Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцын зохиолч, зураач Б.Төрмөнхтэй ярилцлаа. Монгол хүүхдийн эх хэл дээрээ уншиж ойлгох чадварыг дээшлүүлэх, өөрийн улсын  алдар нэртэй, сод хүмүүсийг танин мэдэж, тэднээс суралцаж, бахархах сэтгэлийг олж аваасай гэж  хүсэж явдаг түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-“Монгол хүн” цуврал хувь зохиолчийн гэхээс илүү хэвлэлийн газрын бүтээл үү?

-Тийм, хэвлэлийн газар хувь зохиолчоос өөрөөр ажилладаг. Яадаг вэ гэхээр, бид нар тав, арван жилийн төлөвлөгөө гаргаж түүнийхээ дагуу ажлаа хийж гүйцэтгэдэг. Агуулга, хэлбэрийн хувьд ямар хөтөлбөртэй явах, энэ хүрээндээ ямар төрлийн ном байх юм зэргийг хоорондоо төлөвлөж, ярилцана. Тэр ном нь ямар соён гэгээрлийг түгээх вэ гэдэг ерөнхий цар хүрээг нь ч мөн харна. Тийм болохоор хувь зохиолчоос жаахан өөр, хумигдмал талтай. Илүү бодлогын түвшинд ажилладаг. Энэ хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг бол “Монгол хүн” цуврал. 

-Та “Монгол хүн” цувралыг гэнэтийн байдлаар санаачилсан уу, олон жилийн өмнөөс бодож явсан ажил уу?

-Манай хэвлэлийн газар энэ ажлыг гэнэт шийдээд хийчихсэн юм биш. Миний санаачилсан гэхээс илүү дэлхий дахинд байж байгаа зүйл. Монгол хүүхдийн хэрэгцээ гэж нэг зүйл байна шүү дээ. Мэдээж хүүхдэд олон хэрэгцээ бий, тэр хэрэгцээ дээр нь тулгуурлаж асуудлыг нь шийддэг. Яг л үүн шиг монгол хүнээ таних, монгол хүүхдүүдэд энэ үнэт зүйлийг мэдэх буюу танин мэдэх хэрэгцээ байна. Тэр хэрэгцээний дагуу олон жилийн өмнөөс төлөвлөж байгаад хийж эхэлсэн ажил.

-Та “Монгол хүн” цувралын нэрт яруу найрагч Д.Нацагдорж, эрдэмтэн судлаач  О.Намнандорж нарын зохиолыг бичиж, зургийг зурсан. Энэ хоёр хүнийг өөрийн сонирхлын үндсэн дээр онцгойлон авч үзсэн үү?

-Үгүй ээ, манайд маш урт жагсаалт бий. Салбар бүрээс хүмүүс бий. Монгол хүн юу хийж чаддаг, юу боддог, юуны төлөө тэмцдэг, эрмэлзэдэг гээд л... Хүн төрөлхтөн адилхан шүү дээ. Сапиенсийн түүх гэхэд үргэлж урагшилж байдаг учраас онцлогтой. Үүний дагуу монгол хүн ч гэсэн түүх, улс төр, урлаг, шинжлэх ухааны салбаруудад амжилттай ажилласан. Түүнийнэгээхэн хэсэг болсон дөрвөн хүнийг одоогоор зурагт ном болгон гаргасан байна. Хийгдэж байгаа олон номууд бий.

-Монголд хүүхдийн номын хөгжил ямар түвшинд явж байна вэ?

-Сайн, өндөр түвшинд хүрсэн гэж бол хэлэх боломжгүй. Маш муу, хүүхдийн ном бараг байхгүйтэй адилхан. Жингийн хувьд шүү дээ. Сүүлийн жилүүдэд  хүүхдэд зориулсан ном олон болсон. Гэхдээ үлгэр, түүхээс цааш алхаагүй. Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцын хувьд “Танин мэдэхүй” рүү орж байгаа. Танин мэдэхүй гэдэг нь бодитой, болсон түүхийг эсвэл шинжлэх ухааны үндэслэлтэй асуудлыг дэвшүүлнэ гэсэн үг шүү дээ. Энэ бол цэвэр үлгэр, домог, түүх биш. Гол нь үнэн мэдлэг байх ёстой. Мэргэжлийн редакцын хувьд энэ чиглэл рүү түрүүлж ороод явж байна. Танин мэдэхүйг яаж судалдаг, бүтээдэг, шийддэг гээд яг тэр стандартынх нь дагуу хийдэг. Хийцийн хувьд шүү. Агуулгын хувьд бол өөр зүйл яригдана.

-“Монгол хүн” цувралын үнэт зүйл нь юу вэ?

-Бахархал. Бид нар “бахархал” гэхээр өв соёл, уламжлал их ярьдаг. Чингис хаанаас эхлээд ярина. Тэгвэл жинхэнэ бахархал хаана байдаг вэ гэхээр юмыг хэрхэн авч үзэж, хэрэглэснээрээ л байхгүй юу. Хий хоосон шүтсэнээрээ бахархал болохгүй. Ёс заншил дунд хүртэл хэрэглэж болдог, болдоггүй бахархал байгаа. Бид нарын хийж байгаа бахархал “Монгол хүн” цуврал дээр яаж бахархах вэ гэхээр О.Намнандорж гэдэг хүн өнгөрсөн зууны Монголын шинжлэх ухаанд ямар бахархалт зүйлийг хийсэн юм бэ. Динозаврын ясыг олж, тогтоож, судалсан гэх мэт маш олон шинжлэх ухааны ул суурыг тавьсан. Д.Нацагдорж бол үлгэрээс өөр зүйл бичсэн. Эрүүл мэнд, шинжлэх ухааны тухай бичсэн. Бахархал яг одоо хэрэглэгддэг учраас “бахархах” зүйл болдог. 

-Энэ цуврал ном бизнесийн талаасаа хэр үр өгөөжтэй байна вэ?

-Бид нар энэ цуврал дээр бизнесийн нарийн шаардлага тавихгүй. Яагаад вэ гэхээр хүн болгоны танин мэдэх хэрэгцээ өөр байдаг. Хүүхэд болгон цувралаар нь авч уншаасай гэж бодохгүй байна. Мэдээж яруу найраг сонирхдог бол Ц.Нацагдарж, дуулах дуртай гэвэл Н.Норовбанзад гээд байна. Цаашид ч гэсэн алдартай олон хүнээр хийхээр төлөвлөсөн. Тун удахгүй Монголын буддизмын гол төлөөлөл, шүтээн урлалын гол төлөөлөгч өндөр гэгээн Занабазар гарах гэж байна. Спортоос гэвэл дархан аварга Х.Баянмөнхөөр зурагт ном хийх ажил явж байгаа. 

Заавал бүх номыг цувралаар нь аваад байх шаардлагагүй. Энэ төсөл нэг талаасаа сургуулийн номын сан, олон нийтийн номын санд хэрэглэгдэх байх шүү.

Манай улс өнгөрсөн жил олон улсын боловсролын үнэлгээгээр хангалтгүй дүн авсан. Монгол хүүхдүүд уншиж, ойлгох чадвараар дэлхийн түвшнээс доогуур байна. Энэ юуг хэлж байна вэ гэхээр монгол хүүхэд унших номгүй байна аа гэсэн үг. Хүүхэд болгон ном худалдаж авах боломжгүй. Төр засаг бодлогоор монгол хүүхдийн ном уншихыг дэмжих хэрэгцээ гарч ирж байна. Манай монголчууд “Аавын сургаал алт. Ээжийн сургаал эрдэм” гэж хэлээд боловсролын хэрэгцээг хангачихна гэвэл маш том эндүүрэл. Мэдээж гэр бүлийн хүмүүжил чухал. Гэхдээ боловсролыг аав ээжийн сургуулиар шийдэх боломжгүй. 

-Та хоёр цуврал номын зохиогчийн хувьд энэ номыг уншсан хүүхэд олж хараасай гэж бодсон зүйл бий юу?

-Мэдээж хүүхэд болгон өөр, өөр өнцгөөс харж ойлгоно. Д.Нацагдорж гэдэг хүний тухай олон ном, сурах бичиг дээр байдаг. Тэр номууд дээр юу гэж бичсэн байдаг билээ. төрсөн он, сар өдөр, нас нөгчсөн он сар өдөр, ийм, ийм шүлэг бичсэн гэдэг намтар л байдаг. Гэтэл өнөөдөр XI дүгээр зуун, зөвхөн баримт дээр тулгуурладаг эрин зуун шүү дээ. Намтар өөрөө бодит баримт. “Эрт урьдын цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ” гэхэд хэзээ ч юм бүү мэд, хэн ч юм бүү мэд. Харин өнөөдрийн баримтат зуунд Д.Нацагдорж ийм хүүхэд байсан, амьдралынхаа он жилүүдэд ийм зүйлсийг хийсэн, ийм саад бэрхшээлийг даван туулсан гэдэг бодит түүхийг зураг дүрслэлтэй хэлээд өгөхөөр энэ үнэн болно. Ийм хэрэгцээ орчин цагийн хүүхдэд бий болсон. Гол нь өөрийнх нь эх хэл дээр.

-Эх хэл дээрээ ойлгоно гэдгийг та юу гэж тодорхойлж байна вэ?

-Жишээ татъя л даа. Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг бүгд мэднэ. Хүүхэд бүр цээжилдэг шүү дээ. Гэтэл цаад агуулгыг нь ойлгож мэдэрч чадсан уу. Энэ шүлгийг бичихээс өмнө уул, ус, газар шороо бүгд хааны өмч байсан. Ардын өмч гэж байхгүй. Ардын хувьсгал ялсны дараагаас Д.Нацагдорж юуг хүсэж энэ шүлгийг бичив. Хэнтий хангай Саяны өндөр сайхан уулсаас өмнийн элсэн манхан далай хүртэл миний өмч, миний нутаг. Ийм агуулгатай, чи өмчтэй гэдгийг ойлгуулсан шүлэг. Яруу найраг үүндээ агуу шүү дээ. Цээжлээд дүн авахдаа гол нь биш. Ингэж ойлгож, мэдрээсэй гэж хүсэж байна.

“Хээрийн галуу үл хүрэх газраас
Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ” гэж бас бичсэн. “Ирнэ” гэдэг үг бол гайхамшигтай үг. Д.Нацагдорж хойч үедээ юуг ойлгуулж, сануулахыг хүссэн байна. Чи эргэж ирэх эх оронтой хүн шүү гэдэг хүсэл тэмүүллээр бичсэн байна. Эх орноо хайрлана гэдэг бахархал.

-Зурагт номын өнгөний тухайд гэвэл... Жишээ нь Д.Нацагдорж бол нэг тийм цэнхэр өнгө давамгайлсан байхад О.Намнандоржийнх шар, ногоон байх жишээтэй...

-Одоогоор бол ягаан, цэнхэр, шар гэх мэт дөрвөн ном гарсан байна. Нэг ном бол гурван өнгөнөөс бүтэж байна. Энэ номыг бага, дунд ангийнхан уншина гэж төлөвлөсөн. Зургийн олон гоё өнгөнд татагдах бус агуулгад анхаараарай гэсэн үүднээс цөөхөн өнгөөр зохиомжилсон. 

-Хүүхдийн номын хавтас ихэвчлэн нимгэн байдаг. Хүүхдэд энэ ном чиний өмч гэдэг мэдрэмжийг өгөхийг хүсэж хавтсыг нь хатуу хийсэн үү?

-Илүү мэргэжлийн түвшинд тайлбарлах ёстой. Жишээлбэл хоёулаа хүүхдийн хэрэгцээнээс яриагаа эхэлсэн шүү дээ. Энэ номыг хэдэн цаг, хэд хоног унших юм. Энэ номыг олон дахин эргүүлэх юм уу гэдгээс эхэлнэ. Нөгөө талаас хэмжээ байна. Зөөлөн эсвэл хатуу байвал болох юм уу. Бүр бага насны хүүхдэд зориулсан зурагт номыг аав, ээж нь бариад ярьж өгөх учраас зөөлөн хавтастай байж болно. Өөрөө барих бол хатуу хавтастай байна. 0-2 насны хүүхэд амандаа хийдэг учраас будаг нь хоргүй, эко байх ёстой гэх мэт. Бас биет өмчтэй байгаа юм шиг мэдрэмжийг өгөх зэрэг орно.

-Та хүүдийн зурагт номоос өөр олон сонгодог номуудын хавтсыг зурсан. Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүнд зориулсан номны хавтас зурахад эмэгтэй хүний сэтгэлзүй, мэдрэмжид орж зурдаг уу?

-Мэдээж уншигчдад номын хавтас ямар өнгө, аястай харагдах уу гэдэг чухал. Нөгөө талаас агуулгаа сайн ойлгосон байх хэрэгтэй. Тодорхой агуулгын хүрээнд төрүүлэх мэдрэмжийг зурна.

-Эрдэмтэн, судлаач О.Намнандорж гэдэг хүнээс юуг олж харах вэ?

-Номоос заавал нэг юмыг олж харах ёстой гэж үзэж болохгүй. Хорвоо дэлхийн бүх ном чамд ямар нэгэн зүйлийг өгөх албагүй. Чи бүх номыг сонирхох албагүй. Заавал нэг зүйлийг авах гээд байж болохгүй. Товчоор хэлэх юм бол О.Намнандорж гэдэг хүн бүх л асуудалд шинжлэх ухаанчаар хандсан хүн. Монголд шинжлэх ухааныг үндэслэсэн хүн шүү дээ.

-Энэ цуврал ном хэдэн насны хүүхдэд зориулагдсан бэ? 

-8-13 насны хүүхдүүдэд зориулсан. Хүүхдийн үгийн сангийн судалгаа гэж байдаг. Дөрвөн жилд янз, янзын байгууллагууд хийдэг. Боловсрол, хэвлэлийн байгууллагууд номын сангаар дамжуулж хийдэг. Би энэ судалгааны үр дүнд итгэдэггүй.

-Яагаад?   

-Өнөөдөр сургуулийн номын сангууд агуулахын үйлчилгээ үзүүлж байна. Яагаад вэ гэхээр баахан хуучин номтой. Шинэ ном авах гэхээр мөнгө байхгүй. Хуучин номыг хэн ч уншихгүй, сурах бичгүүдээ хадгалаад цоожилчихдог. Хүүхэд ороод гоё сонирхолтой ном олж уншихад хэцүү. Энэ номын сан уу, агуулах уу. Дахин хэлэхэд Монголын номын сан агуулахын үйлчилгээ үзүүлж байна. Эндээс боловсролын хүрээлэн монгол хүүхдүүд ямар ном уншиж байгааг судалсан байна. Онгойгоогүй номын сан, хуучин номоос судалгаа хийчхээд монгол хүүхдийг ийм ном уншдаг гэж хэлж болох уу. 

-Та нар яаж судалгаагаа хийдэг вэ?     

-8-12 насны хүүхдүүдийн анги, сургууль дээр очоод, номоо уншиж, хэвлэж өгөөд, ярилцаад, ойлгохгүй үгийг нь дунджилдаг. Номынхоо ард үгийн болоод агуулгын тайлбар хийж өгдөг. Бид нар яг тэр насны хүүхэдтэй ажилласан.

-Та номтой хамгийн ойр байдаг хүн. Хүүхдүүд яагаад ном унших ёстой вэ?

-Яагаад хүн хоол идэх ёстой юм бэ, шим тэжээл авах гэж шүү дээ. Ходоодныхоо хэрэгцээг хангахын тулд. Яг үүн шиг ном хүний тархины хэрэгцээг хангах ёстой. Түүнээс бус шүтээн биш. 

-Яагаад эцэг эхчүүд хүүхдүүдээ ном авч өгч уншуулах ёстой вэ?

-Ном гайхуулах зүйл огт биш. Хадгалах зүйл ч биш. Зөвхөн унших ёстой зүйл шүү дээ. Тэгээд гол нь ойлгож, өөртөө шингээх. Ном дотор асар их танин мэдэх хэрэгцээ байгаа. Энэ хэрэгцээг хангах ёстой. Ном уншдаг мундаг хүүхэд болгох гэж номыг авч өгөх ёстой гэж бодохгүй байна. 

-Та зохиолч, зураач хүнийхээ хувьд ном уншиж байгаа хүүхдэд юуг амлаж чадах вэ?

-Хайр, хайрлах. Би хүүхдийн номтой амьдралаа холбоод арван жил болсон байна. Та нарт хайртай шүү гэж хэлмээргүй байна. Ном уншсанаараа чамд хайрлах олон зүйл гарч ирнэ.

Ярилцсан | А.Даваадулам

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав