Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 2024-25 оны улирлын өрсөлдөөн плэй-оффын шийдвэрлэх шатнаа шилжээд байна.
Тэгвэл өнөөдөр Үндэсний Дээд лигийн улирлын шилдэг тоглогчдыг шалгарууллаа.
Олны анхаарлын төвд байсан улирлын Үнэ цэнтэй тоглогчийн өрсөлдөөнд “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч А.Азбаяр тэргүүлэв.
Эл шагналыг “BCH Knights” багийн тоглогч О.Эрдэнэцогт гардах болов уу гэсэн хүлээлт сагсан бөмбөг сонирхогчдын дунд байсан ч, эл таамаг эвдэгдсэн нь энэ.
“Хасын Хүлэгүүд” баг улирлын өрсөлдөөнийг 19 хожил, 8 хожигдолтойгоор өндөрлүүлж, нэгдүгээр байраар плэй-оффт шалгарсан. Улмаар “Дархан Юнайтед” багтай учраа тааран одоогоор 2:0 харьцаатай цувралыг тэргүүлж байна.
А.Азбаяр улирлын Үнэ цэнтэй тоглогчоос гадна шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг гардсан юм.
Түүнчлэн амжилт нь ахисан тоглогчоор “Эрдэнэт Майнерс”-ийн Г.Болор-Эрдэнэ, шилдэг шинэ тоглогчоор “Инүт ТЛЖ” багийн М.Чинхутаг, шилдэг легионероор “Бишрэлт Метал”-ын Байрон Уэсли, шилдэг сэлгээний тоглогчоор “Эс Жи Эйпс” багийн Н.Ганбаатар, харин шилдэг дасгалжуулагчаар “Хасын Хүлэгүүд”-ийн Зелжко Васеливич нар тодорлоо.
У.Чинзориг