Монгол Улсын соёлын биет бус өвийг таниулан сурталчлах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хоёр дахь өдрийн арга хэмжээ, тоглолтууд үргэлжилсээр байна.
Энэ жилийн фестивальд 14 Төрийн бус байгууллага оролцож буй. Тэдгээрээс онцолбол “Монголын шувуучлахуй холбоо” үндэсний бахархалт Идлэг шонхор шувуу болон шувуулахуйн өвд багтдаг бусад махчин шувуудын онцлог шинж, ан хийх зан төрх, амьдралын хэв маягийг үзэгчдэд таниулан сурталчилж байгаа бол “Монгол банхар судлалын холбоо” нүүдэлчдийн аж амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон монгол нохдыг үзэгч олонд танилцуулахаар фестивалийг зорин иржээ.
Мөн түүнчлэн “Монголын хэл хуурчдын холбоо”, “Монголын Үндэсний Нүүдэлчин Эсгийчдийн Холбоо”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих холбоо”, “Уг удам өв соёл холбоо”, “Дэлхийн мөрөөдлийн сургууль” зэрэг байгууллага тухай бүр соёлын биет бус өвийг таниулах, түгээн дэлгэрүүлэх олон үйл ажиллагааг зохион байгуулж байна.