СЭТГҮҮЛЧИЙН ХҮҮРНЭЛ

Зохиолч Чинагийн Галсан. “Аянгат цагийн тууж” хэмээх цэнхэр хавтастай жижигхэн туужийг анх хуучин номын худалдаан дээрээс олж авахаас өмнө үргэлж сонссоор ирсэн нэрс. Учир нь тэр бол Герман хэлээр зохиолоо туурвиж, дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчдод олгодог Адеберт фон Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн 10 дахь, ази тивийн анхны зохиолч. Өндөр уулсын цавчим дэл дээгүүр таваргаж явсан хүү дэлхийн зохиолч болсон. Тува хэлээр ярьж, тугал бяруугаа хүйтэн жавраар хашаа өөд тууж явсан хөвгүүн алс хилийн дээсийг алхаж алдарт Д.Нацагдоржийн хөргийг ширээнийхээ хананд наачихаад их уулсын тэргүүн оргил өөд зүтгэх шигээ эрдэмд шамдсан. Эх орныхоо нэрийг шаварт хутгаж, шарын баатар болохгүй юм шүү гэхдээ хичээж сурсан эрдмийг нь халуун сэтгэлээр хайрлаж явсан бүхэн нь ашиглачихаад хавчин гадуурхаж хаясан хатуу хувь заяа түүнийх.

Анх удаа бид түүний “Хөх тэнгэр сонсож бай” хэмээх романыг эх хэлээрээ унших цаг хэдхэн хоногийн өмнө тохиов. Үүнээс өмнө түүний цөөнгүй туужууд монгол хэлнээ хөрвүүлэгдсэн. Харин дэлхийн энтэй зохиолч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын бичсэн олон арван романуудын эхлэлтэй одоо л учирч байна. Тэр өдгөө л дөнгөж монгол хэлт уншигчидтай уулзаж байгаа нь энэ. 

“Явсан хүн ирдэг, харьсан шувуу эргэдэг” хэмээхийн учир хархан багаасаа хилээ алхаж, залуу насныхаа өдрүүдийг дорноос өмнөд, өмнөдөөс дорно зүгт албан ажлын эрхээр зорчиж өнгөрөөсөн энэ нүүдэлчин одоо эх орондоо, Бэлхийн аманд байрлах Герман хийцийн гурван давхар шар байшинд эхнэр Сабина, нэг муур, том хар нохойн хамт аж төрөн сууна. 

Түүнийг зорин очихдоо зам жаахан будилж, хэлсэн цагаасаа хоцорчихвий хэмээн ихэд санаа зовнив. Цагийг баримтлах нь түүний гол зарчмуудын нэг учраас тийн сэтгэсэн хэрэг л дээ. Өвгөн хаалгаа онгойлгож, эхнэр нь нохойгоо хорьсоор биднийг угтан авлаа. “Тэнгэр уйлагнаад сэрүүхэн байна. Хүүхдүүд ийшээ суу! Сайхан халуун цай уучих” хэмээхүй Сабина цалин цагаан домбоноос цай аягалж, Ч.Галсанд дээжлэн бариад дараа биднийг хүндлэн шинэхэн чанасан цайгаа хоёр гардан өгөв. Үүдний өрөөний наана байрлуулсан төмөр зууханд түлээний мод “чад пад” хийн ноцно. Үг яриа цэгцтэй, тува дээлээр гангарсан их зохиолчийг хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрөхүйд бодож явсан асуултуудаа толгойдоо хэдий нь хутгаж, холиод орхисон мэт болоход ямархан асуултаар яриагаа эхлүүлэх вэ хэмээн дахин нэг бодож амжив. 

-ХҮН АМЬДРАЛДАА НЭГ УДАА МАШ ИХ АЙЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ-

-Та яг одоо Герман руу очвол хааш зорих вэ? 

-Берлин л орно доо. 

-Яагаад тэр билээ. Нийслэл нь учраас лав биш болов уу? 

-Биш ээ. Германд очих бүртээ би Берлинийг зорьдог. Гайхалтай хот байгаа юм. Тэнд оршин суугчдад бол суурьшил хэрэгтэй. Харин уран бүтээлч хүний хувьд үргэлжийн нүүдэл дунд амьдрах ёстой байдаг. 

-Тэгвэл таны нүүдэлчин араншинтай холбоотой байх нь... 

-Яг ч тэр биш л дээ. Гол нь Берлинээр явах тусам л өөр болоод байдаг юм. Тэр нь уран бүтээлч хүнд их хэрэгтэй. Очоод тэр сайхан хотоор тэнээд үзвэл ойлгоно доо. Герман хэл жаахан элтэлдэг бол бүр ч их ойлгоно. 

-Гэхдээ та Лайпцигт суралцсан шүү дээ...

-Тийм ээ. Лайпциг бол миний хувь заяаг эхийн сэтгэлээр өлгийдөж, энэ зам руу оруулсан газар. Гэхдээ Германыг зорьсон бидний хэдэн хүүхэд эхлээд Берлин хотын захад байрлах Карлсхорст гэдэг газар очсон юм. Тухайн үед тэнд Монголын Элчин Сайдын Яам байрлаж байв. Биднийг Ширэндэв гэж оюутан хариуцсан нарийн бичгийн дарга хүлээж авсны хойно яам дээр очиж хурал хийсэн. Гадаад паспортыг маань шууд л хураагаад авсан. 

-Хурааж авч байгаа нь тодорхой шалтгаантай байж таарна.

-Тэр нь хөөрхий хамгаалж байгаа л юм. Учир нь үзэл суртлын фронтын хил дээр ирсэн учир үүнийгээ алдвал гадаадын тагнуул хэмээн сэрдэгдэх магадлалтай. Тэгээд л хурааж авсан хэрэг.  

-Тэр хуралд дээр та шүүмжлүүлсэн гэдэг...

-Хүн амьдралдаа нэг удаа маш их айх хэрэгтэй юм билээ. Ер нь маш их айж, өлсөж, цангаж, баярлах хэрэгтэй. Эдгээрийг туйлд нь хүртэл нэг удаа биеэрээ амсчихсан байхад хүн хэзээ ч мартахгүй. 

Тэр үед надтай очсон хүүхдүүд бүгдээрээ зургаан жил герман хэл үзчихсэн, ЗХУ-ын аравдугаар ангийн хүүхдүүд байсан. Бүгдээрээ л том дарга нарын хүүхдүүд. Би л гэж нэг хөдөөний халтар хүү дунд нь сууж байгаа юм. Хурал ч боллоо. “Та нар мундаг газар ирсэн. Сайн сураарай” л гэж байна. Гэтэл бидний дунд сууж байсан Чимэгээ гэх хамгийн залуу, хөөрхөн охин босож ирлээ. Би чинь бас түүнийг бусдаас онцгойлоод харчихсан, нууцхан сонжоод л, танилцах юм сан гэж дотроо их бодож явахгүй юу. Гэтэл миний халуун дотноор бодож байсан мөнөөх охин “Бид сайн сурна аа. Яагаад гэвэл бид бүгдээрээ зургаан жил герман хэл үзсэн. Оросоор ярьцгаадаг. Харин тэр нэг хүүхэд” гээд над руу хуруугаа заалаа. Би ч жигтэйхэн их айлаа. Тэгтэл “Баян-Өлгийн нэг сумаас ирсэн гэсэн. Орос хэл мэдэхгүй, орчин үеийн ямар ч соёл байхгүй. Нүүрээ хүртэл угааж чадахгүй ийм юмыг манай дарга нар яагаад явуулдаг байна аа. Энэ чинь БНМАУ-ын нэрийг гутаана. Тэгэхээс нь өмнө буцаавал таарна” гээд л ширүүллээ.  

Би ч бүр үнэхээр их айж, өөрөөсөө ичсэн. Тэгтэл Ширэндэв хэмээх нөгөө хүн “Хэлж байгаагаа цэнэ. Яалаа гэж дээ. Энэ чинь нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хүү байна. Чи ингэх тусам сайн сурдаг юм шүү” гээд Ш.Цэвэг гэж хүний “Монгол-Герман хэлний толь” бичиг өгөв. Хавтасных нь дотор “Чи сайн сурна аа. Би чамд итгэж байна” гэж бичсэн байсан. Надад мөн ч сайн хүн шиг санагдсан даа. 

-Айдас тань итгэлээр солигдсон уу? 

-Би тэр хүнд маш их баярласан. Харин айдас үргээгүй. Би одоо яана аа л гэж бодсон. Надтай хамт очсон хүүхдүүд бүгд оросоор ярина. Монголоор огт ярихгүй. Зарим нь монгол хэлээр угаас ойлгохгүй. Тийм л боловсролтой хүүхдүүдийн дунд би яах билээ. Тэгээд л чадахын төлөө хичээнэ, гэвч би чадахгүй байх, яах вэ гээд л мөнөөх айдас дотор босоод болдоггүй. Лайпцигт яаж очсоноо там тумхан санадаг юм. Би уг нь юмыг их сайн тогтоодог, мартдаггүй хүүхэд байхгүй юу. 

Тэгтэл нэг герман багш биднийг тосож аваад таксинд суулгаж, дараа нь сургуулийн байранд ирсэн хойно өрөө хуваарилж өгөөд оруулсныг санадаг юм. Паалантай жорлонтой анх удаа тэнд танилцсан. Нэг товчлуур дарахад гэрэл асна гээд байх шиг байсан. Шөнө нойр минь хүрдэггүй ээ. 

-Таныг буцаачих болов уу гээд үү?

-Би юу ч сураагүй, хорвоо дэлхийд юу болж байгааг ч мэдээгүй яваадаа айгаад унтаж чадаагүй. Тэгээд өнөөх товчлуураа олоод дартал гэрэл асаж байна. Тэгтэл толь бичиг маань санаанд оров. Мөнөөх толио гаргаж ирээд эргүүлж, тойруулан харлаа. Хаанаас нь эхэлдэг билээ гэж бодов. Ямартаа ч эхнээс нь уншаад нэгээс хорь хүртэлх тоог нь давтсаар байгаад тогтоогоод авлаа. Тэр үед миний ой тогтоолт тун айхтар. Юмыг мартана гэж үгүй. Тэгээд энд байгаа бичиг үсэг бүхэн, ханан дээрх бичээс, хаяг болгон, арван долоон сая германчууд бүгд миний багш. Би тэдний яриа, үг болгоныг тогтоож байж хэлийг нь сурах юм байна гэж бодсон.

Д.Нацагдоржийн зураг, монголын газрын зураг хоёроо ханандаа нааж байгаад зургаан жилийн турш хичээсэн дээ. Д.Нацагдорж бол надаас өмнө энд ирж эрдэм эзэмшсэн хүн. Би их хүндэлдэг.

-Газрын зураг нь ямар учиртай вэ? 

-Эх орныхоо нэрийг гутаахгүй гэдгээ өөртөө сануулж байгаа юм. Тэгээд “Миний нутаг” найраглалыг бас дотроо бодно. 

-Тухайн үед манайхаас Герман руу суралцуулах хүүхдүүдийг ямар шалгуураар сонгодог байсан юм бэ

-Бүгд л арын хаалга. 

-Харин та бол...

-Надад ямар хаалга байх билээ дээ. Их сургуулийн профессоруудын санал болгосны учир л энэ багт багтаж, германд суралцахаар ирсэн хэрэг. Гав ганцаараа л хөдөөний хүүхэд байсан даа. Тухайн үед Улс төрийн товчоо хэчнээн олон гишүүнтэй, том дарга ч хэд байлаа. Тэдгээр дарга нарын хүүхдүүд л очсон. Зарим нь орос ээжтэй, багаасаа орос цэцэрлэгээр хүмүүжсэн, хэлний боловсролтой. Гэхдээ тэдний ихэнх нь сурч чадахгүй, мөн элдэв асуудал тарьснаас болж хэл аманд өртөөд нутаг буцсан. Арваас гуравхан хүүхэд л сургуулиа төгссөн. Нэг нь тухайн үеийн Улс төрийн товчооны Майдар даргын охин Туяа. Нөгөөх нь мөн л Моломжамц даргын охин Даариймаа. Гэхдээ тэр нутаг буцаагүй. Итали нөхөртэй суугаад явчихсан юм. Харин, 1968 онд Их сургуулиа улаан димломтой төгсөж, тухайн жил төгссөн бүх оюутны нэрийн өмнөөс 15 минут үг хэлэх эрхтэй болсон. Тэр эрхийг надад байнгын ялагдал олгосон. 

-Үгүй та чинь, ялсан баатрын хувиар үг хэлж байгаа биш бил үү?

-Би чинь хэлээ сайн сураад ирэхээр намайг оюутнуудын ахлах болгоод тавьчихав аа. Тэгээд бусаддаа гоочлуулна. Байнга ад үзэгдэх шинжтэй. Хэнхэг л гэнэ, хичээлд улайрсан тэнэг ч гэцгээнэ. Тэр бүхэнд би дуугүй л байсан. Ер нь юмыг сонсож сурсан хүн хэлийг сайн ойлгодог юм билээ. Жишээ нь би герман хэлийг үг бүрээр бус өгүүлбэр өгүүлбэрээр нь сурсан байхгүй юу. Сонссон өгүүлбэрээ арав хорь давтаад байхаар хэл дорхноо босоод ирдэг юм билээ. Дээр нь би бол хоосон сав. Юу ч мэдэхгүй, цээж харанхуй хүүхэд байсан. Тийм хоосон савтай болохоор юу ч хийсэн гадагш унахгүй. Тэндээ л үлдэнэ. 

-ГЕРМАН ХЭЛ НАДТАЙ ЦУГ МОНГОЛД ИРСЭН ГЭЖ БОДДОГ-

-Таны уран бүтээлээ герман хэлээр бичих цэг хаанаас эхтэй вэ. Яагаад эх хэлээрээ бүтээлээ туурвиагүй юм бол гэж хүмүүс их ярьдаг. Үүний учир чухам юу байв...

-Би тухайн үеийн Дотоодыг аюулаас хамгаалах яаманд их баярладаг. Миний хойноос мөрдөж, тагнадаг байсан учраас өдрийн тэмдэглэл, бүх л ойр зуурын юмсаа герман хэлээр бичнэ. Их ажлын хажуугаар шүлэг, зохиолоо мөн л тэр хэлээр буулгана. Зарим нь асуухаар ажлын юмаа тэмдэглэж суугаа аятай хариулт хэлчихнэ. Мөнөөх сургуулиа дүүргэж чадалгүй буцсан дарга нарын хүүхдүүдийн атаархал ч чамгүй  их төвөг удсан даа. Намайг ерөөс улс, төр нийгмийн амьдрал руу оруулахгүй байсан юм. 

-Шалтгаан нь зөвхөн атаархал гэж үү. Таны германд очиж сурсантай холбоотой юу. Өмнө нь тэнд сурсан мундгуудын ихэнх нь хэлмэгдсэн байдаг шүү дээ...

-Миний эсрэг үл үзэгдэх фронт бий болчихсон юм. Өмнө минь том хадан хана босгоод тавьчихсан байсан даа. Жишээ нь би МЗЭ-д элсэх гээд дөнгөж хорь гарсан банди 1968 онд халуун сэтгэлээр өргөдлөө бариад тун ч хүндэтгэлтэйгээр очлоо. Тэгтэл нарийн бичгийн дарга Д.Тарваа гэж нөхөр хүйтэн, хөндий байдлаар шүүгээнийхээ шургуулгад аваачаад хийчихсэн. Ихээхэн ёозгүй хүлээж авсан. Тэгээд “Бид хэдийд ч энэ асуудлыг ярилцаж магадгүй. Элсүүлэхгүй ч байж болно шүү, нөхөр минь” гэж хэлсэн. Миний өргөдөл хорин жилийн турш тэр шүүгээнд хэвтсэн. Ингээд 1988 онд намайг элсүүлэх асуудлыг хэлэлцэх хурал болов. Хоёр хүн батлан даах ёстой. Тэгтэл Л.Түдэв, С.Эрдэнэ нар “Чиний чанар чансааг мэдэлгүй яахав” гээд дуртайяа зөвшөөрсөн. Гэтэл дахин нэг гацаа тохиож байгаа юм. Хурал дээр сууж байтал нэг хүн хажуу талаас босоод “С.Эрдэнэ ээ зөвлөлийн гишүүн төдий хүн. Гишүүн хүн батлан даах эрх журамд үгүй” гэв. Тэгтэл Дожоогийн Цэдэв миний төлөө сэтгэл гаргаж арга зааж өгсөн юмдаг. “Яахаараа чамайг элсүүлдэггүй юм. Энэ үүдээр гараад үз. Чамайг мэддэг зохиолчид бий. С.Эрдэнийн бичсэнийг хуулж авуут нэрийг нь өөрчлөөд тавьчих” гэлээ.  

Гараад иртэл О.Дашбалбар зогсож байна. Учраа хэлтэл “Таныг элсүүлэхгүй бол өөр хэнийг элсүүлдэг юм. Юугаа ярьж байна аа. Би бол эвлэлийн гишүүн хүн. Би өөрөө бичнэ” гэж ширүүлснээ машиныхаа арын суудалд орж бичгийн машин дээр шинээр батлан даалт цохож бичээд өгч билээ. Тэгж л зохиолчдын хороонд элссэн түүхтэй. О.Дашбалбар түүнээс өмнө “Аянгат цагийн тууж”-ийг уншчихсан, “Дотоод шүүмж” гэдэг нэртэй шүүмж бичсэн байсан юм. Дараа нь “Арван сарын тэнгэр дор” ном минь гарахад хөлөө хугалчихсан, номыг минь сугавчлаад чихэр, печень барьчихсан орж ирээд баяр хүргэж байж билээ. 

-Таныг Герман хэлээр зохиолоо бичдэг гэхээр тус оронд л аж төрсөн хүн гэж дийлэнх нь ойлгодог. Тэнд зургаан жил сурчихаад эх орондоо ирж багшлахад ямар амьдрал дунд хөл тавьсан бэ? 

-Би хоёр том, хүнд гэж жигтэйхэн чемодантай Монгол Улсын Их сургуулийн үүдэнд автобуснаас буусан. Жолооч өвгөн нь гадаадад их сургуульд сураад ирж буйг минь дуулаад буудлаасаа хазайж, хүргэж өгсөн хэрэг. Миний барьж яваа ачаандаа түүртэхийг хараад өрөвдсөн ч биз. Их сургуулийн нэрээр гадагшаа явж эрдэм сурсан хүн чинь тэндээ л ирнэ шүү дээ. Мөнөөх хоёр чемоданаа барьсаар төв байрны хаалгаар орж 118-р өрөөнд очив. Хуушаан гэдэг боловсон хүчний дарга дээр орлоо. Увс хүн байсан юм. Учир явдлаа хэлтэл “Өө, тийм үү. За чи сууж бай!” гэснээ “Очих газар бий юу” гэлээ. Би ч “Үгүй” гэв. “Одоо тэгвэл яах гэж байна. Өнөөдөр яах вэ, маргааш яах уу, мөнгө төгрөг бий юу” гээд л асуулаа. “Очих газаргүй, мөнгөгүй. Танхимд очно. Байргүй бол тэндээ л байна даа” гэтэл “Энэ их ачаатай юу” гэснээ намайг өрөвдсөн бололтой зааварлагч Аюуш хэмээх настай эмгэнийг дуудаж байна. Тэгээд зааварлагчтайгаа нийлж байгаад надад гурван төгрөг өгөв. “18 дугаар гуанзад очоод хоол идчих” гэлээ. Дараа нь томилолт бичээд цалинг минь олгох юм болов. Гадаад хэлний тэнхим дээр томилолтыг нь бариад очлоо. Тэгтэл цалин олгож, би ихээхэн баян нөхөр болов оо. Орой нь дөрвөн ширээ нийлүүлж тавиад унтаад өглөө. Маргаашнаас нь ажилдаа орсон доо. 

-Таныг зөвхөн их сургуульд ч бус өөр бусад сургуульд ч герман хэлний хичээл заадаг байсан гэдэг...

-Би чинь их нэр хүндтэй болжээ. “Гадаадад сураад ирсэн герман хэлтэй, сургуулиа шагналтай төгссөн залуу байдаг гэнэ. Тэр ёстой номын хэнхэг гэнэ лээ” гээд л... Их олон сургуулиас герман хэл заалгахыг хүссэн захидал ирсэн байсан. Би бүгдэд нь заая гэсэн юм. “Чи чадах юм уу, амжих уу” гэж байна. Тэгэхээр нь сургууль минь намайг үнэлээд багш болгосон юм чинь гэж бодуут “Би зүтгээд үзнэ ээ, амжуулна” гэж хариуллаа. Тэгээд Анагаах, Хөдөө аж ахуй, Багшийн дээдийн их сургуульд нэмж хичээл заах болсон. Тухайн үед манайх чинь ердөө дөрөвхөн дээд сургуультай байлаа шүү дээ. 

Багш нар долоо хоногт 18-аас 20 цагийн нормтой ажиллаж байхад би 52 цагийн хичээл заадаг байсан. Нэг сургуульд хичээлээ заагаад гарч ирэхэд дараагийнх руу нь явах машин хүлээж байна. Заримдаа ачааны тэрэг ч байх жишээтэй. Тэгж найман жилийн турш завгүй ажилласан. Тиймээс би “Герман хэл надтай цуг Монголд ирсэн” гэж боддог юм. 

-Тэгээд яахлаараа таны эсрэг үл үзэгдэх фронт бий болчихдог билээ? 

-Би нэгдүгээрт маш их хүндлэгсэн, оюутнуудад герман жишгээр тун хатуу шаардлага тавьж ажилладаг байлаа. Хүндэлдэг сурагчид нэмэгдэхийн хэрээр асуух асуулт нь ч ихэснэ. Хичээлийг завсарлаггүй зааж байгаад үлдсэн таван минутад өөр юм ярина. Тэр үед олон асуулт ирнэ. Тэгтэл нэг удаа сурагчдын маань нэг нь “Бурхан, чөтгөр гэж үнэхээр байдаг уу?” гэж асуулаа. Тэгэхээр нь би “Эрдэмтэд энэ тухай мянга мянган жил маргасан. Хэн ч хариулж чадаагүй. Гэхдээ чи мэдлэгтэй, залуу хүн байна. Одоо шинжлэх ухаан биднээс хэчнээн хол алхчихав. Түүнийг л сайн шүтвэл хариултыг нь олно” гээд хэлчихэв ээ. 

Мөнөөх хариултыг минь нэг оюутан гэртээ очоод тэр чигээр нь аав, ээждээ хэлсэн байгаа юм. Аав нь намын төв хороонд зааварлагч хийдэг, Өрвөнхангайн Эл гэдэг өвгөн байж. Тэгээд хүүгийнхээ хэлснийг дотоод яаманд мэдэгдээд тэмдэглүүлчихэж. Тун удахгүй намайг сургуулийн удирдлагаас дуудаж намын хорооны хурлаар оруулсан. 

Тэр их айхтар хурал болсон доо. Тэргүүлэгчдээр гурван хүн сонгогдсон юм. Нэг нь Монгол Улсыг НҮБ-д оруулсан, МУИС-ийн сектор, сүүлд сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан Дондогийн Цэвэгмид. 

-Нөгөө “Хоньчин Найдан”, “Хос тогоруу”-г бичдэг...

-Тийм ээ. Бид сайн найзууд байсан. Нэг нь Батмөнх гээд хүн. Намайг оюутнуудад улсыг аюулд оруулах буруу номлол айлдсан гэж ширүүлээд л, тал талаас хүмүүс хашхичиж, бүгдээрээ айхтар ихээр донгодсон. Сүүлд Батмөнх босож ирээд “Чи тун буруу юм хийлээ. Цаашид анхаарах хэрэгтэй” гэж хатуу сануулсан. Харин тэр үед Д.Цэвэгмид юу ч дуугарсангүй, өмгөөлсөнгүй. Хайрцаг шүдэнзний модыг дунд нь ортол нэг нэгээр нь хугалаад чимээгүй л суугаад байсан.

-Дараа нь та уулзаж асуусан уу? 

-Энэ нь миний чамд хэлсэн айдастай холбоотой юм билээ. Би сүүлд тэтгэвэрт гарсных нь дараа уулзсан. “Хөдөлмөр” сонины том нийтлэлч болчихоод “Төв шуудан”-гаас шуудангаа аваад буцаж явтал Сүхбаатарын талбай дээр Д.Цэвэгмид нуруугаа үүрчихсэн, хар пальто өмсчихсөн алхаж явна. Намрын сэрүү унасан хэдий  ч цаанаасаа нэг тийм дулаахан өдөр байж билээ. 

Намайг хараад хөөрхий минь нүүрээ дүүрэн үрчлээ болгож инээгээд “За, Галсан минь ийшээ суу. Чамтай ярих юм байна” гээд бид хоёр нэлээд хөөрөлдөв. Тэгтэл Монгол Улсын төрийн дууллыг би зохиосон юм шүү дээ гэж байна. Би их л гайхаж “Яагаад тэгвэл Ц.Дамдинсүрэнгийнх гэдэг билээ” гэтэл мар мар инээснээ яахав тэр үедээ тийм явдал болсон юм аа. “Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсан” гэх нэрсийг дурдах шаардлагатай болж л дээ. Тэр үед нь би гадаадад аспирантураар суралцаж явж таарахгүй юу. Тэгээд мань Ц.Дамдинсүрэн үгийг засаж бичсэн юм билээ. Тэгээд л нэрээр нь гарчихсан хэрэг” гэв. “Энэ тухай та тэгээд сэтгүүлчдэд хэлж яриагүй хэрэг үү” гэхэд “Зовох юмгүй ээ. Миний архивт бий. Түүнийг шатаачихгүй л бол нэгэн цагт гараад л ирнэ” гээд инээж байсан юм даг. 

Дараа нь би “Та намайг өмнө нь улс төрийн хэл амны бай болж байхад хурлын тэргүүлэгчдийн нэг байсан шүү дээ. Яагаад нэг ч үг дуугараагүй юм бэ” гэтэл “Би бол гучин оны үеийн баривчилгааны үед өссөн залуу хүүхэд. Тэр үед манай нутагт нэг ч эр хүн үлдээгүй. Дандаа хүүхэд, эмэгтэйчүүд хоцорсон. Ихэнх нь баригдаж, зарим нь шууд буудуулсан. Тэр үеийн айдас зүрхэнд орчихсон юм. Тиймээс дотоодыг хамгаалах яамтай холбоотой асуудал бүрээс би айдаг болчихсон, тэр нэрийг сонсохоор зүрх жирсхийгээд явчихдаг” гэж хариулж билээ. 

-Монголын олон сэхээтнүүд гэм зэмгүйгээр хэлмэгдэж, хоригдож байсан харуусам түүх цөөхөн биш. Таны хувьд хуралд донгодуулж, хавчигдан гадуурхагдаж байснаас бус аминд халтай, хорьж цагдах явдал тохиоогүй байдаг...

-Ренчин гуай тэгж хэлсэн байдаг юм. “Орос хэлэнд би баярлаж явдаг. Энэ хэлний хүчинд би амьд үлдсэн” гэж. Учир нь 1930-аад оны үед “Үнэн” сонины бүх дугаарын оросоор орчуулж гаргадаг байсан. Түүнийг нь хийдэг ганц хүн Ренчин гуай байж л дээ. Үүнтэй адил би герман хэлэнд баярлаж явдаг. Намайг хэчнээн буруушааж, донгодож, атаархаж, гадуурхсан ч миний сурсан эрдэм тэдэнд хэрэгтэй. Герман хэл гэдэг агуу өмгөөлөгч миний дэргэж зогсож байж. Хэн нэгэн том дарга шөнөөр ч хамаагүй утасдаад энэ бичгийг орчуул гэвэл би хэрэг болно. Гадаадаас хүн ирвэл, цахилгаан явуулах болвол мөнөөх муу нэртэй Чинагийн Галсан ямар ч цаг үед бэлэн байж байдаг байхгүй юу. 

-ЭМЗЭГЛЭЛ ГЭДЭГ УРАН БҮТЭЭЛЧ ХҮНИЙ ХАЯЖ БОЛОХГҮЙ ЧАНАР-

-Таны зохиол бүтээл яг одоо монголд уншигдаж эхэлж байна гэж хардаг. Өмнө нь мэдээж нэлээдгүй тууж гарсан. Харин сая “Хөх тэнгэр сонсож бай” романыг тань Ножо хэвлэлийн газар уншигчдад хүргэлээ. Эх хэл дээрээ зохиолоо хүмүүст хүргэх мэдрэмж ямар байна вэ? 

-Тун сайхан, өвгөн ах нь баярлаж сууна. Хэт их баярласан хүнд хэлэх ч үг олддоггүй юм байна. Би ийм өдрийг сэрүүн тунгалаг ахуйд минь хэзээ ч ирэхгүй болов уу гэж санасан. Миний зохиол бүтээл зуун жилийн дараа л эх орон, ард түмэндээ буцаж ирэх байхдаа гэж бодсон. Уг бодол минь шүлгүүд дотор маань бичээстэй байгаа. Гучин жилийн өмнө хэвлэгдсэн бүтээл минь сая нэг монгол хэлээр гарч байна. 

-Аан тийм, таны сэтгүүлч Э.Энхцолмонтой ярилцлага байдаг. Нэр нь “Зуун жилийн дараах зохиолч”. Яагаад тэгж бодсон хэрэг вэ? 

-Мөнөөх л нийгмийн амьдралаас холдож, гадуурхагдсан мэдрэмж. 

-Романы тань нэрийг уг нь “Хөх тэнгэр” гэдэг юм билээ. Харин монгол хэвлэл дээр “Хөх тэнгэр сонсож бай” гэж нэрлэсний учир юу вэ? 

-Би эхлээд бичихдээ “Сонс намайг, Хөх тэнгэр” гэсэн байхгүй юу. Харин гадаад хэвлэлийн редактор ийм нэрээр орчуулвал хүмүүст хүрэхгүй. Зүгээр л “Хөх тэнгэр” гэвэл болох уу гэсэн юм. Номыг минь хэвлэх гэж байхад би үгүй гэх эрх байхгүй. “За” л гэсэн. 

-Та герман хэлээр 42 ном хэвлүүлсэн. Цаашид эл тоог 60 хүргэх зорилготой хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Энэ тоо ямар шалтгаантай юм бол?

-Агуу их И.Гёте 60 боть бичсэн юм. Нэг боть нь гэхэд миний олон номын дайтай. Гэхдээ одоо бичсэнээ хэвлүүлвэл минийх 50 ном элбэг хүрнэ дээ. Нүүдэлчдийн түүхийг сурсан эрдмээ ашиглаж дэлхийд үлдээе гэсэн зорилготой.

-Таны герман хэл дээр уншсан хамгийн суут зохиолч хэн бэ? 

-Мэдээж И.Гёте байлгүй яахав. Миний номын сангийн дээр гурван хүний хөрөг залаатай байдаг. Би өглөө бүр дөрвөн цагт босож бичихийнхээ өмнө тэр гуравтаа залбирч ивээлээ хайрлаарай гэж мөргөдөг. Нэг нь И.Гёте, нөгөө нь Д.Нацагдорж, гурав дахь нь суут Людвиг Бетховон. 

-Герман хэлээр ном гаргана гэдэг өөрийн унаган хэлнээсээ хагацаж сурсан хэлтэйгээ л харьцаад байх шиг эмзэглэл төрүүлдэг үү?

-Би аливаа хэлийг нөгөө хэлтэй нь сөргөлдүүлдэггүй. Нэг хэл нөгөөгөө дэмжээд явдаг. Гурван хэл сурсан байхад дөрөв дэхь хэлийг сурахад тун амархан болно. Одоо бодоход би герман руу хоосон ч очоогүй л юм билээ. Тува, хасаг, монгол, жаахан ч болов орос хэлтэй. Арван жилд байхдаа том толгой гаргаж хичээлээ оросоор тэмдэглэдэг байсан. Би ер нь хэлний авьяастай хүн. 

-Нээрэн хэчнээн хичээгээд ч гадаад хэлийг сурахгүй юм гэх хүмүүс байдаг. Хэлийг сурах авьяас гэж үнэхээр бий юу? 

-Байлгүй яахав. Хөгжимчин хүн заавал нэгээс гурван төрлийн хөгжим тоглож чаддаг. Бүх л хөгжмийн зэмсэгээр тоглодог хүн ч бий. Түүн шиг зохиолч, үг хөөж, сонсгол чагнаж амьдардаг хүн хэлний авьяастай байдаг. Хөгжмийн сонсгол гэдэг шиг хэл гэдэг миний тэмтрүүл юм. 

-Та анх монгол ирээд есөн жилийн дараа герман явсан. Тэгэхэд германаар урьдынх шигээ чөлөөтэй ярьж чадаж байсан уу? 

-Үгүй. Анх ирээд олон жилийн дараа германд очиход хэл эвлэхгүй талдаа болчихсон байсан шүү. Намайг ер тийш явуулдаггүй байсан л даа. Одоо бол монгол хэл хамгийн ойр хэл минь боллоо. 

-Та “Хөдөлмөр” сонинд том нийтлэлч болчихоод гэж ярьсан. Таны бичсэн цөөнгүй аян замын тэмдэглэл, сурвалжлагууд байдаг. Тэдгээрийг явж, хүйтэн халууныг сөрж байсан хийсэн. Харин одоо бол цахимаас мэдээллүүд хараад л биччихдэг болсон. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ? 

-Яахав, бичих юм нь байвал комьпютер тогшоод л бичих, цааш илгээх нь амархан болждээ. Би ер нь сэтгүүлчээрээ л анх нэртэй болсон хүн. “Хөдөлмөр” сонинд ороод дөрөв, таван тэмдэглэл, нийтлэл бичсэн минь хүмүүсийн зүрхэнд ширхийтэл буусан байгаа юм. Намайг очиход тус сонин 69 мянган уншигчтай байлаа. Тэндээс гарах үед 120 мянга болчихсон байсан. Би тэр сонины газартаа их баярладаг. Сонин бол зохион бичих сургууль юм. Үүнээс гадна тухайн үед сонинд ажиллахад нэг их гоц гойд зүйл байсан. Учир нь сонины сурвалжлагч хөдөө явж байхдаа хаа дуртай газраасаа унаа олоод авч болно. Түүгээр хаа ч хүргүүлчихнэ. Сонины нэр, дугаараа хэлээд л үлдээчихнэ. Редакц дараа нь бүх хөлс, мөнгийг нь шилжүүлдэг байсан. Сонины сурвалжлагч хүн сайдаас илүү цалинтай, илүү эрх мэдэлтэй байлаа шүү дээ. Сонинд нэрээ гаргана, өөрийнхөө тухай бичүүлнэ гэдэг гавьяат авсны дайтай үйл хэрэг. Тухайн хүнийг магтаад бичвэл амьдралд нь тун хэрэгтэй, жаахан муулчих аваас нөгөө хүн хэцүүднэ. Хэвлэл мэдээлэл яалт ч үгүй дөрөв дэхь засаглал байсаан, байсан. 

Би тэмдэглэл бичих аргыг Л.Түдэв гуайгаас сурсан даа. Хамтдаа Өмнөговь аймгийн зуданд нэрвэгдсэн малчдын тухай сурвалжлахаар явсан юм. Нүдгүй шуурганаар цасан цагаан талд очоод л буучихсан Аппаратаа тэвэрч явсан боловч туйлдаа хүртэл цөхөрсөн, хамаг малаа алдсан, зовж зүдэрсэн хүмүүсийг хараад зургийг нь авч чадаагүй. Зүдэрч, уйлж байгаа хүний зургийг авах гэхээр камер өөдөө гар явж хүчирдэггүй юм билээ. Яаж ч зургийг нь авах вэ дээ, тавлаж байгаа биш. Тэр сурвалжлагын дараа Л.Түдэв гуайн “Цасан тал дахь тулалдаан” нэртэй тэмдэглэл, хэдэн сонины дугаар дамжин хэвлэгдэж билээ. 

-Үг гэдэг таныхаар юу вэ. Та хэрхэн тодорхойлох вэ?

-Үг гэдэг чинь эм ч, хор ч байж чадах агуу их энерги, хүч юм. “Мэсний шарх эдгэнэ, үгийн шарх эдгэхгүй”. “Үг алдвал барьж болдоггүй, үрээ алдвал барьж болдог” гэдэг. Нэгэнт алдуурсан үгийг барих аргагүй. Зохиолчид үүнийг бодоосой гэж санадаг. Миний нэг сайн тал бол балчир, залуугаасаа уншигдаж, хүмүүст магтаалаар булуулаагүй явдал. Би хожим, боловсорсон үедээ гарч ирсэн. Давуу тал маань энэ юм даа. Дутуу, гуцуухан бичсэн юм аа уншуулсаар яваад уншигчдын нүдэн дээр өсөж сайн зохиолч болоогүй. Хүмүүс намайг мэддэггүй, гадаадын тагнуул, монголоос урвагч, хазгай хэлтэн зэрэг янз бүрээр л бичиж байлаа. Тэр бүхэн надад давуу тал болсон. Би дув дуугай бичиж, туурвиад л явж байсан.

 -“Аянгат цагийн тууж” хамгийн анх герман хэлээр гарсан шалтгаан юу вэ. Мөн таны нүүдэлчин аж төрөхүйн түүх, бодит явдлаас сэдэвлэсэн тууж шүү дээ. 

-Би анх герман хэл дээр “Тува тууж” нэрээр бичсэн юм. Энэ туужийг би 1971 онд буюу 27 настайдаа бичсэн. Германчууд миний бичсэн уянгын богино өгүүллэгүүдэд их дуртай. Тухайн үед би өдөртөө дөрөв, таван өгүүллэг биччихдэг байв. Тэгээд нэг ном бэлдэх санаатай Литва зохиолч Йоханнес Бобровскийн бэсрэг өгүүллэгүүдийг уншиж суутал цөөрөмд үхсэн залуугийн тухай гардаг юм. Тэр нь их сайн хүн байж л дээ. Нутгийнхан цөөрөмд очиж, залууд хүндэтгэл үзүүлэн зоос шидсээр байгаад сүүлдээ шүтээний газар болоод хувирчихдаг. Тэгээд л би өөрийн нутаг усныхаа талаар өгүүллэг бичие гэж бодоод “Тува тууж” гэсэн гарчиг тавьчихаад бичиж эхэллээ. Гэтэл юун өгүүллэг манатай, бага насны үйл явдлууд хөтлөөд цааш хөврөөд явчихсан. 

Уг романд гардаг, цэргээс оргоод буудуулж амиа алдсан залуу Баянак, түүний эцэг болох хүүгийнхээ талаарх дурсамжийг хүүрнэж байгаа Жанибек өвгөн бүгд л бодит дүрүүд. Баянакын тухай ардын дуу хүртэл манай нутагт бий. Харин би тэр Жанибек өвгөнтэй цуг багадаа анд явдаг байсан юм. Анчид намайг унтсан хойгуур их юм ярина. Би заримдаа унтаж, сэрэхийн завсарт сонсож хэвтддэг байлаа. Тэр Жанибек бол өөрийн хүүг улаан гараараа буудаж хороосон коммунист хүн. Нэгэн орой түүнийгээ ярихдаа хоолой нь зангирч, уйлж байхыг сонсож билээ. Хүү Баянак нь цэргээс оргож яваад манай өвөлжөөнд нэг л шөнө ороод юм. Ууланд бүгсэн байж л дээ. Өлсөж, даарахын эрхэнд уулын аманд өвөлжиж асан нэг айл руу очсон нь манайх байж. Аав, ээж хоёр минь үр хүүхдээс ялгаа юу байхав, тэд бас яаж ч явах билээ гээд хоол унд өгч, их талтай ханддаг байсан. Нэг өдөр ирэхэд нь ээж аавд хөмөн бойтог оёод тавьчихсан байж. Баянак түүнийг харуут цоорсон гутлаа харуулаад “Та энийг оёж өгөөч. Тэр хооронд би энэ гутлыг өмсөж байгаад авчирч өгөе” гэхэд аав, ээж зөвшөөрч л дээ. Гэтэл маргааш нь баригдаад буудуулчихсан байсан гэдэг. 

Эцгийг минь нударган баяны удам гээд улаантнууд үздэггүй байсан юм. Аав ч их айна. Тэгээд л фронтод хамаг адуугаа сүргээр нь тууж аваачаад бэлэглэж байсан. Ядарсан морио унаад эргэхэд нь “Чи гурван хүүтэй биз дээ. Гайгүй товир морио өөртөө үлдээ” гээл нэг их сайхан хар морь сүргээс нь барьж өгсөн гэдэг. Ер нь аав тэр цөвүүн цагт тэгж л амь гарсан хүн дээ. 

Энэ бүгдийгээ санаад бичиж байтал өгүүллэг маань туужийн хэмжээтэй болоод л урсчихсан юм. Түүнийгээ хэвлэлийн газар явуултал хоёр, гуравхан хоногийн дараа цахилгаан ирсэн. Тухайн үед цахилгаан хурдан ирдэг байж дээ. Тэр захидалд “Чи үүрд үлдэх, үхэшгүй мөнхийн бүтээлээ туурвижээ. Бүү халир, бичээд бай” гэсэн байсан. 

-Та тэгж хэлэхэд нь мөнхөд үлдэх бүтээл гэж итгэсэн үү? 

-Их урам л авсан даа. Цаашид бичих зоригтой болсон. Унтахгүй, шөнө болгон бичээд л сууна. Сургуульд герман хэл үзэж байх даа дөрвөн цагт сэрдэг дадалтай болчихсон. Тиймээс дөрвөн цагт сэрээд мөн бичиж суудаг болсон. 

-Та бол герман хэлийг хөгжүүлсэн гэх тодотголтойгоор Шамисогийн шагналыг хүртсэн Ази тивийн анхны зохиолч. Хэлийг ингэж сурна гэдэг бэрх. Танд өмнө нь хүнд хэлээгүй, ямар ч ярилцлагадаа дурдаагүй тийм онцгой арга барил байсан уу? 

-Монгол хүмүүс бол азийн нүүдэлчид. Эдгээр хүмүүс аливаа юмыг сурахдаа тун гарамгай. Гал шатаж байвал мэлрээд зогсохгүй, бужигнахгүй, яаж ийгээд түүнээс гарахаа мэднэ. Бүр өөрийнхөө амийг аваад гарчихалгүй бусдыг хамт авч гарахыг боддог.  Энэ нь эртнээс бидэнд уламжлагдаж үлдсэн онцгой чанар. Тэгэхээр энэ л онцгой зөөлөн сэтгэл, аливааг түргэн тогтоодог нүүдэлч чанар л намайг өөр хэлийг гарамгай сурахад хүргэсэн биз. 

-Ер нь таны зохиолууд дээрээ баримталдаг гол зарим юу вэ? 

-Би мэддэг юм аа бичдэг. Миний мэддэг зүйл бол дуулсан юм биш, өөрийн биеэр туулсан амьдрал. Өөрийн үзээгүй, мэдээгүй зүйлээ бичих нь цагийг хоосон үрэхтэй адилхан. Мэддэг зүйлээ бичихэд үзэг аяндаа өөрөө хөдөлдөг юм. Нөгөө талаас гэвэл монголчуудыг, нүүдэлчин амьдралыг л тайлбарлаж байгаа ухаантай. Юмны эвийг олдог, их зөөлөн аж төрөхүйтэй. Соёл нь их дулаан. 

-Тэгвэл таны бүтээл бие хүний тань хувьд яг юунаас төрсөн бэ? 

-Эмзэглээс төрсөн. Эмзэглэл гэдэг уран бүтээлч хүний хаяж болохгүй чанар. 

-Өдгөө 80 насны өндөрлөгөөс уран зохиолын мөн чанарыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Уран зохиол гэдэг бол хүн болохын сургууль юм. Хүн байхын ухааны суурь бол ерөөс уран зохиол, урлаг. Хүнийг хүн чигээр нь байлгаж, энэрэнгүй, зоригтой, элбэрэлтэй болгох хүч нь урлаг, уран зохиол. 

“Хөх тэнгэр сонсож бай” роман руугаа чиглүүлээд хэлэхэд би хөгшин ээждээ нэг хөшөө босгоё гэх бодол тээж явсаар 1988 онд Унгар улсад сэтгүүлчдийн баг ахалж явах тушаал авсан юм. Хоёр сарын курст явцгаасан байх. Нэг орой сууж байхдаа л романаа герман хэлээр тэмдэглэлийн дэвтэртээ бичиж эхэлсэн. Монголоороо бичвэл гаргахгүй, дээр нь олон сэтгүүлчтэй цуг явсан болохоор айсан л даа. Тэдний хэн нь дотоодыг аюулаас хамгаалах яамны ажилтан болохыг мэдэхгүй шүү дээ. 

-Ер нь сайн уран бүтээл гарцгүй эмгэнэлээс бүтдэг гэж судлаачид үзэх нь бий. Мөн хоёр соёлын уулзвар, гарцгүй байдлын зааг дээр жинхэнэ бүтээлүүд мэндэлдэг гэдэг. Яг л та монгол, герман хоёрын зааг дээр байсан шиг... 

-Үүрд үлдэх ном жаргалаас төрдөггүй. Мөнхийн бүтээл зовлонгоос төрдөг. Хүн зовж, уйлж, энэлж, шаналж байж л бүтээлээ хийдэг. Гэдэс цатгалан, жаргаад л байвал зугаа цэнгэлээ хөөцөлдөнө. Жишээ нь “Болд хэрхэн хатаагдсан бэ” гээд роман байна. Тэр иргэний дайны үеийн хатуу хөтүү цагийн тойрог дундаас Николай Островский гараад ирсэн шүү дээ. Гэхдээ үе болгон тийм хүн төрүүлээд байхгүй л дээ. 

-Тэгвэл та өөрийнхөө төрсөн цаг үеийн тухай юу хэлэх вэ? 

-Над шиг олон хүн байхгүй. Би бол цор ганц. Над шиг тува, эсвээс монгол хүүхдүүд олон л доо. Гэхдээ би бол чулуун зэвсгийн үед хүн болж бүрэлдээд феодализмын сургаалиар урагш хөдөлж, шууд социализтай залгасан нэгэн. Одоо гэтэл капитализмыг үзээд явж байна. Энэ бол хүнд нэг л тохино. Нутагтаа очиход минь надтай цуг чулуун зэвсгийн үед төрсөн хүүхэд алга. Би ганцаар үлджээ. Нутгийнхан минь намайг их сайхан зочилж угтсан. Би тэднийхээ бэлэглэсэн тува цамцыг яг одоо өмсөөд сууж байна. 

-БИ БҮХ НАСААРАА ХӨДӨЛМӨРЛӨСӨН, ХЭН Ч ҮГҮЙСГЭХГҮЙ-

-Бичих гэдэг үнэхээр тийм жаргалтай ажил мөн үү?

-Тамын амьтан тамдаа жаргалтай. Би “Чингис хааны есөн зүүд” гэдэг романаа 77 хоногт бичсэн. Гэхдээ энэ байшиндаа орчихсон, өөрийн гэсэн бичгийн өрөөтэй болсон байсан л даа. Өмнө нь бол гал зуухны өрөөнд л бичдэг байлаа. Өглөө дөрвөн цагт босож, нэг кофе уучихаад бичиж эхэлнэ. Би кофенд нэг их дуртай биш. Тиймээс дургүй юм аа уучихаад бичиж байгаа юм. Эхнэр босож цай унд бэлдэнэ, ширээ цэвэрлэнэ, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх цаг туллаа гэхэд нь хөөгдөж гардаг байлаа. 

Ер Гёте ингэж хэлсэн байдаг. “Хүн өдөртөө нэг байдаг шүлэг унших, сайхан уран зургийг минут ч боловч тогтож ширтэх, нэг их сайхан уянгын аяыг мөн л адаглаад минут сонсож сур. Үүнээс халиад өдөрт нэг зөв өгүүлбэр бич” гэж. Тийм л бичгийн боловсролтой байсан болохоор тухайн үеийн гэрийн эзэгтэй нарын хоорондоо бичсэн захидлууд нь хүртэл уран тансаг найруулга, гоё үгтэй байдаг. 

 -Та бол өндөрлөг газарт төрж өссөн хүн. Байгалийн эрс тэрс уур амьсгал зохиол бичихэд тань нөлөөлсөн үү?

-Нөлөөлсөн. Би өндөр дээрээс юмыг харж, ухаан санаагаараа өндөр өөд өгсөж чаддаг хүн. Тэгэхээр байгаль миний зан араншинд байдаг. 

-Таны нутаг усны тухай цахим дээрх намтруудаас л олж мэдсэн. Ер нь ихэнх ярилцлагадаа тэр талаар тодорхой дурсамж яриагүй байдаг юм билээ...

-Би бол өндөр уулын хүүхэд. Нутгийнхаа талаар бичсээр яваа зохиолч. Баян-Өлгийн Цэнгэл гэж сүр бараатай хайрхан бий. Тарвага зурам агнаж, цус нөж болчихсон жинхэнэ зэрлэг хүүхэд явлаа.  Гэтэл нөгөө айхтар өндөр Алтайн уулсын хүүгийн чинь зүрх 1980 онд айхтар өвдсөн юмдаг. Эмч нар надад хоёрхон сарын настай гэж хэлсэн. Тухайн үед нэрд гарсан, зоригтой, том сэтгүүлч явсан юм. 1979 онд гадаад дөрвөн удаагийн томилолт авч үүрэг гүйцэтгэсэн. Дараа нь зохиол руу орж ажиллах болсон. 18 жилийн хугацаанд би өдөр бүр 18 цаг ажиллаж. Ингээд л зүрх ачааллаа дийлэхээ больж л дээ. 

-Хоёр сарын настай гэдэг бол асар хүнд мэдээ. Та бол өдгөө тэр цаг үеийн хэдий нь ардаа үлдээжээ. Яг ийм мэдээ сонсохоор хүнд юу бодогдог юм бэ? 

-Их эвгүй болно. Дотор хүйт оргино. Хаалга дэлгэхэд хүйтэн салхи сэвэлздэгтэй адилхан. Тэр мэдээг сонссоны дараа Шархадны эмнэлгийн мэдрэлийн долоодугаар тасагт бүх л зүрхний эмч нар цуглаж хурал хийсэн. Би очихын өмнө дөрвөн жаахан хүүхдээ бодсон. Нэг нь хөдөө байсан юм. Тэгээд гурван жаахныгаа нэг нэг үнсчихээд “Аав нь ажилдаа явлаа” гэхээс өөрийг хэлээгүй. Хамт явж байгаа эхнэртээ “Намайг эмнэлгээс битгий аваарай. Харин үхчихвэл минь л тэндээс гаргаарай” гэж захисан даа. Тэгээд нэг их гоё хар хөх хослолоо өмсөж, цагаан цамц, улаан зангиагаар гоёсон хүн хуралд орсон. Ер нь л үхэлдээ бэлтгэсэн гэх үү дээ. Эмч нар хуралдаад ямар ч аврал, эмчилгээ байхгүй. Онош батлагдсан гэж хэллээ. Тэгтэл нэг ч үг хэлэлгүй, чимээгүй суусан өвгөжөөр хүн хурал дууссаны дараа гарахдаа “Чи манай өрөөгөөр ороод ирээрэй” гэж билээ. 

Эхнэр минь уйлаад л, бид ч хэлснээр нь өрөөнд нь ортол “Аль нутгийн хүүхэд вэ” гэхээр нь “Алтайн уулынх. Өвлийн дүн хүйтнээр төрсөн” гэв. “Чи хүйтний хүүхэд байна. Чи үхэх болоогүй. Үхэл нь ирчихсэн хүн өөр харагддаг. Би тавин жил эмч хийлээ. Саяын хуралд байсан эмч нар бүгдээрээ миний шавь. Би зөвлөлтийн эмч нарын онолын ном, заасан хичээлийг л тэдэнд сургасан. Тэд үүгээр л чамд онош тавьж байна. Та нарыг эмзэглүүлсэн бол өршөөгөөрэй” гэлээ. 

Тийнхүү хэсэг сууснаа “Би онолоос гадна практик, юм үзсэн толгой. Чи ер нь архи уудаг уу, тамхи татдаг уу” гэхэд нь “Алийг нь хэрэглэдэггүй” гэвэл “Тэгвэл чи үхэхгүй шүү дээ” гээд шоолон инээх аядсанаа “Чи архи уух хэрэгтэй” гэсэн юм. Эхнэр бид хоёр гайхсан гэж... Тэгтэл “Эвгүй юм заалаа гэж битгий бодоорой. Гол нь нүдэнд харагдсаныг бус жаахан өндөр градустай архийг эмийн журмаар тогтоо. Чамд зүрхний дусаалга бий юу, дээр нь 28 хувийн алкахол гэж бий” гэв. Хэлсэн ёсоор нь дусаалгаа гаргаж хартал нээрэн тийм байлаа. Гол шалтгаан нь алкахол тайвшруулах үйлчилгээтэй аж. Учир нь өвдөх үед бүх судас агшдаг. Харин спиртийг ном журмаар жаахныг хэрэглэхэд судас тэлдэг байсан юм билээ. Үүнээс гадна өвгөн надад “Чамд өндөр уул, хүйтэн хоёр дутаж байна. Амралтаа аваад яв. Алх, гүй, биеийн тамираар хичээллэ” гэж зөвлөсөн. Би ёсоор болгосон доо. 

-Та тэгээд архи ууж сурсан хэрэг үү? 

-Эмийн журмаар л хүртэнэ. Одоо бол бараг уухгүй. Хөдөлгөөнд анхаарал хандуулдаг. 

-Одоо та ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Яг одоо бол “Үнэн түүх” нэртэй ярианы ном гаргахаар ажиллаж байна. Өөрөө дуудаж эхнэрээрээ бичүүлдэг. Дараа би найруулга хийж, дахин уншина. Хэвлэлийн газар захилга өгчихсөн, ном маань удахгүй гарах байх. 

-Монгол хэлний уншигчид таны энэ зохиол бүтээлийг уншмаар байна, орчуулахгүй юм уу гэх гэдэг хүсэлтийг хэр их тавьдаг вэ?

-Хүсэлт их ирнэ ээ. Би бүх номоо л буулгамаар байна. Бага насны тухай гурамсан роман бий. “Хөх тэнгэр”, “Хөрст дэлхий”, “Цагаан уул” гэдэг нэртэй. Давын өмнө энэ гурваа гаргачихвал сайн юмсан. “Номын жор”-ын Б.Базарсүрэнд дуудаж өгч бичүүлдэг юм. Тэр хүүгийн маань зав таарвал энэ хэдээ бичиж гаргах  санаа байгаа. 

-Удахгүй таны “Эр хар сур” шүлгийн түүвэр шинээр хэвлэгдэх гэж байна. Ер нь яруу найраг, хүүрнэл хоёр хэр зэрэг ялгаатай вэ? 

-Уран зохиолд тодорхой ялгаа гэж байхгүй. “Үгийн өвгөн утгын таяг тулмой” гэж Ренчингийн үг бий. Аль аль нь хосолж байж уран зохиол бүрэн байна. Тэдгээрийг ард, урд нь оруулж болохгүй.

-Та 43 жил ханилсан хань Норжмаагийнхаа тухай дурсаач. Анх герман явахынхаа өмнө уулзаж эхнэрээ болгож авна гэж түүндээ хэлсэн гэдэг...

-43 жил ханилсан хань маань өөдөөс харж сууна. (Ханан дахь зураг руу заав) Түүний эх нь охиноо төрүүлээд, харин аав нь дөрвөн настайд нь эндчихсэн юм билээ. Бүтэн өнчин хүүхэд. Айл айлын хооронд л явдаг жаал байсан даа. Гэхдээ тухайн үед өнчдийг их энэрдэг байсан. Сургуульд бол өөрөөс нь жаахан хүүхдүүд хүртэл эгч болно, асарч тойлно. Жил бүр улсаас хоёр удаа шинэ хувцас тавьж өгнө. Тэр минь надаас насаар дөрөв дүү. Их бүрэг ичимхий охин. Тэгээд би герман явах болсныхоо урд өдөр Ховдын голд гар, хөлөө угаачихаад зогсож байтал тэр минь хоёр хувин ус аваад явж байна. “Хөөё Норжмаа зогсоорой” гээд л давхиад хүрлээ. Юу хийж явааг нь асуутал “Айлд ирээд тогоо тавих гэж байна. Тэгээд ус авч явна” гэхэд нь “Чи цаашид яах гэж байна даа” гэтэл “Улаанбаатар хот орж худалдааны техникумд орно” гэнэ. Би ч их том хүн царайлан “Тэнд очоод анхааралтай бай, чам шиг охидоор тоглоом хийдэг савсаг залуус олон. Үгэнд нь орж болохгүй” гэх зэргээр баахан сургааль айлдав. Үүнийхээ дараа “Таван жил болоод би ирнэ. Чамайг хүнтэй суугаагүй байвал авч сууна” гэчихээд яваад өгч билээ. 

-Таныг зургаан жил хүлээжээ...

-Тийм ээ, хүлээж байсан. Би үгэндээ хүрч эхнэрээ болгосон доо. Улс төрийн товчооны ахлах тогооч байсан юм. Олон баяр хөөр, эмзэглэл хосолсон өдрүүдийг хамт туулжээ. 

-Та нээрэн бүтээл тань эмзэглээс төрдөг гэсэн. Ямар улиралд хамгийн ихээр эмзэглэл төрдөг вэ? 

-Өвөл л юм даа. Өвөл миний антен их сайн ажилладаг. 

-Авч байсан хамгийн том шагнал тань юу вэ?

-Амьдрал, сайхан хань, уншигчид, ард түмэн гээд олон бий. Харин яг шагналын хувьд гэвэл Хөдөлмөрийн баатар хүртсэн явдал. Би бүх насаараа хөдөлмөрлөсөн. Хэн ч үгүйсгэхгүй.

СЭТГҮҮЛЧИЙН ХҮҮРНЭЛ 

Түүний туулсан амьдрал ч тэр зохиол ажээ. Би ханийх нь тухай дахин асуухаас эмзэглэсэн юм. Ч.Галсан зохиолч түүнийхээ тухай ярихдаа хоолой зангирч, нүдээ үе үехэн шударч үзэгдэнэ. 

Дараа бид түүний цомхон агаад тун цэгцтэй номын санд саатав. Эрхэм зохиолч номыг хэрэглэсэн шиг хэрэглэж, ноорог болтол эдэлж, дээр нь тодорхойлсон санаануудаа зурж унших дуртай гэнэ. Мөн уншсан номоо бусдад өгчихдөг, цуглуулдаггүй хэмээнэ. Тиймдээ ч номын санд нь өөрийнх герман болоод бусад орны хэл дээр хэвлэгдсэн зохиолууд жирийтэл өрөөстэй харагдана. Тэдгээрийн дунд Гётегийн цээж баримал, хананд нь ярилцлагадаа дурдсан гурван шүтээнийх нь зураг өлгөөтэй аж. Цэлгэр, уужимхан цонхны цаана өөрийн гараар олон жил тарьж ургуулсан моддын навчис салхинд сэрчигнэнэ. “За та хэд дахин нэг сайхан цайлаад морд, өвгөн ах нь бас шинэхэн бүтээлийн дээжээс өргөнө өө” хэмээсээр бид номын өрөөнөөс нь гарцгаав. 

 

Эхнэр Сабина нь дахин нохойгоо хорьж, харин Ч.Галсан зохиолч галын өрөөнийхөө цонхоор гар далласаар биднийг үдэв. Буцах замдаа “За хүү минь, чи хэзээд манайд зочлох виз даруулчихлаа. Уурласан, уйлсан, гомдсон, ганцаардсан, өлссөн, цангасан үед чинь энэ нэг өвгөний гэрийн хаалга үргэлж нээлттэй шүү” хэмээснийг ерөөлийн үг шиг санаж явлаа. 

Гэрэл зургийг | Б.Тамир
М.Мөнхтүшиг

(Зургуудыг "Ножо" хэвлэлийн газрын зөвшөөрлөөр ашиглав)

Тус ярилцлага "Interview" сэтгүүлийн 033 дугаарт нийтлэгдсэн билээ. 

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав