Америкийн жүжгийн зохиолч Артур Миллэр “Магадгүй бид бүгд буруу үйлдэл бүхэндээ аль болох зөв харамсахыг л хичээх ёстой байх” хэмээсэн байдаг нь Хятадын орчин цагийн алдарт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужийн гол дүрийн төгсгөлийн өгүүлэмж дэх үйл хөдлөлийг нь тодосгож орхих шиг болдог.

Тэгвэл энэ онд “Тагтаа”, “Нэпко” зэрэг хэвлэлийн газар хамтран “Дэлхийн шилдэг зохиолчид Монголд” төслийг эхлүүлсэн билээ. Тус төслийн анхны зочин нь “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот”, “Зүс борооноор уралдах урлаг”, “Надад нэр үгүй” зэрэг тууж, өгүүллэг, романууд нь монголын уншигчдад хэдийнэ хүрч алдаршсан нэрт зохиолч Үй Хуа байв.

Ийнхүү “Үндэсний 34 дэх удаагийн номын баяр”-ын арга хэмжээний үеэр Үй Хуа зохиолч уншигчидтайгаа уулзав. Уг мэдээнээс нэлээд хэд хоногийн өмнө Солонгос улсад албан ажлаар явах хугацаанд тэнд тааралдсан ном, уран зохиолд элэгтэй нэгэн эрхэм “Манай улсад яг одоо дэлхийн зохиолчдын уулзалт, арга хэмжээ болж буй. Үй Хуа зохиолч ирсэн байх учиртай” хэмээж байлаа.

Үүнийг сонссон даруйд зохиолчийг Монголд ирэх хугацаанд нь амжиж очвол цөөн боловч хэдэн асуулт асуухсан гэх хүсэл өвөртөлж явсан сан. “Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэгчийн үлгэрээр Монголын залуу зохиолч, орчуулагчидтай санал бодлоо солилцож, өөрийн уран бүтээлийн талаарх туршлага хуваалцах “Бичиж байж миний амьдрал бүтэн болдог” хэмээх “Залуу зохиолчдын семинар” уулзалтын үеэр тэрхүү боломж олдож, түүнээс дараах цөөн асуултад хариулт авснаа уншигчидтайгаа хуваалцаж байна.

-“Амьдрахуй” бүтээлийн дүрүүдийг тухайн туужийн цаг үе бүхэнтэй холбон задалж ярих боломжтой. Гэхдээ хамгийн гол нь таны босгосон Фу Гүйгийн дүр зохиолын төгсгөл рүүгээ зохиолчоос хамааралгүй өөрөө амьдраад явчихдаг. Миний бодлоор дүрийг амьдруулах, дүр өөрөө амьдрах хоёр асар ялгаатай шүү дээ. Уг ялгааны талаар?

-Хүн бүр уран зохиолыг өөрийнхөөрөө нээж болдог. Тэгээд ч уран зохиолыг хүмүүс өөр, өөрийнхөөрөө л хүртдэг шүү дээ. Тийм ч учраас зохиолч тухайн бүтээлийн төгсгөлийн цэгийг хатгаж, үйл явдлыг дуусгасан байхад уншигч түүнийг цааш сэтгүүрдэж, төсөөллөөрөө үргэлжлүүлэн уншиж болдог. Харин зохиолч өөрийнхөөрөө шийдвэрт эргэлзэлгүйгээр төгсгөсөн байгаа. Үүнийг би уран зохиолын нээлттэй мөн чанар гэж боддог. Тиймээс дүр өөрөө амьдрах, түүнийг зохиолч амьдруулж буйн ялгааг уншигч өөртөө нээлттэй үлдээсэн дээр болов уу.

-Хятадын анхны Нобелийн шагналтан Мө Яний уран бүтээлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Мө Янь бол тун хурдтай бичдэг зохиолч. Асар том зузаан роман хоёрхон сарын дотор туурвих нь ч бий. Үүнээс гадна бичих явцдаа өөрөө шинэ үг (ханз) зохиодог онцлогтой. Тэдгээр үг нь тун өвөрмөц, гойд санаа агуулсан байдаг. Тиймээс түүний бүтээлийг орчуулна гэдэг тун хэцүү. Мөн сэвдийн хувьд асар том нүсэр бүтээлүүд дээр ажилладаг. Лавшруулвал зузаан, нимгэн гэхээс илүүтэй туужийг нь уншсан ч тэр том сэдвийг хөндсөн нүсэр бүтээлийн цар хүрээтэй нь мэдрэгддэг. Түүний төсөөлөл их этгээд мөртлөө логик нь үнэн байдаг. Миний хамгийн хайртай хятад зохиолчийн нэг бол Мө Янь.

-“Цусаа худалдсан тэмдэглэл” роман харилцан яриа буюу диалогид суурилсан бичлэгийн онцлогтой. Энэ нь анх бичихээс тань өмнө ийн төлөвлөгдсөн үү, бичих явцад бүрэлдсэн үү?

-Анх бичихдээ тэгж төлөвлөөгүй. Арван мянга орчим ханз биччихээд зохиолоо эргээд хартал бүгд харилцан яриа байсан. Тийнхүү нэгэнт ийн бүрдэл тохиосон учир цааш дан харилцан яриагаар тус романаа бичие гэж шийдсэн. Мэдээж надад дүрүүд нь зөвхөн харилцан ярианы өгүүлэмжтэй өгүүллэг байсан л даа. Гэхдээ бүхэл бүтэн романыг ингэж бичихэд нэлээд яривагтай. Өөр бусад зохиолууд дээр зөвхөн дүрүүдийн хоорондын яриа бий. Харин “Цусаа худалдсан тэмдэглэл” романы хувьд хоёр янзын харилцан яриа байгаа.  Нэг нь гол дүрийнх нь, нөгөө нь зохиолчийнх. Ийм учраас романы өгүүлэмж харилцан яриагаар илэрхийлэгдэж буй боловч түүн дотор нь үйл явдал өрнөдөг гэж хэлж болно.  

-Хүүрнэл зохиолд дүр босгоно гэдэг хамгийн чухал. Таны уран бүтээлийн хувьд тухайн зохиолын дүрүүдийн зан араншин, үйл хөдлөл, мөн чанар нь дүрслэлээс илүү харилцан яриа, үйл явдлаар илрэн гардаг. Энэ онцлог таны уран бүтээлд хэдийнээс тусгалаа олсон бэ. Та өөрөө энэ дүгнэлттэй мөн санал нэгдэх үү?

-Өнөөдрийн Үй Хуа бий болохын тулд олон зүйлийг туучиж гарсан. Эхлээд бичихдээ би үйл явдлыг хэрхэн бүтээж, дүрээ яаж босгох талаар их боддог байлаа. Зохиол бичихэд хамгийн чухал нь эдгээр зүйлс мөн гэж итгэдэг байв. Үүнийг ойлгосны дараа харилцан яриаг хэрхэн бүтээх тал дээр илүүтэй анхаарах болсон. Зохиолч бол өөрөө ганц л оршихуй. Харин зохиолын дүрүүд олон. Тэр олон дүрүүд өөрийн гэсэн үг хэллэг, зан араншинтай учраас хоорондоо адилхан байж болохгүй. Зохиолчоос хамгийн их ур чадвар шаарддаг зүйл бол энэ. “Амьдрахуй” дээр ихээхэн хүч гаргасны хойно “Цусаа худалдсан тэмдэглэл”-ийг бичсэний дараа дүрүүдийн харилцан яриаг бий болгох тал дээр өөртөө санаа зовохоо больсон.

Харин түүний дараа дүрийн сэтгэлзүй, дотоод ухамсрын урсгалыг хэрхэн бичих, зохиолын дүрд үүнийг яаж харгалдуулах вэ гэдэг асуудалтай тулгарсан. Зохиолын өгүүлэмж тайван байх үед дүрийн сэтгэл зүйг бичихэд гайгүй боловч хурц зөрчлийн үед үүнийг яаж ч бичсэн бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй байлаа. Түүнээсээ болж их ч шаналсан. Нэг удаа Уильям  Фолкнерийн ядуу цагаач, баян цагаачийг хөнөөдөг тухай өгүүллэг уншсан юм. Түүн дээр аллагын дараах сэтгэлзүйг нь тун чадамгай илэрхийлснийг олж харсан. Тэгээд л ингэж бичих ёстой юм байна гэж бодсон доо. Мөн Фёдор Достоевскийн “Гэм зэм” гэж роман бий. Аллага үйлдэсний дараах гол дүрийн сэтгэлзүйг тун гайхалтай төнхөж гаргаж ирсэн. Гэхдээ хүн алсны дараа хааш явсан, юу хийсэн зэрэг нь л гардаг. Гэтэл тэрхүү үйл хөдлөлүүд дүрийн дотоод сэтгэлзүйн эрэл хайгуулж болж хувирдаг. Тэгэхээр дүрийн сэтгэлзүйн мөн чанарыг тодорхой илэрхийлээгүй юм шиг атлаа дүрслэл, үйл хөдлөлд нь шингээдэг. Ингээд би гучин хэдэн настайдаа дүрийн сэтгэлзүйг хэрхэн илэрхийлэх вэ гэдгийг ойлгосноос хойш зохиол бичих явцад минь ноцтой саад тотгор огт тулгараагүй дээ. Үүн дотроос асуултынхаа хариуг олох биз ээ.

-Оюун санааны хүчирхэг байдлыг улс орон бүр зохиолчдоор тодорхойлдог гэх нь бий. Жишээ нь Оросыг Достоевский, Английг Шекспир гэх мэт. Харин та өөрийн улс орны оюун санааны хүчирхэг байдлыг уран зохиолоос өөрөөр хэрхэн тодорхойлох вэ?

-Толстой, Достоевский бол яалт ч үгүй оросын оргил оюун санаанууд мөн. Франц бол Бальзак, Английнх Шекспир. Гол нь тэдгээр уран бүтээлчдийн нийгэм үзүүлэх нь нөлөө нь тухайн нийгмээсээ хамаараад өөр, өөр байсан. Харин хятад иргэд бол өөрсдийн хувьд эх орныхоо оюун санааны тодорхойлогчид мөн. Мэдээж миний бүтээлийг уншдаг хятад уншигчид тун олон болсон байна билээ. Заримдаа миний өгсөн ярилцлагыг эвлүүлж янзлаад миний ярьсан зүйл биш болгочихсон байдаг. Жишээлбэл нэг гадаад хүн над руу холбогдоод “Таны “Гэрийн сүлд” гэдэг өгүүллэгийг орчуулсан юм” гэж байсан удаатай. Гэтэл түүнийг цахимд нэрээр минь нийтэлснээс бус миний өгүүллэг биш. Одоо хүртэл бичсэн эзэн нь олдоогүй. Тиймээс зохиолчийн оюун санаатай уншигчид, нийгэм шууд харьцдаг байсан цаг үе цахимаас болоод өдгөө тэс өөр болчихсон.

Харин танай Улаанбаатарт тун гайгүй бололтой гэж санаж байна. Учир нь би саяхан Солонгост уншигчидтайгаа уулзалт хийчихээд ирсэн. Зарим ярьсан зүйлсийг минь хасаж, танаад олон л мэдээ, нийтлэл, видео гарчихсан байна лээ. Тэгэхээр оюун санааны хүчирхэг байдал, түүний тодорхойлолт энэ цаг үетэйгээ хамаараад өөр болсон гэж бодож байна.

-Та Монголын залуу зохиолчдод юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Залуу байхад удаан хугацаанд зохиолоо бичээд суучихдаг байлаа. Одоо бол жаахан юм бичээд суухаар бие ядардаг болжээ. Зохиолч хүн хөгшрөхөөрөө тэтгэвэрт гардаг бололтой. (инээв) Тиймээс залуу насан дээрээ ихийг бичиж, туурвих ёстой шүү гэж захимаар байна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав