Дэлхийн боксын холбооны 3 дахь удаагийн боксын Дэлхийн цомын тэмцээн есдүгээр сарын 23-26-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байна. Монголын боксын холбоо болон Дэлхийн боксын холбоо хамтран зохион байгуулах гэж буй тус тэмцээн нь Ази тивд анх удаа болж байгаагаараа онцлог юм. Тэмцээнд эрэгтэй 7, эмэгтэй 6 жинд тамирчид өрсөлдөх бөгөөд жин тус бүрийн түрүүлсэн тамирчид 11 дүгээр сард Английн Шеффилдэд болох Дэлхийн цомын финалын шатанд өрсөлдөнө.
World Boxing холбооны тэргүүн Борис ван дер Ворст “Азид анх удаа Дэлхийн боксын холбооны цомын тэмцээн хийх гэж байгаадаа баяртай байна. Монголын боксын холбоонд талархаж байна” гэж мэндчилгээндээ дурджээ.
Өмнөх хоёр удаагийн Дэлхийн цомын тэмцээн нь Английн Шеффилд, АНУ-ын Колорадод болж байжээ.
Манай улсын хувьд хоорондоо өрсөлдөж буй IBA, World boxing хоёр холбооны хоёуланд нь гишүүнчлэлтэй.