“Ярилцъя” булан та бүхэнтэй нэгэн сонирхолтой зочныг уулзуулж байна. Тэр бол “Монгол цам” төслийн удирдагч, эрхэм С.Батбаяр юм. Бурхад чуулсан ариун дагшин өргөөнөө бид ийнхүү хөөрөлдлөө. Бидний яриа та бүхэнд таалагдана хэмээн найдна.

-Шинэ Монголд урьд өмнө нь болж байгаагүй цамын  ёслол болно гэсэн мэдээлэл аваад өөрийг тань хайж сурагласан юм.  Урьд нь Майдар эргэх ёслолыг  л хэд хэдэн удаа үзэж байсан. Учир утгыг нь сайн мэддэггүй учраас жинхэнэ сүжиг тээж даган баясч чаддаггүй. Тэгсэн хэрнээ Майдар эргэх ёслолыг нийт хотлоороо тэмдэглэдэг бол гоё юм даа гэж боддог юм. Тэгж байтал 108 цамын баг өмсгөлтэй сүсэгтнүүд цугларч, асар том ёслол болно гэж дуулаад өөрийн эрхгүй сонирхол төрөөд ирлээ. Та ямар учиртай энэ ажлыг зохион байгуулж байгаа юм бэ?
-Цамын тоглолт гэж манай хүмүүс яриад байх юм. Угтаа бол энэ нь цамын бүжиг юм. Цамын бүжиг гэдэг маань ерөөсөө л базаад хэлэхэд бурхан шашины их бүжгэн жүжиг. Бурхадыг бүжиглүүлж байгаа хэрэг юм. Та түрүүн Майдар эргэх ёслол гэж ярьж байна. Энэ тухай мэдэж байгаад тань би хувьдаа баясч байна. Цам маань дотроо хэд хэдэн янз. Майдарын цам, Тахилын цам, Жахар цам гээд олон янзын цам байдаг. Техник технологи хөгжсөн өнөө үед амьсгалын цам гэдэг ойлголт хүртэл гарсан. 

-Амьсгалын цам аа?
-Тийм ээ, амьсгалын цам. Цам маань агуулгаараа их цам, бага цам гэсэн хоёр янз байдаг. 35-аас доош гарвал бага цам болно. Түүнээс дээш 108 хүртэл цам гарвал их цам болдог ёстой юм. Цамыг өнөө үед жуулчны баазуудад нэлээд тоглодог. Гэхдээ жуулчдыг үндэснийхээ зан заншил, шашны их уламжлалт соёлоороо татах гэсэн хэлбэрийн төдий байдлаар хөгжиж байгаа. Энэ нь муу зүйл гэж би хэлж байгаа юм биш шүү. Эдгээр оролдлогуудаас болоод бид өөрсдөө дотооддоо хүртэл “Түмэн эх” чуулгын тоглолт зэргээр нь л төсөөлөл авдаг болж хувирсан. Нэг ёсондоо үзүүлбэрийн шинжээр хүлээж авдаг болчихсон. Үүнд би жаахан сэтгэл дундуур явдаг хүн  л дээ. Гэтэл цам гэдэг бидний монголчуудын хувьд юу байсан юм. Шашны утгаараа юу юм. Соёлын утгаараа юу юм гэдэг рүү анхаарлаа хандуулах цаг болчихсон. Цам маань дотроо их нарийн жаягтай зүйл шүү дээ. Зөвхөн цамыг тоглохын тулд бэлтгэл болох номыг хэдэн хоногоор уншдаг. 

-Бурхны ном биз дээ. Би зөв хэллэгээр тодорхойлж байгаа эсэхдээ эргэлзэж байна. Та ойлгоорой. Өөрөөр хэлбэл бидний ойлголтоор засал гэж хуруулдаг тэр ном биз дээ ?
-За, тийм ээ. Цам тавихын өмнө уншдаг тэр номыг зүгээр нэг энгийн лам унших  ёсгүй байдаг. Их нарийн дэг ёстой. “Жигжид бурхан”-ыг 25 хоног бясалгана. Тэгж байж тэр лам хүн цамын өмнөх номыг айлддаг ёстой. Түүнээс гадна тоглолтод хэрэглэх бусад хувцас, хэрэглэл бүх зүйлийг номын ёсоор адислах ёстой байдаг.  Дээр үед, XVII зууны үед бол зуны дэлгэр цагт цамыг гаргадаг байсан юм билээ. Цагийн аясаар хөгжиж явсаар монголчууд суурин амьдралтай болсон. Аливаа юм цаг үеэ дагаж өөрчлөгдөн хөгжиж байдаг жамтай. Энэ утгаараа тэр үед тавьж байсан цамын бүжгийг яг тэр жаягаар нь өнөө үед тавина гэвэл бэрхтэй. Тухайлбал, тэр үед цамыг гурав хоног бүжиглүүлж байсан. Одоо гурав хоног бүжиглүүлнэ гэвэл хүмүүсийн цаг зав, нөхцөл бололцоо болохгүй байх. Уг нь яг тэр ёсоор нь гурав хоног их, бага цамаа тавьдаг бол их л сайнсан. 

-Их цам буюу 108 цамын бүжиг манайд хэр олон удаа тавигдаж байсан юм бэ?
-Миний судалж мэдсэнээр 1937 оны үед Их цамыг тавьсан байдаг. Ер нь Монгол цамыг олон улсын төвшинд анх Б.Рэнчин гуай сулагдахуун болгон гаргаж тавьсан. Барууныхантай хамтарч кино хийж, дараа нь “Монгол цам” нэртэй номыг Германд хэвлүүлсэн. Тэр хаалттай, хэцүү цаг үед тэр өвгөн эрдэмтэн мөн ч ихийг хийж дээ гэж би бодож биширч явдаг юм. 

-Тийм ээ, тэгэлгүй яахав. Тэгэхээр бүхэл бүтэн 73 жил Их цам гаргаагүй юм байна. Та ийм ажил сэдээд, өөрөө дангаараа чардайн зүтгэж, ийм их зүйлсийг цуглуулж, хийж чадсан нь бахархмаар явдал. 
-Тэгэхээр бид 1937 оноос хойш Их цамыг гаргаагүй явжээ. Цаг үеийн ороо бусгаа гээд элдэв бэрхшээл туулсан. Цам маань өөрөө зүгээр нэг хүмүүсийг баг өмсгөөд бүжиглэх тухай асуудал биш юм. Үүнийг л ойлгох хэрэгтэй. Номын асар их хүчийг шингээж,  жанлавтай номыг уншиж амилуулдаг. Маш дээдийн номыг судалсан хувилгаан лам номыг нь уншдагаараа онцлогтой. Зүгээр жирийн лам очоод номыг нь уншчихдаг юм биш. Энэ цаад агуулга, мөн чанарт нь бүх утга учир байгаа юм. 

-Бүх юм өөрийн гэсэн учиртай байдаг. Яагаад могой жил гарч буй энэ цаг үед Их цамыг тавих гэж байгаа шалтгаанаа тайлбарлахгүй юу. Манай уншигчдад мэдээж мэдрэх, мэдээлэл авах чухал байна?
-Хийж явсаар байгаад л цаг хугацаа нь могой жилийн эхэн үетэй давхцаж байгаа юм. Энэ ч бас сонин. Та түрүүн бүх зүйл өөрийн гэсэн учиртай байдаг гэж хэллээ. Би энэ Гандангийн дэнж дээр 108 цамын багаа бүтээж байхад өөр газар нэгэн монгол зураач “Монголын Их  цам гэсэн 108 цамын зураг зураад, үүнийг маань ойлгох, худалдаж авах хүн байна уу” гээд явж байх юм. Энэ яасан гайхам учир тохиол вэ. Би үнэхээр хөхөн баясч байгаа юм. Тэр хүн чинь хаана байна вэ гээд эрж сураад гүйтэл надаас тавхан алхмын цаана Солонгоо гээд тэр зураач бүсгүй 108 цамын баг зурчихсан байсан. Тэгээд “Миний онгод авьяас хүрдэггүй ээ, танаас зөвөлгөө авья, та миний энэ бүтээлд хөрөнгө оруулаач ээ” гэдэг хүсэлтийг менежерээрээ дамжуулж ирүүлсэн. Энэ миний гайхшралыг төрүүлсэн. Би 108 цамын баг бүтээж байх тэр үед нэгэн сайхан монгол зураач 108 цамын баг зураад байдаг. Явсаар байгаад  яг могой жилийн босгон дээр энэ зураг нь дуусна гэж байдаг. Тэгээд Монголын Их цамын 108 цамын бүжгийг тавих энэ үед зураачийнхаа 108 баийн зургийг монгол авдарнууд дээрээ байрлуулаад, Монгол авдар, Монгол цамын багийн 108 зургийн нээлт болох юм. Сайхан байгаа биз.

-Түүхийн хийгээд цаг хугацаа орон зайн ямар үед энэ Их цам эргэн ирдэг юм бол?
-Монгол хүн ашидийн билгээс, амны билэг гэдэг. Хүннүгийн үеэс л монголчууд могой жилийн, могой сарын, могой өдрийг зориуд сонгож дайлах аймгууд руугаа довтолдог байсан байдаг. Энэ бол жирийн явдал биш ээ. Луу жил буюу 2012 он гарахад  дэлхий сүйрнэ гэсэн цуу яриа дэгдсэнээс болж хүн төрөлхтөн ямар их айдас түгшүүртэй байв. Дэлхий дээр юу тохиолдохыг би мэдэхгүй. Би өөрөө шүтлэгтэй хүн. Энэ ус чинь хортой гээд хүн болгон яриад байвал магадгүй би хордохыг үгүйсгэхгүй. Энэ бүх сэтгэлийн түгшүүр, зовиуруудыг цэнхэр дэлхий маань сонсдог байхыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тийм биз дээ. Яагаад ч юм яг энэ цаг үед, яг энэ могой жилийн босгон дээр миний тавих гэж байгаа Их цамын ёслолоор бурхан цаанаас нь сэвтсэн энэ дэлхийд маань засал хийлгэж байгаа юм болов уу ч гэж би өөрийн гэнэн бодолдоо боддог юм. 

-Бид Цамын бүжгээс их холдсон. Гадны нөлөөнд өнгөрүүлсэн түүхийн хэцүү цаг үе нэлээдгүй байлаа. Тэрний тусгал нь одоо үеийн бид зүгээр л нэг уламжлалт зан заншил дээр суурилсан урлагийн нэг үзүүлбэр шиг боддог болчихсон байна. Гэтэл энэ нь маш их учиртай ойлголт юм байна. 
-Их цам бол их засал гэгддэг зүйл юм. Их засал шүү. 

-108 цамын өмсгөл өмсч бүжих болохоор мөн тооны хүн эрэгтэй болох нь. Ямар хүн тэр багыг өмсч бүжиглэх вэ. Та түрүүн энэ бол бурхадын бүжиг юм гэж хэлсэн. Бүжигнээс гадна цаана нь дуугарч байгаа цан, хэнгэрэг гээд бусад хөгжмийн зэмсэгүүдээс гадна өөр ямар нууц жор байдаг юм бэ. Хамгийн гол нь үүнийг амьдруулах гол шид нь ном юм байна. Тэр номыг унших лам нь тусгай хүн байх нь байна шүү дээ. Тэгэхээр үүний цаана маш олон зан үйл байгаа нь тодорхой юм. 
-Энэтхэг, Төвдөд, Төвдөөс Монголд дэлгэрсэн ёслол юм л даа. Цамын бүжгийг анх найруулж тавьсан автор нь хүрээ хамба Агваанлувсанхайдав гэдэг хүн юм. Энэ хүн  Дансранжамцын гарчам гэдэг ном зохиосон. Түүн дээрээ үндэслэж хийсэн. Энэ ном их суурь нь гэсэн үг. Манайх хувийн хийд болохоор лам, хувраг цөөхөнтэй. Цамд гарах хүмүүсийнхээ асуудлыг шийдэх гэж нэлээд ажил болж байна. 1988 онд цамын бүжиг нь монголчуудын түүх соёлын нэгэн том үнэт зүйл зайлшгүй мөн гэж үзэж, Ардын жүжигчин Н.Долгорсүрэн гуайн санаачлагаар “Монгол цам” гэдэг кино хийсэн байдаг юм. Үүнийг Төв гандан хийдийн Сэрээтэр  гэдэг лам хүн удирдаж явуулсан.Тухайн үеийн дуурь бүжгийн эрдмийн чуулга, цэргийн бүжгийн чуулгаас дандаа эрэгтэй бүжигчид авч бүжиглүүлсэн юм билээ. Цамд орох хүн маань уян налархай хөдөлгөөнтэй, биедээ ямар нэгэн яр шархгүй, өв тэгш эрэгтэй хүн байх ёстой. Бид 108 цамыг бүжиглүүлэхдээ цамын хамгийн гадна талын хамгаалалтын хүрээ болох Чогжин буюу 15 хамгаалагчид дөрвөн зүг наймайн зовхис, дээшээ, доошоо 10 зүг, гурван цаг буюу өнгөрсөн, одоо, ирээдүй, хоёр хаалга гээд зүг цагийн хамгаалагч гэдэгт  хамгаалалтын албаныхнаас зориуд бие бялдар сайтай хүмүүсийг авч ажиллуулна. Бусад хэсэгт нь өөрийн хийдийн лам нар маань гарна. Мөн СУИС хамтран оролцож байгаа. СУИС-ийн бүжгийн ангийн эрэгтэй оюутнуудаас шалгаруулж авсан. Сэрээтэр гуайн анхны тэр дэг жаягаар тавигдаж байгаа учраас СУИС маань их анхаарал тавьж байгаа. 

-Энэ сонгож авсан залуус өөрийгөө юунд оролцож байгаагаа ойлгож байгаа биз дээ?
-Ойлгож, ухаарсан. Эдгээр хүүхдүүдэд цамын бүжиг эхлэхээс гурав хоногын өмнө цагаан хоол идүүлж, гурав хоног Их цамын номыг уншиж байгаа номын багш Гэвш лам Сономдорж багшаасаа адис авахуулсны дараа гаргах юм.

-Энэ цаг үеийн шашин соёлоо хүндэтгэдэг хүмүүс ч гэсэн амьдралд нь тохиож буй онцгой зүйл гэж ойлгох ёстой юм шиг ээ?
-Тэгэлгүй яахав. 

-Ингээд та олон жил зүтгэж  108 цамын баг хийлээ. Энэ нь зөвхөн толгойд өмсдөг баг биш тусгай өмсгөл гэж бас бий байх. Музейд тавьсныг харахад шүр сувданд дараатай, үнэ цэн бүхий эдлэл байдаг юм билээ. Бага байхдаа цамыг мангас гэж ойлгоод айдаг байлаа. Ийм хэмжээний ойлголттой явж ирсэн бид үнэ цэнийг нь дутуу л хүлээж авах байх даа.
-Монгол хүний далд мэдрэмж, өөрийнхөө үндсэн ахуй соёлд хандах ойлголт их өөр шүү. Ойлгоно. Хүний юм биш шүү дээ. 

-Ер нь урлагийн талаас нь, шашны шид авшиг шингээх агуулга талаас нь танд ямар хэмжээний зүтгэл оров. Цамын багийг хийх эд хэрэгслийн тусгай жор, материал гэж байдаг уу?
-Цамын багийн маань дээл гэхэд энгийн дээлнээс тусгай урт ханцуйтай, огт өөр дээл байдаг. Нэг дээлэнд гэхэд 30 метр торго, даавуу орно. Дээрээс нь гадуур нь  өмсөх цээживч, хормойвч байх ёстой. Энэ болгонд тусгай зээгт наамлын аргаар, уран шаглаас зэрэг их нарийн хатгамал ордог. Түүнчлэн гадна талаар нь тэмээний ясыг яг зааны яс мэт болгосон ясан чимэгнүүд орох ёстой. Бид орчин үеийн баримлын тусгай шуумлын бодисыг Франц, Голландаас захиалж авчруулсан. Энэ мэтчилэн орох материалуудаас гадна, цам гаргахын өмнө бүх зүйлсийг арцаар арвилж гаргах ёстой. Гурав хоног адис жанлагаар адислаад өмсгөдөг. 

-Дараа нь та цамын хувцас, багнуудаа хаана яаж хадгалах вэ?
-Энэ бол “Монгол цам” гэдэг төсөл юм. Сайн санаат ах дүү, найз нөхөд, ойр дотны хүмүүс дэмжиж санхүүжүүлж байгаа. Төр засгийн дэмжлэг байхгүй. Бүгдээрээ л адилхан амьдрах гэж зүтгэж байгаа болохоор энийг ивээн тэтгээч, тэгээч гэдэг хүсэлтийг бусдад тавьж зүрхлэхгүй байна. Ер нь ингэж хандаад дасчихвал аливаа юм утгагүй болно шүү дээ. Дараа нь та энэ бүхнээ яах вэ гэж та асууж байна. Яах вэ гэхээр “Монгол цам дэлхийг нэгтгэнэ” гэсэн уриатай төсөл шүү дээ. Аваад дэлхийн бусад орнуудаар үзүүлнэ гэж бодож байгаа.  

-Цамын бүжгэн дотор цагаан сахалтай сайхан өвгөн амар амгаланг илтгэж бүжиглэдэг. Их цамын тавилтан дотор маань ямар нэгэн онцлох дүр гэж байх уу?
-Цамын бүжиг маань ерөөсөө бүжгэн жүжиг. Энэ бол урлаг. Шашных нь ёсоор өөрийгөө бясалгасан хүн бурханы шашны номоор нь номоо уншина. Харин бүжиг талаас нь гэхээр би түрүүн хэлсэн Тахилын бүжиг, Майдарын цам, Амьсгалын цам, Жахар цам гээд дотроо төрөлтэй гэж. Өнөөдөр “Гамлет”-ыг Английн театрт тавих нэг өөр. Гэтэл Монголын театрт Д.Наранбаатар Англид ингэж тавьсан бид тэгж л  тавина гээд тавьбал утгагүй биз дээ. Уран бүтээлч өөрийнхөө нүдээр харна. Тиймээс би өөрийнхөө найруулгаар найруулж тавина. Найруулж тавихдаа өнөөдөр холыг харж, өвөг дээдэс минь яаж тавьж байсан юм бэ тэр жишгийг баримтлана. Жишээлбэл, Эрдэнэ зуу хийдэд 1786 онд цагаан, хөх, шар гурван өвгөнийг бүжиглүүлж байсан. Цам гэхээр ганцхан цагаан өвгөн бүжиглэдэг дээ. Гурван өвгөн залж бүжиглүүлнэ гэдгээрээ би юу хэлэх гэж байгаа юм бэ гэхээр өвөг дээдэс маань 1786 онд холыг харж чадаж байжээ. Таван тивийн гурван арьстай хүмүүс энх тайвнаар зэрэгцэн орших ёстой юм байна. Дэлхийн эх болсон зургаан зүйл хамаг амьтан, тэр дотроос хүмүүн төрөлхтөн өөр хоорондоо өш хонзонгүй, энх амгалангаар оршихын бэлгэдэл болгож цагаан, шар, хөх гурван сайхан өвгөнийг гол дүр болгон бүжиглүүлж л байсан байгаа биз. Энх амгалангаар зэрэгцэн оршоосой гэдэг энэ мессежийг манай өвөг дээдэс тэр үед л өгч байсан байна. Яг тэр зарчмыг би удирдлага болгож гурван өвгөнтэй цам тавина. Дэлхий нийт хараад монголчууд цамаараа, шашнаараа энх тайванд уриалан дуудаж байна гэдэг ойлголтыг авах байх. Аваасай гэж бүр их хүсч байна 

-Цагаан өвгөний үс, сахал нь хиймэл үс байх уу. Юу гэмээр юм бэ дээ, ийм л юмыг оролцуулж болохгүй, ийм юм байна гэдэг шашны талаас тусгай дүрэм байдаг уу?
-Та бас нарийн зүйлсийг асууж байна. Бүгд дэг жаягтай. Учир нь Агваанлувсанхайдав гуайн бичсэн номонд ч тэр, бусад эх сурвалжид ч тэр нарийн заасан. Ялангуяа  буруу чигээс ирсэн эдээр хийж болохгүй гэсэн хатуу бичээстэй. Тиймээс цагаан өвгөний сахлыг сэтэртэй морь, үхэрний дэл сүүлээр хийж байгаа. Цам гэдэг маань лус савдагийг аргадах үйл ажиллагаа. 1905 онд Ханхөхийн нуруунаас Булнайн нуруу хүртэл газар хөдлөлт болсон. Та мэдэх байх, Энх амгалан хаан зургаан хүүхэдтэй гарч бүжиглэдэг шүү дээ. Тэр хавийн уул усыг аргадаж Энх-Амгалан хаан өөрөө цам цохиж, зургаан хүүхдээр бии биелэгээ бүжиглүүлж байсан. Энэ бол монгол цамын нэг онцлог. Миний бодлоор цагаан өвгөн европ, хөх өвгөн өнгөт арьстан, шар арьстан маань ази буюу монголчуудыг төлөөлдөг байсан байна. Бид одоо цагаан өвгөнөөр үзэгчдэд доллар тараалгах юм. Үзэгчдэд сонин санагдах байх. Тэр нь энэ мөнгө далайн ус шиг, газрын шороо шиг, өвсний үндэс шиг өсч байх болтугай гэсэн ерөөлийг дэвшүүлж цагаан өвгөн хүссэн сүсэгтэндээ өгөх юм. Мэдээж эмх замбараагүй байдал үүснэ. Хөх өвгөн маань жимс, шар өвгөн маань цагаан идээ тараах юм. Ийм театрчилсан тоглолтыг үзүүлэх юм. Энэ бол миний найруулга. Би хүмүүст хэлж байгаа юм. Ном нь ёс дүрмээрээ байна. Харин найруулж тавих нь тухайн хүний өөрийн сэтгэлийн илрэл болохоор тухайн цаг үетэйгээ нийлсэн ойлголтыг илэрхийлэх ёстой гэж.

-Энэ цамын ёслолд ирж байгаа сүсэгтэн олон сэтгэл санаа, биеэ яаж бэлдэх ёстой юм бэ?
-Цам тавих номонд цам бол заслын дээд гэсэн байдаг юм. Үүнд оролцож суусан хүмүүс Чойжоодүгжүг номыг буман удаа уншуулсантай дүйцнэ гэж үздэг. Дээрээс нь шашны талаас нь ярихад хүмүүс цамд энэ насандаа суувал төрөл дээшилнэ гэдэг. Энгийн хүмүүсийн хэллэгээр яривал ерөөсөө өнөөгийн экологийн асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед лус савдгийг аргадсанаараа эх дэлхийгээ хайрлаж, хамгаалах үйлсэд оролцож байна гэсэн үг. Дээрээс нь тэр жилийнхээ заслыг хийлгэж байгаа юм. Бас түүхийн мартагдсан зүйлийг сэргээхэд оролцож, түүний гэрч болж байгаа юм шүү дээ.

-Манай монгол орны дөрвөн зүг, найман зовхист олон мянган лам хуврагууд таран сууж байгаа. Тэдэнтэй та яаж холбогдож байна. Ийм ажил санаачлаад яваад байдаг. Тухайлбал, гандан хийдийнхэн яаж хүлээж авч байна?
-Уучлаарай, та энэ яриаг их бодож бичээрэй. Үүнийг би иргэнийхээ зоригоор л  хийж байгаа. Би хувь хүнийхээ үүднээс үүнийг хийх ёстой. Ард түмэндээ ойлгуулах ёстой гэдэг үүднээс зүтгэж байгаа. Хамтран зохион байгуулагч гэвэл миний номын багш Соном маань номыг нь уншиж өгч байгаа. Цагаан сарын үед таарч байгаа учраас сүм хийдүүд маань өөрсдийн сүсэгтнүүддээ үйлчлээд завгүй байгаа учраас тэдэнд хандаж чадахгүй байна. 

-Таны номын өргөөнд орж ирэхэд сэтгэл ариуссан нэг л өөр мэдрэмж төрж байна. Энэ орчин үнэхээр сайхан юм аа.
-Баярлалаа. 

-Энгийнээр хэлбэл та сайн цуглуулагч бололтой. Ийм их шашны эд зүйл, дээр үеийн үнэ цэнтэй зүйлсийг цуглуулахад хүний бараг бүх нас зарцуулагдана. Та энэ хоббитойгоо анх хэзээ яаж учирсан юм бэ? 
 -Энэ цуглуулганы эх үүсвэр аав, ээжээс минь улбаатай. Манай аав, ээжийн удамд нутаг усандаа нэртэй сайн лам байсан. Бас түүхийн ээдрээтэй зурвас үе тохиогоод шашны эд зүйлсээ хөдөө агууд аваачиж тавьдаг үе байлаа шүү дээ. 1971 он юм. Манай аав  шуудан түгээгч хийдэг байсан. Манай агууд тавьсан зүйлийг таньж мэдэхгүй хүмүүс ухаж байна гэсэн хэл ирсэн. Манайх Завханы Их Уулын айл шүү дээ. Идэрийн голын хөвөөгөөр нутаглаж байлаа. Аав маань хүнээс тэр хэлийг аваад сандарч, ирэхдээ богцондоо шашны баахан даавуун эдлэл, жижиг Жанрайсаг бурханыг авч ирж байсан нь санаанаас гардаггүй юм. Би аавыгаа дагаж Идэрийн гол дээр очоод сойздож угааж байсан. Энэ бол миний цуглуулганы эх. Үүнээс хойш надад бурханы шашинтай холбоотой олон эд зүйлс нэмэгдсэн.  Би тооны хичээлээ ерөсөө ойлгодоггүй хүүхэд байлаа. Хуучны домог түүх, орос хэл, нийгмийн ухааны хичээлдээ болохоор 100 хувь онц. Яагаад ч юм тооны хичээлдээ мэрийгээд ч ойлгохгүй. Найзуудаасаа л хуулж аргалж байлаа.(инээв) Тэгсэн мөртлөө наймдугаар ангидаа Богдын сургаалийг хуулж бичиж байгаад багшдаа баригдаад сургуулиас хөөгдөхдөө хүрч байсан. Дараа нь Орос хэлний дээд сургуульд оюутан болж ирлээ. Ээж, аав маань хойноос ганц нэг шүр сувд явуулна. Тэрийг нь цэцэрлэгийн  эрхлэгч авгай нарт хэдэн төгрөгөөр зарчихна. Амиа борлуулаад байна. Тэгж яваад дээдсийнхээ сүсэг бишрэлээр л энэ рүү орсон хүн шүү дээ. Одоо жишээ нь, энд байгаа тэр 1900 оны үедийн шоголыг бидний залуу үед хэн ч тоохгүй байсан.  Хар захын хогон дээр л байж байдаг байлаа. Тэр үед тоохгүй байсан зүйл одоо ямар үнэ цэнтэй, ховор нандин  харагдаж байна. Тэр үед энэ шогол энэ тэр чинь захын хойгуур л  байдаг. Тухайн үед надад тэр бүхнийг зарж байсан өвгөчүүл “Чи бас золигийн хүүхэд шүү. Бид нараас хямдхан авсан даа” гэх мөртөө, энэ бүхнийг хараад баясалтай байгаа нь мэдрэгддэг юм. 

-Танд олон арван жилийн настай могойн арьс байдаг гэж сонссон. Хэрвээ та ярих дургүй байвал орхиж болно. Гэхдээ би сэтгүүлч хүн болохоор хармаар, барьж үзмээр санагдаад ерөөсөө болохгүй байна ?
-Та яаж мэдсэн юм. 

-Жишээ нь, таны ард байгаа гавлын ясаар хийсэн аяганд юу хийдэг юм бэ. Энэ их үнэтэй байх даа?
-Урт цагаанаар байгаа цуглуулагч нар миний багш нар. Эдгээр хүмүүс бол түүх соёлын зүйлийг өөд нь татаж байгаа хүмүүс. Хэрвээ эд нар байхгүй байсан бол монголын түүх хятадынх л болно биз дээ. Би энэ гавлын ясан аягануудыг саяхан авсан. Яг энэ цамын багны тахил тавихад таван эрдэнийн гавал ордог. Цуглуулагч хүнд тухайн зүйлийг хэдийгээр өөрөө мэдэхгүй ч гэлээ сүүлд хэрэг болох болов уу гэсэн мэдрэмж байдаг юм шиг байна лээ.  

-Танд байгаа могойн арьс хэдий үеийн эд вэ?
-Хойч үеийн Монголчуудад хэрэгтэй гэдгийг VIII Богд маань мэдэж тэр могойн арьсыг авсан юм шиг байгаа юм. Дараа нь 1926 онд зах дээр зарагдсан гэсэн.

-Богдын эд зүйлсийг зарж борлуулсан гэдэг байх аа, нээрээ?
-Тэгсэн юм байна лээ. (Ороолттой том гэгчийн арьс гаргаж ирлээ. Тэгсэн атлаа гараар элдсэн. Могойн арьс гэж хумсны толион чинээ том том хайрсуудтай, үнэхээр сонин эд байнаа  )

-Энэ хэдэн метр юм бэ?
-Найман  метр урттай. Үхрийн арьс шиг зузаан. Яг монгол аргаар элдсэн. Үүнийг би Надпүрэв гэдэг хөгшнөөс авсан юм. Их уран сэтгэмжтэй өвгөн. 

-Ямар могой юм бол оо?
-Би амьтан судлаач биш болохоор үүнийг сайн хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Монгол оронд байгаагүй миний үзэж харж байгаагүй могойн арьс . Үүнийг урьд нь авсан байсан тэр хүмүүс бас үр хүүхэддээ үзүүрээс нь жаахан жаахнаар хайчилж өгч байсан юм шиг байгаа юм. Би бол ямар ч байсан үүнийг хайчлуулахгүй. Бүр амьд могой шиг чихмэл болгоно. Ямар ч байсан могой жилийн босгон дээр монголчуудынхаа буян заяаг лам багшаараа дуудуулж, могойн арьсаар амны хишгийг нь тогтоох их буяныг нь дуудуулна. Тэгж л би хадгалж ирсэн юм. 

-Мэдээж асар их үнээр авна биз дээ ?
-Тэгэлгүй яахав. Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхнө гэдэг шиг нэлээд сайн хөөргөө зарж байж л авсан. 

-Та их сонин хүн юм. VIII Богдын эд гэхээр сонин, сайхан ч юм даа.
-1925 оны түүхийн баримт байдаг. VIII Богдын эд зүйлсийг худалдсан тухай. 

-Ор тас алга болсон түүхийн зүйлийнх нь талаар та сонсч байв уу?
-Би өөрийхөө хэмжээнд л сонирхсон. Тэр бүгдийг хөөнө гэдэг цаг хугацаа орсон эд шүү дээ.  

-Жижгэвтэр могойн арьсаар хэнгэрэг хийдэг биз дээ. Эсвэл гүзээгээр хийдэг юм уу?
-Цамын багт маань бүхэл бүтэн шашны оркестр оролцоно. Хэнгэрэг гэхэд дөрөв, цан, дудрам хоёр, бүрээ дөрөв, ганлин дөрөв орно. 

-Ганлин гэдэг чинь 18 настай охины чөмөгний ясаар хийдэг мөн үү?
-Тэр болохоор Лүүжин тавихад хэрэглэдэг эд. Энэ бол матар толгойтой бүрээний нэг хэлбэр. Бүхэл бүэн шашны найрал хөгжим оролцоно. Азийн шашныхан яг ёсоор нь тавьж байсан. Гэхдээ тэр үед судлаач нар бага байсан. Хэдэн онд хичнээн хөгжимтэй байсан гэдгээ бид өөрсдөө ч сайн мэдэхгүй явж ирсэн. Барууныхан ялангуяа Владмирцов хэлсэн байдаг. Цамын их найрал хөгжмийг сонсч байхад миний амьдралдаа сонсч байсан хамгийн сайхан хөгжим тэр байлаа. Би хэзээ мартахгүй гэж бичсэн байдаг.

-Танд байгаа эдгээр номнуудаас хамгийн урт настай нь ямар ном байна вэ?
-Хамгийн урт настай нь бүр манжийн үед зохиогдсон ном байна. Би наснаас илүү адис жанлагыг нь боддог. Хамгийн хүндтэй ном гэвэл найман тахилгатай миний өссөн газрын буурал лам нар уншиж, бясалгаж байсан монголчуудын алтан судар гэдэг боронзон Жадамба судар бий. (Тэр байна....заав)

-Энэ олон жил өнгөө алдаагүйг бодоход алтаар бичсэн байх магадлалтай биш үү ?
-Магадгүй. 

-Өмнөд хөршийнхөн гэхэд манай хуучны эд зүйлсийг их худалдаж авдаг. Үүнд настайчууд маань нэлээд санаа зовдог. Залуу хүүхдүүд юмаа мэдэхгүй байна, тахилын ширээ, шогол, хүрд гээд бүх юмнуудыг мэдэхгүй зараад байна. Үүнийг гаднынхан худалдаж аваад байна гэж хэлдэг. Гэтэл танд гэхэд бүхэл бүтэн том хэсэг байна. Та цуглуулагаа яаж хамгаалдаг вэ?
-Цуглуулгаа хамгаалахын тулд дохиолол хамгаалалтын “Шар шувуу” албатай хамтарч ажилладаг. 

-Их цам бол бурханы найрал хөгжим юм гэж та их гоё тодорхойллоо. Шашны оркестр тоглох юм гэж. Та хөгжмийн зөвлөх авах уу. Эсвэл хөгжмийн өөрийн гэсэн онолтой байдаг юм уу?
-Хөгжмийн найруулга дээр насаараа Дуу бүжгийн эрдмийн чуулгын удирдаачаар ажиллаж байсан, морин хуурч 80 настай Н.Батбаяр гэдэг буурал оролцож байгаа. Миний хамгийн их хүндэтгэж явдаг хүн болох нэвтрүүлэгч СГЗ Батбаяр гуай хөтлөнө. 

-Та өөрөө С.Батбаяр. Сонирхолтой юм байна. Энэ тохиолдол уу, эсвэл та өөрөө ингэж сонгов уу?
-Эдгээр хүмүүс манай хийдээр үйлчлүүлдэг юм. Нэр нэгтийн чих нэг гэдэг. Амидаа гэж бие биенээ дууддаг. Би ч гэсэн өөрийн ижил нэртэй хүмүүсийг энэ буян номын ажилдаа татаж оролцуулах гэж  хандсан. Төр засаг энэ хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх байх. Цамынхаа багийг морин хуурын чуулгаар нээлгэнэ. Хуурын аялгуугаар нээлгэнэ гэхээр сэтгэл огшиж байгаа биз. Хийж байгаа ажлынхаа талаар ярихад бүх зүйл номын дагуу болно. 108 цамын дундуур дуучин Ц.Намсрайноров Дилав худагтыг магтан дуулсан дуугаа дуулна. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ гуай оролцоно. Бурхан шашны дуугаар дуучид маань ирж мялаана. Д.Сарангуа бурханы дуугаа дуулна. Хэн шашны төлөө байна тэр бүгд оролцож байгаа. Монголчуудынхаа төлөө 20 жил лам багшийгаа дагасны хөдөлмөрөөр монголчуудынхаа сэтгэлийг ариусганаа. 

-1937 оноос хойш тавигдаагүй гэсэн. Монголчууд маань тал бүрээс ирэх байх. Та зараа яаж түгээж байна ?
-Би нэг их хүмүүсийг ирээч гэж уриалахгүй байгаа. Яагаад гэвэл бидний хийж байгаа ажил үнэн. Үнэн учраас хүнд хүрэх учиртай. 

-Одоо хүн төрөлхтөн ногоон дэлхийгээ хайрлах сэтгэл дээр нэгдэж байна. Та гэхэд экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа энэ үед эх дэлхийгээ аргадах эко дуудлага гэж Их цамын ёслолоо үзэж байх жишээтэй?
-Хүмүүст нэг юмыг тэр дор нь ойлгуулахгүй шүү дээ. Бага багаар эхлэнэ. Ер нь мэдээллийг түгээх нь хэвлэлийнхний үүрэг болохоор миний хийж байгаа ажлыг хараад мэдээлэх болов уу гэж бодож байна. Заавал гэсэн зүйл алга. Нийгэм өөрөө хөдөлгөгч хүч. Аливаа мэдээллийн хэрэгсэл бол хүнд хэрэгтэй зүйлийг мэдээлхэд оршдог. Тиймээс дэлхий нийтэд сурталчлаасай гэж боддог юм. Цамын  гол санаа нь энх тайвны завь, энх тайвны гүүр юм. Алт бол дэлхийн багана. Дээр үед эмэгтэй хүн гурван цэнгээс илүү алт зүүх ёсгүй гэдэг байлаа. Нефть ч ялгаагүй. Тэрийг нь аваад л. Алтыг нь, нүүрсийг нь, ураныг аваад л. Энэ дэлхий чинь хүний улаан цагаан эд эс гэдэг шиг ч бүтэцтэй юм билүү. Яаж мэдэх юм. Явж явж бидний цамын ойлголт үүнтэй нэгдэх байх гэж бодож байна. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав