Хүний нэн тэргүүнд эрхэмлэн хайрлах зүйл бол эрүүл мэнд билээ. Тэгвэл энэ удаа эмийн зохистой хэрэглээний талаар уншигчдадаа нарийн ойлголт өгөх үүднээс Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Монос” эмийн сангийн эрхлэгч А.Одонтуяатай их ажлынх нь хажуугаар түр саатаж ярилцлаа.
-Өнгөрсөн сард эмийн тухай хуулийг чангатгалаа. Үүн дээр иргэд бухимдалтай байна. Энэ талаарх та юу хэлэх вэ?
-Эмийн тухай хууль бол хуучин байсан хууль шүү дээ. Харин хуучин байсан тэрхүү хуулиа жаахан чангалчихсан л байхгүй юу. Тухайлбал, жортой олгох эмийг жоргүй олговол тухайн эмийн сангийн жор баригчыг 500.000мянгаар торгоно. Мөн тухайн байгууллагыг 20.000.000 – 30.000.000 сая хүртэлх төгрөгөөр торгоно гээд заагаад өгчихсөн юм. Учир нь манай иргэд эмийн замбараагүй хэрэглээтэй, өөрийн дураар эмчийн жоргүй эм авч уудаг. Тиймээс дор бүрнээ хуулиа дагах нь зөв.
-Хуулиа дагах нь зөв байлгүй яахав. Гэхдээ архаг хууч өвчтэй, амь насны заалттай, эм ууж хэрэглэх шаардлагатай хүмүүст энэ хууль хүнд тусаж байх шиг байна...
-Тэгэлгүй яахав. Эмийн хамааралтай амьдарч байгаа олон хүмүүс бий. Тэд үнэхээр өрөвдмөөр... Тухайлбал, чихрийн шижинтэй хүмүүс байна. Тийм өвчтэй хүмүүс тарьдаг тариураа цүнхэндээ хийгээд бэлэн авч явж байдаг. Амиа аврах ганц зүйл нь тэр байдаг. Мөн астамтай хүмүүс байна. Хоолой руугаа цацдаг цацлагаа бэлэн байлгадаг. Үүнээс гадна бөөрний дутагдалтай хүмүүс гэхэд л уух уураг, даралтны эмтэйгээ явж байдаг. Сая эмийн тухай хуулинд олон эм шинээр жороор олгохоор хуульчихсан байна. Тухайлбал, харшлын эмийг жорын бичгээр олгох болсон нь иргэдэд хүндрэл учруулж байна. Үргэлж харшлын эм уудаг, үүнийгээ орой бүр уухгүй л бол унтаж чаддаггүй хүн ч бий.
Гэтэл харшлын арван ширхэг эм авах гэж нөгөө урт дараалалд суух чинь бас л хэцүү шүү дээ. Тэгэхээр үүнийг яг таг хөрсөнд буулгаж, судалгаатай байдлаар зохицуулалт хийхэд болохгүй зүйл үгүй. Төрөөс эмийн бодлого хариуцаж байгаа хүмүүс нь захын хорооллын эмийн сан дээр ирээд нөхцөл байдлыг хоёр, гурван хоног ажиглаж болно. Иргэд дийлэнх нь ямар эм авч хэрэглэж байгааг тандах ч боломжтой. Тухайлбал, даралтны эм чинь бүгдээрээ жортой, З0 ширхэгээр нь буюу нэг сараар эмээ авч чадахгүй байгаа иргэд зөндөө байдаг. Өдөр өдөрт нь цувуулаад л бага багаар нь эмээ авч ууна. Тийм хүмүүсийн өөдөөс “жорын бичиг” шаардаад зогсож байх хэцүү. Таван ширхэг, арван ширхэг эсвээс байнга уудаг эмээ авахын тулд урт дараалал зогсоно гэдэг бэрх.
-Тийм шүү. Амь нас нь эрсдэлд ойрхон хүмүүс ч байгаа...
-Мэдээж тэгэлгүй яахав. Зүрхний пульс ихсэж 110-120 хүрээд амьсгал нь хаагдах гэж байвал яах вэ. Мөнөөх эмээ бушуухан аваад хэл доороо хийчихвэл уг нь амиа аварч дөнгөнө. Гэтэл одоо тэр эм нь жорыг бичгээр олгогдох ёстой болчихсон. Тийм асуудалтай хүмүүст ядаж тусгай эмийн хууль гаргадаг ч юм уу, уян хатан байх ёстой байхгүй юу.
-Тухайлбал, шөнө шүд өвдлөө гэхэд бид жор хаанаас авч эм уух юм бэ гээд л хөврөх асуудлууд олон байна...
-Тиймээ, шүдний өвчин намдаахад уудаг налгезин байна. Энэ эм нь 275 болон 550 мг гэсэн хоёр янзын тунтай байдаг. Тэгтэл налгезины 550 мг-тайг нь жороор олгохоор хуульчилсан байх жишээтэй. 275 мг нь жоргүй олгож болно. Хүмүүс үүн дээр яадаг вэ гэвэл заавал өндөр тунтайг нь хэрэглэх сонирхолтой байдаг. Ер нь бүх төрлийн өвчин намдаагч нар ихэнх нь эмчийн жорын бичгийн дагуу олгогдохоор хуульчлагдсан байгаа. Ганцхан ибупрофен л жоргүй олгож байна. Мөн үе мөч нь өвдөөд өвчин намдаах эмд л дарагддаг настай хүмүүс байна. Тиймээс уг хуулийг эргэж сайн хармаар байгаа нь үнэн. Нийгмийн ахуйгаа сайн ойлголж, судалгаагүй шийдвэр гаргасан уу гэвэл гаргасан. Энэ нь жирийн иргэд болон тэр тусмаа настай хүмүүст хүнд тусаж байна.
-Та эмийн санчаар хэдэн жил ажиллаж байна вэ?
-Өдгөө арван жил ажиллаж байна. Намайг анх энэ хороонд эмийн санчаар ажиллаж байхад хүн ам цөөтэй, хэдхэн ахмадууд үйлчлүүлдэг байсан. Одоо бол эрс залуужсан. Яагаад гэвэл миний ажиллаж буй хороо хотын төвөөс хол байдаг. Агаар нь илүү цэвэр учраас хүмүүс ихээр суурьшдаг болсон. Хуучин 3.000 гаруй хүн амтай байсан бол одоо 6.000 гаруй хүн амтай болсон. Айл өрхийн тоо нь ч нэмэгдсэн.
-Та түрүүнд манай иргэд дураараа эм авч уудаг гэж байсан. Ер нь эмийн замбараагүй хэрэглээ юутай холбоотой вэ?
-Уг нөхцөл байдал яагаад үүссэн бэ гэхээр хувийн эмийн сангууд ашгаа бодоод эмийг жоргүй олгодог болсонтой холбоотой. Тэгээд иргэд нь жорын бичиггүй эм аваад сурчихсан юм. Энэ нь эмийн буруу хэрэглээ мөн үү гэвэл мөн. Хамгийн буруу хэрэглээ байхгүй юу. Эмийн зохистой хэрэглээ гэж юуг хэлээд байгаа юм гэвэл нэн тэргүүнд эмчид үзүүлж, дараа нь бичиж өгсөн эмийг нь зөв цагт, жорын дагуу уухыг л хэлээд байгаа юм. Түүнээс энэ эмийг ууж болно, болохгүй гэсэн юм байхгүй. Мөн нөгөө талаас гэвэл манай өнөөгийн өрхийн эмч нарын мэдлэг, туршлага үнэхээр дутагдалтай байна. Өрхийн эмч дээр очоод бичүүлсэн эм нь тухайн хүндээ үйлчилдэггүй. Үнэнийг хэлэхэд жороо бичиж мэддэггүй өрхийн эмч нар ч бий. Эмийнхээ нэрийг зөв бичиж чаддаггүйгээс гадна тухайн эмийнхээ олон улсын нэршлийг ч мэддэггүй эмч нар байна. Ийм эмч нартай байгаа тохиолдолд хүмүүс эрүүл мэндээ нэгт тавина. Тиймдээ ч л цаг гарздаж байхаар өөрөө эм авч уугаад хурдхан шиг эдгэхсэн гэж боддог. Үүнээс болж иргэд дураараа эм авч уух асуудал үүсээд байгаа байхгүй юу. Түүнээс биш эмч нь эмч шиг байгаад, эмнэлэг нь эмнэлэг шиг байж хүндээ хүртээмжтэй ажилладаг бол, иргэд нь эмнэлгийн шалан дээр коридорт хэвтдэггүй, эмнэлэг нь хүрэлцээтэй, эрүүл мэндийн үйлчилгээг иргэд бүрэн авдаг байсан бол ийм асуудал үүсэхгүй.
-Хүмүүсийн эрүүл мэнд муудаж байгаа шалтгааныг та юу гэж хардаг вэ?
-Хүмүүсийн өвдөж буй шалтгааныг би агаарын болон хөрсний бохирдол, нийгмийн хүчин зүйлсээс болж байна гэж хардаг. Мөн стресс бухимдал гэх мэт сэтгэл зүйн талын хүчин зүйлс ч нөлөөлж байгаа. Энэ бүхэн өвдөх шалтгаан болно. Үүнээс гадна уушигны ханиадны өвчлөл бол хамгийн дээд цэгтээ байна. Гэдэсний суулгалт маш их болжээ. Мөн бараг хүн бүр л ямар нэгэн харшилтай болж байна. Энэ юутай холбоотой вэ гэвэл цэвэр дархлалын системтэй холбоотой. Монгол хүмүүс нэгдүгээрт буруу эмийн хэрэглээнээсээ болж дархлаагүй болсон. Хоёрдугаарт хотын агаарын бохирдол, экологийн тэнцвэртэй байдал алдагдсантай холбоотойгоор хүмүүсийн эрүүл мэнд нийтээрээ муудаж байна. Би үүнд үнэхээр санаа зовж, эмзэглэж явдаг.
-Ер нь ямарваа нэгэн эмд хэтэрхий биеэ дасгах нь ямар хор нөлөөг бий болгох вэ?
-Эм гэдэг чинь нэг талдаа өвчнийг эдгээж байгаа боловч нөгөө талдаа хор шүү дээ. Манай иргэд ихэвчлэн эмд өөрийгөө хэтэрхий их дасгачихсан байдаг. Тухайлбал, антибиотик гэх эмийг ханиадны эм шиг ойлгодог. Ханиад хүрээд эмийн санд орж ирээд ханиадны эм авахдаа шинж тэмдгээ хэллээ гэж бодъё. Түүнд нь эм өгөхөөр “Энэ эмд чинь дарагддагүй юм аа, нэг амоксициллин өгчих л дөө” гэдэг. Тэгэхээр тэр хүн биеэ эмд дасгачихсан байгаа юм. Дураараа эм хэрэглэсний уршигаар мөнөөх эмээ л хэрэглэхгүй бол дарагдахгүй гэдэг ойлголт тархинд суучихсан байгаа хэрэг.
Энэ нь ямар хор уршигтай вэ гэхээр тухайн эм биед нь дасал болоод өөр хүнд өвчин тусахад эдгэхээ байчихдаг. Жишээ нь, нянгийн гаралтай өвчин туслаа гэхэд нянг нь устгах гэхээр антибиотик нь дарж дийлдэггүй. Мөн жаахан хүүхдэд том хүний тунгаар буюу 500-1000 мг - аар жор бичдэг болчихсон байна лээ. Энэ нь хүмүүсийн бие эмд зохицож, зарим өвчин илүү тэсвэртэй болсныг харуулж байгаа юм.
-Үүнээс гарах ямар шийдэл бидэнд байна вэ?
-Эмгүйгээр өөрийгөө эрүүл байлгах арга замыг олох хэрэгтэй. Зөв хооллолт, дасгал хөдөлгөөн гэх мэт... Мөн нөгөө талаасаа иргэдийг эрүүлжүүлэх талбай хэрэгтэй байна. Өглөө, оройдоо гараад дасгал хөдөлгөөн хийхэд нь зориулсан талбай. Иргэдийг төлөөлж их хуралд нэр дэвшсэн, дүүрэг хороондоо ажиллаж байгаа төлөөлөгчид ийм зүйлийг хийгээсэй гэж боддог. Иргэд нь эрүүл байж эх орныхоо гэрэл гэгээтэй ирээдүйг бүтээнэ биз дээ.