Цагаан сар бол өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгосон монголчуудын баяр юм. Энэхүү баярыг эртнээс эдүгээ хүртэл  уламжлан тэмдэглэсээр ирсэн билээ.  Цагаан сарыг хориглож байсан тэртээх жилүүдэд монголчууд тэрхүү шийдвэрийг яаж хүлээж авч байв. Мөн хүүхэд насандаа цагаан сараа аав, ээжтэйгээ хэрхэн тэмдэглэж өнгөрөөдөг байсан тухай ахмад сэтгүүлч, Түүхийн Ухааны доктор, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн А.Баярмагнайтай ярилцлаа. Түүний аав тайж угсаатай, нутаг орондоо “Дууч Адъяа” хэмээн нэрлэгддэг байсан улсын алдарт уяач хүн байжээ. 

-Цагаан сар монголчууд бидний уламжлалт баярын нэг. Мөн зөвхөн монголчууд ч биш азийн бусад орнууд ч тэмдэглэдэг. Энэ сэдвээр  яриагаа эхлэх үү ?

 -Билгийн тоолол хаана хэрэглэдэг байна тэнд л цагаан сарыг тэмдэглэдэг. Хятад, Вьетнам  зэрэг улс орнууд цагаан сарыг мөн тэмдэглэнэ. Намайг тухайн үеийн ЗХУ-д  оюутан байхад вьетнам  оюутнууд цагаан сарыг хийдэг байсан. Тэгэхдээ тэдний цагаан сар манай монголын цагаан сараас  нэг хоногийн зөрөөтэй  болдог. Мөн хятад манайх  хоёр бол хэдэн жил болоод л сараар зөрж тэмдэглэдэг.  Энэ нь төгс буянтын зурхай, шар зурхай хоёр хоорондоо өөр  байдагтай холбоотой. 

- Төгс буянтын зурхай,  шар зурхай хоёр нь юугаараа өөр байдаг юм бэ. Нэг хэсэг цагаан сар дөхөхөөр л хооронд нь маргаан дэгддэг байсан ?

-Шар зурхай гэдэг нь хятад зурхай юм. Хятадын шар мөрний сав газрын ай савд тохируулсан зурхай байдаг юм. Харин төгс буянтын зурхай гэдэг нь монгол зурхай юм. Төгс буянт зурхай бол сарны тооллын  дагуу монгол орны цаг уур, газар зүйн байрлалд тохируулж бүтээсэн зурхай.  Энэ  зурхайн дагуу жил бүрийн цагаан сараа бид тэмдэглэдэг.  Миний  хувьд төгс буянтын зурхайн юунд нь итгэн үнэмшдэг вэ гэхээр хан уулын ар, хатан туулын хөвөөний газрын хуваарьт тохируулсан байдагт нь юм. Хан-Уулын ар гэдэг нь уртрагийн цэгийг хэлж байна. Тэр нь 106. Харин хатан туулын хөвөө гэдэг нь өргөргийг  хэлж байгаа юм. Тэр нь 47. Энэхүү өргөрөг уртраг хоёр хоорондоо огтлолцож  байгаа юм .Тэгэхээр Улаанбаатар хотын  газрын хуваарьт тааруулсан  гэж үздэг. Тиймээс би итгэдэг юм. Хуучин цагаан сар гэж цагаа идээ дэлгэрсэн намрын сард хийдэг байсан  гэдэг.  Сүүлдээ өвөл хаврын заагаар хийдэг болсон байгаа юм.

-Та цагаан сар монголчуудын он тоолол гэлээ. Монголчууд цагаан сар тасралтгүй тэмдэглэж  ирсэн ард түмэн. Гэтэл түүхэндээ тэмдэглэхийг хориглож, тасалдуулж байсан үеүдийг ч туулсан байдаг. Та тэр үед хэдэн настай хүүхэд байв?

- Тийм. Тэр жил маршал Чойбалсан Москвад Кремлийн больницад нас барсан.  1952 оны нэг сарын 26 байсан юм.  Би 1944 оны хөх мичин жилийн хүүхэд. Тухайн үед би хоёрдугаар ангийн сурагч байлаа.  Маршалын шарилыг нааш нь галт тэргээр авчрах үед монголын цагаан сар болж байсан. Тэр үйл явдалд зориулж гашуудал зарлаад, бүх айлын идээ шүүсийг хураасан юм гэдэг. Тэгсэн ч тухайн үед  хүмүүс гашуудлын тэмдэг улаан хар даавуу зүүчихээд айл хэсээд “цагаан сар” тэмдэглээд явж  байсан. Түүнээс хойш цагаан сарыг тэмдэглүүлэхгүй гээд чангалаад л байсан. Тэгэхдээ тэр нь хөдөө нутагт бол тасраагүй. Уулын мухарт өвөлжиж байгаа айл бүхнийг цагаан сар хийж байна уу, үгүй юу гэдгийг гүйцэж хянах хяналтын систем До яаманд (Дотоод явдлын яам) байгаагүй байх. 

-Тухайн цаг үеэ дагаад хадаг хүртэл ховордсон гэж үнэн үү?

-Тэр үнэн. 1950-1960-аад оны эхээр хадаг ердөө олдохоо байсан. Учир нь 1930-1940-өөд оны үед шашныг устгаж, сүм хийдийг тарааснаас энэ бүхэн  үүдсэн юм. Хадгийг ад үзээд сүүлдээ ташуурны сагалдарга, өмдний тэлээ хийгээд дууссан гэдэг. Манай  эмээ намайг  оюутан болдог жил цагаан сар тэмдэглэх гээд гандан руу Галсан гуай гэдэг танил ламаас  хадаг аваад ир гэж явуулж билээ. Тэр ламаас очоод гуйсан чинь ганц хадаг өгч байсан юм.

-Цагаан сар хийхийг хориглосон жилүүдэд монголын ард түмэн тэр шийдвэрийг хэрхэн хүлээж авч байсан бол?

-Монголчууд цагаан сар хориглосон цаг үед наанаа хийхгүй байх дүр үзүүлж,  цаанаа бол нууцаар тэмдэглэж байсан. Ер нь монголын хүн ам, энгийн ард олны дунд бол тасраагүй. Аймгийн төв , сум төв зэрэг суурин газруудаар илүүтэй хориглож байсан. Харин хотод 40 мянгатад бол тасарсан байх. Сүүлдээ малчдын баяр гэж хийгээд, 1960- аад оноос хойш нэгдэлчдийн баяр гэж хийгээд байх болсон. 1990 он гараад л хуучиндаа орсон доо. Цагаан сарыг хориглож байсан он жилүүдэд манайх гэдэг айл бол огт таслаагүй.

- Танайх энэ жилүүдэд цагаан сараа ямаршуухан тэмдэглэдэг байв ?

- Манайх хөдөө ч, сумын төвд ч тэмдэглэж л байсан. Манай ажаа  гандан хийдэд  арваад жил суучихсан хүн байсан болоод ч тэр үү цагаан сараар бурхны номоо их уншина л даа. Миний архи дарс уудаггүй, арилжаа наймаа хийдэггүй, мөрийтэй тоглодоггүй зэрэг бүх төлөвшил ажаагийн минь надад олгосон хүмүүжил юм даа.  Манай аав намд элсээгүй. Тэгсэн хэрнээ Бор-Өндөр сумын долдугаар багийн даргыг 12 жил хийсэн. Уртын дуу дуулдаг, морь уядаг хүн байлаа. “Уяхан замбуу тивийн наран”, “Өвгөн шувуу” зэрэг томоохон уртын дуунуудыг шилж дуулдаг. Уртын дуучин, “нарийн хоолойт” хэмээх гавьяат жүжигчин Д.Долгоржав гэдэг хүнтэй найран дээр хоршиж дуулж байсан гэдэг. Манай аавыг тэр найран дээрээс гарахад араас нь Д.Долгоржав гуай гарч ирж тусгайлан танилцаж байсан гэнэ билээ.  Харин цагаан сараар  хичээл  тасрахгүй, төрийн албан ажил тасрахгүй,ажлыг ердөө таслахгүй явж ирсэн юм шүү. Амралт гэж байхгүй. Тэгсэн хэр цагаан сараа тэмдэглэчихээд л байна. Манай ажаа бол биднийг хичээлдээ явсан хойгуур хаалгаа гаднаас нь даруулчихаад өдөржин гэртээ сууж номоо уншаад л, засал хамаг юмаа хийчихдэг байсан. Ер нь  мөн чанартаа бол монгол нутагт цагаан сар тасраагүй. Өнгөндөө бол хориод хийлгэхгүй байсан мэт боловч цөм араар нь хийж байсан. Сумын төвийн цагаан сар хөдөөний цагаан сараа бодвол арай ховор зэвэрхэн атлаа хөл дэндүү ихтэй. Учир нь сумын төвийн хүүхдүүд чинь сумын төвийн бүх айлаар орно. Нэг сонин юм нь намар тэмээ алж идсэн айлаар хүүхдүүд ордоггүй байлаа. Сумын цагаан сартай харьцуулахад  хөдөөний цагаан сар чинь мундаг болно шүү дээ.

-Яагаад тэмээ алж идсэн айлд ордоггүй байсан юм бол ?

-Хангай нутгийнхан чинь тэмээ идэхгүй шүү дээ. Идэх хонь мал цөөтэй айл л тэмээ иднэ. Тийм айл сумын төвд ганц нэгхэн байна. Хүүхдүүд тэмээний тосонд чанасан боов авахгүй гэж тэр айлаар орохгүй байгаа юм байхгүй  юу.

-Хөдөөний цагаан сар сумын төвийн цагаан сараас юугаараа чухам өөр болдог байв. Манай үндэсний нэг том өв соёл болохоор илүү дэлгэрүүлж асуугаад байгаа юм?

-Хөдөөний цагаан сар илүүтэй элбэг дэлбэг болдог байлаа. Хөдөө цагаан сараар 5-10 км-ын цаанаас морьтой зорьж очно шүү дээ. Отрын айлуудаар их хэснэ. Сумын төвд бол явган. Манайх нэлээн бололцоотой айл байсан л даа. Юм юмтай. Цагаан сараар ховор нандин амттанууд чинь жинхэнэ гарч ирнэ шүү дээ. Битүүний үдшийн идээ зоогийг бол эрт нартай байхад засдаг байсан.  Үдэш битүүлнэ. Том идээгээ засчихаад манай хамгийн том эгч ижий рүү хараад л, тэрэн дээр юу нэмэх үү, мөсөн чихэр нэмэх үү, ёотон нэмэх үү, бурам нэмэх үү гэх мэтээр асуугаад л... Манайх бол их идээ гэж засаад, бурхны идээ гэж бас засаад, үүдний идээ гэж мөн засдаг. Үүдэнд жижигхэн ширээн дээр идээ засдаг байсан. Идээ бүхэндээ нар хамба, нандин чавга, мөсөн чихэр, бурам, дугуй цагаан гээд л тэр үеийн ховор нандин амттануудаар идээгээ чимдэг байлаа. Эдгээр амттан дотроос дугуй цагаан гэж гоё юм хийдэг байсан. Цагаан гурилыг элсэн чихэртэй  шар тосонд хуураад жаахан чийглээд хэвэнд цутгачихна. Харахад түүхий ч юм шиг зүйл байдаг байж билээ. 

- Та бэлтэй айлын танхил хүү байжээ. Битүүний орой хүүхдүүдэд тусад нь  хувь хүртээдэг байв уу. Зарим нутагт тийм заншил байдаг юм билээ?

- Социализмын үед анкетандаа ядуу айлын хүүхэд гэж бичдэг байсан боловч монголын айл бүхэн ч тийм ядуу зүдүү байгаагүй юм шүү дээ. Гэртээ  би айлын ганц хүү учир аав ээж минь надад хүүхдийн хувь гэж битүүний орой  онцгой хувь өгнө. Хонхтой  шаант, үнхэлцэг, цагаан мах зэргийг өгнө дөө.   Хонхтой шаант гэдэг нь хонгоны махыг залаанд нь үлдээчихсэн их махтай шаант. Тийм хишиг авна. Битүүлэхдээ гэр бүлийн хүн болгон байна. Хониныхоо хүнийг хүртэл заавал байлгадаг. Манайх мал ихтэй болохоор хоньчинтой айл байсан. Хоньчин гэдэг нь бидний гэр бүлийн гишүүн шиг болчихсон хүнийг хэлнэ. Битүүний орой айлуудтайгаа бууз, банш, цай солилцдог. Мөн нохойгоо цадтал хооллоно. Битүүний үдэш бас заавал 88 шагайгаар алаг мэлхий өрнө. Том эгч охин дүү хоёр маань идээгээ засалцаад, дараагийн эгч маань алаг мэлхий өрж тоглоход оролцоно. Би гадаа морь малны ажилд туслаж орж ирээд тусална. “Мэлхий” гэж Цогт тайж киноны нэг дуу байдаг юм. Арслан тайжийн дуу. Алаг мэлхий тоглохдоо манай том эгч энэ дууг аялангаа инээгээд л тоглоно. Мэлхий мэлхий нэг амтай, хоёр нүдтэй , дөрвөн хөлтэй... гэж дуулдаг дуу байдаг юм.  Би 1990-ээд онд монгол телевизийн цагаан сарын нэвтрүүлгийг нэг удаа  хөтөлсөн юм. Тэгэхэд соёл урлагийн их сургуулийн Тунгалаг гэдэг оюутан хүүхэн “Мэлхий” дууг ёочингоор тоглоход хүүхэд насны дурсамж сэдрээд хөөрхөн санагдаж байж билээ. 

- Цагаан сараар бас намар хадгалсан хөхүүртэй айргаа задалж ууна биз дээ?

- Өө тэгнэ. Цагаан сараар намар хадгалсан айрагныхаа охийг задална. Өвлийн айргийг дандаа халааж ууна шүү дээ. Айраг гэдэг чинь дулаан цагийн ундаа. Хүйтэнд айраг уух бол дандаа халааж ууна. Хүйтэнд хүйтэн айраг уувал өвчин хууч сэдрээнэ. Айргаа битүүний орой л сөгнөнө шүү дээ 

- Тэгээд л шинийн нэгний өглөөтэй золгоно. Үнэхээр сайхан шүү...

- Шинийн нэгний өглөө мориндоо мордож зүгээ зүглэнэ. Цагаан сараар чинь оторт явсан адуунаасаа морьд авчирч унана, дэлийг нь сайхан засна. Дээр үед  цагаан сараар заримдаа  бага сургууль завсарлаад хаврын амралт тохиодог байв. Аав ээждээ золгочихоод л би “товлой хээр” гэдэг морио унаад айл хэсдэг байлаа. Энэ “товлой хээр”  морь минь л намайг анх морь унахад  сургасан. Аймагт түрүүлсэн, улсад долоод давхиж байсан хурдан морь. Хээр морио унаад л наамал гутал буюу, жижигхэн монгол гуталтай, лоовуузан малгайтай, нударгатай дээлтэй ганган хөвүүн ах эгч нараа дагаад л явдаг байлаа даа. 

- Танд энэ бүхнээс хамгийн дурсамжтай, сэтгэлд тод үлдсэн ямар цагаан сар байдаг вэ?

- 1953 оны цагаан сараар юм уу даа, манайх отроор нүүгээд Баян-Өнжүүл, Бор-Өндөрийн айлууд  Ширээт, Лүнгийн нутагт очсон юм. Тэгэхэд Өнжүүлийн  цэцэн Тэрбиш гэдэг хүнийг анх харж байлаа. Цэцэн Тэрбиш чинь ерөөлч, аман яруу найрагч хүн байсан юм. Тэр хүний бичсэн ерөөл магтаалын эмхэтгэл ном нь хэвлэгдээд гарчихсан. Хүүхдүүд тэр номыг нь уншчихсан байсан. 

- Ерөөл хэлж байхтай нь таарчээ дээ. Ямархуу дүр төрхтэй, аяг зантай хүн байсан бэ?

-Анх цэцэн Тэрбиш гуайг харахад дээлээ толгой дээгүүрээ нөмөрч байгаад дээлээ бүслэж байсан. Хүүхэд байсан болохоор их сониучирхаж харж билээ. Дунд  зэргийн нуруутай хөх хүн байсан.  Тухайн үедээ орон нутагтаа нэрд гарчихсан . Цэцэн Тэрбиш гуайтай чинь  зохиолч Д.Сэнгээ гуай очиж уулзаж байсан байдаг юм.Тухайн  үед чинь Д. Сэнгээ гуай монголын зохиолчдын эвлэлийн дарга байлаа.Тэрбиш гуайн хэлсэн ерөөлийг бичиж тэмдэглэж авч ном болгож гаргаж байсан юм. Тэр үед чинь ардын ерөөлч магтаалчдыг их дэмжиж байлаа. Улсын наадмаар  орон нутгийн аль авъяастай уртын дуучид, ерөөлчид ирээд д л дуугаа дуулж, ерөөлөө хэлдэг байлаа. Тухайлбал, дорнодын Жигмэд гуай,төв аймгийн Тэрбиш,увсын Бат зэрэг авъяастай ерөөл магтаалчид улсын наадмаар ирдэг байлаа.

- Таны багад цагаан сараар  “Хаврын морь уралдаан “ болдог байв уу?

-Болдог байсан. Өнжүүлийн уулын ард “Уралдаан цохио” гэж байдаг юм. Тэнд  цагаан сараар хаврын уралдаан хийдэг байсан, одоо ч  хийж байгаа. Тэрхүү хадан цохио дүүрэн бичигтэй, уралдаанд түрүүлсэн морьдын зүстэй, эзнийх нь нэрийг биччихсэн байдаг. Хавар морь уралддаг ёс эрт дээр үеэс байсан гэдгийн бодит жишээ тэр хадан дээр бичээтэй байна даа. Тэрхүү “Уралдаан цохионд” миний эцэг Адъяа 14 настайдаа манай өвөө  Дамдинжавын “хулгар улаан” гэдэг морийг унаж түрүүлж байсан тухайгаа надад ярьдаг байсан. Манай эгч нар ч хаврын уралдаанд хурдан морь унан түрүүлж, би ч уралдаж дундуур давхиж л байлаа. Тэнд хаврын уралдаан болоод хэдэн зуун жил болсон газар. 1972 оноос түрүүлсэн морьд эздийн нэрийг бичээд 60-аад жил болчихсон байгаа юм. Энэхүү уралдаан болдог байсныг цаасан дээр бичиж үлдээсэн нь Ларсон гүний номонд бий. Адуу гэдэг бүлэг нь “монголд банк байхгүй” гэх өгүүлбэрээр эхэлдэг. Тэр бүлэгтээ хаврын морин уралдааны тухай бичсэн байдаг юм. Хүүхэд насны цагаан сар ийм л сайхан болдог байлаа даа.

-Амттай сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Дараа манай сэтгүүл тантай илүү өргөн хүрээнд урьж ярилцахаар төлөвлөсөн байгаа. Та бидэнд цаг гаргана биз дээ?

-Тэгэлгүй яахав. Би сэтгүүлчийн мэргэжил эзэмшээд 60 жил болсон байна.Нас бол тэтгэвэрт гарна. Харин мэргэжил бол тэтгэвэрт гардаггүй юм шиг байна. Тиймээс би сэтгүүлч хүнд ярилцлага өгнө өө. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав