УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын хуралд оролцохоор ирээд байна. Ажлын багт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа оролцож байгаа юм. Түүнээс товч тодруулга авлаа.

-БНСУ-д Монголоос хэчнээн хүн ажиллаж, амьдарч байна вэ?

-Манай улсаас 60 орчим мянган иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байна.

-УИХ-ын даргад БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Ким Ён Жү бараалхаж, зарим хамтын ажиллагааны талаар ярьлаа. Энд дурьдагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрийн талаар тодруулна уу?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 500 орчим сая воны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд олон улсын түвшинд ажиллах чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх, сургалтын хөтөлбөр боловсруулах, солонгост ажил хөдөлмөр эрхэлж байгаа монголчууд буцаж эх орондоо очин ажиллаж, бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

-Буцалтгүй тусламж уу, эсвэл зээл үү?

-Аль аль нь хамтарсан байдлаар зээлийн гэрээ хийгдэх болов уу. Гол нь монголчууд солонгост ирээд мэргэжлийн ур чадвар сул, монголд эзэмшсэн ур чадварын сургалтууд нь солонгосын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа учир энд ирээд цалин багатай, нийгмийн баталгаа муутай ажил хөдөлмөр эрхэлж байна. Үүнээс болж осол аваарт өртөх, цалин хөлсөө авч чадахгүйд хүрэх зэрэг хүний эрх зөрчигдсөн асуудлууд, хөдөлмөрийн маргаан ихээр гардаг. Тиймээс бид өөрсдийн боловсон хүчин, хүний нөөцийг олон улсын түвшинд хүргэх зайлшгүй шаардлагатай. Солонгосын талаас ч мөн “Нэг салбарт туршлагажсан, 4-өөс дээш жил ажилласан хүмүүс их байна, энэ хүмүүсээ алдмааргүй, энэ чиглэлээр нь хөдөлмөр эрхэлж, бизнес хийх боломжоор нь хангавал Монгол Улсын хөгжилд нэн чухал” гэдгийг ч илэрхийлж байна.

-Хэчнээн хүнийг энэ хөтөлбөрт хамруулах боломжтой вэ?

-Үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхнээсээ шууд бүхий л салбарын боловсон хүчнийг бэлтгэх боломжгүй. Тиймээс хамгийн түрүүнд төслийг хэрэгжүүлэх нэн шаардлагатай салбаруудын судалгаа хийх, сургалтын төвүүдийг БНСУ-ын түвшинд хүртэл аттестатчилалд хамруулах, багш нараа чадавхжуулах зэрэг ажлууд хийгдэх шаардлага үүсэх болов уу.

-БНСУ-д ажиллаж байгаа нийгмийн даатгалын салбарын үйл ажиллагаа хэр байна вэ?

-Манай хоёр улс нийгмийн даатгалын гэрээтэй. Энэ тохиолдолд аль ч улсад ажил хөдөлмөр эрхэлсэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн тохиолдолд тухайн улсын нийгмийн даатгалд төлсөнд тооцогддог. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нийгмийн даатгалын салбар БНСУ-д үйл ажиллагаа явуулж байна. Энэ дашрамд, БНСУ-д ажиллаж байгаа хүмүүсийг нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхийг уриалмаар байна. Нийгмийн даатгалын багц хууль энэ хаврын чуулганаар батлагдсан. Энэ хуульд нэлээд нааштай заалтууд орсон.

Жишээ нь, иргэн таны төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл таны нэрийн дансанд байршина, 2030 оноос нийгмийн даатгал шимтгэл гэр бүл, үр хүүхдэд нь өвлөгддөг болно, гэр бүлийн хоёр тэтгэвэр авагчийн хэн нэг нь бурхан болоход эхнэр/нөхрийнх нь тэтгэвэр 20 хувиар нэмж тооцогдоно. Өөрөөр хэлбэл, таны тэтгэврийн 20 хувь нь өвлөгдөж байна гэсэн үг. Эдийн засаг, хууль эрхзүйн орчин сайжрахын хэрээр энэ хувийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Гэх мэт хууль эрхзүйн орчин нэлээд сайжраад байна.

-БНСУ-д ажиллаж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байна?

-Харамсалтай нь төдийлөн нэмэгдэхгүй байна. Одоогоор 700 гаруй хүн л энэ шимтгэлийг төлж байна. Шинэ батлагдсан хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Энэ хууль одоогийн шимтгэл төлөгчдөд нэлээд давуу талтай. Шимтгэл төлөхгүй тэтгэврийн насанд хүрвэл халамжийн тэтгэмж буюу одоогийнхоор 325 мянган төгрөг авна. Харин 20 жил хөдөлмөр эрхэлж, өөрийнхөө цалингаас 25 хувиар шимтгэл төлөхөд тэтгэвэрт гарахдаа хамгийн өндөр цалин авсан 5 жилээ 45 хувиар бодуулдаг. Эмэгтэй хүн дунджаар 22 жил тэтгэвэр авдаг, эрэгтэй хүн 16 жил тэтгэвэр авдаг. Монгол хүний дундаж нас улам бүр нэмэгдэж байгаа, ингээд бодвол нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, тэтгэврээ авах нь иргэн хүнд маш их ашигтай гэдгийг онцолмоор байна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав