Хувцас загварыг дийлэнх хүмүүс загварын шоу төдийгөөр ойлгох нь бий. Харин миний энэ удаагийн зочин загвар зохион бүтээгч О.Булган өөр бодолтой. Түүний бодол, сэтгэхүй, ажлын арга барил нь хүртэл хувцас загварыг бусад урлагийн бусад бүтээлийн адил уран бүтээл гэж тодорхойлдог болох нь илт. 

Ингээд уншигч таныг “Гэм зэм”, “Опал”, “1984” зэрэг жүжгийн хувцасны зураач, “Fashuned Consulting Agency”-ийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч О.Булгантай уулзуулж байна. Ярилцлагын талбарт тавтай морил.

-БИ ХАЙРАН ДУНД ӨССӨН ГЭДГЭЭ САЙН МЭДНЭ-

-Хүн бүр аливаа ажил мэргэжлийг сонгохын өмнө тухайн мэргэжлийнхээ талаар ултай эргэцүүлдэг болов уу гэж санадаг. Таны хувьд хувцас загвар зохион бүтээгчийн ажлыг хэрхэн сонгож, энэ чиглэлээр тууштай бүтээл хийх болсон бэ? 

-Би багаасаа хувцас хийх дуртай, хувцасны загварт, шинэлэг өнгө төрхөд ихээхэн сонирхолтой хүүхэд байсан. Барбинууддаа элдэв даавуу, материалын өөдсөөр хувцас урладаг, өөртөө ч янз бүрийн хувцас хийж өмсөнө. Гэх мэтчилэн багаасаа л одоо хийж буй ажилдаа тэмүүлэх, дурлахын совинг дотроо оршоосон шиг санагддаг. Үүнээс гадна зурах маш их дуртай байсан. Хичээл дээрээ монгол хэлний дэвтрийнхээ арын хуудас дээр янз бүрийн эмэгтэй хүн, хувцасны “скиз” зурчихсан суудаг байлаа л даа. Ангийн багш хүртэл харчихаад “Чи дизайнер болох нь дээ” гэж өхөөрдөнө. Гэрийнхэн маань багаасаа дизайнер болох хүсэл тээж явааг минь ойлгодог, мөрөөдлийг минь хүндэлдэг байсан. 

Тийм ч учраас “Хүүхдийн урлан бүтээх төв”, “Монголын Хүүхдийн ордон” зэрэг байгууллагуудад яг дизайнерийн чиглэлийн сургалтанд явуулж, багаас минь бэлтгэсэн. Тэгээд дөрөвдүгээр ангид сурдаг жил тухайн үеийн монголын шилдэг дизайнеруудын нэг болох Мөнхдэлгэр багш дээр ээж минь дагуулж очсон. Тэр хүн надад олон зүйлийг зааж сургасан даа. 

-Би хэзээ ч загварын ертөнцөөс урвахгүй. Үүгээрээ амьдралынхаа түүхийг бүтээнэ гэж бодсон тэр үе хэзээнээс эхлэлтэй вэ? 

-Би арван жилдээ ШУТИС-ийн дизайны лицей сургуулийг төгссөн. Хар зураг, уран зураг түлхүү зурдаг байсан л даа. Сургуулиа төгссөний дараа Хятад руу эдийн засгийн чиглэлээр суралцахаар явсан. Тухайн мэргэжлээр бүтэн жилийн хугацаанд суралцах явцдаа энэ бол миний хийж чадах, сонирхох, хүсэл тэмүүллээ зориулах чиглэл, ажил мэргэжил биш гэдгийг ойлгосон. Яг тэрхүү ухаарлынхаа хойно л ахин эргэлт буцалтгүй дизайнер гэдэг мэргэжлийг сонгох шалтгаан руу аажим аажмаар дөхөж эхэлсэн. 

Монголд ирснийхээ дараа багын нэг хүсэл буюу дуучин болох мөрөөдлөө биелүүлмээр санагдсан. Гэтэл арван жилийн найзууд маань хэдийн зураачид болчихсон “Чи дүрслэх урлагийн сургуульд орчих л доо. Бүгдээрээ хамт суралцъя” гэж ятгасан нь ч надад нөлөөлсөн байх. Тэгээд СУИС-ийн дуулаачийн ангийг бус Дүрслэх урлагийн сургуулийн “Зураач, хувцас дизайнер”-ийн ангийг сонгосон. 

-Багаасаа их сайн зурдаг байсан гэсэн шүү дээ. Яагаад уран зургийн ч юм уу, дүрслэх урлагийн өөр төрөл зүйлийг сонгоогүй юм бол? 

-Анх өөр төрөл зүйл рүү татагдах мэдрэмж төр байсан л даа. 

-Тэр мэдрэмжээ хөсөр хаячихсан хэрэг үү? 

-Яагаад ч юм хувцасны загвар зохион бүтээх дуртай байсантай минь холбоотой байх. Хүнд ямар нэгэн байгалиас заяасан өгөгдөл байдаг шүү дээ. Минийх тэрхүү өгөгдөл нь уран зураг ч юм уу хар зураг бус зөвхөн хувцасны загвар зохион бүтээхтэй илүү холбоотой байсан болов уу. Тэгээд ч скиз зурах, зохион бүтээх зэрэгт түлхүү дурладаг учраас эл мэргэжлийг онцолсон биз. Ямар нэгэн шинэ зүйлийг бүтээж бий болгох л бүтээлч мэдрэмж л хамгийн амттай байдаг. 

-Уг сонголт алдсан байж болох талтай юу? 

-Одоо ч эргэлзэхгүй байна. Оносон гэж боддог. 

-Загвар зохион бүтээгч гэхээр хүмүүс түлхүү оёдолчин, эсгүүрчин ч юм уу нарийн мэргэжилтэй холбож ойлгодог шүү дээ. Гэтэл энд эрс тэрс ялгаа ажиглагддаг. Та тэрхүү ялгааг хэрхэн хардаг вэ. Ер нь ялгаа бий юу? 

-Ялгаа нь гэвэл хувцасны загвар зохион бүтээгч бол цэвэр уран бүтээлч. Учир нь тухайн хүн бодож, сэтгэж, төсөөлж, боловсруулах зэрэг уран бүтээлчид төрдөг мэдрэмжийг амсаж байж тухайн хувцсыг бүтээдэг. Аливаа хувцсыг мэдээж хүмүүс өмсөөд л явж байгаа нь дийлэнх хүмүүст нэг их ойшоогоод байх зүйл биш боловч тэдгээрийг бүтээх процесс нь, бүтээж буй зохион бүтээгчийнх нь үйл ажиллагаа бусад уран бүтээлчийнхээс ялгаагүй. 

Мэдээж оёдолчин, эсгүүрчин зэрэг чиний хэлсэн шиг технологич гээд мэргэжлийн нэршил хүртэл бий. Тусгай сургалтад суугаад сурч, эзэмшиж ч болно. Тэднийг бэлтгэж болно. Харин зохион бүтээнэ гэдэг бол өөр. 

-Тэгвэл уран бүтээлчийн хувьд хамгийн гол онцлог нь юу вэ? 

-Сэтгэх гэж хэлмээр байна. 

-Урласан хувцсыг чинь хэн нэгэн өмсөж явааг харахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Тухайн хүнд зохиж байна уу, би гоё хувцас хийж үү гэх бодол бараг төрдөггүй. Харин тухайн хүнд миний хийсэн хувцас ямар мэдрэмж төрүүлж байна вэ гэж боддог. Тухайн хүн хийсэн хувцсыг минь өмсөөд өөрт нь ямар мэдрэмж төрж байгаа бол гэдэг л хамгийн чухал. 

-Өөрт чинь хамгийн анх “Би сайхан юм урлачихлаа шүү дээ” гэх сэтгэгдэл төрүүлсэн бүтээл ямар хувцас байсан бэ? 

-Би яг магистрын дипломын ажлаа хийж дууссаныхаа дараа хамгийн анх тийм мэдрэмжийг хүртсэн. Тус ажил маань ноолууран хувцасны коллекц ажил байсан. Бүтээгдэхүүн болон зураг скиз, захиалгаа өгөөд тухайн ажлаа Италийн Милан хотод үйлдвэрт өгсөн. Дараа нь  миний араас хувцаснууд маань бэлэн болчихоод ирсэн. Анх харж зогсохдоо “Миний загварууд байна шүү дээ, би үүнийг хийчихлээ шүү дээ” гэж дотроо дуун алдсан. 

-Аливаа нэг бүтээл гараасаа гаргасны хойно нам гүм, амар амгалан мэдрэмжийг хэсэгтээ өөртөө оршоодог уу, шуудхан дараагийн бүтээлийн ажилдаа ханцуй шамлан ордог уу? 

-Өөртөө амсхийх чөлөө олгодог. Яагаад гэвэл тухайн нэг хувцсыг хийхийн тулд маш их бодно, судалгаа хийнэ, материалуудаа эрж хайна гээд цуг хугацаа маш их ордог учраас бүтээлээ хийснийхээ дараа хэсэгтээ тайвширдаг. Багадаа гурван сарын хугацааг зарцуулна. Түүнийхээ хойно бэлэн болсон хувцсаа харахад ямар нэгэн зүйлийг өлгийдөн авч байгаа юм шиг догдлуун хэрнээ тайван мэдрэмж төрдөг. 

-Таны хийсэн хувцаснууд ямар зан чанартай вэ? 

-Хүншүүлж бодвол гэсэн үг үү? 

-Тийм ээ...

-Миний хийсэн хувцаснууд амьтай байсан бол тухайн өмсөх эзнээ л илүүтэй илэрхийлж, өмнөөс ярьж чаддаг зан чанартай байхсан болов уу. Заримдаа илүү догшин авиртай байх боломжтой. Учир нь миний хувцаснууд хүйтэн өнгө давамгайлдаг. Мэдээж дотор дулаан өнгө ч бий. Аль алийг ер нь тэнцвэржүүлдэг. 

-Догшин зан чанартай байж магадгүй гэлээ шүү дээ. Та өөрөө их дөлгөөн, тайван хүн шиг санагддаг л даа. Тэгэхээр уран бүтээл заавал бүтээсэн хүн шигээ байх албагүй гэдэг үгийн баталгаа ч юм шиг...

-Хүн болгоны дотор яг тухайн хүн өөрөө л мэдэрдэг, ойлгодог, сонсдог оршихуй байдаг гэж боддог. Тиймээс урласан хувцаснууд маань надаас эрс өөр, дотоодод минь байдаг хүний ааш авирыг илүүтэй илтгэдэг байх. Тэр нь догшин ширүүн, дайчин эрэмгий байдлын аль нь ч байж болох шүү дээ. Ер нь бол миний хийсэн хувцаснуудыг өмнө чинь яриа өгөөд сууж байгаа Булган биш одоо яриад буй доторх хүн маань зохион бүтээж байгаа гэсэн үг. 

-Та тэгвэл хэн бэ?

-Би доторх хүнийхээ дуу хоолойг сонсож чаддаг. Дуу хоолойг бүтээлдээ шингээж дамжуулж гаргадаг, тийм л хүн. 

-Өнгөний сонголдоо хэрхэн хийдэг вэ? 

-Дулаан доторх хүйтэн өнгө, хүйтэн доторх дулаан өнгийг харж, мэдэрч, ойлгохыг хичээдэг. Тэгж байж л өнгөө сонгоно доо. 

-Гадаадын загвар зохион бүтээгчдээс даган дуурайхыг хүсдэг хүн бий юу? 

-Александр Маккуинд хайртай. Тэр хүний сэтгэлгээ нь маш өвөрмөц. Хувцсыг хүний хэрэглээнээс илүүтэй урлаг болгож харагдуулдаг нь надад их таалагддаг.

-Томоохон загвар зохион бүтээгчид хувцасны зургаа гаргаж өгөөд л сууж байдаг шүү дээ. Түүнийг оёж, урладаг тусдаа баг ажилладаг. Гэтэл нөгөө талдаа загвар зохион бүтээгч хүн оёх, эсгэх бүх зүйлээ өөрөө гардаг хийдэг нь ч бий. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ? 

-Ер нь бол миний хувьд чаддаг хүнд нь ажлыг нь даатгаж өгөөд илүү шинэ бүтээл хийх, бодож сэтгэх ажилдаа цаг зарцуулахыг хичээдэг. Мэдээж оёж, эсгэх гээд загвар зохион бүтээгч хүнд байж болох бүгдийг мэддэг, чаддаг байх нь зүй ёсных. Гэхдээ илүү нарийн мэргэжлээр ч юм уу зөвхөн оёдол, аль эсвэл эсгүүрчнээр мэргэшсэн хүнд тухайн ажлыг нь даатгаж өгөөд бүтээлийнхээ шинэлэг байдал, давуу тал, онцлогт илүү анхаарал хандуулж ажиллах нь загвар зохион бүтээгч хүний хувьд зөв зүйл гэж санадаг. 

-Та ямар, ямар дотоодын томоохон хувцас загварын шоунуудад оролцож байсан бэ? 

-Би хамтарсан тийм загварын шоунуудад оролцож байгаагүй. Надад хэн нэгэнтэй өрсөлдөнө гэдэг хэзээд уйтгартай санагддаг. Би өөртэйгөө л тулж ажиллах ёстой. Хэн ч намайг шүүхгүй, би өөрийгөө л шүүнэ. 

-Та багадаа ямар хүүхэд байсан бэ? 

-Би бага насныхаа тухай нэг их санадаггүй. Харин нэг зүйлийг л сайн мэднэ. Би маш их хайран дунд өссөн хүн. 

-ЁСТОЙ Л “ТЭНЭГ ЗОРИГ”- ТОЙ БАЙСАН БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ-

-Яг одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ? 

-Саяхан би Орфей театрын “1984” постдрамын жүжгийн хувцасны зураачаар ажилласан. Одоогоор өөртөө амралт өгчихсөн, дараагийн ажлуудаа төлөвлөөд л сууж байна. Мөн сургалт явуулж байгаа. 

Үүний хажуугаар үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байна даа.

-Загварын шоу гэж ихэвчлэн ярьдаг шүү дээ. Харин үзэсгэлэн гэхээр сонирхолтой санагдлаа. Бусдаас ялгарах онцлог юу вэ? 

-Манайх чинь хувцас урлал болоод бүтээгдэхүүний томоохон уламжлал, өв соёлтой ард түмэн шүү дээ. Түүнээс бас нэгэн өвөрмөц онцлог шингэсэн нь эсгий урлал байдаг. Тиймээс эсгийг орчин үеийн загварын чиг хандлагатай хослуулсан бүтээл туурвиж байгаа. Үүгээрээ үзэсгэлэн гаргаж толилуулах юм. 

-Үзэсгэлэнгээ яг хэзээ толилуулахаар бэлтгэж байгаа бол? 

-Удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг цахимаар хүмүүст хүргэнэ. Тиймээс одоохондоо энэ талаар нууц хэвээр үлдээе. 

-Та “1984” постдрамын жүжгийн хувцасны зураачаар ажилласан гэлээ шүү дээ. Энэ тухайд хоёулаа эхнээс нь яръя. Жишээ нь та мөн “Орфей” театрын “Гэм зэм” жүжиг дээр ажиллаж театрын хувцасны зураачийн гараагаа эхлүүлсэн байх аа...

-Тэгэлгүй яахав. 

-Тус жүжгийн дүрүүдийн хувцсыг харахад нэлээдгүй ажиллагаа орсон нь илт байсан л даа. Анх ер нь энэ жүжигт хэрхэн ажиллах болсон бэ. Театрын зураачаар ажиллах бодол өмнө нь тээж явсан уу? 

-Өмнө нь ерөөсөө тийм бодол төрж байгаагүй. Нэг өдөр найруулагч М.Батболд утасдаад “Гэм зэм” жүжигт хувцасны зураачаар ажиллах санал тавьсан. Энэ жүжигт ажилласнаараа би театр болоод театрын урлагтай анхлан танилцсан гэж хэлж болно. Өмнө мэдээж театр орж жүжиг үздэг байсан хэдий тухайн жүжгийн бүтээхэд хэрхдэг болоод театр өөрөө ямар зүйл байдаг вэ гэдгийг илүү тодорхой судалж танихаас гадна тухайн театрын нэг хэсэг болно гэдэг өөрөө маш их хариуцлагатай үйл болохыг ойлгосон л доо. 

Тухайн үед надад туршлага байгаагүй. Өмнө нэг кинон дээр ажилласнаас бусдаар бол илүүтэй “fashion” тал руугаа бүтээл хийдэг байсан. Тэгээд л яг бүх судалгаагаа хийгээд ном журмын дагуу ажлаа гүйцэтгэсэн ч гэсэн “Гэм зэм” жүжгийн хувцас миний хувьд төдийлөн хангалттай болоогүй санагддаг. Би тухайн үед ёстой л “Тэнэг зоригтой” байсан байгаа байхгүй юу. Өөрөө өөртөө хангалттай санагдаагүй ч гэсэн анхны ажил гэхэд үнэхээр чамлалтгүй шүү. 

-Хангалттай байгаагүйн шалтгаан нь юу байсан бэ? 

-Зохиолын дүрүүдтэй илүү ойр ажиллах ёстой байж дээ гэж бодсон. Учир нь тайзан дээр тоглож буй жүжигчид болоод найруулагчтай бус зохиолтой, Достоевскийтэй илүү тулж ажиллах ёстой байсан байх. 

-Мэдээж томоохон төсөл рүү зориглоод орсон байна шүү дээ. Ажлын явцад бууж өгөх мэдрэмж танд төрсөн үү?

-Шантарсан үе байгаагүй, надад их сонирхолтой байсан. Гол нь жүжгийн төсөл эхлээд тайзан дээр тавих хүртэлх процесс нь хүн нэг бүрээс маш хөдөлмөр, эрч хүчийг шаарддаг. Цаг наргүй ажиллаж байж тухайн бүтээлийг “бүтээл” болгож амилуулна, үзэгчдэд хүргэнэ. Тэгээд нойргүй олон хоносноос болоод миний нүүр унжчихсан байхгүй юу. Үүнээс болоод эмчилгээ хийлгэж байсан чинь найруулагч залгаад “Театрт жүжиг явж байхад чиний өвдөх сонин биш ээ. Ирж ажлаа хийх хэрэгтэй байна. Энэ том бүтээлийн ард гарах ёстой” гэхэд нь уйлж байсан. Яахав, тухайн үеийн л мэдрэмж л дээ. Өөр хэцүү зүйл бол байгаагүй, надад тун их сонирхолтой, огт өөр ур чадвар шаардсан ажил байсан. 

-“Гэм зэм”-ийн дүрүүдийн хувцаснаас нэгийг л онцгойлон нэрлэ гэвэл аль нь вэ? 

-Свидригайловын дүр.

-Зөвхөн дүр нь таалагддаг учраас уу? 

-Үгүй. Тухайн дүрд зориулан урласан хувцас маань өөрт их таалагдаж байсан л даа. Мөн шүүгч Алена Ивановнагийн хувцас бас их гоё. Яагаад гэвэл би илүүтэй орчин үеийн ч гэх юм уу хослол хийх их дуртай. Тиймээс тус дүрийн хувцас дээр өөрийн арга барилаа илүү нарийн шигтгэж өгсөн учраас дуртай байдаг гэх үү дээ. 

-Дийлэнх хүмүүс, жишээ надад бол энгийн л хослол шиг сэтгэгдэл төрүүлэх нь мэдээж. Загварын нарийн мэдрэмжгүй учраас гэх юм уу. Тэгвэл таны хувьд тухайн дүрийн өмссөн хослол өөрийн ямар арга барил, ажиллагааг онцгойлон шингээж өгсөн юм бол?

-Постдрам гэдэг өөрөө олон янзын тавилттай, элементтэй, хэлэмжтэй шүү дээ. Тэгээд илүү өргөн цар хүрээнд сэтгэх боломжийг олгодог. Тиймээс уг хослолын маань загвар өөрөө тухайн жүжгийн зохиол өрнөх цаг үеийг болоод жүжиг тавигдаж буй бидний одоо цаг үеийг нэгтгэсэн хэлэмж, загвартай гэсэн үг. Үүгээрээ ялгаатай. 

-Та өмнө нь киноны хувцас дээр ажилласан гэсэн шүү дээ. Тэгвэл театрын хувцас бүтээх нь юугаараа ялгаатай байв? 

-Нэг их ялгаа ажиглагдаагүй. Нэг дэлгэцээс, нөгөө нь тайзнаас хүмүүст хүртэгдэж байгаа. Гол нь аливаа нэг зүйлийг хулхидаж, аргацаасан байдлаар болгочихоё гэж ханддаг шүү дээ. Тийм зүйл байж болохгүй, маш их хариуцлагатай ажил гэдгийг л аль алинаас нь сайтар ойлгож авсан. 

-Хувцас зохион бүтээсэн энэ үеүдэд өөрийг хулхидаж юм хийх тохиол гарч байсан уу? 

-Анхнаасаа л энэ мэргэжилдээ дуртай, хайртай байсан. Тийм зүйл гарч байгаагүй. 

-Аливаа нэг бүтээлээс дараагийн бүтээл рүү шилжих хугацаанд юу мэдэрдэг вэ. Нэг хувцас гараас гарчихаад дараагийн шинэ хувцас зохиох үйл хүртэлх дундын хугацаанд уран бүтээлч чанараа хэрхэн авч үлддэг вэ? 

-Маш их бодож, бясалгадаг. Ямар нэгэн бүтээл, аливаа юмс өөрийн гэсэн сүнстэй гэдэгт би итгэдэг. Тэрхүү сүнсийг мэдэрч барьж авна гэдэг нь асар сайн бодож, тунгаахын нэр байх. Тэгэхийн тулд өөрөө өөртэйгөө сайн ярилцдаг. 

-“Гэм зэм”-ээс дараа Америкийн сонгодог жүжиг “Опал” дээр ажилласан. Мэдээж улс үндэстний ялгаа, хувцас хэрэглэлийн онцлогууд өөр өөр. Тиймээс дараагийн бүтээл дээрээ юунд түлхүү анхаарлаа хандуулсан бэ? 

-“Гэм зэм”, “Опал” хоёрын хувцасны хоорондын ялгаа, онцлог нь жүжгийнхээ агуулгад байсан. “Опал” бол илүү гэгээлэг жүжиг учраас тод өнгийг хувцасны зураачаас нэхсэн. Гэтэл “1984” жүжиг болохоор илүү цэхэр, бууралттай хурц өнгийг хүсдэг. Тэгэхээр өнгөний ялгаанууд жүжгийн зохиолын агуулгаас шалтгаалж өөр, өөр онцлогтой байгаа нь ажиглагдсан. Тэгэхээр “Опал”-ын хайрыг илүү тод өнгөөр гэрэлтүүлнэ шүү дээ. 

-Тэгвэл хамгийн сүүлд ажилласан “1984” постдрамын жүжгийн талаар яривал...

-Өөртөө хамгийн сэтгэл хангалуун ажилласан жүжиг маань энэ. Уран зөгнөлт зохиол, дээр нь дүрүүдийн өвөрмөц зан чанар, сэтгэл зүйн олон талт байдал, улс орны хүмүүсийн харилцааг илтгэх тал дээр чухалчилж ажилласан. 

-Танай гэр бүлийнхэнд хувцас загвар зохион бүтээгч мэргэжилтэй, энэ салбарт ойр хүмүүс бий юу?

-Байхгүй. Манайхан цэргийн болон эдийн засгийн мэргэжилтэй улсууд байдаг. 

-Ээжээсээ яг юуг нь, ямар занг нь өвлөж авсан бэ? 

-Манай ээж их ганган, маш өндөр мэдрэмжтэй хүн байдаг. Тэгэхээр би ээжээсээ өөрт заяагдсан авьяас, мэдрэмжийг өвлөж авсан. 

-Мэдрэмж гэж яг юуг хэлээд байна вэ? 

-Наадах чинь их хэцүү асуулт байна шүү. Яг хувь хүн аливаа зүйлийг биеийн хувьд бус оюун сэтгэхүйгээр хүртэж байгаа тэрхүү хүртэхүйг хэлэх байх.

-Уран бүтээлч хүмүүс яг нэг агшин зуурын мэдрэмж, сэрэхүйн талаар их ярьдаг шүү дээ. Зарим нь онгод ч гэдэг. Үүн шиг нэг шөнийн дотор олон хувцасны загвар гаргах тохиолдол байсан уу? 

-Байгаа, байгаа. Яг чиний хэлдэгээр агшин зуурын тийм сэрэхүй, мэдрэмж хүнд байдаг нь үнэхээр үнэн. Жишээ нь дотоод хүнтэйгээ ойлгоцсон тохиолдолд бүтээл цаанаасаа төрдөг, би зүгээр дамжуулагч төдий л байдаг. Түүнийг миний бодлоор бүтээлийн дуудлага гэх юм уу даа.

-Дамжуулагч төдий гэхээр та өөрийн авьяасандаа итгэдэггүй гэсэн үг үү?

-Итгэдэг. Тэрхүү бүтээлийн дуудлагыг ойлгож, мэдэрч чадаж байгаа нь миний авьяас. 

-ХҮНИЙ СЭТГЭЛГЭЭГ ЮУГААР Ч ОРЛУУЛШГҮЙ-

-Монголын урлагийн зах зээл хувцас загвар, дизайнерын бүтээлийг загварын шоунаас салгаж ойлгодог, илүү бүтээл гэж хардаг хувь байгууллага, тэр талаас нь дэмждэг төр засгийн бодлого бий юу?

-Яахав, мэдээж холбоонууд байдаг. Тэд бол өөр өөрсдийн замналаар урагшилж байгаа байгууллагууд. Үүн дээр Соёлын яам, Монголын Урлагийн зөвлөл зэрэг газрууд дэмжиж, хамтарч ажиллах нь бас байдаг. 

-Яг тодорхой дэмжлэг гэхээр зүйл байгаа юу? 

-Өөрт маань яг тийм дэмжлэг гэхээр зүйл бодитой байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна.

-Асуултаа жаахан тодруулъя л даа. Ер нь бол уран бүтээлч хүнийг төр засгаас нь дэмжих, томоохон төсөл үйл ажиллагааг нь дэмжих явдал аль ч салбарт, улсад бий шүү дээ. Энэ чиглэлийн үйл ажиллагаа Монголд дутуу юм шиг мэдрэгддэг үү, байгаасай гэж хүсдэг үү? 

-Тийм. Мэдээж байгаасай гэж хүснэ. Жишээ нь Италид “Paris Fashion Week”, “Milan Fashion Week” гээд томоохон загварын шоунууд болдог шүү дээ. Тийш нь 2017 оноос хойш монгол брэндүүдээ авч явах, оролцуулахад уг нь анхаардаг болсон. Гэхдээ хувь брэндүүд өөрсдөөсөө л мөнгөө гаргаж, монгол брэндээ дэлхийд таниулах, томоохон сэтгүүлүүдэд гаргаж сурталчлах зэрэг ажлыг хийдэг. Тиймээс төрөөс энэ чиглэлд бас илүү их анхаараасай гэж хүсдэг л дээ.

Ямар ч байсан төсөл боловсруулчихаад танилцуулаад гүйж байхад бодит дэмжлэг үзүүлэх явдал гарч байгаагүй. Гэтэл Соёлын яам буюу Ч.Номин сайд ямар ч дэмжлэг үзүүлээгүй атал өөрийн цахим хуудастаа “Milan Fashion Week”-д оролцсон тухайг маань өөрсдийн ажлын нэг хэсэг болгоод пост оруулсан байсан нь жаахан ёс зүйгүй санагдсан. Бид өөрсдийн хүчээр л тэр шоунд оролцож, дэлхийн томоохон сайт, хэвлэлүүдэд манай загваруудын тухай бичсэн нь гарч байсан юм л даа.

Энэ бол уг нь яг соёлын том хэсэг мөн. Гэтэл хувь компаниуд, дизайнерууд өөрсдөө л хөөцөлдөж байж хилийн чанадыг зорьдог, тэнд монгол уран бүтээлчдийнхээ хувцас загварыг танилцуулдаг.

-Манайд хувцасны соёл гэхээр дээл, малгай, монгол гутал гэх мэт үндэсний уламжлалт хувцас руугаа чиглэдэг шүү дээ. Энэ талаар ямар бодолтой байна? 

-Мэдээж үндэсний дээлээ хүндэтгэнэ, орчин үеийн загварт элементийг нь шингээхийг бодно. Гэхдээ монгол хүн л бүтээсэн бол европ цамц байна уу, ази өмд байна уу хамаагүй. Монгол хүний сэтгэлгээнээс гарсан загвар мөн л бол монгол. Гол нь уран бүтээлч хүний сэтгэлгээний онцлог л  нэн тэргүүнд чухалчлан авч үзэх зүйл мөн. 

-Дизайнерууд бэлгэдлийг илүү чухалчилдаг шиг бас санагддаг. Энэ нь олон улсын хэмжээнд бүтээл таниулахдаа илүү чухалчилдаг зүйл байж магадгүй. Жишээ нь хятадууд лууг ч юм уу, япон бол сакура цэцгээ ч юм уу. Манайд тийм бэлгэдэл болгон урлах онцгой зүйл юу вэ? 

-Өлзий, алган хээ гэх мэт хээнүүд бий, нөгөөтээгүүр өнгөнүүд ч байгаа. Манай орон бол асар баялаг өв уламжлал, бэлгэдлийн сэтгэлгээтэй ард түмэн шүү дээ. Гэхдээ миний хувьд олон улсын зах зээлд онцлог, бэлгэдлээ танилуулъя гэвэл материал ярих хэрэгтэй. Жишээ нь монгол эсгий, нэхий, ноолуур маань өөрсдөө брэнд болж чадахаар байхгүй юу. Эсгий гэхэд асар том бэлгэдэл. Эдгээр материалыг хэрхэн хөгжлүүлж, илэрхийлж гаргах вэ гэдэг их чухал санагддаг. 

-Хувцас загварыг бусад сонгодог зураг, сийлбэр гэх мэт урлагийн түвшинд хүртэл бусдад ойлгуулахын тулд уран бүтээлчдэд нь өөрсдөө юун дээр нэн түрүүнд анхаарах шаардлагатай вэ? 

-Уран бүтээлчид нь урлагийн түүх, төрөл зүйлүүдээ сайн мэддэг байгаасай гэж хүсдэг. Комтенпорари ч юм уу, романтизм, сюрреализм ч юм уу тэдгээрийн утгыг сайн ойлгодог, бусад төрөл зүйлүүдээ хооронд ялгаж чаддаг байх нь зүйтэй байх. Гол нь боловсролтой байх нь чухал. 

-Одоо “AI” хүчээ авч байна. Энэ цаг үед зураач, зарим бичгийн мэргэжил ч огт хэрэгсэхгүй болно гэх хандлага нийтийн дунд төрөөд байгаа. Үүн дээрх таны байр суурийг сонирхмоор байна...

-Өмнө нь энэ тухай урлаг судлаач найзуудтайгаа ярилцаж байсан. “AI гэдэг зүйл гараад ирлээ, бид бараг ажилгүй болж байгаа юм биш үү” гээд л... Дараа нь бодоход AI -ыг хүн зохион бүтээсэн шүү дээ. Тиймээс хувь хүний өөрийн сэтгэлгээ, оюун ухаан байгаа цагт юу ч орлож чадахгүй. Хүн сэтгэж л байгаа цагт түүнийг юугаар ч орлуулшгүй гэж бодсон. 

-Бүтээсэн хувцас бүр тань “бүтээл” байж чаддаг уу, зарим нь ахуйн шаардлагаас үүдсэн зүгээр “ажил” ч байдаг уу?

-Хийсэн хувцас бүхэн маань бүтээл гэж боддог. Учир нь би зүгээр нэг даашинз эсвэл цамц хийчихэе гэж боддоггүй л дээ. Эхлээд концепцоо тодорхойлж байж загвараа зохион бүтээдэг. Тэр бүхэндээ агуулга шингээхийг зорьдог. 

-Бүтээлд агуулгыг чухалчлах болсон нь хүмүүжлийн ямар нэгэн төлөвшилтэй их холбоотой байдаг болов уу гэж боддог л доо. Магад жишээ нь таны хэлдгээр өөртэй илүү их ярилцдаг байдал ч гэх юм уу... Тэдгээр би болохо нөлөөлсөн хүчин зүйлс юу вэ?

-Ганцаараа байсан цаг хугацаа. Би багаасаа л хилийн дээс алхаж гадаадын олон орнуудаар явж, бие даан амьдарсан. Тэдгээр цаг хугацаанд хүн өөрийгөө хүмүүжүүлэх шаардлагтай тулгарна. “Би төлөвшмөөр байна, зөв хүн баймаар байна” гэх мэтээр өөртэйгөө тэмцдэг байсан. Тэрхүү тэмцэл дундаас олж авсан зүйлс маань миний хийсэн бүтээлд шингэдэг байх. 

-Уран бүтээлчийн ганцаардлын талаар юу гэж боддог вэ?  

-Өөртэйгөө ярилцах, бодох хэрэгцээ хүнд байдаг. Ямар нэгэн зүйлийг бүтээж, гараасаа гаргаж байгаа л бол хүнд ганцаардах хэрэгцээ зайлшгүй бий. 

-Гадаадын олон орноор явсан гэсэн шүү. Загварын хувьд хамгийн гоц гойд сэтгэлдэл төрүүлсэн ямар орон бэ?

-Мэдээж Итали. Яалт ч үгүй загварын эх орон байсан. Мөн Франц. Эдгээр улсуудын загварын олон мянган жилийн түүх болоод хүмүүсийн соёл нь өөрийн эрхгүй онцгой мэдрэмж төрүүлсэн. 

-Манайд нэг хэсэг Хүннүгийн үеийн бунхнаас адидасын тэмдэгтэй адил гутал олдлоо гэж шуугисан. Ер нь эртний хаад ноёдын өмсгөл зүүлтээс харахад яалт ч үгүй загварын мэдрэмж өндөртэй хүмүүс байсан нь бас үзэгддэг. Өөрийн эх орны талаар ямар бодолтой байдаг вэ?

-Манай орон загварын хот байх бүрэн боломжтой. Өөрсдөө гайхаж бишрэм, судалж баршгүй баялаг түүхтэй. Нөгөөтээгүүр монголчууд их ганган, гоо зүйн мэдрэмжтэй ард түмэн шүү дээ.

-Танд баярлалаа, шинэ үзэсгэлэнгийн ажилд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Танай хамт олны ажилд мөн амжилт хүсье. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав