэг сая төгрөг “Эх орны хишиг” болгож өгснийг эрхбиш хүмүүс мартаагүй байлгүй. 2008 оны сонгуульд МАН ч, АН ч популизмын оргилд хүрсэн амлалтуудаар түүхэнд үлдсэн шүү дээ. АН эхлээд нэг сая төгрөг хүн бүрт өгнө гэж амласан бол, МАН нь 1.5 сая болгож давуулан амласан. Эцэст нь энэ хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулж МАН-ын дарга С.Баяр Ерөнхий сайд болж, АН-ын дарга Н.Алтанхуяг Тэргүүн Шадар сайд болсон түүх бий. Залгаад МАН-ын Сү.Батболд хамтарсан засгийн тэргүүн болсон ч МАН, АН-ын сайд нар нь бүгд хэвээрээ байсан. УИХ-ын дарга нь МАН-ын С.Дэмбэрэл, дэд нь АН-ын Г.Батхүү байв. Байнгын хороогоо ч эв найрамдалтай хувааж,Төсвийн байнгын хорооны даргаар МАН-ын Ч.Улаан, харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар З.Энхболд сонгогдсон. Үүнийг худлаа гэж хэлэх хүн эрхбиш байхгүй биз. Ерөнхийлөгчөөр 2009 оны зун хүртэл МАН-ын Н.Энхбаяр байж байгаад, залгаад АН-ын Ц.Элбэгдорж сонгогдсон. УИХ, Ерөнхийлөгч, ард түмэнтэйгээ нийлж бүгд л “эх орны хишигээ өг” гэж шаардаж байсан. УИХ-ын тогтоол шийдвэр гарч, төсвийн хуулинд өөрчлөлт оруулж байсныг одоо ихэнх нь мэдэхгүй байх шиг байна.Эсвэл мартсан дүр эсгэж байгаа байх. Бүр мөнгөө тараах гэж “Хүний хөгжлийн сангийн тухай хууль” хүртэл УИХ-аас баталж, нэг ёсондоо нүхээ ухсан.
Тэгж холиолдон хутгалдан, нэгдэн нийлэн явж ирчихээд одоо 15 жилийн дараа бараг л энэ мөнгийг зүгээр байж байгаад тараасан ч юм шиг яриад байгаа нь инээдтэй храгдах юм. Гэтэл бодит байдал дээр тийм биш шүү дээ. Хоёр нам сонгуулиар амлаж байгаад, энийг өгөх гэж хамтарсан засаг байгуулж байгаад, УИХ, Ерөнхийлөгч нь оролцож байж шийдвэрээ гаргаж байгаад өгсөн үнэнээс хэн нь ч зугтах газаргүй шүү дээ.
Үр дүнд нь 2011 онд Чалко-той гэрээ байгуулж эхлээд 100 сая, дараа нь 250 сая доллар нүүрсний урьдчилгаанд авсан “үнэн”-ийг хааш нь хийх юм. Тэрийгээ бүх хүмүүст сар тутам 25,000 төгрөг өгч байгаад, 2012 оны сонгуулийн өмнө ахмадууддаа 1 сая төгрөг бүхлээр нь өгч байж дуусгасан. Энэ их мөнгө үү, бага мөнгө үү?
350 сая доллар гэдэг бол одоо жил болгон “Хүүхдийн мөнгө” гэж тарааж байгаа 1.6 их наяд төгрөгөөс бараг хоёр дахин бага мөнгө. Үүнээс гадна элдэв төрлийн нийгмийн халамжинд улсын төсвөөс бараг 1.5 их наяд төгрөг зарцуулдаг. Тэгээд бодохоор тухайн үедээ нэг удаа өгсөн “Эх орны хишиг”-ийг бараг гурав нугалсан мөнгийг өнөөдөр элдэв халамжаар жил тутам тарааж байгаа биз дээ. Өнөөдрийн энэ нөхцөл байдлаас харвал тэр үед “Эх орны хишиг” болгож тараасан 350 сая доллар их мөнгө биш ч юм шиг.
Нөгөө талаасаа тухайн үед доллар 1200 төгрөг байсан бол одоо 3600 төгрөг болсон байна. Тухайн үеийн нэг сая төгрөг бараг одоогийн гурван сая төгрөгтэй тэнцэх байх. Энэ мөнгийг тэтгэвэрт гарсан хүн бүр авах боломжтой байсан. Сарын дундаж тэтгвэрийг бараг 3-4 нугалж байгаа биз дээ. Хүн бүрт сар тутам өгч байсан 25,000 төгрөг бол одоогийн 75,000 төгрөг гэсэн үг. Энэ мөнгийг зөвхөн хүүхдэд биш, зарим хэсэгт нь биш, харин хүн бүрт өгч байж.
Энэ мөнгийг төмөр зам барина гэж овоолсон шороо болгосонгүй, зам барина гэж хэдэн жилийн дараа эвдэрч хэмхэрсэн цардмал нүх болгосонгүй. Элдэв хэрэгтэй хэрэггүй төсөл гэж нэрлээд үрэн таран хийсэнгүй. Товчхондоо эрх мэдэлтэй дарга нарын гарт өгөлгүй ард түмэнд шууд уул уурхайн ашиг болгоод өгчихсөн л юм шүү дээ. Тухайн үед би ч шүүмжилдэг л байсан. Популизм хийлээ, хөгжилд хөрөнгө оруулах ёстой гээд л...
Гэсэн ч 2013 оноос эхлэн өнөөг хүртэл энэ мөнгөнөөс бараг 20-30 дахин их мөнгийг нөгөө л чанаргүй зам, элдэв төсөл болгож үрцгээсэн. 2012-2016 онуудад гаднаас 4-5 тэрбум доллар зээлж аваад ахиад л зарцуулсан. Одоо хүртэл тэрийг нь дахин санхүүжилт нэрээр Засгийн газар төлж байгаа.
Одоо ганц “Эрдэнэс Таван Толгой” жилдээ 30 их наяд төгрөгийн нүүрсний борлуулалт хийж байгаа. Ингээд бодохоор юун тэр 350 сая доллар. Таван сая тоон нүүрсийг ард түмэндээ мөнгө болгож тараасны ихийг нь гайхаад, хэдэн арав дахин их өөрсдийн үрж цацсан мөнгөнийхөө талаар бол таг дуугүй. Бас л шоглоом хийж чадаж байгаа юм шүү.
Тэглээ гээд хэдэн дарга идсэн ууснаа дуудуулж шорон оронд орсноос бусдаар бол төмөр замаар учиргүй нааш цааш бараа зөөгөөд, цахилгаан станц шинээр сүндэрлээд, замын чанар сайжраад түгжрэл арилаад, улс орон хөгжсөн юм алга. Энэ нь дээрх шоглоомны төлөөс юм.
Энд ахиад асуулт гарч ирж байгаа биз ?
Ер нь тэгээд яахаараа төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар барихгүй улсын төсвийн мөнгөөр барих ёстой юм бэ. Дэлхийн бусад улс оронд хувийн хэвшлээр бариулж болдог юмыг яагаад заавал төрийн мөнгөөр, төрийн яам, төрийн өмчийн компаниар гэрээ хийлгэн байж овоолсон шороо үлдээдэг юм?
Хувийн хэвшил хийж болох юмыг төр хийхээр л хулгай эхэлдэг гэдгийг хэдэн жил бид харах ёстой юм. Энэ бүхнийг бодоод байхаар ер нь анх нүүрсний урьдчилгаанд авсан мөнгөө шууд ард түмэндээ өгчихсөн нь зөв байсан юм биш үү. Дарга нар биш ард түмэн баярласан биз дээ.
Эцэст нь хараад байхад Чалко гэдэг төөрөлдүүлж тоглосон тархи угаалтын технологийн ард үлдсэн хэдхэн зүйл маш тодорхой байна. Үнийн хувьд бусдаасаа ялгаагүй юм байна. Анх байгуулсан гэрээ бүр 2017 онд дууссаныг өөрсдөө байлгаад байгаа юм байна. Тээврийг өөрсдөө хариуцдагаас эхлээд нааштай залтууд байхгүй болсон юм байна. Анх урьдчилгаанд авсан мөнгөө овоолсон шороонд биш ард түмэндээ өгсөн юм байна. Харин одоо хүртэл байлгаад байгаагийн гол шалтгаан нь олон түмнийг төөрөгдүүлж,тэдний өмнө буруутны “бай” болгон балбахад амар “хар овоохой” байлган, улс төрийн ашиг хонжоо хийх зорилготой технологид нь л байгаа аж. Энэ технологийнх нь хүчинтэй хугацаа хэзээ дуусах юм бол. Лав ирэх сонгуульд үйлчлүүлэх зорилготой нь тодорхой.
Эцэст нь нэг юм хэлье. Өмнөхөө муулах биш, чаддаг юм бол дахиад ард түмэндээ сар тутам 75,000, ахмадууддаа нэг удаа гурван сая төгрөг өгчих л дөө. Энэ үг хорон сонсогдох байх л даа.
Монголын улс төр ийм технологиосоо салмаар байна. Салж чадахгүй бол бид энэ хоёр намын хоёулангаас нь татгалзаж л шийдэх байх...








