Египетийн Шарм аль-Шейх хотод энэ даваа гарагт эхэлсэн Газад гал зогсоох, Израиль, Палестины ХАМАС бүлэглэл хооронд энхийг тогтоох хэлэлцээр амжилттай болж буйг илтгэсэн эхний мэдээ ирлээ.
Хэлэлцээрт оролцогч талууд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дэвшүүлсэн 20 заалт бүхий энхийн хэлэлцээрийн эхний үе шатыг харилцан хүлээн зөвшөөрлөө. Өчигдөр АНУ-ын Ойрхи Дорнодын энхийг асуудлыг хариуцсан тусгай элч Стив Виткоф төлөөлөгчдийн багийг ахлан Египетийн Шарм аль-Шейх хотыг зорьсон. Өнөөдөр өглөө хэлэлцээр үр дүнд хүрсэн таатай мэдээг дэлхий дахин хүлээж авлаа.
Хэлэлцээрийн эхний үед ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа Израилийн иргэдийг суллана. Хариуд нь Израилийн шоронд байгаа Палестины хоригдлуудыг суллаж, харилцан тохирсон бүс нутгаас Израилийн арми цэргүүдээ эргүүлэн татаж Газад гал намжина. Одоогоор хэлэлцээрийн эхний шат яг хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна. Гэхдээ томоохон хэвлэлүүд 72 цаг буюу гурав хоногийн дотор хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ гэж мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Truth цахим сүлжээндээ “Бидний дэвшүүлсэн санал бүхий энхийн хэлэлцээрийн эхний шатыг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан ХАМАС болон Израилийн талуудаар маш их бахархаж байгаагаа мэдэгдэж байна. Дэлхий дахинд агуу гайхалтай өдөр ирлээ” хэмээн нийтэлсэн байна. Талууд харилцан зөвшилцсөний дараа Израилийн Ерөнхий сайд Беньямин Нэтаньяху “Израилийн тал дипломат замаар ёс суртахуунтайгаар ялалт авчирлаа” хэмээн мэдэгджээ. Харин Палестины ХАМАС бүлэглэлийн зүгээс хэлэлцээрт тусгагдсан эхний шатны шаардлагуудыг хэрэгжүүлэхэд Израилийн талд шахалт үзүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалсан байна.
Өнөөдөр буюу пүрэв гарагт Израилийн Засгийн газар хуралдаж, Засгийн газрын хуралдаанаар дэмжсэний дараа хэлэлцээрийн эхний шатанд тусгагдсан зүйл заалтуудыг хэрэгжүүлж эхэлнэ. Талууд харилцан зөвшилцсөнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ойрын хугацаанд Израиль улсад айлчлахаар төлөвлөж байна.