Алсаас ажвал номин ногоон тал дээр цасан ширхэг бударчихсан мэт үзэгдэнэ. Тэрхүү цас бударсан хэсэгхэн газар хэчнээн сэтгэл татам үзэсгэлэнтэй болохыг төсөөл дөө. Харин ойртоод үзвэл эсгийгээр урласан дээлийн товч, шилбэнүүд байх. Энэ бол зураач, уран бүтээлч Б.Мөнхцэцэгийн “Хүн сүрэг” хэмээх бүтээл. Тус бүтээлээрээ урлаг, соёлын оны шилгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод” наадмаас дүрслэх урлагийн салбарт шилдэг бүтээлийн шагналыг хүртжээ.
Харин өдгөө түүний тайзны зураачаар нь ажилласан “Болзоо” монодрамын жүжиг үзэгчдэд хүрч байна. Ингээд зураачийн үзэл санааны урланд зочилсон ярилцлагадаа уншигч таныг уръя.
- Уран бүтээлийн санаа таны ухамсарт бүрэлдэн бий болсон цагаас хойш хэр удаан хугацаанд бүтээл болж гадагшилдаг, үзэгчдэд хүрэх дүр төрхөө олдог вэ?
-Би бол тун сониуч хүн. Нэг төрлөөр дагнаж уран бүтээл туурвидаггүй. Маш олон төрлийн материал ашигладаг. Шинэ санаа сэдэл төрлөө гэхэд зарим магадгүй тав эсвээс зургаан жил толгой гашилгана. Хамгийн багадаа хоёроос гурван жил толгойдоо боловсруулж байж бүтээл төрдөг дөө.
- Би саяхан нэг хэлэлцүүлэгт орчихоод ирсэн юм л даа. Түүн дээр эрх чөлөөтэй сэтгэх нь өөрийн үзэл санаатай шууд холбоотой талаар ярилцсан. Таны бүтээлүүдийн гол үзэл санаа юу вэ?
- Бүтээлүүдин маань гол үзэл санаа нь өв соёлоо хайрлан хадгалах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэх гэдэг дээр тулгуурладаг. Ерөнхийдөө бүтээлийн агуулгаа би ингэж тодорхойлно. Тиймээс бүтээл туурвих чиглэлийнхээ дагуу хөдөө, орон нутгуудаар их явдаг. Ахмад настнуудын яриа, ном зохиол дээрх ёс заншлын тухай ойлголт зэргээс судалгаа хийгээд явж байхдаа юу нь сонин содон байна, өв соёлд маань хамгийн гол тулгамдаж буй асуудал аль нь вэ гэх мэтээр санаж сэрж, олж харахыг хичээдэг.
- Өв соёлын хувьд тулгамдаж буй ямар асуудлууд байна гэж таны зүгээс харж байгаа вэ?
-Маш ихээр мартагдаж байна. Үүнээс гадна ондооших асуудал ч их тохиолдож байгаа нь илэрхий харагддаг. Нөгөө талаас бид өөрсдөө соёлын дайнд өртөж буй хэрэг л дээ. Олон орны соёл биднийг болон хүүхдүүдийн маань тархийг угааж байна шүү дээ. Тэр бүгдээс бидний соёл юугаараа илүү үнэ цэнтэй вэ гэдэг асуулт гарна. Бид эх орондоо өөрсдийнхөө, эрх чөлөөтэй аж төрөх, уламжилж ирсэн амьдралын хэмнэлээ хадгалан үлдэх, оршин тогтнох ганц хүчин зүйл нь монгол өв соёл гэж боддог. Үүнийг би судалгаа хийх явцдаа ойлгосон.
- Өв соёл маш их мардагтаж байна гэж та хэлсэн. Үүнд их эмзэглэдэг юм шиг санагдлаа даа. Тэгэхээр таны уран бүтээл эмзэглэлээс гарч байна гэж ойлгох уу?
- Яг ч бас тийм биш. Би өөрөө хөдөөний ахуй соёл дунд өсөж, торниогүй л дээ. Унаган хотын хүүхэд. Багадаа аав, ээжийг судалгааны ажлаа хийгээд хөдөө, гадаа явахад дагаад жирийлгэдэг байсан л даа. Тэгж явахдаа ямар сайхан үнэ цэнтэй амьдрал, хэчнээн сайхан эрх чөлөө вэ гэж боддог байсан. Хүн болгон өөр өөрсдийн хийх ажилтай, хүүхдүүд нь тун хэрсүү, амьдралын ухаантай өсдөг. Тэдгээр хүмүүс байгальтайгаа гайхамшигтайгаар зохиоцон амьдарч чаддаг. Түүнээс гадна бие биенээ, байгаль эх дэлхий, ан амьтнаа хайрлах, газар, тэнгэртэйгээ харьцах ёс гээд юм бүхэн нь хоорондоо уялдаа холбоо, гүн хэлхээтэй байгаа байхгүй юу. Үүнийг анзаарах, цаад чанар луу нь өнгийж танин мэдэх тусам надад бахархал төрдөг. Мэдээж дэлхий дээр зөндөө олон уугуул үндэстэн, ястан зэрэгцэн аж төрдөг шүү дээ. Тэд бүгдээрээ байгалийнхаа онцлогт тохирсон өөр өөрсдийн гэсэн зан заншилтай. Гэвч сүүлийн үеийн технологийн дэвшлийн эринд бүгд хоорондоо ижилсчихсэн. Хувцас хунар, хэл соёл, бодол сэтгэлгээ нь ч тэр төсөөтэй болж байгаа. Хөгжил гэдэг нэгэн бодлын давуу тал юм шиг боловч нөгөө талаас нь харахад хүмүүс нэг нэгнээ, ондоошил гэдэг үнэт зүйлээ, байгаль дэлхийгээ сөнөөж эхэлж байна шүү дээ. Байгаль болон хүн хоорондын харилцааны зөрүү нь алдагдчихаар хүн өөрөө яахаа мэдэхээ больж, бүтээсэн зүйлдээ дарлууж байх шиг ээ. Тэгэхээр бид байгальтайгаа зохицож амьдрах уу, бүтээлийнхээ боол нь болох уу гэх хоёр сонголтын эхэнд зогсож байгаа нь ажиглагддаг. Гэтэл бидний хувьд байгальтайгаа зохицож ирсэн амьдралын хэмнэл, өв соёлын гинжин холбоо нь тасраагүй байгаа шүү дээ. Тиймээс оройтоогүй дээрээ буцааж авч, байгалийнхаа хэвлийг ухахгүйгээр уламжлагдан ирсэн нүүдлийн амьдралынхаа хэв маягаар аж төрөн үр хүүхдээ өсгөж, тэндээ хоол ундаа зохицуулан цаашдаа хэдэн зуун жилээр амьдрах боломж бий. Тэгтэл ганцхан зуун жилийн дотор байгаль эхээ сүйтгэчихсэн. Хүмүүсийн харилцаа нь маш доод түвшинд очсон. Бидний тэнгэртэйгээ харьцдаг, аливаа зүйлийн далд мөн чанарыг ухаж ойлгодог сэрэл мэдрэмжүүд нь алдагдаад байгаа болохоор яг одоо бол үнэхээр ойд төөрсөн сармагчин адил яахаа мэдэхгүй, эзгүй хээр хаягдсан нялх хүүхэд шиг болчихсон байна.
- Аливаад ямагт эхлэх цэг гэж бий. Мэдээж та дан ганц уран зураг бус перформанс, landart, эсгий урлаг гэх мэт олон төрлөөр туурвидаг. Энэ бүхэн рүү, дүрслэх урлаг руу татагдах болсон шалтгаан юу байсан бэ?
- Хүүхэд болгон багадаа ямар нэг хэмжээр зурдаг байсан байдаг шүү дээ. Би ч тэдний адил зураг зурдаг, баримлын шавраар элдэв юм урладаг байлаа. Ер нь их мөрөөдөмтгий охин байсан л даа. Яагаад ч юм нэг зүйл бодохоороо түүнийгээ ургуулж, томруулна. Жишээ нь сааданд тоглолоо гэхэд эргэн тойрноо, тоглож буй газраа орд, харш шигээр төсөөлдөг, тэрхүү төсөөлөл маань нүдэнд харагддаг байсан.
Нөгөө талаас аав, ээжийн номын сан нөлөөлсөн болов уу. Би уран зохиолын ном их уншдаг байлаа. Тухайн үед телевиз бараг үзэхгүй, үзлээ ганц хоёр цагийн хөтөлбөрөөс өөр зүйлгүй үе шүү дээ. Тэгэхээр утас, орчин үеийн өөр элдэв технологийн юмс үгүй. Тиймээс ном л уншина. Номын санд маань “Середня школа” гэсэн уран зургийн сурах бичгийн ном байж таарсан. Тэр нимгэхэн номыг байнга үзэж, дээрх зургуудыг нь дуурайлгаад зурж суудаг байлаа. Гэхдээ аав намайг хуулийн сургуульд ор гэж зөвлөсөн ч шалгалт өгөөд эхний жилдээ тэнцээгүй юм. Дараа жил нь дээд сургуульд орох болчихоод явж байтал Соёл урлагийн их сургуульд “Театрын зургийн ангид элсэлт авна” гэсэн зар байсныг олж харсан. Тэгээд конкурс өгсөн чинь түүндээ тэнцчихсэн.
- Аав тань таныг өөр чиглэлээр суралцуулах сонирхолтой байж дээ...
- Тийм. Манай аав, ээж хоёр ургамал хамгааллын чиглэлийн эрдэмтэд л дээ. Тиймээс ургамал судлал, хортон шавьж, тэрхүү сэдвээ дагнасан эрдэм шинжилгээний чиглэлийн том номын сантай байсан. Мэдээж нэг хэсэг нь уран зохиолын номууд байж таарна. Тэр л надад нөлөөлсөн учраас цаанаасаа нэг тийм зураач болох мөрөөдөл дотор минь асчихсан байсан биз.
- Их сургуулиа төгссөний дараа театрт зураачаар ажиллаж байсан уу?
- Мэдээж оюутан байхдаа шууд ажлын талбарт гарсан. Тайзны туслах болон гүйцэтгэлийн зураач зэргээр оюутнуудыг маш их ажиллуулдаг байсан. Тэр үеүдэд л будаг шунх, материал судлах, хадаж хөрөөдөх гэхээс өгсүүлээд тайзны бүхий л төрлийн арга ажиллагаанд оролцож, дөр суусан. Энд бол эр, эм гэж ялгахгүй. Халуун, хүйтэн ямар ч нөхцөлд хонон өнжин л ажилладаг байхгүй юу. Театр, болоод бүжгэн жүжгийн тайз, энд тэнд болдог томоохон шоу, арга хэмжээ, “Пентатоник” наадмын тайз гээд л бүхий л арга хэмжээнд гүйцэтгэлийн зураачаар ажилладаг байсан. Ер нь тайзны ангид сурсны нэг давуу тал нь аливааг өргөн цар хүрээгээр нь харж сурдагт байдаг. Онол, практик нь хосолж ордог учраас орчин үеийн орон зайн бүтээл хийхэд маш том түлхэц болсон. Мэдээж амьдрал дээр гараад ирэхэд томоохон хэмжээний фестиваль, язгуур урлагийн тайз, наадмын зарим үйл ажиллагааны хэсэгт оролцож л байлаа. Тэр бүхэнд оюутан байхад хуримтлуулсан туршлага маань асар их хувь нэмэр болсон.
- Өөрийнхөө дотоод хандлага, үзэл санааг үйлдлийн урлагаар илүүтэй гаргаж чаддаг уу, эсвээс уран зургаар илэрхийлдэг үү?
- Уран зураг бол миний эмэгтэй тал нь гэж хэлнэ. Яг л дотоод мөн чанар маань юм. Эмэгтэй хүн юу хүсэж мөрөөддөг, гоо сайханд нь юунд оршдог, нинжин сэтгэл, ээж хүн байх зэрэг нь хэрхэн яаж оршдог гээд л... Мөн дурлах, хайрлах зэрэг эдгээр олон мөн чанаруудыг би уран зургаараа илүүтэй илэрхийлэхийг хүсдэг. Харин орчин үеийн өв соёл гэдэг нь миний хувьд “арга барил” болчихож байгаа юм. Мод, чулуу, эсгий, төмөр бүхий л зүйлтэйгээ ноцолдоно. Зааланд ч тэр, орон зайд ч тэр хийж болно. Түүн дундаа перформанс арт гэдэг маань яг дотоод мөн чанарыг тухайн цаг мөчид үзэгчидтэйгээ шууд холбож, харилцаа үүсгэдэг. Зарим бүтээлийн маань онцлог энэ л дээ, үзэгчтэйгээ шууд харилцаанд ордог. “Хүй дарсан чулуу” гэх бүтээл маань гэхэд эрэгтэй хүн өөрөө эсгий үнэг хайчилдаг. Тухайн үнэгийг хайчилж байхад тэр хүний амьдралын дурсамж, өв соёлоо харах өнцөг нь сэрж байгаа болов уу гэж би боддог. Мөн би 2016 онд драмын театрын урд “Миний гар” гэдэг нэртэй 500 гарын инсталяц бий. Хувин хувингаан будгууд дэргэд байршуулчихсан. Хүмүүс хажуугаар нь өнгөрөхдөө дуртай нэг баримал гарыг аваад өөрийнхөөрөө будаж, чимэглэнэ. Ингээд мөнөөх цав цагаан гарын баримлууд чинь өөр өөрийн гэсэн өнгө будагтай, ертөнц болж байгаа хэрэг. Энэ мэтчилэн бүтээл маань үзэгчтэйгээ шууд харилцаанд ордог гэсэн үг.
- Тэгэхээр таны бүтээл биш, бусад хүмүүсийн бүтээл. Таныг зөвхөн санааг нь бий болгосон гэх шүүмжлэл ирж байсан уу?
- Шүүмжлэл гэхээс илүүтэй тухайн хүн урлагийнхаа нэг хэсэг болсон мэт сэтгэгдэл зайлшгүй үлддэг байх гэж боддог. Аливаа нэг үзэсгэлэнд очоод тухайн бүтээлийг харж зогсох, тайлбарыг нь уншихаас илүүтэй уран бүтээлч нь байвал түүнтэй ярилцаж, яагаад ийм бүтээл хийсэн, урласан, агуулга нь юу болохыг тайлбарлуулж чадсан тохиолдолд мөнөөх хүнд хоногших мэдрэмж болж үлдэх болов уу. Тэгэхээр бүтээлийг хараад өнгөрөх эсвээс түүний нэг хэсэг болох хоёрын хооронд асар том ялгаа бий. Нөгөө талаас уран бүтээлч, үзэгч хоёр хоёулаа бүтээл чанарыг бий болгож байгаа хэрэг. Тэгснээрээ урлагаар дамжсан харилцаа тухайн хүмүүсийн хооронд үүснэ. Ийм л чанартай юм.
- Урлагт шинийг сэдэж хийх хэрэгтэй, уран бүтээлч шинийг болгож байж л жинхэнэ бүтээл бий болно гэдэг. Таны бүтээлээс ихэвчлэн шинэ сэдэл, санаа цогцоор нь бий болгох эхний алхам үргэлж харагддаг л даа...
- Сайтар мартагдсан хуучин зүйл л шинэ юм байдаг. Жишээлбэл Занабазарын “Соёмбо” үсэг байна.
- Түүнийг олж харна, мэдэрнэ, өөртөө хоногшуулаад бүтээл болгож гаргана гэдэг маань сэтгэлгээний шинэ хэв загвар, аргачлалын нэг биз дээ...
- Мэдээж судалгаа л даа. Гэхдээ монголчуудын судалгаа бол гадныхан шиг ном, дэвтэр дээр суурилна гэхгүй. Аман хэлбэрээрээ, аж төрөхүй, үлгэр домог, тууль гээд олон зүйлээр дамжигдан өвлөгдөж ирсэн байдаг. Нэг үгний цаана таван утга гэдэг шиг тэдгээр түлхүүр үгсэд ч шингэсэн нь бий. Судар, номыг нь сүртэй уншаад, шинжлээд явж чадахгүй ч гэсэн ахмадуудын сайхан сургааль, үнэт чанаруудыг өөртөө тусгаж авахыг бас бодно.
- Нүүдэлчин ахуй соёлын таныг өөртөө татдаг гол чанар нь юу юм бэ?
- Нүүдэлчин ахуйн соёл хүнийг огт уйдаадаггүй. Яагаад гэхээр өнөөдөр бид дөрвөн хананы дунд, дөрвөлжин хайрцаг дотор өөрсдийгөө хашчихаад л сууж байна. Тэгээд л хийж байхаа олж ядаад, биесээ хэмлэж, хэрүүл өдөөд сууцгааж байна шүү дээ, яг үнэндээ. Гэтэл нэг энэ хайрцаг, уг дөрвөлжин дүрснээс нэг алхмын цаана гарахад л тэнгэр, үүлс, уулс гээд хэчнээн үзэсгэлэнтэй зүйлс оршин байна вэ? Тэдгээрийн дунд байгаа, үргэлжийн ажиллаж, хөдөлмөрлөж байгаа хүмүүст хоорондоо зөрчилдөх зав гарах уу? Дөрвөн улирлын хахир хатуу болоод тааламжтай сайхан нь зэрэг хосолсон цаг хугацаа дунд мал хуйтайгаа ноцолдоно, ахуйнхаа ажлуудыг амжуулна гээд борви бохисхийлгүй зүтгэж байхад нэг нэгнээ хардаж гүтгэх, мөрдөх, дарамтлах элдэв зүйлс гардаггүй. Үүн дээр амьдралын асар том ялгаа гарч байгаа. Харин хотын бидний хувьд даац нь хэтэрчихсэн. Гудамжаар хүмүүс нь багтахгүй, зам дээр машин нь багтахаа больсон. Үүнээс болоод бухимдалд нэрвэгдэж, сүүлийн арван жилийн дотор маш хурдацтайгаар хүмүүсийн сэтгэхүй уналтад орсон. Бие гэхээс илүү сэтгэлзүй нь өвчлөөд байгаа юм л даа.
- Нийгмийн энэ өвдөлтийг өөрийнхөө уран бүтээлээр эдгээхийг тулд хүмүүмийн бодол санааг байгаль руу нь, нүүдлийн соёл руу нь хандуулахыг зорьж байна гэсэн үг үү?
- Тэгвэл сайн л байна. Мэдээж бид суурин иргэншилд нэлээдгүй урт хугацааг, нэгэн зууныг өнгөрөөлөө. Тиймээс уламжлалт соёл, ахуйн үнэт зүйлсээ суурин иргэншилд хэрхэн нутагшуулах вэ гэдэг дээр хүн бүрийн ухамсар ажиллах хэрэгтэй гэж боддог. Ийм ч учраас би бүтээлдээ тэдгээр соёлынхоо үнэ цэнийг илүүтэй нээн харуулахыг хүсдэг.
- Уламжлалаар хоосон, хийрхэж гангарлаа, соёл ёс заншил гээд нэг их цэцэрхсэн хүмүүс гэх шүүмжлэл таныг дагадаг уу?
- Хоосон уламжлал гэж байдаггүй. Уламжлалд биш буддын гүн ухаанд л хоосон чанар гэж зүйл байдаг болов уу.
- Тэгвэл таны ёс заншил, уламжлалдаа хандах хандлага тань ямар вэ?
- Мэдээж хүндэтгэлтэй хандана. Гэхдээ би хоосон, хийрхлээ гэдэг үгсэд дургүй. Ямар нэг хэмжээгээр тухайн хүн харж, судалж, мэдэрч байгаа. Ер нь хувь хүний л онцлог л доо. Магадгүй зарим нь хэтэрхий их сэтгэлийн хөдөлгөөнтэй ч юм уу, үүх түүх, өмссөн зүүснээрээ онгирдог байж мэднэ. Энэ чинь бас л тухайн уламжлал, соёлоо хадгалах, авч үлдэх гэсэн хандлага яагаад байж болохгүй гэж.
- Бүр тодруулъя л даа. Жишээлбэл “Монголын нууц товчоо”-г бид уншиж, ойлгож, судалж, үр хүүхэддээ ч уншуулах ёстой. Гэтэл түүнийг тахилынхаа хажууд тавьчихаад хүүхэд нь гар хүрэхээр загнаад байдаг. Энэ сэтгэлгээний тухай...
- Ер нь бол ийм юм л даа. Бидний үеийнхэн багадаа аав, ээж нь ажилдаа явчихсан, байрны хөгшид, эмээ, өвөө нартайгаа л үлддэг байсан болов уу. Тэр сайхан хөгшид бидэнд үлгэр домог, болсон явдал ярьж өгнө. Наад зах нь босгон дээрээ гишгэхэд “Хүүе босгон дээр гишгэдэггүй юм” гэх мэтээр бүхий л зүйлсийн зааж сургаж, ухааруулна. Ёстой л эе эвтэй байж шүү дээ. Гар хөлийн үзүүрт зарахдаа зарна, аргадахдаа аргадна, таягдахдаа таягдана. Үүн дээр харилцааны, хамтын амьдралын асар их туршлага давхар агуулагдаж байдаг. Гэтэл яг одоо аав, ээжийгээ асрах тал дээр ч ихэнх хүмүүсийн бодол санаа ондоо болчихсон. Асрамжийн газарт аваачаад орхидог үйлдэл ч ихээхэн чих дэлсдэг. Тэгэхээр магадгүй эмээ, өвөөгийн хүүхэдтэй харилцдаг байсан уг харилцаа, амьдралын туршлагаас шалтгаалан уламжлуулж үлдээсэн соёл чухал юм аа. Энэ уламжлал нэлээдгүй бүдгэрч байгаа. Өнөө цагт аав, ээж нар амьдралын шаардлагаар мөнгө, санхүүгээ олох, зохицуулахын тулд хүүхэдтэйгээ бараг л цуг байдаггүй. Ингэхээр хайр дутсан бүхэл бүтэн үе бойжиж байна. Хайрыг мэдэрсэн хүн цаашдаа, үр хүүхэддээ, ирээдүйдээ хайрыг мэдрүүлнэ. Гэтэл хайр мэдрээгүй хүн хагас зэрлэг шахуу болж өснө өө дөө. Үүн дээр анхаарах ёстой юм шиг санагддаг. Асуултын хариуг үүнээс олж харах биз гэдэгт итгэлтэй байна.
- Сэдвээ өөрчилье. Тун удахгүй таны зураачаар нь ажилласан “Болзоо” монодрам үзэгчдэд хүрэх гэж байна. Энэ талаар...
- Би “Болзоо” жүжгийн найруулагч И.Оюун-Эрдэнэтэй “Хөх дөл” төслийн нээлт дээр танилцсан. Түүний уран бүтээлдээ хандах хандлага, үзэл санаа их сонирхол татсан л даа. Дараа нь жүжгийн зохиолынхоо талаар, тухайн монодрамын өгүүлэмжийг ярьж өгсөн. Мэдээж би зохиолын талаар дотроо дүгнэлт хийсэн л дээ. Сүүлийн үед хүмүүсийн сэтгэлзүй маш их эвдэрч байгаа. Нэг ёсондоо сэтгэлгээний эвдрэл. Яг энэ асуудалд хандуулсан санааг жүжигт дэвшүүлсэн шиг санагдсан. “Надад нэг асуулт байна. Бид хэчнээн сайхан цэцэгсийн үр, үндэс мөртлөө яагаад шарилж шиг амьдраад байгаа юм бэ?” гэх мэдрэмж төрсөн. Тэгээд л тайзны шийдэл бүх юм нүдэнд харагдсан.
- Мэдээж тайзны зураачийн мэргэжлээрээ ажиллаагүй нэлээд удсан болов уу. Буцаад энэ чиглэлээрээ ажиллаж эхлэхэд хүндрэл төрж байна уу?
- Монодрам гэдэг жүжгийн уг төрөлтэй миний бүтээлүүд их ойр. Сүүлийн үед тайзны урлаг өөрөө тайзны бус дундын байдлаараа хөгжөөд байгаа юм. Заавал тайз бус том заал, эсвээс хэсэгхэн буланд ч үйлдлийн урлаг, жүжиг бүтээж болдог болсон. Аливаа нэг зүйлээс хамааралтай бус болоод байгаа. Мэдээж сонгодог зүйлс нь байх ёстой боловч тайз дээр ганцхан сандалтай, түүнтэйгээ л харилцдаг жүжиг байж болно шүү дээ. Үүн дээр сэтгэлгээний хувьд их чөлөөтэй болчихсон болохоор нэг их асуудал тулгараагүй.
- Театрт хүн тухайн жүжигтээ, тухайн дүртэй цуг тэнд амьдрах гэж очдог. Тиймээс тухайн театрын тайз ч мөн жүжигчин байхгүй байхад ч амьд мөн чанараа хадгалж байх ёстой болов уу?
- Ер нь бол бүтээл өөрөө үзэгчидтэйгээ харьцаж байвал сайн хэрэг л дээ. Гэвч ихэнх нь нэг тийм чамин зүйл хүсээд байдаг. Харин ч хамгийн нүдэнд өртхөөргүй, энгийн зүйлээс сайхныг олж харна гэдэг аз жаргал.
- Яг өөрт тань хамгийн их сэтгэгдэл төрүүлдэг, дурсамжийг тань сэргээдэг бүтээл юу вэ?
- Анх “Авдар” цувралынхаа хөх авдрыг хийх санаагаа олохдоо “Хөөх” гэж дотроо уулга алдаж, хачин их баярлаж байсан. Дараа нь бүтээлээ хийгээд үзэсгэлэнд тавьсан. Тус үзэсгэлэн нь Монголын Урлагийн зөвлөлийн анхдугаар “Улаанбаатар медиа фестиваль” юм л даа. Хүмүүс бүтээлийг маань үзээд түүнээс ямар мэдрэмж авч, түүнтэй хэрхэн харилцаж байгаа нь их сонирхолтой атлаа сайхан мэдрэмж төрүүлж байсан. Сүүлд гэвэл би “Хүн сүрэг” бүтээлээсээ бас тийм мэдрэмжийг авсан.
- Та уг бүтээлээрээ дүрслэх урлагийн салбарт “Мөнгөн мод” шагналыг хүртсэн шүү дээ...
- Тийм. Үзэсгэлэнтэй ногоон тал дээр бүтээлээ хийчихээд харж байхад дотроос минь асар их хөөр баяр ундарч байсан. Бүтээлийнхээ дунд орж хэвтээд байгалийн, усны дуу чимээг сонсож хэвтэх үнэхээр жаргал байсан л даа.
- “Хүн сүрэг” гэснээс эсгий урлагийн бүтээлүүд танд олон байдаг. Сая ярьсан бүтээл маань ч мөн үүнд хамаарна. Ер нь эсгий гэх материалаар бүтээл хийх санаа сэдэл яаж төрсөн бэ?
- Манай аав эсгийгээр ажилладаг машин зохион бүтээсэн юм. Яг 1990 оны үед эрдэмтэд ажилгүй болоод гудамжинд гарчихсан байлаа. Тэгээд аав маань их олон төсөв боловсруулж байсан. Тэдгээрийн нэг нь энэ машин. Ингээд би нэг удаа аав минь “Хонины ноос болон түүгээр хийсэн ноолууран бүтээгдэхүүн чинь маш дулаахан, амьтны амь хороохгүй хийдэг, ирээдүйд алт болох үнэ цэнтэй зүйл. Миний охин бүтээлийнхээ чиглэлээр хөгжүүлээрэй” гээд ярьж байсан. Аав минь 2009 онд бурхан болоход хэлсэн үг нь захиас болж үлдсэн. Тиймээс анхны үзэсгэлэнгээ аавдаа зориулаад “Цагаан” гэдэг нэртэй эсгий урлагийн үзэсгэлэн гаргаж байсан.
- Ер нь уран бүтээлийнхээ чиглэлээр гадны орнуудтай хамтран ажиллаж байсан уу, манай орны зүгээс дэмжлэг үзүүлдэг үү?
- Гадны улс орон дүрслэх урлаг, ерөөсөө урлагийг тухайн үндэстний оюуны түвшинг тодорхойлдог гол салбар гэж ойлгодог. Тиймээс уран бүтээлчдээ дэмжих хөтөлбөр, урлангийн өрөө олгох зэрэг тун олон таатай нөхцлийг олгодог. Манай орны хувьд тун хүнд байгаа. Сүүлийн үед л орчин үеийн чиглэлээр энд тэндхийн бенналиудад оролцож, санхүүжилтэй олгодог, сайд дарга нар нь ойлгодог болж эхэлж байгаа. Мөн үзэгчидтэй болж байна. Тухайн зураачийн зургийг худалан авч цуглуулгадаа хадгалдаг хүн ч “мэр сэр” бий болжээ. Өмнө нь бол “Хогийн пункерийн урлаг шүү дээ” гээд шүүмжилдэг хүмүүс ч байлаа. Одоо бол манай улсын хувьд сүрхий амжилттай гэхгүй ч алхам алхмаар урагшилж л байна. Баруунд гэхэд л нэг уран бүтээлчдээ найман мянгын ам.долларын тэтгэлэг өгдөг. Манайд бол зуун төгрөг ч алга. Гэхдээ дан ганц санхүү гэхээс илүүтэй урлангаар хангах, уран бүтээлийг нь худалдаж авах, үзэсгэлэн гаргахад дэмжлэг үзүүлэх зэрэг асар олон боломж бий.
- Та хамгийн анх хэзээ өөрийн гэсэн урлантай болсон бэ?
- Анх СУИС-д ороод л өөрийн урлантай болсон. Аав, ээж хоёр маань намайг дэмжиж, байрны нэг подвалыг гоё засаж, янзлаад урлан болгож өгсөн.
- Уран бүтээлч хүнд өөрийн гэсэн орон зай үнэхээр чухал байдаг уу?
- Маш чухал. Магадгүй би өөрийн гэсэн урлангүй, орон зайгүй, сургууль руу очиж зургаа зураад л, гэртээ очоод дутуу зүйлээ хийгээд явдаг байсан бол бүтээлч чанарын маань 50 хувь төлөвшихгүй байсан болов уу. Гэтэл анхнаасаа урлантай байсан учраас дураараа бийр, будгаа дэлгээд зургаа зурдаг байсан. Гэрт тийм боломж гарахгүй шүү дээ.
- Уран зурагт та өөрийн ямар мөн чанарыг үлдээж, авч үлдэхийг чухалчилдаг вэ?
- Бүтээл дээрээ хамгаас тод гэрэлтсэн, тухайн агшны аз жаргалыг мэдрүүлсэн сайхан мэдрүүжүүдийг авч үлдэхийг хүсдэг. Нөгөө талаас мөн амьдралд тохиосон хамгийн хүнд, хэцүү, шархирмаар мэдрэмжүүдээ уран зурагт мөнхлөхийг зорьдог.
- Хэн нэгнийг бодож, санаж хийсэн бүтээл байдаг уу?
- Аавын дээл, ээжийн дээл, өөрийн баривчийг эсгийгээр бүтээсэн концепц байгаа. Франц руу үзэсгэлэнд явах гээд бэлтгэл ажлаа хийгээд сууж байхдаа аав, ээж хоёрыгоо гэнэтхэн санадаг байхгүй юу. Уйлъя гэхнээ уйлж болохгүй. Цөхрөөд, хоосроод ирсэн л дээ. Яг тийм үед гэнэтэд санаа, эскиз нь төсөөлөлд амилсан. Тухайн үед хийж байсан юм аа орхиод л тэр бүтээлээ урлаж гарсан даа. Бүтээлээ дуусгасны дараа хоосон биш дүүрэн мэдрэмжийг авсан.
- Та түүх соёл, ахуйн заншил шингэсэн бүтээлүүд ихэвчлэн туурвидаг. Уламжлал, соёлын талаарх судалгааг ч их хийсэн байх. Ер нь биднийг яг ямар мөн чанар нь монгол хүн болгож байдаг вэ?
- Найрсаг зан, найрсаг харилцаа.
Гэрэл зургийг | Interview