Уинстон Смит үнэндээ өөрийн бие махбодын хүчийг оюун санааны эрх чөлөөнд зарцуулж чадах гурван тохиолтой учирдаг. Тэр бүгд нь мэдээж эрх чөлөөтэй холбогдоно. Нэгдүгээрт түүнд теледэлгэцийн хараа хүрэхгүй булан, тэмдэглэлийн дэвтэр хоёр байв. Энэ бол үзэл санаа. Хоёрдугаат ноён Чаррингтоны мухлагаас олж авсан шилэн бөмбөлөг. Смит уг бөмбөлөгийг гартаа оруулахаас өмнө пролуудын хотоор тэнэж явсан бөгөөд “Найдвар гэж байдаг бол тэр нь пролуудад бий” хэмээх үгсийг дэвтэртээ хэдийнэ дурайтал таталчихсан байлаа. Бөмбөлөг түүнд хуучин цагийн түүхийг хадгалсан ховор нандин эд гэхээс илүүтэй итгэл найдвар байв. Харин гуравдугаарх нь О’Брайены илгээсэн Эммануэл Голдштейны ном. Уг ном Смитийг зорилготой болгодог.
Тус номыг уншсанаар анх удаа л Смит ямар нэгэн “эх сурвалж” бүхий баттай мэдээлэлтэй сэтгэлгээний талаарх ойлголтыг ухамсартаа анх удаа мэдэрдэг. Итгэл найдвар болсон шилэн бөмбөлөгийг тэр өнгөрсөн цагийн дурсамж хэмээн бодож байсан боловч үнэндээ “дурсаж чадах” хүч болохыг сэрхийтэл ухаардаг шүү дээ. Тэрхүү ухаарлын хүчийг ямар нэгэн тэмцэлд ашиглах ёстой. Ийнхүү номыг уншсанаар Смит өөрийнхөө оюун санаа, бодолд эргэлзэхээ больдог агаад эрх чөлөөг ухамсарлаж эхэлнэ.
“Найдвар гэж байдаг бол тэр нь пролуудад бий”. Номыг уншсанаас хойш уг өгүүлбэр болгоомжлол бус итгэл үнэмшлээр солигдож Смит сэтгэл зүрхнийхээ гүнд Том ахаас дутахгүй эрх мэдэлтэй болох боломжтойгоо ойлгодог. Ядаж л дотоод сэтгэлдээ үүнийг мэдэрсэн болов уу гэж таамаглана.
Харанхуйд л үнэн тодордог
Жорж Оруэллийн романаа туурвиж асан 1948 онд хүн төрөлхтөн түүхийнхээ тунчиг хар бараан агаартай, цус нэвчсэн хуудасны дэргэд өвдөглөн суугаад хэсэг зуур чимээгүйхэн амьсгалж байлаа. Дэлхийн II дугаар дайн дууссан хэдий ч тэрхүү үхлийн галт уулнаас цацарсан үнс нурам бүрэн арилаагүй байхад хүмүүс дараагийн шинэ зуун руу хөл тавихаар дотроо яарч эхлэв. Гэхдээ л хүн төрөлхтний нэг хэсэг нь ялсан, нөгөө нь ялагдсан гэхээс илүүтэй бүгд ажиглагчид болон хувирчээ. Тиймдээ ч ялалтын найрал хөгжим бус айдсын симфони чимээгүйхэн эгшиглэж байлаа. Тэр л цаг мөчүүдэд Шотландын Жура арлын салхи сийгсэн, халаалт муутай умгар сууцанд өвчиндөө шаналан, даарсандаа чичигнэх нэгэн эр тоталитар дэглэмийг үүрд булшлах бүтээлээ туурвиж суув. Хэдийгээр Оруэлл ардчилсан социализмыг дэлгэрүүлэх туйлын зорилготой байсан ч гэлээ уг бүтээл яг л өнөөгийн цаг үе шиг эмх замбараагүй, айдаст баригдсан, тун зальжин агаад боловсронгуй гүтгэлгээр дүүрсэн нийгмийн тоглолцооны хавчлага дундаас л төрсөн санагддаг.
Оруэлл Британийн эзэнт гүрний элч болж, Испанийн иргэний дайнд зүүний үзэлтнүүдийн талд тулалдсан боловч сталинизмын дарангуйлан захирах дэглэмийг эсэргүүцэхгүйгээр бичих үйлстэй хөөцөлдөх нь тун утгагүй явдал хэмээн сэтгэж байлаа. Тиймдээ ч олонхын дүгнэдэгчлэн ирээдүйг зөгнөсөн бус цаг үеийнхээ үнэнийг л тодруулж бичсэн хэрэг. Харин бүтээлдээ дэвшүүлсэн олон үзэл санаа нь өдгөө хүртэл ихэнх улсын нийгмийн тогтолцоон дээр “амьд” хэвээр байна гэдгийг таамагласан биз. Тиймдээ ч “Хэрвээ та ирээдүйг мэдэхийг хүсвэл хүний нүүрэн дээр гишгэж буй гутлын дүр зургийг төсөөл” хэмээсэн байдаг.
ХХзууны уран зохиолын хамгийн алдартай ёгт бүтээл болох энэхүү улс төрийн дистопи романд ирээдүйд Океан, Евроази, Ийстази хэмээх гурван гүрэн л оршин тогтох агаад нэг нь нөгөөтэйгөө эвсэн найрамдаж, гурав дахитайгаа үргэлж дайтах ажээ. Океан гүрний нэгэн муж болох Айрстрип-Уанд амьдрах Уинстон Смит бол “Үнэний яам”-ны ажилтан. Тэр түүхийг өөрчлөн бичдэг. Уг ажил бол өнгөрсөн үеийн түүхэн баримтыг үндсээр нь өөрчилж Океан гүрнийг удирдах “Ангсоц” нам болоод намын дээд дарга Том ахын тушааснаар иргэдийн ухамсрыг өөрчлөн чиглүүлж, ямар нэгэн хэлбэрээр бослого, тэмцэл гарах боломжит хаалга бүрийг цоожилдог.
Харин Оруэлл дүрээ анхнаас нь бүх чанараараа онцгой нэгэн байх үүрэгтэйгээр бүтээжээ. Түүний зөн совин, мэдрэмж, дотоод сэрэхүй, ухамсарлаж буй эрх чөлөөний үзэл санаа нь онхи ондоо байлаа. Ямар нэгэн тэсвэрлэшгүй харанхуйд алхаж яваа тээртэй ахуйтай анхнаасаа зөрчилдөх хувь бодгалын хүч Смитэд оршиж байсан юм. Тэр хүч удахгүй харанхуй доторх бүх үнэнийг ялгаж харах болно. Гэвч угтаа тэр өөрөө харсан, хараагүй хоёрын аль нь ч байлаа гэсэн үнэндээ энэ бүхэн чухал биш. Том ах түүнд харуулахыг хүссэн ганц үнэнтэй л тулгардаг билээ.
“Үл мэдэх бол хүч чадал”. Жинхэнэ үнэнийг мэдэхгүй байх нь эр зоригтой, хүч чадалтайнх. Юу ч мэдэхгүй баймааж л “Ангсоц” намын удирдагчид, эрх мэдэлтнүүд ард иргэдийг нийгмийн тогтолцооны нэгэн эд анги болгон хувиргаж, эрх мэдлээ хадгална. Оруэлл “үнэн” хэмээн үгний эсрэг утгыг бий болгохдоо “худал”-ыг олон удаа угсарч, түгээснээр бүх хүн итгэх болно гэж үзсэн. Яг эндээс нь түүний зохиолдоо үүсгэсэн, цаашид хэлзүйд нэвтэрсэн “doublethink, newspeak, unperson” гэх үгс бий болсон билээ.Эдгээр үгс нь төөрөгдүүлж, зальдаж буй хэрэгсэл бус “Хайрын яам”-ны эмчилгээтэй адилаар худлыг шинээр бүтээсэн “үнэн” байсан юм. Тиймдээ ч Оруэллийн айдас фашизм гэхээс илүүтэй сталинизмыг ухамсартаа хэдийнэ зөвшөөрч, хүлээн авахвий гэх бодлоос үүдэлтэй. Учир нь үзэл суртлын ард ямар ч түүх байж болно гэдгийг тэр хэн бүгдээс түрүүнд олж мэджээ.
“Өнгөрснийг хянадаг хүн ирээдүйг хянана. Одоо цагийг хянадаг хүн өнгөрснийг хянана”. Бид өөрсдийн гэсэн ухамсар, эрх чөлөөний тухай ямар ч ойлголтгүй, бодож сэтгэдэггүй болох нийгэмд оюун санаа бүхэлдээ сүйрэлд хүрнэ. Иймээс Уинстон Смитыг романы төгсгөлд ялагдал хүлээж байдаг нь хүн төрөлхтнийг зөв үйлд хөтлөхийг санаархсан Оруэллийн сэрэмжлүүлэг юм.
Хувьсгалч сэтгэлгээний эсрэгцэл
Улс төрийн сонгодог парламентийн жишээ Англид бий гэцгээдэг. Үүний гол тулгуур нь сөрөг хүчин. Мөн эрх баригч нам болоод Засгийг удирдаж буй Ерөнхий сайд нь сөрөг хүчинтэйгээ ганцаараа нүүр тулах хэмжээнд боловсрол эзэмшсэн байдаг. Уг жишиг өдгөө хүртэл тогтноход Оруэллийн нугаршгүй итгэл үнэмшлээр бүтээсэн зохиол, нийтлэлийн хөшүүрэг нимгэдэхгүй. Харин зохиолын хувьд гэвэл Уинстон Смитийн итгэл үнэмшлийн нөгөө талд Жулиа зогсож байлаа. Тэд хэн хэнийгээ хязгааргүй ихээр хайрлаж, бие биедээ хагацашгүйгээр дурлалцсан амгарууд биш санагддаг.
Смит бол “эсэргүүцэх”-ийг оролдож байгаа хүн. Харин Жулиа бол эсэргүүцэн тэмцэх үйлдлийг дотооддоо тээж төрсөн дүр. Учир нь Жулиагийн эсэргүүцэл нь Смитийнх шиг Голдштейний номоор дамжиж бий болоогүй агаад бие махбодын төрөлхийн инстикттэй тун ойролцоо сэтгэгдэл төрүүлдэг. Мэдээж энэ нь романд байх дүрмийг баримталсан учраас бий болгосон дүрүүдийн сэтгэлзүйн түвшний ялгаа бус харин “1984” дотор орших хоёр өөр төрлийн хувьсгалч сэтгэлгээний зөрчил билээ. Смит юуг хүсдэг вэ? Тэр нийгмийн олонхыг хамарсан, өөрт харагдахуйц эрх чөлөө болоод Том ахыг үгүй хийхийг хүснэ. Харин Жулиа бол үүний эсрэг байлаа. Жулиа Том ахыг унагахыг огт хүсээгүй. Тэр зүгээр л түүний үйл хэргийг үл тоохыг, дотоод эрх чөлөөгөө таашаан мэдрэхийг хүссэн. Яг л Смиттэй адил “Ангсоц”-ыг үзэн ядах боловч унагаах тухай бодоогүй.
“...Чи хэнтэй унтмаар байна вэ, надтай юу, аль эсвэл араг ястай юу? Чи амьд байгаадаа баярлахгүй байна гэж үү? Чамд энэ бүх юмыг мэдрэхэд аятайхан биш байна уу. Би байна, энэ миний гар, миний хөл, би явж байна, би амьсгалж байна, би амьд байна! Энэ чамд таалагдахгүй байна уу?”
Жулиагийн эсрэгүүцэл анхнаасаа өөр байсныг эдгээр өгүүлбэрүүд илтгэнэ. Мөн тэрээр “Би ирээдүйг бус зөвхөн өөрсдийгөө л сонирхож байна” гэж Смитэд хэлдэг шүү дээ. Анх тэд уулзахад Смитийн дур хүсэл бие махбодын таашаал байсан бол хоёр дахь уулзалтаас зорилго, чиглэлтэй болж хувирдаг. Эдгээрээс авч үзвэл Жулиа дарангуйллын нийгмийг үл ойшоох бөгөөд харин энэ аварга том харгис механизмын эрэг боолт байсан ч хэчнээн жаргалтайгаар оршиж болох вэ гэдэгтээ төвлөрдөг. Түүний хувьд хайр дурлал нь бослого тэмцэл, намд өгсөн цохилт бус ердөө л зугтах, дотоод эрх чөлөөг эрэлхийлэх хүсэл байв. Смитийн хувьд хайр бол үзэл санааг нь орвонгоор нь өөрчилсөн гэгээрлийн шинжтэй бол Жулиад амь амьдрал, одоо цаг дээрх мөчийн үнэ цэн байлаа. Тэрээр Смитыг үнсэхдээ “Би намын эсрэг гэдгээ чамайг анх үнсэхэд ойлгосон” хэмээдэг нь эсэргүүцлийн дохио, мэдэгдэл бус харин жирийн дурласан эмэгтэй хүний амьд үлдэх зөн совингийн шинжтэй. Ерөөс Оруэлл зохиолдоо эмэгтэй хүнийг хүчирхэг, бие даасан бус харин ч хэзээд сүйрч болзошгүй байдлаар дүрсэлдэг. Жулиагийн хувьд ялгаагүй тийм боловч шилэн бөмбөлөгтэй адилаар гаднаасаа нэвт харагдаж байгаа ч дотроо юунд ч үл уусах нарийн, төвөгтэй бүтэцтэйгээр тодорхойлжээ. Тэр намын өгсөн үүргийг хариуцлагатай биелүүлж, уриа лоозонг нь яг таг цээжилсэн байлаа ч хэзээд итгэж байсангүй. Тэгээд ч Смит Голдштейний номыг уншиж, үнэний талаар эргэцүүлж, хайрттайгаа энэ тухай хэлэлцдэг бол Жулиа хөлс үнэртсэн, бохир орон дээрээ зэрэгцээд унтахыг л юу юунаас илүү хүснэ. Энэ бол хоёр өөр хүмүүсийн үзэл санаа, ялгаатай байдал төдийхөн зүйл биш. Харин хоёр өөр төрлийн хувьсгал болоод тэмцэх аргачлалын зөрөө юм.
Төгсгөлд нь Жулиа Хайрын яамныханд баригдаж тэд хэн, хэн нь үнэнээ хүлээдэг. Жулиаг зовоосон учраас тэр үнэнийг хэлсэн. Гэхдээ энэ нь намд үнэнч учраас үнэнийг хэлсэн хэрэг биш. Тэр үзэл санаандаа үнэнч үлдсэнээр амиа алдах зоригтой эмэгтэй анхнаасаа байгаагүй. Үнэн түүнийг хохироогоогүй хийгээд харин ч авардаг шүү дээ.
Гэвч эцэст нь Жулиа ганцаараа л амьдралд, хайр дурлалдаа үнэнч үлдсэн байдаг. Тэр романы төгсгөлд Смиттэй тааралдахад харцанд нь хайр байгаагүй боловч өөртөө үнэнч үлдсэн нь илэрхий. Учир нь Смит Том ахад хайртай болсон бол Жулиа тэгээгүй. Тоталитар дэглэм Смитийн дүрд үзүүлсэн нөлөө шиг хүний оюун санааг бүрэн эзэмддэг бол нөгөө талаар Жулиа шиг хүмүүсийн сэтгэлийг хэзээд хөндөж чаддаггүй болохыг Оруэлл олж нээжээ.
Үг дуусвал түүх ч төгсөнө
Оруэллийн “Newspeak” буюу хэлний дарангуйллын уран сайхны гүн ухаан нь “Бодох боломжгүй бол эсэргүүцэх ч боломжгүй” гэх утгатай. Смитийн танил болох шинхэлний мэргэжилтэн, хэл бичиг судлаач Сайм романы эхний бүлгийн тавдугаар хэсэгт энэ тухай үзэл бодлоо нэн тодорхой байдлаар түүнтэй хуваалцдаг. Түүнийхээр шинэхэлний зорилго нь бусдын бодол санаа, сэтгэхүйн цар хүрээг хумихад оршино. Үгийг ууршуулж, алга болгосноор ямар нэгэн давхарбодол тээх, түүнийг илэрхийлэх үг үгүй болно. Ерөөс романы гол үзэл санааны тулгуур нь энэ хэсэгт нуугдаж байж мэдэх юм. Уншигчийн төдийлөн анзаардаггүй ч оюун санаанд нэвт шингэж буй хамгийн хүчтэй зэвсэг бол үгсийн өөрчлөлт. “Newspeak” буюушинхэл нь зөвхөн хэлзүйн өөрчлөлт бус харин оюун санааны үгүйсгэл, боломж болоод төсөөллийг хориглох системчилсэн процесс билээ.Үүнийг уран зохиолын дүрслэл гэхээс илүүтэй Оруэллийн романдаа бий болгосон сэтгэлзүйн инженерчлэл хэмээн харах нь зохистой.
Аливаа хэлний үг, үсэг бүр нь тухайн хүний ухамсрын хэлбэр, магадгүй эрүүл саруул сэтгэх, ажиллах механизмын гол хөдөлгүүр бөгөөд бодох боломж, хязгаарынх нь цар хүрээ байдаг. Тэгэхээр “Newspeak” хэмээх хэлний гол зарчим бол “эрх чөлөө” гэх үг байхгүй бол эрх чөлөөний тухай хэн ч бодохгүй, “эсэргүүцэл” гэх үг үгүй аваас эсэргүүцэх талаар хэн ч бодож, ярьж чадахгүй гэсэн үг. Яг л бидэнд өөрсдийнхөө гадаад төрхийг харах толь үгүйтэй адил. Толь байхгүй бол өөрийгөө олж харахгүй шиг үг ууршин алга болчихвол бид өөрсдийгөө тодорхойлж чадахгүй. Энэ маягаар үг устахын хэрээр үнэн ч бас уусан алга болох ажээ.
Ийм ч учраас шинхэлийн тогтолцоо бол хэлзүйн цэвэршүүлэлт нэрээр ухамсрыг сөнөөх үйл явц юм. Жишээ нь “сайхан” гэдэг үг байж болох ч “аймшигтай” хэмээх үгийг хэрэглэхгүй. Түүний оронд “unsweet” гэх зохиомол хэллэг хэрэглэнэ. Харин эрх чөлөөний тухайд бол “чөлөө” гэх үгийг зөвхөн физик утгаар буюу ямар нэгэн муур, нохой зэрэг “чөлөөтэй гүйж байна” гэх маягаар хэрэглэхийг л зөвшөөрдөг. Эл үгийг хүний оршихуй, үзэл санааны өөрчлөлт, чөлөөт сэтгэхүйн хүрээнд ашиглах хориотой.
Ингээд бодохоор Том ахын гарт буй хамгийн хүчирхэг зэвсэг бол “Newspeak” юм. Хүн гээч тухайн хэлний хязгаарт л сэтгэдэг. Тиймээс үгийг устгаж чадвал үнэнийг ч арилгана. Гэвч цаад утга нь бол “үнэн” хэмээх үг ямар ч утгагүй болж хувирбал “худал” гэдэг ойлголт ч байхгүй билээ. Тэгэхээр Айрстрип-Уаны иргэд Том ахаас бус үгээр өөрсдийн бодол санааг илэрхийлж чадаагүйгээс болж тоталитар дэглэмийн харанхуйд төөрцгөөсөн бөгөөд Смит ч ялгаагүй Том ахад ч юм уу, “telescreen” -нд автаж байгаадаа биш эцэст нь үзэл санаагаа үгээр гаргаж чадахаа больсон учраас ялагддаг.
Тухайн үг урт, богино байх нь төдийлөн анхаарууштай зүйл биш ээ. Харин тус үгээр илэрхийлж буй утга хэчнээн хумигдмал байна төдий чинээгээр ухамсар, оюун санаа боогдоно гэсэн үг. Оруэлл Океан гүрний ард иргэдийн дундах хэлний асуудлаар дэвшүүлсэн санаа нь зөвхөн нэг л улс үндэстний тухай биш бөгөөд өдгөө ч дэлхий дээр “Newspeak” хүчээ авч байгаа шүү дээ. Жишээ нь: “Эдийн засгийн хүндрэл” – “Зах зээлийн тохируулга хийх”, “Дайн” – “Аюулгүй байдлын ажиллагаа”, “Иргэдийн буруутай эсэхийг шүүхгүйгээр хорих” – “Түр хязгаарлалт” гэх мэтчилэн… Энэ бол XXI дүгээр зууны “Newspeak” мөн.
Смит Голдштейний номыг уншсаны дараа “Тэд намайг хянаж чадна. Гэхдээ үсгүйсгэж чадахгүй” гэж өөртөө хэлдэг. Мөнөөх үгс ухамсраас нь урган гарах тусам амьд гэдгээ, бодож чаддаг нэгэн болохоо мэдэрдэг. Бусдаас дуу хоолойгоо нуух боловч түүний дотор үгс байсаар байна. Өнгөрснөөс үлдсэн дурсамж үгүй ч гэлээ тэр “Хайрын яам”-ныханд баригдахаасаа өмнө зорилго, мөрөөдөлтэй болсон. Түүний мөрөөдлийг, булангийн сүүдрээс ургасан үзэл санаа, үгсийг бид яг одоо уншиж сууна. Оруэлл романдаа дэвшүүлсэн уг санаагаар дамжуулан үнэнийг тэмдэглэх үгсийг аврах гэж оролджээ. Тэр өөрөө “writer” байсан бол эцэст нь “witness” болж үлддэг. Бид өнөөдөр эрх чөлөө, эсэргүүцэл хэмээх үгсийг хэлж, ярьж чадаж л байвал тэдгээрт хамаарах утга амьд оршсоор байх болно. Харин үг дуусвал түүх ч төгсөнө.