1.
Маргааш Монголын бурханы шашны түүхэн дэх нэгэн онцгой өдөр тохиох гэж байна.
Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба, Хамба Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржийг ширээнээ залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болох энэхүү өдрийг онцгой өдөр хэмээхээс өөр яах билээ.
Өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны өлзий билэг дүүрэн энэ өдөр Батцагаан цогчэн дуганд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамбын албыг 31 жил авч явсан, Хамба Номун Хан, Буддын шашны нэрт зүтгэлтэн Дэмбэрэлийн Чойжамцыг албанаас нь хүндэтгэл дүүрэн үдэх ёслол гэж би хувьдаа хүлээн авч байна.
Яагаад ч юм сэтгэлийг минь ирж байгаан тухай биш явж буйн тухайтад хөндүүр дүүрэн бодлууд сэмлэх нь сонин.
Энэхүү өндөр сэнтийгээс буун одож буй энэ эрхэм нь дээд зиндааны лам хүний тавилангаар хорвоог туулах маш олон талтай, сэтгэл шимшрэм замыг сонгож, насан турш түүндээ үнэнч яваа онцгой хувь заяаны эзэн юм. Тэрбээр 72 насандаа ийнхүү гэнэт шийдэн сэнтийгээс буухдаа сүсэгтэн олонд хандаж нэг ч үг хэлсэнгүй. Үнэндээ энэхүү 31 жилийн бартаат амьдрал нь Монголын нийгмийн шилжилтийн хүнд бэрх үетэй давхацсан билээ.
Тэрбээр өөрийн уул мэт гүн, урсгал мэт дөлгөөн, аливаад автан ганхдаггүй хувийн сүр хүчээрээ өнгөрсөн гучин жилийн улс төрийн элдэв савалгаа, гадна дотны дайралт, дарамт, улаан гүжир, хар жатгыг чимээгүй сөрөн зогсож чадсан юм. Тиймээс түүний тухай ялагчийн аварга том амьдралыг бүтээж чаджээ хэмээн хүндэтгэн бодном.
Тэр ийм л утга төгс амьдралыг туулаад өнөөдөр шинэ үеийн төлөөлөл залуу Хамба Номун Ханд тамгаа шилжүүлэн өгөх гэж байна. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Энэ явдал болох нь тодорхой байсан. Гэхдээ яагаад энэ цаг үед гэдэг нь сонин.
Үнэндээ урт удаан, хүнд бэрх зам туулсаар монголдоо заларсан X Богдтой холбоотой асуудлуудын цөм түүний нуруун дээр явж ирсэн. IX Богдыг албан ёсоор Монголд залах ч, монголчуудын урт удаан хүлээсэн X Богдоо залах явдал ч Хамба Номун Хан Д.Чойжамцын ухаалаг нүүдлүүд, гуйвшгүй чанд бодлогын үр дүнд хийгдсэн ажлууд билээ. Тийм болохоор түүнийг яаралтай чөлөөлөх шахаа ирсэн байхыг үгүйсгэх аргагүй юмаа. Түүнээс биш үүрсэн ачаа, байгуулсан гавьяа, шашны том бодлого тээгч, ярих мөн эс ярих хязгаартай боломжийн дунд ганцаараа дотроо бүгдийг тээн сууж буй Монголын Бурханы шашинтны тэргүүн Хамба Номун Ханыг яаран дааран сэнтийгээс буулгах шаардлага байхгүй байсан болов уу. Одоо цаашид өрнөх үйл явц шинээр залагдаж буй их хамба цэл залуу Д.Жавзандорж лхаарамбын барих бодлого, ухааны цараас шалтгаалах болжээ.
Сэтгүүлч миний авсан мэдээллээр бол анхнаасаа л Гандантэгчэнлин хийдийн тусгаар орон зайд халдаж орж ирэн, гэнэтийн сонин цочир мэдэгдэл тэврэн гүйж ирдэг ордны түшмэдүүдээсээ эхлээд ширээнээ залрах гэж буй шинэ Хамбын гайхшийг ихээхэн төрүүлж буй бололтой. Хэрэв ийм байсаар байх юм бол бидэнд илүү төвөгтэй нөхцөл байдал үүсч болохыг эрхбиш хаа хаанаа тунгаан буй биз ээ.
2.
Энэхүү тамга шилжүүлэх ёслол уг нь шашныхаа утгаар их нарийн жаягтай аж. Шинэ хуучин хоёр Хамба Номун Ханд тамгыг Монголын Бурханы шашны тэргүүн X Богд Жавзандамба шилжүүлэн өгөх заншилтай юм байна.
Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн захиргаанаас X Богдод хандан айлдвар илгээж, ар гэрийнхэн нь ч хүлээн авч, дэг ёсоор нь бэлдэж байтал өчигдөр гэнэт “ X Богдыг энэ ёслолд оролцуулахгүй гэж дээрээс шийдлээ” хэмээн заллагаасаа буцсан гайхам сонин үйл явдал болжээ.
Дээрээс гэж хаанаас вэ. Мэдээж энэ асуулт зүй ёсоор гарч ирж таарна.
Энэхүү үйл явдал нэг биш давтагдаж байгаа юм байна. Тийм ч учраас Гандантэгчэнлин хийдийнхэн маш ихээр гайхширцгааж байгаа аж. Өчигдөр болсон уг үйл явдлын бэлтгэл ажлыг хангах зорилготой хурал дээр зарим томоохон лам нарын төлөөлөл ихэд цочирдон “... Та нар байн байн ингэж гандангийн ажилд хутгалдахаа болимоор байна шүү” гэж ч дугарсан сурагтай. Тэдний хувьд чингэж дуу алдах нь ч аргагүй юм.
Монгол улсын үндсэн хуулинд “Монгол Улс дахь төр, сүм хийдийн харилцаа төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх зарчимд үндэслэнэ” хэмээн заасан байдаг. Гэтэл энэхүү хуулиар тодорхойлж өгсөн хэм хэмжээ, зүйл заалт нь “дээрээс тэгж байна” гэсэн аман зарлигаар, хувь улстөрчдийн бэмбэгнэсэн өчүүхэн айдас, худал үнэн үгэнд хутгуулан самрагдаж явсаар удлаа. Ийм байж болох юм уу.
Гандангийнхан хийгээд манай төрийнхний энэ зарчим холилдсон, дээр дороо орсон харилцаа нь шашиндаа хүндэтгэлгүй аашилдаг авир хандлагаар тодорхойлогдох болжээ. Дээрээс тэгсэн, даруй боль гэж байна гэх мэт шальдир үг тэвэрч ирж гандангийн үйл ажиллагаанд халддаг энэ бусармаг жишиг нь явсаар сүсэгтнүүдийг үл тоон тэдний сүсэг бишрэлд халддаг зохисгүй соёл болон нутагшиж байна гэдгийг ҮАБЗ анхааралдаа аваасай билээ. Өчигдөр гэхэд дээрээс ирүүлсэн гэх лүндэнг тэвэрч гүйж ирээд бужигнуулсан нэг нөхөр өөрийн амаар шууд тэр олон хүний өмнө “ X Богдыг олон түмний нүдэнд ил гаргахгүй гэсэн” гэж мэдэгджээ. Учрыг гайхширсан лам нар “Яагаад вэ. Мөн хэн ийм шийдвэр гаргасныг бидэнд хэлж өгөөч” гэж учрыг асуутал “Ерөнхийлөгч” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийг эрээ цээргүй өмнөө барьжээ. Өнөөдөр энэ тухай мэдээлэл л гандангийн хашаагаар дүүрэн нисч байна. Үнэхээр тэд цочролд орохоос ч өөр яах билээ.
Яахаараа X Богдоо бид харах ч эрхгүй болж байгаа юм бэ. Тийм юм бол хэцүү бэрх замыг туулан туулан ширээнээ залахын утга учир юу байв. Энэ мэт учир нь олдохгүй ааш аяг нь Төрийн гаргах ааш авир мөн юм уу гэж асуумаар байна.
X Богдыг сүсэгтэн олонтой уулзуулахгүй байх энэ хачирхалтай явдал нэг биш удаа болж буйг би дээр дурьдсан билээ.
Даншиг наадам болохоос даруй нэг сарын өмнө мөн л X Богд Жавзандамбад заллага иржээ. Ар гэрийнхэн нь дээл хувцас өмсгөл тэргүүтнийг зэхэн бэлджээ. Гэтэл яг өмнөх өдөр нь X Богдыг энэ арга хэмжээнд оролцуулахгүй гэсэн шийдвэр гарсныг мэдэгдсэн байх юм. Энэ тухай гандангийн лам нар тухайн үед маш их гайхан ярьцгааж байсан.
Сүсэгтэн олон X Богдыг залрах сургаар хол ойроос , бүр гаднаас зорин ирцгээсэн. Гэвч сүсэгтнүүд барааг нь харж чадалгүй буцсан. Ямар сайндаа “Бид уг нь X Богдоо харах гэж ирсэн юмсан, гэтэл наадмын голд Санждоржтон Сумъяабазар хоёр л заларч харагдлаа” хэмээсэн сүсэгтнүүдийн сэтгэгдэл цахим орчинд хөвөрч байх билээ.
Мөн 777 жилийн дараа Монголд айлчилж буй Ромын Пап лам Францискогийн айлчлалын арга хэмжээний үеэр ч Монголын Их хамба Д.Чойжамц Богдоо авч уулзах хүсэлт тавиад “Хүүхэд учир хэрэггүй” гэсэн хатуу хахир хариулт аван мухарджээ. Одоо энэхүү тамга хүлээлцэх ёслолын арга хэмжээнд мөн түүнийг оролцуулахыг хориглов. Сүсэгтнүүдийн дунд тарж байгаа “ X Богдын ар гэрийнхэн бүх арга хэмжээнээс татгалздаг. Тэд харамлаж хардан зугтаадаг гэнээ” гэх мэт цуу яриа одоо гарт баригдахаас нэгэнт өнгөрөх нь байна шүү.
Гэтэл манай Төр өөрөө ийн болчимгүй аашилж байгааг болж өнгөрсөн үйл явдлууд бэлхэнээ харуулж байна. Та нар минь хэдий болтол гадныхны далайсан газар далд орж, далласан газар ил гарч явах юм бэ.
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, шинэ Хамба Номун Ханыг ширээнээ залах эрхэм хүндтэй ёслолын арга хэмжээнд X Богдоо залах урилга бүр ес хоногийн өмнө гарсан тухай сэтгүүлч би олж мэдсэн юм.
Гэтэл өчигдөр “Ерөнхийлөгч оролцуулахгүй гэж байна” хэмээсэн гэнэтийн лүндэнг мөн ганданд очиж буулгажээ.
Үнэндээ Ерөнхийлөгч ийм шийдвэр илгээгүй ч байж мэднэ. Тэгвэл хэн түүний нэрийг барин ийнхүү дур зоргоор хутгаж явна вэ.
3.
Манай төрийнхний одоогийн барьж тавин буй Монголын Бурханы шашны тэргүүн X Богдтой холбоотой бодлогыг нь дэлхий нийт анхааралтай ажиглаж байгаа. Гадаадын хэвлэлүүд “Монголоос X Богд тодроход Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын үүрэг оролцоо их байжээ”, “ Гурван настайдаа тодорч, 7 жил нууцлагдмал байсан Монголын X Богд олны өмнө гарч, Монгол Улс буддын шашны цөм боллоо”, “ Дэлхийн Буддын шашны гурван толгойн нэг Монголоос тодорсон нь тус улсад шашин, геополитикийн давуу тал авчирна” гэх мэтээр тал талаас нь бичицгээж байна.
Гэтэл бид ингэж өөрсдөө хачирхалтай тоглоом болгосоор байх уу. Энэхүү үйл явдлууд монголчууд бидэнд шарын шашны бие даасан институцитэй болох, түүнийгээ албан ёсоор зарлах шаардлага тулгарсныг эрхгүй шахаж байх шиг санагдана. Тэгж гэмээнэ гадныхны хийгээд “дээрээс” гэх томъёололтой дотоодын улс төрийнхний халдлагаас ч салах юм байна.
Ичмээр ч юм даа. Ингэж ч хөгөө чирж байх гэж...Бэлгэ дэмбэрэлээ ч бодсон, тусгаар улсын дотоод асуудал, гадаад нэр хүндээ ч бодсон энэ мэт ойворгон харилцаа хандлагаа зогсоох цаг болсон юм биш үү.