НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганыг “Үндэсний шуудан” сонины тоймч Б.Ганчимэг сурвалжилж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулганд оролцох хөтөлбөрийнхөө хүрээнд үргэлжлүүлэн ажиллаж байна. Өмнөх өдрийн гол арга хэмжээ Ц.Элбэгдорж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нарын хамтран удирдсан “Хөгжиж буй ардчилсан орнууд дахь Иргэний нийгмийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг байсныг бид мэдээлсэн билээ. Хэлэлцүүлгийн салхийг хагалж хэлсэн үгэндээ Барак Обама “Олон улсад иргэний нийгэм гэдгийг хүмүүс хамтран нэгдэж, үзэл бодлын хүрээгээрээ өөрсдөө зохион байгуулагдахыг хэлдэг. Жишээ нь, Монгол Улс иргэний нийгмийн байгууллагуудыг хязгаарлалгүйгээр бүртгэж, дуу хоолойг сонсч чаддаг учраас энэ удаагийн хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урьж, өөрийн орны туршлагаасаа хуваалцахыг бид хүссэн юм” гээд “Иргэний нийгэм нь хувь хүний эрх ашгийг хамгаалж байдаг бол Төр нийтийн эрх ашгийг хамгаалж байдаг. Энэ хоёр нэгдэж хосолж байж жинхэнэ эрүүл нийгэм төлөвшинө” хэмээн онцлон тэмдэглэж байв. Мөн тэрбээр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг сүүлийн хоёр жил амжилттай даргалж ажилласан манай улсад баяр хүргээд, тус нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурлыг нийслэл Улаанбаатар хотдоо амжилттай зохион байгуулсанд Монгол Улсад тусгайлан баяр хүргэхээ ч мартсангүй. Монголын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг өмнөх сурвалжлагадаа бид дэлгэрэнгүй нийтэлсэн. Энэхүү хэлэлцүүлгийн маргааш АНУ-гийн томоохон хэвлэлүүд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нарын хамтран удирдсан энэхүү хурлын тухай дэлгэрэнгүй мэдээлж, тэдний зургууд бүхий сурвалжлагуудыг тэргүүн нүүрүүддээ нийтэлжээ. 

Нью-Йорк хотноо чуулж байгаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дугаар чуулган хөгжлийн бэршээлтэй иргэдийн эрхийн асуудлыг онцгойлон авч хэлэлцсэн нь дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм. Гэвч НҮБ хэмээх энэхүү том байгууллагын хувьд түүхэндээ анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ийнхүү өндөр түвшинд хэлэлцэж байгааг нь дэлхийн хүмүүнлэгийн үзэл санааны голомт болсон байгууллагын хувьд онцгой гайхамшигтай үйл хийлээ хэмээн сайшаах нь утга муутай явдал болох биз. Учир нь манай гаригийн долоон тэрбум хүний нэг тэрбум нь ямар нэг хэмжээгээр хөгжлийн бэрхшээлтэй гэсэн судалгаа бий. Бидний нэг тэрбум маань энгийн эрүүл саруул иргэдээс дутуу тавилан туулж, баяр хөөр, аз жаргалаар хагас амьдарч байгаа энэ цаг үед НҮБ-ын чуулган эл асуудал руу анхаарлаа хандуулахгүй байх бололцоогүй юм.  

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хөгжлийн бэрхшээлтэй нэг тэрбум гаруй хүний 80 хувь нь ажил эрхлэх боломжтой насан дээрээ байгаа боловч тэдний амьдарч байгаа нийгмийн зүгээс тэгш бололцоог хангаж өгч чадахгүй байгаагаас ядуу амьдарч байгааг онцолсон.    
 

Мөн тэрбээр “Өнөөдөр бид энд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгардаг саад бэрхшээлийг хэрхэн арилгаж, тэдэнд шинэ амьдралын хаалга нээж өгөх зорилготой цуглаад байна” хэмээн мэдэгдсэн юм. Нэн ялангуяа дэлхийн улс орнуудын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилго бүхий Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн хугацаа 2015 онд дуусч байгаатай холбогдуулан 2015 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудлыг орхигдуулахгүй, хэлэлцэх асуудлын хүрээнд байнга байлгахаа Бан Ги Мун амласан. Энэхүү уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөгжлийн бэрхшээлтэй нэг тэрбум гаруй иргэн бусад иргэдийн адил амьдарч, сурах, хөдөлмөрлөх эрхтэй. Тэрхүү эрхийг нь хангаж, тэдний өмнө тулгарч байгаа саад бэрхшээлийг арилгахын төлөө хүчин зүтгэнэ гэдгээ илэрхийлж байлаа. 

Нью-Йорк хотноо чуулж буй НҮБ-ын дээд хэмжээний чуулган гаднаа ч жагсагчид эсэргүүчидтэй болж байна. “Манай улс хэзээ ч цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй” хэмээн Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани мэдэгдээд байгааг та бид мэднэ. Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ асуудлаар НҮБ-ын чуулганы гудамжинд ч цагаан хоолойтой тэмцэгчид байр сууриа илэрхийлж л байна. Иран улс энэ өдрүүдэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудтай цөмийн хөтөлбөрийнхөө асуудлаар зургаан талт уулзалт хийх гэж байгаа. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудалд зуучлагч Европын холбооны Дипломат албаны тэргүүн Кэтрин Эштон болон Их Британи, Хятад, Франц, ОХУ, АНУ, Герман, Ираны Гадаад хэргийн сайд нарын бүрэлдэхүүнтэй дээд хэмжээний уулзалт хэдийнэ товлогдсон. Энэ тухай мэдээллүүд ойрын өдрүүдийн чухал сэдвүүдийн нэг байх нь дамжиггүй биз ээ. 
 

Дэлхийн улс төрд болсон өөр нэгэн чухал үйл явдал Гер­манд бүх нийтийн сон­гууль болж, Ангела Меркелийн тэргүүлдэг Хрис­тийн ардчилсан нам ялалт байгуулсан явдал яах аргагүй мөн. Түүний энэхүү ялалтад Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь ч тийм ч бардам итгэлтэй байгаагүй юм. Гэвч дэлхийн улс төрийн супер од, дөнгөж жилийн дараа 60 хүрэх энэ хатагтай ээлжит ялалтаараа шуугиан тарьж чадлаа. Ангела Меркел манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тун найрсаг харилцаатай. Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүн рүү утас цохиж, ялалтын баяр хүргэж, нэлээн удаан “буу халсан”. Сэтгүүлчийн хувьд энэ мөчид дэргэд нь байсны хувьд тэдний инээд наргиан дүүрэн дотно яриа сонирхлыг минь ихэд татсан. Манай Ерөнхийлөгч ч бүх нийтийн сонгуульд ялалт байгуулж, улиран сонгогдоод удаагүй байгаа. Энэ үүднээсээ хатуухан өрсөлдөөний дараах уужруулсан өдрүүдийн адилхан амттай “кайф”-аа мань хоёр нэлээд илэн далангүй хуваалцаад авах шиг болсон. Ангела Меркел цоглог, эрх мэдэл дүүрэн, бүх түгшүүрээ ардаа хийсэн хүний хоолойгоор дуржигнуулаад л.  “Нээрээ та  Нью-Йоркт яваа билүү. Наана чинь ч надаас бусад нь л явах шиг байна. Би энд ингээд их ажлын өмнө сууж байна. Одоо эвсэл л байгуулдаг байх даа” гээд л ...ойрын яриа хөөрөө урсгасан. Сонин, содон, яалт ч үгүй “ганган” үйл явдал болохоор тэсэлгүй биччихлээ. 
 

Л.БОЛД: НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган бол олон ажил бүтээх боломж олгодог нэг том орон зай юм


НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дугаар чуулганд Монгол Улсыг төлөөлөн мөн Гадаад харилцаааны сайд Лувсанвандангийн Болд ажиллаж байгаа билээ. Ноён Л.Болд эл өдрүүдэд Испани, Австрали, Индонез, Украин, Словень, Швейцарь, Швед Улсын Гадаад хэргийн сайд нартай тус тус уулзсан юм. Эдгээр уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан мэдээлэл хийж, санал солилцсон. Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн тус чуулганаар хэлэлцэх гол гол асуудлууд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн, Хүний эрхийн зөвлөлийн сонгуулийн асуудлаар ярилцсан юм.

Өнөөдрийн сурвалжлагадаа түүнээс авсан тодруулгыг онцлон нийтлэхээр шийдсэн юм. Шахуу хөтөлбөртэй, цаг наргүй ажиллаж буй сайд сэтгүүлчидтэй цөөн хором уулзаж, доорх мэдээллийг өглөө. 

-Олон жил яригдсаны эцэст АНУ-тай ил тод байдлын гэрээ байгуулсан. Нэлээд хөдөлмөр, ажиллагаа шаардсан энэ гэрээний талаар танаас сонирхмоор байна?
-Монгол Улс сүүлийн арваад жилийн турш АНУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар ажиллаж байгаа. Үүний эхний шат нь ил тод байдлын гэрээ юм. Үндсэндээ Монгол Улсын хөгжлийн үечлэлд нэгэн том гараа болох нэн чухал гэрээний эхний шат тавигдаж байна гэж ойлгож болно. Мөн сүүлийн үед бид их ярьж байгаа, хөрөнгө оруулагчдыг дэмжих, тэдний үйл ажиллагааг баталгаажуулах талаар. Энэ асуудлыг манай УИХ-аар ид хэлэлцэж байгаа үед Монгол Улс ийм гэрээ байгуулж байгаа нь маш чухал. 

-Та олон орны Гадаад хэргийн сайд, дипломатуудтай уулзаж байна. Зарим улстай визгүй зорчих хэлэлцээр ч хийлээ. Энэ талаар товчхон ч атугай мэдээлэл өгөхгүй юу?
-Бидний хувьд бүс нутаг болон хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа нэлээд хэдэн улс бий. Энэ чуулганы үеэр амжиж бид 30-аад орны сайдтай уулзахаар төлөвлөсөн байгаа. Дэлхийн улс орнуудын өндөр төвшний том цугларалт болохоор хоёр талын харилцааны олон асуудлыг нэг дор яриад явах боломж олдож байна. Энэ боломжийг бид хангалттай ашиглаж ажлаа амжуулахаар хичээж байгаа. Тухайлбал, иргэдийнхээ гадаад улс оронд зорчих нөхцөлийг сайжруулах, визгүй зорчих хэлэлцээрүүдийг байгуулах ажил нь манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч тусгагдсан байгаа. Энэ шатны ажлууд хийгдэж байна. Мөн НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох ажил явагдаж байгаа. Одоо 20 гаруй орон үлдсэн байна. Энэ үеэр бид Ванавату, Суринам зэрэг гурван улстай дипломат харилцаа тогтоож байна. Цаана нь Азиас цөөн хэдэн улс бий. Энэ бүхэн бол Монгол Улсын гадаад бодлогын идэвхтэй үйл ажиллагааны нэг хэлбэр. 

Монгол Улсын гишүүнээр нь элсэн ажиллаж байгаа олон улсын байгууллагууд олон бий. Өнгөрсөн онд элссэн Европын аюулгүй ажиллагаа, хамтын ажиллагааны байгууллагыг одоо Украйн улс даргалж байгаа. Эдний Гадаад хэргийн сайдтай уулзаж, цаашид яаж хамтран ажиллах талаараа  ярилцлаа. Энэ байгууллага бол бүс нутагт аюулгүй байдлын хамгийн том байгууллага шүү дээ. Мөн Индонезийн гадаад хэргийн сайдтай уулзсан. Аравдугаар сард ОПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болно. Бүс нутгийн эдийн засгийн хамгийн чухал энэ байгууллагад Монгол Улсаа элсүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ мэт олон чухал уулзалт, хэлэлцээрүүдийг энд хийж байна даа. 

-Колумб улстай визгүй зорчих асуудал жишээ нь яригдахад манай иргэд хар тамхины сэдвээр ихэд болгоомжилж байгаа нь анзаарагддаг.
-Дэлхий дээр аль ч оронд гэмт хэрэг байдаг. Колумб хар тамхи гэхээсээ илүү кофегоороо алдартай шүү дээ. Дипломат албан паспорттой хүмүүс эхний шатанд визгүй зорчдог болно гэдэг нь албан айлчлал болон дипломат ажлаар явж байгаа хүмүүст эхний ээлжинд саадгүй зорчих бололцоо нээгдэнэ гэсэн үг. Иргэдийн хувьд энэ харилцааг нээх эсэхийг сайтар нягталж, олон талаас нь үзэж байж шийдэх байх. 

-Манай улс НҮБ-ын гишүүн орон болоод олон жил өнгөрсөн байна. Энэ удаагийн 68 дугаар чуулганаас онцолж юу хүлээж байна вэ?
-Монгол Улс НҮБ-ын идэвхтэй гишүүн орон гэдгийг бид мэднэ. 2022 онд Аюулгүйн зөвлөлд анх удаа сонгогдохоор эрчимтэй хөөцөлдөж байна. Мөн НҮБ-ын нэр хүндтэй байгууллага болох Хүний эрхийн зөвлөлд ирэх жил сонгогдохоор ажиллаж байгаа. Энэ мэтчилэнгээр НҮБ-ын хүрээнд байр сууриа бататгахаар ажиллаж байна. Жил болгон Ардчилсан орнуудын бүлгийн хурал, Хөгжиж байгаа, далайд гарцгүй орнуудын зөвлөгөөн болж байна. Энэ бүхэнд байр сууриа илэрхийлж, хамтын ажиллагаагаа тодорхойлж байгаа. Энэ удаагийн ассамблей хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудлууд болон бусад олон чиглэлээр өрнөж байна. Энэ бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, байр сууриа илэрхийлж байгаа нь манай улсын хувьд маш чухал. Энэ ассамблейн онцлог нь хоёр олон улсын гэрээ байгуулсан. Нэг нь дэлхийн хэмжээнд зэвсгийн худалдааг хянах гэрээ хэлэлцээр юм. Энэ арга хэмжээнд Монгол Улс албан ёсоор орж, Гадаад харилцааны сайд гарын үсэг зурлаа. Мөн эрүүдэн шүүхтэй тэмцэх олон улсын конвенци байдаг. Бие хүн өөрийнхөө эрхийг хамгаалах, хүний эрхийн байгууллагад хандах нэмэлт протоколыг байгуулсан. Үүнд бид оролцлоо. Энэ мэтчилэн олон чухал уулзалт, хурлууд болно. Монгол Улс дэлхийн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа шилдэг 20 улсын  нэг. Энэ нь Монгол Улсын НҮБ-д эзэлж байгаа томоохон байр суурь. Үүнийг НҮБ үнэхээр өндрөөр үнэлж байгаа. Цаашдаа ч энэ байр сууриа улам хадгалж ажиллана гэж бодож байгаа. ЮНЕСКО зэрэг НҮБ-ын салбар байгууллагуудтай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлуудыг бид улам тэлж ярина. Ер нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган бол олон ажил бүтээх боломжийг олгодог нэг том орон зай шүү дээ. 

-Аюулгүйн зөвлөл, Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болсноор бидэнд ямар давуу талууд бий болох вэ?
-Аливаа байгууллагын удирдлагаар томилогдоно гэдэг өөрөө нэр хүндийн асуудал байдаг. Нөгөө талаар хариуцлага үүрч байна гэсэн үг. НҮБ-ын дээд байгууллагууд бол шийдвэр гаргах хэмжээнд ажилладаг учраас лобби хийх  шаардлага их гардаг. Тэр бүхэнд онцгой үүрэгтэй ажиллана гэсэн үг. Их нэр хүндтэй, тусгай статус хүлээж ажилладаг гэсэн үг. Үүгээрээ дамжуулж улс орныхоо хөгжилд хөшүүрэг болох боломж бололцоонуудыг нээхээс өгсүүлээд олон юм бий.  

-Манай Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хамт хурал даргаллаа. Хойшдоо манай хоёр улсын хамтын ажиллагаанд ямар ахиц гарах бол?
-АНУ бол ардчилал шинэчлэлийн үед бидэнд хамгийн их тусалж дэмжиж ирсэн орон. НҮБ-ын чуулганы хүрээнд АНУ-ын санаачилгаар зохиогдож байгаа цөөхөн арга хэмжээний нэг нь иргэний нийгмийн байгууллагыг дэмжих асуудал. Энэ асуудал нь өөрөө Монголын өөрийнх нь дэмждэг амин чухал асуудал. Монголын хамгийн анхны иргэний нийгмийн байгууллага болох Ардчилсан холбооны дарга байсан гэдгээ Ерөнхийлөгч өөрөө хэлсэн үгэндээ дурьдаж байсан. Өнөөдөр 6000 гаруй иргэний нийгмийн байгууллага Монголд бий болсон байна. Энэ бүхэн бол Монголын ардчиллын баталгаа шүү дээ. Ийм чухал сэдвээр хурал зохион байгуулж, Монгол Улсыг хамтран зохион байгуулагчаар урьсан нь АНУ-ын Монголын ардчилалд өгч байгаа үнэлгээ юм. Цаашид ч энэ чиглэлээр бусад улс оронд үлгэр жишээ үзүүлэхээр Монгол Улстай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлж байна. Бидний хувьд эдийн засаг, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Тийм учраас ил тод байдлын гэрээ байгуулахаар ажиллаж, эхний үр дүнгээ үзэж байна. Мөн Чикагод бид АНУ-ын бизнесийнхэнтэй уулзаж, зөвлөгөөн зохион байгуулна. Энэ бүх арга хэмжээ бидний хувьд асар их ач холбогдолтой. Цаашид үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалынхаа хүрээнд аль болох олон хөрөнгө оруулагчтай байх зорилтын төлөө бид ажиллана.  

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав