Шинэ жил, Зул сарын баярын бэлгэдэл Санта Клаус нь газар газрын хүн ардын уран сэтгэмжийн ачаар дундаршгүй баян домогтой болсон нэгэн. Түүний дэлхийн олон орны хүүхэд багачуудад бэлэг тараахаар явахдаа хөлөглөдөг унааных нь талаар хүртэл сонирхолтой сонин хачин домог өдий төдий байдгийг хэн хүнгүй мэднэ. Нэг үе Санта Клаусыг цагаан морь, бас ямаа чарганд хөллөж ирдэг гэдэг байлаа. Тэр байтугай, зарим газар түүний чаргыг илжиг чирч явдаг гэсэн домог ч бий. Юутай ч, Санта Клаус ямар нэгэн унаатай байж. Гэхдээ цагаан эмжээр бүхий дэгжин улаан малгай, гоёмсог улаан хүрэм, улаан өмдтэй энэ эрхмийг 1821 оноос хойш найман цаа буга хөлөглөдөг болсон гэж үздэг. Тэдгээр буга нь Хойд Америкийн “карибу” гэдэг олон салаа эвэртэй цаа бугатай адилхан харагддаг хэдий ч “карибу”-г бодвол биеэр жижиг бас нисдэг ид шидтэй болой. Мөн тэд нар тус тусдаа Дэшер,Дэнсер,Прэнсер,Виксен,Комет,Кьюпид,Доннер. Блитцен гэсэн нэртэй. Найман бугынх нь нисдэг ид шид Санта Клаусыг багачууд хүүхдэд бэлгээ хурдан тараахад нь тус болдог байна.
Бүх зүйл гайхалтай ялангуяа хамар нь...
Энэ явдал 1939 оны сүүлээр болжээ. Зул сарын баяр болоход сар гаруйхны хугацаа үлдэж байсан учир Чикагогийн Монтгомери Уорд Их дэлгүүрийнхэн баяраар борлуулалтаа аль болох их нэмэгдүүлэхийн тулд юу хийх талаар ярилцсаны дүнд бага насны худалдан авагч нартаа зориулан буддаг ном гаргахаар шийдэв. Ингээд дэлгүүрийн захиргаанаас өмнөх Зул сарын баярын үдэшлэгийн үеэр зохиосон дууны үг нь ажилтнуудын сонирхлыг ихэд татсан рекламны текст бичих ажил хийдэг Роберт Мэйд хүүхдийн буддаг ном хийх даалгавар өгөөд харин “буддаг номондоо амьтны дүрс оруулбал зүгээр байна” гэжээ.
Роберт Мэй энэ саналыг хүлээн аваад номондоо юун тухай өгүүлбэл, хүүхэд багачуудын сонирхлыг татах бол гэдэг талаар бодож байтал түүний санаанд Ханс Кристиан Андерсений "Нугасны муухай дэгдээхэй" үлгэр орж ирсэн гэдэг. Мөнөөх үлгэрт нэгэн царай муут дэгдээхэйг амьтан болгон хажиглаж шоолж гадуурхдаг байсан талаар өгүүлдгийг тэрээр санаад бусдаас ялгарах өвөрмөц байдал нь түүний зохиолын баатрын давуу тал болон хувирч байгааг харуулсан тийм түүх хүүхдүүдэд өгүүлэхээр шийджээ. Харин зохиолын баатар нь ямар амьтан байвал таарах талаар тэр бодов. Тэгэхэд Роберт Мэйн хувийн амьдралд хагацал зовлон тохиолдоод удаагүй байж. Түүний эхнэр Эвелина нь хорт хавдрын улмаас нас барсан тул дөрвөн настай бяцхан охин Барбарагаа ганцаараа өсгөх үүрэг түүнд ноогджээ. Тэрээр Барбарадаа үлгэр ярьж,сонирхолтой ном уншиж өгөхөөс гадна Линкольны Амьтны хүрээлэнд дагуулж явдаг байв. Охин нь Амьтны хүрээлэнгийн бугыг харах дуртай,бас тэдэнд байнга лууван өгдөг байж...Үүнийг харсан Роберт Мэй шинэ үлгэрийнхээ баатраар бугыг сонгов. Мөн тэрээр үлгэрийн баатраа Санта Клаусын найман бугын багт оруулахыг зорьжээ. Анхандаа бугынх нь нүд муурын нүд шиг гэрэлтсэн хурц харцтай байх ёстой гэж үзэв. Гэвч Мэй энэ нь бусад буганаасаа онцгой ялгарч харагдах шинж тэмдэг болж чадахгүй гэж бодсоны эцэст охиныхоо Амьтны хүрээлэнгийн буганд өгч байсан лууванг зохиолынхоо баатарт ашиглахаар шийдсэн байна. Роберт Мэй үлгэрээ бичихдээ 50 цаг зарцуулсан гэдэг. Зохиож буй үлгэрээ хүүхдэд уншин өгч тэдний зөвлөгөөг сонсон зохиолоо засдаг байв. Төд удалгүй түүний буддаг номонд зориулсан үлгэр бэлэн болжээ. Үлгэрт ийн өгүүлдэг:
Санта Клаусын дайтай алдаршсан
Улаан хамарт буга Рудольфийн үлгэр хүмүүст таалагдсан хэдий ч дэлгүүрийн борлуулалт хариуцсан менежер “Архичидтай тэмцэх нийгэмлэг” үүнийг хэрхэн хүлээж авах бол гэж болгоомжилж байв. Тийм болохоор, Роберт Мэй номын чимэглэлийг хариуцсан зураач найз Денвер Диллендээ энэ тухай хэлж, Рудольфийн хамрыг аль болохоор аятайхан зурж өгөхийг хүсчээ. Зураач бугын хамрыг бага зэрэг чийдэнгийн шилний хэлбэртэй болгож, хамраас нь гэрэл асаж буй мэт харуулсан байна.
Энэ бүхний эцэст, бяцхан худалдан авагчдад зориулсан үлгэрийн буддаг ном уншигчдын гарт очиж,худалдаанд гарсан даруйдаа олны дунд алдаршжээ. Ном1939 онд 2,4 сая харин 1946 онд 3,6 сая хувиар хэвлэгдэж,хүүхдийн номон дундаас борлуултаараа тэргүүлсэн байна. Үүний зэрэгцээ 1946 оны сүүлээр Монтгомери Уорд Их дэлгүүрийн ерөнхий захирал Роберт Мэйд “Улаан хамарт буга Рудольф”-ийн зохиогчийн эрхийг албан ёсоор олгосон тул тэрээр номын орлогоо өөрөө захиран зарцуулах болов.
Мөн энэ үед хөгжмийн зохиолч, Роберт Мэйн дүү охины нөхөр Жон Маркс Рудольф бугын тухай дуу зохиож,дуучин Жин Отригоор дуулуулсан нь санаанд оромгүй их амжилт олж, гурван жил дараалан Америкийн Зул сарын баярын шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсэн байна. 1958 онд Маркс Рудольфийн тухай дахин нэг дуу зохиож, тэрнийг нь Чак Берри дуулжээ. Хожим нь энэ дууг “Улаан хамарт буга” киноны хөгжимд ашигласан юм. Ер нь Жон Маркс Рудольфийн тухай арваад дуу зохиосон, тэдгээр нь бүгд киноны хөгжимд шингэжээ.
Харин өвөрмөц бугын тухай кино анхны зохиолоосоо арай өөр. Тухайлбал, кинонд дараах үйл явдал өрнөдөг. Санта Клаусын ордонд Рудольф нэртэй ер бусын нэгэн буга төржээ.Тэрээр тод улаан хамартай байсан болохоор Зул сарын баярын үеэр Сантад тусладаг Умард туйлын бугууд түүнийг дандаа шоолж дооглодог байсны зэрэгцээ баярын бэлэг зөөх чарганд хөөрхийг хөллөдөггүй байж... Үүнд гомдсон Рудольф агуйд очиж амьдрахаар ордонг орхин явдаг.Тэнд буга Слайли цагаан үнэг, туйлын баавгай Леонарда нартай найзлан улмаар Санта Клаус болон Зул сарын баярт саад хийх гэсэн хорон санаат шидтэн Стормеллатай тэмцэн ялдаг. Энэ мэтчилэн “Рудольфийн гайхамшигтай шинэ жил” , “Рудольф 2:Алдагдсан тоглоомуудын арал” зэрэг улаан хамарт бугад тохиолдсон адал явдлыг харуулсан хүүхдийн, мөн хүүхэлдэйн олон кино гарчээ. Дэлгэцийн эдгээр бүтээл нь Рудольфийг Санта Клаусын дайтай алдаршуулж, бас түүний түүх намтрыг олон сонин үлгэр домгоор баяжуулсан байна.
Цасан шуурга тавьж, харанхуй манан бүрхэж байвч Санта Клаус үнэнч шидэт нисдэг бугуудынхаа ачаар хүүхэд багачуудад бэлгээ тараасаар... Тэднийг алс холын газраас зорьсон газартаа цагтаа саадгүй хүрэхэд гэрэлтсэн улаан хамарт Рудольф буга луужин мэт замчилж давхина. Үлгэр домогтой, дуутай, кинотой Рудольф буга шинэ жил, Зул сарын баярын өвөрмөц нэгэн дүр төрх болсоор он жилүүдийг өртөөлсөөр буй.