Дэлхийн эдийн засгийн 41 дэх удаагийн чуулган буюу “Давос 2011” нь “Шинэ бодит байдлын төлөөх хэм хэмжээ” гэх уриан дор зүүн Швейцари дахь  “Davos-Kloster”-ийн сувиллын хотхонд болж өнгөрлөө. Жил бүр дэлхий нийтийн анхаарлын төвд болж өнгөрдөг энэхүү дэлхийн эдийн засгийн чуулган нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг засгийн газрын бус олон улсын байгуулага юм. Өнгөрсөн жил 40 орчим орны төр засгийн тэргүүн, 2500 орчим тэргүүлэх эдийн засагчид, нэртэй банкирууд, бизнесийн томчууд хүрэлцэн ирсэн бол энэ удаагийн чуулганд дэлхийн 100 гаруй орны 2500 гаруй төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Ерөнхийдөө Давосын чуулганы төлөөлөгчдийн бүтцийг дэлхийн улс орнуудын тэргүүн нараас гадна улс төрийн нөлөөтэй зүтгэлтнүүд, бизнесийн топууд бүрдүүлдэг гэж хэлж болно.  Жишээ нь саяны чуулганд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, Microsoft-ийг үндэслэгч буюу одоогийн байдлаар дэлхийн хамгийн том хандивын санг удирдаж буй  Билл ба Мелинда Гейтс гэр бүлээрээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев, БНФУ-ын Ерөнхийлөгч Н.Саркози, ХБНГУ-ын Канцлер А.Меркель, Украины Ерөнхийлөгч В.Янукович, Японы Ерөнхий сайд Н.Канн, Английн Ерөнхий сайд Д.Камерун, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан, нэрт санхүүч Жорж Сорос  зэрэг дэлхийд нэр алдраа дуурсгасан лидерүүд  ирсэн байв.  

Эдийн засгийн сэдвээр дэлхийн тайзан дээр ярилцдаг, тэр хэрээрээ дэлхийн хүн төрөлхтний анхаарлыг хамгийн их татдаг Давосын эдийн засгийн чуулга уулзалтад манай ерөнхийлөгч хоёр дахь удаагаа урилгаар оролцож байгаа юм.  Дэлхийн улс орнуудын удирдагчдыг банк санхүүгийн ертөнцийнх нь лидерүүдтэй хамт нэг дор цуглуулж цэнхэр гаригийнхаа тулгамдсан асуудлуудыг цэгнэн ярилцдаг энэхүү алдартай арга хэмжээний эцэг нь Клаус Шваб хэмээх нэгэн профессор байдаг. 

Энэ хүнийг дэлхий нийт танина. Тэрбээр анх 1970 онд Харвардын Их сургууль төгсч эх орондоо ирээд энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулах санаагаа гаргаж байсан гэдэг. Тэгээд  “Эдийн засгийн менежментийн чуулган” хэмээх төрийн бус байгууллагыг байгуулж, анхны хуралдаанаа 350-хан хүнтэй эхлүүлж байжээ.  Ноён Клаус Шваб бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сайн анд юм. Түүний тухайд манай Ерөнхийлөгч   “ Клаус Шваб бол гайхалтай санаа гаргаж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлсэн Дэлхийн хүн” гэж дүгнэж байсан удаатай. Энэ бол эрхэм хүндэт Шваб авгайг хамгийн оновчтой, хамгийн үнэн, бас хамгийн төв, ямар ч зулгуйдалгүйгээр тодорхойлсон тодорхойлолт юм. Эрхэм профессорын  тухай жич тухтай  өгүүлэх тул энэ удаа үүгээр төгсгөл болгоё. 

Дэлхийн хүчний төв Өрнөөс Дорно руу шилжлээ

Энэ удаагийн Давосын чуулганы онцлог улс төр эдийн засгийн гол хүч Өрнөөс Дорно зүгт шилжиж байгаа цаг үеийг тодотгож байгаагаас гадна, технологийн өндөр хурдтай хөгжил дэлхий нийтийн өмнө цоо шинэ бодит байдлыг үүсгэж байгаад анхаарлаа хандуулсан явдал юм. 

Уг чуулганыг үндэслэгч Клаус Шваб ч “Энэ жилийн уулзалтаараа бид өнгөрсөн рүүгээ харах биш ирээдүй рүүгээ өнгийж, хэрхэн хамтдаа хөгжих вэ гэдгээ хэлэлцэнэ” хэмээн ярьж байлаа.  Тиймээс ч энэ жилийн Давос онцгой, магадгүй түүхэн гэж тодотгомоор анхаарлын төвд болсон байх. Тухайлбал Их наймын бүлэглэл дэлхийн амин чухал бодлогыг тодорхойлдог байсан үе өнгөрч, Орос, Бразил, Энэтхэг, Хятад оролцсон өргөн бүрэлдэхүүн Их 20-д эрх мэдлээ хэрхэн шилжүүлэх тухай яригдаж байлаа. Тэр утгаараа ч Оросын Ерөнхийлөгч Д.А.Медведев  Москвагийн Домодедовод болсон халдлагаас хоёрхон хоногийн дараа Давосыг нээж үг хэлсэн юм. “Алан хядагчид Орос улсыг өвдөг сөхрүүлнэ гэж бодсон биз. Тэгвэл тэд буруу тооцоолжээ” гэж Оросын Ерөнхийлөгч нээлтийн үгэндээ тэмдэглэсэн. Тэрээр “Хэдийгээр бэрхшээлтэй тулгарч байгаа ч Орос бол дэлхийн эдийн засгийн нэг хэсэг болсон нээлттэй орон. Одоо бидэнд дэлхийд тоогдох шилдэг авъяастай боловсон хүчнийг татах, эдийн засгийн өрсөлдөөнийг бий болгох чухал зорилт тавигдаж байна гэж хэлсэн юм. Москвад алан хядагчид бөмбөг дэлбэлж олон хүний амь насыг хохироосон хэрэг явдлын дараах түүний зангирсан үгс Орос улс Давосын индэр дээрээс дэлхийн хөрөнгө оруулагчдыг татах өндөр сонирхолтой байгаагаа чухалчлан илэрхийлсэн явдал байв. Давост ханхлуулсан тэдний амбиц Азийн зах зээлийн зүг тэмүүлсэн идэвхтэй тэмүүллийг тээж байгаа нь илт. Оросын хамгийн нөлөө бүхий боомт хот Владивосток Бээжингээс ердөө 1300 км-ийн зайтай оршиж байхад тэдний энэ итгэл найдварыг бодит бус гэж ямар ч тэнэг үзэхгүй.   

Давосын такс 70000 ам,доллар

Улс төр, эдийн засгийн топууд цугларсан энэ газарт нэгэн бодлын ярихаасаа үзэгдэх нь чухал гэлтэй. Тиймээс өөрийгөө топ-д тооцсон бүх хүмүүс ийшээ зүглэжээ. Гэхдээ нэг хүний оролцох зардал дор хаяж 71000 америк доллараас эхэлдэг байна.  

 Энэ нь хамгийн наад захын "basic" тасалбар нь. За, тэгээд бизнесийн бүлгийнхний ангилал нэг арга хэмжээнд орох бол нэг хүний такс 156000 доллар. Хэрвээ энэ нь багаараа явах бол таван хүнийх нь 527000 доллар гэх мэтээр өсдөг юм байна. 

 Давосын цугларалтыг эсэргүүцэгчид гэж бас бий. Тэд хүч султай ч дуу хоолойгоо гаргасаар л байдаг. Давосын нэгэн том сүмийн орчимд энэ удаа ч 200 орчим хүнтэй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсан. “Дэлхийн эдийн засгийг шинэчлэе”, “Ярихаа больж, хийхээ хичээ”, “Нэг шийдвэр нэг хувьсгал” гэх мэт үгтэй уриа хашгирсан залуучууд голдуу жагсагчид чанга хөгжим тавиж, өнгөрсөн 40 жилийн түүхэнд Давосд болсон форумууд хэт их мөнгө зарлагадсаныг шүүмжиллээ. Мэдээж хамгийн өндөр өртөгтэй, хамгийн том чуулган энэ мэт жижиг сажиг шүүмжлэл дагуулах нь зүй ёсны  хэрэг юм.  

 Мөн чуулганы хоёр дахь өдрийн өглөө Давосын “Posthotel” зочид буудлын хонгилд багахан хэмжээний тэсрэлт болсон нь тэрүүхэндээ сандраасан ч Ерөнхийлөгч нарын оролцсон уулзалтууд хэвийн болж байв. 

Шинэ урам зориг

Давосын энэ удаагийн чуулга уулзалтын үеийн хөл хөдөлгөөний бас нэгэн учир шалтгаан нь өнгөрсөн 18 сард дэлхий дахиныг нөмөрсөн эдийн засгийн хямрал арилсан гэх ойлголт байлаа. Олон улсын  PriceWaterCoopers групп  “Итгэл буцаж ирлээ” гэж мэдэгдсэн нь үнэн бололтой. Дэлхий даяар судалгаанд оролцсон 10 бизнесмен тутмын ес нь  урам зориг нэмэгдсэн гэж хэлсэн байлаа.  Энэ урам зоригт бас нэг оч нэмсэн зүйл нь Давосын чуулганы эхэнд “Хямралд хариу өгөх сүлжээ” гэгч шинэ төрлийн байгууллага байгуулсныг зарласан явдал юм. Энэ байгууллага нь дөнгөж өндөрлөж буй эдийн засгийн хямралаас улс орон, бизнесийн байгууллагуудыг урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар судалгаа шинжилгээ хийж зөвлөх юм байна. 

Дэлхийн тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр орон орны удирдагчид, улс үндэстэн дамнасан олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг корпорациуд, нөлөө бүхий компанийн төлөөлөгчид Давост уригдаж очиж ширээ тойрон суудгаараа Давосын чуулганы агуулга тодорхойлогддог. Тэд бас Давосын чуулганы ач холбогдлыг дэлхийн улс төр, бизнесийнхний албан бус байдалд уулзах нэг том боломж олгодог цорын ганц том форум гэдгээр ч санал нэгтэйгээр тайлбарладаг.  
Энэ жил дэлхийн 220 хэвлэл мэдээллийн байгууллага Давосыг ирж сурвалжиллаа. Нүд чихээ байдгаараа дэлдийлгэж, олдсон боломж болгоны араас элдэх бидний мэргэжил нэгтнүүд Давосын төлөөлөгчдийг шинжиж, ярилцлага авахаар хөөж, хаана юу болоод өнгөрчих бол гэсэн эцэж цуцашгүй  гэгээн түгшүүрт хөөгдсөн, буцалсан халуун өдрүүдийг өнгөрөөлөө. 

Байсхийгээд л чих дэлдийлгэсэн супер мэдээ гарт орж ирнэ. …Рио тинто-гийн босс Том Албанези Давосын зочдын нүдийг булаасан гоё пальтогоор гангарч ирлээ….түүний пальтог Давосын хамгийн ганган пальто байсан гэж Английн  daily telegrap-ийн тоймч тэмдэглэсэн байна. Тэгсэн чинь тэр пальто нь Монголд үйлдвэрлэв гэсэн шошготой байлаа….Wow… Энэ мэт мэдээг супер гэхгүй юуг супер гэх вэ дээ…тийм үү.  
 

Үргэлжлэл бий  

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав