2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл, “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгө, Европын аваргын алт, Дэлхийн чансаа олгох цуврал тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл, Олон улсын Гранпри тэмцээний алт, “Парис -2024” паралимпаас алтан медаль хүртсэн монголын анхны эмэгтэй тамирчин, таеквондогийн ОУХМ, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжавтай уншигчдаа уулзуулж байна. Тамирчин хүний нэгэн том зорилго, хүсэл мөрөөдөл нь олимпийн тэнгэрт эх орныхоо далбааг хамгийн өндөрт мандуулах байдаг. Харин У.Сүрэнжав үүндээ хүрсэн. Шинэхэн Хөдөлмөрийн баатар маань яг одоо юунд зорьж, тэмүүлж, өөрийн гаргасан бахдам, гялалзсан амжилт, өөр нь ирсэн нэр төр, хариуцлагын дунд ямархан оршихуйн дунд суугаа бол. Ингээд уншигч таныг урья.
-24 насандаа паралимпийн аварга болж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолыг хүртсэн танд юун түрүүнд баяр хүргэе.
-Баярлалаа. Намайг сэтгүүлийнхээ хойморт зочноор урьсанд маш их баяртай байна. Парисын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулаад, Төрийнхөө дуулал эгшиглэхийг сонсож, өөрийнхөө хамгийн гайхамшигтай мөрөөдлөө биелүүлчихээд ирлээ.
-Та одоогоор зорилгоо биелүүлсэн хүн. Цаашид юуг мөрөөдөж хүсэж байна вэ?
-Дахиад илүү их хичээх. Удахгүй 2025 он гарна. Бүх зүйл дахин шинээр эхэлнэ. Тийм ч учраас дараагийнхаа олимпод бэртэл гэмтэлгүй оролцох юмсан гэж бодож байна. Яг одоо бол дараагийн олимп миний зорилго. Тэмцээнүүддээ явна, оноогоо цуглуулна. Оноо маань буцаад нойл тоон дээрээс эхэлж байгаа.
-Та эрүүл мэндийн хувьд хагалгааны заалттай байгаа. Үе дарагдсаны улмаас өвчин нь хөл рүүгээ шилжиж, хүндхэн хагалгааны заалттай байгаа гэх мэдээлэл байна.
-Тийм. Өнөөдөр ч гэсэн багштайгаа хамт нэг эмчтэй уулзсан. “Ямар ч байсан хагалгаа хийлгэхгүй бол болохгүй” гэдэг хариу сонсчихоод л байж байна.
-Бие махбодын бэртэл гэмтэл авдаггүй тамирчин гэж байдаггүй ч гэсэн хамгийн чухал зүйл эрүүл мэнд биз дээ?
-Ер нь бол хамгийн түрүүнд эрүүл мэнд эрхэм байх ёстой. Гэхдээ миний хувьд хэрвээ бэртэл аваагүй урсгалаараа явж байсан бол ямар ч байсан олимпод орох нь тодорхой. Медаль авах байсан уу гэвэл авах байсан. Харин тэр өндөр оргилд гарч, аварга болж чадах байсан уу гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан бэртэл аваад, эмчилгээ хийлгэсний дараа буцаж бэлтгэлдээ орох хамгийн гоё байсан. Сэтгэлзүй маань ч дээд цэгтээ хүрсэн. Тамирчин хүний зорилго, хичээл зүтгэл хоёр нэгдэн нийлээд ирэхээр бэлтгэлээ чин сэтгэлээсээ хийж чадах эрч хүчтэй болдог юм билээ. Бэртлийн дараа өмнө нь байснаасаа илүү их хичээсэн.
-Унасны дараа босож ирэхээр бие хүн илүү их төлөвшиж, хариуцлагаа ухамсарлаж байна гэсэн үг үү?
-Магад тийм биз. Ер нь илүү их хичээх хэрэгтэй байсан даа. Өвдөлттэй бэлтгэл хийх, өвдөлтгүй бэлтгэл хийх хоёр асар их ялгаатай. Өвдөлттэй амьдрах хэцүү шүү дээ. Тэр бэлтгэлийг өвдөлттэй хийх үү, өвдөлтгүй хийх үү гэдгийг сонгож байгаа байхгүй юу. Өвчин намдаах эм уусны дараа ч юм уу, эмчилгээ хийлгэсний дараах тэр өвчингүй бэлтгэл бол хамгийн гайхамшигтай.
-Өвдөлттэй бэлтгэл хийхэд илүү тэвчээр шаардана шүү дээ. Мөн би улам хичээх ёстой гэх сэтгэлзүй давуу ажиллаж байна уу?
-Яг зөв. Маш их хичээж хийх ёстой. Би нурууны өвчнөө давчихсан юм чинь одоо жаргалтайгаар дуртай юмаа хийж байна гэж өөртөө хэлнэ. Тэгээд бүр их хичээгээд, чин сэтгэлээсээ хийх үнэхээр гоё.
-Анх энэ спортоор хоёр найзынхаа хамт очиж хичээллэж эхэлсэн гэсэн. Энэ үнэн үү. Эмэгтэй хүүхэд тулааны спортоор хичээллэнэ гэхээр гэр бүлийн зүгээс ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгарч байсан уу?
-Миний хувьд харьцангуй гайгүй байсан. Аав, ээж, эмээ, өвөө гээд гэр бүлийнхэн минь намайг их дэмждэг. Миний юу хиймээр байгааг сонсож, ойлгодог хүмүүс. Тэгээд ч “Миний охин энэ клубт яваад үз, олон спортоор хичээллээд үз. Энэ дундаас нэгийг нь сонгоод ав. Хичээлээ ч гэсэн битгий тасал” гэж аав минь захисан. Анх бол хичээлээ хий гэдэг үе зөндөө байлаа. Ширээний ард суугаад, оффисын ажил хий ч гэдэг байсан. Гэтэл би өөрөө их хөдлөгөөнтэй, аливаад багаасаа өөрийгөө сорьж үзэх дуртай байсан. Эцэг эх маань намайг хөдөлгөөнтэйг мэдэх учраас нэг спортоороо тууштай явж чадна гэж бодсон. Тэгээд анх хоёр найзтайгаа клуб дээрээ очиж байсан. Ингээд 2013 онд Олон улсын таэквондогоор хичээллэж эхэлж байсан. Тэгээд 2017 оны сүүлээс олимпын таеквондогоор хичээллэж эхэлсэн. Гэхдээ миний хүсэж, зорьсон тэр тавцан дээр олимпын таеквондо л гаргасан. Харин миний анх хичээллэж байсан Олон улсын таеквондо бол олимпод оролцдоггүй төрөл нь юм.
-Хоорондоо зарчмын ялгаа ихтэй юу?
-Зарчмын ялгаа маш их байгаа. Олимпын таеквондоо бол харилцан хүчээр өшиглөдөг. Одоо би 52-кг жинтэй байлаа гэхэд 13 кг өшиглөх ёстой. Харин олон улсын таеквондо бол дөрвөн талаас шүүгч харна. Нэг өшиглөлт ороход нэг оноо өгнө. Дөрвөн талын шүүгч суугаад оноо дарна гэсэн үг. Олимпын теквандо бол хоёр талд л шүүгчид байдаг. Мөн дэвжээний шүүгч бий. Хоёр талын шүүгч бол эргэлттэй өшиглөлтийн нэмэлт оноог дарна гэсэн үг. Тиймээс оноог бол өөрөө хүчээрээ өшиглөж байж авна. -Энэ утгаараа олимпын таеквондо нь спорт тал руугаа юм байна шүү дээ. -Тийм. Спортын хувьд илүү цэвэр. Өөрийнхөө хүчээр оноо авдаг. Би 13 кг өшиглөж байж оноо авна. Есөн кг өшиглөвөл оноо авахгүй.
-Хүн олон сонголтын дунд цахилж явдаг. Яг эргэлтийн цэг болсон сонголт тань энэ спортоор хичээллэж эхэлсэн үе мөн үү?
-Би их олон удаа энэ спортоос шантарч байсан. Яах вэ, саад бэрхшээл маш олон байсан учраас л шантарч байсан хэрэг л дээ. Яг эргэлтийн үе нь 2022 оноос эхэлсэн. Энэ эргэлтийн цэг дээр бол Н.Эрдэнэбаатар багш минь тусалж, энэ спортод дурлуулж, эргэлт буцалтгүй хайртай болгосон. Тэр хүн миний амжилтыг өөрөөс минь түрүүлж олж харсан. Би энэ хүнд л итгэж спорт руугаа буцаж орсон. Тэр л миний эргэлтийн цэг байсан даа.
-Н.Эрдэнэбаатар багш танаас юуг онцолж харсан тухайгаа ярьж байсан уу?
-Мэдэхгүй ээ. Багш анх уулзахдаа л сэтгэлээсээ ханддаг байсан. Хэнийг ч ялгадаггүй хүн. Үнэхээр яг сэтгэлээсээ, бүх хүнтэй найрсаг харьцдаг. Бусад хүмүүс юу гэж бодохыг бид мэдэхгүй шүү дээ. Миний хувьд бол багшийн өгсөн зөвлөмж, ярьж хэлж байгаа бүгд цэгцтэй санагддаг. Ярианы өнгө нь хүртэл үнэхээр гоё. Бэлтгэл дээр нэг өшиглөлт хийлээ гэхэд “Сүрээн, наадах чинь болж байна” гэдэг. Ийм урмын үг сонсоод хоёр дахь удаагаа илүү хүчтэй өшиглөнө. Багш урмын үгийг чин сэтгэлээсээ хэлдэг. Багшаасаа маш их үлгэр дуурайлал авдаг. Энэ спортод эргэн орж ирэх хамгийн гол тулгуур минь бол Н.Эрдэнэбаатар багш, баг хамт олон маань байсан.
-Мөн Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнийг бэлтгэлээ хийж байгааг нь харах дуртай гэж нэг ярилцлагадаа өгүүлсэн байсан даа...
-Тийм шүү. Би Г.Болор-Эрдэнэ ахаас их урам зориг авдаг. Бэлтгэлээ хийж байгааг нь суугаад харах дуртай. Хаанаас нь тийм их эрч хүч гараад байгаа юм бэ гэж боддог. Нэг тийм хоолны дуршил хөдөлгөдөг хүн байдаг шүү дээ. Идэж байгааг нь хараад идмээр санагддаг. Яг түүн шиг Г.Болор-Эрдэнэ ах бэлтгэл хиймээр санагдтал бэлтгэлээ хийдэг. Мундаг тамирчин учраас би ч гэсэн тэр хүнээс суралцсан. Юмыг зааж өгдөг, сайн зааварладаг. “Ахын дүү одоо ингээрэй, наадах чинь болж байна” гээд зааж, зөвлөдөг хүн дэргэд байхад би сайжрахгүй байхын аргагүй шүү дээ. Тэр хүн надтай чин сэтгэлээсээ харьцаад байна шүү дээ. Тиймээс би илүү их сайжрах ёстой, хичээх хэрэгтэй юм байна гэдгээ мэдэрдэг. Ерөөс таеквондогийн гэр бүл маань чин сэтгэлээсээ зөвлөж, зааж байсан учраас би энэ амжилтыг гаргаж чадсан гэж боддог. Мөн гэр бүл минь байна.
-Тэмцээндээ орохын өмнө гэр бүлийнхэнтэйгээ ярьсан уу?
-Тэд намайг зоригжуулдаг. Гадагшаа тэмцээн уралдаанд явахад аав, ээж маань өвдөж байсан ч “Зүгээр ээ” гэж хэлцгээдэг. “Миний охин амжилттай оролцоод ирээрэй” гэдэг, тийм л хүмүүс. Тэмцээнд явахын өглөө аав, ээж рүүгээ ярихаар зориг орчихдог. Тиймээс тэмцээний өглөө болгон ярьдаг. Аав, ээж минь “Миний охин, амжилт хүсье. Харамсахаар юм битгий хийгээрэй. Зүгээр л өөрийнхөөрөө тоглоорой. Мундаг байгаа шүү” гэж хэлдэг. Тэр үг намайг гэсэн сэтгэл учраас хүч болж ирдэг. Мөн намайг дэмждэг албан байгууллага бий. Дээр нь Монгол Улсын Засгийн газраас бид бүхний зардлыг дааж байна. Улс эх орон маань ийм туслалцаа үзүүлээгүй бол бид олимпод оролцох оноогоо цуглуулж чадахгүй шүү дээ. Мэдээж Монголын таеквондогийн холбоо ч мөнгө гаргаж байгаа. Биеийн Тамир спортын хороо гээд бүх санхүүжилт төсвөөс гарч байгаа шүү дээ. Хамгийн гол нь энэ бүх мөнгө, зардал бол монгол түмний татварын мөнгө. Өдөр бүрийнх нь хөдөлмөрийн хөлс. Тиймээс л би амжилт гаргаж, улам илүү хичээх хэрэгтэй.
-Та бол одоо хүүхдүүдийн мөрөөдөл, бэлгэдэл болсон. Манай улсад таеквондоо бөхийн спорт шиг сайн хөгжөөгүй. Одоо бол таеквондо сэргээд эхлэх биз гэж харж байна. Ер нь Таеквондогийн холбоо хүүхдүүдийг энэ спорт руу хэрхэн татаж оруулдаг, бэлтгэл сургуулилтийн тал дээр ямархуу зарчим баримталдаг вэ. Дээр нь дасгалжуулагч багш нар тамирчдадаа хэр үр өгөөжтэй ажилладаг вэ?
-Манай холбооны ерөнхийлөгч Б.Онон өөрөө тамирчин хүн байсан. Тийм ч учраас биднийг маш сайн ойлгодог. Тамирчин байсан хүн, байгаагүй хүн тамирчидтай ярих нь хүртэл ондоо байдаг. Тиймээс биднийг ойлгож, юм бүхэн дээр дэмжиж ажилладаг даа.
-Таеквондо бол мэдээж бие хамгаалах урлаг. Спорт бүхэн тэсвэр тэчээрт сургадаг. Энэ спортын хүнд өгөөжтэй хамгийн гол зүйл нь юу юм бэ?
-Таеквондогийн спортын хамгийн гол зүйл нь хүндлэл. Хүндлэлийг бид нар хүчээр авахгүй, гуйж ч авахгүй. Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хэлж, үйлддэг учраас энэ спортын хамгийн гол зүйл нь хүндлэл. Нэг насаар ах байсан ч, дүү байсан ч өглөө болгон очоод “Сайн байна уу, ахаа эгчээ” гээд бүгд бөхийн мэндлэх нь надад тааламжтай байдаг. Тиймээс хамгийн гол зүйл нь хүндлэл юм.
-Та олимпын алтан медалиа олимпын хорооны хүндэт төлөөлөгч, жүжигчин Жеки Чанаас гардан авсан. Жеки Чаны кинонуудыг үздэг байсан уу, хараад шууд танисан уу?
-Тийм ээ. Хараад л шууд таньсан. Танихгүй байх аргагүй шүү дээ.
-Медаль зүүж өгч байхад нь ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Яг медаль зүүхийн өмнө, бүгдийг нь тавцан руу гарахаас өмнө жагсаадаг юм л даа. Би тоглолтоо дуусаж, хувцсаа өмссөний дараа медалиа авах гээд ард зогсож байхад Жеки Чан “Чи үнэхээр мундаг байсан шүү. Чиний эргэлттэй өшиглөлтүүд чинь таалагдсан шүү. Өнөөдөр чи үнэхээр бахархмаар байсан шүү” гэж хэлээд нөхөрсгөөр инээмсэглэсэн. Угаас дэлхий дахинд танигдсан супер од, миний хувьд номер нэг жүжигчнээс ийм том урмын үг авсандаа маш их баяртай байсан. Тэр хүнээс урмын үг авах тэрхэн мөчид л дээшээ нисээд явчихаж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан даа. Бид зургаа татуулаад зогсож байсан маань хамгийн сайхан мөч.
-Жеки Чан ямар хэлээр тантай ярилцсан бэ?
-Англиар хэлсэн.
-Тэгвэл ялалтаа аваад бууж ирэхэд чинь багш тань юу гэж хэлсэн бол?
-“Хоёулаа чадчихлаа” гэсэн. Багш бид хоёр олимпын тавцанг зорилгоо болгочихсон байсан. Багшийнхаа мөрөөдлийг биелүүлнэ гэж өөртөө хэлдэг байж билээ. Тэр мөрөөдлийг нь биелүүлсэндээ маш их баяртай байгаа. Бид хоёр дэвжээний хажууд “Хоёулаа чадчихлаа” гээд байж байсан чинь биднийг хоёр тийш нь салгаад аваад явчихсан. “Тамирчныхаа хувцсыг авчир” гээд тухтай ч юм ярьж чадаагүй. Миний хувцсанд багш л гүйж байгаа байхгүй юу. Тэр хоромхон хугацаанд багшдаа үнэхээр их баярлаж байсан. Би угтаа хожно л гэж дэвжээн дээр гарсан. Төлөвлөгөө ч боловсруулсан байсан. Түүнийгээ ч үр дүнд хүргэсэн.
-Алтан медиалийн тавцанд хүрэхийн тулд ямар төлөвлөгөө боловсруулсан бэ?
-Багш бид хоёр, манай баг хамт олны бүтээсэн энэ бүх зүйл, амжилтууд тийм ч дардан замаар олдоогүй. Маш хүнд олон давааг туулсан. Намайг шантрах, шаналах бүрд багш маань “Багш нь бүтээнэ, асуудалгүй. Багш нь болгоно, хоёулаа зорилгодоо хүрнэ” гэж хэлдэг. Тэгээд л би багшдаа бүрэн итгэдэг.
-Паралимпийн үеэр тохиолдсон хамгийн нандин атлаа адармаатай нь ямар үйл явдал байв?
-Түүх бол маш их байгаа. Хамгийн хөнгөнөөс нь ярья л даа. Олимпын өглөө багш бид хоёр автобусандаа суугаад тэмцээн болох газраа ирэв ээ. Бид нар хяналтын жингийн үзлэгт орох ёстой. Зарим тамирчид райндомдуулна. Тэгэхдээ тамирчид сугалаа сугалдаг. Багш “За за, хоёулаа райндомдуулж таарах байх” гэсэн Тэр өглөө багш надаас түрүүлж босоод бантан хийчихсэн байдаг байхгүй юу. Тэгээд хоёулаа тэмцээнийхээ зааланд иртэл бусад орны дасгалжуулагч, зохион байгуулж байгаа дарга нар ч ирсэн. Тэгээд сугалаа сугалах байх гэсэн мөртлөө л нэг их санаа зовохгүй ус уугаад л сууж байлаа. Сугалаагаа ч бараг мартчихсан.
-Сугалааны учрыг тайлбарлаж өгөхгүй юу?
-Паралимпод өрсөлдөж буй 12 тамирчин бий. Тэднийг 1-12 хүртэл дугаарлана. Тэгээд дугаарыг нь цаасан дээр бичиж хуулиад бөмбөгөнд хийчхэж байгаа юм. Сугалаа сугалаад тоо гарч ирэх юм бол хяналтын жинд орно. Гэхдээ 12-оос дөрвөн тамирчин сонгогдоно. Би 53.5 кг жинд байх ёстой. Түүнээсээ жоохон хэтэрчихсэн байвал хасагдана. Багш бид хоёр сугалагдаад райндомдуулахаар болсон. Амжилттай жиндээ тэнцсэн. Ер нь 12 тамирчнаас хэн ч сугалаа таарч болно. Зүгээр л цэвэр азны хэрэг л дээ. Ингээд л “За, хоёулаа өнөөдөр алт авнаа” гээд л тоглолтоо хүлээгээд сууж байсан. Гэтэл хувцсаа өмсөх гээд өрөө рүүгээ орсон чинь нэг зүйлээ мартчихсан юм шиг санагдаад болдоггүй. Тэгсэн шүднийхээ “гааб”-ыг өрөөндөө мартчихаж. Тамирчдын байрладаг хотхон тэмцээн болох газраас нэлээд зайтай. Тэмцээн эхлэх гээд байдаг. Тэгээд яах ч аргагүй багш дээр очоод “Багш аа, би шүднийхээ “гааб”-ыг мартчихжээ” гээд хэллээ. Багш “Айн, чи юу яриад байгаа юм бэ” гээд л... Бүр гайхчихсан. “Би чамайг юмаа сайн бэлдээрэй гэж хэлсэн шүү дээ” гэв. Би “Харин марчихжээ, багш аа” гэсэн. Тэгтэл багш уурласангүй, харин ч тайвнаар “За за, яах вэ. Зүгээр, зүгээр. Энхээг араас аваад ир гээд хэчихье. Болгоно шүү дээ” гэлээ. Би бүр сандарч гүйцсэн. Тэмцээний дүрэм хатуу, нэг л зүйл дутуу бол оруулахгүй шүү дээ. Багш над дээр ирээд “Чи юундаа сандраад байгаа юм бэ. Зүгээр. Амжаад ирнэ. Халуун юм уу. Суугаад тайвшир” гэсэн. Өөрөө ч их тайван байлаа. Багш тийм хүнд үед ухаалаг байгаа байхгүй юу. Би сандраад эхэлбэл дэвжээнд гараад ч сандрал маань арилахгүй. Тиймээс багш “Би тайван байвал Сүрэн тайван байна” гэж бодож л дээ. Тэгтэл ч яг дэвжээ рүү гарахын өмнө “гааб” маань амжаад ирсэн дээ.
-Анх түрүүлчхээд улсынхаа анхны алтан медаль авсан эмэгтэй тамирчин болсноо мэдэж байсан уу?
-Үгүй ээ, мэдээгүй байсан. Би анхандаа медаль авахын хувьд бол авна гэдэгтээ итгэлтэй байсан. Харин алтан медалийн тухайд бол яах бол гэсэн бодолтой л байлаа. Гэхдээ тэрхүү сөрөг бодлоо дарж тулалдсан. Эхний тоглолтод би ялах ёстой. Миний зорилго тээр дээр байгаа гэж дотроо шивнэсэн. Мөн дотооддоо сайтар төвлөрч байсан. Багш ч гэсэн “За, Сүрээн чи эхний тоглолтоо Египетийн тамирчинтай хийнэ. Харин зорилго чинь алтан медалийн тавцан” гэсэн. Эхний тололтдоо хожчихоод гараад ирэхэд “За, Сүрээн чиний төвлөрөл одоо бол Мексик. Зорилго чинь алтан медалийн тавцан”. Энэ маягаар миний сэтгэлзүйг бэлдэж байсан. Дараа нь Ирантай тулалдах болоход “Иран чамтай тулалдаж үзээгүй. Гэхдээ хоёулаа тактикаа боловсруулна. Зорилго чинь дээр байгаа” гэв. Би багшийн хэлсэн дээр л төвлөрдөг. Гэхдээ хажуугаар нь маш олон бодлууд орж ирнэ шүү дээ. Жишээ нь, миний нуруу жаахан өвдөөд байх юм гээд л эхэлнэ. Тэр бодлыг төрүүлэхгүйн тулд багш хажууд байж, байнга юм ярих хэрэгтэй болно. Заримдаа хөгжилтэй ч юм ярьдаг.
-Тэмцээний үед бие өвдөх, бэртэл сэдрэх зэрэг тохиол гарч ирсэн үү?
-Тухайн үед бол үгүй. Хараахан тэгээгүй.
-Нуруундаа яг ямар бэртэл авсан юм бэ?
-Нурууны үе хоорондын түлхэлтийн эвэрхий гэж ярьдаг юм. Эвэрхий нь гарч ирээд мэдэрлээ дарчихсан. Мэдрэлээ дарахаар хөлөө чирээд, шагайнаас доош тавхай хэсэг нь мэдээгүй болно гэсэн үг. Өсгий дээрээ ч зогсож чадахгүй. Гишгэхийн хувьд бол гишгэдэг. Өргөөд, гишгээд явж чадахгүй, чирч явдаг байдалтай болно. Гэхдээ анх бэртэл авсан нь Солонгост болсон тэмцээн. Заавал орох ёстой байсан учраас бэртлээ тоолгүй тэмцээндээ явсан.
-Тухай үед хэрхэн эмчилгээ хийж байсан бэ?
-Тэр тэмцээнээс ирсний дараа эрчимтэй эмчилгээ хийлгэсэн. Ямар байдалтай байснаа мэдэхгүй, Солонгос руу явчихсан байсан л даа. Энэ бол цэвэр миний буруу. Үзүүлэхгүй, тэвчээд яваад байсан юм.
-Тамирчин хүн эхлээд өөрийгөө ялах хэрэгтэй байдаг. Өөрийнхөө төлөө бас хичээнэ. Тэгж байж аав, ээж, ард түмнийхээ төлөө хичээнэ. Тамирчин хүн бүр олимпыг зорьдог шүү дээ. Олимпын эрх авахын тулд олон тэмцээнүүдийг хийж байгаа. Олимпын эрхээ авахад анх төрсөн мэдрэмжээ хуваалцаач?
-Олимпын эрх авлаа гэдгийг гэнэт мэдчихгүй л дээ. Бид нар чинь цуглуулсан оноогоо сайт руугаа ороод хараад явдаг юм. Эхний зургаан оноо бол автоматаар шууд орчихдог. Дараагийн зургаа оноо бол тивийнх байдаг. Тив тивдээ эрхийн төлөөх тэмцээн явуулна. Минийх бол Ази тив. Гэхдээ би 2023 онд маш сайн амжилт үзүүлсэн учраас эхний ранкаараа зургаа руу орчихсон. Тэгээд эхний зургаад байсан учраас олимпод орох юм байна гэдгээ мэдсэн.
-Тэр бол асар их хөдөлмөр шүү дээ.
-Би 2023 онд 52 кг-д шинээр оноо цуглуулж эхэлсэн. Бүтэн нэг жилийн хугацаанд оноо цуглуулаад, ранкаараа дөрөвт жагсаж байсан. Нойл онооноос эхний дөрөвт ортол оноо цуглуулахад манай баг хамт олон, багшийн маань бий болгосон тэр атгасан гар шиг эв нэгдэл ихээр нөлөөлсөн.
-Та бол Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж өссөн. Бага насныхаа дурсамжуудаасаа ярихгүй юу. Мэдээж төрөлхийн гарны эмгэгтэй төрсөн ч гэлээ манайхан чинь жаахан хүүхдүүд дооглох, тоглоом шоглоом хийх зүйлс их ажиглагддаг. Гэвч тэр дундаас босож ирсэн хүн илүү хүчирхэг болдог шиг санагддаг л даа...
-Тийм. Арван жилээ Завхан аймгийн нэгдүгээр сургуульд сурж төгссөн. Бага насандаа хүүхэд болохоор ч тэр үү, мэдэрдэггүй юм билээ. Долоо, наймдугаар анги хүртлээ хамгийн сайхнаараа л жаргалтай инээгээд явж байлаа шүү дээ. Харин өсвөр насны үеүдэд жаахан хэцүү зүйлс мэдрэгдсэн. Гэхдээ тэр нь айхтар хүнд асуудал биш. Гол нь төрөлхийн гарны эмгэгээсээ болоод хүмүүсийг айлгачих болов уу, яах бол гэж дотроо бодох болсон. Түүнээс биш би өөрөө л шоглоно уу гэхээс намайг шоглодог хүн байгаагүй. \Инээв\ Манай ээж, аав хоёр ч гэсэн бусад нь аяга угаадаг бол чи аяга угаах ёстой. Ус авдаг бол ус авах ёстой. Яг л бусадтай ижилхэн байх ёстой гэсэн зарчмаар хүмүүжүүлсэн. Намайг бусдаас онцгойлж харьцдаггүй байлаа. Яг л хүний хийх ёстой юмыг хийлгүүлж сургасан болохоор надад нэг их хүндрэл байгаагүй. Би угаасаа гар муутай юм чинь үүнийг хийж чадахгүй гэсэн сэтгэлгээг надад багаас минь суулгаагүй. “Сүрээн, алив тэрийг хий гэнэ. Чадахгүй бол сур гэж үүрэг өгнө. Тэгж өссөн болохоор хүндхэн бэрхшээлтэй аз болж нүүр учраагүй. Харин оюутан болоод хотод ирлээ. Шинэ найз нөхөд, шинэ хүмүүс. Тэд намайг мэдэхгүй шүү дээ. Би гар муутай гээд зарлаад явахгүй. Тиймээс хүүхдүүдийн хийдэг юмыг хийгээд л, халаасандаа шургуулаад л сууж байдаг байлаа. Гэхдээ шинэ хүрээлэлд байх жаахан хэцүү. Гараа гаргачихвал яадаг бол, цочдог бол уу гээд л бодно. Зарим хүмүүс бол “Хүүш ээ” гээд цочих нь ч бий. Оюутан байхдаа тийм мэдрэмж авч байсан.
-Энэ мэдрэмж сэтгэлзүйд тань ачаа болдог уу?
-Нэг удаа л тийм мэдрэмж авч байсан. Анх оюутан болж ирээд биеийн тамирын хичээл дээр гараа хөтлөөд зогсох гэсэн чинь миний гараас барьж авсан хүүхэд “Аа, аа” гээд л орилдог юм даа. Би бүр аягүй сонин байдалд орсон. Айх, сандрахын завсар чичрээд л зогссон доо. Өмнө нь тийм мэдрэмж авч үзээгүй байсан. Би хүн цочоогоод айлгачихлаа шүү дээ гэж бодохоор тэрхэн зуурт сонин болсон. Тэгснээ “За за, хэзээ нэгэн өдөр хүн цочих л байсан. Энэ нь яг одоо тохиолдож байгаа юм байна” гэж бодоод өнгөрсөн. Өөрийгөө танилцуулахдаа би хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн бүгдийг хйиж чаддаг, илүү их хичээдэг, зорилгодоо хүрэхийн тулд тууштай чармайдаг гэж хэлдэг. Гарны бэрхшээлтэй гэдгээ өөрийгөө танилцуулахдаа хэлчихвэл тэр хүмүүс ч гэсэн айхгүй шүү дээ. Танилцуулахгүйгээр шууд очвол тэр хүн мэдээж айна. Айхгүй ч гэсэн цочно. Мэдээж би түүнд нь уурлахгүй. Энэ сайхан спортоосоо би эдгээр төлөвшлийг олж авсан. Бүх зүйлийг эерэг, гоё энергээр олж хардаг болсон.
-Хоёулаа төрсөн нутгийнх нь талаар ярья. Сумын төвд өссөн үү, эсвэл бүр хөдөө юу?
-Сум, хөдөө хоёрыг хослуулж өссөн. Аль ч ахуйд байгаад сурчихсан. Манай Завхан аймаг бол маш сайхан нутаг.
-Өөрт тань маш их алдар нэр ирж байгаа ч гэсэн тэр хэмжээгээрээ хариуцлага, ачаа давхар ноогдож байгаа. Хүмүүс Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу оронгуут “Манай Хөдөлмөрийн баатрын нутаг” гээд л явна шүү дээ. Таны хувьд нутгийнхаа юуг нь хүмүүс олж хараасай гэж хүсдэг вэ?
-Хариуцлага. Тийм шүү, энэ үгийг илүү их бодох болсон. Алдар нэрийг дааж явахыг хичээнээ. Тосонцэнгэлийн хаалгаар ороод л би амар амгаланг мэдэрдэг. Тэнд миний аав, ээж, эмээ, өвөө, үеэлүүд гээд хайртай хүмүүс минь байдаг болохоор зүгээр л амар амгаланг мэдэрдэг. Дураараа оршоод л... Хашаандаа нарлаад л... Уул уус минь намайг үргэлж түшиж явдаг. Үгээр илэрхийлэхийн аргагүй нутаг.
-Та аав, ээж хоёрынхоо тухай олон дурдаж байна шүү. Ямар хүмүүс байдаг вэ?
-Манай аав, ээж хоёр бол мундаг хөдөлмөрч хүмүүс байдаг. Би гэр бүлийнхээ тухай ярихаар хэцүү байдаг юмаа. Манай гэр бүлийхэн бол маш сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч хүмүүс байдаг. Энэ л хангалттай болов уу.
-Дэвжээн дээр хийж байсан хамгийн ширүүн тулаан тань ямар тулаан байсан бэ?
-Тулаан болгон ширүүн байдаг.
-Маш хүнд ялагдал аваад ерөөсөө орхиё гэж бодож байсан үе бий юу?
-Үгүй. Ялагдсаныхаа дараа шууд тулааны бичлэгээ үздэг. Багштайгаа ч юм уу, Г.Болор-Эрдэнэ ахтай ярилцаж, алдаануудаа харж, түүнээсээ суралцдаг. Дараагийн тэмцээн дээр энэ тамирчныг заавал хожно гэж боддог. Түүнээс биш больё гэж бодож байгаагүй. Хааяа, хааяа шантрах зүйл тохиолддог л байсан.
-Таныг одоо хүндхэн хагалгаа хүлээж байгаа шүү дээ. Дараагийн олимпод оргилын тавцанд зогсох боломжтой юу?
-Боломжтой байлгүй яахав. Ойрын хугацаанд гэвэл нэн тэргүүнд хагалгаандаа орох ёстой. Би өөрийгөө хурдан эдгэж, сэргэлт авдаг гэж боддог. Хамгийн чухал нь сэтгэлзүй юм байна гэдгийг ойлгосон. Намайг хүрээлсэн хүмүүс үргэлж зоригжуулдаг, заадаг, урмын үгээр ундаалдаг. Мөн алдаа гаргахад зэмлэдэг. Тэр бүгдтэйгээ ярилцаад ирэхээр урам ордог.
-Хөдөлмөрийн баатар цол хүртэх болсноо анх сонсоход ямар байсан бол?
-Өө, ямар том хариуцлага вэ гэж дотроо уулга алдсан.
-Дотроо айж байсан уу?
-Тэгэлгүй яахав. Айж байсан. “Танд Хөдөлмөрийн баатар цол олгох нь ээ. Маргааш 11:00 цагаас Төрийн ордонд ирээрэй” гэдгийг нь сонсоод надад арай томдох юм биш үү гэж бодсон. Гэхдээ би баг хамт олонтойгоо, багштайгаа хамт маш их хөдөлмөрлөсөн. Бүр шантраад, уйлж байсан үеүдээ боддог юм билээ. Тиймээс энэ шагнал бол хамтын хүч шүү дээ. Хүн эхэлсэн цэгээ л боддог юм билээ. Миний өмнөөс нойргүй хоносон олон хүмүүс байгаа. Ээж аав, багш гурав бол миний өмнөөс сандарч, олон арван шөнө нойргүй хоносон байх. Тэд үргэлж л намайг бодно. Би энэ бүгдийг дотроо бодсон. Ямар ч байсан зорилгоо биелүүлээд, төр намайг ингэж үнэлж байна шүү дээ гэж өөртөө хэлж байсан. Тиймээс цаашид хариуцлагатай байх ёстой гэдгийг ухамсарласан. Ээж ч надад шууд хэлсэн. “Сүрээн, Төр чамайг ийм том цолоор шагнаж байхад чамд буруу явах эрх байхгүй шүү. Хүн болгонтой сайхан харьц. Сайхан инээмсэглэ. Чи дандаа хөмсгөө зангиддаг шүү” гэж ирээд л... Би бол цагаахан цаас шүү дээ. Хөдөлмөрийн баатар гэдэг цолыг цагаахан цаасан дээр зүүж өгч байгаа байхгүй юу. Өмнө нь би ямар нэгэн гавьяа шагнал авч байгаагүй. Тэгээд ийм хүндтэй шагналыг хүртээд өөрөөрөө жаахан бахархах мэдрэмж төрсөн. Цагаахан цаасан дээр Хөдөлмөрийн баатар гээд томоор бичсэн байхыг нь хараад “Хөөх, ямар гоё юм бэ” гэж бодсон.
-Монгол хүний хамгийн гол мөн чанар нь юу гэж боддог вэ?
-Монгол хэл, эв нэгдэл. Би хааяа ингэж боддог юм. Зарим өрсөлдөгчид тэмцээний үеэр “Өө Монголиа, Чингис хаан” гээд л хэлнэ. Тэгэхээр нь “Нээрээ Чингисийн үр сад юм чинь босоо байх ёстой. Одоо ялахгүй юм бол хэзээ ялах юм” гээд л... Тэгж өөртөө урам зориг өгдөг. Бүр нэг үзүүлээд өгмөөр, алаад хаямаар санагддаг. \Инээв\