Юуны өмнө техникийн бэрхшээл гарсны улмаас өмнө нь хийсэн ярилцлагаа гаргах боломжгүй болсондоо уншигчдаасаа болоод танаас хүлцэл өчье. Гэхдээ тэр уулзалтаас хойш олон үйл явдал болж өнгөрлөө.



-Яриагаа манай харилцаа холбооны салбарын хамгийн чухал нэгжийн нэг  “Монгол шуудан” ХК -ын тухай асуудлаар эхлэе. Цагийн урсгалд нэр, барилга хоёр нь хэвээрээ үлдсэн ч үйлчилгээ нь саарч, зарим талаар унтарсан гэж хардаг. Харин та яагаад ийшээ яваад орчихов оо. Энэ их сонирхолтой санагдаад байгаа юм?

-2020 онд энэ “Монгол шуудан” хувьцаат компани 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. 1960-80-аад оны бидний үеийнхэн дунд марк сонирхож, цуглуулдаггүй хүүхэд ховор байсан. Бид нар шуудангийн салбар, номын сангаас ховор амьтдын, загасны эсвэл түүх дурсгалын зурагтай марк авч цуглуулаад орос мэргэжилтнүүдтэй солилцдог байлаа. Гоё гоё маркны цуглуулгаар л анх шууданг төсөөлдөг байлаа шүү дээ. Сүхбаатарын талбайн баруун урдах байшин “Монгол шуудан” гэсэн хаягтай байдаг байсан л даа. Улаанбаатар тухайн үед жижигхэн байсан, өдөр бүр л тэр уулзвараар өнгөрөхдөө “Монгол шуудан”-гийн байшин гэж хоорондоо ярилцдагсан. Одоо өөр нэртэй болсон ч гэсэн бэлэгдэл, хувийн дурсамж талаас нь харвал монгол хүний сэтгэлд хоногшсон, дулаахан мэдрэмж төрүүлдэг байгууллага байгаа юм. Ер нь 2003-2004 оноос эхлээд Засгийн газар “Монгол шуудан”-г хувьчлах талаар ярьсан. Тэгээд 2016 оны нэгдүгээр сард хувьчлал явагдаж, 34 хувийг нь Хөрөнгийн биржээр зарах шийдвэр гарснаар “Ард Санхүүгийн Нэгдэл” ХХК, түүний цаана байгаа олон зуун хувьцаа эзэмшигчид 17 хувийг нь худалдаж авсан юм. Сүүлд, өнгөрсөн есдүгээр сард бусад хувьцаа эзэмшигчдээс нэмж аван, одоо 31 орчим хувьтай болоод байна. 2005 онд “Хас” банкны удирдлагад байх үеэсээ би “Монгол шуудан” хэмээх орон даяар сүлжээтэй дэд бүтцийг ажиглаж банкны үйлчилгээг хүргэх зорилго тавьж, талийгаач Ж.Жанцан захирал болон дараа дараагийн захирлуудын үед хамтран ажиллаж байсан. Идэрцогт, Чинзориг зэрэг олон захиралтай ажиллаж байсан. Жишээ нь стратегийн түншлэлийн гэрээгээ одоогоос арваад жилийн өмнө байгуулж байсан.Тэр цагаас хойш явсаар байгаад өөрийн хувьд бодчихсон, зорьж байсан, илүү хөгжилтэйгээр хэлбэл онилчихсон байсан энэ байгууллагын тодорхой хэмжээний хувьчлалд нь орлоо. Сүүлийн үед олон нийтийн дунд "Ж.Оюунгэрэл, Ч.Ганхуяг нарын хүмүүс “Монгол Шуудан”-г бүхлээр нь авчихлаа" гэсэн яриа гарсантай холбоотойгоор таныг надад энэ асуултыг тавьж байна гэж би ойлгож байна. Нэг талаас энэ байгууллагад Төр 66 хувьтай, хувийн хэвшил 34 хувьтай байх тохиолдолд цаашаа ажиллахад нөхцөл байдал тун хэцүү гэдэг нь харагдаж байгаа. Нөгөө талаас Төрд тодорхой хэмжээний хувьчлалуудын орлого төвлөрснөөр өнөөдөр төсөвт үүсээд буй цоорхойг нөхөх нэг том боломж гарч ирнэ шүү дээ. Энэ бол хөрөнгө босох бас л нэг чухал гарц. “Монгол шуудан” ХК дээр ярья л даа. Үнэндээ өнөөдөр харамсалтай нь Төрийн оролцоо байгаад ч “Монгол шуудан”-гийн үйлчилгээ бусад улсын шуудангийн үйлчилгээний төвшинд хүрч чадахгүй байна. Хүн гэртээ сууж байгаад шинэ жилийн мэндчилгээгээ авчихдаг үйлчилгээ бидэнд хэрэгтэй байна шүү дээ. Байгууллага болгон сониноо элдэв төвөг чирэгдэлгүй захиалаад авчихдаг болох хэрэгтэй байна. Барууны орнуудад явж байхад айл бүр нь л орцныхоо гадаа шуудангийн хайрцагтай байдаг. Хотын захаар байшинд амьдардаг айлууд ч гаднаа шуудангийн хайрцагтай л байдаг. Шуудангийн хайрцгаар гэртээ илгээмж, захидал, бэлэг хүлээж авах бололцоог өнөөгийн “Монгол шуудан” монгол иргэдэд олгоогүй байна. Монголын хувьд онцлог нөхцлүүд зөндөө бий л дээ. Тэгэхээр малчин айлын хотонд бид яаж өнөөдрийн ХХI зууны үйлчилгээг хүргэх вэ гэдэг асуудал өнөөг хүртэл шийдлээ хүлээж байна. Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд үндсэндээ хаяггүй сууж байна. Бусад улсад хэрэглэж буй ZIP кодыг бид хэрэглэх үү, үгүй юу. Энэ гудамжуудаа хэзээ хаягтай болгох юм, орцныхоо үүдэнд хэзээ шуудангийн хайрцаг тавих юм. Жак Ма ирлээ гээд  шагширч буй ч бид яг үнэндээ түүний тэр дэлхий нийтийг байлдан дагуулсан "e-commerce"  үйлчилгээг гэртээ авах бололцоог хэзээ нээж өгөх юм бэ. Бид хэнийг харж суух юм бэ? Төр засаг нь өөрөө хүргэж чадахгүй байгаа үйлчилгээ, түүнээс болж үүссэн тэр хоосон орон зайн дээр хувийн хэвшил өөрсдийн санаачилгаар ороод "e-commerce" үйлчилгээг шуудангийн салбараар дамжуулан хөгжүүлэх боломж байна. Хөдөө орон нутагт аж төрж байгаа айлууддаа өнөөдөр бид амьдралыг нь хүргэж өгөх хэрэгтэй байна. Зардал чирэгдэл, хоцрогдсон тэр бүх юмнаас нь салгамаар байна. Энэ бүхнийгээ хийж өгөхгүй байж орон нутаг эзгүйрлээ, хотод төвлөрөл ихэслээ гээд бид яриад байх уу. Юнител 4G сүлжээг хөдөө нэвтрүүлсэн гэж байна. Тэгвэл хөдөө орон нутагт байгаа хүмүүс тэр утсаараа ороод, Их дэлгүүрээс бараа бүтээгдэхүүнээ сонгоод, банкаар дамжуулан төлбөрөө төлөөд, хүргүүлээд авдаг болмоор байна шүү дээ. Хотын бидний амьдралд нэвтэрчихээд байгаа энэ үйлчилгээг хэзээ улс орон даяараа, хөдөө орон нутагтаа нэвтрүүлэх вэ. Үүнийг нэвтрүүлэхийн  төлөө л бид ажиллаж байна. 

-Хүний өдөр тутмын ахуй амьдралын соёлд нэвчиж байгаа шинэ үйлчилгээнүүдийг орон нутгийн иргэд, тэр дундаа малчид маань авах. Энэ бүхнийг нэвтрүүлэхэд шуудан компанийн үүрэг чухал л даа. Тантай санал нэг байна. 

-Ер нь шууданг харахад сум, аймгуудад шуудан дандаа тэр суурин газрынхаа төвд байрладаг. Жижигхэн цагаан байшингуудын тухай хоёулаа яриа эхлэхээс өмнө дурсаж байсан даа. Тэр цэг хүмүүсийг хооронд нь холбож байдаг, нийгмийн амьдралынх нь нэг гол зангилаа цэг нь болж явж ирсэн уламжлалтай байж. Энэ амьдралыг нь сэргээж, хөгжлийнх нь дараагийн шатанд гаргах ажлыг л хийх гэж байна гэж ойлгож болно.

-Миний тантай ярилцах дуртай байдаг нэг шалтгаан та ярилцаж байгаа сэтгүүлчийнхээ асуух эрхэнд эгдүүцдэггүй, их эрх чөлөөтэй ярилцах боломж өгдөг болохоор. Одоо гэхэд би танд хардсан асуулт тавих гэж байна.

-(инээв) Тийм үү.    

-Сум баг болгонд хүрдэг шуудангийн үйлчилгээ нь улс төрд стратегийн ашиг хийж болдог сүлжээ ч байж болох. Нэгэн удаа сонгуулийн үеэр “Монгол шуудан”-гийн орон даяарх сүлжээг ашиглан далд цугларалт зохиож, үүрэг өгөгдөж байхыг санаандгүй олж харж байсан юм. Танд ямар нэгэн улс төрийн сонирхол ашиг сонирхол байгаа юу?

-Нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Би сэтгүүлчдэд их нээлттэй ярилцлага өгсөөр ирсэн. Харин сошиал медиа хөгжсөнөөс хойш олон нийттэй бүр ч илүү нээлттэй харилцаж байгаа. Тэнд хүмүүс надаас ямар нэг алхам, акц, эсвэл ямар нэгэн мэдэгдэл хийсний дараа ч юм уу олон асуултууд асуудаг. Улс төрийн ашиг хонжоо хайж байна уу, таалагдахын тулд юм хийгээд байна уу гэх мэт зүйлийг асуудаг. Би нэг л зүйлийг байнга давтан хэлдэг. Би ямар нэгэн байдлаар улс төрийн оноо цуглуулах гэж, ямар нэгэн нэр хүндийн ашиг харж, хүмүүст таалагдах гэж, эсвэл зөв харагдах гэж юм хийхгүй гэдгээ. Заримдаа хэлж байгаа үг маань дэндүү хурц ч юм уу, эсвэл өөртөө ашиггүй юм хийгээд яваад байгаа ч хүн юм шиг харагддаг байж мэднэ. Тухайлбал, надад өнөөдрийн энэ “Монгол шуудан”-гийн сэдвийг ийм халуун цэг болж байгаа үед нь хаагаад дуугүй байсан нь дээр гэж зөвлөж байгаа хүмүүс ч байна. Гэхдээ миний хувьд хийж байгаа ажил маань зөв, хүрэх эцсийн үр дүн маань тодорхой байгаа учраас энэ асуудлаар өөрт байгаа бодлоо чөлөөтэй, нээлттэй хэлээд, хийе гэж бодсон зүйлээ хийгээд явж байх нь цаашдын ирээдүйд маань эерэг тусгал болох болов уу гэж үздэг. Анхнаасаа ил явах нь өөрөө элдэв буруу, зөрүү юманд орооцолдохгүй байх нөхцлийг бүрдүүлнэ шүү дээ. Шуудан бол айл бүрт хүрэх боломж бүхий  потенциалтай субьект мөн. Сонгуулиар айлуудад мөрийн хөтөлбөр, зурагт хуудас хүргэх хамгийн дөт, хурдан шуурхай зам мөн. Гэхдээ “Монгол шуудан”-гийн хувьчлалд улс төрийн зорилготой орж байна уу гэвэл үгүй. Түрүүн хэлсэн. 2005 онд банкинд ажиллаж байхдаа би шуудан гэдэг байгууллагын энэ дэд бүтцийг ашиглаад банкны үйлчилгээг буюу тодруулбал тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг тавих боломж байгааг олж харсан. Шуудан гэж банк байгуулагдсан ч зорилго, чиглэлээр яг миний харж байсан чиг шугамаар нэгтгэсэн цогцоор яваагүй л дээ. 

-Тийм байх.

-Хоёулаа өмнө нь ярилцаж байхад би “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” гэдэг сэдвээр нэлээн тодорхой ярьж байсан. Хэсэг хүмүүс нь банк байгуулчихдаг, тэгээд дийлэнх нь мөнгөө хүүлүүлж байна гээд гомдоллодог банкны эрүүл бус тогтолцоо Монголд байсаар байна. Сая ханш савлалаа, банкуудын зээл төлөгдөхгүй байна. Бидний хадгаламжийн мөнгөөр элдэв хувьчлалд орлоо гэсэн яриа гарж байна. Эцэст нь яг хаана асуудал нь байдаг юм бэ. Өнөөдөр технологи хөгжиж, хүн бүр өөрсдийн үйлчлүүлж байгаа банкны талаар мэдээлэл авах эрхтэй байх, тэндээ хувьцаа авах боломжтой байх, хүн болгон оролцоотой байж зөв байх юм байна гэх хандлага, итгэл үнэмшил тогтож эхэлж байгаа юм. Тэгвэл өнөөдөр “Хөрөнгө Оруулагч Үндэстэн”-ийг явуулахын тулд бидэнд үндэсний хэмжээний дэд бүтэцтэй байж, элдэв “мөнгө хүүлэгч, цус сорогчдод цусаа соруулж байна” гэх яриаг зогсоох нь чухал болж байгаа юм. Банкны салбар бол маш чухал салбар. Өөрийнхөө хувьцаатай банкин дээр очоод цалингаа авчихдаг, зээл авчихдаг, тэндхийнхээ картыг авчихдаг, жилийнхээ эцсээр ашгаа тоолж байгаад тодорхой хувиа авдаг болмоор байна шүү дээ. Жинхэнэ ард түмний оролцоотой, тэдэнд үйлчилдэг банкийг байгуулмаар байна. 

-“Монгол шуудан”-гийн тухай сэдвийг хаахын өмнө хэлэхэд хөгжсөн нийгмийнхэн энэ үйлчилгээ, ойлголтыг сайн мэднэ. Шуудантай хамт шинэ мэдээ, шинэ баяр гуниг, хүний амьдралыг хөдөлгөөнд оруулах шинэ зүйлс ирж байдаг. Та бүхэн их гэгээн зорилго өвөрлөж энэ салбарт орж байгаа юм байна. Тэгэхээр шинэ төсөлд тань амжилт хүсье. 

-Баярлалаа. Технологи хөгжих тусам маш олон салбар өөрчлөлтөнд нэрвэгдэж байна. Банкны салбарт интернет орж ирснээр хүн банкин дээр очихгүйгээр гүйлгээ хийдэг болчихлоо. Шуудангийн салбар яг тийм үзэгдэл болсон. Бид хөдөө суманд, аймагт томилолтоор эсвэл илгээлтээр очиж ажиллаж байхдаа аав ээжээсээ захиа, илгээмж авдаг байсан. Хол ойр явахдаа шуудангаар л холбогдож, амьдрал нь түүн дээр тогтдог байсан. Орчин цагт бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээж өгдөг “DHL”, “FedEx” гэсэн байгууллагууд орж ирж байна, “Amazon”, “Ebay” зэрэг том том сайтаас дуртай юмаа захиалаад авчруулчихаж болж байна шүү дээ. Авчирч өгч байгаа тэр холбогч нь шуудан болчихоод байна. Тэгэхээр энэ бүх хялбарчлагдсан шинэ цагийн амьдралыг малчны гэрт аваачья гэж бид мөрөөдөж ажиллаж байна. 

-Дээр үед гээд л, жишээлбэл би хувьдаа 1978-79 оны, ухаан орсноосоо хойших л зүйлийг ярих гээд байна л даа. Шуудангаар цаасан хайрцагтай илгээмжүүд, богцтой олон захидлууд холбоон дээр ирдэг байлаа. Гадаадад сурдаг оюутнуудын ховор нандин, задлаад үзчихмээр гоё товхгор захиа, илгээмжүүд ирнэ. Илгээмжийн тэр гоё үйлчилгээ цагийн аясаар байхгүй болчихсон л доо? 

-Нэг л жишээ ярья. Монголд нэг ийм сайт байна. Хамгийн их эрэлттэй, гэртээ их хүргүүлдэг бараа нь хүүхдийн живх байна гэж байгаа юм. Амьдралын бодит хэрэгцээ гарч ирж байгаа нь тэр. Өнөөдөр бид машинд суугаад, хоёр цаг гацаад, Их дэлгүүр орж хэрэгцээгээ хангадаг тэр тогтолцоо зайлшгүй өөрчлөгдөх гээд байгаа байхгүй юу. Гэртээ сууж байгаад, утсаараа төлбөрөө хийгээд, захиалчихаж болдог болчихвол энэ их замын түгжрэл багасна шүү дээ. Та өөрөө ч гэсэн байгууллагын дарга хүн, ажигласан л байх. Байгууллагын жолооч нар 12 дугаар сард өөрийн цагийн 60-70 хувийг машин дотор өнгөрөөж, бусад байгууллагын дарга нарт мэндчилгээ, урилга хүргэж өгдөг тогтолцоотой болсон байна, бид.
 

ХЯЛБАРЧЛАГДСАН ШИНЭ ЦАГИЙН АМЬДРАЛЫГ МАЛЧНЫ ГЭРТ АВААЧЪЯ ГЭЖ БИД МӨРӨӨДӨЖ АЖИЛЛАЖ БАЙНА


-Би өнөөдөр тантай “Open door” сонинд ярилцлага нийлүүлдэг гэрээт сэтгүүлчийн хувьд уулзаж байгаа шүү дээ. 

-Тийм л дээ. (инээв) Нээрээ “Монцамэ” агентлагийн дарга болсонд баяр хүргэе. “Open door” сонины Б.Ганчимэг маань Монголын төрийн зүгээс Монголд болж байгаа үйл явдлыг дэлхий нийтэд таниулдаг тусгай чиг үүрэгтэй том агентлагийн дарга болсон учраас харилцагчдад мэндчилгээ явуулья гэхэд энэ үйлчилгээ их хэрэгтэй. 

-Банк бол таны олон жилийн идэвх зүтгэл шингэсэн салбар. Таныг Чулууны гэхээсээ илүү “Хас”-ын гэж овоглодог. “Хас” банк Монголын банк, санхүүгийн салбарт нэгэн том багана болж чадсан. 

-Тэгэлгүй яахав. Үнэхээр сайхан сонсогдож байна. 

-Би яагаад ч юм “Өөрийн гэр”-ээсээ гарч явж буй хүмүүсийг нэлээн ажигладаг юм. Их сонин үйл явц. “Бодь”группын задралын дараа Л.Болд нь гэрээсээ гараад л явсан. Яагаад бусад хөгжсөн нийгэмд ажил хэргийн түншлэл, түүнийг дагасан нөхөрлөлүүд бөх бат хадгалагдаж явдаг. Манайд болохоор салцгаадаг юм бол. Бусдын байгуулсан санхүүгийн том пирамидууд дараа үедээ өвлөгдөөд, улам хөгжөөд, ганхашгүй яваад байхад монголынх үсрээд л 20 жил яваад салж байдаг юм. Таныг “Хас” банкинд ямар ч хамааралгүй болсон гэж сонсоод харамссан учраас би энэ асуултыг асууж байгаа юм. 

-Яахав энэ салбарт хөл тавьсанаар шууданд шинэ үйлчилгээ л нэвтрүүлэх гэсэн юм. Хүмүүс маань яг одоо л гэхэд мөнгө, бензин хэмнэх, баярын түгжрэлийг багасгах гоё үйлчилгээ байхгүй юу. Шинэ жилийн бэлэг хүргэлтийн үйлчилгээ байж болж байна. Энийг хийх ёстой байгууллага нь хийчихье, цөмөөрөө амьдралаа хялбаршуулж, дэлхий нийтийн энгийн амьдралын тэр хэмнэлд дөхөж очмоор байна шүү дээ. Жижигхэн алхмаар энэ өөрчлөлтийг эхлүүлж байгаа нь энэ.

-Таны өмнө ярилцлагад орсон зочин маань надад хэлсэн л дээ, “Ганчимэг ээ, чи хүнийг ороож байгаад, дэгээдэж унагах гээд улайраад байдаг болж байна уу даа” гэж. Би танаас муу, тааруу мэдээллийг л асуух гээд байгаа юм биш шүү. Та зөвөөр ойлгоорой.

-Би энэ асуудал дээр огт эмзэглэхгүй. Өөрөө ярья гэж бодож байсан юм. “Монгол шуудан”-гийн Анхбаатар захиралтай болон УИХ-ын тодорхой гишүүдтэй уулзаад, яагаад хувьчлалын асуудлыг эсэргүүцэж байгааг нь, яагаад зөв гэж бодож байгааг нь та бас сэтгүүлч хүний хувьд тодруулж асуувал зүгээр. Яагаад гэвэл энэ зөвхөн би биш Монгол Улсын иргэд нь өөрсдөө шуудангийн үйлчилгээг шинэ төвшинд нь авчихдаг болоосой гэсэндээ хэлээд байгаа юм шүү. Та бас сайн ойлгоорой. Ер нь аливаа буруу зөрүү ойлголтыг тухай бүрт нь хүн залруулаад явчих хэрэгтэй юм билээ. Намайг эхнэрээ хаяад явчихлаа гээд олон жилийн өмнө нэг хэвлэлээр бичээд л асуудал болж байсан шүү дээ. Тухайн үед тайлбарлах ч боломж байгаагүй. Өнөөдөр “Хас” дээр юу болоод, яагаад байгаа юм гэж байна. Хүмүүс бага сага зүйлийг ойлгож байгаа явдалд би их баярлаж байгаа. Миний өмнөх амьдрал бүтээгүй нэг шалтгаан “Хас” байсан. Яагаад гэвэл би зуун хувь ажилдаа анхаарал хандуулж, тэр лүүгээ шумбаад орчихсон байсан, бүх залуу насаа өгсөн. “Хас”-аа хаяад явчихна гэж юу гэсэн үг вэ гэж байна. Би “Хас”-ыг өөрөө бойжуулж өсгөсөн, нэрийг нь өгсөн, тэжээж тэтгэж өдий хүргэсэн, төрсөн хүүхдээ л гэж хардаг. Гэхдээ хүүхэд өөрөө нас бие гүйцдэг, хэнтэй яаж амьдралаа өнгөрүүлэх вэ, цааш нь өөрийгөө яаж авч явах вэ гэдгээ өөрөө шийдэх цаг нь ирдэг. Тэр сонголтууд нь ирсэн болов уу гэж бодож байгаа. Миний зүгээс 2010 онд С.Батболд дарга намайг улс төр рүү даллаад орхиж явсан тийм нэг баримт байдаг. Гэхдээ би “Хас”-аас гарч яваагүй байсан бол, хэрэв би улс төрд ороод эхний ялагдлаа амсаагүй байсан бол өнөөдөр “Ард Санхүүгийн Нэгдэл”, энэ дотор ажиллаж байгаа олон зуун хүмүүс, тэр нэгдэл, хамт олныг бүрдүүлж байгаа арван хэдэн компани, “Монгол шуудан”-гийн шинэ ажил байхгүй байх байсан. Энэ утгаар нь би уг асуудалд уужуу тайвуу ханддаг. Сэтгэл маань тайван байгаа. Хүн аливаа зорилгод өөрийгөө өгч байж, буцаагаад авдаг. Хэдий чинээ өгнө, төдий чинээг авах боломжтой байдаг. 

-Шууд хэлэхэд өөрийнхөө юмнаас түлхэгдсэн ч бай, үл ойлгогдсон ч бай, ямар нэгэн байдлаар өвдөлт тээгээд  гарсан хүн тэрнээсээ хоёр, гурав дахин эрч хүчтэй болдог, илүү амжилтанд хүрдэг гэсэн үг бий. Нөгөө талаас, үсээ цайтал илүү их хүч зардаг гэсэн түүх бий. 

-“Apple”-ийн Стив Жобс компаниа байгуулчихаад, 1980-аад оны дундуур гараад, 90-ээд онд байхгүй байж байгаад, 2000 он гарахад буцаж очоод бидний өдөр тутмын амьдралын хэрэглээ болсон гайхамшигт бүтээгдэхүүнүүдээ гаргаж ирсэн түүх бий. Миний хувьд 2005 онд л энэ байгууллагаасаа явна гэдгээ өөртөө тодорхойлсон байсан. Залгамж халаагаа бэлдэх асуудал гарч ирсэн, тодорхой хэмжээнд бэлдсэн. Сайн мууг би одоо дүгнэхэд илүүц байх. Харилцагчид, хамт ажиллаж буй хүмүүс нь дүгнэх болов уу. Би чадах бүхнээ хийсэн. Би тодорхой хугацаанд хамт ажилласан, мэргэжлийн хувьд хамгийн сайн гэсэн хүмүүсээ л авчраад тавьсан. Харин хүн талаасаа “жинхэнэ хүмүүс”-ийг авчирсан уу, үгүй юу гэдэг дээр би дотроо өөртөө дүгнэлт хийнэ. Тэнд ажиллаж буй хамт олон бас өөр нэг дүгнэлтийг хийх байх. Би нэг л зүйлд харамсаж байгаа. Яг хүн талаас нь харах хараан дээрээ алдаа гаргасан бол миний байгуулж бүтээгээд явсан мянга гаруй хүнтэй хамт олон хохирсон байх. Би дараагийнхаа замыг сонгоод, баяртай гээд хаалгаа хаагаад явсан. Би түрүүн хувийн амьдралынхаа талаар ч сэтгэлдээ тээж явсан юмаа хэллээ. Намайг сайн муугаар дүгнэх явдал зөндөө байсан. Цаашдаа ч байх биз. Нэг юмыг олж харвал, би хаалгаа хаасан бол нэг мөр л хаачихдаг. Ахиж тэр хаалгыг очиж онголзуулаад байдаггүй. Хувь хувьсгалын аль аль харилцаан дээр. 

-Аавын хувьд хүн үр хүүхдийнхээ өмнө хаалгаа хаадаггүй, тэр үүргээ биелүүлж л байдаг. Харин “Хас”-ын хувьд бол хаасан гэж та тов тодорхой хэлж байх шиг байна?

-Намайг өвчтэй үр хүүхдээ орхисон гэж ярьж бичсэн. Нэг талаас нэгэнт Оогий бид хоёрын амьдрал бүтэхгүй болсон бол, тэгээд хэн хэн нь ойлгож мэдрээд хаалгаа хаасан бол, эргэлт буцалтгүйгээр, хэн хэндээ шударгаар хаагаад явчихаж байгаа юм. Үр хүүхдийн хувьд, хамт амьдарч байсан хүнээ халамжлах, найзын хувиар ч юм уу, өр төлөөстэй хүн гэдэг утгаараа ч юм уу, тэр үүргээ хүн бүхэн гүйцэтгэх ёстой. Тэрийг би биш нөгөө хүмүүс маань дүгнэх ёстой байх. Харин “Хас”-ын хувьд миний овог болчихоод явж байна. Гэхдээ энэ амьдралдаа би нэг банк байгуулсан хүн гэж дурсагдах болсондоо их баяртай байгаа. Би Монгол Улсын төрд ажиллаж үзлээ, Монголын Эдийн засгийн форумыг хийж үзлээ, “Ард” гэдэг санхүүгийн нэгдлийг байгууллаа. Одоо ахин өөр төсөл эхлүүлээд явж байна.  

-Форумаа хийнэ биз дээ. Давосын форум гэх мэт том арга хэмжээнүүд дээр очиход үнэхээр Монголдоо ийм сайхан нэг арга хэмжээг нутагшуулаасай, эргээд бүх юм монголд орж ирэх мөнгө л болж хувирна шүү дээ гэж өөрийн эрхгүй бодогддог. Та бүхний тэр эхлэл үнэхээр талархмаар ажил шүү. 

-Монголын Эдийн засгийн форумаас гадна эдийн засгийн хувьд Монгол Улс өөрөө “Азийн чоно” эдийн засаг болох асуудлыг ярьж байгаа. Нэг банк байгуулсан гэдэг утгаараа биш, энэ улсад өөрийн хийж чадах, чадъя гэж бодсон, чадахыг хүссэн зүйлээ хийж чадсан гэдэг нэрийг л олж авмаар байна. Зүгээр нэг банк биш, “Тэнгэр” санхүүгийн Нэгдэл”, “Хас Лизин”г зэрэг дурдагдахгүй өнгөрдөг олон юм байгаа. Гэхдээ энийг би яагаад өнөөдөр тантай ярихдаа хэлж байна вэ гэхээр хүн сэтгэлээ зориулаад итгэж байгаа зүйлээ хийгээд л байвал ганц цэрэг ганцаардахгүй гэдэг үгийг залуучууд маань тусгаж аваад, тодорхой хэмжээнд энэ улс орныхоо дүр төрхийг өөрчилж, хөгжлийг авчран, үр хүүхэддээ арай бага стресстэй, арай гэрэлтэй, бага түгжрэлтэй, бага утаатай, илүү тухтай амьдралыг үлдээх юмсан гээд зориод ажиллаасай. Өдөр бүр, цаг мөч бүрийг тэрэндээ зориулаад зүтгээсэй. Тэрний хажуугаар хүн бүр эрүүл энх, аз жаргалтай байх амьдралыг л өөрөөрөө харуулах гээд зориод байна даа. Хоёулаа гурван жилд нэг удаа ингэж ярилцаж суудаг. Түрүүн хэлсэнчлэн, би ямар нэгэн байдлаар хэн нэгэнд таалагдах гээд, эсвэл элдэв санал, оноо худалдаж авах гээд энэ бүхнийг хийгээгүй. Нээлттэй байя л даа. Хүн нэг нэгэндээ бодож сэтгэж байгаагаа ярьж, сэтгэлээ уудлаад, хамтраад ажиллаж байвал бидний энэ утаатай, хүйтэн, болж бүтэхгүй байгаа амьдрал бүтэх тал руугаа орох болов уу гэж би хувьдаа боддог.  Давосын форумын тухайд 2009 оноос хойш хэд хэдэн удаа очиж үзэх сайхан завшаан тохиолдсон. Тэрнээс хойш Монголын тугийг Швейцарьт дэлхийн эдийн засгийн бодлогын манлайлагчдын тэнгэрт мандуулах ёстой юм байна гэж зорьсон, мөрөөдсөн. Тэрнийхээ төлөө идэвхитэй ажилласан. Одоо та миний утсан дээрх энэ зургийг хар даа. Монголын далбаа энэ олон улсын яг голд нь мандаж байгаа. Энийг би олон удаа мөрөөдөж байсан, олон удаа оролцож байсан удаатай. Монголын урлаг соёлыг таниулах, Монголын амбицийг илэрхийлэх арга хэмжээнүүд одоо бол тэндээ хамгийн том болдог болсон, Монголыг хүмүүс мэддэг болсон. Энд зөвхөн минийх биш, олон хүмүүсийн оролцоо байгаа. Гэхдээ жижигхэн ч гэсэн өөрийнхөө хүрээнд Монгол хүний үнэлэмжийг аль болох өндөрт барьж явахыг хичээсэн. Марафонд нь орлоо, сайхан найз нөхөдтэй боллоо, бүх хурал цуглаан дээр Монголын оролцогч байдаг гээд ярихаар миний нэрийг мэддэг тийм сайхан анд нөхдүүд маань байж байна. Монголчууд асуудлаа нээлттэй ярьдаг болоосой гэсэн үүднээс Монголдоо бид эдийн засгийн форум авчрахыг хүссэн. С.Батболд дарга үүнийг дэмжсэний үндсэн дээр Монголын Эдийн засгийн форум хийгдэж, Монголдоо брэнд арга хэмжээ болсон. Мэдээжийн хэрэг, тодорхой хэмжээгээр гуйвуулсан, завхаруулсан юм болж л таарна. Монголд юм чинь улс төр орж л таарна. Хамгийн гол нь өнөөдрийн дарга нар энэний ач холбогдлыг ойлгоосой. Бизнесийнхэн, сэтгүүлчид, эрдэмтэн мэргэд, гадаад, дотоод түншүүд бүгд тойрч суугаад Ерөнхий сайддаа, УИХ-ын гишүүддээ, Засгийнхандаа цээжин дотор хуримтлагдсан байгаа юмаа илэрхийлж, итгэл үнэмшлийг бий болгоход асар их хувь нэмэр оруулдаг энэ арга хэмжээг цааш нь улам явуулах хэрэгтэй. Нөгөө талаас, шинэ дарга нар дараа жил яг юу хийх, ямар асуудлыг барьж аваад шийдэх гэж байгаагаа нээлттэй тавьж өгөөд, тэрнийг нь тал талаасаа цөмөөрөө мэрэх, бүтэхгүй гэж бодож байгаа бол тэрийгээ хэлээд, дарга нарт эртхэн шиг зөв тийш нь залуурдах боломж олгодог, ярилцдаг, хэлэлцдэг талбар байгаа юм. Хоёулаа Давост очиж байсан болохоор форум ямар байж болохыг, хөгжүүлээд явбал ач тус нь юу юм гэдгийг хараад мэдээд байгаа. Манай шинэ дарга нар энэ ач холбогдлыг нь ойлгох, цензургүй харилцаа, мэдээлэл солилцоо ямар чухал болохыг ойлгож байгаа байх. Тэгж байж итгэлцэл бий болно, тэгж байж хүсээд байгаа гадаад хөрөнгө оруулагчид орж ирнэ. Өнөөдөр төгрөгийн ханш савлана гэхэд бид нарт итгэж, ойлгохгүй, сандарч мэгдэх олон асуудлууд гарч ирнэ. Мэдээлэл дутмаг болоод Засгийн газартаа итгэх итгэл нь сул байна шүү дээ. Тэгэхээр Засгийн газарт итгүүлье гэж байгаа бол ажиллаж буй хүмүүс нь өөрсдийгөө маш сайн тайлбарлаж сурах хэрэгтэй. Тэгвэл төгрөгийн ханш тогтворжино. Эдийн засагт гадны хөрөнгө оруулалт, бусад хөшүүргүүд орж ирнэ. Дотоодод бизнес явуулж буй хүмүүс дараа дараагийнхаа ажлыг төлөвлөх боломжтой болно. Дансанд хийчихсэн байгаа мөнгөнүүдээ гаргаж ирээд, шинэ хөрөнгө оруулалт хийснээр эдийн засаг тогтворжино. Эдийн засаг эхлээд тогтворжино, дараа нь өснө. Өнөөдрийн мэдээллийн технологи хөгжсөн үед бид бодлогоо нэгтгээд, зорилгоо тодорхойлоод, хамтраад зүтгэх бололцоо илүү тэлж байна. Үүнийг ашиглах хэрэгтэй. 

-“Ард Санхүүгийн Нэгдэл” гэдэг нэрийг манай хүмүүс одоо мэддэг болчихлоо. Чухам яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ, нөхөр Ч.Ганхуяг хаашаа алхаад байна гэдийг илүү нээлттэй тайлбарлуулахыг, мэдэхийг хүсч байгаа байх?

-“Хас”-тай холбоотой нэг тайлбар хийчихье. Харамсалтай нь би “Хас”-д ард иргэдийнхээ оруулсан хувь хөрөнгийг өсгөхийн төлөө ажиллаж чадаагүй. 1990-ээд оныг эргээд бодоход, зөвхөн холбоо сүлбээтэй нь зээл авдаг, ард иргэдэд банкны ардчилал, зээлийн ойлголт гэж юм байгаагүй. Банкинд очоод бид сайндаа л гуйвуулга хийдэг байлаа шүү дээ, цалингаа бэлнээр авдаг байсан. Банкаар үйлчлүүлдэг соёл гэж байгаагүй. Тэгвэл “Хас” гарч ирснээр банкны ардчилал, зээлийн ардчиллыг бид явуулж чадсан. Монголчууд зээлээ төлдөг гэж байгаад бид Сайншандад нэг сая зургаан зуун мянган төгрөгийг арван зургаан эмэгтэйд өгөөд, зуун мянган төгрөгний зээлийг иргэн хүн авч болох юм байна гэдэг ойлголтыг анх төрүүлсэн. Ингэж эхэлж байсан. Тэгээд “Хөдөө аж ахуйн” банк болон бусад банкууд дагаж ороод зээлийн ажиллагаа эхэлсэн. Тэр үед хүмүүс хэрэгцээтэй, тулгамдсан үедээ зөвхөн ломбарднаас зээл авдаг байсан. Лизинг, орон сууцны 8 хувийн зээл, кредит карт гээд олон үйлчилгээ байна. Бүгдийг шинээр нэвтрүүлсэн. Одоо Монголд зээлгүй хүн байхгүй. Эргээд зээл өгч байгаа хүмүүсээ адлаж байна. Гэхдээ тэр зээлээ төлөөд, хүү нь хуримтлагдаад хэн дээр очиж байсан бэ гэдэг дээр надад өөртөө дүгнэлт хийх шаардлага гарч ирнэ. Би зөвхөн гадны, дотоодын том байгууллагуудыг хувьцаа эзэмшигчээр оруулж ирсэн. Нийт иргэддээ өгөх хүсэл сонирхол бол байсан. Хөрөнгийн биржээр дамжуулаад “Хас”-ынхаа хувьцааг зарах юмсан гэдэг мөрөөдөлтэй байсан. Хөрөнгийн нөхцөл байдал, манай ТУЗ-ын нөхөд тодорхой хэмжээнд бэлтгэлээ базаах ёстой гэдэг байр суурьтай байсан учраас, Хөрөнгийн бирж нь бас бэлэн биш байсан учраас энэ асуудал хойшоо тавигдаад байсан. Өнөөдөр “Хас” дээр 80 хувь нь гадаадын хувьцаа эзэмшигч, дандаа байгууллагууд, 20 хувь дээр нь МАК байгаа. МАК орж ирсэнд бол би бахархдаг. Яагаад гэвэл Туушин компани байсан. Туушин хувьцаагаа зараад гарахад ашиг нь Монголынхоо хөрсөн дээр бүтээн байгуулалт болоод явж байна. Ньюком, Моннис гэж компаниуд байсан, тодорхой хэмжээнд бүтээн байгуулалт хийгээд л эх орондоо ашиг нь үлдээд явж байна. Гадаад хувьцаа эзэмшигчид орж ирээд гарахаар Монголд юу ч үлддэггүй юм байна лээ. Өсгөсөн мөнгөө хамаад л баяртай ч байхгүй, баярлалаа ч үгүй алга болдог түүх надтай учирч байсан. Байгууллагууд учраас хувь хүмүүсийн хоорондын харилцаа үүсч чаддаггүй. 

-Та “Хас” банкныхаа хувьцааг гадныханд зарсан юм биш үү?

-Тухайн үед бол бүх таньдаг мэддэг хүмүүстээ санал болгодог байсан. Одоо “Ард”-ыг санал болгож байгаагаасаа илүүгээр би Монголын бүх бизнесүүдэд санал болгоод, болохгүй болохоор нь гадагшаа очиж мөнгийг нь оруулж ирсэн. Тэрэндээ одоо харамсаж байна гэвэл арай хүчтэй хэлсэн болох байх, гэхдээ өөр сонголт байгаагүй. “Ард Санхүүгийн Нэгдэл”-ын ялгаа нь юунд байна вэ гэхээр, нэгдүгээрт, би том байгууллагын төлөө ажилламааргүй байна. Хоёрдугаарт, би хувь монгол хүний төлөө ажилламаар байна. Хүний амьдрал хязгаартай шүү дээ. Өөрийн карьерийн үлдсэн хугацааг зөвхөн Монгол хувь хүний төлөө ажиллаж өнгөрөөх ёстой юм байна. Би өмнө нь “Хас”-ын ажилчдын хувьцаа гээд 700 хүнд хувьцаагаа хувиарлаад, тэр хүмүүс нь мөнгөө хийгээд, зараад гарч байсан. Өнөөдөр мэргэжлийн хүний хувьд, эх орноо гэсэн сэтгэлтэй хүний хувьд тэрэн шиг сайхан мэдрэмж байхгүй. Зуун төгрөг хийгээд хэдэн жилийн дараа мянган төгрөг эргүүлж аваад, тэр хүн амьдралынхаа зарим асуудлыг шийдээд явчихаж байгаа нь хамгийн их таашаалыг авчирдаг. 
 

БИД УЛС ЭХ ОРНООРОО НЭГЭН ЗОРИЛГОТОЙ БОЛЖ ЧАДАХГҮЙ ЯВААД БАЙНА


-“Ард санхүүгийн нэгдэл”-ийн ард дан хувь иргэд байдаг уу?

-“Ард Санхүүгийн Нэгдэл”-д хөрөнгө оруулагчид дандаа хувь хүмүүс байна. Дандаа Монголын гэр бүлүүд байна. Тэр хүмүүсийн өв хөрөнгө нь над дээр байгаа юм шүү гээд харахад надад мэдээж хэрэг өндөр ачаа хариуцлага ногдож байгаа юм. Гэхдээ би өөртөө итгэлтэй. “Ард Санхүүгийн Нэгдэл” амжилттай явна. Өмнө нь би нэг банк, нэг санхүүгийн нэгдлийг байгуулж байсан туршлагатай. Тэр хамт олон, баг, мэдлэг надад байгаа цагт өмнө нь хийсэн өгөөжөө илүү ихээр, гэхдээ хувь хүмүүсийн төлөө хийгээд, дээрээс нь хөгжүүлж чадаагүй байсан хөрөнгийн зах зээл гэдгийг зөв гольдролд нь оруулчих боломж байна гэдэг итгэл надад бий. Зөвхөн гадны том байгууллагууд биш, жирийн иргэд надтай өдөр бүр ирж уулзаж зургаа авахуулья, (хурал хийж байхад зургаа авахуулья гээд дууддаг байхгүй юу), хувьцаа авчихлаа гээд ирдэг. Энэ нь Монголчуудын хувьд анх зээл нэвтрүүлээд хувьсгал маягийн юм хийж байсан шиг жинхэнэ утгаар нь санхүүгийн салбарыг ардчилж, иргэнд нь хүргэж өгч байгаа үйл хэрэг юм. Гэхдээ зөвхөн зээл, хадгаламжаар биш. Б.Ганчимэг гээд хүн насаараа ажиллаад, банкнаас зээл аваад байсан гэж бодъё л доо. Өнөөдөр тэрнийхээ үр шимийг өөрөө авах боломжийг нь олгоё гэдэг санаа юм. Даатгуулж байна, зээл авч байна, очоод карт авч байна, тэнд мөнгөө хадгалуулж байна, үр шим нь манай хувьцаа эзэмшигчдэд. Дөнгөж сая нөхөр нь Солонгост ажилладаг, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг нэг эмэгтэй орж ирээд зургаа авахуулаад гарлаа. Миний сэтгэлд гоё байсан л даа, яагаад гэхээр нөхөр нь заавал зургаа авахуулаарай гэсэн гээд намайг хурлаас дуудаж гаргаж ирээд, зургаа авахуулсан. Энэ бүхэн бол амьдралын сайхан нь.  

-Одоо “Ард” гэж нэртэй банк байгуулах гэж байна уу?

-Бид нэрэнд биш үйлчилгээнд анхаарна, хүмүүс зээлээ авна, хадгаламжаа хийнэ, банкнаас авч болох бүх үйлчилгээг бид нараас авна. Бид салбар нээхгүй. Яриад байсан “Монгол шуудан”-гийнхаа салбараар айл бүрт хүрье, гар утсаар нь дамжиж оръё. Өмнө нь дурдсан "чоно эдийн засагтай" яаж уялдах вэ гэхээр Монгол иргэн бүр хувьцаатай болъё. Зуун мянга, эсвэл сая төгрөг үү, тэрийгээ надаас эхлэ. Би санхүүгийн салбарт 20 жил ажиллахдаа ганц ч хүний ганц ч төгрөгийг шамшигдуулж байгаагүй. Олон зуун мянган хүн надад мөнгөө хувьцаагаар, хадгаламжаар, харилцахаар их бага хэмжээгээр өгч байсан. Бүгдийг нь хүүтэй нь буцаагаад өгсөн. Тэр итгэлээ одоо надад өг гэж байгаа юм. Надад үзүүлж байгаа итгэл маш тодоор харагдсан шүү дээ. Хэвлэх үйлдвэрийн хувьчлал болсон, би фэйсбүүктээ “энэ байшинг бүгдээрээ нийлээд авчих уу” гэсэн. Олон мянган хүн ямар ч гэрээгүйгээр хагас бүтэн сайн өдөр миний данс руу мөнгөө шилжүүлсэн. Тэр бол жинхэнэ хувьсгалыг ард иргэддээ ойртуулж өгсөн үйл явдал болсон. Тэр үйл явдлаас хойш төр засгийн аливаа нэг түшмэл булхайтай хувьчлал явуулах боломжгүй болсон. Яагаад гэхээр, нэг сая төгрөгтэй ч байсан арван тэрбумын хувьчлалд оролцож болох юм байна гэдэг итгэлийг тэр хувьчлалд оролцсон бүх хүн олж авсан. Одоо тийм л зүйлийг шаардаж байгаа. Надад зуун мянган төгрөг байна, гэхдээ би тэр банкны, биржийн эсвэл “Монгол шуудан”-гийн хувьчлалд орно шүү гээд мөнгөө авчирч өгч байна. Олны хүч оломгүй далай гэдэг шиг би тэр бүхнийг нэгтгэж байгаад, түмний хүсэл зоригийг төрийн түшээдэд хүргээд өгчихөж байгаа юм. Тэр утгаараа, “Ард” гэдэг нэрийн цаана их гүн утга явж байгаа. Тэр нь юу вэ гэхээр, Монголын ард түмэн хөрөнгө оруулагч үндэстэн болно. Монгол Улс өөрөө хөрөнгө оруулагч болно. Бид нар уул уурхайн баялагаа цуглуулж байгаад, ирээдүй хойчийнхоо төлөө гадаадын том компаниудын хувьцааг Монголдоо цуглуулж авах цаг ойртож байна. Эхлээд Монголынхоо асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэр утгаараа Монголын Эдийн засгийн форум асар их чухал үүрэгтэй. Бид улс эх орноороо нэг зорилготой болж чадаагүй яваад байна. Ерөнхий сайд нэг юм бодож байгаа байх, УИХ-ын гишүүд нэг нэг юм бодож байгаа байх, бид нар бас нэг нэг юм бодож байгаа. Гэхдээ нэгдмэл зорилго, нэгдсэн санаа, нэг чиглэл,нэг хэмнэлд ороод алхах хүч, сэтгэлийн тэнхээ бидэнд алга. Бид нэг үндэстэн болох ёстой.

-Дэлхийд нэртэй “Bank of China” Монголд орж ирэх асуудал иргэдийн сонорт хүрээд хоёр гурван жил болчихлоо. Энэ асуудал дээр манай банкны салбарынхны болоод эдийн засагчдын байр суурь хуваагддаг. Зарим нь “яагаад орж ирж болдоггүй юм бэ, өөрсдөө олигтой биш байж дэлхийн банк орж  ирэх гэхээр ингэлээ” гэдэг. Зарим нь “тусгаар тогтнолоо алдах гэж байна шүү, энэ төвшинд очиж биднийг эвгүй байдалд оруулна шүү” гэж анхааруулж байгаа юм. Энэ асуудал дээрх таны байр суурь?

-Сайн талуудыг нь хүмүүс нэрлээд байгаа юм л даа. Өрсөлдөөн нэмэгдэнэ, дагаад бусад банк хүүгээ бууруулна, нөгөө талдаа Хятадын банк хадгаламж авахгүй, зөвхөн том зээл гаргана гэх мэт. Болгоомжлох мэдэгдлүүд нь юу вэ гэхээр, Хятадын банк орж ирээд зөвхөн Хятадын бизнесүүддээ үйлчилнэ гээд нэг тайлбар хэлж байгаа шүү дээ. Хэрвээ зөвхөн Хятад бизнесүүддээ давуу үйлчлээд байвал Хятад бизнесүүд манай бизнесүүдтэй өрсөлдөхөөр хамаагүй давуу тал үүсч байгаа биз. Хүү буурна гэдэг дээр, хэрвээ хадгаламж авахгүй юм бол, Монголын банкууд 15-16 хувиар хадгаламж авчихдаг, Хятадын банк авахгүйгээр зөвхөн Хятадын эх үүсвэрээр зээл олгоод байвал Монголын банкууд дампуурна гэсэн үг. Яагаад гэвэл бүх зээлдэгч нар нь тийшээ очоод, бага хүүтэй зээл авна шүү дээ. Миний хүү буурна гэж бодож байгаа хүмүүст хэлэхэд, Хятадын банк манай гурван сая хүнд хүрч үйлчилнэ гэдэг амлалтыг хэзээ ч өгөөгүй шүү. Хорь, хоёр зуун харилцагчтай болох байх. Хүн болгонд хүрч, эгэл жирийн Монгол хүнд жижиглэнгийн үйлчилгээ үзүүлээд, Хятад иргэддээ үзүүлдэг үйлчилгээгээ оруулж ирнэ гэж хэн ч яриагүй байгаа. Бид олуулаа очоод Хятадын банкны зээлийг авчих юм шиг бодоод байж болохгүй шүү. Яагаад гэвэл тодорхой хөрөнгө оруулалтын зорилготой нэг л салбар нээгдэнэ гэж байгаа юм. Энийгээ цөмөөрөө сайн бодох хэрэгтэй. Гэнэн байж болохгүй шүү. Миний яриад байгаа “Чоно эдийн засаг”-ийг аваад үзвэл, илүү либерал, нээлттэй эдийн засагтай болно гэж бодож байгаа бол бид гадны банкуудыг оруулж ирэх нь дамжиггүй. Тэр гарцаагүй. Бид нар гадны банкуудыг оруулж ирж байж санхүүгийн төв болно. Гэхдээ зөвхөн Хятадынхыг оруулах уу, эсвэл Япон, Америк, Европоос банкуудыг ижил нөхцөлтэйгөөр оруулж ирэх үү гэдэг дээр бид өөрсдөө дүгнэлтээ хийх ёстой. Өнөөдөр “ING” гээд банк энд төлөөлөгчийн газраа ажиллуулж байна. Хятадын банк ч гэсэн төлөөлөгчийн газраа ажиллуулж байгаа. Ерөнхийдөө салбар нээгдлээ гэхэд зарчмын том ялгаа гарахгүй гэдгийг би энд хэлэх гээд байна.Тэр гадны банкууд нь үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү дээ. Улс төрийн хилээр бизнесийн үйл ажиллагааг хориглож болохоо больсон нь харагдаж байгаа, гадны банкууд орж ирээд, зарим нь хаагаад гараад явж байна.  Стандарт Чартеред сая хаагдсан байх. Японы “SMBC” гээд банк байна, бүх л арга хэмжээн дээр явж байдаг, зээлээ өгч л байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банк, мөн Олон улсын санхүүгийн корпораци үйл ажиллагаагаа явуулж байна. Бизнесүүдэд бүгдэд нь зээл өгсөн, хүү нь буурсан юм байхгүй байна шүү дээ. Сүүлийн 20 жил үргэлжилж байгаа явц энэ байна. Бас гадны банкнаас зээл авсан хүмүүс бүгд өнөөдөр сэтгэл дундуур явж байгаад дүгнэлт хийх хэрэгтэй. Тэдэнтэйгээ ярилцал даа. Хэтэрхий баригдмал, хүнд байна, улс төр их орж ирж байна. Хэрэв зөв засаглалтай, хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг, хараат бус бодлого явуулдаг банк ороод ирвэл надад хэлэх зүйл байхгүй. 100 хувь төрийн, эндээс Элчин сайдын яам нь чиглэл өгдөг, манай хамгийн том хөрш, эдийн засгийн амин судсыг барьчихсан улсын Төрийнх нь банк орж ирээд үйл ажиллагаа явуулна гэдэг нь Монгол Улс өөрийгөө засах эрхээ алдаж байна л гэсэн үг. Бид гадаад бодлогоо өөрсдөө тодорхойлж, хэнтэй найзлах найзлахгүйгээ шийдэх эрхтэй гэж тунхагласан боловч бодит байдал дээр юу болдгийг Далай ламын айлчлал харуулчихаж байгаа юм. Өнөөдөр манай экспорт, импорт бүх юм нэг улсаас хараат байгаа шүү дээ, Оросын нөлөө бүр багасаад байгаа. Дэлхийн дээр ч багасаад, Монголд л эдийн засгийн сонирхол буураад, юмаа зарж гараад байна. Яахав бид хөл, гараа, тархиа ч арай бариулахгүй юм шиг байгаа юм, зүрхээ, цусаа дамжуулж хангадаг гол эрхтэн буюу банкныхаа салбарыг бариулчихвал юу болох вэ? Эдийн засаг жоохон сэргэх нь үү дээ гэтэл “Оюу Толгой” зэсийн концентратаа гаргахаа зогсоож байна. Манай нүүрс, зэсийн экспорт шинэ тарифтай болсон. Далай ламтай холбоогүй гэж тайлбарлаж байгаа ч гэсэн яг үнэндээ бол цаг хугацааны хувьд ч, Хятадын талын хийсэн гурван удаагийн мэдэгдлээс ч холбоотой нь харагдаж, Шадар сайд, Гадаад хэргийн сайд, Зам, тээврийн сайд болон Ерөнхий сайдын айлчлал хүртэл асуудалд орчихлоо. Гэтэл бид Хятадаас зээл авах гээд хэлэлцээр хийж байсан. Тэгэхээр, бид асуудлаа эрэмбэлбэл, бидэнд өөр өөрсдийн тавилангаа тодорхойлох эрх маань чухал байна уу, эсвэл гол шийдвэрээ бүр мөсөн Бээжин рүү аваачих уу гэсэн л асуултад хариулах шаардлагатай байна. Энэтхэг улс манайд зээл өгөх нь гэхэл Бээжингээс тэднийг зандчиж байх жишээний л бодит байдалд бид байна шүү дээ.

-“Далай ламын айлчлалыг Гандантэгчилэн хийдээс зохион байгуулсан, эрх баригчид оролцоогүй. Төрийн бодлого байгаагүй” гэсэн тайлбар хангалттай хэлсэн?

-Энд тогтолцооны ялгаа харагдаж байгаа юм. Бээжин асуудлыг өөрийн зоргоор шийдэж болдог. Тэгж ч байгаа. Монголын хувьд ардчилсан улс учраас хэн нэг нь хэн нэгэн хүнийг хувийн журмаар урьж авчирна, тэр тусмаа манай шашин, төрийн хэрэг заагтай байдаг гэдгийг харуулах гэж оролдож байгаа юм. Гэхдээ Бээжинд мэдэгдэл хийж буй хүмүүс үүнд итгэхгүй байгаа шүү дээ. Та нар энийг зогсоох чадалтай байсан гээд. Орос руу очих гэж байхад нь болиулсан, Путин болиулж чаддаг. Айлчлалыг нь зогсоох боломжгүй байсан гэдэг манай тайлбарыг хүлээж авах эсэх нь эргэлзээтэй. 

-Нээлттэй  ярихад зарим ажиглагчид  “Энэ бол дотоодын улс төрд болж байгаа дайн. Эрх баригч намын бодлогод саад учруулах гэсэн оролдлого болчихов уу” гэсэн хардлага цухуйлгаж байгаа шүү дээ. Бид хэдхэн сарын дараа ахиад сонгуультай. Ийм үед дотоодын улс төрийн хожоо эрсэн, улс орноо хорлосон тоглолт явуулсан байж болох уу? Хэт хардлага уу?

-Хятад руу манай эрх баригч намын дарга намын шугамаар айлчлаад, нааштай үр дүн гараад ирсэн, Японтой тодорхой хэмжээнд нааштай үр дүн гарсан ийм нөхцөлд саяын хачирхалтай алхмыг хийх явцад Ерөнхийлөгч оролцсон уу, оролцоогүй юу гэдэг асуулт яваад л байгаа шүү дээ. Миний хувьд яаж ч харсан манай төр засгийн удирдлагууд оролцохгүйгээр, хэн нэгнийх нь ч юм уу асар хүчтэй дэмжлэг орохгүйгээр яг өдийд Далай лам айлчлах шалтгаан байгаагүй, боломжгүй л байсан байхгүй юу. Тэгэхээр энд улс төр тодорхой хэмжээнд явж байна, гэхдээ Монголынхоо эрх ашгийг зольж улс төр хийгдсэн бол харамсаж байгаа. Хэрэв хийгдсэн бол шүү дээ. Тийм биш байгаад, үнэхээр Д.Чойжамц хамба тийм хүчтэй байгаад, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Аюулгүй байдлын зөвлөлийнхнийг сануулсаар байхад зөрөөд Далай ламыг Монголд айлчлуулсан бол тэр нт  бурхны зүгээс биднийг аварсан зүйл гэж бас сайн талаар нь харна. Бид хямралд ороод, 2012-2016 оны хооронд засаг барьсан нөхдийн ачаар Монгол Улс түүхэндээ байгаагүй хурдацтайгаар бидний үр хүүхэд ч төлж дийлшгүй өрөнд орсон байгаа үед болж байгаагаараа энэ айлчлал (сонгууль болохоос долоохон сарын өмнө тэр хүн хууль бусаар хил нэвтрээд ороод ирсэн юм шиг болчихоод байна шүү дээ) биднийг аварсан болов уу гэж бодож байна. Бүх юмаа өгөөд, тавиад туух гэж байсан байх. Хятадаас хоёр, гурван тэрбум доллар гэдэг бол тоглоом биш, бидний экспортын 90 гаруй хувь нь урагшаа л явдаг, импортын 50 хувь нь урдаас орж ирдэг. Хэрвээ улс төрийн мэдэгдлийг бид хийгээд, Трамп ялсан Америк, Английг орхиод гарсан Европт дохио өгье гэж бодож байсан бол маш сайн дохио болсон. 15 стратегийн лицензээ харсан ч гэсэн тал нь Хятадын гарт оччихсон байгаа шүү дээ. Ингэж юмаа тавих гэж байсныг зогсоож чадсанд би баярлаж байгаа. Цөмөөрөө одоо бүсээ чангалаад, тэвчээртэй харахаас өөр аргагүй. Яагаад гэхээр хоёр тэрбум долларын төлөөсөнд бид маш их юмыг тавих байсан байхгүй юу. Юун Далай ламыг урьж авчрах тансаглал. 

-Энэ үйл явдлын дараа өрнөсөн үйл явдлыг харж байхад манай нийгэм маш их цочирдсон, эмзэг болсон нь анзаарагдаж байна. Сая Оросын нэг дипломат ажилтан манай урлагийн нэгэн одыг зодож гэмтээсэн хэрэг гарлаа. Энэн дээр тэр эмзэглэл улам давалгаалж, сэдрэх хандлага ажиглагдсан. Энэ үйл явдлаар манай төрийн байгууллагуудын илэрхийлэх байр суурь их сульдаа, бараг байхгүй шахам л байгаа. Сэтгүүлч хүнийхээ хувьд би энэ асуултыг тавихгүй өнгөрч чадахгүй нь?

-Ер нь бид юмыг хоёр талтай л яриад байгаа биз, Далай ламын хувьд ч гэсэн. Манай Амараагийн хувьд бол том эмгэнэл. Зүгээр очоод уран бүтээлээ толилуулаад, гэм зэмгүй гараад явж байхдаа, нийслэлийнхээ удирдлагуудын урилгаар тоглочихоод тийм юманд орсон нь туйлын харамсалтай. Хамгийн ихээр эх орноо гэж ярьж, дуулдаг залуу маань ийм байдалд орсонд хувь хүний хувьд, найзынх нь хувьд харамсаж байгаа. Бид хоёр чинь хас гэдгээрээ илүү ч их холбоотой байдаг хүмүүс. Оросууд санаатай, санаандгүй биднийг хойш нь тавиад байгаа нь дохио юм болов уу л гэж би боддог. Орос ах нар маань Эрдэнэтээс чимээгүй гараад явчихлаа, тэгээд тэр асуудал намжиж амжаагүй байхад ийм өндөр хэмжээний арга хэмжээний үеэр олон түмний хайрыг татсан хүнийг барьж аваад зодсон явдал гарч байгаа юм. Дипломатчид оролцож байсан бол дипломат арга хэмжээ болж таарна биз дээ. Маш сонин сигнал ч байж мэдэх. 

-Оросуудын хувьд, 49 хувь тэднийх л байсан. Энгийн утгаар ярихад ах нар дотоодын улс төрийн тогтворгүй байдал, улс төр төвтэй бизнесийн орчны замбараагүйтлээс л залхаж дээ гэж харсан. Ер нь залхмаар байсан шүү дээ. Ногдол ашгаа ч өгөхгүй, шахааны скалад болгох шахаж л байсан.  

-Энэ маань Оросуудын буруу болох уу, бидний хохь болох уу гэдэгт л дүгнэлт хийхгүй бол бид найдваргүй түншүүд гэдгээ олон удаагийн үйлдлээрээ Америк, Канад, австраличуудад харуулсан. Төрийн өөрийн хар хайрцагны бодлого, төрийн түшээдэд бидний тавьдаг шалгуур зэрэг зүйлс маань хаана явна. Ардчилал гэдэг нь хэн дуртай нь гудамжнаас орж ирээд төрийн бодлого хийдэг байх ёстой байдаг юм уу, эсвэл тодорхой хэмжээний бэлтгэгдсэн кадрууд  намынхаа тогтолцоогоор явах юм уу, Яамныхаа мэргэжилтнүүдээр явах ёстой юу, хотын арга хэмжээн дээр Амарааг уриад, Оросын элчинг урьсан явдлын проктол нь хаана байсан юм гэх зэргээр төрийн санах байгууламж, түүний дархлаа маань популизмд идэгдээд үгүй болж байгаагийн л цондон, дохио гэж бодоод байна. Яагаад гэхээр дээр үед сайд гэхээр үсээ хойш нь самнасан, зангиатай, бүдүүн рамтай шилтэй, баргийн юманд хөнгөдөхгүй буурьтай, эрдэм чадалтай, сүр хүчтэй хүний төрх буудаг байсан шүү дээ. Тэр байхгүй болоод, өнөөдөр илүү чанга ярьж, илүү чанга цээжээ дэлдэж байгаа нь дарга болчихдог болсон. Дархлааг идээд байгаа авилгын сүлжээнээс бид салахгүй бол төрийн санах байгууламж байхгүй болчихож байгаа юм. Хэрэв би байсан бол дипломат арга хэмжээн дээр хас тэмдэгтэй дуулдаг дуучныг дуулуулахгүй байсан. Орос, америкууд, израилиуд эсвэл германууд ч бай, мэдрэмжтэй байх тухай л асуудал шүү дээ. Яг энэ жижигхэн жишээнээс эргээд оросуудын хийж байгаа үйлдлийг харвал бидэнд давуу эрхийг нь өгье гээд, эхний ээлжинд татгалзах эрхийг нь манай засагт өгөхгүйгээр Эрдэнэтийн 49 хувийг эхний санал болгосон хүнд нь өгчихсөн л байгаа байхгүй юу. 

-Зарчмын хувьд эхлээд манай засагт санал болгоно шүү дээ. 

-Өнөөдөр би Улсын бүртгэл дээр очоод нэг компанийнхаа хувьцааг зарна гэвэл заавал хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол авчир гэдэг юм шүү. Энийг оросууд мэдэхгүй байна гэж байхгүй. Манай хувьцаа эзэмшигчдийг төлөөлж байгаа сонгогдсон түшээд нь их хурлын 76. Их хурлын тогтоолгүйгээр зөвшөөрөөд мөнгийг нь авчихаж байна аа гэдэг чинь эд нар дампуу гарууд л гэж байгаа юм. Би гүйцэтгэх захирал байлаа гээд ТУЗ-ын тогтоол байсан ч хувьцаа эзэмшигчдийн тогтоол авчир гэдэг байхгүй юу. Ямар ч бизнесийн наймаан дээр. 
 

БИ ДАРААГИЙНХАА ЗАМЫГ СОНГООД БАЯРТАЙ ГЭЭД ХААЛГАА ХААГААД ЯВСАН


-Засгийн газар маань өөрөө Монгол Улсаа доромжилчихлоо шүү дээ. 

-Би гүйцэтгэх захирал байлаа гээд ТУЗ-ийн тогтоол байсан ч хувьцаа эзэмшигчдийн тогтоол авчир гэдэг байхгүй юу. Ямар ч бизнесийн наймаа дээр. Үгүй бол наймаа хийгдэхгүй л гэсэн үг. Оросууд үүн дээр бидэнд хэрхэн хандаж байгаагаа л харуулсан гэж бодож байна. 

-Тэр үеийн Засгийн газар маань биднийгээ үл тоомсорлоод ийм юм хийчихлээ. Нөгөө талдаа үр дүнд нь худалдан авсан үндэсний компани маань юу ч үгүй болтлоо нүдүүлж, нэр хүндийн хохирол амсаж байна. Хуучин засаг нь явчихсан, энэ засаг нь яахаа мэдэхээ больчихсон.

-Цэвэр иргэн хүний хувьд хэлэхэд банк тийм том зээлийг барьцаагүйгээр гаргах ёсгүй байсан. Энэ процедурын алдаа, Монголбанкны хувьд ч бодох юм байна. Шинэ засаг гарч ирээд 7, 8 дугаар сард яригдаж байсан нэг асуудал нь өнгөрсөн хэдэн жилийнхээ ноогдол ашгийг аваад, зээл буцаагаад төлчихөж байна гэдэг үнэн бол Монгол Улсын иргэн хүний хувьд дээрэмдүүлсэн юм шиг л мэдрэмж надад төрж байна.

-Одоо хоёулаа дараагийн хэсэг буюу улс төр лүү оръё. Та бол МАН-ын дунд үеийн  лидерүүд  дунд өөрийн гэсэн байр суурьтай улстөрч. Энэ удаа нэр дэвшээд, их хурлын индрээс очоод өөрийн хэлж ярьж зорьж буй үйл хэргээ ярих, бодлого болгох боломжтой байсан. Гэтэл та нэр дэвшээгүй. Нэр дэвшдэггүй юм байж, гүйцэтгэх засаглалд орж ирэх нь дээ гэж  таныг харж байлаа. Тойрог олдсонгүй юу, яагаад нэр дэвшсэнгүй вэ?

-Би түрүү жил 12 дугаар сард нэр дэвшихгүй гэж зарласан шүү дээ. “Ард Санхүүгийн Нэгдэл”, Хөрөнгө Оруулагч Үндэстэн, “Ард банк”, “Монгол шуудан” гээд эхлүүлсэн байгаа ажлын асуудлууд ид яригдаж байсан, дуусгах ажил их байна аа гэж хэлж байсан. Хувийн хэвшлээ нэг мөсөн хааж байгаад улс төр лүү явахгүй юм бол хувийн хэвшил намайг татаад байх юм байна аа гэдэг нь 2008, 2012 оны сонгуулиар харагдсан. Хагас дутуу ажил үлдчихээр болохгүй л дээ. Тэгэхээр энэ ажил дуусах ёстой юм байна. Нөгөө талдаа, миний МАН дотор нийлдэг хэдэн хүмүүс, бүлэг тодорхой, нийлдэггүй нь ч бас тодорхой. Тэгэхээр шийдвэр маань нэг талаас нөгөө нөхдүүддээ ажиллах боломжийг өгөх ёстой юм байна гэдэг итгэл үнэмшил дээр тулгуурлаж байгаа юм. Өнөөдөр манай намын дарга өөрийнхөө хүмүүсийг гол гол байран дээр тавьж байгаад бодлогоо хэрэгжүүлэх гэж байна. Хажуугаар нь гуталд нь орсон чулуу шиг яваад байх сонирхол надад алга. 

-Улс төрийн ажиглагчид танай фракцыг мэднэ л дээ. Гэхдээ энэ фракц ч гэсэн хоосон хоцроогүй. Гэхдээ бас жинхэнэ потенциалтай хүмүүс албанд очив уу гэтэл үгүй. Маш цөөхөн хүмүүсийг энд тэнд ажилд тавьсан байх. Тэгэхээр фракцын дарга өөрөө идэвхигүй ажиллагаа явуулсан юм биш үү? Энд надад хагалан бутаргах сэдэл байхгүй шүү.

-Нэгдүгээрт, би өөрөө завгүй байсан. Хэрвээ надаас асуусан бол би татгалзах байсан. Гэхдээ би асуулгахгүйгээр эхлээд өөрийн байр сууриа зарлачихсан. Хоёрдугаарт, манай фракцын хувьд илүү нягтрах, биежих шаардлага зайлшгүй байгаа. Бид энд тэнд ажлаа хийгээд яваа хүмүүс шиг харагдах байх, гэхдээ биднийг холбож байдаг зүйл байгаа. Тэр нь бидний хийж бүтээж, гарч ирсэн амьдрал байдаг болов уу. Нөгөө талдаа бусдадаа ажиллах, алдах онох боломжийг нь гаргаж өгөх ёстой гэж манай дарга нар бодсон байх. Миний хувьд, бүр хойшоо суух биш, хэрвээ нам дээр, улс төр дээр, төр засаг дээр болохгүй байна гэж үзвэл дуугарах, акц хийх эрх чөлөөгөө алдаагүй байгаа. Би намын бага хурлын гишүүн. Нам ялагдаад хүнд байхад хамгийн идэвхитэй гишүүдийн нэг байсан гэж бодож байгаа. Өөрийнхөө үзэмжээр улс төрийнхөө акциудыг хийгээд ирсэн. Сошиал медиа дээр идэвхитэй байдаг, топ жиргээчийн хувьд намаасаа бас тодорхой хэдэн оноо авахад нөлөөлж чадсан болов уу. Эрх баригчдын болохгүй байгаа зүйл дээр нь шууд хэлдэг цөөхөн хүмүүсийн нэг байсан гэж бодож байгаа. Ялалт биднийх байсан. Ялалтаа баталгаажуулах, үр дүн гаргах ачаа намын өнөөгийн удирдлагын багт оногдсон байгаа. Гэхдээ надад эргэлзээ төрвөл хөдөлнө гэдгээ, хэрэв боломж нь гарвал нарийн бичгийн даргад нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Цаг хугацааны хувьд, өнөөгийн удирдлагууд хэнийгээ яаж шалгаруулаад, ямар бодлогоор дэмжээд гаргаж ирэх вэ гэдэг нь тусдаа асуудал болох байх. Миний хувьд, намын гишүүний хувьд, бага хурлын гишүүний хувьд нэрээ дэвшүүлнэ гэдгээ зарласан боловч саяны Бага хурлаар Амарбаясгалан гэх залууд ажиллах боломжийг өгөх нь зүйтэй, дэмжиж ажиллаад үзье гэж шийдсэн. Ажилдаа анхаараасай гэсэн хэдэн зүйлээ ч хэлсэн. Хэрэв манай намын удирдлагууд хийх ёстой ажлаа хийгээд, сонгосон ард иргэдийнхээ эрх ашгийг дээдлээд, зөв зүйтэй ажиллаад явбал надад тийшээ орох орон зай үүсэхгүй. Тийм байгаасай л гэж хүсч байна. Намын хувьд бодох зүйлүүд байгааг бид харж болохоор байна. Намаасаа эхлэж тодорхой үйл ажиллагааг сэдэж ажиллах ёстой юм байна, нам дээрээ хүний нөөцийн бодлогоо зөв гаргаж ирэх ёстой юм байна, Монголынхоо язгуур эрх ашгийг өндөрт өргөж чадах хүмүүсийг гаргаж ирдэг, хэн нэгний найз хамсаатан гэдэг утгаар биш хүнийг хийж бүтээж чадах чадвараар нь, хүсэл зоригоор нь үнэлдэг болох тогтолцоог улс төрийн манлайлагч хүчин болсон манай нам зайлшгүй дотроосоо эхлэх ёстой гэдэг итгэл үнэмшил надад байна. Хэнд үнэнч ажиллаж байгаагаар нь биш, Монгол Улсад хэр үнэнч байгаагаар нь хувь хүнийг үнэлдэг болох хэрэгтэй. Намын санхүүжилтийн ил тод байдал, авилгал хээл хахуулийн асуудал, илүү судалгаа, шинжилгээн дээр суурилсан бодлого гаргах, олон түмнийхээ оролцоог хангаж ажиллах гээд олон асуудал дээр бид ахиц дэвшил гаргах хэрэгтэй байгаа.

-Танд нэг энгийн асуулт тавья. Дөч гараад хүний амьдралын мөчлөг өөрчлөгдөж, олон зүйлийг өөрөөр харж, анзаараад эхлэх шиг санагддаг юм. Та утасны дугаараа сольсон байна лээ. Сэтгэл зүйд гардаг дээрх өөрчлөлтүүдтэй холбоотой шийдвэр болов уу гэж харж байлаа?

-Дөч гараад хүний бие организмын бодисын солилцоо ч өөрчлөгддөг байх. Би гаднаасаа ч тэр, дотроосоо ч тэр өөрчлөгдөөд байгаа. Ер нь бол хурц шийдэмгийн чанараа алдаагүй. Дотор ямар ч эвгүй байсан би явцуу ашиг сонирхолд хөтлөгдөхгүй, юмыг хаяад явж чаддаг гэдгээ өөртөө батлах боломж хайдаг. Жижигхэн юман дээр хүртэл шүү. Гэхдээ хүн 20-иод жил нэг дугаар барихад хэцүү юм байна лээ. Түлхэц нь юу байсан бэ гэхээр би түрүү жил 9911-тэй операторын үйлчилгээний талаар фэйсбүүкт гомдол бичиж байсан. Тэрийг бид ярилцаад аргалсан. Гэхдээ сүүлд Ньюком гээд компанид хувьцаагаа зарсан гэдгийг нь дуулсан. Үндэсний гэх тодотголтой компаниуд бидэнд байгаа шүү дээ. Огшино гэдэг яриа гараад л хүн болгон микрофон барихаараа нулимс дуслуулж байгаад л эх орондоо хайртай болдог, бас Солонгосчуудад дандаа Солонгос ресторандаа хоол идээд байх юм, Монголчууд дандаа гадны ресторанд хоол идээд байх юм, бие биенийгээ дэмждэггүй гээд л бид бас яриад байдаг. Зөвхөн яриа. Бидэнд жижигхэн зүйл л дутаад байгаа юм. Өдөрт жижигхэн ч гэсэн нэг үйлдэл хийгээд байвал бид сэтгэл доторх хямралаасаа гарч болно. Эдийн засгийн хямрал бол дагаад л арилаад өгнө шүү дээ. Монголд байсан алт, мөнгө, баялаг, мал хэвээрээ байж л байна, хүмүүс нь байж л байгаа. Өнөөдөр бид сэтгэлийн хямралд нэрвэгдээд байгаа болохоос биш өлсөж үхээд, дайн дажинд нэрвэгдээд байгаа юм алга л байна шүү дээ. Өөрийгөө, бусдыг тодорхой хэмжээнд манлайлж явах ёстой гэж боддог хүний хувьд ухаарал өгөх үүднээс л би тийм үйлдэл хийсэн. Фэйсбүүкээр манай туслах зарлаад л өдөртөө зарагддаг юм байна лээ. Мөнгийг нь аваад би хэрэгтэй зүйлдээ зарцуулсан. Сүүлийн дөрвөн орон нь яг адилхан Юнител, Скайтел, Жи-Мобайлийн дугаарууд надад байдаг. Олон түмэнд бидний энэ яриа хүрэх байх, энэ нууц биш. Монголчууд бие биенээ түшдэг байх ёстой. Нөгөө талдаа, би Мобикомын Япон хувьцаа эзэмшигчдийг гомдооё гэж бодсондоо биш шүү, өрсөлдөөн байх ёстой. Монополь байх ёсгүй. Бүх хүмүүс нэг компаниар үйлчлүүлээд байвал бид нөгөөдүүлд нь боломж олгохгүй байна гэсэн үг. Юнител Монголын бүх сумд, аймгуудад 4G нэвтрүүллээ, Монгол бизнесменүүд чадахынхаа хэрээр чардайгаад ажиллаад байна. Скайтел ч мөн шинэ шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна, бид жоохон ч гэсэн урам өгөх хэрэгтэй. Монголоороо гангаръя гэдэг чинь жижигхэн юмнаас ч эхэлж болдог юм байна шүү гэдгийг л харуулахыг хүссэн. Нөгөө талдаа би өөр нэг хаалга саваад гараад явах чадвараа бас нэг туршаад үзлээ гэж харж болно.

-Баярлалаа. Чин сэтгэлээсээ миний асуултуудад хариулж, цаг заваа зарцуулсанд талархаж байна. Таны ажилд амжилт хүсье. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав