"Ярилцъя” энэ удаа социализмын үеийн Монгол орны Улс төрийн товчооны гишүүн, сайд асан П.Дамдиныг зочноороо урьсан юм. Уулзахаар тохирсон газраа яаран иртэл хатуу чанд Дамдин сайд болзсон байшингийнхаа үүдэнд цагтаа яс зогсч байв. Ингээд бидний яриа эхэллээ.

-Таныг Санхүүгийн техникум төгссөн, бас тухайн үеийн Зөвлөлтөд суралцсан гэж уншсан. Тэр үед ямар газрын нэр дээр хойшоо сурахаар явж байв?

-Төлөвлөгөөний комисс.

-Бас л шалгалт шүүлэг болно биз дээ?

-Өргөдөл өгөөд Төлөвлөгөөний комиссын нэр дээр явах болоод шалгалт өгсөн. Ишцэрэн гуайг таних уу. Ардын боловсролын яамны сайд байсан. Ишцэрэн гуай их сургуулийн багш, Гадаад явдлын яамны сайд байсан Дүгэрсүрэн гуай тэр үед шүүх яамны сайд байсан. Төв хорооны боловсролын хэлтсийн эрхлэгч Дагсүрэн гуай энэ гурван хүн комисс болж байгаа юм. Тэгээд их сургууль дээр түүх, тоо, орос хэл гурваар шалгалт авлаа. Түүхийг эрхбиш нэг юм дунд өглөө. Тоо гэж жигтэйхэн хүнд юм ирлээ. Яаж боддог юм. Би чинь оройгоор арав төгссөн. Тэр үеийн техникум чинь дөнгөж долоон жилийн боловсрол олгодог байсан юм чинь. Тоон дээр урдаа сууж байсан нэг таньдаг нөхрийнхөөс хуулж бичлээ. Их сургууль төгссөн Сандуйжав гэж нөхөр байсан. Тэр бүгдийг нь зөв бодно. Би заримыг нь зориуд алдаатай хуулсан. Тэгээд тоон дээр дунд. Орос хэл муу. Комисс Төв хороон дээр дуудаад дүн хэллээ. Төлөвлөгөөний комиссоос дөрвөн хүн л явна. Хоёр нь ажиллагсдаас, хоёр нь арван жил төгссөн хүүхэд. Дөрвөн хүн гурван хуваарь дээр өрсөлдөж байгаа юм. Нэг нь төлөвлөгөөний комиссын орлогч дарга байсан Рэнцэнпэлжээ гуайн хуваарь байсан. Мань хүн 38 хүрчихсэн. Цэдэнбал дарга тэр үед энийг явуулж сургахгүй бол болохоо байлаа гээд шууд цохчихсон байсан. Тэгээд Рэнцэнпэлжээ гуай ногоон гэрлээр. Нөгөөдөх нь бөхийн дасгалжуулагч байсан Магсар байна шүү дээ. Тэрний аав Дэмчиг гуай.  Дэмчиг гуай Дотоод яамны санхүүгийн хэлтсийн дарга. Орос хэл мундаг. Шалгалтад зүгээр нисээд гараад ирж байгаа байхгүй юу. Ингээд дөрвөн хуваарь гүйцээ. Ажлаас орох хоёр ингээд болчихдог. Арван жилээс хоёр нь ёсоороо явна.

-Та?

-Би тэгээд л хасагдчихаж байгаа юм чинь. Муу авсан хүн өөр яах юм. Чи бодоод үзэхгүй юу. Нэг орос багш ирээд 31-34 үгтэй цээж бичиг бичүүллээ. Би 29 алдсан. Орос хэл ерөөсөө мэдэхгүй юм чинь. Тэгээд л нягтлан бодохоо хийгээд явлаа. Өөр яах вэ дээ. Гэхдээ хүний хувь заяа их сонин. Нэг өдөр тууж явлаа. Төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга Дулмаа гэж нэг авгай байсан юм. Намайг дуудаж байна л гэж байна. Яваад очлоо. Дэмчиг өчигдөр дарга нарын зөвлөлгөөний хурлаар ороод дарга нар хасаад хаячихлаа. Нэг орон онгойчихлоо. Чи хөөцөлдөөч. Залуу хүний аз гэж бас баймаар юм гэж байна. Хэдий бага ажил хашдаг ч гэсэн Төв хороонд ажилладаг хүний хувьд хөөцөлдөхөөр шийдлээ. Жижиг хүнийг чинь том дарга нар хүлээж авдаггүй юм ш дээ. Хэд хоног гүйлээ. Ганц уулзаж чаддаг нь манай санхүүгийн тасгийн дарга Нанзад гуай. Нанзад гуайгаа л орж шалаад байлаа. Та л дарга нар дээр орж өгөөч гээд. Тэгээд л Нанзад гуай хөөрхий ярьж өгсөн юм байлгүй. Тэр үед чинь ажлын ачаалал өндөр. Өглөө 9-17 цаг хүртэл ямар ч завсарлага байхгүй. 17 цагт тарчихаад орой 20 цагт эргэж цуглана. 20-д цуглаад албан ёсоор 23 цаг хүртэл ажилладаг байлаа. Тэгээд нэг орой л ирчихээд сууж байсан чинь Төв хорооны Боловсон хүчний хэлтсийн дарга дуудаж байна. Яваад орлоо. Чамайг дарга нар зөвшөөрсөн шүү гэлээ. Бөөн баяр. Тэгээд л би хойшоо явсан байхгүй юу. 1952 онд.

-Ямар сургуульд явав?

-Московский государственный экономический институт. Ингээд туугаад очив оо. Би чинь орос хэл мэдэхгүй. Лекцэн дээр гэр лүүгээ л захиа бичихээс өөр юм байхгүй. Мэдэх юм юу ч байхгүй юм чинь. Ингэж улсын мөнгө үрж байж таарахгүй, буцъя гэж бодлоо. Ингээд Рэнцэнпэлжээ гуайдаа л хэллээ. Би ерөөсөө больё. Одоо шалгалт шүүлэг ч дөхөж байна. Мэдэх юм юу ч алга. Улсын өчнөөн мөнгийг ингэж үрээд яахав гэж. Яах нь вэ чи. Юу яриад байгаа юм гэж байна. Яах юу байхав, очиж тэр нягтлан бодохоо хийе гэлээ. Тэр үед Майдар гуай Москвад ажлаар оччихсон байсан юм. Та Майдар гуайд хэлж өгөөч гэлээ. Майдар гуайн орлогч байсан байхгүй юу, мань хүн. Орой намайг дагуулаад л очлоо. Тэр хоёр баахан юм л ярьж байна. Тэгж тэгж намайг хэллээ. Энэ Дамдин гэж хүүхэд манай Төлөвлөгөөний комиссын нэр дээр надтай хамт сурч байгаа юм. Одоо хичээлээ дийлдэггүй, буцъя гээд байна л гэлээ.

-Хэлний бэлтгэл гэж байгаагүй юм уу?

-Байхгүй. Шууд л орос хүүхдүүдтэй нэгдүгээр курст оруулчихсан байхгүй юу. Би хөөгдөж буцсанаас өөрөө саналаараа буцсан нь нэр цэвэр гэж л бодсон. Тэгсэн чинь л Майдар дарга чи юу ярьж байна. Ирчихээд нэг ч жил бололгүй буцна гэж ярихгүй шүү нөхөр минь гэж байна. Ингээд яахаа мэдэхгүй гацлаа. Тэр үед социалист системийн орнуудын найрамдалт харилцаа гэж ид хөгжиж эхэлсэн үе. Хятадын болон бусад соц орнуудаас олон оюутан сурахаар ирж байсан. Манай сургуульд арван хэдэн хятад оюутан ирлээ дээ. Тэгээд тэдэнд зориулж бэлтгэл анги нээж байна гэж дууллаа. Тэнд л яаж ийж байгаад оръё гэж шийдлээ. Тэгэхгүй л бол явахгүй юм чинь. Л.Цэнд гэж том дарга байсан. Тэр хүн манай сургуульд аспирант. Сүүлд Цэдэнбал даргаас арга хэмжээ энэ тэр авагдаад Тосонцэнгэлд хүртэл очиж байсан. Чи мэднэ биз дээ.

-Тэргүүн хатагтай байсан О.Цолмонгийн өвөө биз дээ?

-Яг мөн. Цэнд гуай манай сургуулийн аспирант. Мундаг нэр хүндтэй. Оросууд ч их хүндэтгэдэг. Тэгээд Цэнд гуайтай уулзлаа. Та намайг захиралд хэлж өгөөч. Би эсвэл буцъя, эсвэл тэр бэлтгэл анги гэдэгт оръё гэж. Тэгээд Л.Цэнд гуай намайг дагуулаад явлаа. Захирал дор нь л хүлээгээд авлаа. Захирал Цэнд гуай хоёр баахан л юм яриад байна. Яг тэр үед Сталины „Социализмын үеийн эдийн засгийн бодлого” гэдэг ном гарчихсан. Зөвлөлт даяар шуугиж байсан үе л дээ. Орос профессорууд зарим асуудал дээр маргалдаад ирэхээрээ алив тэр Монголын Цэндийг дууд. Цэнд үүнийг юу гэж үзэж байна гэдгийг сонирхъё гэдэг байсан гээд бод л доо. Бас мань хүн орос оюутнуудад хичээл заадаг, лекц уншдаг байсан. Асар өндөр нэр хүндтэй. Тэгээд тэр хоёр удаан ярилаа. Сталины тухай яриад л байна, миний тухай ярьж байгаа шинж огт мэдэгдэхгүй л байлаа. Тэгж тэгж яриагаа дуусгая гэж байгаа бололтой. Цэнд гуай, манай энэ нөхөр Монголоос ирсэн. Орос хэл огт мэдэхгүй. Хятад оюутнуудад зориулсан хэлний бэлтгэлд оруулж өгөөч гэж гуйгаад байгаа юм. Тэгж болох уу л гэж байна. Захирал, нет проблем, нет проблем гэж байна. Тэгэхээр нь нет гэдэг нь зөвшөөрөхгүй байгаа юм болов уу л гэж бодлоо. Маргааш нь хичээлдээ хүрээд иртэл самбар дээр захирлын тушаал гарсан байлаа. Намайг бэлтгэл ангид оруулах тухай. Тэгээд 15 хятад оюутантай хамт 16 дахь нь болоод суралцаж эхэллээ дээ.

-Бэлтгэлдээ ороод авсан хүн ч гялалзуулж өгөө биз дээ?

-Өө, тэгэлгүй яахав. Бэлтгэл ангидаа онц сураад л. Ер нь хүний хувь тавилан сонин шүү дээ. Дараагийнх нь ээлжийн хятад оюутнууд ирээгүй болохоор хэлний бэлтгэл гэж ахиж хичээллээгүй.

-Тэгээд бэлтгэлтэйгээ таван жил сурав уу?

-Бэлтгэлтэйгээ зургаан жил сурахгүй юу. Бэлтгэлээ онц төгсөөд нэг, хоёр, гуравдугаар ангидаа дан онц сурлаа. Дөрөвдүгээр курст ороод ирэхээр  дээд курсын оюутан болоод явчихаж байгаа байхгүй юу. Бие даах өдөр гэж нэг өдөр албан ёсоор гаргаж өгдөг. Тэр өдөр нь бүх оюутан бие даан эрдэм шинжилгээний ажил хийдэг. Би кино ший үзээд алга болно. Ингээд дөрөвдүгээр курстээ хэд хэдэн хичээл дээр сайн гарчихлаа. Бие даалтын өдрийг нь бие тоолтын өдөр болгочихгүй юу. Улаан дипломтой төгсөх боломж надад өчнөөн байсан. Тэгж бие тоож явсны гороор хоёр бил үү гурван хичээл дээр сайн дүнтэй төгссөн дөө. Ингээд сургуулиа төгсч ирээд Төлөвлөгөөний комиссын газрын нэр дээр явсан юм чинь тэндээ мэргэжилтэн хийсэн. Хагас жил орчим ажиллаад, 1959 онд Төлөвлөгөөний комиссын газрын аж үйлдвэрийн хэлтсийн дарга болоод, 1960 оноос Аж үйлдвэрийн яамны сайд болсон. Бүх үйлдвэрийг хариуцдаг. Уул уурхай, цахилгаан, түлш эрчим хүч, хөнгөн хүнс гээд.

-Дотоодын үйлдвэр бүх гутал хувцас бараа, бүтээгдэхүүнээ хийдэг байсан биз дээ?

-Тэгэлгүй яахав. Бүгд юмаа хийдэг байсан.

-Таныг сайд байхад Анастасия Ивановна төрсөн өдрөөр тань хүүхдийн хөл өвтгөхөөр хийгдсэн, хатуу арьстай гутал явуулж байсан гэж үнэн үү?

-Үнэн. (инээв)

 -Анастасия Ивановнагийн дурсамжаас уншсан юм?

-Үнэн. Би чинь тэр үед дарга болчихсон байсан. 1981 оны арваннэгдүгээр сарын 25-нд л даа. Миний 50 насны төрсөн өдөр.  

-Зүгээр л хэнээс ирсэн нь тодорхойгүй хайрцагтай юм байсан юм уу?

-Нэг их гоё боодолтой юм туслах аваад орж ирлээ. Энэ юу вэ л гэсэн, Анастасия Ивановна танд явуулжээ л гэж байна. Би тэгээд бодож байлаа. Миний төрсөн өдөрт л бэлэг явуулж дээ гэж.

-Тийм хэмжээний дотно харьцаатай байсан юм уу?

-Хэвийн шүү. Их ч загнуулна. Би ч бас урдаас нь мөчөөгөө өгөхгүй. Надад бэлэг л явуулж гэсэн шуу юм бодоод, юу байна, наадахаа задал гээд туслахаараа задлуултал дан хүүхдийн өрөөсөн гутлууд, хүүхдийн ботинкууд гараад ирдэг байгаа.

-Өрөөсөн гутлууд юм уу?    

-Өрөөсөн. Тэгээд их сонин. Дотор нь хүүхдийн өмнөөс „Дамдин ах аа, бид энэ гутлыг өмсөхөөр хөл холгочих юм, энэ гутал хөл барих юм. Ийм хатуу гутлыг бид өмсөх арга алга” гэх зэргээр гутлын талаар оросоор бичсэн байсан.

-Та тэр захиаг хадгалдаг уу?

-Үгүй. Уг нь тийм зүйлийг хадгалж байх ёстой юм байна лээ. Сонин шүү дээ.

-Харин тийм. Тэгээд юу болов?

-Тэгээд авгайгаас „бэлэг” авчихсан сууж байтал Цэдэнбал дарга дотуур утсаар ярьж байна. Дарга сонин хүн шүү дээ. Заримдаа туслахаараа дуудуулна. Заримдаа дотуур утсаараа өөрөө шууд ярина. Дарга мэнд мэдчихээд, Дамдиан чи хүнтэй байна уу гэж байна. Хүнтэй байна л гэлээ. Тэгвэл дараа болъё гэж байна. Цэдэнбал дарга хэнийг ч шууд чи ороод ир гэж хэлдэггүй байсан. Одооны энэ сүржин дарга нараас шал ондоо хүн байсан юм шүү дээ. Хүнтэй байна уу гэж заавал асууна. Байна гэвэл дараа болъё гэж хэлдэг. Дараа нь дарга дахиж утасдаад хүнтэй байна уу гэж байна. Хүнгүй байна гэлээ. Миний өрөөнд нэг ороод ирээч гэж байна. Даргын өрөөнд ортол ширээн дээр нь яг надад ирүүлсэнтэй адилхан боодолтой юм байж байна. Анастасия Ивановна дэлгүүрүүдээр яваад баранк гутлуудыг авч, өрөөсөн өрөөснөөр нь салгаад нэг хэсгийг нь Цэдэнбал даргад, нөгөө хэсгийг нь надад явуулсан байсан нь тэр юм билээ.

-Тэгээд Цэдэнбал дарга юу гэж байх юм?

-Дарга энэ хүн чамд бас ийм юм өгч явуулсан гэж надад бичсэн байна гээд ширээн дээрх рүү дохиж байна.

-Та Анастасия Ивановнагийн дурсамжийг уншсан уу?

-Уншсан.

-Та ч түүнд хэдхэн хоногийн дараа л хариуг нь барьсан байна лээ л дээ. Европын стандартыг бараг давсан шахуу гоё гутлууд хийгээд надад явуулсан байсан гэж Анастасия Ивановна дурсамжиндаа ярьсан байсан?

-Тийм ээ. Үнэхээр гоё гутлууд хийсэн. Тэр үед манайд хүүхдийн гутлын шинэ үйлдвэр ашиглалтад орохгүй юу даа. Би тэр үед хөдөө бил үү гадаадад бил үү явсан байсан. Манайхны тактик муу байж. Үйлдвэрээс анхны хүүхдийн гуталнууд гарсан. Үйлдвэрийн анхны юм гэдэг чинь анхны л юм шүү дээ. Ажилчид нь дадлагажаагүй, машин шинэ, хүн шинэ, хэцүү биз дээ. Муруй сарий оёно. Наалт маалт нь дутуу явна. Янз бүрийн л юм байна шүү дээ. Тэгээд 4000 хос гутал чанар муутай гэж бүртгэгдсэн байгаа юм. Тэгээд бид орлогч сайд Найданг зэмлэж байсан юм. Та нар тэр 4000 гутлыг Улаанбаатарын дэлгүүрт өгч ингэж хэл ам болгож байхын оронд хөдөө явуулчих ёстой байсан юм шүү дээ. Хөдөө гутал олдохгүй байхад, тэр жаахан оёдол муруй, арьс нь зарим газраа хатуу байх юу ч биш шүү дээ. Мэдээж дараа нь үйлдвэрлэл аажим аажмаар сайжирна шүү дээ. Би Аж үйлдвэрийн сайдын албыг 1960-1968 онд хашиж байсан.

-Заазуур Дамдин гэж тэр үедээ олсон хоч тань уу. Их ширүүн, шаардлага өндөртэй, хяргаж өгдөг дарга байсан гэж дуулсан?

-Өө, мэдэхгүй. Би тэр нэр хочинд их дургүй. Намайг доромжилсон үг гэж бодож явдаг.

-Яагаад доромжилсон гэж?

-Нэгд, энэ бол ажилд дургүй, хүнд сурталтай хүмүүсийн гаргасан дэмий үг. Хоёрт, заазуур гэдэг нь өөр Дамдин гуайд өгсөн хоч байсан юм байна лээ. Тэр хүн одоо ч амьд сэрүүн байгаа. 90 хүрч байгаа хүн бий. Завхан аймгийн дарга байсан. Тэр хүний хоч юм байна лээ. Тэгээд л надад шилжүүлээд явчихгүй юу. Би энэнд дургүй. Хүнийг доромжилсон, муухай үг гэж боддог. Нэг яаманд олон үйлдвэр байна гэдэг хэцүү ш дээ. 1968 онд Түлш эрчим хүчний яамыг тусдаа байгуулсан. 1962 онд Хүнсний яам Аж үйлдвэрийн яамнаас салсан байсныг буцаагаад нийлүүлээд, Хөнгөн хүнсний яам болсон. Би 1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайд, 1968-1979 онд Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайдаар ажилласан.

-Тэр үед төр тогтвортой байж дээ. Одоо бол тийм биш. Юун нэг хүн 19 жил сайдаар ажиллах. Дор нь огцруулна, хольж солино, бужигнуулна?

-Тийм. Тэгээд 1979 онд Төв хорооны нарийн бичгийн дарга болоод, 1990 онд бид огцорсон.

-Та бас Улс төрийн товчооны гишүүн байсан бил үү?

-Тийм. Миний ажилласан газар ерөөсөө цомхон л доо. Төлөвлөгөөний комисст хоёр жил, дараа нь үндсэндээ Аж үйлдвэр, Хөнгөн үйлдвэрийн яамны сайдаар 20 жил, Намын төв хорооны нарийн бичгийн даргаар 10 жил ажилласан.

-Улс төрийн товчоо огцорсноос хойш юу хийж явав даа?

-Сонин л уншина даа. Эхний гурван жил шүүхэд дуудагдаж, байцаагдаж, гэрийн хорионд байсан.

-Яах гэж шүүхэд дуудаад байх вэ?

-Яах юу байдаг юм. Цэдэнбалын тойрон хүрээлэгчид гээд биднийг чинь буруутгаж, шүүх, байцаах үйл ажиллагаа явуулсныг өөрөө мэднэ биз дээ.

-Мэднэ. Гэхдээ гэрийн хорионд байх гэдгээ жаахан тодруулахгүй юу уу. Тогтоол энэ тэр гэж гарсан юм уу?

-Үгүй. Юун тогтоол гарах вэ дээ. Ерөөсөө та гэртээ байж байгаарай, хаашаа ч гарч, явж болохгүй л гэдэг юм. Тэр чинь одоо гэрийн хорио  гэсэн үг шүү дээ.

-Тийм л байна?

-Та гэртээ байж байгаарай, хэзээ ч дуудаж магадгүй шүү л гэдэг юм. Нам төрд насаараа зүтгээд, адаг сүүлд нь гэрийн хорионд орж, гурван жил байцаагдсан даа.

-Ж.Батмөнх гуайг хүртэл прокурорын газар байцааж, дээлтэй нь хатааж байсан гэдэг юм билээ?

-Тэгсэн. Бид бүгдээрээ л байцаагдаж байсан. Үнэхээр муухай явдал. Миний тухай ном бичиж байгаа нэг залуу сэтгүүлчид би ярьж өгч байсан юм. Бид чинь нам засгийн удирдагч нар гэж явлаа. Дараа нь нэг л өдөр бүгдээрээ ялтан болсон. Манай нам чинь шийдвэр хүртэл гаргасан шүү дээ. Бидний хэсэг нөхдийг намаас минь хөөсөн. Рагчаа гуай, Майдар гуай, Жигжид, Жалан-Аажав гуай нарыг эсэргүү гэж намаас хөөгөөд, Батмөнх, Содном, Дамдин, Алтангэрэл гэсэн хэдэн хүнийг намаас хасахыг сануулж шийтгэсэн.

-Та одоо намын гишүүн үү?

-Гишүүн байлгүй яахав.

-Намаас хасахыг л сануулсан гэсэн үг үү?

-Тийм. Тэгээд прокурорт хоёр зүйл ангиар байцаагдсан. Нэгд, Улс төрийн товчооны гишүүн байхдаа хоёр нөхөрт тусгай тэтгэвэр тогтоосон гэж. Тэр үед дарга нар тэтгэвэрт гарахад тусгай тэтгэвэр тогтоодог байсан. Тэгээд Рагчаа гуай, Лувсангомбо гуай хоёр тэтгэвэрт гарах болж тогтоол гарсан  юм. Тусгай тэтгэврийн хэмжээ 950, 1000, 1100 төгрөг гээд албан тушаалаас хамаарч янз бүр байдаг байсан. Тусгай тэтгэвэр тогтоосон Улс төрийн товчооны тогтоолд гарын үсэг зурсан хэргээр намайг байцааж байсан нь тэр. Хоёрт, тусгай хангамж эдэлж улсын хөрөнгийг шамшигдуулсан гэдэг хэрэг тулгасан.

-Тусгай хангамж гэхээр юу байх вэ?

 -Улсын байр, машин, мөн хоолны мөнгө гэж сард хэдэн төгрөг өгнө. Өөр юу өгөх вэ дээ бидэнд. Дарга нарын хоолыг тусгай лабораторид бэлтгэж өгдөг байсан. Энэ нь улсаа л хамгаалж байгаа хэрэг. Бидний хэргийг 30 гаруй нягтлан байж байгаад хагас жил шалгасан шүү дээ.

-Шамшигдуулсан байна уу, үгүй юу гэж л шалгаж байсан хэрэг байх даа?

-Эрүүгийн хэргийн 192.3-аар заагдаж байгаа байхгүй юу. Тэгээд дуудаад та улсын хөрөнгө шамшигдуулсан байна. Дарга болоод гэртээ их засвар хийлгэхдээ төсвөөс 188 төгрөг илүү зарцуулаад, үүнийгээ улсад төлөөгүй байна гэсэн. Тэр үед таван жилд нэг удаа засвар хийдэг байсан байхгүй юу. Тэгээд 188 төгрөг илүү зарцуулчихлаа, үүнийг төл гэсэн бол төлчих л байсан. 188 төгрөг гэдэг чинь инээдэмтэй байгаа биз дээ. Тэгээд та 188 төгрөгөө төлөөд ир гэсэн. Би тэр дор нь яваад 188 төгрөгөө төлөөд ялаас мултарч байлаа. Нөгөө ял нь Улс төрийн товчооны тогтоолд гарын үсэг зурсан хэрэг. Энэ хоёр зүйлээр прокурор шалгаж дуусаад шүүхэд шилжсэн. Журмаараа тийм шүү дээ. Тэгээд 10 жилийн хорих ял заасан. Би байцаагдаж байхдаа байцаагч нартай бас зүгээр сууж байгаад ял тулгуулахгүй л дээ. Та нар дэмий юм хийж байна шүү дээ. Улс төрийн товчооны тогтоолыг үндэслэж л зарлиг гардаг байхгүй юу. Хөдөлмөрийн баатар, гавьяат цол олгох, одон медиалаар шагнах гээд бүх асуудал. Улс төрийн товчооны тогтоол дээр гарын үсэг зурсан хэн ч бай ялтан болох нь л дээ. Нэгэнт л та нар тэр Улс төрийн товчооны бүх тогтоолыг хүчингүй болгож, хууль бус гэж үзэж байгаа юм бол Улс төрийн товчооны тогтоолоор улсын алдар цол хүртсэн бүх улсын шагналыг бүгдийг нь эргүүлж авах уу. Улс орны хөгжлийн талаар Улс төрийн товчоо олон шийдвэр гаргасан. Одоо тэр бүгд хүчингүй болох уу. Та нар энэ бүхнийг нарийн тунгааж үзэхгүйгээр зүгээр л нэг гарын үсэг зурсан хүнийг ингэж яллаж байгаагаа юу хийж байна гэж үзэж байна вэ гэж хэлж байсан. Өө, тэр байцаагч нарын ширүүн дориуныг ээ. Маш муухай. Ямар сайндаа би тэр дурсамжийн номондоо ярьж байгаа юм. Хэрвээ биднийг ялласан үе 1937, 1938 оны үе байсан бол шууд л цааш нь харуулчих  байсан байх гэж. Тэр улсууд хуулийн нэрийн өмнөөс хүнийг маш муухай дарамталдаг гэдгийг би тэгж өөрийн биеэр үзсэн. Тэгээд шүүхэд очлоо. Шүүх хэрэг хүлээх үндэсгүй гэж үзсэн. Шүүгчид шударгаар шийдсэн. Прокуророос хоёр хүн, буутай цагдаа, ардын тэргүүлэгч гэж нэг хүн, бичээчтэй ирээд манайхны хөрөнгийг битүүмжилсэн байсан. Би хөрөнгөө битүүмжлүүлээгүй. Би хэрэг хийгээгүй. Монголын ард түмний төлөө цэвэр үнэнчээр зүтгэсэн. Ямар гэмт хэрэг үйлдсэн ялаа сонсч байж хөрөнгөө битүүмжлүүлнэ гээд зад үзэлцэж байгаад хөрөнгөө  битүүмжлүүлээгүй. Маргааш нь Моломжамц гуай утасдлаа. Юу болов оо гэтэл манай ахмадууд бүгд хөрөнгөө битүүмжлүүлсэн, авгай хүүхдүүд нь уйлалдаад айхтар байна. Телевизийг нь хүртэл хаагаад явсан гэж байна. Ийм л муухай юм хийсэн дээ.

-Одоо таныг тэр шалгаж байсан хүчний байгууллагын хүмүүс байдаг уу?

-Байдаг л байх даа. Биднийг шалгасан байгууллага чинь мундаг нэртэй ш дээ. Улсын прокурорын онцгой хэргийг шалган байцаах тасаг гэж байсан. Тасгийн дарга Ч.Эрдэнэбаатар, байцаагч Дамдинрагчаа, Уранцэцэг нар байсан. Уранцэцэг биднийг байцааж байхдаа их дарамталж байсан. Хамгийн муухай нь Уранцэцэг байцаагч Цэдэнбал даргыг оршуулсан өдөр эхнэрийг нь байцаасан. Энэ явдлыг өөрөө дуулсан биз дээ. Оройн 17 цагаас шөнийн 24 цаг хүртэл байцаасан шүү дээ.

-Их л хүний үнэргүй явдлууд болсон тухай баримтууд байдаг. Оршуулгын газраас ирэнгүүт нь байцаагаад үүр цайлгаж байсан. Тэгээд сэтгэл санааны гүн цочролд орсон тэр хатагтай Монголд гомдож өширсөөр, уйлж унжсаар эндээс хуй салхи шиг явсан гэх юм билээ?

-Тэгэлгүй яахав дээ. Хэд хоноод явна гэж байсан хүн чинь маргааш өглөө нь Элчин дээр ирээд л, би баригдахаасаа өмнө явъя даа гээд онгоцоор явсан.

-Та уулзаж амжсан уу?

-Амжилгүй яахав. Би оршуулганд нь оролцсон.

-Нээрээ тэгсэн байх л даа. Та ингэхэд Цэдэнбал даргатай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-1986 онд уулзсан.

-Орост уу?

-Тийм. Би Унгарт амраад буцахдаа Москвад онгоц хүлээж нэг өдөр байх боллоо. Дарга 1984 онд халагдсан шүү дээ. Ер нь нэг уулзъя гэж бодоод утасдсан чинь авгай нь авч байна. Дамдин нэртэй хүн олон ш дээ. Хаанахын Дамдин бэ л гэж байна. Төв хорооны Дамдин байна л гэлээ. Тэгтэл аан, за гээд чи хэний даалгавраар утасдаж байна гэж урдаас шууд хэлдэг байгаа. Бас л яггүй хүн шүү дээ. Тэгэхээр нь үгүй та юу ярьж байгаа юм бэ. Хэний даалгавраар гэдэг чинь юу гэсэн үг вэ. Би Унгарт амраад буцаж явна. Өнөө орой буцна. Надад бүтэн өдөр байна. Та хоёртой уулзъя. 1984 оноос хойш уулзсангүй. Маршалтайгаа уулзъя гэж бодоод ярьж байна гэсэн чинь авгайн дуу зөөлрөөд л явчихаж байна. Би хэний даалгавраар уулзах вэ дээ. Өөрийнхөө совестоор л та хоёртой уулзъя гэж ярьж байгаа маань энэ гэсэн. Тэгсэн, тэгвэл чи манайд ирэхгүй юм уу гэж байна. Очилгүй яахав дээ гэлээ. Урьж байна, чи манайд хүрээд ир л боллоо. Хэдэн цагт очих вэ, орой 17 цагт хүрээд ир гэж байна. Элчингийн зөвлөх Гонгор гэж хүн байсан. Надтай нэг сургуульд байсан юм. Түүнд чи зах яваад хамгийн сайхан, хамгийн үнэтэй цэцгийн баглаа аваад 16 цагт миний байгаа зочид буудалд хүрээд ир гэлээ. За л гэнэ биз. Тэгээд цэцгээ аваад очсон.

-Таныг тэгээд очихоор баярлаж байсан биз дээ?

-Баярлалгүй яахав дээ. Баярлахаар барах уу.

-Бие нь гайгүй байсан уу?

-Гайгүй ээ гайгүй. Гэхдээ сэтгэл санаа нь бол таагүй л байсан.

-Монгол руугаа явъя, буцъя гэж ярьсаар байгаад л өнгөрсөн юм билээ?

-Хэрэг байхгүй. Ганчимэг минь. Хүний нутагт, хүний хүнтэй. Элэг эмтэрдэг юм. Манай Батмөнх эд нарын л хийсэн хэрэг шүү дээ. Тэр хүнийг тэгж хүний нутагт байлгана гэдэг чинь юу гэсэн үг вэ, хөөрхий минь. Намайг очиход нэлээд турчихсан байсан. Тэвэрч авч үнсээд л, үгүй чи хаа явж байна вэ гээд л. Дарга аа, би Унгарт амраад буцаж явна. Өнөө орой явна. Тэгээд л нэг өдрийн чөлөө гарахаар нь та хоёртой уулзъя гэж бодоод хүрээд ирлээ гэсэн. Хүн гэж амьтан бас л болоогүй байдаг хойно. Цэцэг аваад л очихгүй юу, нэг том баглаа цэцэг. Би бас нэлээд юм үзсэн толгой хэрнээ тэрийг л тооцдоггүй. Бэлдүүлсэн цэцгээ уг нь даргад өгөхөөр л бодсон. Дарга 1986 оны есдүгээр сарын 17-нд 70 нас хүрэх гэж байсан байхгүй юу. Тэгээд даргадаа 70 насны ойд нь баяр хүргэж цэцгээ өгнө гэж бодоод л авч очиж байгаа нь тэр. Хонхыг нь дартал авгай хаалгаа тайллаа. Авгайд цэцгээ өгөхөөр даргадаа цэцэггүй болчих гээд байдаг. Тэр үед намар байсан даа, наймдугаар сар гарч байсан. Бороо ороод би цув өмссөн байсан. Гэрт нь ороод цуваа тайлж байтал авгай цааш харлаа. Тэр хооронд нь цэцгээ гялс хоёр хуваагаад нэгийг нь авгайд өгсөн. Өө, баярлалаа гээд л үнсээд сүйд болж байна. Цэдэнбал одоохон гараад ирнэ, чи хүлээж бай гэсэн. Удалгүй дарга амарч байсан бололтой гарч ирж байна. Намайг хараад тэвэрч үнсээд л бөөн баяр болсон. Ингээд цэцгээ даргадаа өгөөд сууцгаалаа.

-Энэ уулзалт тань нөгөө Дожоодорж гуайг очиж нэвтрүүлэг хийхээс өмнөх явдал уу?

-Өмнө. Тэр Дожоодорж их муухай хүн шүү.

-Би Дожоодорж гуайтай ярилцлага хийж байсан. Тэгэхэд Цэдэнбал даргын оршуулганд нь очиход хүмүүс өөр лүү нь чулуу шидэж, харааж зүхсэн тухай ярьж байсан. Гэхдээ Увсынхан л шидсэн болохоос бусад нь шидээгүй гэж байсан санагдана?

-Чулуу байтугай цохиод алчихаагүй нь их юм. Дожоодорж их муухай аргаар маршалынд очсоныг чи мэдэх үү. Элчин сайд Гүрбадамыг ашигласан байгаа юм ш дээ. Гүрбадам бас их муухай хандсан.

-Тэр үед чинь ямар нэгэн сонин алхам хийж чадсан хүн шууд олон нийтийн анхаарлын төвд орж ирдэг сонин үе байсан шүү дээ?

-Ардын баатар болох гэж үхэн хатан гүйж явсан нь тэр. Даргын авгай хэнийг ч оруулдаггүй байхгүй юу. Тэр үе чинь цагаан сарын үе байсан. Элчин сайд Гүрбадам маршалтай золгоно оо л гэнэ биз дээ. Тэгэхээр  авгай оруулахгүй гэх аргагүй шүү дээ. Тэгж очихдоо л шууд  Дожоодоржийг дагуулаад оччихсон байдаг.

-Авгай их дургүйцсэн байсан. Нэгэнт ороод ирчихсэн болохоор хөөгөөд явуулах аргагүй байдалд орчихсон байх?

-Дургүйцэхээр барах уу. Муу арга, муухай үйлдэл.

-Тэгвэл та тэр үеэс нэлээд өмнө уулзсан юм байна. Цэдэнбал даргын амьдрал ахуй, эрүүл мэнд нь гайгүй байсан үе үү?

-Гайгүй байсан.

-Төв хорооныхноос танаас өөр хүн зориглож уулзаагүй байх аа даа?

-Очоогүй. Нэг ч хүн очоогүй. Тэгээд л даргатай яриад суулаа. Чихэр печень, жимс тавиад ширээ засчихсан. Дарга ярих гээд л байсан. Хар далайд амрах гэсэн чинь их халуун, тэгээд эндээ амарлаа. Би их турсан шүү гээд л байн байн босч өмдөө татаж үзүүлээд байсан. Өмд нь хэлхийгээд нэлээн их турсан байсан. Хөөрхий сэтгэл санаа нь нэлээд хэцүү байсан. Намайг хамт байх хугацаанд чи хаачиж яваа юм бэ гээд л, хоёр ч удаа асуучихаж байсан. Би сая танд хэлсэн шүү дээ гэхээр өө тийм л дээ гээд л.

-Та шил юмтай очсон биз дээ?

-Үгүй.

-Авгай загнана гэж айгаад уу?  

-Загнахаар барах уу. Шил юмтай очвол уулзалт будаа болно шүү дээ. Шил юмаар ч яахав. Хамгийн гол нь уулзах л байгаа юм л даа. Тэгээд л хөөрхий ярих гээд эхэлж байтал хажуугаас нь авгай „Ты уходы, би Дамдинтай ярих юм байна” гэсэн. Дарга би жаахан юм яръя гэхэд „ты уходи, уходи” гэж хэд хашгираад л дуугүй болгож байсан. Тэгэхэд би даргыгаа үнэхээр их өрөвдөж байсан. Монгол авгай бол хэзээ ч тэгэхгүй шүү дээ. Тэгсэн чинь ширээн дээр алим тавьчихжээ. Дарга салфетикнаас талыг нь урж аваад алимнаас нэгийг аваад түүндээ боогоод, өрөөндөө очиж алим идэх гэж байгаа бололтой би ч амрая даа, та хоёр ярь, Дамдин минь алим идэх биед сайн гэнэ, чи алим идэж байгаарай гэсээр өрөө рүүгээ явлаа. Тэгтэл авгай халааснаасаа нэг юм гаргаж ирээд гүйлгээд харж байна. Тэмдэглэл харж байгаа бололтой. Их зөв юм ярьсан. Би Монголд 44-45 жил амьдарсан. Монгол хүнийг их сайн хүн гэж боддог. Та нар чинь нүүрэн дээр инээчихээд цаанаа нүднээс далд ёстой муухай улс байна. Би чамайг хэний даалгавраар ирсэн юм бэ гэж асуусан. Тэр үгэнд эмзэглэсэн бол уучлаарай. Миний буруу. Чи хэний ч даалгавраар биш өөрийнхөө сэтгэлээр ирж уулзаж байгаа юм байна. Би яагаад тэгж асуусан юм бэ гэхээр Батмөнх ирээд явлаа гэж дуулддаг. Содном ирээд явлаа л гэдэг. Хэн нь ч уулзаагүй. Ирээд уулзахад яадаг юм бэ. Бариад идэх гэж байгаа биш. Чи энэ хүнийг хар л даа. Турчихсан, таарах хувцас ч олддоггүй. Дэлгүүрээр дагуулаад явж байлтай нь биш. Хуучин бол Кремлийн хувцас захиалгын үйлдвэрт хийлгэдэг байсан. Одоо тэнд биднийг оруулахгүй. Хоол унд муутай. Нанзадыг л явуулж хоол хүнсээ авчруулдаг. Гадуур салхинд гаръя гэхээр унаа машин байхгүй. Элчингээс машин гуйхаар заримдаа өгөөд, заримдаа өгөхгүй. Ийм л байдалтай байна. Та нар маш хүн муутай улс. Батмөнхийг хэн дэвшүүлсэн, Содномыг хэн дэвшүүлсэн юм бэ. Цэдэнбал дэвшүүлсэн. Намсрайг, Дамдинг хэн дэвшүүлсэн бэ. Бүгдийг чинь Цэдэнбал дэвшүүлсэн. Тэгээд та нар энэ хүнд яагаад анхаарал тавьж болдоггүй юм бэ. Ийм учраас л би чамайг хэний даалгавраар ирсэн юм бэ гэж асуусан юм гэж ярьсан.  

-Мэдээж үнэн юм чинь та хэлэх үггүй дуугүй л хараад суув уу?

-Тэгэлгүй яахав. Тийм үгийн хариуд би юу хэлэх юм. Мань хүн заримдаа уйлаад л. Аргагүй шүү дээ. Та нар, монголчууд маш хүн муутай улс, би дөчин хэдэн жил болохдоо загнахдаа загнаж, дуугарахдаа дуугарч, чамтай ч гэсэн түр тар зөндөө л хийж байсан. Гэхдээ би үнэн сэтгэлээсээ Монголын ард түмнийг хүн чанар сайтай гэж бодож байсан ёстой хэрэг алга. Харин би чамайг ирнэ гэхээр дотроо их баярласан шүү гээд л. Ингээд даргын авгайд цаг хэртэй загнуулав аа. Ярьж байгаа зүйл нь үнэн юм чинь. Цаг хараад л байлаа. Онгоц 20 цагт нисэх байсан. Би 17 цагт очсон юм чинь цаг 18.30 боллоо. Тэгээд  зочид буудалдаа очно, эхнэр хүүхдээ аваад онгоцны буудал руу явна, хол юм чинь арга буюу  авгайтай яриагаа дуусгалаа. За, цаг оройтох нь ,маршалтай уулзаад явъя гэсэн чинь авгай даргыг дуудахаар орлоо. Дарга унтсан бололтой, орж ирээд өө, чи явах гэж байна уу гэлээ. Маршал аа би явъя даа, өнөө орой явна гэсэн чинь манай өрөөнд ор. Миний амьдарч байгаа өрөөнд заавал ор гээд болдоггүй, орлоо. Унтлагын өрөөнд олон ном, ач охины нь зураг байна.

-Цэдэнбал даргатай монголоор ярих уу?

-Даргатай монголоор ярина. Авгайтай мэдээж оросоор ярина. Монголоор ойлгохгүй юм чинь. Муу хэлбэл ч сайн ойлгоно л доо. (инээв)

-Ач охин нь гэж Зоригийн охин уу?

-Зоригийн охин. Зориг нэг охинтой. Том хүү нь эхнэр хүүхэдгүй. Монголд ирдэг нь Зоригийн охин. Дарга их ном уншдаг. Цэрэг, гэр бүл, соёл боловсрол, эдийн засаг гээд уншихгүй сэдэв гэж бараг байхгүй. Олон номыг зэрэг уншдаг их сонин хүн байсан юм ш дээ.

-Цэдэнбал дарга танд юм л хэлэх гэж өрөөндөө оруулсан болов уу даа. Эсвэл зүгээр л өрөөгөө үзүүлэх гэсэн юм болов уу?

-Өрөөгөө л үзүүлэх гэж. Энэ миний унтдаг ор, миний суудаг ширээ гээд л. Уншсан номон дээрээ энэ зөв энэ буруу, энийг ингүүштэй тэрийг тэгүүштэй гээд хажуу талд нь жирийтэл бичдэг. Яг тэр хэвээрээ л байсан.  Тэгээд би маршал аа, та юунд ингэж олон ном уншиж өөрийгөө ядраадаг юм бэ, жаахан амарч байгаач гэсэн чинь, үгүй Дамдин минь ном уншихгүй л бол цаг өнгөрөхгүй юм байна шүү дээ гэж байсан юм. Тэгээд би явахаар боллоо. Дарга чамайг гаргаж өгнө гэж коридорт тэвэрчихээд салахгүй байсан. Хөөрхий дөө, мөн ч өрөвдмөөр байсан шүү. Бидний хамгийн сүүлийн уулзалт энэ байсан. Тэгээд 1990 онд нас барахад нь оршуулганд нь очсон. Оршуулганд нь Улс төрийн товчоонд байсан дарга нар ирсэн. Харин Батмөнх, ирээгүй Содном ирээгүй. Муухай шүү дээ. Юм гэдэг чинь их сонин байдаг юм билээ. Чамд сонирхуулж ярихад тэгээд хойноос ирээд хоёр хоноод би ажилдаа орсон. Ажилдаа орсны маргааш бил үү дээ, Улс төрийн товчооны хурал болсон. Хурал дуусах үеэр Намсрай хэлэх юм байна гэснээ манай зарим хүн Цэдэнбал даргатай уулздаг юм байна. Хүн болгон ингээд байх юм бол болохгүй шүү дээ гээд маш муухай юм ярьж байна шүү.

 

-Таныг уулзсан гэж мэдчихжээ дээ?     

-Намайг шөнө нь онгоцоор ирж байхад л энд өдөр мэдээлэл ирчихсэн. Улс төрийн товчоонд мэдээлэл тарчихсан. Дамдин Цэдэнбалтай уулзаад хоёр цаг хагас яриад явлаа гээд л. Тэр хурал дээр миний нэрийг ч хэлсэнгүй. Гэхдээ намайг хэлж байгаа гэдэг нь дэндүү тодорхой. Миний дургүй хүрээд босоод үг хэлсэн. Би Цэдэнбал даргатай уулзаад ирсэн нь үнэн. Өөр хэн уулзсаныг мэдэхгүй байна. Ер нь хамт ажиллаж байсан нөхөр, ахмад хүнийг, хүний нутагт бие нь муу байхад нь эргэж очихдоо, Намын төв хорооноос зөвшөөрөл авдаг гэдгийг би харамсалтай нь даанч мэдсэнгүй. Мэдсэн бол мэддэг хүнээс нь зөвшөөрөл авдаг байж. Хүний нутагт байгаа ахмад хүнийг эргэхэд юу нь буруу байгаа юм бэ. Энд Цэдэнбал даргыг байхад товчооны албан тушаалтнууд дэс дараагаараа гар барьж мэндэлдэг байсан. Та нар түрүүлж гар барьдаг, би хамгийн сүүлд нь гар барьдаг байсан. Та нар тэр үед бараг бөгсийг нь долоох нь холгүй байдаг байсан. Одоо хүний нутагт байхад нь эргэхээр юу нь буруу байгаа юм бэ гээд жаахан ширүүлхээд тавьчихсан. Тэгтэл Батмөнх жаахан зовсон шинжтэй за тарцгаая тарцгаая гэж, хурал тарж байсан.

-Анастасия Ивановна гуайг энд байцаагдах үеэр та уулзсан биз дээ?

-Уулзалгүй яахав.

-Ардчилсан хувьсгал өрнөлөө. За, яахав намаас хөөхийг сануулжээ. Одоо ер нь намтайгаа ямар холбоотой байдаг вэ. Ялангуяа төр засгийн өндөрлөгүүдтэй уулздаг уу?

-Би улс орон, ард түмнийхээ өмнө үүргээ гүйцэтгэсэн гэж л өөрийгөө үзэж байгаа. Намайг ямар ч үндэслэлгүй хөөхөөр сануулж шийтгэсэн. Тэр шийтгэлийг арилгаж өг гэж намын XXII хуралд бичсэн. Гэвч одоо болтол хариу өгөөгүй.

-XXII хурал чинь Н.Энхбаяр намын дарга болдог хурал биз дээ?

-Тийм ээ, тэр хурал. МАХН чинь удирдлагаа бөөнөөр нь биш нэг хоёроор нь учрыг нь олж байсан. Хэлмэгдүүлэлтийн үед ч гэсэн тийм байсан. Бүхэл бүтэн бүрэлдэхүүнээр нь Цэдэнбалын тойрoн хүрээлэгчид гэж „Үнэн” сонин дээр бичиж байсныг санаж байна уу. 13 хүнийг шүү дээ.

-Санаж байна. Баахан нэвтрүүлэг хийгээд л, Цэдэнбал гуайд хавчигдаж явсан гэх баахан хүмүүс яриад л. Тэр үед таны тухай нэвтрүүлэг гэж гарсан уу?

-Үгүй. Ер нь миний нэр бишгүй л гарч байсан. Миний тухай зориуд нэвтрүүлэг гараагүй байх. Дожоодоржийн нэвтрүүлэгт цувуулж оруулж байсан юм гэнэ лээ. Бодвол намайг оруулах л байсан байлгүй. Намайг дуудаагүй, би дуудсан ч орохгүй байсан. Манай дарга Гомбожавын Очирбат намын дарга болсон байсан шүү дээ. Тэгээд их хурлаас Сумъяа даргатай комисс гараад биднийг шалгаад, сүүлд нь бүгд хурлаар оруулаад арга хэмжээ авч байгаа нь тэр байхгүй юу.

-Өнөө цагийн томчууд тантай уулздаг биз дээ?

-Яахав дээ. Манай намын дэргэд ахмадын хороо гэж байдаг юм. Тэгээд Цагаан сар юм уу Ахмадын өдөр цуглуулна. Зүгээр ердийн үед удирдлагаас ирж уулзах нь ховор доо. Манай нам чинь 2000 оны сонгуулиар ялсан. Тэрний дараагаар бид харж байгаад, намын удирдлагатай уулзъя, эд чинь нэг л биш байна гээд санал тавьсан. Лувсанноровоор дамжуулаад уулзахаар удаан хөөцөлдсөн. Манай ахмадын хороон дарга Лувсанноров шүү дээ. Тэгээд Н.Багабанди, Л.Энэбиш, Н.Энхбаяр гурвуулантай нь уулзах хүсэлт тавьчихаад хүлээгээд байлаа. Тэгж байтал Л.Энэбиш дарга хүлээж авна гэж байна л гэж байна. Нэг нэгээрээ уулзана гэнэ гэхээр нь би „Яах юм, нэг нэгээрээ уулзах ямар шаардлага байгаа юм. Тэдэнд ингэж биднээс бишүүрхээд байх юм юу байгаа юм бэ. Уулзвал гурвуулантай нь уулзана. Бид намын удирдлагууд байсны хувьд ярих юм байна” гэж хэлсэн. Зарим ахмадууд хэнтэй нь ч яахав уулзъя гэж байхад нь уулзъя гэж байна. Бидэнтэй цаадуул чинь олон уулзах сонирхол ч байхгүй байгаа. Нэгэнт уулзвал уулзахын дүрстэй уулзъя, Л.Энэбиштэй уулзахгүй гэсэн. Тэгээд хоёр сар өнгөрлөө. Тэгсээр байгаад 2001 оны зургадугаар сарын 30-нд дарга нар уулзъя гэж байна. Та нар намын байранд цугларч бай. Эндээс автобусанд суугаад Их тэнгэр лүү явна гэлээ. Тэгээд бид цуглаад очлоо доо.

-Хэн хэн байх вэ?

-Моломжамц гуай, Содном, Балхаажав, би, Жигжид гуай, Лантуу, Аварзад гуай гээд 10-аад хүн очлоо. Тэгсэн чинь Л.Энэбиш, Н.Энхбаяр хоёр ирлээ. Н.Багабанди байдаггүй. Би асуулаа. Н.Багабанди яасан бэ гэж. Тэгтэл Н.Багабанди ирэхгүй гэж байна. Ингээд 50 дугаар байрны нэг өрөөнд уулзалт боллоо. Л.Энэбиш Булган явах гэж байгаа гээд хоёр цаг уулзана гэлээ. Тэгэхээр нь тэгвэл уулзаад яах юм гэж би хэдэрлэлээ. Сонгогдоод жил  болчихсон улс  шүү дээ. Дарга нар хийж байгаа ажлаа ярилаа. Биднээс Моломжамц гуай бодол саналаа хэллээ. Яахав дээ, зарим нь магтаад л, манайхан чинь ер нь тиймэрхүү улс шүү дээ. Хүнд долигоноод л. Миний дургүй хүрээд нэлээд сүүлд нь би үгээ хэллээ. Та нар ямар сайхан амлалт өглөө. Ард түмэн та нарт 76 суудлаас 70-ыг нь өгсөн. Жилийн дотор та нар юу хийв. Лоозонгоос өөр юу ч байхгүй. Социалист өмчийг идсэн уусан бүхнийг илрүүлнэ гэсэн яасан. Хэн ч илрүүлсэн юм алга. Нөгөө амлалтууд чинь хаана байна. Сайхан сайхан амлалтуудаас чинь ердөө биелсэн юм алга. Дараагийн сонгуульд манай нам ялагдана. Сонгогдсоноосоо хойш бүтэн жил болоход юу ч хийгээгүй юм чинь гурван жилд та нар юу хийх юм бэ юу ч хийхгүй. Та нарын ёозыг харах юм бол хоосон, сайхан амлалт. Өөрөөр хэлбэл хүнийг хуурсан. Бүсчилсэн хөгжил л гэнэ, Мянганы зам л гэнэ. Энэ бүгд хэрэгтэй юу хэрэгтэй. Гэхдээ юманд чинь дэс дараа гэж байдаг шүү дээ. Бүсчилсэн хөгжлөөс чинь өмнө наана нь шийдэх асуудал. Хөдөө мянганы зам тавихаас чинь илүү Улаанбаатарын зам гэж янзын юм байна. Хүний амьдралаар жишиж ярих юм бол эрэгтэйчүүд сорочикгүй байж англи, америкийн есөн жорын зангиа нүцгэн биен дээрээ зүүчихсэн байгаатай адил байна шүү дээ. Худал амлалт л яриад байх юм гэж хэллээ. Л.Энэбиш бол бидний гараар нухлагдсан хүн байхгүй юу. Газрын дарга, орлогч дарга, орлогч сайд, хотын орлогч дарга байсан. Нэлээд нухлагдчихсан нөхөр. Тэгээд  Л.Энэбиш бослоо. Дамдин гуай таны хэлж байгаа зөв өө. Гэхдээ бидэнд хийх юм их байна. Шүүх прокурорын энэ муухай асуудлыг янзлахаар барьж аваад ажиллаж байна. Шүүх прокурорын багц хуулиуд боловсруулж байгаа. Энэ хууль удахгүй гарна. Ингээд ер нь жигдэрнэ. Та нарын шүүмжлэлийг хүлээж авлаа. Анхаарах зүйл зөндөө ярилаа гээд Л.Энэбиш яриагаа дуусгалаа. Тэгтэл Н.Энхбаяр босоод Дамдин гуай бид таны хэлж байгаа зүйлийг ойлгож байна. Та ингэж ярилгүй яахав. Та бол амьдралаас тасарсан. Мэдээллээс тасарсан. Та улс орны хэмжээнд амьдралд юу болж байгааг барагцаагаар л ярина уу гэхээс биш бидэн шиг мэдэхгүй шүү дээ гэж хэлсэн. Би тэгэхээр нь тэр нь ч тийм л дээ. Гэхдээ би та нарын хийж байгаа ажлын үр дүнгээр л ярьж байна шүү дээ. Ард түмний амьдрал ямар байгаа билээ, түүгээр нь л ярьсан гэсэн чинь Н.Энхбаяр огт хүлээж авсангүй. Би хэллээ. Н.Энхбаяр даргаа маргалдаад яах вэ. Хэдэн настайчуудаа хүлээж авч, үгийг нь сонсч байгаад бид баярлаж байна. Та нарыг сайн яваасай, улс орноо зөв удирдаасай л гэсэндээ дутагдлын чинь талаар хэлсэн болохоос та нарын мууг үзэх гэж ирээгүй шүү дээ. Радиогоор яриагүй, телевизээр яриагүй. Н.Энхбаяр даргаа бидний үед хүний дутагдал шүүмжлэлийг хүлээн авдаггүй хүнийг яадаг байсан гэхээр намын үүрийн хурлаар оруулаад, шударга шүүмжлэлийг жадлан  эсэргүүцэгч гээд донгодоод арга хэмжээ авдаг байсан. Таныг одоо хэн донгодох вэ, донгодох хүн алга, хэлэх юм алга гээд яриагаа дуусгасан. Тэгээд дараагаар нь биднийг дайллаганд урьсан. Зочин хүлээж авдаг нэг жижиг өрөө байдаг, тэнд ширээ засчихсан байсан. Тэгээд үргэлжлүүлээд яриад, 100 грамм уучихаараа улам хална биз дээ. Үндсэндээ 14 цагаас 17 цаг хүртэл хуралдаад, хүлээн авалтанд хоёр цаг болоод орой өндөрлөсөн. Түүнээс хойш ахмадын хэд хэдэн уулзалтад уригдаж очихдоо Н.Энхбаярыг шүүмжилсэн л дээ. 2001 он, 2005 он хүрчихсэн явж байна шүүмжлэл огт хүлээж авдаггүй. Олны  өмнө л би хэлж байсан. Тэрнээс хойш надад дургүй болсон байх. Их муухай хүн шүү дээ. Манай намын 85 жилийн ой 2006 онд болсон. Тэгэхэд баярын хурал, олон арга хэмжээ болсон. Улс төрийн товчооны гишүүн байсан бүх улсуудыг урьсан байсан. Ганцхан намайг уриагүй. Иймэрхүү байдлаар бид харьцаа суларсан.

-Төр засгийн өндөрлөгүүдийн түвшинд тэрнээс хойш албан ёсоор хүлээж аваагүй юу?

-С.Баяр хүлээж авсан. Ерөнхий сайд болсныхоо дараа. 2007 оны арванхоёрдугаар сарын 11-нд биднийг хүлээж авсан. Рагчаа гуай, Моломжамц гуай бид хэд очсон.

-Дажгүй уулзалт болсон уу?

-Тийм ээ. Тэр үед дөнгөж шинэхэн Ерөнхий сайд болчихсон. Бидний үгийг сонсох гэсэн байхгүй юу даа. Манайхан яахав дээ, Ерөнхий юм яриад л, би төгсгөл рүү нь хэдэн үг хэлсэн. Манай ахмадууд ёс журмаа ч боддог юм уу, хурц хэлэхгүй шүү дээ. Мөлийлгөөд л, сайхан байна, энэ тэр гээд л өнгөрдөг. Ийм маягаар уулзалт хийх юм бол энэ хүү дараа бидэнтэй хэзээ ч уулзахгүй. Яагаад гэвэл та бидний өнөөдрийн ярьж байгаа энэ яриа чинь С.Баярын ажлаа явуулахад нь нэг ч хэрэг болохгүй, ерөнхий, бас өнгөрсөн үеэ магтсан, хоосон шинжтэй зүйлүүд байна. С.Баяр ч ойлгож байгаа байх. Энэ хэдэн хөгшчүүлтэй уулзаад ер нь юм гарахгүй юм байна гэж бодож байгаа байх гэж хэлсэн. Тэгээд С.Баярт намын дарга, Ерөнхий сайд болсонд нь баяр хүргээд, биднийг хүлээж авч байгаад нь талархаад, сүүлд нь үгээ хэлсэн. За Баяр аа, ах нь бодож байгаагаа л хэлнэ. Ийм маягаар бол хүү минь чиний ажил явахгүй. Чи ямар бүрэлдэхүүнтэй Засгийн газар байгуулав. Чи цоо шинэ улсуудыг оруулж ирээд ёстой жинхэнэ өөрийнхөө багийг бүрдүүлэхийн оронд хуучин Н.Энхбаярын  улсуудыг оруулж ирээд чиний ажил явахгүй. Би үүнийг ойлгож байна. Энэ Засгийн газрыг байгуулахад Н.Энхбаярын зүгээс шахалт ирсэн байх, өөр намаас ч шахалт ирсэн байх. Энд тэндэхийн шахалтаар ажлаа явуулна гэвэл  хэзээ ч бүтэхгүй шүү хүү минь. Үүнийг л цаашдаа анхаараарай. Хугацаа бага байна шүү гэж хэлсэн.

-Та сая ажлаа өгснийг нь юу гэж бодож байна?

-Ажлаа өгсөн нь биеийн байдалтай нь холбоотой болов уу. Гэхдээ С.Баяр сонгуулийн дараа ахиж шинэ танхим байгуулсныхаа дараа анх гарч ирснээсээ хойш 180 градус эргэчихсэн. Би тэрнээс хойш хэд хэд уулзъя гэж бодоод чадаагүй.

-Монгол орон стратегийн гэж нэрлэгдэж байгаа ордуудыг эргэлтэд оруулж эхэллээ. Оюутолгойн гэрээг баталснаар шинэ Монголын үүдийг нээлээ гэж ярьцгааж байна. Та энэ шийдвэрийн талаар ямар бодолтой байна вэ?  

-Сая Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой боллоо. Чөлөөтэй гадаад явдаг, чөлөөтэй ярьдаг хэлдэг, сонгуулиа хийдэг боллоо. Ер нь Ардчиллын үрээр өөрчлөгдсөн юм их бий. Гэхдээ энэ бүхэн бол гадаад өнгө, гадаад үзэмж, зөвхөн гадаад тал юм. Гадаад талаас нь харахад Монголд ардчилал үнэхээр бий болжээ. Гэвч ардчилал ч бай, юу ч бай, ямарваа нэгэн өөрчлөлт бол эцсийн эцэст үр дүнгээр л дүгнэгдэх ёстой. Жишээ нь хүнээр ярихад дээд сургуулийн  диплом хоёр гурваар нь өвөртөлчихсөн, гаднаа жигтэйхэн ганган атлаа бөндгөрт нь юу ч байхгүй хийсвэр залуу шиг л байна шүү дээ. 20 жилд манайхан эрх чөлөөтэй болжээ. Иргэн бүр маань гадаадад явах боломжтой болсон. Хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэргээрээ өөр боллоо. Энэ бол ардчиллын буян. Гэхдээ ардчилал гэдэг чинь эцсийн эцэст юу юм бэ. Хоосон лоозон тавих биш биз дээ. Үнэндээ бол 1970-1990 оны хооронд  манай улс танигдахын аргагүй хөгжсөн байхгүй юу. Миний хариуцаж байсан үйлдвэрүүд гэхэд улсаа хувцас хунар бүх юмаар хангасан. Идэх уух юм гэхэд чинь гадаадын чанаргүй болчихсон хоол хүнс авчирч, ард түмнээ хордуулах биш өөрийнхөө экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангадаг болчихсон. Мах, гурил гэх мэт бүх юмаа өөрсдөө үйлдвэрлэдэг. Илүү гарсныг нь гадаадад гаргадаг болчихсон. Хувцас хунар гэхэд гурван сая 500 мянган хос гутал хийчихдэг, 400-500 мянган савхин дээл, цамц хийчихдэг, 200-300 мянган пальто, костюм хийчихдэг, илүүг нь гадаадад гаргачихдаг, бүх юмаа хангачихсан байсан шүү дээ. Энэ бол 1970-1990 он. Тэгвэл 1990-2010 он хүртэл юу хийв. Үр дүн байхгүй байна. Өөрөөр хэлбэл ард түмний амьдрал сайжирвал сайжирсан байхаар хугацаа өнгөрсөн байна шүү дээ.  

Ажилгүйчүүд гэж бараг байгаагүй. Суман дээр нэг хүний хүүхэд ажилгүй байхад л сумын дарга, аймгийн дарга нар хүртэл хөөцөлдөөд ажилд оруулах арга хэмжээ авдаг. Нэг их баян цатгалан биш ч гэлээ бүгдээрээ ажилтай, бүгдээрээ амьдралтай, маргаашдаа итгэлтэй байсан юм шүү.

-Агуулга муутай хэлбэр төдий ардчилалтай 20 жил зууралдчихлаа гэх гээд байна аа даа?

-Тийм шүү дээ. Агуулга муутай, ёс төдий хэлбэржсэн ардчилалтай 20 жил зууралдчихлаа.

-Та бүгдийн хийж бүтээснийг үгүйсгэх гэж байгаа юм биш шүү. Та нөхдийн үед Монгол орныг сайхан болгосон, шинэ шатанд гаргасан гэж байна. Гэхдээ залуу үедээ, залуу Монголдоо дааж давшгүй өр л үлдээсэн юм биш үү. Жишээ нь Оросын их өрийг тэглэсэн агуу том гавьяа нөгөө Н.Энхбаяр нарт очдог шүү дээ. Энэ асуултад жишээ нь та юу гэж хариулах бол?

-Хэний барьж өгсөн сууцанд сууж байгаа юм. Хэний барьж өгсөн сургууль  соёлыг сурч төгсөөд энэ улсууд ардчиллыг бий болгосон юм. Хэний буянаар өнөөдөрт хүрч ирэв. Энэ өр зээлийн асуудал гэдэг дээр би өөрт чинь нэг сонин санаа хэлье. Манай ерөнхийлөгч байсан П.Очирбат Ельцинтэй нэг баримтад гарын үсэг зурсныг санаж байна уу. 1993 он байх аа. Орос бол айхтар том гүрэн. Том гүрэн том л бодлоготой байдаг юм билээ. П.Очирбатыг очиход тэгсэн байгаа юм. За, танай удирдагчдын зарим Зөвлөлт улсын үед танай олон зуун хүнийг хэлмэгдүүлсэн талаар гомдол санал дуугарах юм. Энэ бол Зөвлөлт улсын хийсэн ажил. Тэрийг шинэ байгуулагдсан ОХУ хариуцахгүй шүү гэсэн утгатай үг хэлж, тэр хоёр гарын үсэг зураа биз дээ. Би тэгэхэд бодож байсан юм. Энэ П.Очирбат болоогүй л байна даа хөөрхий. П.Очирбатаас өөр хүн бол “Өө зүйтэй Борис Николаевич. Энэ үнэхээр гайхалтай санаа байна. Ну, тэгвэл Монголд зээл тусламжийн асуудлыг танай зарим нөхөд бас сөхдөг. Одоо бол шинэ Орос орон шинэ тутам Монгол оронтой харилцах шинэ харилцааны цоо шинэ эрин эхэлж байна. Тиймээс Зөвлөлт улсын үед авсан зээлийг бид хариуцахгүй шүү гээд л баримт бичгийн найруулгыг дор нь өөрчлүүлээд л гарын үсэг зурах ёстой байсан. Ингээд л одооны хэллэгээр бандан тас. Төрийн хүний нарийн ухааныг тэнд гаргах ёстой байсан юм шүү дээ. Эцсийн эцэст бүх юм харилцаан дээр явдаг. Тийм хэмжээний юм бодож олсон хүн тэр хэмжээний хариу ирнэ гэж өмнөөс тооцчихоод, тохиролцоход бэлэн сууж байсан ч юм бил үү, хэн мэдэж байгаа юм. Гэтэл манай Очирбат малилзтал инээгээд л гар барьчихсан.

-П.Очирбатын алдааг хожим  Н.Энхбаяр зассан гэсэн үг үү?

-За за зассан болог. Гэхдээ бол улсын удирдагч хүн тийм юман дээр л хатуу суух ёстой байхгүй юу. Тэр үед Ельцинийг гүйцэж сэтгэх хурдтай, гялалзсан толгой байсан бол шууд л тэгж шийдэх байсан. Тэгсэн бол юун их өр тэглэсэн гавьяа мавьяа.

-Д.Бямбасүрэн гуай бараг юун элэнцэгний өр. Харин бид Оросоос авлагатай. Хичнээн жил Монгол орон Зөвлөлтийн туршилтын бааз,  хээрийн сургуулийн талбай байсан билээ. Ямар ч өр байхгүй гэдэг?

-Өрийн асуудал бол өрийн асуудал. Шийдэх арга заль зөндөө байсан тухай л би ярьж байна. Манайхан их буруу юм ярьдаг л даа. Орос манайхаас өрөө нэхээд байсан юм шиг. Орос манайхаас хэзээ ч өрөө нэхэж байгаагүй. Өрийн асуудлыг хойшлуулж шийддэг байсан байх. Д.Бямбасүрэн энэ тэр л манайхаас өр нэхээд  байсан. Ийм учраас ингэсэн гээд л янз бүрийн юм яриад байдаг. Тийм биш. Энэ хоёр улсын найрамдлыг муутгах асуудлыг тэгж яривал энэ Д.Бямбасүрэн энэ тэр бол айхтар хийсэн байх шүү. Гэнэт давхиж очоод л дарга нартай нь уулзаад л бид тэр өрийг чинь валютаар төлчихнө гээд л бөөн юм болоо биз дээ. Тэгээд хүйтрүүлээд хаясан. Тэгээд л цаадуул нь манайд өгдөг нөгөө бензин тос хамаг юмаа багасгаж эхэлсэн байлгүй. Бодвол дургүй нь хүрээ биз. Орост давхиж очоод л өчүүхэн муу Монголын Ерөнхий сайд “Өө, та нарт бид өртэй юм бол тэрийгээ гаргаад ир. Тэрийг чинь би валютаар төлчихнө” гэж хэлэхээр тэр улсын чинь дургүй бас хүрнэ биз дээ. Тийм учраас энэ ЗХУ-ын тэр үед гарсан өр зээлийн асуудлыг бол 1993 онд Ельцинтэй уулзахад л зөв замаар шийдчихэд бүрэн болох байсан.  

-Оюутолгойн гарээ танд ямар харагдаж байна. Нэг хэсэг нь одоо их хүчтэй эсэргүүцэж байгаа?

-Оюутолгойн гэрээ бол ёстой Монголыг доош нь хийсэн гэрээ. Товчоор хэлэхэд муу, буруу гэрээ хийсэн. Улсууд сайшаагаад л байхад өнөө хоцрогдсон Дамдин яагаад ингэж хэлж байна гэж бодох байх. Энэ чинь учиртай. Энэний буруу 20-30 жилийн дараа тодорхой болно. Гэрээг хийхдээ дэлхийн олон улсын хооронд сайхан тогтсон зарчим, ялангуяа капиталист орнуудтай тэр тогтсон зарчмыг нь сайн барьж ашиглах ёстой байхгүй юу. Техник, эдийн засгийн үндэслэл хийлгэх даалгавар гэж гаргаж ирэх ёстой. Бидний үед тэгж л бүх юмны суурин дээр шаарддаг байсан. Өөрөөр хэлбэл техник, эдийн засгийн үндэслэл гэдэг зүйлийг эзэн хүн нарийн гаргаж тавих ёстой. Гэтэл энэ гэрээн дээр техник, эдийн засгийн үндэслэл нь одоо хүртэл гараагүй байна гэж байгаа юм. Саяхан хэлэлцээд буцаачихлаа л гэж байна лээ. Техник, эдийн засгийн үндэслэл хийх даалгавар гээд, тэнд юу хийх ёстой вэ гэхээр Оюутолгой төсөл дээр хайгуулын ажил хийнэ, дараа нь уурхай байгуулна, баяжуулах үйлдвэр байгуулна, зэс хайлуулах үйлдвэр байгуулна, хайлсан зэсээрээ бүтээгдэхүүний химийн үйлдвэр байгуулна гээд нарийн тусгагддаг. Хоёрт, энд бол хот үүснэ. Тэр хот бол тэдээс тэдэн мянган хүн амтай байна гээд нарийн төлөвлөнө. Бүр өчүүхэн бага зүйлээс нь эхлээд ингээд төлөвлөх ёстой. Ингээд хот байгуулна, төмөр зам барина, цахилгаан станц байгуулна... Энэ мэтээр дэд бүтцийн бүх юмыг төлөвлөж, тооцоо үндэслэлийг гаргана. Гэтэл яасан. Оюутолгой дээр энэ техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах даалгавар гэж гарах ёстой. Тэр гарсан уу. Гараагүй. Байхгүй. За, тэрийг гарсны дараа яах ёстой гэвэл тендер зарлах ёстой. Тэр зарласан тендер дээр чинь өнөө даалгаврыг авна шүү дээ. Эзэн хүн юу хийх гэж байгаа юм. За, ийм ийм юм хийх гэж байгаа юм байна. Тэрний үндсэн дээр техник, эдийн засгийн үндэслэл гэдгийг боловсруулах ёстой. Боловсруулаад улс болгон тэр техник, эдийн засгийн үндэслэлийг сонирхож, өөрсдийн боломж бололцоог судалж, түүнийхээ үндсэн дээр орж ирнэ шүү дээ. Тэгээд тэрийг нь авч манай холбогдох газар үзэх ёстой. Гэтэл манай энэ нөхдүүд нэг компанитай л зууралдаж байгаад хийчихлээ. Тэр Оюутолгойн гэрээг үзэглэх баяр ёслолд чи бодвол очоо биз.

 

-Би ямар ч ёслолд оролцдоггүй?

-Телевизээр харсан уу. Ёстой юу гээчийн үзвэр тэнд тавив аа.  

-Харсан?

-Юу гэсэн үг вэ. Нэг хөрөнгөтний компанитай гэрээ хийхэд манай их хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ суучихсан, төрийн удирдлагууд бүгд очоод суучихсан. Би тийм ёс зүйгүй юм үзээгүй. Дэндүү муухай. Өөрөөр хэлбэл тэд Монголын төрийн нүүрийг шавартай хутгасан байхгүй юу. Зүгээр нэг доншуур наймаачидтай ийм том гэрээ хэлэлцээрийг хийгээд, хийх хийхдээ Монголын төрийг нэлээд доош нь оруулж муухай юм хийсэн. Хожим түүхийн өмнө хэн хариуцлага хүлээх вэ.

Хүний амьдралын бүх асуудлыг хуулиар зохицуулна гэж байхгүй. Ёс зүй гэж л нэг хууль бий.

-Танай нам л эрх бариад байгаа шүү дээ?

-Манай нам яахав дээ хөөрхий. Нэг хэсэг хоёр талаасаа шанаадуулаад, хагас манараа байдалд байлаа. Г.Очирбатын үед яахав дээ, хуучин ажлаас хусагдсан хор шарандаа хонзогнож биднийг шүүхэд шилжүүлсэн. Дараа нь Б.Даш-Ёндонгийн үед нагаржунайн үзэл гэх аль тэртээ 2500 жилийн өмнөх дорнын үзлийг баримтлаад л дундыг баримтлагч нам гээд баахан явсан. Тэгсээр байгаад энэ нам чинь нэр нь байдаг, дотор нь байдаггүй. Жинхэнэ мөн чанар нь байхгүй болоод явчихсан. МАХН бол жинхэнэ ард түмнийхээ сайн сайхны төлөө тэмцэгч нам байсан бол одоо сандал ширээний төлөө л тэмцэгч нам болчихоод л байж байна шүү дээ.

-Ер нь ингэж байснаас энэ намыг тарах хэрэгтэй гэх үзэлтэй улсууд олширч байгаа?

-Тарж болохгүй. Өвөг дээдсээсээ уламжилж ирсэн, улс орноо удирдаж, байгуулж, залж ирсэн намыг энэ муусайн дампуу юмнуудаас цэвэрлэх хэрэгтэй байхгүй юу. Цэвэрлэж жинхэнэ Монголын ард түмний сайн сайхны төлөө тэмцэгч намын байр суурин дээр нь аваачих ёстой. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав