Ахиад л намуудыг чиглэсэн, парламентын засаглалыг будсан дайрлага

Улс төрд өрнөж буй бужигнааны гол талбар  МАХН болоод байна. Тодруулан хэлбэл энэ удаа тэд  ямар ч гадны хатгаас хутгаасгүйгээр өөр зуураа  дотоодын дажныг өрнүүлээд  удлаа. Йинхүү мөддөө намжихгүй энэхүү дажинд хэн хүнгүй татагдан орж дээлээ уралцан ноцолдож, дээр доороо орон бужигнасаар ээлжит бага хуралтайгаа золгох гэж байна. Ийм ч юмнаас боллоо, тийм ч балгаас үүдлээ гэлцэн элдвийн үсчсэн шалтгаан гаргаж ирэн  алалдаж байгаа ч энэ нь бараг жам ёсны гэмээр уналт ирж байна гэхэд бишээ гэж хашгирах тэнэг одоо лав байхгүй болсон бололтой. Юутай ч энэ бүхэн “Намууд л биш болчихсон юм байна. Ерөөсөө энэ улс төрийн намуудыг тараая” гэж хөнжилдөө шивнэлдэж байгаа холын зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн таалалд хачин нийцтэй өрнөж байгаагаараа  гунигтай үзэгдэнэ.

Нүдээ аничихаад л самардалцаад байвал тэдний жортой энэхүү дайн монголын улс төрийн тулгуур хоёр хүчнээс эхлүүлэн намуудын бүслүүрийг  эвхэж эхлэх нигуртайг үгүйсгэж боломгүй харагдана. Энэ утгаараа эдний энэ дайн хүчирхэг их цэвэрлэгээг явуулаад л өрх гэрээ цэгцэлж авснаар өндөрлөвөл сайнсан гэх ажиглагчдын тоог нэмж байна.

Хачирхалтай нь Ардчилсан намыг туулсан зовлон болгон нь хүчирхэгжүүлж ирсэн бол МАХН-ыг учирч байгаа болгон нь улам тарааж тарамдуулж байгаа нь ажиглагдана. МАХН хэмээх энэ их айлд хулгайн бузар (зарим нэг хүн хэрүүлийн бузар хэмээх нэр томъёо хүртэл гаргаж ирэн хэвшүүлэх гэж үзсэн жинхэнэдээ бол хулгайн л бузар юм шүү ) нүүрлэн ужигарснаас тогоон доторх нь ийнхүү зад тавин гадагшилж эдүгээ цэнгэлдэх хүрээлэнгийн гол тайзан дээр үзэлцэж байгаа юм. Фронтын хоёр талд М.Энхболдыг намын даргаас зайлуулж, намаа буруу гараас аварна хэмээн нэгдцгээж байгаа хал цэргүүдийн салаа, нөгөө талаас Н.Энхбаяраас намаа нэг мөсөн салгаж өрх гэрээ өөд нь татна гэсэн эрээвэр хураавар бүтэцтэй  өргөтгөсөн ангийнхан харагдана. Хэн нь ялахыг үзэгчид өвлийн эхэн сард харна гэх.

…Улс төрийнхны энэ мэт тулалдааныг ардууд их том шалтгаантай байж таарна гэж итгэн хүлээцтэй ажигладаг. Тийм дээ ч манай олон нийт улс төрийнхний хэрүүл тэмцэлд бас ч гэж тэгтлээ  яаран татагддаггүй. Гэтэл жинхэнэдээ бол тэдний алалдаан адгийн заваан хүсэл шуналаас л үүдэлтэй байдаг. 

…Эрх мэдэл, албан тушлын төлөөх  өчүүхэн хүсэл шуналын замдаа хамаг л хүн чанар, хамаг л сайн сайхан бүхнээ гээн бүгдийнх нь тусыг ичгүүр сонжуургүй аван мөр дээр нь гишгэлсээр дээшээ гарч ирээд нуруугаа харуулан одоцгоодог  улс төрийн томчуудын урьдын нүгэл нүдээрээ гарч, тэдний төлөө ганцхан заяах амьдралынхаа ихэнх хэсгийг байгаа болгонтойноо өргөөд хоцорсон доод дунд эгнээнийхэн эдүгээ уур хилэндээ багтран төрсөн гэрээ буулгахдаа тулж байгаа нь л энэ юм. Энэ ч бас жам ёсны цээжиндээ гашуун цэртэй босогчид. Хүндэтгэх шалтгаантай гэх үү дээ.  Дандаа улаан туг, шар дээлний гялбаанд дарагдан, даллавал гарч ирж, далайвал далд орж явах гэж юу байхав. Би хувьдаа М.Энхболд, У.Хүрэлсүх тэргүүтэй улстөрчдийн цээжинд дүрэлзэх халуун галыг буруу гэхгүй. Улс төрд урвайж унжийж, урд хойдохоо харсаар үсээ бууралтуулж явдаг лойдоруудаас  гавъяа хүлээгээд нэмэргүй байдаг. 

….Улс төрд ямар ч хүчтэй аавын хүү байсан ганцаараа цойлж, ганцаараа гарч ирдэггүй. Улаан цайм бусдын нөмөрт өдөлж, бусдын ачыг хүртэж, бусдын дэмээр бойждог. Хичнээн би агуу…би…би хэмээн хашгиравч  амьдралын үнэн гэж байдгийг умартсан шалтгаан л одоогийн МАХН-ыг нурааж, лидерүүдийг нь тал тал тийш харуулсан гэдгийг  тэмдэглэмээр байна. Бүх зүйл хувийн харилцаанаас үүддэг. Үндсэндээ амьдрал бол зан чанар шүү дээ. Хэн хүний үнэргүй аашилсан тэр үйлийн үрийг тарьдаг.

МАХН-д дундаа ганц жийптэй тэрэндээ чихэлдэн суугаад  хөдөө хотгүй хэдэн нөхөд хэлхэлдэн явсаар хууччуулыг буулгаж байсан цаг бий. Гэвч одоо нөгөө жийпнийхээ эзэнг ч жийчихсэн. Цагийн хэцүү, амьдралын туниагүй үедээ ханилж, ихэр бяруу шиг явсан нөхдөө тэнгэрийн суудлаар зольж толгойдоо титэм духдуулсан хаан болон хэсэг бараа бологсдынх нь зүг эдүгээ хамаг л  уур хилэн эргэжээ. Бас л ойлгох ёстой шалтгаан юм шиг.

….Энэ бүхний хажуугаар 90 дөхсөн  өндөр настай МАХН-ыг бушуухан нүдийг нь аниулж, МАХН гэх хуучин танил дөрвөн үсэгний томъёололтой Монголын Ардчилсан Хөгжлийн Нам гэх шинэ нэртэй ч хуучин хэдэн хулгайч нарын бүтэцтэй нэгэн нууц нам цагаан ордны газар доорхи хонгилд гарч ирэх тохиромжтой цагаа хүлээн анаж суугаа гэх нэгэн сонин мэдээ улс төр орчмоор ид түгэж байгааг дуулгая.

 МАХН-ыг гэнэт аврахаар боссон 13 гэж хэн бэ

Саяхан л “Энэ Энхбаяраас л болж нэг мөсөн сүйрлээ” хэмээн орилж явсан  одоогийн ерөнхийлөгчийн хуучин командынхан хагас хугас эргэж нэгдэн гэнэт М.Энхболдын эсрэг боссон явдалд ажиглагчид онцлог нь олигтой дүн тавьж өгөхгүй байна. Хэдийгээр өөрсдөө баатарлаг баатарлаг мэдэгдэл уван цуван ээлж дараагаар хийж нэр нүүр олох оролдлог хийцгээсэн ч тэдний тарыг нийгэм нэгэнт таниж ядаад байхааргүй хуучны кадрууд болохоор тэр биз. Харин ч элсний 13-ын дотор лидерүүдтэй анх л мөр зэрэгцэж ирэн арай нэг өөр түвшинд харагдаж үзэх гэсэн ганц нэг сэрүүн зүүдтэй бор бааз тэмцэгчид өөртөө байсан цорын ганц ардаас тал олдог энгийн шинжээ алдаж нэг мөсөн балрав. Иймэрхүү эрээн бараан бүтэц бүрдүүлж яаран сандран хүний гар хөл болж зохион байгуулалтад орсноороо хэвийн, мөрийн нэр нүүртэй явсан хэд хэдэн улстөрч байдаг л нэг албан тушаалын явцуухан шуналаас давахгүй амьтад байснаа харуулж орхисон. Одоо монгол хүн нэг нүхэнд хэд бүдэрч байж ухааждагийг л харах бидэнд үлджээ. Тэдний цаасан дээр тунхагласан “зарчмын” гэх тэрхүү шаардлагууд нь улс төрийн халхавчинд явж л байдаг хоосон жүжиг. Намын даргыг Ерөнхий сайд хавсран хашдаг жишгийг тэгж ярьвал хэн тамгалсан билээ. Өөрсдөө шүү дээ. Буусан сайд нар маань шударга үнэний дуучид байсан юм бол өөрсдөө албан тушаалаасаа огцорхоос өмнө одоогийн энэ шаардлагаа тавьж байх нь яасан юм гэх асуултыг хүн болгон тавьж байгаа. Тэтгэвэртээ гарахаас айж үнхэлцэг нь хагарах шахсандаа арга буюу амаа олохгүй харааж зүхэж явсан нэг буулган дороо эргээд хоргодцоосныг нь харах дэндүү эмгэнэлтэй үзэгдэж байна даа гэх өрөвдлмөөр үгс тэдний нүүр рүү шидэгдэж байна. Эд маань ингээд нүүрэндээ үнэхээр эвгүй баас түрхүүлчихдэг байж ээ. Уг нь Улааны ухаан, Мөнх-Оргилын зөв имиж, Одбаярын элдэв савалгаагүй тогтуун төрх, Шаравдоржийн ясны чанарууд өөр өөрийнхөөрөө жаахан хүлээзнэж байсан бол…гэх харуусал улс төр гадарладаг хүрээнийхэн дотор нэвт явж байна.

М.Энхболдод яагаад нийгэм итгэдэг вэ

Түүнийг хэдийгээр одоо юм юмтай хутгах гэж хавсайдан шахаж байгаа ч олны дундаас олсон дулаан чанартай, за гэвэл ёогүй, амласандаа хүрдэг , хүнийхээ хувьд  зангаргатай, ханилж явснаа жижиг том гэж гээлгүй чирсээр явдаг гэх нуруутай түүх нь хадгалагдсаар байна. Тийм ч учраас эдүгээ түүний зүг намынх нь доод дунд эгнээнийхэн тэр чигээрээ шахам эргэж байгаа гэх. Улстөрчийг байгуулсан гавъяа, хүн чанар хоёроор хэмждэг. Өөрөөр хэлбэл хэн байснаар нь. Мэдээж хэр улирдагч байсан, хэр хүн байсан, хэр нөхөр байсан гэх хэмжүүрүүд дотор нь багтана.

Эдүгээ М.Энхболдыг улс төртэй төргүй хамтдаа явах тангарагтай анд нөхөд нь, төрийн албанд хамтдаа зүтгэж явсан ажил хэргийн хамт олон нь, намынх нь янз бүрийг үзэж амссан кадрууд гээд бүгд л дэмжиж байна. Дээр нь залуучууд байгаа. Тэгээд экс ерөнхийлөгч Н.Багабанди, Ц.Нямдорж гээд том том кадрууд түүнийг дамжиж зогссон нь хямдхан хана хэрэм биш.

…Дуугараад өгөөсэй гэхэд духаараа хараад сууж л байдаг тэвчээртэй Энхболд харин саяхан танхимын дөрвөн сайдаа огцруулах санал оруулж ирж гайхшрууллаа. Хүний ч шахаа юм шиг, өөрийнх нь ч санаа юм шиг энэ хачин ойлгомжгүй алхам танхимын зарчмаар ажиллах алтан дүрмийг гишгэсэн алдаатай гэмээр алхам болсныг зарим тоймчид онцолж байгаа. Тэр дунд зэрэглэлийн албан тушаалтнууд буюу агентлагийн захирлуудтай хариуцлага тооцож чадахгүй шууд бөөр лүүгээ ноцсон санал оруулж ирсэн нь түүнийг ийн  тодорхойгүй харагдуулж байгаа юм.

М.Энхболд ерөнхий сайдаа өгсөн ч, намын даргаас буусан ч монголын улс төрд хугацаа нь дуусч байгаа кадр биш билээ. Тиймээс түүний зүг үлээлгэж буй салхи шуурга тийм ч түргэн амжилтанд хүрчихгүй болов уу. Юутай ч энэ удаа “нам гэх там байна” гэж турхираад байгаа засаглалын шинэ хэлбэрийг горилогчдын эсрэг зогсч, намыг хуучин буулганаас нь салган үлдэж чадвал хэсэгтээ МАХН-ын түүхэн дэх энэ удаагийн том хямралд түр цэг тавигдаж, сэхээ авах хугацаа гарч ирэх магадлалтай юм. Энэ нь үндэсний үзэл гэх одоогийн байдлаар адгийн заваан амьтадын орогнох газар болоод байгаа үзэгдлүүдэд ч, улс төр дэх эх захгүй урвалт шарвалтад ч, албан тушаалын төлөө яахаас буцахаа байсан бохир хуйвалдаануудад ч сануулга өгөх алсын нөлөөтэй. Улс оронд маань хийх ёстой, урагшаа алхах ёстой амин чухал шаардлагууд гэж бас бий шүү дээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав