Монгол хэлт уран зохиолын орчин үеийн хамгийн сод төлөөлөгч нь Дашдоржийн Нацагдорж гэдгийг хүн бүр мэднэ. Түүний бүтээлүүдийн сайн, муугийн ялгаа, утга агуулга, далд бэлгэдлийг эртнээс эдүгээ хүртэл олон шүүмжлэгч, судлаач нар тайлахыг оролдсоор буй. Үүн дотор их зохиолчийн “Харанхуй хад” өгүүллэг томоохон байр суурь эзэлдэг. Ерөөс Монголын анхлан бичигдсэн “зөн совин”-гийн шинжтэй уран зохиолын тэргүүнд “Харанхуй хад” байдаг. Уг зохиолыг судалсан нэрт эрдэмтэн Б.Содном болон Д.Нацагдоржийн уран бүтээлийн гар бичмэл, бичвэр судлал болон намтрын судалгааны ажлыг дорвитойгоор хийж гүйцэтгэсэн хүмүүс гэвэл дэд доктор Ч.Жачин болон зохиолч, судлаач С.Лочин, доктор, профессор Ч.Билигсайхан, Д.Галбаатар, Л.Хэрээ, доктор П.Батхуяг, С.Байгальсайхан, Зөвлөлтийн монголч эрдэмтэн К.Н.Ясцковская, Японы монголч эрдэмтэн Окадо, О.Энхбат, М.Баянзул, Х.Сүглэгмаа, М.Саранцэцэг, Ж.Отгонбаяр гэх зэргээр чамгүй урт нэрсийн жагсаалт гарна. Д.Нацагдоржийн “Харанхуй хад” зохиолын тухай их, бага хэмжээгээр судалсан зохиолчдын тоо 37 хүрч байгаа юм. Тэр бүхнийг нэрлэх боломж үгүй ч гэлээ дээрх судлаачдын “Харанхуй хад” өгүүллэгт хийсэн эрэл, бичвэрт хийсэн судалгаа, тэмдэглэл, эрдэм шинжилгээний ажил зэрэг нь тус өгүүллэгийн далд утга санаа хийгээд бэлгэдэл зүйг тайлахад  ихээхэн тус дэм болсныг дурдах хэрэгтэй.

Шуудхан гол ажилдаа оръё. “Харанхуй хад” өгүүллэгийн тухай бичгийн их эрдэмтэн Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нар хүртэл үгээ хэлж, олон санаа дэвшүүлж байжээ. Харин судлаач болгон гурван гол асуудалд анхаарлаа хандуулж өөр өөрсдийн үзэл санааг дэвшүүлсээр өдий хүрсэн байна.

1. Өгүүллэгт гарах “Харанхуй хад” хэмээх газар
2. Ина буюу амраг охины дүр
3. Зохиолын бэлгэдэл хийгээд “зүүдний өгүүлэмж”

Энэ гурван зүйлийн холбоосыг ажиглаж, нарийн судалсны үндсэн дээр зохиолын утга санаа хийгээд далд өгүүлэмж илрэн гарна гэдэгт бүгд итгэлтэй байсныг судлаачдын бичсэн шүүмж, тэмдэглэлүүдээс харж болно. Ихэнх судлаачид “Морь эрэхээр одов”, “Харанхуй хад” зохиолууд нэг эхтэй гэж үздэг. Тэгвэл дээр өгүүлсэн гурван гол асуудлыг эхнээс нь авч үзье.

ХАРАНХУЙ ХАД ХЭМЭЭХ ГАЗАР

“Нацагдорж энэ өгүүллэгтээ эрдэм шинжилгээний нэг уран сэтгэмжийг монгол янзаар үзүүлэхээр оролдсон. Эрдэм шинжилгээний хайгуулын тухай өгүүллэг болгохын тулд,  Нацагдорж мөн өгүүллэгээ их л хэцүү зохиомжтой болгожээ. Ийм учраас түүнийг уншихад цаашаа юу болох бол гэсэн сонин үйл явдал үргэлжлэн, үл мэдэгдэх бэрхшээлтэй буюу гайхмаар юм дайралдах нь олон үзэгдэнэ. Ер нь эрдэм шинжилгээний хайгуулын гол зорилго бол юмыг бий болгож олохын төлөө зүтгэнэ. Ингэж зүтгэхэд хэчнээн хүнд хүчир явдал тохиолддогийг харуулахаар зохиолч зорьжээ. Ийм утга санааг гаргахын төлөө зохиолч зөвхөн уран сэтгэмжийг хэрэглээд зогссонгүй, уран дүр, үйл явдлыг өрнүүлэх зэргээр урлагийн бүх бололцоог ашигласан байна. Мөн өгүүллэгт зохиолч өөрөө гол хайгуулч нь болж  дүрслэгддэг” (Б.Содном, 1966, 2009) Тус жишээнээс үзэхэд өгүүллэгийн “би” баатар маань харанхуй хад хэмээх газар бус тэс өөр зүйлийг эрж хайсан талаар бичжээ. Тэрхүү хайсан зүйл нь угтаа яруу найраг, уран зохиолын эрэл хайгуул байж гэсэн санааг эрдэмтэн, судлаач Б.Содном дэвшүүлсэн байна. Үүнийг судлаач Ч.Билигсайхан дэмжиж “...тэр зорилго нь зохиол бичих явдал нь ч байж болох, эсвэл, өөрийнх нь үзэл итгэл нь ч байж болох энэ бүхэн нууцлагджээ” (Ч.Билигсайхан. Ухаарахуй. Орчин үеийн утга зохиолын онол. УБ., 2003. 55 дахь тал) хэмээн тэмдэглэсэн байдаг.

Харин зохиолч судлаач, доктор, дэд профессор Х.Сүглэгмаа үүн дээр маш нарийн ажиглалт хийж, задлан шинжилсэн. Магадгүй түүний бичсэн шүүмж, эрдэм шинжилгээний ажлуудаас хамгийн шидээвэр бүтээлүүдийн нэг нь  “Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгийг зөн, сэрэл мэдрэмжийн үүднээс авч үзэх нь” хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэл билээ. Тэрээр “Харанхуй хад” нь зохиолд гурван янзаар бичигдсэн гэж тодорхойлсон. Нэгдүгээрт, “Бодитой орших утга” (Зохиолыг нэрлэж байгаа, бидний ойлгож байгаа хад асгын харанхуй хад), хоёрт,  “Бодитой оршдоггүй байж болох хийсвэр утга” (“Дөрвөн зүг найман зовхисыг тойрон, зуун жил мянган он эрэвч бас олдохгүй байж болох” хэмээсэн нь энэхүү “харанхуй хад” бол бодитой оршдоггүй байж болох хийсвэр утга зааж байгааг баталж байна) гэх буюу гуравт, “Тодорхойгүй утга” (“Харанхуй хад” хэмээх нэр энэ газрын байдалтай нийлэлцэн санагдах боловч гэж зохиолд тэмдэглэгдсэн байгаагаас үзвэл ямар нэгэн зүйлийг ёгтоор илэрхийлэн тэмдэглэсэн байж болох нэр) гэж үзсэн буй. Чухам эдгээрийн алин болохыг ялгаж салгахын тулд өдий хүртэл судлаачид “Харанхуй хад”-ны эрэлд мордсоор байна. Гэвч эцэстээ харанхуй хад нь бидний хүрээлэн буй ертөнц хийгээд байгалийн эд эсийг бүрдүүлэгч хүчин зүйл биш болох нь тодорхой. Үүн дээр олон судлаачид тайлбар хийжээ. Мөнхүү доктор Х.Сүглэгмаа ч “Тодорхойгүй утга” буюу ямар нэгэн зүйлийг ёгтоор илэрхийлж байна хэмээн тэмдэглэсэн ба “Сэтгэлгээний эрэл хайгуул бол ямагт хязгааргүй байдаг. Харанхуй хадны нууцыг нээхгүй байх тусам, түүний эрэл хайгуул хязгааргүй байх тусам, тэрхүү сэтгэлгээний үнэт чанар нь өсөн нэмэгдэх болно” гэх буюу “Түүнийг бодитой ямар нэгэн зүйлд оноон баталж болох боловч энэ нь хязгааргүй” гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Үүнээс үзэхэд зөн совингийн шинжтэй, иррационал зохиол болох нь харагдаж байна. Тиймдээ олон тайлал шаардсан “хийсвэр” шинж ч агуулагдаж буй билээ.

Дэд доктор Ч.Жачин “Шинжлэх ухааны чанар буюу үнэн бодит зүйл дээр тулгуурлан хүний сэтгэлд оромгүй бэрхтэй зүйлийг зохиолч өөрийн ухаанаар буюу уран сэтгэмжээр зохиогоод, мөн өөрийн ухаанаар тайлсан болох нь “Харанхуй хад” өгүүллэгт тодорхой байна” (Ч.Жачин “Д.Нацагдоржийн Гар бичмэлийн эх бичгийн судалгаа” 2006. 131 - р тал) гэсэн бол “Харанхуй хадын эрэлд...” хэмээх бүхэл бүтэн ном бичсэн доктор О.Энхбат тус өгүүллэгийг шинжлэх ухаан, зүүд зөнгийн талаас нь маш нарийн ажиглаж судалгаа хийсэн буй. Үүнээс харанхуй хад хэмээх газарт холбогдох зарим нэг жишээг татахуйд “Энэ замбуулинд хүний амьдралын ёс “буюу дарма” алдагдан Харанхуй хадын газар мэт болоод байгаа бөгөөд түүнийг хэрхэн эргүүлэн олох замыг илэрхийлжээ” гэснээс үзэхүл ерөөс тус газар нь орчлон ертөнцийн хоосноос чухам эгээрэл хийгээд үнэнийг эрэхэд чиглэгдсэн газар болон хувирч байна. Энэ нь Х.Сүглэгмаа, Ч.Билигсайхан, Б.Содном, Ч.Жачин зэрэг хүмүүсийн дэвшүүлсэн санаатай сэдвийн хувьд зөрөх ч туйлын зорилго нь яв цав нийлж байгааг дурдах нь зүй.

Үүнээс үзэхэд “Харанхуй хад” хэмээх газар нь ямар нэгэн бодитой зүйл биш боловч бидний алдагдсан оюун ухааныг мөхөөлгүй авч үлдэх яруу найраг, замбуулингийн ёс, сэтгэлгээний эрэл хайгуул, зохиол бичих үйлийн алин болохыг хэн ч бүрэн гүйцэд тайлж чадсангүй. Магадгүй эрж олохгүй биз. Тийм байх тусам зохиолын үнэ цэн хийгээд төгс төгөлдөр чанар нь өсөн нэмэгдэнэ. Гэвч гагцхүү бодитой зүйл бус гэдэг дээр олон судлаачид санал нэгдэж буйг анхаарах хэрэгтэй

ИНА БУЮУ АМРАГ ОХИНЫ ДҮР

“Найман сарын гучны Бямба гариг. Харанхуй хад. Ина” гэсэн тэмдэглэлээс үүдэн өгүүллэгийн “би” баатар харанхуй хадны эрэлд морддог. Ихэнх судлаачид үүнийг нэг их тоолгүй орхисон ч О.Энхбат “...ажихад “Цаг хугацаа. Орон зай. Хувь хүний шинж” гэсэн агуулгатай (ертөнцийн харьцангуй гурван үнэн) дорно дахины гүн ухааны гол асуудалд бүрэн дүүрэн хариулт өгч байсан нь Харанхуй хад гүн ухааныг дүрсэлжээ гэдэг үнэмшлийг төрүүлсэн юм” гэж дүгнэжээ. Цаг хугацаа, орон зай, хувь хүний шинж чанарын асуудалд хариулт өгөхөөр оролдсон нь хийсвэр боловч ямар нэгэн чухал зүйлийн тухай их зохиолчийн туйлын зорилго байсан бололтой. Гэвч зохиолд өгүүлэгдэх Ина охиныг Д.Нацагдоржийн гэргий Нина Ивановна Чистаковатай холбон тайлбарлах судлаачид 80-аас илүү хувийг эзэлдэг. Учир нь зохиолд өгүүлэгдэх Инагийн дүр зохиолчийн гэргийн амьдралтай нэн төстэй.

Зохиолд “Ина хэмээгч нэг залуу цэвэрхэн охин бөгөөд долоон жилийн урьд би түүнтэй хязгааргүй янаглан ханилсан боловч, дараагаар хоёр уул далайн тэртээ энэтэйд завсарлагдан, ташаалагдсан бөлгөө” хэмээсэн буй. Үүнд Б.Содном “Уран зохиол бичих явдлыг Д.Нацагдорж 1923 оноос эхлэн туршжээ. Гэвч 1923 оноос 1930 он хүртэл долоон жилийн завсар гойд их бичсэнгүй” гэж тэмдэглэсэн байдаг. Харин Х.Сүглэгмаа “Миний хуучин амраг охины нэр” гэж зохиолд өгүүлснээс үзвэл “хязгааргүй янаглан ханилсан”, “уул далайн тэртээ завсарлагдсан”, “сэтгэл зүрх ташаалагдсан”, зохиолын төгсгөлд хажууд нь зогсож байгаа Ина гэдэг бүсгүй бол бодит хүн гэсэн утга тодорхой байна” хэмээн тайлбарласан ч хоёр өөр талаас бас туршиц хийсэн юм. Тэр нь “Ина-г зохиолч “эрдэмтэн охины манлай” гэж нэг хийсвэрлээд, мөн дахин түүний бие надаас салахад гэж дахин хийсвэр ухагдахуунаар төлөөлүүлэн хэлсэн нь Ина бол бодит бус хийсвэр утга гэсэн нэг санааг давхар харуулж байна” (“Хэл бичиг, утга соёл” эрдэм шинжилгээний бичиг №3 (2) 92) гэж үзжээ. Мөн Ч.Жачин “... өгүүллэгт уран зохиолыг үзэсгэлэнт эмэгтэйгээр төдийгүй энэ тухайгаа төгсгөлд нь шүлгээр илэрхийлсэн нь ч гэсэн уламжлалт үзэгдэл болно” (Ч.Жачин “Д.Нацагдоржийн Гар бичмэлийн эх бичгийн судалгаа” 2006. 134) хэмээжээ. О.Энхбат “Харанхуй хадын эрэлд” номондоо “Ина гэдэг бүсгүйг зохиолын туршид суу билиг, онгод гэдгийг давхар ажигла” хэмээсэн нь буй. Мөн С.Байгальсайхан “Зохиолч би баатрыг Ина хэмээх эв хамт ёсны үзлийг монгол даяар эрүүлж, түүний төлөөлөл болгон нэгэн гөрөөчнийг очуулсан ба өгүүллэг тэр аяараа монгол орны нийгмийн амьдралыг тусган харуулж, түүнд гэгээг хүссэн зохиолчийн үзэл санаа туссан гэж үзэж болох юм” (С.Байгальсайхан “ХХ зууны монгол өгүүллэгийн туурвил зүй” 2010. 35) гэсэн буй. “Харанхуй хад” зохиол Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгтэй үнэхээр адил мэт утга санааг агуулсан байж болох ч Инагийн дүр чухамхүү юу гэдэгт дээрх тайлбар бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй.

Тэгвэл “Ина” гэгч эмэгтэйгээр уран зохиол хийгээд яруу найргийг төлөөлүүлсэн байх боломжтой юм. Б.Содномын үзсэнээр Д.Нацагдорж долоон жил гойд юм бичилгүй завсарласан нь Инатай холбоотой учир уран зохиолыг ийн үзэсгэлэнт эмэгтэйгээр төлөөлүүлж эрэл хайгуулаа үргэлжлүүлсэн гэх нь бүрэн үндэстэй. Нөгөөтэйгүүр Нина, Ина гэх үгс монгол бичигт ганцхан цэгээр ялгагддаг тухай Ч.Жачин өгүүлсэн буй. Гэхдээ үүн дээр нэг тайлбар хийж болно. Монгол бичиг яруу найраг гэх үгсийг “ирагу найраг” гэж бичдэг. Босоо бичгийн эхний хоёр үеийг тасалбал “и”, “на” гэсэн үе бүтэх ба “Ина” гэдэг нь “яруу найраг” гэдгийн товчлол ч байх бүрэн боломжтой.

ЗОХИОЛЫН БЭЛГЭДЭЛ ХИЙГЭЭД “ЗҮҮДНИЙ ӨГҮҮЛЭМЖ”

“Харанхуй хад” өгүүллэг цөм нэгэн зүүд ажгуу. Зохиолч Д.Намдаг “Энэ бол ертөнцийн бодит үйл явдал яавч биш, “амьдралын үнэнээс хальж байна”, “зохиомол өгүүллэг гэж хэлж болох санж... Үүнийг би зүүд гэж үзэв. Ахин ахин унших тусам зүүд болох нь улмаар тодорно” (Д.Намдаг. Шинэ монголын шинэ театр. УБ., 1985. 162) хэмээснийг олон судлаачид дэмждэг.

Судлаач П.Батхуяг “Харанхуй хадыг даанч цааш нь хэн ч үргэлжлүүлэлгүй олон оныг үдсэн юм. Харин “”Шувуун саарал”, “Ламбагуайн нулимс”-ыг олон хүн ондоо  байдлаар үргэлжлүүлсэн билээ. Оросын уран зохиолын түүхэнд бичсэнээр “Гилбэрийн хатан”-г Достоевский, “Дубровский”-г Толстой үргэлжлүүлэн төгөлдөржүүлсэн гэдэг шиг. Хэрэв тийм боломж байсан бол “Харанхуй хад” шиг зөн сэрэхүй, бэлгэдэл, сэтгэл зүйн чиглэлийн зохиол манай уран зохиолд их эрт хүчтэй хөгжих байсан гэж санагддаг” гэснээс үзэхүл зөн совингийн шинжтэй өгүүллэг болох нь харагдана. Үүнийг бичигч ч үүнд итгэлтэй байнам. Их сэтгэгч К.Юнг “Сэрэл бидэнд юм оршин буйг мэдээлдэг. Сэтгэхүй түүнийг тодорхойлж өгдөг. Мэдрэхүй үнэ цэнг нь мэдээлдэг. Хүн ямар нэг зүйл оршиж байгаа, тэр нь юу болох, ямар үнэ цэнтэйг мэдчих ертөнцийн бүрэн дүр зураг байна гэж бодъё. Гэвч цаг хугацаа гэх өөр нэг зүйл байдаг. Эд юмс өөрийн өнгөрсөн ба ирээдүйтэй” хэмээсэнтэй зохиол аль аль талаараа холбогддог. Өгүүллэгт өнгөрсөнд үлдээсэн юмсын мөн чанарыг ирээдүйгээс эрж хайдаг. “Зөн совин мэдрэхүйд өртөх төдий, ухамсарт бол ул мөргүй зүйл боловч далд ухамсар дахь ер бусын дохиолол”. (Д.Галбаатар “Уран зохиол” нэвтэрхий толь 2012.УБ) Өгүүллэгт зөн совингийн шинжтэй олон дохиололт өгүүлэмжүүд буй.

Дохиолол 1: “Найман сарын гучны Бямба гариг. Харанхуй хад. Ина” гэх тэмдэглэл
Дохиолол 2: Сормуусны сүүдэрт үзэгдэхэд Ина охин дүр
Дохиолол 3: Баруун зүг удирдан явах морь хийгээд нохой
Дохиолол 4: “Бараан цохио” хэмээх  газраас олсон эмгэний чулуу
Дохиолол 5: Хааш явахыг мэдэхгүй байтал тэмүүлсэн морь нь амраг охиных нь эцгийн морь болохыг нэг зэрэг бодох.

Энэ бүгд зөн совингийн шинжтэй уран зохиолын томоохон жишээ болж буйг нотлох баримтууд юм. Тиймдээ ч цөөнгүй судлаачид “Харанхуй хад”-ыг их сэтгэгч З.Фрейдын зүүдний онолтой холбож тайлбарласан байдаг. “Зүүдний тайлал нь ухамсаргүйг танин мэдэх оролдлого” (Зигмунд Фрейд “Психоанализ” УБ. 20000 хэмээсэн психоанализын зарчимтай нэг талаараа холбогдож өгнө.

Х.Сүглэгмаа “Харанхуй хад, Ина хэмээх хоёр тодорхойгүй ойлголт түүнийг тодруулж байгаа “Зүүд”-ний өгүүлэмж гурав нь гурвуулаа бодит, бодит бус хийсвэр, тодорхойгүй гэсэн ижил гурван шинжтэй байна” гэж үзсэн бол философич Ж.Отгонбаяр “Зохиол хоёр хувилбартай байгаа нь чухам юуг ч зүүдэлж болохыг, тэр тусмаа айдас, санаашрал шаналгаа, нэг ёсондоо, “харанхуй” байдлаар, эсвэл түрэгдсэн ухамсар, далд хүсэл биелж, “нар гарч, магнай тэнийж” байгаагаар зүүдэлж болдогтой холбоотой. Энэхүү зүүдний “ажлын” утга болоод буй тэр зүйл бол зохиолчийн далд хүсэл, далд ухамсар болтлоо бэтгэрсэн итгэл үнэмшил дотоод ертөнц нь юм гэж үзэж байна. Зүүд шиг уран мэргэн, “ажил нь бүтэж байдаг” орчил ертөнц өөр хаана ч үгүй. Ёстой л “барьж тавьж” байдаг шүү дээ. Уран сэтгэмжлэг байдал нь зүүдний нэгэн атрибут шинж юм” хэмээсэн нь “Харанхуй хад”-ыг уран сэтгэмжит, ёр бэлгийн шинжтэй өгүүллэг гэсэн дүгнэлтэнд хүргэсэн.

Харин О.Энхбатын “Харанхуй хад” өгүүллэгийн зүүдний бэлгэдэлд хариулт өгсөн жишээнүүдээс “Таамаг 3.1”-ийг энд бүхлээр нь эшэлье. [Эргэцүүлэн санавал, эдгээр хэдэн үсэг нь түүний бие надаас салахад миний дэвтэр дээр тэмдэглэж өгсөн, сануулга лав мөн хэмээн сая мэдэвч, юу хэмээсэн утга нь басхүү далд амой] Таамаг 3.1 “...зүүд нь ирээдүйн амьдралд тохиох нь Нацагдоржид сонин байсан биз. Онгод бол хүний өдөр тутамдаа хэрэглэдэг дотоод гадаад ухамсраас хол байдгийг...түүний бие надаас салахуй дор миний дэвтэр дээр тэмдэглэж өгсөн сануулга... гэж үлдээсэн мэдээллээр нь тодорхой гаргаж. Энэ зөн бэлгийн хурц мэдрэмж энэ хэсэг зүүдний учрыг тодруулъя. Зүүд зөн бэлгийн ба энгийн гэсэн хоёр янз байдаг бөгөөд эхнийх нь Дээд оюуны анхны давхаргад хамаарах бөгөөд үнэн байдаг. Ийм зүүдээр шинжлэх ухаанд нээлт хийдэг тохиолдол ч бий” хэмээснээс үзвэл “Харанхуй хад” гүн ухааны шинжтэй өгүүллэг юм. Бүхий л зүйлс нь яруу найруулга гэгчид чиглэсэн туйлын зорилго, утга агуулгатай байлаа ч жинхэнэ мөн чанарыг нь олж нээхэд дутуу зүйлс байсаар. Учир нь зохиолын өгүүлэмжийн ард нуугдах далд утга, бэлгэдэл нь юу болохыг зүүдээр нь дамжуулан тайлах шаардлагатай болж байна. Олон ч судлаачид, зүүд болоод бэлгэдлийн талаар ярьсан ч энэхүү зүйлсийг нэгтгэн эцсийн дүгнэлт хийсэн нь үгүй.

Ерөөс уг зохиолыг уран бүтээлийн эрэл, зохиогчийн уйгагүй хөдөлмөр хийгээд яруу найргийн гүн рүү нэвтрэхүйн нууцыг нэвчүүлэн бичсэн гэж үзэх судлаачид болон тухайн үеийн нийгмийн байдлыг харанхуй хадтай адилтган хурцаар шүүмжилсэн гэх тайлбарууд гол байр суурь эзэлдэг. Философич Ж.Отгонбаяр “Хэрэв “Хуучин хүү” өгүүллэг Монголын нийгмийн өмнө үеийн байдлыг хүн талаас нь нийтлэг хэв маягаар дүрсэлсэн бол “Харанхуй хад” нь монголчуудын тухайн үеийн байдлыг нийгэм талаас нь ёгтлон дүрсэлсэн улс төрийн утгатай бөлгөө. Миний бодоход, “Харанхуй хад”-ны далд, бэлгэдэл утга ийм буюу” хэмээсэнтэй шуудхан санал нэгдэж болмооргүй. Гэвч эцэст нь “Харанхуй хад” ганцхан тайлал шаардсан рациональ зохиол бус гэдгийг санах хэрэгтэй.

Ингээд дээрх судлаачдын “Харанхуй хад” өгүүллэгт хийсэн задлан шинжлэл болоод дэвшүүлсэн асуудлыг эцэст нь дүгнэе.

“Харанхуй хад”-ны зүүдний өгүүлэмж нь далд ухамсартай шууд холбоотой бөгөөд эд юмсаас мөн чанарыг нь хайсан шинж харагдаж байна. Тиймдээ ч уг өгүүллэгийн далд утга уран зохиолын хязгааргүй эрлийн тухай өгүүлсэн буюу үүнийг тойрсон судлаачдын гаргалгаа, эрэл хайгуул бий ч сэтгэлгээний нууцлагдмал байдалтай хэвээр үлджээ.

Ина нь Д.Нацагдоржийн гэргий Нина хэмээн үзэх нь их зохиолчийн намтар хийгээд хувийн амьдралын намтар, хүмүүсийн дурсамж ярианаас үзэхэд үнэн зөв болохыг С.Лочин, Ч.Жачин, Б.Содном зэрэг судлаачид баримтад тулгуурлан өгүүлсэн байдаг. Гэвч ихэнх нь “Ина” хэмээх үзэсгэлэнт охиноор яруу найргийн ертөнц хийгээд уран бүтээлчийн өөрийгөө олох эрэл хайгуул, шинэ шинэлэг санааны туршиц, бүтээлч чанарын тухай өгүүлсэн гэдэг дээр байр сууриа хадгалж үлдэхийг эрмэлзжээ. Мөнхүү сүүлийн үед гарч байгаа “Харанхуй хад” өгүүллэгт хийсэн залуу судлаачдын шүүмжийг үзэхүйд “Ина” охины дүрийг яруу найргаар төлөөлүүлж өгүүллэгт задлал хийж үүнийгээ зүүдний онол, өөрсдийн хуримтлуулсан туршлага дээр үндэслэн тайлбарлаж буй нь илт.

Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгийг 37 хүн их бага хэмжээгээр судалж тэдний 60 гаруй хувь нь “уран сэтгэмж”-ийн өгүүллэг гэж тодорхойлжээ. Зөн совин хийгээд, урлахуйн мэдрэмж, онгодын эрчист хариулт өгөхийг оролдож тус бүтээлээ зүүдээр зохиомжилсон хэмээн ихэнх судлаачид үздэг. МУИС-ийг физик, математикийн багшаар төгссөн О.Энхбат “Харанхуй хад”-ны эрэлд гэх бүтэн ном туурвисан ч эцэст нь мөн л бодитой гаргалгаанд хүрч чадаагүй. Магадгүй тус өгүүллэгт утга санааны төгсгөл гэж үгүй болов уу. Чинагш тэмүүлэх туйлын зорилго агуулагдах ч чинагш зорчиход юм бүхэн хязгааргүй буй за.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав